Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд иргэд олон нийтийн оролцоог хэрхэн хангавал богино хугацаанд илүү үр дүн гарах боломжтой талаар шийдэл хайн хийдэг сар тутмын Эдүкэйтэд хотлын /Educated Community meeting/ уулзалтаа шинэ хэлбэрээр буюу төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагад аялал жуулчлалыг хөгжүүлэн ажиллаж байгаа мэргэжлийн төлөөллүүдийг оролцуулан Дотоодын аялал жуулчлал: сорилт ба боломжууд сэдвийн хүрээнд 2020/07/30-ны өдөр явуулж байсныг тоймлон та бүхэнд хүргэж байна.

Уулзалтад БОАЖЯамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н. Молор, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт төслийн зохицуулагч Ц. Энх-Амгалан, Монголын аялал жуулчлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Дисковер Монголиа ХХК-н ерөнхий захирал Б. Барсболд нар зочноор, Эдүкэйтэд Энтерпрайз ХХК-н хамтран үүсгэн байгуулагч Ж. Энхжин миний бие чиглүүлэгчээр оролцсон. Уншигч та бүхэн ч энэхүү ярилцлагыг тунгаан уншиж эх орныхоо үзэсгэлэнтэй, онгон тагшин байдлыг алдагдуулахгүй хариуцлагатай аялах талаар саналаа хуваалцаарай.

Энхжин: Дотоодын аялал жуучлалын өнөөгийн байдлын тухай юу гэж боддог бэ?

Энх-Амгалан: Монголд аялал жуулчлалын салбар маш ирээдүйтэй гэж хардаг. Өмнө нь бид хөдөө байдаг найз нөхөд, хамаатан садангуудаараа очсоноо эсвэл найз нөхөдтэйгөө нийлэн майхнаараа явснаа аялал гэж үздэг байсан. Харин сүүлийн хэдэн жилүүдэд дотоодын аялал харьцангуй бизнес хэлбэр лүү хөгжиж эхэлж байгаа нь харагддаг. Би өөрөө аялах их дуртай, бусдын соёл түүхийг их сонирхдог. Сүүлийн үед төрсөн нутаг руугаа жил бүр очихыг илүүд үздэг болсон. Аялал жуучлал тодорхой хэмжээгээр хөгжиж аялагчдын ухамсар болон орон нутгийн иргэдийн хандлага ч харьцангуй эерэг, нааштай болж байгааг мэдэрдэг. Өмнө нь Хяргас нуур дээр очиход нутгийн иргэдийн ариун дагшин савдагтай хэмээн шүтдэг нуурыг аялагчид хогийн цэг шиг болгосон буюу хог нь салхинд хийсээд их муухай харагддаг байсан нь өнгөрсөн жил очиход нэлээн цэгцэрч сайжирсан байгаа нь ажиглагдсан. Орон нутгийн иргэдийн хувьд аялагчид юу хүсдэг, сонирхдог талаар мэдлэг, мэдээлэл муутай санагддаг.

