Хүн болон байгаль дэлхийд шууд нөлөөлж буй үндэстэн дамнасан том корпораци байна уу, жижиг бизнес байна уу, ашгийн бус байгууллага байна уу бүгд өөрсдийн үр нөлөөгөө удирдах боломжтой.
Бүх байгууллагууд хүн болон байгаль дэлхийд эерэг юмуу сөрөг нөлөө үзүүлдэг. Байгууллагын үр нөлөөний талаарх энэхүү цуврал нийтлэлээрээ бид байгууллагууд өөрсдийн нөлөөллийн тодорхой зорилгууд дэвшүүлж, гүйцэтгэлээ удирдах чиглэлээр хэрэгжүүлж болохуйц чиглүүлэг өгөх болно.
Байгууллагууд яагаад өөрийн үр нөлөөгөө хэмждэг вэ?
Байгууллага бүр өөр, өөр үнэ цэнэ, оршин тогтнох учир шалтгаантай байдаг учир өөр, өөр үр нөлөө (impact) үзүүлэх зорилготой байдаг. Эдгээр үр нөлөөллүүд нь өөр байж болох ч тэдгээрийг хэмжих, тогтсон хэмжээсүүдэд суурилсан өндөр чанартай нөлөөллийн менежмент байх хэрэгтэй.
Зарим байгууллагын хувьд дэлхий ертөнц болон хүн төрөлхтөнд хэрэгтэй эерэг өөрчлөлтийг бий болгох нь өөрсдийнх нь оршин тогтнох үндэс гэж үздэг учир бий болгож буй үр нөлөөгөө хэмжихийг урьтал болгодог. Зарим байгууллагууд хууль эрх зүйн юмуу нэр хүндийн эрсдэлд орохоос сэргийлдэг. Зарим байгууллагын хувьд үр нөлөөгөө хэмжсэнээр өөрсдөдөө илүү ашгийг авчрах боломжтой гэж үздэг – эрчим хүчээ хэмнэх, авсан ажилчдаа удаан хугацаанд компанидаа ажиллуулах, хэрэглэгчээ өөрсөддөө үнэнч байлгах гэх мэтээр. Харин зарим нь нийгмээ хүндэтгэж, үлгэр жишээчээр оршин тогтнохыг хүсдэг. Өөрсдийг нь сэдлээс хамааран байгууллагуудын үр нөлөөгөө хэмжих зорилго “эрсдэлийг бууруулах”, “тогтвортой урт хугацааны санхүүгийн ашигтай байх” , “дэлхийд эерэг мөрөө үлдээх” зэргээс авахуулаад “тодорхой бүлгийн хүмүүс, газар нутаг, үр дүн” юмуу “тодорхой нийгмийн эсвэл байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдэх” зэрэг илүү нарийвчилсан зорилтуудад хөтлөгдөж болно. Байгууллагуудын оршин тогтнох сэдлүүдийг А, B, C гэсэн төрлүүдэд ангилж болно.
А. Хамгийн наад зах нь байгууллагууд өөрсдийнх нь үйл ажиллагаанд оролцогч талуудад хор уршиг учруулахаас зайлсхийхэд анхаарч чаддаг байх ёстой. Тухайлбал, аль болох өөрсдийн тарьж буй хүлэмжийн хийг бууруулах юмуу хийж буй ажилд нь тохирсон цалин хөлс олгох. Иймэрхүү “хариуцлагатай” байгууллагууд нэр хүндийн болон үйл ажиллагааны эрсдэлүүд (үүнийг ESG эрсдэл гэдэг) -ийг бууруулж, өөрсдийн хөрөнгийн эздийн хувийн үнэ цэнийг ч мөн хүндэтгэдэг.
B. Хор уршиг учруулахаас сэргийлэхээс гадна байгууллагууд өөрсдийнх нь үйл ажиллагаанд оролцогч талуудад үр ашгийг бий болгоход идэвхитэй анхаарч болно. Тухайлбал, ажилчдынхаа ур чадваруудыг сайжруулахад санаачилгатай хандах, эрүүл мэндийн болон боловсролын сайн үр дүнгүүд авчрах бүтээгдэхүүнүүд борлуулах. Иймэрхүү “тогтвортой” бизнесүүд нь урт хугацаандаа санхүүгийн үзүүлэлтүүдээрээ тэргүүлэхийг зорьдог (үүнийг ESG боломжууд гэдэг).
С. Олон байгууллагууд үүнээс ч илүүг бий болгох боломжтой. Тэд өөрсдийн чадамжуудаа ашиглан тулгамдаад буй нийгмийн болон байгаль орчны асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулж болно. Тухайлбал, нийгмийн эмзэг бүлгийг эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн тэгш боломжоор хангах чиглэлээр ажиллах, эсвэл ажилгүй иргэдийг ажилд авах юмуу сургах.
Үр нөлөөгөө удирддаг ямарч байгууллага өөрсдийнх нь үйл ажиллагаанд оролцогч талуудад хор уршиг хүргэхээс урьдчилан сэргийлдэг ч аливаа байгууллага “үр нөлөөний ABC” ангиллын аль хэсэгт харъяалагдах нь өөрсдийн үйл ажиллагааны оролцогч талуудад ашиг тус өгөхийг зорьж байна уу, тулгамдсан асуудлуудад шийдэл гаргаж хувь нэмрээ оруулахыг зорьж байна уу гэдгээс хамаарна. Жишээлбэл, урт хугацааны санхүүгийн үзүүлэлтүүдээ тогтмол ашигтай байлгахыг зорьж буй үндэстэн дамнасан корпораци өөрийн үйл ажиллагаанд оролцогч талууддаа үр ашгийг авчрахыг зорих нь аливаа хор уршиг тарихаас урьдчилан сэргийлэх төдийхнээр хэрхэвч хязгаарлагдахгүй. Учир нь тэд цалингийн доод хэмжээнээс дээгүүр цалин хөлс олгож, ажлын байран дах осол гэмтэл болон хүлэмжийн хийн ялгаруулалтаа эрс буулгахын хажуугаар өөрийн хоол хүнсний хэрэглээг зохицуулах замаар чанартай хоол тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх болон ажилчдынхаа ур чадваруудыг тогтмол дээшлүүлэх байдлаар оролцогч талууддаа эерэг үр дагаврыг авчрах арга замуудыг байнга эрэлхийлж байдаг.
Байгууллагууд ямарч сэдэлтэй оршин тогтнодог бай өөрсдийн үр нөлөөгөө тогтсон нормуудын хүрээнд хэмждэг байх хэрэгтэй. Үр нөлөөг нэгдсэн байдлаар ойлгодог болох нь байгууллагуудад өөрсдийн сэдлээ ангилж, хэм хэмжээ тогтоож, үр нөлөө нь хэр байгааг үнэлж байх боломжтой болгоно. Дараагийн бүлгүүдэд бид дээр дурдсан тогтсон нормууд юу болох, тэдгээр нь байгууллагуудыг хэрхэн зорилгоо тодорхойлж, гүйцэтгэлээ үнэлж, харьцуулалт хийхэд хэрэглэгдэж болох талаар өгүүлнэ.
Эх сурвалж: Impact Management Project