Archive for the
‘Эдүкэйтэд тойм’ Category

Олон хүн цугладаг, уламжлалт нэтворкин эвентүүд зохион байгуулагдаж эхлээд олон жилийг ардаа үджээ. Ахиж дэвжихээр зорин тэмүүлж буй ажил хэрэгч хүмүүст нэтворкин эвентүүдэд хэрхэн үр дүнтэй оролцох талаар л зөвлөдөг болохоос иймэрхүү арга хэмжээнүүдэд оролцох хэрэгтэй эсэх талаар зөвлөгөө хомс. Онолоор бол, иймэрхүү арга хэмжээнүүд таны бизнесээ өргөжүүлэх хамгийн оновчтой арга юм.

Гэтэл эдгээр арга хэмжээнд оролцогсод өөрсдийн хүлээж байсан үр дүндээ төдийлэн хүрдэггүй нэг асуудал байна. Нэтворкин гэдгийг юу гэж тодорхойлохоос үл хамааран, эдгээр арга хэмжээнд хэр амжилттай, үр дүнтэй оролцох тань таньтай адилхан үр дүнг хүсч, хүлээж буй хүмүүсийг олж, улмаар тэдэнтэй хэр сайн харилцан ярилцаж чадахаас шууд хамаарна.

Уламжлалт нэтворкин эвентүүдийн хамгийн том асуудал нь тэдгээр арга хэмжээнүүд янз бүрийн зорилготой хүмүүсийн “холимог хуурга” шиг байдагт байгаа юм. Шинэ хэрэглэгч олж авах, өөрийн бизнесийнхээ талаар мэдээлэл түгээх, хэн хэндээ ашигтай холбоо тогтоох итгэл найдвар тээвэрлэн очих зэрэг хүн бүр л өөр, өөрсдийн гэсэн төсөөлөл, төлөвлөгөөтэйгээр дээрх арга хэмжээнүүдэд очдог. Маш олон хүн нэтворкин эвентүүдэд очих нь хэрэгтэй зүйл гэж шууд хүлээж авдаг. Гэтэл бодит байдал дээр урьд нь эхлүүлсэн ажил хэрэгч харилцаа холбоогоо гүнзгийрүүлэхэд илүү анхаарах нь зүйтэй байдаг.

Уламжлалт нэтворкин эвентүүдээс илүү үр дүнтэйгээр хэн, хэндээ ашигтай харилцаа холбоо тогтоож, цагаа үр дүнтэй өнгөрөөх олон аргууд байдаг. Тэдгээрээс гурвыг доор танилцуулъя.

Өөрөө арга хэмжээнүүдээ санаачлан, зохион байгуул

Өөрөө санаачлан, зохион байгуулж байгаа арга хэмжээний үеэр оролцож байгаа хүмүүсээ бараг тэр чигээр нь хяналтан доороо байлгаж, юу хийх, ямар үр дүнд хүрэх гэдгээ тодорхойлоход дөхөмтэй байдаг. Энэ нь таныг одоогийн үйлчлүүлэгчид зэрэг урьд тогтоосон харилцаа холбоогоо ахисан түвшинд гаргах төдийгүй шинэ зорилтот хэрэглэгчидтэй танилцан, харилцаа холбоо тогтоох бодит боломж олгодог. Ихэнх бизнес эрхлэгчид одоогийн үйлчлүүлэгчиддээ үйлчлэх, бизнесээ өргөжүүлэх шинэ үйлчлүүлэгчид олох хоёр өөр зорилгынхоо аль алиныг гүйцэлдүүлэхэд цагаа хэрхэн хуваарилахаа мэдэхгүй, сандрах тохиолдол байдаг. Харин сайтар төлөвлөсний дагуу дээрх хоёр зорилгоо хэрэглэгчдэдээ зориулсан арга хэмжээг зохион байгуулах замаар гүйцэлдүүлж болно.

Тухайн арга хэмжээг ямар байдлаар зохион байгуулахаа шийдэхдээ хамгийн гол нь одоогийн хэрэглэгч үйлчлүүлэгчдэд чинь таалагдах ёстой гэдгийг санаарай. Хэрвээ та болон таны одоогийн үйлчлүүлэгчид адил төстэй сонирхолтой бол тэндээс төлөвлөгөөгөө эхэлж болно. Жишээ нь таны үйлчлүүлэгчид бооцоот тоглоом тоглох дуртай юу, театрт тоглолт үзэх дуртай юу, эсвэл спортын арга хэмжээнд оролцох дуртай юу? Дашрамд хэлэхэд, иймэрхүү арга хэмжээнд вино амталгаа түгээмэл ашиглагддаг.

Нэтворкин

Өөрийн үйлчлүүлэгчид болон стратегийн хамтрагчдаа урихдаа тэднийг, өөрийн зочинтойгоо хамт ирэхийг уриарай. Өөрөөр хэлбэл таны зохион байгуулах үйл ажиллагаа таалагдах нэгнийг хамт авч ирэхийг уриарай. Тэгээд дээрх арга хэмжээ нь бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалт хийхэд чиглээгүй гэдгийг сануулаарай. Иймэрхүү арга хэмжээний үеэр зохион байгуулагчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар зарын шинжтэй үйл ажиллагаа явуулаагүй ч оролцогчдын талаас илүү нь өөрсдөө зохион байгуулагчийн бизнесийг сонирхон, сураглан очих нь түгээмэл ажиглагддаг.

Хэдий та дээрх арга хэмжээний үеэр нэг ч шинэ үйлчлүүлэгчтэй болоогүй байсан ч өөрийн одоогийн үйлчлүүлэгчидтэйгээ нэг үдшийг сайхан өнгөрүүлж, сонирхолтой шинэ хүмүүстэй уулзаж, үйлчлүүлэгчдийн чинь урин авчирсан зочид танай бизнесийн талаар тодорхой ойлголттой болоод буцна гэдэг амжилт шүү.

Давхар болзоо

Багахан хэмжээнийн мэргэжлийн нэтворкингийн нэг хэлбэр маягаар давхар болзоонд явж болно. Жишээ нь ямар нэгэн үзвэр үйлчилгээ үзэх дөрвөн тасалбар байлаа гэж бодоход одоогийн үйлчлүүлэгч, стратегийн хамтрагч юмуу нэг бизнес танилаа уриарай. Тэгээд урьсан хүнээ таньтай ажил хэргийн шугамаар танилцах хэрэгтэй гэж үзэж байгаа бас нэгэн хүнийг урихыг санал болгоорой. Та мөн адил шалтгаанаар нэмээд нэг хүн уриарай.

Иймэрхүү давхар болзооны үр дүнд үр дүн багатай байлаа гэхэд та хуучны харилцаагаа бататгана, сайн үр дүнтэй байлаа гэхэд та болон таны стратегийн хамтрагч өөрсдөө уулзаж танилцах нь тодорхой бус байсан бас нэгэн боломжит хэрэглэгчтэйгээ холбоо тогтооно.

Хуучны танилуудтайгаа холбоогоо сэргээ

Энэ арга нь таныг сүүлийн үед сураг алдарсан хуучны танилуудтайгаа холбоогоо сэргээхэд чиглэсэн. Энэ ангилалд таны дунд сургууль болон оюутны ангийнхан, урьд нь ажиллаж байсан газрын чинь хамт ажиллагсад зэрэг хүмүүс багтана.

Эдгээр хуучны танилууд таны одоогийн тогтмол харилцдаг хүмүүсээс бизнесийн хувьд илүү үнэ цэнэтэй байх магадлалтай. Учир нь одоогийн тогтмол харилцдаг хүмүүсийн тань танилын хүрээ таньтай адил төстэй байх нь элбэг. Харин таны сураг алдарсан хуучны танилууд та өөрөө уулзаж танилцах боломж төдийлэн гарахааргүй байсан хүмүүс болон бизнесийн боломжуудтай холбож өгч чадах магадлал өндөртэй. Түүнчлэн огт танихгүй хүмүүсийг бодвол хуучны танилууд чинь таньтай утга учиртай холбоотой байсан хүмүүс шүү дээ.

Ингэхийн тулд та Linkedin зэрэг өөрийн нийгмийн сүлжээгээр холбогдсон хүмүүсээ шүүж үзэж болно. Эсвэл цахим хаягаараа харилцаж байсан хүмүүс буюу ‘contacts’-аа шүүж ч болно. Ингэхдээ та өөрийн тань эрхэлдэг ажил бизнестэй холбоотой ажил, мэргэжил бүхий хуучны танилуудаа олж тогтоогоорой. Улмаар зорилтот хуучны танилууддаа богино цахим шуудан илгээж, таныг шууд сануулах ямар нэгэн зүйлийг дурдаарай. Таны цахим шууданд эерэг хариу өгсөн хуучны танилуудтайгаа цаг тохирч байгаад утсаар ярих юмуу товчхон уулзалт зохион байгуулаад үзээрэй.

Дээрх аргуудын заримыг юмуу бүгдийг нь өөрийн одоогийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлэнгээ шинэ хүмүүстэй танилцах аргууд болон ашиглаарай. Эдгээр аргууд таныг үр дүн, бүтээмж муутай уламжлалт нэтворкин эвентүүдэд очсоноос илүү бүтээлч, зугаатай байдлаар харилцаа холбоогоо өргөтгөх боломжоор хангаж чадна.

Эх сурвалж: Harvard Business Review

Энэ нийтлэл танд таалагдсан бол нийгмийн сүлжээгээр хуваалцаж хэрэгтэй хүмүүст нь хүргээрэй. Мөн ЭНД дарж манай имэйл листэнд бүртгүүлж, шинэ нийтлэл, зөвлөгөө, мэдээллийг маань цаг алдалгүй хүлээн аваарай!

Хүн бүр ялгаатай ч хосоор амьдрах нь хорвоогийн жам байдаг. Тиймээс бид гав ганцаараа аз жаргалтай сайхан амьдарч байна гэж өөрсдийгөө хууралгүй хэн нэгэнтэй тогтвортой харилцаа үүсгэж аз жаргалтай амьдрах эрхтэй. Санаатай ч бай санаандгүй ч бай өртөөнөөс өртөөнд шилжиж буй мэт хосоо сольж сэлгэлгүйгээр эрүүл, аз жаргалтай харилцаа үүсгэхийг зорьж буй хүмүүст зориулан доорх зөвлөгөөг хүргэж байна. Мэдээж төгс харилцааг нэг л шөнийн дотор бий болгохгүй тул хувь хүнээс чамгүй хичээл зүтгэл шаардах нь зүйн хэрэг юм.

