Archive for the
‘Эдүкэйтэд тойм’ Category

Шинэ оны анхны нийтлэлээ бид Монгол улсын маань ирээдүй хойч болсон бяцхан дүү нарынхаа хөгжилд зориулан бэлтгэлээ.
“Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа” гэж Монгол ардын сайхан зүйр цэцэн үг байдаг. Та бидний сайн мэдэж байгаачлан маш олон амжилттай хүмүүс идэвхитэй уншигч байдаг. Тиймээс та бүхэн хүүхэддээ багаас нь унших дадалыг зөв хэвшүүлснээр ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийж буй алхамуудын нэг гэж үзэж болно. Эцэг эх бидний мэдэх шаардлагатай мэргэжлийн хүний доорх маш энгийн зөвлөгөөнүүдийг үзээд үр хүүхэдтэйгээ цагийг зугаатай бөгөөд үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй!

https://youtu.be/x2_gZMyXJqY

Нэмж сонирхуулахад мэргэжилтний зөвлөснөөр 0-6 насны буюу бага насны хүүхдийн ном болон тоглоомын харьцаа 50, 50% байх шаардлагатай байдаг ба ном нь мөн тоглоом шиг хүүхдийн гарт хүрэхүйц газар байснаар хүүхдүүд маань номонд илүү сонирхолтой болоход түлхэц болдог байна.

Дашрамд хэлэхэд, манай “ЯАГААД ТА ӨДӨР БҮР УНШИХ ШААРДЛАГАТАЙ ВЭ? НОМ УНШИХЫН 10 АШИГТАЙ ТАЛ” нийтлэлээс уншигч байхын ач тусын талаар дэлгэрэнгүй ойлголт авах боломжтой.

 

 

Аж үйлдвэрийн хувьсгал, орчин үеийн бидний нэршилээр технологийн хувьсгал бүрийн үр дүнд бидний амьдрал нэг алхам урагшилж бид илүү хөгжин цааш явах боломжтой болж байлаа. Харин сүүлийн жилүүдэд бидний амьдралд чимээгүйхэн нэвтрэн орж буй үйлдвэрлэлийн 4-р хувьсгалд бид бэлэн байна уу? Саяхан www.ted.com-р Tim Leberecht-н ярианаас “ойрын 20 жилд бидний өнөөдөр хийж буй ажлын тал нь ямар нэг робот юм уу програм хангамжаар хийгдэх болно” гэж сонссон маань технологийн чиглэлээр ажилладаг, бүтээмжийг өсгөхийн тулд байнга эрэл хайгуул хийж үнэ цэнэ багатай ажлуудыг автоматжуулахыг зорьж байдаг миний хувьд энгийн өдөр тутмын ажил маань боловч тоо баримттайгаар хүн төрөлхтөнд үзүүлэх нөлөөг нь сонсоход харгис санагдсаныг нуух юун. Тиймээс технологийн 4-р хувьсгал гэж юуг хэлээд байна, ямаршуу өөрчлөлтүүд бий болох талаар зарим судалгаанууд дахь сонирхол татсан мэдээллүүдийг нэгтгэн та бүхэнд хүргэж байна.

Бид дэлхийн геополитикийн өөрчлөлтүүд, эдийн засгийн хямрал, зах зээлийн хумигдалыг хэрхэн давах талаар завгүй бодож ажиллаж байх зуур технологийн хувьсгал чимээгүйхэн газар авч байна. Технологийн 4-р хувьсал нь бидний амьдрах, ажиллах хэв маягаас гадна хоорондын харилцааг маань тэр чигт нь өөрчилж байна. Интернэтийн хэрэгслүүд, 3Д хэвлэл, хүнийн генийн бүтэцийн кодчилолыг нээсэн болон нанотехнологиудыг бид 4-р үеийн аж үйлдвэрийн хувьсгалын бүрдэл хэсгүүд гэж үзэж болохоор байна.

Роботууд аль хэдийн бидний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг арга барилыг өөрчилсөн. Гэхдээ бүх хүнийг робот орлоогүй зарим үйлдвэрлэлд хүмүүс оролцсон хэвээрээ байгаа. Бүхэлдээ мэдрэгчтэй, бодох чадвартай машинуудаас бүрдсэн ухаалаг үйлдвэрүүдбаригдсанаар том өөрчлөлт бий болно. Энд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн маш хямд зардлаар бүтээгдэх боломжтой болно. Хамгийн чухал нь эдгээр үйлдвэрүүд нь хүний оролцоогүй тул хямд өртөг бүхий ажилчдыг хайж үйлдвэрлэлийн байрлалыг солих шаардлагагүй, ажилчдын амь насыг эрсдэлд оруулахгүйгээр дэлхийн өнцөг булан бүрт маш үр өгөөжтэй ажиллах боломжтой.

Энэхүү технологи нь одоогийн үйлдвэрлэлийн төвлөрлийг бутаргаж, бүтээгдэхүүнийг илүү олон газар хурдан үйлдвэрлэх боломжийг олгож байгаа нь хүн амын нягтаршил багатай манай Монгол гэх мэт улсуудад ашигтай тусах юм. Улс төр болон нийгмийн хувьд энэхүү шинэ ойлголт нь санаа түгшээсэн болон сэтгэл догдлуулсан байдлыг зэрэг дагуулж буй юм. Үйлдвэрээс хүмүүсийг явуулснаар ажилгүйдлийн түвшин асар ихээр өсч, замбараагүй, эрх чөлөөтэй байдал газар авч хүнд нөхцөл байдлыг үүсгэх магадлалтай.

АНУ-ын тээврийн салбарт ажиллагсадын 70% нь том машины жолооч байдаг гэсэн судалгаа байдаг. Харин 4-р хувьсгалын үр нөлөөгөөр интернэтийн хэрэгсэл (IoT)-үүд нь тээврийн салбарыг тэр чигт нь өөрчлөх дүр зурагтай байна. 2016 оны 4-р сард томоохон ачааны машин үйлдвэрлэгчид болох DAF, Daimler, Iveco, MAN, Scania болон Volvo-н нэрийн өмнөөс цуваа машинууд хагас автомат буюу жолоочийн хяналтан доор Европын улсуудаар туршилтын тээвэрлэлтийг хийсэн бол 2016 оны 10-р сард Америкт анхны жолоочгүй машин 190км-ын тээврийг амжилттай зохион байгуулаад байгаа ба энэхүү жолоочгүй машин нь дөнгөж эхний шатны дэвшил байх нь. Мөн жижиг ачаа илгээмжийн салбарт Дрон аль хэдийн нэвтэрсэн бөгөөд АНУ гэх мэт орнуудад түүний хөдөлгөөнийг зохицуулах эрх зүйн актуудын боловсруулалтын шатанд ажиллаж байна. Цаашид ухаалаг тээврийн систем нь дэлхийн нүүрсхүчлийн хийн хэрэглээг бууруулж хаягдлыг багасгах боломжтой болж байна.

