Author Archive

Нүүр хуудас / Author's Article(s) / administrator

2014 онд Монгол дахь Канадын элчин сайдын яамнаас Монголын боловсролын салбарт хийсэн судалгаа, дүн шинжилгээнд дурдсанаар жил бүр 24000 Монголчууд гадагшаа явж, ямар ч үед 40000 Монголчууд гадаадын аль нэг улсад суралцаж байна гэжээ. Саяхан хамтын ажиллагаа эхлүүлэх зорилгоор Улаанбаатар хотод ирж ажилласан Сингапурын боловсролын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаний Герман зөвлөх маань дээрх тоог сонсоод уулга алдахыг бодоход багагүй тоо бололтой.

Дээрх компани маань Сингапур, Хятад, Энэтхэг тэргүүтэй голдуу Азийн орны ахлах ангийн сурагчдыг АНУ, Их Британийн шилдэг их дээд сургуулиудад өөрт тохирох мэргэжлээрээ, амжилттай элсэн ороход нь зориулсан бүх талын зөвлөгөө (тохирох сургуулиа сонгох, шалгалтууддаа бэлтгэх, эссегээ бичих, ярилцлагандаа бэлтгэх гэх мэт) –г өгдөг, ингэхдээ өөрсдийн боловсруулсан комьютерийн дэвшилтэт систем (software)-ийг ашигладаг. Энэхүү систем нь тэдэнтэй ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг болон үзүүлэхийг зорьж буй төвүүдийн бүтээмж, үр дүнг мэдэгдэхүйц дээшлүүлж, ажлыг хичнээн хөнгөвчилж болохыг мэдэрсэн тэд системээ гадаад зах зээлд нэвтрүүлж эхлээд буй.

Түүнчлэн энэхүү системийн ач тусыг мэдсэн ахлах ангийн сурагчид өөрсдийнхөө санаачлагаар сургуулиудынхаа багш, удирдлагуудад мэдээлэл хүргэн сургуулиараа нэгдэн хэрэглэж буй тохиолдол Сингапур, Хятад зэрэг орнуудад цөөнгүй гарч байгаа нь технологиор дамжуулан боловсролын хүртээмжийг огцом дээшлүүлэх зорилготой Cialfo компанийханд бахархалтай үйл явдал болсон байна. Тэдний дэвшилтэт системийн талаар АНУ-ын телевизийн томоохон суваг болох CNBC хүртэл сурвалжлага бэлдсэн байх юм. Энд дарж үзнэ үү. 

Нийтлэлийн эхэнд Герман зөвлөхийг маань уулга алдуулсан гадаадад сурдаг болон сурахаар бэлтгэж буй Монгол оюутан залуусын тоо бол гадаадад суралцах хүсэлтэй хэн нэгний нийт өрсөлдөгчдийн тухайд бодвол зөвхөн Монгол гэсэн ганц улсын хэмжээний тоо гэдэг нь ойлгомжтой. Иймд Монголоос хүн ам зэрэг олон хүчин зүйлээрээ илүү бусад олон орны оюутан залуусаас ялгарч, өөрт хамгийн тохирох сургуульдаа амжилттай элсэн орж, амьдралын бусад том зорилгууддаа алхам алхмаар хүрэхийн тулд эртнээс төлөвлөгөөтэй, тактиктай бэлтгэх хэрэгтэй. Ингэхийн тулд Герман зөвлөхийн маань санал болгож буй 3 гол тактикыг дор хүргэе.

1. Гадаадад сурах бэлтгэлээ 2-3 жилийн өмнөөс хийж эхлэх;

Гадаадын нэр хүндтэй их дээд сургуулиуд жил дутам хэдэн арван мянган өргөдөл дундаас хэдхэн зуу, магадгүй хэдхэн арван оюутныг шалгаруулан авдаг. Онцлог нь эдгээр хэдэн мянган өргөдөл өгөгчдийн ихэнх нь тус тусынхаа улс, муж, сургуулийн хэмжээнд манлайлагчид байдаг. Иймд тэднээс ялгарахын тулд зөвхөн онцсайн дүнтэй байх хангалтгүй. Та хичээлээс гадуур нийгмийн тусын тулд сайн дурын ажилд идэвхитэй оролцох, эсвэл ямар нэгэн урлаг, спортын төрлөөр тууштай хичээллэх зэргээр өөрөө өөрийнхөө шилдэг хувилбарыг бий болгохын тулд идэвхитэй, тууштай, тактиктай ажиллах хэрэгтэй.

Ялангуяа хүссэн сургуульдаа өргөдөл өгөхөөс өмнөх 2-3 жилд гаргасан амжилт, оролцсон уралдаан тэмцээн, арга хэмжээнүүд чинь академик дүнгээс чинь илүү таныг товойлгох том үзүүлэлт гэдгийг санаарай.

