Archive for the
‘Хүний эрх’ Category

Хүн бүрт ижилхэн өдрийн 24 цаг өгөгддөг ч зарим хүмүүс энэ хугацаанд маш ихийг амжуулдаг, зарим нь юугаа ч амжихгүй гайхаш баран байдаг. Нэгэнт бид өдрийн цагийг уртасгах боломжгүйгээс хойш байгаа цагтаа тохируулан илүү бүтээлч, үр дүнтэй байх хэрэгтэй болж байна.
Үнэндээ бол өнөөгийн асар хурдтай нийгэмд бидний суралцах ёстой хамгийн чухал чадвар бол БҮТЭЭМЖтэй байх юм. Аз болоход, өнөөдөр байгаагаасаа илүү үр дүнтэй хийсэн бүтээсэнтэй амьдрахад биднээс тийм ч их мэргэжлийн болон оюуны бяд шаардахгүй юм байна. Энэхүү нийтлэлд орсон доорх асуултуудад чин үнэнээсээ хариулаад үзээрэй. Үнэхээр энгийн бидний мэддэг хэрнээ ойшоолгүй өнгөрөөдөг жижиг зүйлс л бидний амьдралын үнэт цаг хугацааг ямар ихээр үгүй хийдгийг та эрт мэдэх тусмаа цаашидын тань амьдралд хэрэгтэй болов уу.

1. Ямар төсөл дээр би илүү анхаарал хандуулах ёстой бэ?

Бидний дийлэнх маань ажлын онцлогоос болон шаардлагаас үүдэн олон зүйлийг яг одоо амжуулах шаардлагатай болсон байдаг. Жишээлбэл: Твиттер, фэйсбүүкээ шалгах, энэхүү нийтлэлийг унших, толгой дотроо бодож буй и-мэйлээ бичиж явуулах гэх мэтээр.., Бид ч олон үүрэг хариуцлага хүлээгээд байгаа нэгнээ мундаг байна гэж магтдаг. Гэсэн ч харамсалтай нь хүний тархи нэг дор олон зүйлд зэрэг анхаарал хандуулах чадваргүй тул давхар ачааллууд орж ирэхэд дунд нь будилж самгардан юу чухал гэдгээ тодорхойлоход хүндрэлтэй болж хямардаг байна. Судалгааны үр дүнгээр бол бидний тархи олон зүйлийг зэрэг хийхэд 1 зүйл дээр төвлөрөн ажилласнаас 4 дахин удаан ачаалдаг нь тогтоогджээ.
Тодруулбал: Тухайн цаг хугацаанд 1 зүйлдээ төвлөрөн хий тэгж чадвал таны бүтээмж асар өсөх болно. Хэрэггүй зүйлсийг мартаад өөртөө хамгийн чухал гэсэн ажлыг барьж ав.

2. Өдрийн аль цагт би хамгийн бүтээмжтэй байна бэ?

Өнгөрсөн долоо хоногоо эргэн нэг санаад өдрийн ямар цагуудад илүү бүтээмжтэй ажилласнаа тодорхойлоод үзээрэй. Өглөө кофегоо ууж сэргэсний дараа юу эсвэл ажил тарсны дараа бүх хүн гэр лүүгээ явсаны дараа байна уу? Хэрвээ өөрийн хамгийн бүтээмжтэй алтан цагаа зөв олж тогтоовол багахан цагт хийх ажлаа амжуулаад бусад цагт нь юу дуртайгаа хийгээд толгойгоо амраагаад байж байх сайхан биз дээ? Бүтээмжтэй цагаа тодорхойлж чадаагүй бусад чинь хий дэмий л ажил хийсэн болж харагдах гэж хамаг цагаа дэмий үрж л байгаа байх.

3. Юу намайг саатуулж, анхаарал сарниулж байна бэ?

