Archive for the
‘Work’ Category

150 тэрбум ам.долларын (жич: Монгол улсын жилийн ДНБ-ээс 10-н хэд дахин их) хөрөнгийг удирддаг АНУ-ын эрсдэлийн сан болох Bridgewater Associates нь байгууллагаа тогтвортой, амжилттай хөгжүүлье гэвэл чин сэтгэлтэй, зүтгэлтэй, хамгийн гол нь хамт олонтойгоо нийцтэй ажилчид авч ажиллуулах гэж итгэдэг учраас ажилчдаа авахдаа ч, компанид нь орсных нь дараа ч “аймар” гэж хэлж болохоор нарийн шалгуураар, хэдэн цагийн турш шалгадаг аж. Тухайлбал:
Fortune 500 компанийн 80% нь хэрэглэдэг MBIT гэдэг тестээр ажил горилогчдын сэтгэл зүйн төрлийг тодорхойлдог. Энэ тестээр бол хүмүүсийг дараах байдлаар ерөнхийлэн ангилж болдог гэнэ.
1. Гадаад ертөнцтэй харилцах – а) Дотогшоо хүн: ганцаараа юмуу жижиг багт орж ажиллах дуртай, үүрэг даалгавраа нэг нэгээр нь төвлөрч хийдэг гэх мэт; б) Гадагшаа хүн: олон хүнтэй, бужигнасан, хурдтай нөхцөлд ажиллах дуртай, нэг дор хэд хэдэн үүрэг даалгаврыг зэрэг гүйцэтгэдэг.
2. Мэдээллийг хүлээж авах – а) Шинжлэгч: тоо баримт, өмнөх туршлага зэрэгт өндөр ач холбогдол өгдөг, б) Зөн совиндоо итгэгч: аливаа боломж, бүтээлч, шинэ санал санаачлагад гол анхаарлаа хандуулдаг.
3. Шийдвэр гаргах – а) Бодогч: дүн шинжилгээ, давуу болон дуталдалтай талын харьцуулалт, шударга байдал гэх мэт баримттай зүйлсийг бодолцож байж шийдвэр гаргадаг, б) Мэдрэмжинд итгэгч: шийдвэр гаргахдаа баримт сэлтээс илүү өөрийн болон бусдын мэдрэмж, сэтгэл санааг бодолцдог.
4. Зохион байгуулалт – а) Шүүн тунгаагч: зохион байгуулалт, бэлтгэл сайтай, төлөвлөгөөний дагуу ажилладаг, ихэнхдээ дүрэм журмыг сайн баримталдаг, б) Ажиглагч: өөрийн боломж, нөхцлүүдээ нээлттэй байлгаж, шийдвэрийг тэр дор нь гаргадаг, хатуу төлөвлөгөөнд баригддаггүй.
Дээрх тестээр ажил горилогчоо тодорхойлж, санал болгож буй ажлын байранд нь тохирох эсэхийг харьцуулсны дараа Bridgewater өөрийн боловсруулсан гурван өөр асуулгаар шалгана. Энэ бүх шалгалт, асуулгыг даван тухайн компанид ажилд орсон бол “компаний хөгжил бол ажилтны хөгжил” гэх Bridgewater-ын стратегийн дагуу ажилтнууд нь байнга өсч дэвжих боломжоор хангагддаг.
Илүү дэлгэрэнгүйг дараах эх сурвалжаар орон уншаарай.
Эх сурвалж: “These are the personality tests you take to get a job at the world’s largest hedge fund”, Business Insider