Бэлтгэл сайтай биш байвал өөрчлөлт нь хүлээж авахад хүндрэлтэй байдаг. 3Д хэвлэлийн хувьд бүүр хэрцгий өөрчлөлтүүдийг бий болгохоор байна. Энэ нь яг хэрэгцээтэй үедээ хүссэн загварынхаа бүтээгдэхүүн болон түүний эд ангийг интернэтээс татан авч хэвлэх боломжийг олгоно.

3Д хэвлэл бүрэн нэвтэрснээр тээвэрлэлтийн зардалд мэдэгдэхүйц хэмжээний бууралтыг үзүүлэх тул үүнээс үүсдэг бохирдол дагаад багасна. Мөн эрүүл мэндийн салбарт 3Д хэвлэл хүний өвчилсөн эд эрхтэнг нөхөх зорилгоор аль хэдийн ороод байна. Хүний генетикийн бүтцийг хуулбарлах боломжтой болж байгаа нь маш их маргааныг дагуулж байна. Генийг хуулбарлан гаргаж авсан шинэ эрхтэнүүд нь ямар нэг эд эрхтэн өвчлөхөд оронд нь хувилан гаргасан эрүүлийг нь шилжүүлэн суулгах боломжийг олгож байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн хүн амын дундаж наслалт нь улам өндөр болох болчихоод байна. Тиймээс засгийн газрууд тэтгэвэр болон өндөр насны халамжийн бодлогодоо өөрчлөлт оруулахгүй бол төсөв болон эдийн засгийн хүндрэлүүд үүсэх магадлалтай байна.
Харин нийгмийн бүлгийнхэн, ажиллах чадамжтай нас болон тэтгэврийн насыг дахин тодорхойлохшаардлагатай болж байна. Бид хүмүүсийг хагас цагаар ч бай бүтэн цагаар ч бай илүү урт хугацаанд ажиллуулж байх шаардлагатай тулгараад байна. Хүн төрөлхтөний хэрэгцээнд ургамлын гаралтай орц найрлагуудыг ашиглах хандлага улам өсөх тул хамгийн чухал нь ургац хураалтын хэмжээг нэмэгдүүлэх асуудал ч тулгамдах шинжтэй байна.

Өмнөх жишээнүүдээс харахад технологийн 4-р хувьсгал нь үйлдвэрлэлээс тээвэрлэлт, хөдөө аж ахуйгаас санхүүгийн гээд эдийн засгийн бүхий л салбаруудад нөлөөлөх нь гарцаагүй болоод байна. Мөн боловсролын салбарыг ч өөрчлөхөөр байна. Бид ангид суурилсан уламжлалт боловсролын системээ хадгалсаар байгаа. Энэ аргаас илүү сайныг бид урт хугацааны дараа л олж илрүүлэх байх. Гэхдээ бид технологид суурилсан зардал хэмнэсэн, хүртээмжтэй байдлыг нэмсэн аргуудыг түлхүү дэмжих нь тодорхой болоод байна. MIT, Harvard, саяхан Oxford-н их сургууль гээд дэлхийн тэргүүлэх их сургуулиуд ар араасаа цахим сургалтын төвүүдийг байгуулаад эхэлсэн бөгөөд www.coursera.org болон www.khanacademy.org зэрэг үнэгүй, чанартай боловсролын сайтууд ч маш өргөн хэрэглэгдэх болоод байгааг та мэдэж байгаа байх.

4-р хувьсгалын талаарх олон таамаглалууд нь улс төр, нийгэм болон соёлын ялгааг үл харгалзан өөрөө аяндаа бий болохоор байна. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд орлогын ялгаатай байдал улам бүр газар авч байгаа нь технологийн өөрчлөлтийг амжилттай нэвтрүүлж чадсан зарим хүмүүст ихээхэн ашиг тусыг өгч байна. Технологи нь өөрөө асар үнэтэй байгаа тул хойноос дагагчдын хувьд гүйцэж өөрийн болгоход, илүү боломжтой бүүр илүү сайжирсан шинэ хувилбарууд нь гарсаар байна. Бид цаашид улам илүү бий болох боломжтой энэхүү шударга биш байдлыг дэвэргэхгүй байх хэрэгтэй бөгөөд боломжоороо бууруулах шаардлагатай. 4-р хувьсгалыг хүн бүрт ашигтай байлгах нөхцөлийг засгийн газрууд, компаниуд болон бусад олон улсын байгууллагууд хамтран хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай.

Үнэндээ технологийн өөрчлөлт нь дэлхийн геополитикийн балансад аль хэдийн нөлөөлөөд эхэлсэн. Зарим улсууд бусдаасаа илүү хүчтэй болж эхэлж байна. Дэлхий ертөнц тогтвортой, цэгцтэй байх үр дүнтэй засаглалын механизмыг бүтээхийг шаардаж байна.

19-р зууны төгсгөлөөр бий болсон Үйлдвэрлэлийн 2-р хувьсгал нь бидэнд орчин үеийн хими, автомашин, цахилгаан бараа болон бусад маш олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг авчирсан.

Эдгээр нь хүн төрөлхтөнд ашиг тустай байсан нь үнэн ч Дэлхийн 1, 2-р дайнаас гадна олон сөргөлдөөн буюу үхлийг ч дагуулсан.

Тиймээс 4-р хувьсгалыг эв зүйтэй хүлээн авч чадах эсэх нь бидний улс төрийн хамгийн том уриалга болох биз ээ.

Дээр дурдсан олон жишээнээс та боломжийг харж чадаж байна уу? Айдасыг мэдэрч байна уу? Нэгэнт энэ өөрчлөлтүүд бидний амьдралд нэвтрээд эхэлсэн байгаа тул өөрийнхөө өдөр дутамдаа хийж буй ажилдаа дүн шинжилгээ хийхийг танд зөвлөе. Цөөн хүн амтай, таруу байршилтай манай улсын хувьд энэхүү хувьсгал нь хэзээ ч мөрөөдөж байгаагүй боломжийг бий болгож мэдэх юм. Тиймээс бүгдээрээ илүү ухаантай, мэдлэгтэй байж болж буй өөрчлөлтүүдийг Монголчлоод амьдрал ахуйгаа дээшлүүлцгээх үү?

Эх сурвалж: Fourth revolution to change everything, Mauro Guillen (director of the Lauder Institute, Wharton School, University of Pennsylvania)

Ихэнх амжилттай яваа хүмүүс байнгын унших зуршилтай байдгийг та бид бүгд мэднэ. Жишээлбэл 2015 онд Фэйсбүүк компанийн захирал Марк Зүкербүрг 7 хоногт 1 ном уншиж байх зорилго тавьж байсныг санаж буй байх. Хятадын төв номын сангийн гадаа оочерлон зогсож буй залуусын зургийг ч та олон нийтийн хуудсуудаар харсан байх. Гэтэл манай Монгол залуусын хувьд дийлэнх нь унших дадалыг өөртөө суулгаагүй байгаа нь ажиглагддаг. Сурахад хэзээ ч оройтдоггүй гэдэг тул Монгол залуу та ном тогтмол уншиж доорх ашиг тусуудыг амьдралдаа нээн өөртөө болон эх орондоо үнэ цэнэтэй амьдраарай.