Шинэ и-мэйл ирсэн талаарх сонордуулга таныг ажлаа хийж байхад нь сатааруулж байна уу? Та олон нийтийн сүлжээгээ хэтрүүлэн шалгадаг зуршилтай юм биш биз? Эдгээр үйлдлийг хийгээд та буцаж төвлөрөхдөө багагүй хугацааг зарцуулж байгаа. Хэрвээ танд шинээр ирж буй и-мэйлүүд таны анхаарлыг сарниулаад байдаг бол сонордуулгын дууг хаах, өөр ажил хийж байх үедээ унтраах гэх мэт тохиргоог хийгээрэй. Олон нийтийн сүлжээнүүдээр ажлын цагаар зорчихгүй байх зорилтыг өөртөө тавиарай. Танд асар их цаг гарах болно. И-мэйл, олон нийтийн сүлжээ, чатыг хаасан ч танд нээлттэй 1 харилцааны суваг үлдэж байгаа тул үнэхээр таны хэрэг гарсан хүмүүс нь залгаад ярихад ямар ч асуудал гарахгүй.

4. Би хөгжим сонсож байна уу?

Та магадгүй чив чимээгүй орчинд суун ажиллах нь илүү бүтээмжтэй гэж итгэсэн байж болох юм. Үнэхээр төвөгтэй нарийн ажил бол энэ үнэн байж болох ч судалгаанаас өдөр тутам давтан хийдэг ажлаа хийхэд өөрийн дуртай дуу, хөгжимөө сонсон хийхэд илүү үр дүнтэй байдаг нь батлагджээ. Гэхдээ 1 зүйлийг сануулахад өмнө нь сонсож байгаагүй дууг сонсоход таны тархи үгүүдийг нь ойлгож чээжлэх гэж хичээдэг тул байнга сонсдог танил дуунуудаа ажлаа хийхдээ сонсоорой гэж зөвлөмөөр байна.

5. Би завсарлага авч байна уу?

Бид маш их ажилтай үедээ бүхий л анхаарлаа ажилдаа хандуулж өдрийн хоолоо хүртэл ажлын ширээн дээрээ идэх нь элбэг байдаг. Гэсэн хэдий ч хэт шахалт нь мөн л бүтээмжийг доош нь татдаг ажээ. Судлаачид хийж буй ажлаа тодорхой хугацаанд хийгээд тархиа амрааж завсарлага авч байх нь биднийг хийж буй зүйлээ илүү нухацтай бодож арай хялбараар хийх арга замыг олж илүү бүтээмжтэй байхад тусалдаг гэдгийг илрүүлсэн байна. Цаг ашиглалтын Промодоро аргачлал (Pomodoro Technique)-аар та бүхэн хэсэг хугацаанд ажиллаад хүчээр завсарлага авч амарч сураарай. Яаж хийх бэ гэвэл: 25 минут ажиллаад 5 минут амрахыг 1 промодоро гэх ба 4-5 промодоро үргэлжлэсний дараа амралтын хугацаагаа 15-20 минут болгон сунгах маягаар явах юм байна.

6. Миний урт хугацаандаа хүрэх зорилго маань юу билээ?

Өөрийн зорилгыг жижиглэн хувааснаар илүү богино хугацаанд хүрч үр дүндээ урамшлах байдлаар бид өөрсдийгөө идэвхижүүлдэг. Гэсэн хэдий ч хэт жижиглэж байгаад ойрын хэдэн жилдээ хүрэхээр тэмүүлж буй зорилгоо битгий гээгдүүлээрэй. Үргэлж өөрийнхөө хаа хүрэх гэж өнөөдөр энэ бүхнийг хийж байгаагаа санаж байвал та илүү бүтээмжтэй байна шүү. Жишээлбэл та удахгүй хийх судалгаандаа зориулж өгөгдөл цуглуулж байж болох юм. Та харилцагчдынхаа тоог өсгөхийг зорьж буй бөгөөд судалгааны үр дүнд тулгуурлан зарим алхамуудыг хийх боломжтой байгаа бол та мэдээж алгуурлаж залхууралгүй хурдхан мэдээллээ цуглуулах нь гарцаагүй юм.