Молор: Аялал жуулчлалын салбар 100% хувийн хэвшилд тулгуурладаг. Дотоодын аяллын зах зээл дээр хоббигоороо ууланд алхдаг, морь унадаг гэх мэт байсан цөөхөн хэдэн хувь хүн ажиллаж харагддаг. Монголын тур-оператор компаниудын хувьд гадаад жуулчидтай ажиллах туршлага өндөртэй ч яг дотоодын иргэдэд үйлчлэх ямар ч туршлага байхгүй байсан тул энэ жилийн хувьд маш том сорилттой тулгарсан. Компаниудын нэрнээс авахуулаад дотоодынхон хэлж, тогтооход хүндрэлтэй хэцүү, гадаад нэртэй гээд л бүх зүйл бэлэн биш байсан ч хүчээр шинэ зах зээл рүү орсон харагдсан. Миний хувьд энэ жил Дундговь аймагт орших Цагаан суваргыг үзэх мэргэжлийн компанийн зохион байгуулсан хөтөлбөрт аялал болон хувиараа гэр бүлийн хамт баруун аймгууд руу аялалд явсан. Ковидын буянаар гэх үү мэргэжлийн компанийн санал болгосон аялал маш боломжийн үнэ ханштай жолооч, хөтөчтэй, тав тухтай, аюулгүй байсан нь үнэхээр аялал гэж ийм зүйл байдаг юм байна гэдгийг маш сайн ойлгуулсан. Жишээлэхэд: Хоолны цаг болоход хоол унд сонголттойгоор бэлэн, үзэх газрын талаарх мэдээллүүд болох онцлог, соёл, түүх домгийн талаар хөтөч цаг тухайд нь өгч, зураг авахуулахад гоё харагддаг байрлалаа хүртэл заалгаад маш амар санагдсан. Харин хувиараа хийх аяллын хувьд мэдээж өөрсдөө жолоогоо барина, хоол ундаа хийнэ, тухайн очиж буй газар орны талаарх мэдээллийг тэр бүр нарийн судалж мэдэх боломжгүй, урьдчилж захиалга өгөх гэхээр холбоо барих мэдээлэл нь олдохгүй зэргээс шалтгаалан зорьж очсон газрууд хаалттай байх эрсдэлүүд их гардаг нь анзаарагдсан. Энэ эргээд өөрсдөд маань их ядаргаа үүсгэж, аяллаа жинхэнээр нь мэдэрдэггүй юм байна гэдгийг ойлгосон. Ер нь очиж хэдэн зураг авахуулаад л ирдэг юм байна гэдгийг харьцуулж мэдрэх боломжийг өмнө жишээгээр дурдсан 2 аялал маань олгосон.

Барсболд: Монголчууд 7 сард л бөөнөөрөө дотооддоо аялдаг. Бусад тохиромжтой сарууд болох 6, 8 болон 9 саруудад бол харьцангуй бага аялж байна. Тиймээс яг орон нутагт хувийн хэвшил хөрөнгө оруулаад дэд бүтэц хөгжүүлэхэд хүндрэлтэй. Улсаас бодлоготойгоор тодорхой заавар өгч орон нутгийн захиргаатай хамтарч ядаж 7 сард маш сайн зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй санагддаг. Одоо бол сошиалаар хүмүүс шуурахаар л гэнэт ухаан орсон юм шиг хөдөлдөг болсон. Жишээлбэл саяхан Цагаан суваргын орчмын талаар сошиалаар шуурахад орон нутгийн захиргаа маш хурдан хашаа хайрс барьсан байсан. Тэгэхээр орон нутгийн захиргаанд бол нөөц боломж байгаа ч өмнө нь хийдэггүй байсан ажлууд дээр санаачилга гаргаж ажиллахгүй байх шиг харагддаг. Багахан сэтгэл, хурд байхад орон нутаг аялал жуучлалын бүсүүдээ хамгаалж мөн орлогын шинэ эх үүсвэртэй байх боломжтой.

Харин аялал жуучлалын бизнес эрхлэгчдийн хувьд, татвар төлдөг, албан ёсоор ажилладаг компаниуд хувиараа өдрийн болон жижиг аялал хийгээд мөнгөө хувьдаа аваад татвараа төлдөггүй бизнес эрхлэгчидтэй өрсөлдөх боломжгүй байдаг. Аялагчдын хувьд аяллын компаниар явбал их үнэтэй байна гэж хараад өөрсдөө аяллаа зохион байгуулаад байдаг. Гэтэл зохион байгуулалтгүй олон хүн аялах нь өмнө Молорын хэлсэн хувь хүндээ ч төвөгтэй очиж буй орон нутагтаа ч ээлгүйгээс гадна үнэндээ өртгийн хувьд ч хямд тусдаггүй. Аяллын компанид нэг удаа бүхэл дүнгээр төлөх гэхээр их санагдаад байдаг мөнгө нь өөрсдөө харанхуйгаар аялахаар бага багаар гарсаар ялгаагүй шахуу зардалтай болдог гэдгийг ихэнх маань анзаарахгүй байгаа нь харамсалтай.

Энхжин: Та бүхний ажил энэ жилийн нөхцөл байдалтай холбоотойгоор хэр өөрчлөлтөд оров? Сорилтыг давахын туулахад ямар ажлууд хийгдэж байна?