Харилцан ярилцах: Хүмүүс хэрхэн зөвөөр өөрийгөө илэрхийлэхээ мэддэггүйгээс хосоо гомдоочих вий гэж болгоомжлон юу ч болсон чимээгүй өнгөрөх хандлага их байдаг. Харин судлаачдын зөвлөж байгаагаар хосууд нөхцөл байдлаас үүдэн гарсан тааламжтай болон тааламжгүй байгаа мэдрэмжүүдээ хэлж ярилцдаг байх нь урт удаан, аз жаргалтай харилцааны суурь болдог байна.

Хүндлэл: Бие биенээ хүндлэх хүндлэл жижиг зүйл дээр ажиглагдаж мэдрэгдэж болдог. Баяр баясгалантай харилцааг бий болгохын тулд та хосынхоо цаг, сэтгэл, зан чанар болон итгэл үнэмшилд нь хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. “Найз нөхөд, хамаатан садандаа хань ижлээ муулах”, “чамаас салнаа”, “чамтай чамгүй амьдрана” гэх мэт сүрдүүлгийг хэрэглэх нь хосуудын харилцаанд түгээмэл байдаг ч энэ нь түүнийг хүндлэхгүй байгааг мэдрүүлдэг тул сэтгэлийг нь бага багаар хөргөж байдаг байх нь.

Их цагийг биш чанартай цагийг бэлэглэ: Хамт байхдаа сонирхолтой, дурсамжтай зүйл нэгийг ч хийдэггүй хэрнээ би хамаг залуу насаа түүнд зориулсан байхад … гэх мэтээр гомдоллодог хүмүүс байдаг. Жишээ болговол оройн хоолоо дуртай шоугаа үзэн зурагтныхаа өмнө идэх болон хоолны ширээний ард өөд өөдөөсөө харан суугаад өдөр ажил, сургууль дээрээ юу болсоноо ярилцан идэх хоёрын хооронд ялгаа их бий шүү.

Өөртөө зориулах цагийг нь үлдээх: Хамт байх нь чухал гээд сонирхолтой, сонирхолгүй, хамаатай хамаагүй бүх зүйлд хамт оролцох нь хосуудын хувьд зөв зүйл биш юм. Харин аз жаргалтай хосуудын дийлэнх нь бие биенийхээ сонирхолыг хүндэлдэг тул түүндээ зарцуулах цаг болон боломжийг бие биендээ олгож байдаг.

Хайрын хэлүүдийг ашиглах: Бүх хүн хайрыг өөр өөрөөр мэдэрдэг ч Гари Чапмены бичсэнээр эмэгтэй эрэгтэй хүний аль алинд нь түүнийг мэдрэх таван хэл байдаг байна. Ямар хэлүүдийг ойлгож мэдэрдэг нь сонин байна уу? Тэгвэл хүн бүр л хүлээн зөвшөөрсөн үг сонсох, бэлэг авах, дурсамжтай цагийг өнгөрөөх, туслуулж буйгаа мэдрэх болон бие физиологийн хэрэгцээтэй байдаг байна.

Талархал: Бид хамгийн дотны хүмүүстээ талархах хэрэгтэйгээ мэддэг ч дийлэнх тохиолдолд талархахаа мартдаг. Таны хувьд онцгой нэгнээ хажууд минь байж л байх юм чинь гэж өнгөрөөлгүй харилцаагаа аз жаргалтай байлгахын тулд талархалаа илэрхийлээд үзээрэй. Гоё үг, гараар бичсэн мэндчилгээ, цэцэг, шалтгаангүй сайхан аашлах гэх мэтээр та юу ч сэдэж болно. Өдөр болгон цэцэг бэлэглэх албагүй ч зарим үед гэнэт цэцэг бэлэглэснээр дийлэнх хосуудын харилцаагаа хадгалж үлдэхийн тулд хийдэг аялалаас бол хялбар байна гэдгийг санаарай.

Сөргөөр үү эсвэл эерэгээр үү: Заримдаа бид өөрсдөө ч мэдэлгүй гутранги болж бүхий л зүйлсийг хар бараанаар будаж эхэлдэг. Ийм үедээ бид хийж буй ажлаа үзэн ядаж, найз нөхдөө зөв сонгож чадаагүйдээ харамсаж, өөрийг нь хэзээ ч чин сэтгэлээсээ хайрлаагүй хүнийг хайрлах гэж хэт хичээж буй мэт санагдах нь ч энүүхэнд. Гэсэн ч бидний хорвоо төгс биш гэдгийг өөртөө сануулаарай. Мэдээж бүх зүйлс сайнтай муутайгаараа холилдоод л оршиж байдаг тиймээс та хайртынхаа муу талуудыг биш аль болох сайн талуудыг нь бодож санаж байгаарай. Яваандаа сөрөг бодлууд тань эерэгээр солигдож та өөрөө ч тэнэг зүйлд хэт гунигласнаа мэдрэх болно.

Тулааны бүсээ сонгох: Харилцаа л юм хойно хоорондоо үйл ойлголцох муудалцах үе бүх хосуудад л байдаг. Гэсэн хэдий ч хосууд маань тухайн маргаанд л давуу тал олж байвал хамаагүй мэт аашилснаар бие биенээ хэзээ ч уучлах боломжгүйгээр гомдоодог. Тиймээс хэт эмзэг, өнгөрсөнд маргалдсан зүйлсээ дахин сөхөх нь тогтвортой харилцаатай хосуудын зайлсхийдэг бүс гэдгийг санаарай.

Секс: Хосууд бүгд л хийдэг энгийн л зүйл тэхдээ сексд байдаг нэг дүрэм бол “их хийх тусам – илүү хүсдэг, бага хийх тусам бага хүсдэг” явдал гэнэ шүү. Тиймээс сексийн харилцаагаа илүү амьд, тогтмол мөртлөө сонирхолтой болгох нь хосуудын анхаарах асуудлуудын нэг байдаг. Амтлагчаа нэм гэдэг нь зөвхөн гал тогоонд хэрэглэгддэг үг биш байх нь.

Харьцуулалт хийхгүй байх: Зүлэгийн өвс бүгд жигд ногоон өнгөтэй байдаггүй. Бид яагаад ч юм өөрийнхөө амьдралыг бусдын амьдралтай буюу хүмүүс юу хийж байна? Хаана амьдарч байна? Юу өмсөж байна гэх мэтээр харьцуулах синдромтой болсон өнөөгийн нийгэмд олон нийтийн сүлжээ хосоо, хайр сэтгэлийн харилцаагаа ч харьцуулах боломжийг нээсэн. Гэсэн хэдий ч аз жаргалтай хосуудад бусдын зүлэг ямар өнгөтэй байна, ямар арчилгаа орсон гэх мэт нь огт хамаагүй ч аз жаргалтай байдаг гэдгийг санаарай.

Та бүхэнд манай нийтлэлүүд таалагдаж байвал манай мэйл листэнд ЭНД дарж бүртгүүлэн ижил төстэй шинэ нийтлэл, мэдээллүүдийг маань цаг алдалгүй хүлээн авч байгаарай.
Эх сурвалж: www.bustle.com 

Хүн ам, газар нутгийн хэмжээ болон эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг манай өмнөд хөрш Хятад улс нь суралцах, судлах зүйл ихтэй ард түмний нэг гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Бидний хувьд их гүрэн Хятадтай хил залгаа байгаа нь цөөн тохиолдолд хүндрэлтэй байдаг ч бараа бүтээгдэхүүн худалдан авах, түүхий эдээ нийлүүлэх цаашлаад суралцах, аялах жуучлах гэх мэт олон тал дээр ашиг тустай байдлыг бий болгодог. Ер нь хүн болгон Хятадын талаар өөрийн гэсэн мэдээлэл, мэдлэгтэй байгаа тул илүү нуршаад яахав гол зүйлдээ орьё. Хятадын ард түмэн эртний түүх соёлоо маш сайн хадгалан үлдсэн нь 2016 оны байдлаар ЮНЕСКО-н байгалийн болон соёлын өвд нийт 48 түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрууд нь багтсанаас харагдана. Эдгээрийг бүгдийг нь үзэж дуусгахад чамгүй олон удаа урд хөршөө зорих хэрэг бидэнд гарах бололтой. Миний бие Хятад улс руу нийт 3 удаа аялах зорилгоор явах завшаан тохиож байжээ.

1. Бээжин аялал – 2010 он

2. Хайнан аялал – 2013 он

3. Хуаншань /Шар уул/ аялал – 2017 он

Аялал бүрээс үзсэн харсан зүйлсийг нэг бүрчлэн цуврал болгон дараагийн нийтлэлүүдээр оруулах тул та бүхэн манай сайтаар байнга зочилж мэдээлэл авч байхаас гадна и-мэйл листэд ЭНД дарж бүртгүүлэн цаг тухай бүрт нь шинэ нийтлэлийн мэдээлэл авч байгаарай. Харин энэ удаад дээрх аялалуудыг нэгтгэн дүгнээд өөрийн туршлагад үндэслэн Хятад болон бусад улс руу аялалд гарах зөвлөмж болон аялалаас үлдсэн сэтгэгдэлүүдийг хуваалцъя.

Аялалын зөвлөмжүүд:

1. Аялалын төрлийг сонгох: Аялалын зорилгодоо тааруулан хувиараа аялах уу жуулчны компаниар зуучлуулах уу гэдгээ сонгох нь зүйтэй учир нь аль аль сонголт нь давуу болон сул талуудтай. Хувиараа аялахын хамгийн сайхан нь өөрийнхөө хүссэнээр явах. Хэвтэр болон хоол хүнс голдоггүй бага зардлаар ихийг үзэх сонирхолтой аялагчид бол өөрийхөө толгойг даагаад яваад үзэхэд гэмгүй байх. Бүх зүйлийг өөрсдөө бие даан шийдэх тул ажлын хамт олонтойгоо буюу хүсэл зорилго, нас хүйсийн ялгаатай хүмүүсийн хувьд энэ төрлийн аялал тохиромж муутай мэт санагдсан. Харин санаа нийлсэн найз нөхдийн аялалд бол хамгийн сайн сонголт болно. Гэхдээ бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй, компаниар зуучлуулж явсанаас үнэтэй байх тохиолдол гарна. Дамжин явах нислэг болон галт тэрэгний хуваарь өөрчлөгдөх, цуцлагдах гэх мэтээс эхлээд. Тиймээс хувиараа аялалд гарч буй бол даатгуулчихаад явахад гэмгүй гэж зөвлөж байна. Энэ төрлийн аялалыг сонгогчид нь мөнгөө хэмнэх зорилготой тул аль болох хямд нислэг болон газрын тээврийг сонгодог тул цаг хугацаа арай их зарцуулах магадлалтай ба дийлэнх тохиолдолд ачаагаа үүрээд нааш цааш алхах тул биеэ жаахан ядраана гэдэгтээ сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй болов уу. Зуучлалын компаниар аялахад жинхэнэ утгаараа амраад олон зүйлд санаа зовохгүй байх боломжтой тул анх удаа аялалд явж буй бол энэ төрлийг сонгоорой. Нас насны гишүүдийн бүрэлдэхүүнтэй гэр бүл болон хамт олноороо аялахад хамгийн тохиромжтой. Бөөний үнэ хямд байдгийн зарчмаар таны төлсөн үнээр хувиараа аялаад яг тухайн газруудад орохоос харьцангуй хямд байдаг юм байна лээ. Нэг сул тал нь аялалын үзвэр хооронд заавал дэлгүүр хоршоо гээд хэрэггүй шахуу газруудаар их авч явах гээд байдаг тул далай дээр очсон бол далай дээрээ л үлд, ууланд очсон бол ууландаа л үлд элдэв чамин нэртэй дэлгүүрийн маршрутаас нь шууд татгалзсан нь дээр санагдсан.