2. Дэлхийн сургуулиудын үнэлгээний жагсаалт (world university ranking)-ыг биш зорилгодоо нийцүүлэн, сурахаар эрмэлзэж буй сургуулийнхаа жагсаалтыг өөрөө гарган баримтлах;

Гадаад, дотоодын нэр хүндтэй их дээд сургуулиуд зарим хүний хувьд толгой нь эргэмээр олон мэргэжлийн ангиудтай байдаг. Бүх мэргэжлийн хөтөлбөрүүдээ нэгэн жигд чанартай хүргэдэг сургуулиуд хуруу дарам цөөхөн. Иймд чиний сонирхол, хүсэл, чадамжинд нийцсэн мэргэжлийг л сайн чанартай олгодог сургуулийг судалж мэдээд, түүндээ элсэх бэлтгэлээ эртнээс хийгээрэй.

3. Зорьсон сургуульдаа элсэх өргөдлөө аль болох эрт өгөх;

Гадаадын томоохон их, дээд сургуулиуд ихэнхдээ өргөдөл хүлээн авах хоёр хугацаа заасан байдаг. Эхний хугацаанд багтаж өргөдлөө өгөгсөд элсэн орох төдийгүй тэтгэлэг авах магадлал хамаагүй өндөртэй байдаг. Тухайлбал доорх зурагт үзүүлсэнчлэн хэрвээ та өргөдөл хүлээн авах эхний хугацаанд нь багтаж өргөдлийн маягтаа гүйцэд, бүрэн зөв бүрдүүлэн өгсөн тохиолдолд таны Harvard, Yale зэрэг АНУ-ын төдийгүй дэлхийн шилдэг их дээд сургуулиудад тэнцэх магадлал хоёр дахь буюу хожуу хугацаанд багтаж өгснөөс даруй 3-7 дахин нэмэгддэг гэсэн судалгаа байдаг байна.

Эх сурвалж: www.cialfo.co

Хэрвээ танд дээрх зөвлөгөө таалагдсан бөгөөд илүү олон экспертийн зөвлөгөө, мэдээлэл авах хүсэлтэй бол манай сайтын мэдээлэл авах хэсэгт цахим хаягаа бүртгүүлээрэй.

Танд амжилт хүсье!

2016 оны 09 дүгээр сарын сүүлээр Канадын Монтреаль хотод Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын төрөлжсөн агентлаг Иргэний нисэхийн олон улсын байгууллага (ИКАО)-ын 3 жил дутамд нэг удаа зохион байгуулагддаг Ассемблэйн чуулган хуралдаж дэлхийн 190 гаран орны 2500-аад төлөөлөгч оролцлоо.

Энэ үеэр бидний анхаарлыг татсан хоёр содон асуудал хэлэлцэгдсэнийг дор тоймлоё.

1. Дроныг нисэх онгоц, нисдэг тэрэгний адил дүрэм журмаар зохицуулах шаардлагатай юу?
Тиймээр барах уу. “Амьдралын шаардлагаар” гэдэг шиг өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байгаа техник, технологи, тэдгээрийн зохистой бөгөөд аюулгүй хэрэглээг зохицуулахын тулд дэлхийн олон орнууд дроны хэрэглээтэй холбоотой хууль, дүрэм журам баталж, албан ёсны зохицуулалт хийж байна. Арга ч үгүй биз, цаг үеийн няцаашгүй шаардлага байгаа юм чинь. Жишээ нь АНУ-ын Холбооны Нисэхийн удирдах газар /FAA/-аас 2016 оны 03-р сард гаргасан тайланд өнгөрсөн хагас жил орчмын хугацаанд зөвхөн АНУ-д л гэхэд дронтой холбоотой 600 гаран осол зөрчил гарсан тухай онцолжээ.
Мөн дрон нисгэгч бэлтгэх сургалт, дрон нисгэгчдийн олон улсын тэмцээн зэрэг цаг үеийн шаардлагаар энэхүү бие жижиг ч бэлчээр томтой техниктэй холбоотой олон шинэ үзэгдлүүд ар араасаа урган гарч байна.


Image credit: http://www.techweekeurope.co.uk/

2. Бөмбөлөгний тусламжтай дэлхий аалзны шүлсэнд илүү хэрэгдэнэ.
Google компаний толгой болох Alphabet компаний сүүлийн үед хэрэгжүүлж байгаа хамгийн томоохон төслүүдийн нэг нь Project Loon буюу тусгай техник, технологийн тусламжтай үйлдвэрлэсэн агаарын бөмбөлөг ашиглан интернет ашиглах боломжгүй байгаа дэлхийн хүн амын тэн хагаст интернетийг хүртээмжтэй болгох, цаашлаад интернетээр дамжуулан хэрэгцээтэй мэдээ мэдээллийг нь хүргэхэд чиглэсэн мега төсөл юм.