Барсболд: Үүссэн нөхцөл байдал биднийг хүлээлтийн байдалд оруулсан. Гэхдээ хилийн хорио нээгдэхгүй нь баталгаатай болох үед бид маш хурдтай ажиллаж дотоодын аялагчиддаа зориулсан ОТОГЛОЁ нэртэй аяллын цогц үйлчилгээг санаачлан, хөгжүүлж 7 сараас аялагчдаа аван амжилттай ажиллаж байна. ОТОГЛОЁ-н хувьд бид аялагчиддаа мэргэжлийн зочлох үйлчилгээг жуулчны бааз, төвлөрсөн төвүүдээр биш онгон зэлүүд бусад аялагчид очиж сүйтгээгүй цэвэр тансаг байгальд нь санал болгож байгаагаараа онцлог. Тодруулбал аялал маань сонирхолтой аяллын хөтөлбөр, үзэсгэлэнт байгаль, тав тухтай асар майхан, унтах ор, боловсон жорлон, халуун хүйтэн устай дүш, төвлөрсөн хог болон тамхины цэг, амт чанартай хоол, аюулгүй орчин, мэргэжлийн тогооч болон мэдээ мэдээллээр хангах хөтөч гээд аялагчдын хүсэж болох бүхнийг багтаасан үйлчилгээ байгаа.

Молор: Төлөвлөсөн, төсөвлөсөн ажлууд нэлээн хойшлогдсон. Төрийн байгууллага дэд бүтэц хөгжүүлэх ажлуудыг хийж байгаа. Отоглох цэгүүдийг байгуулах ажлыг төсөвт тусгасан байгаа. Энэ жил тендер нь зарлагдвал 30-аад отоглох цэг байгуулах ажил хийгдэнэ. Мөн гол зам дагуу түр буудаллах цэгүүд буюу үйлчилгээний төвүүдийг ирэх 4 жилд улсын хэмжээнд 10-ыг барихаар төлөвлөн ажиллаж байгаа. Аялагчдын боловсролд чиглэсэн контентуудыг бага зэрэг хоцорсон ч хийж эхэлсэн. Үүний нэг  “Ирлээ, явлаа, цэвэр” аянг дурдаж болно. Мөн аялагчдын боловсролыг дэмжих сургалтын хэд хэдэн ажил төлөвлөгдсөн ч хийгдэж амжаагүй байгаа.

Энх-Амгалан: Орон нутгийн иргэдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх төслүүдийг манай Швейцарын хөгжлийн агентлаг дэмждэг. Орон нутгийн иргэдийн соёлыг сурталчлах, байгаль, шувуу, ан амьтан, ургамал ажих аяллуудыг гаднын жуулчдад зориулан хөгжүүлж, хийж байгаа. Энэ жил хэд хэдэн төслүүдийг санхүүжүүлэн бэлтгэл ажлаа хангасан байсан ч Ковидын улмаас хил нээгдээгүй тул аяллаа авч чадаагүй. Энэ нь бас аялал жуулчлалын бизнес хийж буй хүмүүст эрсдэлээ бууруулахын тулд 50% гаднынханд зориулсан 50% дотоодын жуулчиддаа зориулсан байдлаар жуулчлалын бүтээгдэхүүнээ хөгжүүлбэл дээр юм байна гэдгийг ойлгуулсан гэж хараад байгаа. Бидний  орон нутгийн иргэдийн санаачилгыг дэмжин түүнийг нь санхүүжүүлэн ажиллаж буй аяллаас жишээ татвал:

Вансэмбэрүү цэцэг үзэх аялал: Ховд аймгийн Дуут суманд орон нутгийн иргэд Вансэмбэрүү цэцгээ хайрлан хүндэлдэг ч мэдэхгүй гадна дотнын хүмүүс орж ирээд түүж авах, устгах байдлууд гараад байсан. Тиймээс үүнийг зогсоохын тулд орон нутгийн иргэд нь зөвхөн энэ цэцгийг үзүүлэх аяллыг санаачилсан.

Тэсийн голын морин аялал: Тэсийн голыг дагасан сумууд хамтран голоо хамгаалалтандаа авангаа аялал жуучлалыг хөгжүүлэн морин аялал хийлгэж эхэлсэн.

