Archive for the
‘Эдүкэйтэд тойм’ Category

Хэн ч төгс төрдөггүй учир хүн болгонд бусдаас дутагдалтай болон давуу зан чанарууд байдаг. Тэглээ гээд хүн би төрөлхийн ийм зантай гээд гэдийгээд суугаад байж болохгүй, нийгмийн амьтан тул аль болох ойр тойрон, харилцдаг хамт олон, гэр бүл, найз нөхөддөө таалагдаж, зохицож амьдрахаар тэмүүлэх нь эцсийн дүндээ тухайн хүнд өөрт нь хэрэгтэй гэж хэд хэдэн байгууллагаас судалгаа шинжилгээний үндсэн дээр зөвлөжээ. Хэн нэгнийг бусдад сөргөөр харагдуулж, мэдрүүлж, тухайн хүний амжилт, аз жаргалаас хомслоод байдаг 10 зүйлийн талаар судлаач Travis Bradberry доорх жагсаалтыг гаргажээ. Үүнд:

1. Хоосон сайрхал – Бусдын анхаарлыг татахын тулд өөрийгөө хэт дөвийлгөдөг нэгэн байхад, өөрийгөө хэт доош хийдэг нэгэн ч байдаг гэнэ. Энэ хоёр байдал хоёулаа хүмүүсийн дургүйг хүргэдэг.
2. Хэт албаны загнах – Ажил дээрээ ажиллаж ч хөгжилдөж ч чаддаг хүмүүст эргэн тойрныхон нь дуртай байдаг.
3. Муу сонсогч байх – Найз нөхөд, хамт ажиллагсад чинь чамтай хуваалцсан аливаа асуудлыг нь үнэн сэтгэлээсээ сонсож байсан эсэх чинь дараа нь чи тэднээс тухайн асуудлынх нь талаар лавлаж асууж байгаа эсэхээс мэдэгддэг.
4. Сэтгэлийн хөдөлгөөнөө хэт ил гаргах – Энэ таны сэтгэл хөдлөлөө хянах чадвар /EQ/-тэй шууд холбоотой. Чамтай эвгүй харьцсан нэгэнд чи дургүйцлээ хурцаар илэрхийлэхгүй сэтгэл хөдлөлөө удирдаж чадвал чи биш нөгөө хүн чинь жинхэнэ эвгүй байдалд ордог.
5. Утсаа их оролдох – Одоогийн техник, технологи их хөгжсөн нийгэмд амьд харилцааны үеэр чухал биш шалтгаанаар утсаа оролдох нь ярилцагч хүний чинь дургүйг хүргэх том үйлдэл болдог.
6. Хүний нэрийг санахгүй байх – Хүний нэрийг санахгүй байхаас гадна, санасан ч гэсэн хайхрамжгүй, “бид”-ээс илүү “би”-д анхаарал хандуулан харьцах нь ярилцагч хүний чинь дургүйг хүргэдэг.
7. Хов жив ярих – Хов жив ярих нь тухайн хүний өөрийн үнэ цэнийг их унагадаг.
8. Хэт өөрийнхөөрөө зүтгэх – Та бусдад таалагдахыг хүсдэг бол өөрийнхөөсөө өөр үзэл бодлыг сонсож, хүлээж авахдаа нээлттэй байх хэрэгтэй.
9. Хэт эрт, хэт хувийн мэдээллээ хуваалцах – Ойр дотны найз нөхөд, гэр бүлийн гишүүд биш л бол хувийн асуудлаа хэтэрхий эрт дэлгэн ярих нь хүмүүст таатай санагддаггүй.
10. Нийтийн сүлжээнд хэтэрхий идэвхитэй байх – Энэ нь таны үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй холбоотой ч бусдад төдийлэн таатай санагддаггүй. Ялангуяа өглөө, өдөр, оройн хоолондоо юу идсэн, нохойгоо хаана хэдэн цаг салхилуулсан зэргээ байнга нийтийн сүлжээгээр хуваалцах нь танд тус болохоосоо ус болох нь их.