1. Оюуны дасгал
Хүний биеийн бүх булчингуудын адил тархийг эрүүл хүчтэй байлгахын тулд байнгын дасгал хийж байх ёстой. Ашиглагдахгүй зүйлс үгжирч байдаг бол ашиглагдаж байгаа зүйлс улам цааш хөгжиж байдаг нь хорвоогийн жам юм. Идэвхитэй уншигчдын Алзаймер буюу бидний мэддэгээр зөнөглөх өвчинд нэрвэгдэх магадлал буурдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
2. Стресс буурна
Ажил, хичээл ном, гэр бүл, найз нөхөдийн харилцаа гээд бидэнд өдөр тутам стрессдэх шалтгаан түм бумаараа бий болж байдаг. Тэгвэл сайн зохиол унших үед та номондоо орж өдөр тутмын амьдралаасаа аль хэдийн хөндийрч зовлон бэрхшээлээ түр мартдаг. Тиймээс ном уншихаа больсон ч таны бэрхшээл – таныг стрессдүүлсэн зүйлийн шалтгаан нь өчүүхэн болохыг ойлгож тайвширсан байдаг байна.
3. Мэдлэг тэлнэ
Ном уншиж байх үедээ бид тодорхой хэмжээний мэдлэгийг өөрийн тархиндаа хадгалан авч үлдэж байдаг. Та хэр их мэдлэгтэй байна амьдралд тулгарах бэрхшээлүүдтэй илүү зэвсэглэсэн тулах болно. Та ажил мэргэжил, мөнгө магадгүй эрүүл мэндээ алдсан ч таны өөрийн тархинд хуримтлуулсан мэдлэгийг хэн ч булааж авах боломжгүй.

4. Үгийн сан баяжина
Ном уншдаг хүмүүс өдөр тутмын яриандаа ч бусдаас илүү олон үгийг ашиглаж илүү өргөн хүрээтэй ярьдаг. Та бид хэдийгээр өөрийн төрөлх хэлээрээ хангалттай ойлголцдог хэдий ч яруу тансаг үг хэллэг ашиглахгүй цөөн тооны үгэн дунд эргэлдэж байдаг. Олон сайхан үг ашиглаж ярьдаг хүмүүсийг бид өөрийн мэдэлгүй хүндэтгэн харьцдаг шүү дээ. Хэр олон тооны үг хэллэг ашиглаж байгаа нь тухайн хүний боловсролын түвшинг илэрхийлдэг бас нэг чухал үзүүлэлтийн нэг байдаг. Мөн гадаад хэл сурч буй хүмүүс ном тогтмол уншиснаар үгийн сан нь баяжиж, үгийг зөв хэрэглэх хэвшил суудаг гэж гадаад хэлний багш нар дүгнэдэг бөгөөд хэл сурч буй залуусыг тухайн хэл дээрх ном зохиол уншиж байхыг зөвлөдөг.
5. Ой тогтоолт сайжирна
Ямар нэг зохиол уншиж байхдаа бид дүрүүдийн зан чанар, амьдралын замнал болон хэрхэн ямар сэжимээр хоорондоо холбогдож буй гэх мэт нарийн төвөгтэй ниваансуудыг нь санаж байх шаардлагатай байдаг. Гайхалтай нь энгийнээр тайлбарлахад бидний тархи шинэ зүйл тогтоох бүрт түүнийг хадгалах шинэ зайг гаргаж өгдөг тул хадгалагдсан мэдээлэл хоорондын дамжих зам богиносч эргүүлэн санах замыг богино болгодог. Тиймээс илүү ихийг ойлгож тогтоох тусам бидний тархи илүү хурдан шуурхай ажилдаг болдог байх нь. Гайхалтай биш гэж үү?
6. Анализ хийх чадвар сайжирна
Ихэнх зохиолууд дээр гол дүрийн баатрууд тулгарсан ямар нэг бэрхшээл саадыг давдаг. Энэ нь уншигч бидэнд түүний алдаанаас суралцах, цаашлаад ижил нөхцөл байдал тулгарвал түүнийг хэрхэн даван туулах бэ гэдэг арга замыг зааж өгдөг тул бидний толгойг багагүй ажлуулж дүгнэлт анализ хийх чадваруудыг маань хөгжүүлдэг.
7. Төвлөрөх чадвар сайжирна
Өнөөдрийн интернэтэд суурилсан технологийн эрин үед бид аливаа зүйлд төвлөрөхөөс илүүтэйгээр гар утсаараа найзтайгаа чатлан, ажлын програмд шаардлагатай өгөгдөлийг оруулангаа, и-мэйлдээ хариу өгч мөн дээрээс нь вэб хуудаснууд шүүн хэрэгтэй мэдээлэлээ хайж байдаг. Яг л таныг дүрслэн бичиж буй мэт байна уу? Харамсалтай нь энэ төрлийн олон зүйлийг зэрэг амжуулах хүсэл маань биднийг илүү стрессдүүлж, бүтээмжийг маань бууруулж байдаг. Харин ном уншиж байхдаа бид зохиолдоо л бүх анхаарлаа төвлөрүүлдэг. Тиймээс ажилаа эхлэхээс 15-20 минутын ном уншиж хэвшснээр тархиа чөлөөлөн ажилдаа илүү төвлөрдөг болохыг судлаачид нотолжээ. Та ч мөн туршаад үзээрэй!
8. Бичих чадвар сайжирна
Ямар ч сайн бичвэрт бусдын ажлаас авсан санаа ордог. Тиймээс хэн илүү их уншина түүний жишээ авч бичих, сэдвээ баяжуулах чадвар дагаад өсдөг болох нь маргаангүй үнэн ажээ.

9. Эрүүл мэндэд тустай
Сэтгэл зүйн хувьд тогтворгүй, огцом ширүүн зантай хүмүүсийг ном уншиж тайвширч байхыг зөвлөдөг. Учир нь хүн номноос өөрийгөө таних, дотоод амар амгаланг олох боломжтой байдаг. Ном унших нь хүний тархийг олон бодлоос нь чөлөөлж өгдөг тул маш хурдан, бүх сайн унтах нойрны эм болох боломжтой байх нь. Мөн саяхан нэгэн судалгаанаас чанартай сайн зохиол уншдаг хүмүүс сэтгэл санааны хувьд тогтвортой, залуу байж элдэв өвчин тусах магадлал нь буурдаг тул ном уншдаггүй хүмүүстэй харьцуулахад урт насалдаг нь тогтоогдсон байсан.
10. Бүтээлч болон ургуулан төсөөлөх чадвар өснө
Бид номон дээрх тайлбарласан зураглалаас өөрийн хэзээ ч байж үзээгүй орчинд өөрийн төсөөллийн ачаар очиж чаддаг. Ургуулан бодох, төсөөлөх чадварыг ном уншиж байнга хөгжүүлснээр хүний бүтээлч сэтгэхүй хөгждөг болох нь олон судалгааны үр дүнгээс гарчээ.

