Хан-Уул дүүргийн хэмжээнд “Ирээдүйд бэлдэцгээе” Өсвөрийн форум амжилттай зохион байгуулагдлаа

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-тай хамтран “Ирээдүйд бэлдэцгээе” Өсвөрийн форум-ыг  2026 оны 5 дугаар сарын 21, 28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Форумын зорилго нь өсвөр насны хүүхэд, залуучуудын өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх зэрэг 21-р зууны ур чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ тэдний дуу хоолойг бодлого, төлөвлөлтийн түвшинд хүргэхэд оршсон юм.

Эхний форумд 180 орчим сурагч оролцов.

5 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан эхний форумд Ерөнхий боловсролын 7 болон 114-р сургуулийн 180 орчим сурагч оролцлоо.

Сурагчид багуудад хуваагдан төслийн менежментийн аргачлалаар ажиллаж, өөрсдийн эргэн тойрон дахь тулгамдсан асуудлуудыг тодорхойлон шийдлийн санаа боловсруулсан юм. Ингэснээр тэд багаар ажиллах, шүүмжлэлт сэтгэлгээ хөгжүүлэх, олон нийтийн өмнө санаагаа илэрхийлэх зэрэг чухал ур чадваруудаа хөгжүүлэв.

Форумын үеэр Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид сурагчдын санал, санаачилгыг сонсож, санал зөвлөгөө өгч хамтран ажиллалаа.

 

 

Нийт боловсруулсан төслүүдээс нийгмийн ач холбогдол, хэрэгжих боломж, шинэлэг байдлыг харгалзан шилдэг багуудыг шалгаруулсан бөгөөд “Эрүүл биед саруул ухаан оршино” уриатай, сургуулийн гал тогооны чанар, эрүүл ахуйн асуудлыг хөндсөн ОЧ баг тэргүүн байрт шалгарлаа.

Хоёр дахь форумд 200 гаруй сурагч нэгдлээ.

5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан хоёр дахь форумд Хан-Уул дүүргийн 52, 75, 115, 130-р сургуулийн ахлах болон дунд ангийн 200 гаруй сурагч оролцов.

Сурагчид мөн багуудад хуваагдан төслийн менежментийн аргачлалаар ажиллаж, тулгамдсан асуудлуудаа тодорхойлон бодит шийдлийн санал боловсруулж, төслүүдээ бусад оролцогчдод танилцууллаа.

Форумд инженер-эдийн засагч Б.Галбадрах, олон улсын тоймч Л.Бямбаханд нар зочин шүүгчээр оролцож, хүүхэд, залуучуудын оролцоо, манлайлал, нийгмийн идэвхтэй иргэн байх талаар үнэт зөвлөгөө өгсөн юм.

Шүүгчдийн үнэлгээгээр Happiness багийн төсөл шилдгээр шалгарч, багийн сурагчид “Ирээдүйд бэлдэцгээе” мэргэжил сонголтын зөвлөмж номоор шагнагдлаа.

Хоёр удаагийн форумд нийт 400 орчим сурагч оролцож, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах санаа, шийдлүүдээ боловсруулан танилцууллаа.

Форумд оролцсон багш, нийгмийн ажилтнууд сурагчдыг богино хугацаанд өндөр идэвхтэй, үр дүнтэй ажиллаж байгааг онцолж, төслийн менежментийн аргачлалд суурилсан сурагч хөгжүүлэх үйл ажиллагааг цаашид хамтран хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн байна.

“Ирээдүйд бэлдэцгээе” Өсвөрийн форум нь хүүхэд, залуучуудын санаачилга, оролцоог дэмжиж, тэдний дуу хоолойг бодит шийдвэр гаргах түвшинд хүргэх чухал алхам болсон үйл ажиллагаа байлаа.