2. Очих газрынхаа талаар урьдчилан судлах: Интернэт хөгжөөд мэдээлэл авах боломж маш өндөр болсон өнөө үед гадагшаа дотогшоо хаашаа ч аялах бай тухайн очиж буй газрынхаа талаар тодорхой хэмжээнд судлаад очвол зүгээр санагдсан. Урьдчилж судлаагүйгээс болж зорьж очсон газраа бүрэн дүүрэн нээж илрүүлэхгүйгээр дутуу үзээд буцвал дахиад очих ч хэцүү болих ч хэцүү ацан шалааны байдалд орох магадлалтай юм шиг санагдсан.

3. Хувцас хэрэглэлээ очсон газраасаа авах: Монгол улсын хувьд амьдралын өртөгөөр өндөр хөгжилтэй баян орнуудтай ижил шахуу байдаг тул ихэнх зүйлс үнэтэй байдаг. Харин манайхны нэг нийтлэг шинж нь ажил гэр гэсэн маршруттай тул элдэв спорт арга хэмжээнд барагтай оролцдоггүйгээс яг аялалд гарахад хувцас хунар маань тохиромж муутай болж ирдэг. Гэсэн хэдий ч аль болох дотоод нөөц бололцоогоо ашиглан биед эвтэйхэн хувцаснаасаа сонгон өмсөж очих газартаа хүрээд тэндээсээ худалдан авалт хийгээрэй гэж зөвлөмөөр байна. Тусгай зориулалтын, аялалын хувцас хэрэглэл бол дийлэнхдээ л Хятад болон Азийн үйлдвэрлэгч орнуудаас орж ирдэг тул хэрвээ таны аялал Эрээн, Бээжин гээд худалдаа хөгжсөн бусад хотуудаар нь дайрч буйн дээр та тодорхой цагийг дэлгүүр хэсэхэд зарцуулах боломжтой байгаа бол аялалын хувцас хэрэглэлийг шууд тэндээсээ аваарай. Гэхдээ үнэ хаялцаж худалдан авалт хийдэг зах, худалдааны төвөөс бол холхон байсан нь дээр гэж зөвлөмөөр байна. Цөөн тооны буюу өөртөө ганц хоёр юм авахын тулд хамаг цагаа гарздан үнэ тохиролцох, сонирхсон зүйлээ өмсөж үзэлгүй урд хойноо барьж үзээд заавал авах ёстой болдог гэх мэт онцгүй нөхцөл байдал зах дээр биднийг хүлээж байдаг. Үүнээс гадна манай Монголчууд үнийг нь хэт унагадагаас болсон уу бидэнд ер нь ёозгүй, хүндэтгэлгүй харьцдаг болсон мэт санагдсан. Харин дэлгүүр орвол сонирхсон зүйлээ чөлөөтэй өмсөж үзэхээс гадна үнийг нь шууд хараад авч чадах үгүйгээ шийдээд явчих нь амар. Жаахан судалбал боломжийн үнэтэй, чанартай брэндүүд байхаас гадна томоохон баяруудынхаа өмнө болон тодорхой борлуулалтын хямдрал урамшуулал бараг хэзээ ч очсон байдаг юм шиг санагдсан. Миний хувьд аялалын болон спорт хувцас хэрэглэл авахад Decathlon маш боломжийн шүү гэж санал болгомоор байна.

4. Нийтийн эрх ашгийг хүндэтгэн дагах: Ард иргэдийнх нь амьдралын бололцоо сайжирч буйтай холбоотойгоор Хятадууд өөрсдөө түүхэн дурсгалт газруудаараа гэр бүл, найз нөхөд хамт олноороо аялах нь ихэссэн. Тиймээс хаана ч очсон түм түжигнэж, бум бужигнаж байх магадлал өндөртэй тул та бүхэн дуулгавартайгаар өөрийн оочер дараалалыг хүлээн бусдад төвөг болохгүйгээр аялаарай. Миний ажигласнаар манайхан маш хоёрын хооронд зүйл дээр бусдын урдуур дайрч (бусдыг анзаараагүй гэж боддог ч юм уу эсвэл хэн намайг таньдаггүй юм чинь гэдэг ч юм уу бага сага заль хэрэглэж) буй нь ажиглагддаг. Та нутгаасаа гарсан л бол таны нэр МОНГОЛ болдог тул жижиг сажиг зүйлс дээр амиа хичээж дараа дараачийн олон Монгол аялагчдынхаа нэрэнд сэв суулгах хэрэггүй болов уу. Мөн амралтын өдрүүдээр тээврийн хэрэгсэл болон үзмэрүүд нь бараг пиг дүүрэн байх ба алдартай аялал жуучлалын төвүүдийнх нь ойролцоох буудлууд болон хоноглох газруудынх нь үнэ тодорхой хувиар өсдөг юм байна лээ.

5. Төмөр замын вокзал, нисэх буудал дээр тосч үйлчилгээ санал болгож буй хүмүүсээс хол байх. Учир нь тэд бүх зүйлийг богино хугацаанд зохицуулах сайхан саналууд тавих ч үнэ өндөртэй гэдгийг санах хэрэгтэй. Мөн зуучилж аваачсан буудал болон хоолны газрууд нь танд таалагдахгүй байх магадлал маш өндөр тул таны аялалд таагүй дурсамж л нэмэх болов уу.

6. Дата эрх бүхий Хятад дугаар авах: Нийтийн үйлчилгээний газрууд болон буудлууд нь үнэгүй интернэт цацах ч маш удаан санагдсан. Тиймээс хэд хонох төлөвлөгөөтэй байгаа бол дата эрх бүхий Хятад дугаар ашиглан интернэтээр хотспот үүсгэн багаараа хаана ч очсон интернэттэй явбал их зүгээр санагдсан. Интернэттэй байхад газрын зургаа ашиглаад төөрөхгүй шахуу явах боломжтойгоос гадна тулгарсан бэрхшээлүүдээ бусдаас богино хугацаанд лавлан мэдээлэл авч харилцаа холбоотой явах боломжтой.

Миний анзаарснаар Хятад улс:

Хятадын дэд бүтэц маш сайн хөгжсөн тул дийлэнх хотууд нь хоорондоо нисэх онгоц, хурдан болон энгийн галт тэрэг, автобусаар явах боломжтой болсон нь аялал жуучлал хөгжих маш таатай орчинг бүрдүүлж байгаа. Бид цаг хугацаа болон өөрийн төсөвтөө тааруулан аль ч төрлийн тээврийн хэрэгслийг сонгосон бай тав тух алдахгүй. Логистикийн салбарт ажилдаг болохоор эндэхийн бүрэн шийдэгдсэн зам тээврийн дэд бүтэц нь үнэхээр таалагддаг. Уул нурууг нүхлэх, гол усан дээгүүр гүүр тавих бол үнэн асуудалгүй, мөнгөтэйдээ ч юм уу юмыг хийх сэтгэлтэйдээ ч юмуу их л богино хугацаанд эдгээр томоохон бүтээн байгуулалтуудыг хийдэг бололтой. Манай Улаанбаатар хот 2020 онд метротой болно гээд байсан одоо бүүр сураг ч гарахаа больжээ. Хариуцсан хүмүүс нь хөөцөлдөөд бүтээн байгуулалтаа хийгээд л явж байгаа байх даа. Хаагуур ч явсан хүнгүй зэлүүд газар гэж бараг үгүй тариалангийн талбай, усан ферм болон хүн амьдрах зориулалттай суурин тосгод үргэлжлэх нь бага зэрэг уйтгартай ч авах юм нь нүдэнд бүртийх хоггүй. Манайх бол Улаанбаатараас урагшаа хил давах хүртэл төмөр зам, засмал зам дагуух эзгүй зэлүүд газар суурин ялгаагүй ерөнхийдөө хог ихтэй санагдсан. Жуулчид ирэх явах гол чиглэл тул нутгийн иргэд нь, дайран явж буй бусад Монгол ахан дүүс минь хогоо битгий хөдөө хээр хаяж байгаач ээ. За Хятад руугаа буцаад орьё, Дэлхийн 2-догч том эдийн засаг болохын тулд явуулсан бодлогын хүрээнд маш олон хотуудыг өргөжүүлэн шинэр орон сууц, сургууль, дэлгүүр гэх мэт хүн амьдрахад зориулан өндөр өндөр барилгуудыг шинээр барьсан ч тэдгээрийг худалдан авах хүнгүй байгаагаас ашиглалтанд орсон ч ганц ч оршин суугчгүй хоосноороо үлдэж “Сүнсний Хот” гэх нэртэй болсон эдгээр томоохон барилгууд гунигтайхан сүндэрлэх ажээ. 2020 он гэхэд 100,000 сая гаруй хөдөөний Хятад иргэд хот руу нүүнэ гэж төлөвлөгдсөн байгаа тул удахгүй дүүрчих биз ээ. Нэмж сонирхуулахад, Монгол улстай адилхан агаарын бохирдол тулгамдсан асуудал болж буй гэсэн мэдээлэлтэй явсан ч очсон газруудад тийм сүртэй мэдрэгдэхүйц байсангүй. Бээжинд хамгийн бохирдолтой буюу бага зэрэг цагаан манантай байсан ба энэ нь үйлдвэрүүдээс гардаг тул хөгжлийн утаа гэж нэрлэдэг бол манай Улаанбаатарын утаа бол дулаацах зорилгоор нүүрс түлсний улмаас гарч буй тул ядуурлын утаа гэж нэрлэдэг юм байна.