 

Эх сурвалж: http://www.lifehack.org, “10 Benefits of Reading: Why You Should Read Every Day”, Lana Winter-Hébert

2014 онд Монгол дахь Канадын элчин сайдын яамнаас Монголын боловсролын салбарт хийсэн судалгаа, дүн шинжилгээнд дурдсанаар жил бүр 24000 Монголчууд гадагшаа явж, ямар ч үед 40000 Монголчууд гадаадын аль нэг улсад суралцаж байна гэжээ. Саяхан хамтын ажиллагаа эхлүүлэх зорилгоор Улаанбаатар хотод ирж ажилласан Сингапурын боловсролын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаний Герман зөвлөх маань дээрх тоог сонсоод уулга алдахыг бодоход багагүй тоо бололтой.

Дээрх компани маань Сингапур, Хятад, Энэтхэг тэргүүтэй голдуу Азийн орны ахлах ангийн сурагчдыг АНУ, Их Британийн шилдэг их дээд сургуулиудад өөрт тохирох мэргэжлээрээ, амжилттай элсэн ороход нь зориулсан бүх талын зөвлөгөө (тохирох сургуулиа сонгох, шалгалтууддаа бэлтгэх, эссегээ бичих, ярилцлагандаа бэлтгэх гэх мэт) –г өгдөг, ингэхдээ өөрсдийн боловсруулсан комьютерийн дэвшилтэт систем (software)-ийг ашигладаг. Энэхүү систем нь тэдэнтэй ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг болон үзүүлэхийг зорьж буй төвүүдийн бүтээмж, үр дүнг мэдэгдэхүйц дээшлүүлж, ажлыг хичнээн хөнгөвчилж болохыг мэдэрсэн тэд системээ гадаад зах зээлд нэвтрүүлж эхлээд буй.

Түүнчлэн энэхүү системийн ач тусыг мэдсэн ахлах ангийн сурагчид өөрсдийнхөө санаачлагаар сургуулиудынхаа багш, удирдлагуудад мэдээлэл хүргэн сургуулиараа нэгдэн хэрэглэж буй тохиолдол Сингапур, Хятад зэрэг орнуудад цөөнгүй гарч байгаа нь технологиор дамжуулан боловсролын хүртээмжийг огцом дээшлүүлэх зорилготой Cialfo компанийханд бахархалтай үйл явдал болсон байна. Тэдний дэвшилтэт системийн талаар АНУ-ын телевизийн томоохон суваг болох CNBC хүртэл сурвалжлага бэлдсэн байх юм. Энд дарж үзнэ үү. 

Нийтлэлийн эхэнд Герман зөвлөхийг маань уулга алдуулсан гадаадад сурдаг болон сурахаар бэлтгэж буй Монгол оюутан залуусын тоо бол гадаадад суралцах хүсэлтэй хэн нэгний нийт өрсөлдөгчдийн тухайд бодвол зөвхөн Монгол гэсэн ганц улсын хэмжээний тоо гэдэг нь ойлгомжтой. Иймд Монголоос хүн ам зэрэг олон хүчин зүйлээрээ илүү бусад олон орны оюутан залуусаас ялгарч, өөрт хамгийн тохирох сургуульдаа амжилттай элсэн орж, амьдралын бусад том зорилгууддаа алхам алхмаар хүрэхийн тулд эртнээс төлөвлөгөөтэй, тактиктай бэлтгэх хэрэгтэй. Ингэхийн тулд Герман зөвлөхийн маань санал болгож буй 3 гол тактикыг дор хүргэе.

1. Гадаадад сурах бэлтгэлээ 2-3 жилийн өмнөөс хийж эхлэх;

Гадаадын нэр хүндтэй их дээд сургуулиуд жил дутам хэдэн арван мянган өргөдөл дундаас хэдхэн зуу, магадгүй хэдхэн арван оюутныг шалгаруулан авдаг. Онцлог нь эдгээр хэдэн мянган өргөдөл өгөгчдийн ихэнх нь тус тусынхаа улс, муж, сургуулийн хэмжээнд манлайлагчид байдаг. Иймд тэднээс ялгарахын тулд зөвхөн онцсайн дүнтэй байх хангалтгүй. Та хичээлээс гадуур нийгмийн тусын тулд сайн дурын ажилд идэвхитэй оролцох, эсвэл ямар нэгэн урлаг, спортын төрлөөр тууштай хичээллэх зэргээр өөрөө өөрийнхөө шилдэг хувилбарыг бий болгохын тулд идэвхитэй, тууштай, тактиктай ажиллах хэрэгтэй.

Ялангуяа хүссэн сургуульдаа өргөдөл өгөхөөс өмнөх 2-3 жилд гаргасан амжилт, оролцсон уралдаан тэмцээн, арга хэмжээнүүд чинь академик дүнгээс чинь илүү таныг товойлгох том үзүүлэлт гэдгийг санаарай.

2. Дэлхийн сургуулиудын үнэлгээний жагсаалт (world university ranking)-ыг биш зорилгодоо нийцүүлэн, сурахаар эрмэлзэж буй сургуулийнхаа жагсаалтыг өөрөө гарган баримтлах;

Гадаад, дотоодын нэр хүндтэй их дээд сургуулиуд зарим хүний хувьд толгой нь эргэмээр олон мэргэжлийн ангиудтай байдаг. Бүх мэргэжлийн хөтөлбөрүүдээ нэгэн жигд чанартай хүргэдэг сургуулиуд хуруу дарам цөөхөн. Иймд чиний сонирхол, хүсэл, чадамжинд нийцсэн мэргэжлийг л сайн чанартай олгодог сургуулийг судалж мэдээд, түүндээ элсэх бэлтгэлээ эртнээс хийгээрэй.

3. Зорьсон сургуульдаа элсэх өргөдлөө аль болох эрт өгөх;

Гадаадын томоохон их, дээд сургуулиуд ихэнхдээ өргөдөл хүлээн авах хоёр хугацаа заасан байдаг. Эхний хугацаанд багтаж өргөдлөө өгөгсөд элсэн орох төдийгүй тэтгэлэг авах магадлал хамаагүй өндөртэй байдаг. Тухайлбал доорх зурагт үзүүлсэнчлэн хэрвээ та өргөдөл хүлээн авах эхний хугацаанд нь багтаж өргөдлийн маягтаа гүйцэд, бүрэн зөв бүрдүүлэн өгсөн тохиолдолд таны Harvard, Yale зэрэг АНУ-ын төдийгүй дэлхийн шилдэг их дээд сургуулиудад тэнцэх магадлал хоёр дахь буюу хожуу хугацаанд багтаж өгснөөс даруй 3-7 дахин нэмэгддэг гэсэн судалгаа байдаг байна.

Эх сурвалж: www.cialfo.co

Хэрвээ танд дээрх зөвлөгөө таалагдсан бөгөөд илүү олон экспертийн зөвлөгөө, мэдээлэл авах хүсэлтэй бол манай сайтын мэдээлэл авах хэсэгт цахим хаягаа бүртгүүлээрэй.

Танд амжилт хүсье!