 

Эх сурвалж: TalentSmart

Багцаалвал хүн амьдралынхаа 1/3-ийг унтаж өнгөрүүлдэг бол 1/3-ээс багагүй хугацааг ажил дээрээ өнгөрүүлдэг. Ажилдаа хэр дуртай, сэтгэл хангалуун, амжилттай байдаг зэрэг нь тухайн хүнийг амьдралынхаа үлдсэн хугацаанд сайхан байх уу, саар байх уу гэдгийг шийдэх маш том хүчин зүйл болдог. Тэгэхээр ажил мэргэжлийн сонголт гэдэг амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг яах аргагүй мөн. Гэхдээ “насны” ажлаа эрт тодорхойлох гэж яаран, шаналах хэрэггүй. Магадгүй та одоог хүртэл ямар ур чадварыг бусдаас илүү эзэмшсэн, ямар ажил үүргийг гүйцэтгэхдээ урам зоригоор тэтгэгддэг, эсвэл бүр би хэний, юуны төлөө сурч, ажиллаж байна вэ гэсэн асуултууддаа хариулт хайсаар байгаа бол та ганцаараа биш шүү гэдгийг онцолъё. Яагаад гэвэл дээрх мэт философийн асуултууд эрүүл хүн бүрт тулгардаг.

Тэглээ гээд амьдралыг урсгалаар нь элээлгүй, дээрх мэт асуултуудын хариултыг та идэвхитэй эрэлхийлэн өөрийгөө аль болох олон талаар сорьж, туршиж, хөгжүүлснээр цаг хождог. Өөр мэргэжлээр/ахисан түвшинд сурах, гадаадад аялах зэрэг нь тухайн хүн өөртөө оруулж байгаа шууд хөрөнгө оруулалт. Харин сайн дурын ажилд оролцох, нийгмийн идэвхитэй байх зэрэг нь танд шинэ танил, шинэ туршлага, шинэ мэдлэг нэмдэг та өөрөө өөртөө хийж буй шууд бус хөрөнгө оруулалт юм. Шууд болон шууд бус замаар өөртөө оруулсан бүх хөрөнгө оруулалтуудын нийлбэр чинь таныг “насны” ажил мэргэжлээ тодорхойлох түлхүүр болдог. Энэ түлхүүрийг атгах эсэх, атгалаа гэхэд хэзээ вэ гэдэг таниас өөрөөс чинь л хамаарна.

“Насны” ажил мэргэжлээ тодорхойлоход тань цаг хугацаа хэмнэх үүднээс зөвлөхөд: хамгийн түрүүнд ажиллах салбараа (боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, ашгийн бус байгууллага гэх мэт) аль болох нарийн тодорхойлоорой. Дараа нь өөрийн бүх боломж бололцоогоо бодитоор нь үнэлж дүгнэн, хүсэл мөрөөдөлтэйгээ уялдуулан тодорхойлсон ажлын салбараа илүү нарийвчлаарай (жишээ нь: эрүүл мэндийн салбарт эм зүйчээр ажиллах). Амьдрал бол өрнөлтэй үйл явц. Иймд таны гаргасан шийдвэр яваандаа өөрчлөгдөх болвол санаа зоволтгүй. Эцсийн эцэст та ямар ч мэргэжлийг сонгосон бай тэр чинь танд болон таны эргэн тойрныхонд урам зориг, баяр баясал, итгэл найдвар өгч чадаж байвал тэр л таны “насны” ажил.

 

Эх сурвалж: Michael Mamas, “How to discover your ideal profession”,Entrepreneur.com

“Ном бол ертөнцийг харах толь” гэдэг шиг таныг бусдад, ялангуяа ажил олгогчдод таниулах толь бол CV билээ. Англиар CV бичих, Монголоор анкет бөглөх харагдах байдлын хувьд ялгаатай ч, агуулгын хувьд төстэй. Иймд өөрийн CV бичих/анкет бөглөхдөө гаргаж болохгүй 9 алдааг CareerBuilder-ын зөвлөх Matt Tarpey ингэж тодорхойлжээ.