7. Би тусламж хэрэгтэй үедээ бусдаас асууж байна уу?

Таны ажлын ачаалал хэт их байгаагаас болж та илүү цагаар ажиллах шаардлагатай болсон байж болох ч та өөрөө яаж ч хичээгээд амжихгүй байгаа ажлууддаа туслахыг хамтрагчидаасаа гуйгаад үзээрэй. Хүнд зүйлийг ганцаараа өргөснөөс хэн нэгэнтэй дамжилж өргөвөл аль алинд нь хөнгөнөөс гадна хамаагүй хурдан ачааг хүргэх газар нь аваачиж чадахтай утга адил юм. Компанийн хамт олон бүгд л нэг л зүйлийн төлөө зорьж зүтгэж байхад нэгнийгээ илүү ачаалалтай, стресстэй байлгахыг бусад тань мэдээж хүсэхгүй шүү дээ.

8. Би ажлаа амжилттай хийснийхээ дараа өөрийгөө урамшуулж байна уу?

Та нэг төслийг амжилттай хийж дуусгачихаад тодорхой хэмжээнд өөрийгөө шагнадаг уу, эсвэл шууд л дараагийнхаа төсөл рүү үсрээд ордог уу? Бэлгэнд дургүй хүн байдаггүй гэдгээр өөрөө өөртөө зориулсан ч бай, бусдаас авсан ч бай шагнал нь хүний мотивацийг өсгөж бүтээмжийг дээшлүүлдэг байна. Тиймээс ямар нэг өөртөө том гэж санагдсан ажлын ард нь гарч амжилттай дуусгавал өөрийгөө аяга кофе, сонирхолтой ном гээд жижиг ч болтугай зүйлээр шагнадаг зуршилтай болоорой.

9. Би аз жаргалтай байж чадаж байна уу?

Өдөр бүрийг аз жаргалтайгаар үсэрч харайн, хөгжилтэй сайхан өнгөрөөдөг хүн гэж мэдээж байхгүй. Ихэнх хүмүүс хийх зүйлээ бушуухан дуусгаад гэртээ эртхэн харихыг хүсдэг ч ажилдаа дур сонирхолгүйн улмаас хүнд ял үүрч буй мэт хамаг эд эрхтэн нь хөдөлж ядах ба иймээс ч олигтой үр дүн гаргаж чадалгүй сунаж суун ажиллах шаардлагатай болдог. Хэрвээ хийж буй зүйлдээ сэтгэл дундуур байгаа бол өөрийгөө сэргээх зүйлсийг хийгээрэй. Алхах, хөгжим сонсох гээд энгийн аргуудаас гадна ширээн дээрээ дургүй зүйлээсээ үр дүн гаргах гэж өөрийгөө хүчлэн суухын оронд өөрт сонирхолтой ирээдүйд хийхийг хүсч буй зүйлээ сайхан төлөвлөн бодлоо хэсэг цэгцлээд ажлаа үргэлжлүүлсэн ч болох юм.

Эцэст нь хэлэхэд та өдөр бүр хэрхэн цагаа зөв ашиглах бэ? Хэрхэн үр бүтээмж өндөртэй байх бэ гэдэг асуултуудыг өөрөөсөө асууж, байнга л энэ талаар хайн уншиж байдаг бол энэ зуршил тань ч цагаа үр дүнгүй үрж буй нэг шалтгаан чинь байж мэдэх юм. Зүгээр хийх ажлаа төлөвлөөд түүнийхээ дагуу өөрөө хичээн ажлаад үр дүнгээ тооцоод яваарай. “Хийх хүн аргаа, хийхгүй хүн шалтагаа олдог” өөрийнхөө үнэхээр хүсч буй амьдралаар амьдарч чадахгүй байгаа бол таны бүтээмж хангалттай биш л байна гэсэн үг. Үнэхээр та маш өндөр бүтээмжтэй ч хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаа бол ажлаасаа гар, өөрийн бизнесийг эхлүүл. Танд амжилт хүсье!