Дэлхийн дундажаар хүмүүс 20-60 нас хүртэлээ 40 жил идэвхитэй ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байдаг ч Монгол Улсын хувьд 1990 оны нийгмийн өөрчлөлт болон сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй технологийн дэвшилээс шалтгаалан 40, 50 насныханы ажилгүйдлийн түвшин өндөр хувьтай байна. Оффистоо хамтран ажиллаж буй хүмүүсээ хардаа дийлэнх нь л залуучууд байна уу? Манай 40-өөс дээш насныхан маань хаагуур юу хийгээд явж байна? Магадгүй дийлэнх нь худалдагч, жолооч, малчин, тариаланч гэх мэт биеийн хүчний хөдөлмөрийг голлон эрхлэж хувиараа эрхлэх аж ахуйтан буюу албан ёсны ажлын байргүй тогтмол орлогогүй амьдарч байгаа байх. 2010 онд Америкийн 1 судалгаанаас “дийлэнх хүмүүс 40-50 насандаа амьдралдаа хөдөлмөр эрхлээд олдог орлогынхоо 50%-г олдог” гэсэн тоо баримтыг уншиж байсан нь ой тоонд маань их тод үлджээ. Гэтэл Монголд яагаад баялагийг өөртөө болон эх орондоо бүтээх тэр л үеийнхэн маань шинэ залуу үеийнхэндээ түрэгдэн ажил мэргэжлийн хувьд өсч дэвжилгүй мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэлт рүү шилжээд байна?

Та өнөөдөр хэдэн ч настай бай 40-өөс хойших нас нь тойроод гарах даваа биш туулаад явах зам мөр тань тул ажил мэргэжлийн хувьд насан туршдаа өөртөө сэтгэл хангалуун байж, үнэ цэнээ улам нэмэгдүүлэхийн тулд энэхүү нийтлэлийг уншин суугаа байх. Тиймээс таныг жилээс жил ирэх бүр ажил мэргэжлийн хувьд илүү үнэ цэнэтэй шилдэг ажилтан болоосой гэж хүссэндээ Линкедины нөлөөлөгч (Linkedin influencer) Bernard Marr –н хэзээ ч хойш тавьж болохгүй 10-н зөвлөмжийг тоймлон хүргэе.

1. Амьдрал богино. Амьдрал нь дургүй ажлаа хийх, чамайг үнэлдэггүй даргын төлөө ажиллах болон ямар ч уртын зорилгогүй компанид ажиллахад хэтэрхий богино гэдгийг үргэлж санаарай. Бидний ихэнх нь өнөөдөрийнхөө ажлын нөхцөл байдалд сэтгэл хангалуун биш байдаг ч өдөр тутмын тогтмол орлогоо алдах вий, илүү дээр ажил олж чадахгүй байх вий гэсэн айдсаасаа болоод өөрчлөлт хийдэггүй. Гэвч чи хэр удаан амьд явахаа мэдэхгүй тул өөртөө таалагдахгүй, хожим харамсмаар нөхцөл байдалд өөрийгөө хүчээр битгий хүл. Чамд таалагдахгүй байгаа зүйлсийг өөрчлөхийн тулд яг одоо жижиг ч бай хамаагүй ямар нэг алхам хийгээрэй.
2. Нийгмийн хүрээлэл чухал. Бид ихэнхдээ бүрэг зан ажлаа л сайн хийж байвал бусад нь яахав ээ гэж боддог тул танилын хүрээгээ тэлэх тал дээр хойрго ханддаг. Мэдээж сайн мэдэхгүй хүмүүсийн дунд, дасаагүй орчинд орон хэрэгтэй хэрэггүй зүйл ярилцах нь ихэнхэд маань төвөгтэй санагддаг тул нэтворкинг арга хэмжээнүүдээс зайлхийх байдал түгээмэл байдаг. Гэсэн хэдий ч судалгаагаар нийгмийн хүрээлэл нь амжилтын чухал түлхүүр болох нь батлагдаад байна. Чухамдаа ихэнх амжилттай хүмүүс нийгмийн хүрээллээ илүү олон төрлөөр үүсгэж чадсан байдаг. Тиймээс танилын хүрээгээ тэлэхэд зориулсан цаг хугацаа оролдлогууд тань таны амжилтанд туслалцаа үзүүлнэ гэдэгт битгий эргэлзээрэй.
3. Амжилтын төлөө эрүүл мэндээ золиослох нь ухаалаг хэрэг биш. Маш олон амжилттай хүмүүс хэт их ажилласнаасаа болж эрүүл мэндийн хувьд доголдолтой болсон байдаг. Үнэндээ эрүүл хүний бүтээмж илүү өндөр байхаас гадна ямар ч амжилт болон мөнгө таны эрүүл мэндийг орлохгүй. Эрүүл мэндээ золихын оронд стрэссийнхээ түвшинг хянаж, ажил амьдралын хэвийн түвшинг хадгалж сурснаар хойшидын муу үр дагаваруудаас сэргийлээрэй.
4. Дэлгэц ширтэн сууснаас илүү амьдралынхаа давтагдашгүй мөчүүдийг мэдрээрэй. Илүү онлайнд холбогдсон өнөөдрийн нийгэмд бид амьдралын хором мөчүүдийг дэлгэцэнд хуулбарлах байдал ихээхэн ажиглагдаж байна. Гэсэн ч амьдралын төгсгөл ирэх үед та бусадтай холбоотой байхын тулд илүү олон и-мэйл утсаараа шалгаж байхыг хүсэхгүй л байх. Тиймээс онлайнаас хэсэг хөндийрч бодит амьдралаа илүүтэйгээр мэдрээрэй
5. Суралцахаа хэзээ ч зогсоож болохгүй. “Би хангалттай суралцлаа, би өөрийн гэсэн арга барилтай, амьдрах ухаантай болсон” гэж боддог хүн байна уу? Та их сургууль төгсөөд хэр удаж байна? Та их сургууль төгссөнөөсөө хойш ямар нэгэн мэргэжил дээшлүүлэх болон нэмэлт ур чадвар эзэмших сургалтуудад суусан уу? Өнөөдрийн хэт технологижсон орчинд бид шинэ ур чадваруудыг суралцахгүй өөрийн эзэмшсэн арга барилаараа л яваад байвал удахгүй хэнд ч хэрэггүй нэгэн болох аюултай. Тиймээс ажиллаж байхдаа үргэлжид суралцсанаар та цаг үеэсээ хоцрогдохгүй улам илүү амжилттай байх ирээдүй тань бүрэлдэнэ гэдгийг санаарай.
6. Олон төрлийн чадвартай бай. Та нэг л зүйлийг маш сайн хийж сурахын тулд хамаг амьдралаа зориулж байна уу? Та цөөн зүйлийг хийж чаддаг байх тусмаа дургүй ажилтайгаа зууралдаж байх эсвэл бүүр таны чадвар хийх ажилд тань хүрэлцэхгүй болох эрсдэл ихэснэ. Тиймээс өөрийгөө аль болох олон талаас нь хөгжүүлээрэй. Убэр /Uber/-т ажлын байраа алдсан таксины жолооч болон чатбот /chatbot/-оор орлуулагдсан харилцагчийн үйлчилгээний ажилчдын талаар бодоорой.
7. Та ганцаараа хурдан явж чадна тэхдээ хамтаараа илүү хол явна гэдгээ ойлгоорой. Ихэнх хүмүүс ганцаараа ажиллах сонирхолтой байдаг хэдий ч багаар маш сайн ажиллаж чаддаг хүмүүс л илүү амжилтанд хүрдэг. Цор ганцаараа бүхнийг хийдэг байдал домог болж бүхий л том ажлыг гар нийлсэн баг л гүйцэтгэх боломжтой болоод байна.
8. Санаа зовсноор юунд ч хүрэхгүй. Хэрэвээ чи том санаатай ч түүнийг биелүүлэх алхамыг хийхээсээ айдаг, бусдын өмнө үг хэлэх болон бусад хүмүүс чамайг юу гэж бодох бол гм зүйлст хэт их санаа зовдог бол амжилтанд хүрэхгүй л болов уу. Тиймээс дэмий санаа зовж суухын оронд ямар нэг урагшаа тэмүүлсэн алхам хийж байгаарай.
9. Алдаа бол төгсгөл биш. Алдаандаа бууж өгч байгаа бол та юу ч суралцаагүй байна гэсэн үг. Үүний оронд алдаагаа танд шинэ боломжийн хаалгыг нээж өгч байгааг нь хүлээн зөвшөөрөөд дахин хийж байсан зүйлээ эхнээс нь эхлээрэй.
10. Аз жаргал гэдэг бол байнгын аялал болохоос эцсийн хүрэх цэг биш. Маш олон хүн аз жаргалыг тодорхойлохдоо “Аз жаргал бол би жингээ хасч чадсан үед бий болно, ийм тийм өндөр цалинтай ажилд ороход бий болно” гм-ээр одоо байгаагаасаа хойш тавьж өгдөг. Гэвч аз жаргал гэдэг бол бидний сонголт болон зуршилын л асуудал байдаг. Та ямар ч нөхцөл байдалд бай аз жаргалыг мэдэрч чадвал илүү л амжилттай байх боломжтой юм.