1. Үг, үсгийн алдаа гаргах: CareerBuilder-ээс 2013 онд явуулсан судалгаанд оролцогч ажил олгогчдын 58% нь үг, үсгийн алдаатай анкетыг шууд л жагсаалтаас хасдаг гэжээ.
2. Буруу мэдээлэл өгөх: Хуучин ажлын газрынхаа утас, хашиж байсан албан тушаал зэргээ худал, буруу бичиж болохгүй.
3. Яг адилхан бөглөсөн анкет өөр өөр газруудад өгөх: Анкет бөглөж буй албан байгууллагууд чинь өөр, өөр ажил үүргийн хуваарьт өөр, өөр албан тушаал эрхлэх ажилтан хайж байгаа учир тэдний хүсэл, шаардлагад нийцүүлэн өөрийн туршлага, чадварынхаа алийг нь хаана тодотгох вэ гэдгээ тооцоол.
4. Харагдах байдалд хэт их анхаарах: Өөрийн туршлага, чадвараа илэрхийлэх үгийн сонголтондоо л анхаарлаа хандуул. Ямар үсгийн фонтоор, ямар өнгөтэй хайрцаганд бичих гэх мэт харагдах байдалд их ач холбогдол өгөх хэрэггүй.
5. Тодорхой биш байх: Хаана ямар амжилт хэзээ гаргав, хуучин ажилдаа яг яаж хувь нэмэр оруулсан зэргээ аль болох тодорхой бич. (Жич: Энэ мэт чухал мэдээлэл авахын тулд манай зарим ажил олгогчид уламжлалт анкетаа шинэчлэх шаардлагатай санагддаг.)
6. Нэг хуудсанд хэтэрхий олон үг бичих: Дээр дурдсан судалгаанд оролцогчдын 66% нь дөнгөж их сургуулиа төгсөгчид нэг хуудсаас илүүгүй, 77% нь тодорхой ажлын туршлагатай өргөдөл гаргагчдын CV хоёр хуудаснаас багагүй байх нь зохистой гэж үзжээ.
7. Ажилласан хугацаагаа тодорхой бичихгүй байх: Хүүхэд төрүүлсэн зэрэг шалтгаанаар багагүй хугацаанд ажил хийлгүй завсардсан бол түүнийгээ анкетандаа бодитоор нь тодорхой тусгаж байх хэрэгтэй.
8. Өөрийн чадваруудаа бичихгүй байх: Хаана хэдэн жил ажилласан гэдгээс илүү яг ямар чадварыг давуу эзэмшсэн чинь ажил олгогчдод илүүтэй чухал мэдээлэл юм. Тэгэхээр жишээлбэл “Хэлэлцээ хийх” зэрэг чадваруудаа гарчиг болгон доор нь энэ чадвараа ямар байдлаар ашигласнаа жагсаах байдлаар харуулж болно.
9. Тухайн ажилд орсноор өөрт чинь ямар хэрэгтэй гэдэгт анхаарах: Үүний оронд тухайн ажилд чамайг авснаар тэр байгууллагад чи яаж хувь нэмрээ оруулах вэ гэдгийг тодотгож өг.

 

Эх сурвалж: “9 Glaring Résumé Mistakes Not to Make”, Christine Ryan Jyoti, Learn Vest

Алдарт Harvard Business Review – ээс хувийн болон хувьсгалын чанартай ямарч уулзалт, яриа, хэлэлцээрийг эерэгээр төгсгөж, дараа нь амаа барьсан ааш авир гаргахгүй байхад тань туслах дараах 3 аргыг зөвлөжээ. Анхааралтай уншаад, амьдрал ахуйдаа хэрэгжүүлээрэй.

1. Тэвчээрийн хязгаараа мэд: Тархинд тань эсэргүүцэл, дургүйцлийн гэрэл асч, ямар нэгэн таагүй үгс амаар тань гарахаас өмнө биеэ сайн хянаж ажигла. Хэн нэгний тэвчээр барагдаж эхлэх үед түүний зүрхний цохилт түргэсч, нүүр нь улайж, амьсгал нь давхцах нь олонтаа байдаг. Ийм шинжүүд та хэн нэгэнтэй ажлын ч бай, амин хувийн ч бай яриа өрнүүлж байхад илэрвэл таны тэсвэр алдагдаж, дургүйцэл бухимдлаа хурц хэлбэрээр гаргах гэж байгаагийн дохио байх магадлал өндөр. Та өөрийгөө ажиглаж, хянахаас гадна харилцан ярилцагч чинь гараа элгэндээ тэврэх, биеэ хөндөлдүүлэх, яриа нь түргэсч, чангарах зэрэг байдал ажиглагдвал тэр хүн тэвчээрийн хязгаартаа ойртож байгаагийн дохио байх өндөр магадлалтайг мөн анхаараарай.

2. Байдал хурцдаад ирвэл анхаарлаа өөр зүйлд хандуул: Харилцан ярилцагчдын аль нэг тал нь тэсвэр тэвчээрээ алдах магадлал өндөрссөн тохиолдолд хамгийн түрүүнд гүн амьсгаа аваарай. 4-7-8 буюу 4 тоотоор амьсгаагаа аваад, 7 тоотод бариад, 8 тоотоор гаргахад хүн ямар ч хүнд байдлаас өөрийгөө хөнгөхөн аваад гарах чадвар нэмэгддэг гэж Andrew Weil гэгч эмч зөвлөжээ. Мөн байдал хурцдаад ирвэл ярилцаж байгаа зүйлдээ бус ойр хавьдаа байгаа ханын зураг, цаг зэрэг обьект руу анхаарлаа шилжүүлэх юмуу ширээн дээр гараараа тулах зэргээр бодит зүйлсийг мэдэрвэл тархинд ассан эсэргүүцэл бухимдлын гэрлэн дохио унтрахдаа түргэн байдаг.