8 жилийн хугацаанд гарсан өөрчлөлтүүд:

1. Их цэвэрхэн болсон. Хүнийг хэр цэвэр цэмцгэр бэ гэдгийг 00-н өрөөнөөс нь шинждэг гэдэг шиг хамгийн түрүүнд анзаарагдсан зүйл бол Хятад улсын худалдаа үйлчилгээний төвүүдийн 00-н өрөөнүүд үнэр танаргүй их цэвэрхэн болсон нь ажиглагдсан. Бараг орсон бүх газруудын жорлонгууд бүгдээрээ 00-н цаас, гар хатаагчтай болсон байсан нь их таалагдсан.

2. Хүмүүс ч мөн их соёлжсон юм шиг. Хамгийн анх очихдоо хурдан галт тэрэг болон автобус гэх мэт нийтийн тээврийн хэрэгслүүдээр нь олон цаг зорчиход үнэр, чимээ маш ихтэй санагдаж байсан бол энэ удаад бол зөрж өнгөрсөн болон ойрхон суусан Хятадуудын хоолнуудынх нь хурц үнэр нь амнаас бараг үнэртэхгүй болсон мэт санагдсан. Дуу чимээ гаргах нь ч бага болсон байна лээ. Бараг бүх хүн нь утсаараа ямар нэг видео үзэх юмуу чатлаж байсан тул чанга чанга ярих завгүй ч болсон байж магад.

3. Хүмүүсийн хувцаслалт: Ерөнхийдөө их гайгүй загварлаг хувцасладаг болсон харагдсан. Урьд нь очиход ийм олон сайхан хувцасны сонголт байхад яагаад ийм сонин зүйлсийг хаанаас нь олоод өмсдөг байнаа гэж бодохоор байсан, одоо бол их л энгийн болсон ажиглагдсан. Дэлхийн хувцас загварын олон брэндүүд зах зээлд нь нэвтэрсний ач тус болов уу. Өөрийн уламжлалт хэв маяг бүхий хувцас, чимэглэлүүд нь яваандаа бүүр л багасч бидэн шиг зөвхөн тодорхой баяруудаар үндэсний хувцасаа өмсөхөөс гадна ерөнхийдөө Европ загварын, энгийн хийцтэй хувцас хэрэглэлийг түлхүү хэрэглэдэг болох болов уу гэж бодогдсон. Мөн эмэгтэйчүүд нь их цэвэрхэн бүдэг будах эсвэл бараг нүүрээ буддаггүй ч юм шиг санагдсан манайхантай харьцуулахад.

4. Илүү олон гадныхан байдаг болсон. Ер нь хаагуур ч явсан гадныхантай их тааралдах болжээ, сонирхвол зарим нэг нь аялж байна, дийлэнх нь суурин ажиллаж амьдарч байгаа хүмүүс байх юм. Эндээс харахад Хятадын томоохон хотууд нь нилээн амжилттай даяаршлагдаж байна гэж дүгнэж болох байх.

Та бүхэнд манай нийтлэлүүд таалагдаж байвал манай мэйл листэнд ЭНД дарж бүртгүүлж шинэ нийтлэл, мэдээллүүдийг маань цаг алдалгүй сонирхож байгаарай.

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Хятад улсын ДНБ гайхмаар өсч, дэлхийн эдийн засгийн хүчирхэг мотор байж ирсэн. Харин сүүлийн хэдэн жил дээрх өсөлт удааширч, дэлхийн түүхий эдийн үнэ огцом унаж, хөгжингүй болон хөгжиж байгаа олон орны өсөлтөнд томоохон чөдөр уясан.

Харин одоо биднийг юу хүлээж байгаа бол? Гутранги үзэлтнүүд Хятад улс бусад улсуудыг гүйцэж авах нэг удаагийн томоохон үсрэнгүй хөгжлийнх нь үе дуусгавар болсон гэж дүгнэж байна. Харин өөдрөг үзэлтнүүд ирэх 10-15 жилийн хооронд Хятад дэлхийн улсуудыг хөгжлөөрөө түүчээлсэн хэвээр байх боломжтой төдийгүй эдийн засгийнхаа бүх салбарыг солонгоруулан хөгжүүлнэ гэж итгэж байна.

Хөгжлийн шинэ загвар
Сүүлийн үед Хятадад хамгийн хүчтэй яригдаж байгаа сэдэв бол тус улсын эдийн засгийн байдал юм. 2015 онд Хятадын ДНБ болон ажлын байрны өсөлт 25 жилийн түүхэн дэхь хамгийн доод түвшиндээ хүрсэн, бизнесүүдийн өр асар ихээр нэмэгдсэн, гадаад валютын нөөц 500 тэрбум ам.доллараар буурсан төдийгүй 2015 оны дунд гэхэд хөрөнгийн зах зээл 43%-ийн бууралт үзүүлсэн зэрэг нь гутранги үзэлтнүүдэд Хятад улс санхүүгийн хямралд орох замдаа явж байна гэж дүгнэх хангалттай шалтгаан болсон.

Харин өөдрөг үзэлтнүүд Хятадын дотоодын хэрэглэгчид, дотоодын бизнесүүдийн эдийн засгийн хүчийг нэмэгдүүлж, бүтээмжид суурилсан өсөлтийн загварыг бий болгосноор тус зах зээлд өрсөлдөгч компаниудад тоглоомын шинэ талбарыг бий болгоно гэж үзэж байна.

Хэрэглээний хувьсал
Хятадын дотоодын хэрэглэгчдийн худалдан авалт нэмэгдэхийн хэрээр ихэвчлэн дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээний сонголт, чанараар хязгаарлагдаж байдаг хэрэглээний сагсных нь төрөлжилт нэмэгдэнэ. Үнэндээ, сүүлийн үед Хятад хэрэглэгчид бөөнөөр, хямд бүтээгдэхүүн авахаас илүү чанартай, цөөн тооны бүтээгдэхүүн авах сонирхолтой болсон. McKinsey-ээс Хятадын 44 хотод 18-56 насны 10,000 хэрэглэгчээс авсан судалгаанд оролцогчдын 50% нь хамгийн чанартай, хамгийн үнэтэй бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх хүсэлтэй байдаг гэсэн нь хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад огцом өөрчлөгдсөн хандлага юм.

Дижитал хувьслын үр нөлөө
2015 оны 12-р сарын байдлаар Хятадад 690 сая интернет хэрэглэгч, 700 сая ухаалаг утас хэрэглэгч байгаа нь Хятадын хэрэглэгчдийн сүүлийн үеийн эрэлт хэрэгцээг судалж, мэдэх таатай орчинг бүрдүүлж байна.

Электрон худалдаа
Дээрх боломжийг дээд зэргээр ашиглахын тулд Хятадын онлайн бизнес эрхлэгчид Европ, АНУ зэрэг газруудад онлайн бизнес эрхлэгчдийн адил тоон мэдээллийн дүн шинжилгээг нарийн ашиглаж хэрэглэгчдийнхээ зан төлвийг ойлгож, худалдан авалт хийх дадлыг нь даган дууриах хэрэгтэй.

Тоон мэдээллийн дүн шинжилгээний ач тусын талаар бидний удахгүй хүргэх нийтлэлийг хүлээн авахыг хүсвэл имэйл хаягаа энд дарж  бүртгүүлээрэй!

Улам олон Хятад хэрэглэгчид нийгмийн сүлжээг юу худалдан авахтай холбоотой шийдвэр гаргахдаа ашигладаг болсон өнөө үед мөн л нийгмийн сүлжээг ашиглах ур чадвараа нэмэгдүүлэх хэрэгцээ бизнесүүдэд зайлшгүй тулгарч байна.

Үйлчилгээний салбарын дижиталчлал
Энд онцлууштай нэг зүйл бол нийгмийн үйлчилгээний салбарт ч онлайнаар мэдлэг, мэдээллээ хуваалцсанаар хотод байгаа эмч нар алслагдсан хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд теле-эмнэлэг систем ашиглан эмчилгээ зөвлөгөө үзүүлж хот, хөдөөгийн боловсролын ялгааг багасгахад хувь нэмрээ оруулах боломжтой.

Дууриагчаас санаачлагч руу
Дэлхийн шинэ, шилдэг технологиудаас суралцан, өөрсдийн үйлдвэрлэлдээ шингээх тактикаа инновацийн тэргүүлэгч болох зорилгоор сольсон нь Хятадын бүтээмжид суурилсан өсөлтийн загварынх нь түлхүүр хэсэг юм.
Судалгаанаас харахад Хятадын Судалгаа, Дизайн (R&D)-д чиглэсэн зардал 2007-оос 2015 оны хооронд 120%-иар өссөн төдийгүй лав 2020 он хүртэл салбар салбарын компаниуд дизайны төвүүдээ өргөтгөхийн хэрээр энэ тоо улам нэмэгдэх төлөвтэй байна. Харин Хятадад төвтэй дизайны төвүүдэд тулгарах томоохон асуудал нь дотоодын зах зээлдээ зориулсан бүтээгдэхүүн гаргахад төвлөрөх биш дэлхийн зах зээлд зориулагдсан шинэлэг, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.
Хятад инновацийн тоглолтоо сайжруулахын хэрээр олон улсын бизнес эрхлэгчид Хятадад хамааралтай Судалгаа, Дизайнаа илүү хямдаар, илүү хурднаар гүйцэтгэх хэрэгтэй болно. Тэд Хятад дахь судалгааны платформуудынхаа төсөл хөгжүүлэлтийг илүү хурдасгаж, Хятадын дотоодын өрсөлдөгчдөөсөө хоцрохгүй байх шаардлага урган гарч байна.

Дэлхийн түвшний тоглогч болох
Хэдийгээр Fortune 500 жагсаалтанд Хятадын 110 компани бичигддэг нь АНУ-ын дараа орохуйц үзүүлэлт боловч эдгээр компанийн дийлэнх ихэнх нь дотоодын барилга, дэд бүтэц, эрчим хүч, санхүүгийн чиглэлийн компаниуд байдаг. Тэдний ихэнх нь нүсэр хөрөнгөнд суурилсан, нөөцийг монопольчилсон зөвхөн Хятад дотроо үйл ажиллагаа эрхэлдэг ба 80% нь төрийн өмчит компаниуд байдаг.

Харин Нэг бүс, Нэг зам хөгжлийн стратегиэрээ Хятад Африк, Ази, Европын олон оронтой шууд холбогдохоор зорьж байна. Хятадын засгийн газраас 1 их наяд ам.долларыг төрийн өмчит санхүүгийн байгууллагууд болон төрийн өмчит бусад компаниудынхаа глобал төслүүдээр дамжуулан дээрх хөтөлбөрт зарцуулахаар төсөвлөсөн.