 

Эх сурвалж: www.themuse.com

“Хүчирхэг хос” гэдэг ойлголт монголчуудын дунд төдийлэн түгээмэл биш. Харин хөгжингүй орнуудад амь, албаны ажлаа аль алиныг нь цалгардуулалгүй амжилттай авч явахын зэрэгцээ бие, биенээ хүүхэд шуухадтайгаа хамт happy байлгаж чаддаг хосыг “хүчирхэг хос” гэж нэрлээд байна.

Жишээ нь Facebook-н босс Mark Zuckerberg, түүний эхнэр, Харвардын төгсөгч, эмч Priscilla Chan, Microsoft-ын үндэслэгч Bill Gates, түүний эхнэр, сайн үйлсийн сангийнх нь тэргүүн Melinda Gates гэх мэт. Эдгээр хүчирхэг хосд дараах 8 шинж түгээмэл байдаг гэж Rachel Gillett бичжээ. Үүнд:

1. Тэд бие, биетэйгээ цагийг хамт өнгөрөөхийг чухалчилдаг. Долоо хоног бүр хоёулахнаа болзох, амралтын өдрүүдээр ойр дотныхоо гэр бүлийнхэнтэйгээ цуг салхинд гарах г.м.
2. Тэд хамтдаа бусдад тустай, сайн сайхан үйл хийдэг. Ингэснээр тэд сэтгэл хөдлөл, аз жаргалаа жинхэнэ утгаар нь хамт хуваалцах илүү боломжтой болдог.
3. Тэд бие, биетэйгээ болж өгвөл өдөр бүр утга агуулгатай харилцан яриа өрнүүлж, нэг нэгнээ сайн сонсож, тулгарсан асуудал бэрхшээлийг нь шийдэх гарцыг хамт зөвлөлддөг.
4. Тэд харилцааныхаа талаар сэтгэл хангалуун биш байгаа зүйлийнхээ талаар бага гэлтгүй ярилцаж, дор дор нь шийдэхийг зорьдог. Үгүй бол шийдэлгүй бага, багаар хуримтлагдсан асуудлууд нийлж тэсрэхээрээ хэтэрхий эрсдэлтэй төдийгүй хүсээгүй үр дагаврыг авчрах нь элбэг.
5. Тэд бие, биедээ баярласан, талархсанаа илэрхийлдэг. Гэхдээ энэ нь үнэтэй эд зүйлс авч өгсөнийх нь төлөө баярлахаас өөр. Харин нөхөртөө хүү нь сэтгэлээр унасан үед цаг гарган, харилцан ярилцаж тайвшруулсанд нь талархах гэх мэт талархал юм.
6. Тэд харилцаандаа хамгийн чухал гэсэн зүйлсийнхээ талаар эртнээс ярилцан, тохиролцдог. Үүнд хайрлуулах болон физилогийн хэрэгцээтэй холбоотой нарийн сэдвүүд багтана.
7. Тэд бие, биедээ гаргаж болох бүх цагаа зориулдаг. Амжилттай ажил, сайхан хамт олон зэрэг зуурдын олон зүйлс хосуудыг харилцаанаасаа анхаарлаа сарниулахад хүргэдэг. Иймд хүчирхэг хосууд ямарч тохиолдолд гэр бүлээ нэн тэргүүнд тавьдаг.
8. Тэд ажил-хувийн амьдралын тэнцвэрийг хангадаг, гэр бүлтэй хүмүүст ээлтэй байгууллагад ажилладаг.
Манайхаас олны танил хүчирхэг хосыг нэрлээч гэвэл Sodbileg Otgonbileg, Tuul Erdenechuluun гэж миний толгойд орж ирж байна. Та нар өөр хэнийг хүчирхэг хос гэж бодож байна?

Эх сурвалж: “Successful power couples that stay together have these 8 things in common”, Business Insider