За дээрх 10-н зөвлөлгөөг уншаад танд хэрэгтэй гэж бодсоноо хэрэгжүүлээрэй. Бусад ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүст өгөх зөвлөлгөө байвал сэтгэгдэлээ бичиж үлдээгээрэй.

Эх сурвалж: “10 important career lessons most people learn too late”,  www.linkedin.com 

Хүн бүр цаг хугацаатай уралдан ажиллаж, амьдрах болсон өнөө үед сунжирсан урт, уйтгартай, зардал ихтэй уулзалтуудаас илүү үр дүн сайтай, товч, тодорхой, богино уулзалтууд хийж сурах нь чадварт тооцогдох болжээ. Зарим ажил олгогчид ажил горилогчдыг дээрх чадварыг хэр эзэмшсэнийг нь тусгайлан шалгадаг болсон гэнэ. Энэ харьцангуй шинэ чадварыг гаргууд эзэмшихэд тань тус болох 5 аргыг хуваалцая.

1. Ярилцагчийнхаа нэрийг тогтоо: “Би хүний нэр тогтоохдоо муу” гэдэг шалтагыг март! Ярилцагч хүн тань нэрээ хэлэхэд анхааралтай байж, “Таньтай танилцахдаа таатай байна, Шүрээ” гэх мэтээр нэг юмуу хоёр удаа өөрт нь сонсогдохоор хэл. Тухайн хүнийхээ нүүр рүү харан, нэрийг нь давтан хэлэх танд нэрийг нь тогтооход ч нэмэртэй.

2. Дэлгэрэнгүй хариулт өг: Хэн нэгэн таниас юу хийдгийг тань асуухад “Эмч” гээд л өнгөрчилгүй “Би 3-р эмнэлгийн нүдний эмч” зэргээр цаад хүндээ яриа өрнүүлэх илүү боломж олго (жич: мэдээж хүн болгонтойгоо биш). Нөгөө талаар, ярилцагч хүнээсээ тийм, үгүй гэж хариулахаар биш асуулт асууж бай. Жишээ нь “Танд УБ-т амьдрах таалагдаж байнуу” гэхийн оронд “Танд УБ-т амьдрахын юу нь хамгийн таалагдаж байна” гэх мэт.

3. Хариулахаасаа илүү асуу: Нөгөө хүнийхээ сонирхлыг тат. Асуулт асуу. Магтаал сайшаал хэл. Гол нь богино уулзалтуудын үеэр өөрийгөө “лаг” гэж ойлгуулах биш нөгөө хүндээ намайг “лаг” юмаа гэж бодож байнадаа гэмээр сэтгэгдэл төрүүл.

4. Эерэг сэтгэгдэл төрүүл: Хэзээ ч бүү гомдолло, хэзээ ч хэн нэгэн/ ямар нэгэн зүйлийг муул! Дараа нь ярилцагч тань таныг хэн бэ гэдгээс илүү юу ярьснаар чинь санахаар, сөрөг дүр зураг л буух вий. Жишээ нь таны саяхан Европ явсан аялалын тухай асуухад нислэг тань цуцлагдаад, сөхөрч унатлаа ядарсан тухайгаа инээдэм наргиан болгож л ярьдаггүйн бол хэлэх хэрэггүй.

5. Хэзээ зогсохоо мэддэг бай: Хүмүүс танд халдаж чадахааргүй биеэ барих ёсгүй ч дөнгөж танилцсан юмуу төдийлэн дотно биш хүмүүс чинь танай ах, найз охиноосоо саяхан салсан тухай гунигт түүхийг төдийлэн сонирхохгүй гэдгийг санаж бай. Яриагаа сонирхолтой байлгах үүднээс хувийнхаа амьдрал, ахуйтай холбоотой зүйл ярьж болох боловч хэтэрхий нарийн ширийн зүйлээ бүү дэлгэ.

 

Эх сурвалж: “5 ways to make great small talk”, www.ivankatrump.com

Хэн ч төгс төрдөггүй учир хүн болгонд бусдаас дутагдалтай болон давуу зан чанарууд байдаг. Тэглээ гээд хүн би төрөлхийн ийм зантай гээд гэдийгээд суугаад байж болохгүй, нийгмийн амьтан тул аль болох ойр тойрон, харилцдаг хамт олон, гэр бүл, найз нөхөддөө таалагдаж, зохицож амьдрахаар тэмүүлэх нь эцсийн дүндээ тухайн хүнд өөрт нь хэрэгтэй гэж хэд хэдэн байгууллагаас судалгаа шинжилгээний үндсэн дээр зөвлөжээ. Хэн нэгнийг бусдад сөргөөр харагдуулж, мэдрүүлж, тухайн хүний амжилт, аз жаргалаас хомслоод байдаг 10 зүйлийн талаар судлаач Travis Bradberry доорх жагсаалтыг гаргажээ. Үүнд:

1. Хоосон сайрхал – Бусдын анхаарлыг татахын тулд өөрийгөө хэт дөвийлгөдөг нэгэн байхад, өөрийгөө хэт доош хийдэг нэгэн ч байдаг гэнэ. Энэ хоёр байдал хоёулаа хүмүүсийн дургүйг хүргэдэг.
2. Хэт албаны загнах – Ажил дээрээ ажиллаж ч хөгжилдөж ч чаддаг хүмүүст эргэн тойрныхон нь дуртай байдаг.
3. Муу сонсогч байх – Найз нөхөд, хамт ажиллагсад чинь чамтай хуваалцсан аливаа асуудлыг нь үнэн сэтгэлээсээ сонсож байсан эсэх чинь дараа нь чи тэднээс тухайн асуудлынх нь талаар лавлаж асууж байгаа эсэхээс мэдэгддэг.
4. Сэтгэлийн хөдөлгөөнөө хэт ил гаргах – Энэ таны сэтгэл хөдлөлөө хянах чадвар /EQ/-тэй шууд холбоотой. Чамтай эвгүй харьцсан нэгэнд чи дургүйцлээ хурцаар илэрхийлэхгүй сэтгэл хөдлөлөө удирдаж чадвал чи биш нөгөө хүн чинь жинхэнэ эвгүй байдалд ордог.
5. Утсаа их оролдох – Одоогийн техник, технологи их хөгжсөн нийгэмд амьд харилцааны үеэр чухал биш шалтгаанаар утсаа оролдох нь ярилцагч хүний чинь дургүйг хүргэх том үйлдэл болдог.
6. Хүний нэрийг санахгүй байх – Хүний нэрийг санахгүй байхаас гадна, санасан ч гэсэн хайхрамжгүй, “бид”-ээс илүү “би”-д анхаарал хандуулан харьцах нь ярилцагч хүний чинь дургүйг хүргэдэг.
7. Хов жив ярих – Хов жив ярих нь тухайн хүний өөрийн үнэ цэнийг их унагадаг.
8. Хэт өөрийнхөөрөө зүтгэх – Та бусдад таалагдахыг хүсдэг бол өөрийнхөөсөө өөр үзэл бодлыг сонсож, хүлээж авахдаа нээлттэй байх хэрэгтэй.
9. Хэт эрт, хэт хувийн мэдээллээ хуваалцах – Ойр дотны найз нөхөд, гэр бүлийн гишүүд биш л бол хувийн асуудлаа хэтэрхий эрт дэлгэн ярих нь хүмүүст таатай санагддаггүй.
10. Нийтийн сүлжээнд хэтэрхий идэвхитэй байх – Энэ нь таны үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй холбоотой ч бусдад төдийлэн таатай санагддаггүй. Ялангуяа өглөө, өдөр, оройн хоолондоо юу идсэн, нохойгоо хаана хэдэн цаг салхилуулсан зэргээ байнга нийтийн сүлжээгээр хуваалцах нь танд тус болохоосоо ус болох нь их.

 

Эх сурвалж: TalentSmart

Багцаалвал хүн амьдралынхаа 1/3-ийг унтаж өнгөрүүлдэг бол 1/3-ээс багагүй хугацааг ажил дээрээ өнгөрүүлдэг. Ажилдаа хэр дуртай, сэтгэл хангалуун, амжилттай байдаг зэрэг нь тухайн хүнийг амьдралынхаа үлдсэн хугацаанд сайхан байх уу, саар байх уу гэдгийг шийдэх маш том хүчин зүйл болдог. Тэгэхээр ажил мэргэжлийн сонголт гэдэг амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг яах аргагүй мөн. Гэхдээ “насны” ажлаа эрт тодорхойлох гэж яаран, шаналах хэрэггүй. Магадгүй та одоог хүртэл ямар ур чадварыг бусдаас илүү эзэмшсэн, ямар ажил үүргийг гүйцэтгэхдээ урам зоригоор тэтгэгддэг, эсвэл бүр би хэний, юуны төлөө сурч, ажиллаж байна вэ гэсэн асуултууддаа хариулт хайсаар байгаа бол та ганцаараа биш шүү гэдгийг онцолъё. Яагаад гэвэл дээрх мэт философийн асуултууд эрүүл хүн бүрт тулгардаг.

Тэглээ гээд амьдралыг урсгалаар нь элээлгүй, дээрх мэт асуултуудын хариултыг та идэвхитэй эрэлхийлэн өөрийгөө аль болох олон талаар сорьж, туршиж, хөгжүүлснээр цаг хождог. Өөр мэргэжлээр/ахисан түвшинд сурах, гадаадад аялах зэрэг нь тухайн хүн өөртөө оруулж байгаа шууд хөрөнгө оруулалт. Харин сайн дурын ажилд оролцох, нийгмийн идэвхитэй байх зэрэг нь танд шинэ танил, шинэ туршлага, шинэ мэдлэг нэмдэг та өөрөө өөртөө хийж буй шууд бус хөрөнгө оруулалт юм. Шууд болон шууд бус замаар өөртөө оруулсан бүх хөрөнгө оруулалтуудын нийлбэр чинь таныг “насны” ажил мэргэжлээ тодорхойлох түлхүүр болдог. Энэ түлхүүрийг атгах эсэх, атгалаа гэхэд хэзээ вэ гэдэг таниас өөрөөс чинь л хамаарна.

“Насны” ажил мэргэжлээ тодорхойлоход тань цаг хугацаа хэмнэх үүднээс зөвлөхөд: хамгийн түрүүнд ажиллах салбараа (боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, ашгийн бус байгууллага гэх мэт) аль болох нарийн тодорхойлоорой. Дараа нь өөрийн бүх боломж бололцоогоо бодитоор нь үнэлж дүгнэн, хүсэл мөрөөдөлтэйгээ уялдуулан тодорхойлсон ажлын салбараа илүү нарийвчлаарай (жишээ нь: эрүүл мэндийн салбарт эм зүйчээр ажиллах). Амьдрал бол өрнөлтэй үйл явц. Иймд таны гаргасан шийдвэр яваандаа өөрчлөгдөх болвол санаа зоволтгүй. Эцсийн эцэст та ямар ч мэргэжлийг сонгосон бай тэр чинь танд болон таны эргэн тойрныхонд урам зориг, баяр баясал, итгэл найдвар өгч чадаж байвал тэр л таны “насны” ажил.

 

Эх сурвалж: Michael Mamas, “How to discover your ideal profession”,Entrepreneur.com

“Ном бол ертөнцийг харах толь” гэдэг шиг таныг бусдад, ялангуяа ажил олгогчдод таниулах толь бол CV билээ. Англиар CV бичих, Монголоор анкет бөглөх харагдах байдлын хувьд ялгаатай ч, агуулгын хувьд төстэй. Иймд өөрийн CV бичих/анкет бөглөхдөө гаргаж болохгүй 9 алдааг CareerBuilder-ын зөвлөх Matt Tarpey ингэж тодорхойлжээ.