Автоматжуулалтын эрин үе
Мөн Хятад үйлдвэрлэлээ илүү автоматжуулах нөөц бололцоо, хэрэгцээ шаардлага ч ихтэй. Хэдийгээр Хятад дэлхийн роботын хамгийн том зах зээл боловч Хятад компаниудын 10,000 үйлдвэрийн ажилчин дутамд 36 робот ноогдож байгаа нь бусад хөгжингүй эдийн засагтай улсуудын дундажтай харьцуулахад даруй 50 орчим хувиар бага, АНУ-ын ижил үзүүлэлттэй харьцуулахад тавны нэгтэй нь л тэнцэхээр түвшинд байгаа юм.

Дүгнэж хэлэхэд, Хятадын эдийн засаг салаа замын уулзвар дээр ирсэн байж болох ч бүтээмжид суурилсан дэвшилтэт эдийн засаг руу ахих шилжилт нь амжилттай хэрэгжвэл Хятадад болон Хятадтай холбоотой ажилладаг бизнесүүдэд шинэ дутам боломжийн хажуугаар төдий хэмжээний шийдвэрлэх шинэ асуудлууд гарч ирэх нь дамжиггүй.

Эх сурвалж:www.mckinsey.com

Шинэ оны анхны нийтлэлээ бид Монгол улсын маань ирээдүй хойч болсон бяцхан дүү нарынхаа хөгжилд зориулан бэлтгэлээ.
“Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа” гэж Монгол ардын сайхан зүйр цэцэн үг байдаг. Та бидний сайн мэдэж байгаачлан маш олон амжилттай хүмүүс идэвхитэй уншигч байдаг. Тиймээс та бүхэн хүүхэддээ багаас нь унших дадалыг зөв хэвшүүлснээр ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийж буй алхамуудын нэг гэж үзэж болно. Эцэг эх бидний мэдэх шаардлагатай мэргэжлийн хүний доорх маш энгийн зөвлөгөөнүүдийг үзээд үр хүүхэдтэйгээ цагийг зугаатай бөгөөд үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй!

https://youtu.be/x2_gZMyXJqY

Нэмж сонирхуулахад мэргэжилтний зөвлөснөөр 0-6 насны буюу бага насны хүүхдийн ном болон тоглоомын харьцаа 50, 50% байх шаардлагатай байдаг ба ном нь мөн тоглоом шиг хүүхдийн гарт хүрэхүйц газар байснаар хүүхдүүд маань номонд илүү сонирхолтой болоход түлхэц болдог байна.

Дашрамд хэлэхэд, манай “ЯАГААД ТА ӨДӨР БҮР УНШИХ ШААРДЛАГАТАЙ ВЭ? НОМ УНШИХЫН 10 АШИГТАЙ ТАЛ” нийтлэлээс уншигч байхын ач тусын талаар дэлгэрэнгүй ойлголт авах боломжтой.

 

 

Аж үйлдвэрийн хувьсгал, орчин үеийн бидний нэршилээр технологийн хувьсгал бүрийн үр дүнд бидний амьдрал нэг алхам урагшилж бид илүү хөгжин цааш явах боломжтой болж байлаа. Харин сүүлийн жилүүдэд бидний амьдралд чимээгүйхэн нэвтрэн орж буй үйлдвэрлэлийн 4-р хувьсгалд бид бэлэн байна уу? Саяхан www.ted.com-р Tim Leberecht-н ярианаас “ойрын 20 жилд бидний өнөөдөр хийж буй ажлын тал нь ямар нэг робот юм уу програм хангамжаар хийгдэх болно” гэж сонссон маань технологийн чиглэлээр ажилладаг, бүтээмжийг өсгөхийн тулд байнга эрэл хайгуул хийж үнэ цэнэ багатай ажлуудыг автоматжуулахыг зорьж байдаг миний хувьд энгийн өдөр тутмын ажил маань боловч тоо баримттайгаар хүн төрөлхтөнд үзүүлэх нөлөөг нь сонсоход харгис санагдсаныг нуух юун. Тиймээс технологийн 4-р хувьсгал гэж юуг хэлээд байна, ямаршуу өөрчлөлтүүд бий болох талаар зарим судалгаанууд дахь сонирхол татсан мэдээллүүдийг нэгтгэн та бүхэнд хүргэж байна.

Бид дэлхийн геополитикийн өөрчлөлтүүд, эдийн засгийн хямрал, зах зээлийн хумигдалыг хэрхэн давах талаар завгүй бодож ажиллаж байх зуур технологийн хувьсгал чимээгүйхэн газар авч байна. Технологийн 4-р хувьсал нь бидний амьдрах, ажиллах хэв маягаас гадна хоорондын харилцааг маань тэр чигт нь өөрчилж байна. Интернэтийн хэрэгслүүд, 3Д хэвлэл, хүнийн генийн бүтэцийн кодчилолыг нээсэн болон нанотехнологиудыг бид 4-р үеийн аж үйлдвэрийн хувьсгалын бүрдэл хэсгүүд гэж үзэж болохоор байна.

Роботууд аль хэдийн бидний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг арга барилыг өөрчилсөн. Гэхдээ бүх хүнийг робот орлоогүй зарим үйлдвэрлэлд хүмүүс оролцсон хэвээрээ байгаа. Бүхэлдээ мэдрэгчтэй, бодох чадвартай машинуудаас бүрдсэн ухаалаг үйлдвэрүүдбаригдсанаар том өөрчлөлт бий болно. Энд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн маш хямд зардлаар бүтээгдэх боломжтой болно. Хамгийн чухал нь эдгээр үйлдвэрүүд нь хүний оролцоогүй тул хямд өртөг бүхий ажилчдыг хайж үйлдвэрлэлийн байрлалыг солих шаардлагагүй, ажилчдын амь насыг эрсдэлд оруулахгүйгээр дэлхийн өнцөг булан бүрт маш үр өгөөжтэй ажиллах боломжтой.

Энэхүү технологи нь одоогийн үйлдвэрлэлийн төвлөрлийг бутаргаж, бүтээгдэхүүнийг илүү олон газар хурдан үйлдвэрлэх боломжийг олгож байгаа нь хүн амын нягтаршил багатай манай Монгол гэх мэт улсуудад ашигтай тусах юм. Улс төр болон нийгмийн хувьд энэхүү шинэ ойлголт нь санаа түгшээсэн болон сэтгэл догдлуулсан байдлыг зэрэг дагуулж буй юм. Үйлдвэрээс хүмүүсийг явуулснаар ажилгүйдлийн түвшин асар ихээр өсч, замбараагүй, эрх чөлөөтэй байдал газар авч хүнд нөхцөл байдлыг үүсгэх магадлалтай.

АНУ-ын тээврийн салбарт ажиллагсадын 70% нь том машины жолооч байдаг гэсэн судалгаа байдаг. Харин 4-р хувьсгалын үр нөлөөгөөр интернэтийн хэрэгсэл (IoT)-үүд нь тээврийн салбарыг тэр чигт нь өөрчлөх дүр зурагтай байна. 2016 оны 4-р сард томоохон ачааны машин үйлдвэрлэгчид болох DAF, Daimler, Iveco, MAN, Scania болон Volvo-н нэрийн өмнөөс цуваа машинууд хагас автомат буюу жолоочийн хяналтан доор Европын улсуудаар туршилтын тээвэрлэлтийг хийсэн бол 2016 оны 10-р сард Америкт анхны жолоочгүй машин 190км-ын тээврийг амжилттай зохион байгуулаад байгаа ба энэхүү жолоочгүй машин нь дөнгөж эхний шатны дэвшил байх нь. Мөн жижиг ачаа илгээмжийн салбарт Дрон аль хэдийн нэвтэрсэн бөгөөд АНУ гэх мэт орнуудад түүний хөдөлгөөнийг зохицуулах эрх зүйн актуудын боловсруулалтын шатанд ажиллаж байна. Цаашид ухаалаг тээврийн систем нь дэлхийн нүүрсхүчлийн хийн хэрэглээг бууруулж хаягдлыг багасгах боломжтой болж байна.

Бэлтгэл сайтай биш байвал өөрчлөлт нь хүлээж авахад хүндрэлтэй байдаг. 3Д хэвлэлийн хувьд бүүр хэрцгий өөрчлөлтүүдийг бий болгохоор байна. Энэ нь яг хэрэгцээтэй үедээ хүссэн загварынхаа бүтээгдэхүүн болон түүний эд ангийг интернэтээс татан авч хэвлэх боломжийг олгоно.

3Д хэвлэл бүрэн нэвтэрснээр тээвэрлэлтийн зардалд мэдэгдэхүйц хэмжээний бууралтыг үзүүлэх тул үүнээс үүсдэг бохирдол дагаад багасна. Мөн эрүүл мэндийн салбарт 3Д хэвлэл хүний өвчилсөн эд эрхтэнг нөхөх зорилгоор аль хэдийн ороод байна. Хүний генетикийн бүтцийг хуулбарлах боломжтой болж байгаа нь маш их маргааныг дагуулж байна. Генийг хуулбарлан гаргаж авсан шинэ эрхтэнүүд нь ямар нэг эд эрхтэн өвчлөхөд оронд нь хувилан гаргасан эрүүлийг нь шилжүүлэн суулгах боломжийг олгож байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн хүн амын дундаж наслалт нь улам өндөр болох болчихоод байна. Тиймээс засгийн газрууд тэтгэвэр болон өндөр насны халамжийн бодлогодоо өөрчлөлт оруулахгүй бол төсөв болон эдийн засгийн хүндрэлүүд үүсэх магадлалтай байна.
Харин нийгмийн бүлгийнхэн, ажиллах чадамжтай нас болон тэтгэврийн насыг дахин тодорхойлохшаардлагатай болж байна. Бид хүмүүсийг хагас цагаар ч бай бүтэн цагаар ч бай илүү урт хугацаанд ажиллуулж байх шаардлагатай тулгараад байна. Хүн төрөлхтөний хэрэгцээнд ургамлын гаралтай орц найрлагуудыг ашиглах хандлага улам өсөх тул хамгийн чухал нь ургац хураалтын хэмжээг нэмэгдүүлэх асуудал ч тулгамдах шинжтэй байна.