Төв аймгийн Эрдэнэ-ширээт сум, Ширээт уул: Зэрлэг аргалыг 2 жилд 1 удаа агнуулж мөнгө олдог байснаа аргалыг төлбөртэйгөөр үзүүлдэг аяллын бүтээгдэхүүнтэй болсон.

Энхжин: Монгол улсын дотоодын аялал жуулчлалд хамгийн түрүүнд шийдвэрлэх хэрэгтэй 3 асуудлыг тодорхойлбол?

Барсболд: Олон асуудал байгаа ч бидний хялбархан бусдын дэмжлэг туслалцаа хүлээлгүй шийдэж чадах асуудлууд бол зорчин очиж буй газрын дэд бүтэц ЖОРЛОН, ХОГ ХАЯГДАЛ болон АЯЛАГЧДЫН БОЛОВСРОЛ юм болов уу гэж хардаг.

Молор: Дотоод аялагчдын талаар СУДАЛГАА МЭДЭЭЛЭЛ муу. Аялагчдыг хэрхэн тоолох аргачлал гараагүй байгаа. Хил хааснаас үүдэн дотоод аялагчдын тоо асар хурдацтай өссөн. Үүнд орон нутгийнхан бэлтгэлгүй байсан тул ДЭД БҮТЭЦ (жорлон, хогийн цэг гэх мэт)-ийн хүрэлцээ муу, хүссэн үйлчилгээгээ авч чадаагүй гэх мэт асуудлууд тулгарсан. Мөн хүмүүсийн АЯЛАХ БОЛОВСРОЛ-ыг өсгөхөд улс, хувийн хэвшил, ард иргэд хэн ч бай өөрийн боломжоор оролцмоор санагддаг. Ер нь цэцэрлэг, сургуулийн түвшингээс эхлэн боловсрол олгохгүй бол бидний ярьж буй асуудлуудыг хүн л тарьж байгаа.

Энх-Амгалан: Дотоодын аяллын  МЭРГЭШСЭН БАЙГУУЛЛАГА байхгүй, аялагчид маань юу хүсэхээ сайн мэдэхгүй байгаа харагддаг. Мөн дотоодын аялал жуулчлалын салбарт СУДАЛГАА МЭДЭЭЛЭЛ дутмаг, БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТ хангалттай бус байгаа санагддаг.

Энхжин: Аялал жуулчлалын салбарын мэдлэг мэдээлэл сул байна, олон нийтийг аяллын мэдлэгтэй болгох хэрэгтэй байна гэж их дурдагдлаа. Тэгэхээр та бүхэн мэдээллийг хаанаас илүүтэй авдаг бэ?

Бүх оролцогчид: Интернетээс сошиал медиа сувгуудаар, танилуудаас авч байна.

Энхжин: Аяллын бүтээгдэхүүнийг таниулах олон нийтийн аяллын боловсролыг сурталчлах тал дээр ямар ажлууд хийгдээсэй гэж хүсдэг бэ?

Энх-Амгалан: Аяллын байгууллагуудын хувьд мэдээллээ зөвхөн сошиал хуудсаар биш албан ёсны вэбсайтаар дамжуулж хүргэвэл илүү итгэлтэй болдог юм шиг санагддаг. Мөн мэдээллээ хүмүүс амралтаа төлөвлөх үеэр бүрэн оруулсан байвал их хэрэгтэй болов уу. Жуулчлалаар хөдөө явж байгаа хүмүүсийн боловсролыг үнэхээр сайжруулах хэрэгтэй санагддаг. Ялангуяа байгаль экологио хайрлаж, гэмтээлгүй харьцах болон нутгийн иргэдтэй хүндэтгэлтэй харьцах тал дээр. Мөн орон нутгийн иргэдийг ч аялал жуучлалын соёлд сургаж Улсын зүгээс системтэйгээр, тасралтгүй олон нийтийн аяллын боловсролыг өсгөх ажлуудыг хийх шаардлага маш өндөр байгаа нь ажиглагддаг.