1. Үг, үсгийн алдаа гаргах: CareerBuilder-ээс 2013 онд явуулсан судалгаанд оролцогч ажил олгогчдын 58% нь үг, үсгийн алдаатай анкетыг шууд л жагсаалтаас хасдаг гэжээ.
2. Буруу мэдээлэл өгөх: Хуучин ажлын газрынхаа утас, хашиж байсан албан тушаал зэргээ худал, буруу бичиж болохгүй.
3. Яг адилхан бөглөсөн анкет өөр өөр газруудад өгөх: Анкет бөглөж буй албан байгууллагууд чинь өөр, өөр ажил үүргийн хуваарьт өөр, өөр албан тушаал эрхлэх ажилтан хайж байгаа учир тэдний хүсэл, шаардлагад нийцүүлэн өөрийн туршлага, чадварынхаа алийг нь хаана тодотгох вэ гэдгээ тооцоол.
4. Харагдах байдалд хэт их анхаарах: Өөрийн туршлага, чадвараа илэрхийлэх үгийн сонголтондоо л анхаарлаа хандуул. Ямар үсгийн фонтоор, ямар өнгөтэй хайрцаганд бичих гэх мэт харагдах байдалд их ач холбогдол өгөх хэрэггүй.
5. Тодорхой биш байх: Хаана ямар амжилт хэзээ гаргав, хуучин ажилдаа яг яаж хувь нэмэр оруулсан зэргээ аль болох тодорхой бич. (Жич: Энэ мэт чухал мэдээлэл авахын тулд манай зарим ажил олгогчид уламжлалт анкетаа шинэчлэх шаардлагатай санагддаг.)
6. Нэг хуудсанд хэтэрхий олон үг бичих: Дээр дурдсан судалгаанд оролцогчдын 66% нь дөнгөж их сургуулиа төгсөгчид нэг хуудсаас илүүгүй, 77% нь тодорхой ажлын туршлагатай өргөдөл гаргагчдын CV хоёр хуудаснаас багагүй байх нь зохистой гэж үзжээ.
7. Ажилласан хугацаагаа тодорхой бичихгүй байх: Хүүхэд төрүүлсэн зэрэг шалтгаанаар багагүй хугацаанд ажил хийлгүй завсардсан бол түүнийгээ анкетандаа бодитоор нь тодорхой тусгаж байх хэрэгтэй.
8. Өөрийн чадваруудаа бичихгүй байх: Хаана хэдэн жил ажилласан гэдгээс илүү яг ямар чадварыг давуу эзэмшсэн чинь ажил олгогчдод илүүтэй чухал мэдээлэл юм. Тэгэхээр жишээлбэл “Хэлэлцээ хийх” зэрэг чадваруудаа гарчиг болгон доор нь энэ чадвараа ямар байдлаар ашигласнаа жагсаах байдлаар харуулж болно.
9. Тухайн ажилд орсноор өөрт чинь ямар хэрэгтэй гэдэгт анхаарах: Үүний оронд тухайн ажилд чамайг авснаар тэр байгууллагад чи яаж хувь нэмрээ оруулах вэ гэдгийг тодотгож өг.

 

Эх сурвалж: “9 Glaring Résumé Mistakes Not to Make”, Christine Ryan Jyoti, Learn Vest

Алдарт Harvard Business Review – ээс хувийн болон хувьсгалын чанартай ямарч уулзалт, яриа, хэлэлцээрийг эерэгээр төгсгөж, дараа нь амаа барьсан ааш авир гаргахгүй байхад тань туслах дараах 3 аргыг зөвлөжээ. Анхааралтай уншаад, амьдрал ахуйдаа хэрэгжүүлээрэй.

1. Тэвчээрийн хязгаараа мэд: Тархинд тань эсэргүүцэл, дургүйцлийн гэрэл асч, ямар нэгэн таагүй үгс амаар тань гарахаас өмнө биеэ сайн хянаж ажигла. Хэн нэгний тэвчээр барагдаж эхлэх үед түүний зүрхний цохилт түргэсч, нүүр нь улайж, амьсгал нь давхцах нь олонтаа байдаг. Ийм шинжүүд та хэн нэгэнтэй ажлын ч бай, амин хувийн ч бай яриа өрнүүлж байхад илэрвэл таны тэсвэр алдагдаж, дургүйцэл бухимдлаа хурц хэлбэрээр гаргах гэж байгаагийн дохио байх магадлал өндөр. Та өөрийгөө ажиглаж, хянахаас гадна харилцан ярилцагч чинь гараа элгэндээ тэврэх, биеэ хөндөлдүүлэх, яриа нь түргэсч, чангарах зэрэг байдал ажиглагдвал тэр хүн тэвчээрийн хязгаартаа ойртож байгаагийн дохио байх өндөр магадлалтайг мөн анхаараарай.

2. Байдал хурцдаад ирвэл анхаарлаа өөр зүйлд хандуул: Харилцан ярилцагчдын аль нэг тал нь тэсвэр тэвчээрээ алдах магадлал өндөрссөн тохиолдолд хамгийн түрүүнд гүн амьсгаа аваарай. 4-7-8 буюу 4 тоотоор амьсгаагаа аваад, 7 тоотод бариад, 8 тоотоор гаргахад хүн ямар ч хүнд байдлаас өөрийгөө хөнгөхөн аваад гарах чадвар нэмэгддэг гэж Andrew Weil гэгч эмч зөвлөжээ. Мөн байдал хурцдаад ирвэл ярилцаж байгаа зүйлдээ бус ойр хавьдаа байгаа ханын зураг, цаг зэрэг обьект руу анхаарлаа шилжүүлэх юмуу ширээн дээр гараараа тулах зэргээр бодит зүйлсийг мэдэрвэл тархинд ассан эсэргүүцэл бухимдлын гэрлэн дохио унтрахдаа түргэн байдаг.

3. Харилцан ярилцагчаа үнэн сэтгэлээсээ ойлгохыг хичээ: Аливаа харилцан яриа, уулзалт, хэлэлцээнд хэн илүү ярьснаас илүү хэн илүү сонсож ярилцагч талынхаа яг юу хүсч, юу санааг нь зовоож байгааг ойлгосон нь илүү үр дүнд хүрэх нь түгээмэл. Ингэхийн тулд:
– ярилцагчдаа түүний тулгарсан асуудлыг хамтдаа шийдэхийг хүсч буйгаа хэлж,
– урд нь та өөрөө ямар нэгэн буруутай үг хэлж, үйлдэл гаргасан бол түүнийгээ хүлээн зөвшөөрч,
– санал нийлэхгүй ч бие биедээ хүндлэлтэй хандаж,
– харилцагчийнхаа байр суурийг ухаж ойлгохын тулд “яагаад …” гэсэн тодруулга авч,
– нэг нэгнийхээ талаар илүү мэдээлэлтэй болохыг зөвлөжээ.

Эдгээр аргыг хэн нэгэнд яах гэж тийм үг хэлэвдээ гэж амаа бариад сууж байгаа хүмүүс ч нөгөө хүнтэйгээ ахиж уулзаад хэрэглэн, ажил ч бай, амин хувийн ч бай харилцаагаа аварч үлдэх боломжтой шүү. Дээрхээс өөр амьдрал дээр туршигдаж батлагдсан аргууд мэддэг нэг нь хуваалцаарай 😉