Өмнөх жишээнүүдээс харахад технологийн 4-р хувьсгал нь үйлдвэрлэлээс тээвэрлэлт, хөдөө аж ахуйгаас санхүүгийн гээд эдийн засгийн бүхий л салбаруудад нөлөөлөх нь гарцаагүй болоод байна. Мөн боловсролын салбарыг ч өөрчлөхөөр байна. Бид ангид суурилсан уламжлалт боловсролын системээ хадгалсаар байгаа. Энэ аргаас илүү сайныг бид урт хугацааны дараа л олж илрүүлэх байх. Гэхдээ бид технологид суурилсан зардал хэмнэсэн, хүртээмжтэй байдлыг нэмсэн аргуудыг түлхүү дэмжих нь тодорхой болоод байна. MIT, Harvard, саяхан Oxford-н их сургууль гээд дэлхийн тэргүүлэх их сургуулиуд ар араасаа цахим сургалтын төвүүдийг байгуулаад эхэлсэн бөгөөд www.coursera.org болон www.khanacademy.org зэрэг үнэгүй, чанартай боловсролын сайтууд ч маш өргөн хэрэглэгдэх болоод байгааг та мэдэж байгаа байх.

4-р хувьсгалын талаарх олон таамаглалууд нь улс төр, нийгэм болон соёлын ялгааг үл харгалзан өөрөө аяндаа бий болохоор байна. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд орлогын ялгаатай байдал улам бүр газар авч байгаа нь технологийн өөрчлөлтийг амжилттай нэвтрүүлж чадсан зарим хүмүүст ихээхэн ашиг тусыг өгч байна. Технологи нь өөрөө асар үнэтэй байгаа тул хойноос дагагчдын хувьд гүйцэж өөрийн болгоход, илүү боломжтой бүүр илүү сайжирсан шинэ хувилбарууд нь гарсаар байна. Бид цаашид улам илүү бий болох боломжтой энэхүү шударга биш байдлыг дэвэргэхгүй байх хэрэгтэй бөгөөд боломжоороо бууруулах шаардлагатай. 4-р хувьсгалыг хүн бүрт ашигтай байлгах нөхцөлийг засгийн газрууд, компаниуд болон бусад олон улсын байгууллагууд хамтран хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай.

Үнэндээ технологийн өөрчлөлт нь дэлхийн геополитикийн балансад аль хэдийн нөлөөлөөд эхэлсэн. Зарим улсууд бусдаасаа илүү хүчтэй болж эхэлж байна. Дэлхий ертөнц тогтвортой, цэгцтэй байх үр дүнтэй засаглалын механизмыг бүтээхийг шаардаж байна.

19-р зууны төгсгөлөөр бий болсон Үйлдвэрлэлийн 2-р хувьсгал нь бидэнд орчин үеийн хими, автомашин, цахилгаан бараа болон бусад маш олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг авчирсан.

Эдгээр нь хүн төрөлхтөнд ашиг тустай байсан нь үнэн ч Дэлхийн 1, 2-р дайнаас гадна олон сөргөлдөөн буюу үхлийг ч дагуулсан.

Тиймээс 4-р хувьсгалыг эв зүйтэй хүлээн авч чадах эсэх нь бидний улс төрийн хамгийн том уриалга болох биз ээ.

Дээр дурдсан олон жишээнээс та боломжийг харж чадаж байна уу? Айдасыг мэдэрч байна уу? Нэгэнт энэ өөрчлөлтүүд бидний амьдралд нэвтрээд эхэлсэн байгаа тул өөрийнхөө өдөр дутамдаа хийж буй ажилдаа дүн шинжилгээ хийхийг танд зөвлөе. Цөөн хүн амтай, таруу байршилтай манай улсын хувьд энэхүү хувьсгал нь хэзээ ч мөрөөдөж байгаагүй боломжийг бий болгож мэдэх юм. Тиймээс бүгдээрээ илүү ухаантай, мэдлэгтэй байж болж буй өөрчлөлтүүдийг Монголчлоод амьдрал ахуйгаа дээшлүүлцгээх үү?

Эх сурвалж: Fourth revolution to change everything, Mauro Guillen (director of the Lauder Institute, Wharton School, University of Pennsylvania)

Ихэнх амжилттай яваа хүмүүс байнгын унших зуршилтай байдгийг та бид бүгд мэднэ. Жишээлбэл 2015 онд Фэйсбүүк компанийн захирал Марк Зүкербүрг 7 хоногт 1 ном уншиж байх зорилго тавьж байсныг санаж буй байх. Хятадын төв номын сангийн гадаа оочерлон зогсож буй залуусын зургийг ч та олон нийтийн хуудсуудаар харсан байх. Гэтэл манай Монгол залуусын хувьд дийлэнх нь унших дадалыг өөртөө суулгаагүй байгаа нь ажиглагддаг. Сурахад хэзээ ч оройтдоггүй гэдэг тул Монгол залуу та ном тогтмол уншиж доорх ашиг тусуудыг амьдралдаа нээн өөртөө болон эх орондоо үнэ цэнэтэй амьдраарай.

1. Оюуны дасгал
Хүний биеийн бүх булчингуудын адил тархийг эрүүл хүчтэй байлгахын тулд байнгын дасгал хийж байх ёстой. Ашиглагдахгүй зүйлс үгжирч байдаг бол ашиглагдаж байгаа зүйлс улам цааш хөгжиж байдаг нь хорвоогийн жам юм. Идэвхитэй уншигчдын Алзаймер буюу бидний мэддэгээр зөнөглөх өвчинд нэрвэгдэх магадлал буурдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
2. Стресс буурна
Ажил, хичээл ном, гэр бүл, найз нөхөдийн харилцаа гээд бидэнд өдөр тутам стрессдэх шалтгаан түм бумаараа бий болж байдаг. Тэгвэл сайн зохиол унших үед та номондоо орж өдөр тутмын амьдралаасаа аль хэдийн хөндийрч зовлон бэрхшээлээ түр мартдаг. Тиймээс ном уншихаа больсон ч таны бэрхшээл – таныг стрессдүүлсэн зүйлийн шалтгаан нь өчүүхэн болохыг ойлгож тайвширсан байдаг байна.
3. Мэдлэг тэлнэ
Ном уншиж байх үедээ бид тодорхой хэмжээний мэдлэгийг өөрийн тархиндаа хадгалан авч үлдэж байдаг. Та хэр их мэдлэгтэй байна амьдралд тулгарах бэрхшээлүүдтэй илүү зэвсэглэсэн тулах болно. Та ажил мэргэжил, мөнгө магадгүй эрүүл мэндээ алдсан ч таны өөрийн тархинд хуримтлуулсан мэдлэгийг хэн ч булааж авах боломжгүй.

4. Үгийн сан баяжина
Ном уншдаг хүмүүс өдөр тутмын яриандаа ч бусдаас илүү олон үгийг ашиглаж илүү өргөн хүрээтэй ярьдаг. Та бид хэдийгээр өөрийн төрөлх хэлээрээ хангалттай ойлголцдог хэдий ч яруу тансаг үг хэллэг ашиглахгүй цөөн тооны үгэн дунд эргэлдэж байдаг. Олон сайхан үг ашиглаж ярьдаг хүмүүсийг бид өөрийн мэдэлгүй хүндэтгэн харьцдаг шүү дээ. Хэр олон тооны үг хэллэг ашиглаж байгаа нь тухайн хүний боловсролын түвшинг илэрхийлдэг бас нэг чухал үзүүлэлтийн нэг байдаг. Мөн гадаад хэл сурч буй хүмүүс ном тогтмол уншиснаар үгийн сан нь баяжиж, үгийг зөв хэрэглэх хэвшил суудаг гэж гадаад хэлний багш нар дүгнэдэг бөгөөд хэл сурч буй залуусыг тухайн хэл дээрх ном зохиол уншиж байхыг зөвлөдөг.
5. Ой тогтоолт сайжирна
Ямар нэг зохиол уншиж байхдаа бид дүрүүдийн зан чанар, амьдралын замнал болон хэрхэн ямар сэжимээр хоорондоо холбогдож буй гэх мэт нарийн төвөгтэй ниваансуудыг нь санаж байх шаардлагатай байдаг. Гайхалтай нь энгийнээр тайлбарлахад бидний тархи шинэ зүйл тогтоох бүрт түүнийг хадгалах шинэ зайг гаргаж өгдөг тул хадгалагдсан мэдээлэл хоорондын дамжих зам богиносч эргүүлэн санах замыг богино болгодог. Тиймээс илүү ихийг ойлгож тогтоох тусам бидний тархи илүү хурдан шуурхай ажилдаг болдог байх нь. Гайхалтай биш гэж үү?
6. Анализ хийх чадвар сайжирна
Ихэнх зохиолууд дээр гол дүрийн баатрууд тулгарсан ямар нэг бэрхшээл саадыг давдаг. Энэ нь уншигч бидэнд түүний алдаанаас суралцах, цаашлаад ижил нөхцөл байдал тулгарвал түүнийг хэрхэн даван туулах бэ гэдэг арга замыг зааж өгдөг тул бидний толгойг багагүй ажлуулж дүгнэлт анализ хийх чадваруудыг маань хөгжүүлдэг.
7. Төвлөрөх чадвар сайжирна
Өнөөдрийн интернэтэд суурилсан технологийн эрин үед бид аливаа зүйлд төвлөрөхөөс илүүтэйгээр гар утсаараа найзтайгаа чатлан, ажлын програмд шаардлагатай өгөгдөлийг оруулангаа, и-мэйлдээ хариу өгч мөн дээрээс нь вэб хуудаснууд шүүн хэрэгтэй мэдээлэлээ хайж байдаг. Яг л таныг дүрслэн бичиж буй мэт байна уу? Харамсалтай нь энэ төрлийн олон зүйлийг зэрэг амжуулах хүсэл маань биднийг илүү стрессдүүлж, бүтээмжийг маань бууруулж байдаг. Харин ном уншиж байхдаа бид зохиолдоо л бүх анхаарлаа төвлөрүүлдэг. Тиймээс ажилаа эхлэхээс 15-20 минутын ном уншиж хэвшснээр тархиа чөлөөлөн ажилдаа илүү төвлөрдөг болохыг судлаачид нотолжээ. Та ч мөн туршаад үзээрэй!
8. Бичих чадвар сайжирна
Ямар ч сайн бичвэрт бусдын ажлаас авсан санаа ордог. Тиймээс хэн илүү их уншина түүний жишээ авч бичих, сэдвээ баяжуулах чадвар дагаад өсдөг болох нь маргаангүй үнэн ажээ.