Барсболд: МУИС-с гаргасан судалгаагаар нийт аялагчдын 95% нь өөрөө аялна. 4-5% нь л аялал жуулчлалын компаниар явах чадамжтай гэж гарсан. Аялагчид ихэнхдээ өөрсдөө аяллаа зохион байгуулж байгаа нь аяллыг жинхэнэ утгаар нь мэдрэхгүй, тухайн орон нутгийн түүх, байгалийн тогтцын онцлог, ард иргэдийн соёлын талаар мэдлэг мэдээлэл авахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Саяхан нэг найз маань гэр бүлийнхэнтэйгээ Хархорин ороод музей үзэж байхдаа УБ-с Хархорин орох замд үзэх харах зүйл зөндөө байсан байна гэдгийг ойлгосноо хуваалцаж байсан. Хэрэглэгчид сошиалаар сурталчилж буй олон аяллын бүтээгдэхүүн дунд төөрч байгаа бөгөөд зарим нэг нь судалгаагаа сайн хийхгүй хулхитуулах гунигтай явдлууд гардаг.  Тиймээс мэргэжлийн холбоод хариуцсан төрийн байгууллагууд нь энэхүү аяллын компаниудын санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээ нь яг сурталчилж байгаа шигээ байна уу, найдвартай байна уу гэдэг дээр хяналт тавьж, үнэлгээ өгөн зэрэглэл өгдөг байх хэрэгтэй санагддаг.

Молор: Сургалт, сурталчилгааг маш их хийх хэрэгтэйг мэдэрсэн. Цэцэрлэг сургуулиас эхлэн аялал жуулчлалын талаарх боловсролыг хөтөлбөрт нь оруулан сургалт сурталчилгааг түлхүү хиймээр санагддаг.

Энхжин: Монгол улсын аялал жуучлалын салбарт цаашид хэрхэн хөгжинө гэж хардаг бэ? Ямар боломжууд бий болох байх гэсэн хүлээлттэй байна?

Молор: Аялал жуулчлалын тренд хил дамнасан байдлаас илүүтэй хөрш орны болон бүсийн аялал руу шилжиж байгаа. Тиймээс манайхыг зорих Хятад, Орос болон Евро-Азийн жуулчдын тоо нэмэгдэх магадлалтай байна. Мөн группээс илүүтэй ганцаараа болон тусгай хэрэгцээт бүлгийн аялал хөгжихөөр байна гэж харж байгаа. Баттулга ерөнхийлөгчийн санаачилсан 30,000 хонины бэлэг Хятадуудад их нөлөөлсөн. Сүүлийн 3 жил дараалан аялал жуулчлалын үзэсгэлэнд ороход танилцаж байсан Хятад компаниудаас маш их хандалт над руу орж ирсэн. Жишээлбэл Шанхайд байрлалтай 1 том Пи Ар компаниас хандаж Монголын төрийн албаны 1 хүнээр 30 секунд дотор үнэгүй сурталчилгаа хийх боломж өгсөн. Тэр шторк нь маш их хандалт авсан байсан. Цаг үеэ мэдэрсэн хөршүүддээ чиглэсэн жижиг ажлууд ч том үр дүн нөлөөлөл үүсгэх боломжтойг энэ жишээ тодоор харуулсан гэж бодож байна. Мөн аюулгүй байдал, замаа мэдэхгүй гэх мэт шалтгаанаас эмэгтэйчүүд ихэнхдээ аялал жуулчлалын компаниар үйлчлүүлэх юм болов уу гэж харж байгаа тэгэхээр аяллын бүтээгдэхүүнүүд хөгжүүлэхдээ энэ онцлогийг харах хэрэгтэй байх.

Энх-Амгалан: Ковидын дараа ямар ч хүнтэй харилцаа үүсгэлгүй хэнтэй ч харилцалгүй, ямар ч аюулгүйгээр маск зүүхгүй байх боломжийг одоогийн байдалд залхсан олон гаднынхан мөрөөдөж байгаа байх. Тиймээс Монгол бол өргөн уудам нутаг хэнтэй ч харилцаа үүсгэхгүй дураараа аялж амарч болох амар тайван улсуудын нэг гэдэг талаасаа олон нийтэд танилцуулах хэрэгтэй болов уу. Монголыг ТАЛЫН гэдгээр нь сурталчлаад явмаар байдаг. Жуулчид тал нутаг, байгаль үзэх гэж манайд ирж байгаа болохоос өөрсдийнх нь оронд байдаг хөшөө дурсгал, байшин сав үзэх гэж Монголд хэн ч ирдэггүй гэж боддог. Монголтой холбоотой байж болох аялал жуулчлалаа хөгжүүлсэн талаарх хэд хэдэн жишээг хуваалцмаар санагдлаа.