Хуучин ажлын маань нэг ах хүү “Нөхрийн ажил бүтвэл, миний ажил бүтнэ” гээд л найз нөхдийнхөө ажилд их л өөриймсөг хандан тусладаг байсансан. Мэдээж энэ тохиолдолд тэр хүн ийнхүү сэтгэл, зүтгэлээ гаргах найз нөхдөө санаа нийлэх, итгэл даах зэрэг янз бүрийн л шалгуураар сонгодог байлгүй. Харин бидний сонголтоос хамааралгүйгээр бидэнтэй учирдаг нэг хүн бол “удирдлага (manager) буюу дарга (boss)”. Гэхдээ энэ хүмүүстэй ч гэсэн бид ажлын ахын маань хэлдэгтэй агаар нэг сэтгэхүйгээр “Даргын ажил бүтвэл, миний ажил бүтнэ” тиймээс ухаантай, санаачлагатай хамтран ажиллах хэрэгтэй гэж аль 1980 онд Harvard Business Review-ээс зөвлөсөн байдаг юм байна. Үүнийг Англиар “manage up” гэж томъёолсон байх ба Монголоор “удирдлагаа удирдах ухаан” гэж болмоор санагдав.

Энэхүү ухааныг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх талаар экспертүүдийн зөвлөснийг хураангуйлбал:

  • Удирдлагаа сайн таньж мэд: мэдээллийг ямар байдлаар авах дуртай (жишээлбэл: зурган, бичгэн, аман танилцуулганы алийг нь илүүд үздэг), үл ойлголцол маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг, ер нь тухайн хүний давуу болон сул тал юу вэ гэдгийг эртнээс мэддэг байх нь цаашдаа дарга, цэрэг аль алиндаа амар байдаг. Мөн үе үе даргынхаа оронд өөрийгөө тавьж, аливааг түүний нүдээр харахыг хичээх нь удирдлагуудаа ойлгож, тэдэнтэй илүү гар нийлэн ажиллахад тустай байдаг.
  •  Өөрийнхөө биш даргынхаа ажлыг хөнгөвчил: Удирдлагаа удирдах ухаан гэдэг нь өөрөөсөө түрүүнд даргыгаа ажилдаа амжилттай, хамт олныхоо дунд гялалзахад нь туслах. Ингэснээр удирдлага тань эргээд таныг ажилдаа амжилттай, карьертаа ахиж дэвшихэд тань тусалдаг.
  • Даргынхаа сул болон давуу талыг нөхөж ажилла: Төгс хүн гэж байдаггүйчлэн төгс дарга гэж байдаггүй. Иймд тэдний сул талыг таньж мэдсэнээр түүнийг нь нөхөн ажиллахад онцгой ач холбогдол өг. Ингэснээр дарга чинь чиний ач холбогдол, үнэ цэнийг илүү мэдэрнэ.
  • Юм бүхэнд урдуур нь бүү ор: Гуравдугаарт бичсэн зөвлөгөөг дагахаасаа урд дарга чинь чиний тусламжийг авахдаа дуртай байна уу үгүй юу гэдгийг эхэлж тодруулсан байх хэрэгтэй. Үгүй бол чиний хэн, хэнийхээ хэргийг бүтээхээр удирдлагаа удирдах гэсэн ухаан чинь даргынхаа суудалд санаархсан оролдлого мэт санагдаж болзошгүй.
  • Удирдлагатай чинь холбоотой ямар нэгэн асуудал тулгарвал хамгийн түрүүнд удирдлагатайгаа л ярилц: Ажилаа амжилттай ахиулахад тулгарч буй асуудлуудын талаар даргатайгаа илэн далангуй ярилцаж бай, эдгээр асуудалд түүний удирдлагын арга барил ч багтана.

Монголчууд өөрөө идэвхи, санаачлага гарган даргатайгаа харилцаж, ойр ажилладаг хүмүүсийг нэлэнхүйд нь бялдууч, зусарч, долигнуур гэж дургүйцдэг. Гэтэл тэд чинь ажил мэргэжилдээ амжилт гаргах чиглэлээр зөвлөдөг топ экспертүүдийн хэлснээр “удирдлагаа удирдах ухаан”-тай хүмүүс юм биш үү, хэтрүүлчихгүй л бол 🙂

Эх сурвалж: http://www.ivankatrump.com