9. Эрүүл мэндэд тустай
Сэтгэл зүйн хувьд тогтворгүй, огцом ширүүн зантай хүмүүсийг ном уншиж тайвширч байхыг зөвлөдөг. Учир нь хүн номноос өөрийгөө таних, дотоод амар амгаланг олох боломжтой байдаг. Ном унших нь хүний тархийг олон бодлоос нь чөлөөлж өгдөг тул маш хурдан, бүх сайн унтах нойрны эм болох боломжтой байх нь. Мөн саяхан нэгэн судалгаанаас чанартай сайн зохиол уншдаг хүмүүс сэтгэл санааны хувьд тогтвортой, залуу байж элдэв өвчин тусах магадлал нь буурдаг тул ном уншдаггүй хүмүүстэй харьцуулахад урт насалдаг нь тогтоогдсон байсан.
10. Бүтээлч болон ургуулан төсөөлөх чадвар өснө
Бид номон дээрх тайлбарласан зураглалаас өөрийн хэзээ ч байж үзээгүй орчинд өөрийн төсөөллийн ачаар очиж чаддаг. Ургуулан бодох, төсөөлөх чадварыг ном уншиж байнга хөгжүүлснээр хүний бүтээлч сэтгэхүй хөгждөг болох нь олон судалгааны үр дүнгээс гарчээ.

 

Эх сурвалж: http://www.lifehack.org, “10 Benefits of Reading: Why You Should Read Every Day”, Lana Winter-Hébert

2014 онд Монгол дахь Канадын элчин сайдын яамнаас Монголын боловсролын салбарт хийсэн судалгаа, дүн шинжилгээнд дурдсанаар жил бүр 24000 Монголчууд гадагшаа явж, ямар ч үед 40000 Монголчууд гадаадын аль нэг улсад суралцаж байна гэжээ. Саяхан хамтын ажиллагаа эхлүүлэх зорилгоор Улаанбаатар хотод ирж ажилласан Сингапурын боловсролын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаний Герман зөвлөх маань дээрх тоог сонсоод уулга алдахыг бодоход багагүй тоо бололтой.

Дээрх компани маань Сингапур, Хятад, Энэтхэг тэргүүтэй голдуу Азийн орны ахлах ангийн сурагчдыг АНУ, Их Британийн шилдэг их дээд сургуулиудад өөрт тохирох мэргэжлээрээ, амжилттай элсэн ороход нь зориулсан бүх талын зөвлөгөө (тохирох сургуулиа сонгох, шалгалтууддаа бэлтгэх, эссегээ бичих, ярилцлагандаа бэлтгэх гэх мэт) –г өгдөг, ингэхдээ өөрсдийн боловсруулсан комьютерийн дэвшилтэт систем (software)-ийг ашигладаг. Энэхүү систем нь тэдэнтэй ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг болон үзүүлэхийг зорьж буй төвүүдийн бүтээмж, үр дүнг мэдэгдэхүйц дээшлүүлж, ажлыг хичнээн хөнгөвчилж болохыг мэдэрсэн тэд системээ гадаад зах зээлд нэвтрүүлж эхлээд буй.

Түүнчлэн энэхүү системийн ач тусыг мэдсэн ахлах ангийн сурагчид өөрсдийнхөө санаачлагаар сургуулиудынхаа багш, удирдлагуудад мэдээлэл хүргэн сургуулиараа нэгдэн хэрэглэж буй тохиолдол Сингапур, Хятад зэрэг орнуудад цөөнгүй гарч байгаа нь технологиор дамжуулан боловсролын хүртээмжийг огцом дээшлүүлэх зорилготой Cialfo компанийханд бахархалтай үйл явдал болсон байна. Тэдний дэвшилтэт системийн талаар АНУ-ын телевизийн томоохон суваг болох CNBC хүртэл сурвалжлага бэлдсэн байх юм. Энд дарж үзнэ үү. 

Нийтлэлийн эхэнд Герман зөвлөхийг маань уулга алдуулсан гадаадад сурдаг болон сурахаар бэлтгэж буй Монгол оюутан залуусын тоо бол гадаадад суралцах хүсэлтэй хэн нэгний нийт өрсөлдөгчдийн тухайд бодвол зөвхөн Монгол гэсэн ганц улсын хэмжээний тоо гэдэг нь ойлгомжтой. Иймд Монголоос хүн ам зэрэг олон хүчин зүйлээрээ илүү бусад олон орны оюутан залуусаас ялгарч, өөрт хамгийн тохирох сургуульдаа амжилттай элсэн орж, амьдралын бусад том зорилгууддаа алхам алхмаар хүрэхийн тулд эртнээс төлөвлөгөөтэй, тактиктай бэлтгэх хэрэгтэй. Ингэхийн тулд Герман зөвлөхийн маань санал болгож буй 3 гол тактикыг дор хүргэе.

1. Гадаадад сурах бэлтгэлээ 2-3 жилийн өмнөөс хийж эхлэх;

Гадаадын нэр хүндтэй их дээд сургуулиуд жил дутам хэдэн арван мянган өргөдөл дундаас хэдхэн зуу, магадгүй хэдхэн арван оюутныг шалгаруулан авдаг. Онцлог нь эдгээр хэдэн мянган өргөдөл өгөгчдийн ихэнх нь тус тусынхаа улс, муж, сургуулийн хэмжээнд манлайлагчид байдаг. Иймд тэднээс ялгарахын тулд зөвхөн онцсайн дүнтэй байх хангалтгүй. Та хичээлээс гадуур нийгмийн тусын тулд сайн дурын ажилд идэвхитэй оролцох, эсвэл ямар нэгэн урлаг, спортын төрлөөр тууштай хичээллэх зэргээр өөрөө өөрийнхөө шилдэг хувилбарыг бий болгохын тулд идэвхитэй, тууштай, тактиктай ажиллах хэрэгтэй.

Ялангуяа хүссэн сургуульдаа өргөдөл өгөхөөс өмнөх 2-3 жилд гаргасан амжилт, оролцсон уралдаан тэмцээн, арга хэмжээнүүд чинь академик дүнгээс чинь илүү таныг товойлгох том үзүүлэлт гэдгийг санаарай.

2. Дэлхийн сургуулиудын үнэлгээний жагсаалт (world university ranking)-ыг биш зорилгодоо нийцүүлэн, сурахаар эрмэлзэж буй сургуулийнхаа жагсаалтыг өөрөө гарган баримтлах;

Гадаад, дотоодын нэр хүндтэй их дээд сургуулиуд зарим хүний хувьд толгой нь эргэмээр олон мэргэжлийн ангиудтай байдаг. Бүх мэргэжлийн хөтөлбөрүүдээ нэгэн жигд чанартай хүргэдэг сургуулиуд хуруу дарам цөөхөн. Иймд чиний сонирхол, хүсэл, чадамжинд нийцсэн мэргэжлийг л сайн чанартай олгодог сургуулийг судалж мэдээд, түүндээ элсэх бэлтгэлээ эртнээс хийгээрэй.

3. Зорьсон сургуульдаа элсэх өргөдлөө аль болох эрт өгөх;

Гадаадын томоохон их, дээд сургуулиуд ихэнхдээ өргөдөл хүлээн авах хоёр хугацаа заасан байдаг. Эхний хугацаанд багтаж өргөдлөө өгөгсөд элсэн орох төдийгүй тэтгэлэг авах магадлал хамаагүй өндөртэй байдаг. Тухайлбал доорх зурагт үзүүлсэнчлэн хэрвээ та өргөдөл хүлээн авах эхний хугацаанд нь багтаж өргөдлийн маягтаа гүйцэд, бүрэн зөв бүрдүүлэн өгсөн тохиолдолд таны Harvard, Yale зэрэг АНУ-ын төдийгүй дэлхийн шилдэг их дээд сургуулиудад тэнцэх магадлал хоёр дахь буюу хожуу хугацаанд багтаж өгснөөс даруй 3-7 дахин нэмэгддэг гэсэн судалгаа байдаг байна.

Эх сурвалж: www.cialfo.co

Хэрвээ танд дээрх зөвлөгөө таалагдсан бөгөөд илүү олон экспертийн зөвлөгөө, мэдээлэл авах хүсэлтэй бол манай сайтын мэдээлэл авах хэсэгт цахим хаягаа бүртгүүлээрэй.

Танд амжилт хүсье!

Дэлхийн дундажаар хүмүүс 20-60 нас хүртэлээ 40 жил идэвхитэй ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байдаг ч Монгол Улсын хувьд 1990 оны нийгмийн өөрчлөлт болон сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй технологийн дэвшилээс шалтгаалан 40, 50 насныханы ажилгүйдлийн түвшин өндөр хувьтай байна. Оффистоо хамтран ажиллаж буй хүмүүсээ хардаа дийлэнх нь л залуучууд байна уу? Манай 40-өөс дээш насныхан маань хаагуур юу хийгээд явж байна? Магадгүй дийлэнх нь худалдагч, жолооч, малчин, тариаланч гэх мэт биеийн хүчний хөдөлмөрийг голлон эрхлэж хувиараа эрхлэх аж ахуйтан буюу албан ёсны ажлын байргүй тогтмол орлогогүй амьдарч байгаа байх. 2010 онд Америкийн 1 судалгаанаас “дийлэнх хүмүүс 40-50 насандаа амьдралдаа хөдөлмөр эрхлээд олдог орлогынхоо 50%-г олдог” гэсэн тоо баримтыг уншиж байсан нь ой тоонд маань их тод үлджээ. Гэтэл Монголд яагаад баялагийг өөртөө болон эх орондоо бүтээх тэр л үеийнхэн маань шинэ залуу үеийнхэндээ түрэгдэн ажил мэргэжлийн хувьд өсч дэвжилгүй мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэлт рүү шилжээд байна?

Та өнөөдөр хэдэн ч настай бай 40-өөс хойших нас нь тойроод гарах даваа биш туулаад явах зам мөр тань тул ажил мэргэжлийн хувьд насан туршдаа өөртөө сэтгэл хангалуун байж, үнэ цэнээ улам нэмэгдүүлэхийн тулд энэхүү нийтлэлийг уншин суугаа байх. Тиймээс таныг жилээс жил ирэх бүр ажил мэргэжлийн хувьд илүү үнэ цэнэтэй шилдэг ажилтан болоосой гэж хүссэндээ Линкедины нөлөөлөгч (Linkedin influencer) Bernard Marr –н хэзээ ч хойш тавьж болохгүй 10-н зөвлөмжийг тоймлон хүргэе.