3. Харилцан ярилцагчаа үнэн сэтгэлээсээ ойлгохыг хичээ: Аливаа харилцан яриа, уулзалт, хэлэлцээнд хэн илүү ярьснаас илүү хэн илүү сонсож ярилцагч талынхаа яг юу хүсч, юу санааг нь зовоож байгааг ойлгосон нь илүү үр дүнд хүрэх нь түгээмэл. Ингэхийн тулд:
– ярилцагчдаа түүний тулгарсан асуудлыг хамтдаа шийдэхийг хүсч буйгаа хэлж,
– урд нь та өөрөө ямар нэгэн буруутай үг хэлж, үйлдэл гаргасан бол түүнийгээ хүлээн зөвшөөрч,
– санал нийлэхгүй ч бие биедээ хүндлэлтэй хандаж,
– харилцагчийнхаа байр суурийг ухаж ойлгохын тулд “яагаад …” гэсэн тодруулга авч,
– нэг нэгнийхээ талаар илүү мэдээлэлтэй болохыг зөвлөжээ.

Эдгээр аргыг хэн нэгэнд яах гэж тийм үг хэлэвдээ гэж амаа бариад сууж байгаа хүмүүс ч нөгөө хүнтэйгээ ахиж уулзаад хэрэглэн, ажил ч бай, амин хувийн ч бай харилцаагаа аварч үлдэх боломжтой шүү. Дээрхээс өөр амьдрал дээр туршигдаж батлагдсан аргууд мэддэг нэг нь хуваалцаарай 😉

Хосуудын харилцааны эксперт Talia Goldstein хосууд хоорондоо төгс зохицох эсэхээ дараах 4 асуултын дагуу шинжихийг зөвлөжээ. Харин аль хэдийн гэрлэсэн хосууд дараах асуултуудыг анхааралдаа авч, өөрсдийн харилцаандаа засаж, сайжруулах зүйлс байвал санаа авбал зүгээр юм байна.

1. Аялах хэв маяг чинь төстэй юу? Чухал аялалаа хаашаа, хэрхэн, хэдий хугацаагаар явах зэргээ хамтдаа төлөвлөж эхлэхээс л хосууд нэг нэгнийхээ амьдралын хэв маяг зэргийг сайтар мэдэж авах боломжтой байдаг. Жишээ нь хосын нэг нь Монголчилбол Увс аймаг руу майхнаар хоноглон, өөрсдөө хоолоо хийн, ууланд алхаж адал явдлаар дүүрэн аялалд гарахыг хүсч байхад нөгөөх нь Тэрэлжид 5 одтой зочид буудалд тухалж байгаад ирэхийг илүүд үзэж болно. Энэ тохиолдолд хосын хэн нэгнийх нь буруу зөв биш зүгээр л тэд амьдралын өөр хэв маягтай, өөр зүйлээс таашаал авдаг хүмүүс байж болно. Гэр бүл болсон хойно амьдрах байр, унах машин, хүүхдүүдээ явуулах сургууль гэх мэт илүү чухал зүйлсийг сонгоход дээрх ялгаа мөн гарч, илүү том асуудал үүсгэж болзошгүй.

2. Хамтдаа хийх дуртай зүйлстэй юу? Хосуудын хобби төстэй байх тусам төгс зохицох магадлал өндөрсдөг. Энэ нь заавал адилхан хамтлагийн дуу сонсдог байх тухай биш. Зүгээр л хосууд хамтдаа хийх дуртай 2-3 хобби/сонирхолтой байвал тун сайн. Жишээ нь хамтдаа ууланд алхах, ижилхэн спортын тэмцээн хөгжөөн дэмжих гэх мэт. Ингэснээр хосууд хамтдаа байхдаа цагийг утгаар нь “сайхан” өнгөрөөж чаддаг байна.

3. Бие биенээ нөхөж чаддаг уу? Ижил цэнэгүүд түлхэлцэж, эсрэг цэнэгүүд таталцдаг физикийн хууль хосуудын зохицолд ч мөн адил үйлчилдэг. Тухайлбал хос 2 хоёулаа маш оргилуун, дүрэлзсэн зантай, эсвэл хоёулаа дуугүй, илэн далангуй биш дотогшоогоо хүмүүс байвал тэдний харилцаа хол явах нь эргэлзээтэй гэж Goldstein дүгнэжээ.