Нэг танил Хятад профессор Монголд ирэхээр нь ойрхон хөдөө гаргаад хөдөөний айлын иддэг хоол хүнсээр дайлаад мал ахуйтай зүгээр л энгийн нүүдэлчин айлын ахуйд шууд оруулсан. Тэгээд хоол хүнсэнд гэдэс гүзээ нь тавгүйцэх бий, орчин таалагдахгүй байх бий гээд санаа зовж байсан чинь “Танай энэ эгэл жирийн байдал хамгийн сайхан байна. Юу ч битгий өөрчлөөрэй. Манай Хятадууд харьцангуй баяжсан. Европын соёлт нийгэмтэй танилцах аяллыг түлхүү хийж байгаа бөгөөд удахгүй ханана, уйдна. 1,0 сая доллароос дээш орлоготой  500.0 сая хүн Хятадад байна. Тиймээс та нарт зах зээл байна шүү” гэж байсан. Мөн Хятад эмэгтэйчүүд бүжиглэх маш дуртай. Монголын талд бүжиглэх юмсан гэсэн мөрөөдлийг инстаграм ч юм уу сошиал платформуудаар дамжуулан сурталчлах хэрэгтэй санагдсан. Бидэнд судалгаанд суурилсан бэлтгэл л хэрэгтэй байх.

Тодруулбал, Швейцарууд мөн аялал жуулчлалын салбар маш өндөр хөгжсөн. Тиймээс Хятад аялагчид маш их өсөж буйг анзаараад Хятад хэлтэй хөтчүүд болон бусад Хятадуудын мөнгөө үрдэг зүйлсийн судалгааг хийж бэлтгэл ажлаа хийж эхэлсэн. Судалгаагаар 1 Хятад хүн аялахдаа 5,000 ам.долларыг зарцуулдаг гэдгийг  судлаад юунд мөнгөө үрж байгааг нь тодорхойлоод Хятад эмэгтэйчүүдийн хамгийн их сонирхдог цүнхний загваруудыг агуулсан дэлгүүр ажиллуулахад эмэгтэйчүүд нь оочерлож зогсоод авч байсан.

Барсболд: Ойрын жилүүдэд хил орчмын улсуудаас буюу манай руу шууд нислэгтэй улсуудын аялал илүү хөгжинө гэж харж байгаа.

Энхжин: Өмнө тодорхойлсон дотоодын аялал жуучлалд тулгамдаж буй асуудлуудад та бүхний санал болгох шийдлүүд юу бэ?

Энх-Амгалан: Энэ жилийн бэрхшээл боломжуудаа хараад ажлын төлөвлөгөөгөө сайн гаргаад дараа жилийн аялал эхлэхээс өмнө мэдээллээ цацчихвал хүмүүст аяллаа төлөвлөхөд бүх зүйл тодорхой болсон аль аль талдаа амар санагдаж байна. Бусад орны хувьд дотооддоо туршсаны дараа гадаад зах зээл рүү бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргадаг бол манай аялал жуучлалын салбарын хувьд гаднын өндөр стандарттай үнэтэй үйлчилгээг үзүүлээд сурсан ч дотоодын хэрэглэгчдийн онцлогийг мэдэж хүрч чадахгүй байгаа харагддаг. Тиймээс СУДАЛГААн дээр төвлөрсөн төрөл бүрийн аялал жуучлалын БҮТЭЭГДЭХҮҮНийг хөгжүүлээсэй. Тэгэхдээ орон нутгийн иргэдийн оролцоог хангах тэдний санаачилгыг дэмжин үр дүнтэй ХАМТРАН АЖИЛЛАХ хэрэгтэй санагдсан. Улсаас бодлого, стандарт нэвтрэхийг хүлээвэл мөдгүй болов уу тиймээс нутгийн иргэдээс гарсан сайн туршлагуудыг бүртгэж алдаршуулах олон нийтэд танилцуулах, сурталчлах хэрэгтэй байх. Учир нь хүн хэлэхээс нааш гэдэгчлэн өөрсдийнхөө хийж ирсэн уламжлалт хандлагаа хадгалчих гээд байдаг тул бусад хүмүүст санаа авахад сайн туршлагыг танилцуулах нь маш хэрэгтэй санагддаг. Мөн орон нутгуудын хөгжлийн мэргэжилтнүүдийг АЯЛАЛ ЖУУЧЛАЛыг хариуцуулж, хөгжүүлэх тал дээр чадавхжуулаасай гэж боддог. Одоо бол мал аж ахуй, газар тариалан болон уул уурхайн асуудлаа л анхаардаг бусдыг нь тоохгүй байх шиг харагддаг.