1. Амьдрал богино. Амьдрал нь дургүй ажлаа хийх, чамайг үнэлдэггүй даргын төлөө ажиллах болон ямар ч уртын зорилгогүй компанид ажиллахад хэтэрхий богино гэдгийг үргэлж санаарай. Бидний ихэнх нь өнөөдөрийнхөө ажлын нөхцөл байдалд сэтгэл хангалуун биш байдаг ч өдөр тутмын тогтмол орлогоо алдах вий, илүү дээр ажил олж чадахгүй байх вий гэсэн айдсаасаа болоод өөрчлөлт хийдэггүй. Гэвч чи хэр удаан амьд явахаа мэдэхгүй тул өөртөө таалагдахгүй, хожим харамсмаар нөхцөл байдалд өөрийгөө хүчээр битгий хүл. Чамд таалагдахгүй байгаа зүйлсийг өөрчлөхийн тулд яг одоо жижиг ч бай хамаагүй ямар нэг алхам хийгээрэй.
2. Нийгмийн хүрээлэл чухал. Бид ихэнхдээ бүрэг зан ажлаа л сайн хийж байвал бусад нь яахав ээ гэж боддог тул танилын хүрээгээ тэлэх тал дээр хойрго ханддаг. Мэдээж сайн мэдэхгүй хүмүүсийн дунд, дасаагүй орчинд орон хэрэгтэй хэрэггүй зүйл ярилцах нь ихэнхэд маань төвөгтэй санагддаг тул нэтворкинг арга хэмжээнүүдээс зайлхийх байдал түгээмэл байдаг. Гэсэн хэдий ч судалгаагаар нийгмийн хүрээлэл нь амжилтын чухал түлхүүр болох нь батлагдаад байна. Чухамдаа ихэнх амжилттай хүмүүс нийгмийн хүрээллээ илүү олон төрлөөр үүсгэж чадсан байдаг. Тиймээс танилын хүрээгээ тэлэхэд зориулсан цаг хугацаа оролдлогууд тань таны амжилтанд туслалцаа үзүүлнэ гэдэгт битгий эргэлзээрэй.
3. Амжилтын төлөө эрүүл мэндээ золиослох нь ухаалаг хэрэг биш. Маш олон амжилттай хүмүүс хэт их ажилласнаасаа болж эрүүл мэндийн хувьд доголдолтой болсон байдаг. Үнэндээ эрүүл хүний бүтээмж илүү өндөр байхаас гадна ямар ч амжилт болон мөнгө таны эрүүл мэндийг орлохгүй. Эрүүл мэндээ золихын оронд стрэссийнхээ түвшинг хянаж, ажил амьдралын хэвийн түвшинг хадгалж сурснаар хойшидын муу үр дагаваруудаас сэргийлээрэй.
4. Дэлгэц ширтэн сууснаас илүү амьдралынхаа давтагдашгүй мөчүүдийг мэдрээрэй. Илүү онлайнд холбогдсон өнөөдрийн нийгэмд бид амьдралын хором мөчүүдийг дэлгэцэнд хуулбарлах байдал ихээхэн ажиглагдаж байна. Гэсэн ч амьдралын төгсгөл ирэх үед та бусадтай холбоотой байхын тулд илүү олон и-мэйл утсаараа шалгаж байхыг хүсэхгүй л байх. Тиймээс онлайнаас хэсэг хөндийрч бодит амьдралаа илүүтэйгээр мэдрээрэй
5. Суралцахаа хэзээ ч зогсоож болохгүй. “Би хангалттай суралцлаа, би өөрийн гэсэн арга барилтай, амьдрах ухаантай болсон” гэж боддог хүн байна уу? Та их сургууль төгсөөд хэр удаж байна? Та их сургууль төгссөнөөсөө хойш ямар нэгэн мэргэжил дээшлүүлэх болон нэмэлт ур чадвар эзэмших сургалтуудад суусан уу? Өнөөдрийн хэт технологижсон орчинд бид шинэ ур чадваруудыг суралцахгүй өөрийн эзэмшсэн арга барилаараа л яваад байвал удахгүй хэнд ч хэрэггүй нэгэн болох аюултай. Тиймээс ажиллаж байхдаа үргэлжид суралцсанаар та цаг үеэсээ хоцрогдохгүй улам илүү амжилттай байх ирээдүй тань бүрэлдэнэ гэдгийг санаарай.
6. Олон төрлийн чадвартай бай. Та нэг л зүйлийг маш сайн хийж сурахын тулд хамаг амьдралаа зориулж байна уу? Та цөөн зүйлийг хийж чаддаг байх тусмаа дургүй ажилтайгаа зууралдаж байх эсвэл бүүр таны чадвар хийх ажилд тань хүрэлцэхгүй болох эрсдэл ихэснэ. Тиймээс өөрийгөө аль болох олон талаас нь хөгжүүлээрэй. Убэр /Uber/-т ажлын байраа алдсан таксины жолооч болон чатбот /chatbot/-оор орлуулагдсан харилцагчийн үйлчилгээний ажилчдын талаар бодоорой.
7. Та ганцаараа хурдан явж чадна тэхдээ хамтаараа илүү хол явна гэдгээ ойлгоорой. Ихэнх хүмүүс ганцаараа ажиллах сонирхолтой байдаг хэдий ч багаар маш сайн ажиллаж чаддаг хүмүүс л илүү амжилтанд хүрдэг. Цор ганцаараа бүхнийг хийдэг байдал домог болж бүхий л том ажлыг гар нийлсэн баг л гүйцэтгэх боломжтой болоод байна.
8. Санаа зовсноор юунд ч хүрэхгүй. Хэрэвээ чи том санаатай ч түүнийг биелүүлэх алхамыг хийхээсээ айдаг, бусдын өмнө үг хэлэх болон бусад хүмүүс чамайг юу гэж бодох бол гм зүйлст хэт их санаа зовдог бол амжилтанд хүрэхгүй л болов уу. Тиймээс дэмий санаа зовж суухын оронд ямар нэг урагшаа тэмүүлсэн алхам хийж байгаарай.
9. Алдаа бол төгсгөл биш. Алдаандаа бууж өгч байгаа бол та юу ч суралцаагүй байна гэсэн үг. Үүний оронд алдаагаа танд шинэ боломжийн хаалгыг нээж өгч байгааг нь хүлээн зөвшөөрөөд дахин хийж байсан зүйлээ эхнээс нь эхлээрэй.
10. Аз жаргал гэдэг бол байнгын аялал болохоос эцсийн хүрэх цэг биш. Маш олон хүн аз жаргалыг тодорхойлохдоо “Аз жаргал бол би жингээ хасч чадсан үед бий болно, ийм тийм өндөр цалинтай ажилд ороход бий болно” гм-ээр одоо байгаагаасаа хойш тавьж өгдөг. Гэвч аз жаргал гэдэг бол бидний сонголт болон зуршилын л асуудал байдаг. Та ямар ч нөхцөл байдалд бай аз жаргалыг мэдэрч чадвал илүү л амжилттай байх боломжтой юм.

За дээрх 10-н зөвлөлгөөг уншаад танд хэрэгтэй гэж бодсоноо хэрэгжүүлээрэй. Бусад ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүст өгөх зөвлөлгөө байвал сэтгэгдэлээ бичиж үлдээгээрэй.

Эх сурвалж: “10 important career lessons most people learn too late”,  www.linkedin.com 

Хүн бүр цаг хугацаатай уралдан ажиллаж, амьдрах болсон өнөө үед сунжирсан урт, уйтгартай, зардал ихтэй уулзалтуудаас илүү үр дүн сайтай, товч, тодорхой, богино уулзалтууд хийж сурах нь чадварт тооцогдох болжээ. Зарим ажил олгогчид ажил горилогчдыг дээрх чадварыг хэр эзэмшсэнийг нь тусгайлан шалгадаг болсон гэнэ. Энэ харьцангуй шинэ чадварыг гаргууд эзэмшихэд тань тус болох 5 аргыг хуваалцая.

1. Ярилцагчийнхаа нэрийг тогтоо: “Би хүний нэр тогтоохдоо муу” гэдэг шалтагыг март! Ярилцагч хүн тань нэрээ хэлэхэд анхааралтай байж, “Таньтай танилцахдаа таатай байна, Шүрээ” гэх мэтээр нэг юмуу хоёр удаа өөрт нь сонсогдохоор хэл. Тухайн хүнийхээ нүүр рүү харан, нэрийг нь давтан хэлэх танд нэрийг нь тогтооход ч нэмэртэй.

2. Дэлгэрэнгүй хариулт өг: Хэн нэгэн таниас юу хийдгийг тань асуухад “Эмч” гээд л өнгөрчилгүй “Би 3-р эмнэлгийн нүдний эмч” зэргээр цаад хүндээ яриа өрнүүлэх илүү боломж олго (жич: мэдээж хүн болгонтойгоо биш). Нөгөө талаар, ярилцагч хүнээсээ тийм, үгүй гэж хариулахаар биш асуулт асууж бай. Жишээ нь “Танд УБ-т амьдрах таалагдаж байнуу” гэхийн оронд “Танд УБ-т амьдрахын юу нь хамгийн таалагдаж байна” гэх мэт.

3. Хариулахаасаа илүү асуу: Нөгөө хүнийхээ сонирхлыг тат. Асуулт асуу. Магтаал сайшаал хэл. Гол нь богино уулзалтуудын үеэр өөрийгөө “лаг” гэж ойлгуулах биш нөгөө хүндээ намайг “лаг” юмаа гэж бодож байнадаа гэмээр сэтгэгдэл төрүүл.

4. Эерэг сэтгэгдэл төрүүл: Хэзээ ч бүү гомдолло, хэзээ ч хэн нэгэн/ ямар нэгэн зүйлийг муул! Дараа нь ярилцагч тань таныг хэн бэ гэдгээс илүү юу ярьснаар чинь санахаар, сөрөг дүр зураг л буух вий. Жишээ нь таны саяхан Европ явсан аялалын тухай асуухад нислэг тань цуцлагдаад, сөхөрч унатлаа ядарсан тухайгаа инээдэм наргиан болгож л ярьдаггүйн бол хэлэх хэрэггүй.

5. Хэзээ зогсохоо мэддэг бай: Хүмүүс танд халдаж чадахааргүй биеэ барих ёсгүй ч дөнгөж танилцсан юмуу төдийлэн дотно биш хүмүүс чинь танай ах, найз охиноосоо саяхан салсан тухай гунигт түүхийг төдийлэн сонирхохгүй гэдгийг санаж бай. Яриагаа сонирхолтой байлгах үүднээс хувийнхаа амьдрал, ахуйтай холбоотой зүйл ярьж болох боловч хэтэрхий нарийн ширийн зүйлээ бүү дэлгэ.

 

Эх сурвалж: “5 ways to make great small talk”, www.ivankatrump.com