4. Энэ харилцаанд байснаар чи эерэгээр хувьсан өөрчлөгдөж чадаж байна уу? Хосууд хамтдаа байхдаа өөрийнхөөрөө байж чаддаг, мөн нэг нэгнээ эерэгээр өөрчилж, урд урдынхаасаа илүү хөгжин дэвжсэн хувь хүн болоход нь дэмжиж чаддаг байвал тэд төгс зохицдог.

Эх сурвалж: “A relationship expert reveals 4 signs that you’re a perfect match”, Business Insider

Хэдэн жилийн өмнө нэг нөхөр Монгол улсыг “Minegolia” гэдэг, Хятад эдийн засгийн глобалчлалын бодлогынхоо хүрээнд 10-20 жилийн дотор л энэ улсыг худалдаад авчихна гэж мэдэгдээд олон Монголчуудын эгдүүцлийг хүргэж байсан. Энэ нөхрийг Parag Khanna гэдэг ба олон улсад нэр хүнд нь хурдацтай өсч буй олон улсын харилцааны эксперт, геополитикийн стратегич хүн юм байна. Тэрбээр судалгааныхаа үр дүнг бусдын сонирхлыг татахуйцаар танилцуулахдаа гаргууд санагдлаа. Жишээ болгож саяхан нийтлүүлсэн, дэлхийн иргэд үгийн сандаа зайлшгүй нэмэх шаардлагатай гэж буй 16 үгийн тайлбарыг нь хуваалцая. Эдгээр үгийг 3 бүлэгт хувааж болмоор юм. 1-т. Технологи, 2-т. Дипломат ёс, 3-т. Мега хотууд.
1. Технологи: Энэ бүлэгт хамаарах үгсээс надад хамгийн сонирхолтой санагдсан нь Technology Quotient /TQ/ байв. Нилээд хэдэн жилийн өмнө Ц.Дэмбэрэл гуай Intelligence Quotient /IQ/ буюу оюуны итгэлцүүрийн талаар манайд танилцуулж, түүний ач холбогдлыг ойлгуулснаас хойш энэ тухай хүн бүхэн мэддэг болсон. Сүүлийн жилүүдэд Emotional Quotient /EQ/ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг хүний ажил, амьдралд IQ-ээс илүү чухал хэмээн олон улсад ярьж, бичих болсон. Харин Parag Khanna IQ, EQ-ээс гадна TQ буюу технологийн талаарх мэдлэг, түүнийг хэрэглэх чадварыг үнэлэх шаардлага ойрын ирээдүйд бий болно гэжээ.
2. Дипломат ёс: Энэ нийтлэлээс нь гадна, түүний De Facto нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг нь үзсэний дараа шинээр хэрэглээнд оруулахыг санал болгож буй “multi-alignment” буюу олон талт харилцаа хэмээх ойлголт нь Монгол улсын тухайд “олон хөршийн бодлого” гэж буулгаж болохоор санагдав. Манайх гуравдагч хөршийн бодлого гээчийг хэрэгжүүлээд АНУ, Япон, Турк зэрэг орнуудыг гуравдагч хөршөө хэмээн тусгайлан харилцах болсон. Гэтэл эдгээр улс нь бид хүссэн ч эс хүссэн ч мөнхийн 2 хөрш маань байх БНХАУ, ОХУ нарын төдийлэн үзэл бодол таардаггүй улсууд байх. Энэ мэт шалтгааны улмаас улам хурдацтай глобалчлагдаж буй өнөө цагт Parag Khanna-ийн санал болгож байгаачлан “олон хөршийн бодлого”-той байх нь илүү онох мэт.
3. Мега хотууд: Тэрбээр нэгэн TED илтгэлдээ дэлхийн нийт эдийн засгийн эргэлтийн 90% нь New York, London, Shanghai, Singapore зэрэг 40-хөн мега хотын хооронд хийгдэж байна гэж. Эдгээр мега хотууд хоорондоо дипломат харилцаа /diplomacity/ тогтоож, глобалчлалыг утгаар нь хөгжүүлж байгаа зэргээс хамааран Pax Urbanica буюу Их хотын иргэд хэмээх шинэ нэр томъёог дэлгэрүүлэх нь зүйтэй гэжээ. Энэ чинь харин Монгол хэлэнд аль хэдийн нэвтэрсэн хэллэг байна шүү.
Parag Khanna-гийн нийтлэлийг өөрийнхөөрөө хураангуйллаа. Та бүхэн бүтнээр нь уншаад, өөрийн санал бодлоо хуваалцаарай.

Эх сурвалж: http://www.techinsider.io/words-describing-humanitys-future-that-english-needs-2016-5