Молор: Зорин очих газрын менежментийн байгууллага хөгжүүлэх зааврыг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан байдаг. Энэхүү зааврыг төрийн байгууллага дангаараа хөгжүүлэх боломжгүй болохоор хувийн хэвшилтэйгээ хамтран орон нутаг бүрийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогоо боловсруулж төр хувийн хэвшил нягт ХАМТРАН АЖИЛЛАЖ чадвал илүү богино хугацаанд дорвитой үр дүнд хүрэх юм байна гэж харж байгаа. Орон нутагт аялал жуучлалын тусгайлсан мэргэжилтэн байхгүй учраас нийтийн өмч болсон байгаль дэлхийгээ цэвэр онгоноор нь хадгалж, орон нутгийн иргэдийн хэвийн амьдралыг хүндэтгэн тэдэнд саад болохгүй аялахад суралцах нь хүн бүрийн ОРОЛЦОО, ухамсрын асуудал юм. Хэн нэгэн ирээд бидний асуудлыг шийдэж өгөөд сайхан болгочихгүй бас энд би удахгүй юм чинь гэсэн хүнийрхүү хандлага нь эргээд манай байгаль орчинг сүйтгээд байдаг.

Барсболд: Ер нь аливаа ажил явахад өөриймсөг сэтгэлээр хандах МАНЛАЙЛАЛ маш хэрэгтэй байгаа. Аялал жуучлалын салбарт ажиллаж буй хувийн хэвшлийнхний хувьд ихээхэн мөнгөөр босох дэд бүтэц барьж байгуулах ажлыг хийж түүнээсээ өөрсдийгөө тэжээх нь их хэцүү. Тиймээс томхон дэд бүтэц хөгжүүлэх үүнд жорлон 00, хогийн цэг байгуулах, отоглох бүсийг тодорхойлох гэх мэт ажлууд болон бодлого боловсруулах ажлаа төр хариуцаад бид санхүү, мөнгө бага шаарддаг зохион байгуулалтад оруулах ажлуудыг хариуцан хамтарвал үр дүнтэй болов уу. Мөн аялагчид маань мэргэжлийн байгууллагаар ҮЙЛЧЛҮҮЛДЭГ СОЁЛД суралцмаар байна. Жишээ авахад том уурхайнууд олборлолт хийсний дараа нөхөн сэргээлт хийдэг болон хувь нинжа гэгдэх уурхайчид бол байгалийг цөлмөдөг гэдгийг бүгд л мэдэх байх. Одоогийн нэгдсэн зохион байгуулалтгүй хэт олон хувь аялагчид бол яг л нинжа нартай адил сөрөг нөлөөг байгальд үзүүлж байна. Магадгүй та би цэвэрхэн л аялдаг бусад соёлгүй аялдаг хүмүүс л хичээх хэрэгтэй гэж бодож байж магад тэгэхдээ мэргэжлийн байгууллагуудын хувьд тухайн орон нутгийг л түшиглэж ажилтай, орлоготой байхаа маш сайн ухаарсан байдаг тул аль болох эргүүлээд орон нутгаа хөгжүүлэх, хамгаалах үйлсэд та бүхний төлсөн арай илүү төлбөрөөс тодорхой хэсгийг нь зарцуулдаг.

Энхжин: Хүрэлцэн ирж аялал жуучлалын салбарын талаар үнэ цэнтэй мэдээлэл хуваалцсан та бүхэнд маш их баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье! Бид дотооддоо соёлтой сайхан аялж сурах цаг удахгүй ирнэ гэж итгэж байна.