Image credit: http://www.digitaltrends.com/

Интернетэд холбогдох нь тодорхой сөрөг үр дагавруудтай ч амьжиргааны түвшин төдийлэн дээгүүр бус юмуу алслагдсан бүс нутгийн иргэд, фермерүүдэд эрүүл мэнд, цаг агаарын мэдээ мэдээллийг найдвартай эх сурвалжаас, цаг алдалгүй авах хамгийн оновчтой арга нь интернет байж чадна гэж энэ төслийнхэн үзэж байна.
Дрон, нисэх онгоцнуудтай мөргөлдөх, хувийн эзэмшлийн газруудад зөвшөөрөлгүй нэвтрэх зэрэг олон зөрчил гаргаж байгаа. Project Loon бөмбөлгүүдээ энэ мэт хэл ам, эрсдэлд өртүүлэхгүйн тулд (эрсдэлийг хамгийн бага түвшинд барихын тулд) улс орнуудын нисэхийн удирдах газрууд, нислэгийн удирдлагын төвүүдтэй хамтран ажиллахаар гэрээ, хэлцэл хийж байгаа юм байна. Одоогийн байдлаар 10 гаран улстай гэрээ байгуулж, 15 гаран улстай хэлэлцээ хийж байгаа мэдээтэй байна. Удахгүй манай Монголын Иргэний нисэхийн ерөнхий газартай ч энэ асуудлаар хэлэлцээ хийж, гэрээ байгуулах бизээ.

Дэлхийн дундажаар хүмүүс 20-60 нас хүртэлээ 40 жил идэвхитэй ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байдаг ч Монгол Улсын хувьд 1990 оны нийгмийн өөрчлөлт болон сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй технологийн дэвшилээс шалтгаалан 40, 50 насныханы ажилгүйдлийн түвшин өндөр хувьтай байна. Оффистоо хамтран ажиллаж буй хүмүүсээ хардаа дийлэнх нь л залуучууд байна уу? Манай 40-өөс дээш насныхан маань хаагуур юу хийгээд явж байна? Магадгүй дийлэнх нь худалдагч, жолооч, малчин, тариаланч гэх мэт биеийн хүчний хөдөлмөрийг голлон эрхлэж хувиараа эрхлэх аж ахуйтан буюу албан ёсны ажлын байргүй тогтмол орлогогүй амьдарч байгаа байх. 2010 онд Америкийн 1 судалгаанаас “дийлэнх хүмүүс 40-50 насандаа амьдралдаа хөдөлмөр эрхлээд олдог орлогынхоо 50%-г олдог” гэсэн тоо баримтыг уншиж байсан нь ой тоонд маань их тод үлджээ. Гэтэл Монголд яагаад баялагийг өөртөө болон эх орондоо бүтээх тэр л үеийнхэн маань шинэ залуу үеийнхэндээ түрэгдэн ажил мэргэжлийн хувьд өсч дэвжилгүй мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэлт рүү шилжээд байна?

Та өнөөдөр хэдэн ч настай бай 40-өөс хойших нас нь тойроод гарах даваа биш туулаад явах зам мөр тань тул ажил мэргэжлийн хувьд насан туршдаа өөртөө сэтгэл хангалуун байж, үнэ цэнээ улам нэмэгдүүлэхийн тулд энэхүү нийтлэлийг уншин суугаа байх. Тиймээс таныг жилээс жил ирэх бүр ажил мэргэжлийн хувьд илүү үнэ цэнэтэй шилдэг ажилтан болоосой гэж хүссэндээ Линкедины нөлөөлөгч (Linkedin influencer) Bernard Marr –н хэзээ ч хойш тавьж болохгүй 10-н зөвлөмжийг тоймлон хүргэе.

1. Амьдрал богино. Амьдрал нь дургүй ажлаа хийх, чамайг үнэлдэггүй даргын төлөө ажиллах болон ямар ч уртын зорилгогүй компанид ажиллахад хэтэрхий богино гэдгийг үргэлж санаарай. Бидний ихэнх нь өнөөдөрийнхөө ажлын нөхцөл байдалд сэтгэл хангалуун биш байдаг ч өдөр тутмын тогтмол орлогоо алдах вий, илүү дээр ажил олж чадахгүй байх вий гэсэн айдсаасаа болоод өөрчлөлт хийдэггүй. Гэвч чи хэр удаан амьд явахаа мэдэхгүй тул өөртөө таалагдахгүй, хожим харамсмаар нөхцөл байдалд өөрийгөө хүчээр битгий хүл. Чамд таалагдахгүй байгаа зүйлсийг өөрчлөхийн тулд яг одоо жижиг ч бай хамаагүй ямар нэг алхам хийгээрэй.
2. Нийгмийн хүрээлэл чухал. Бид ихэнхдээ бүрэг зан ажлаа л сайн хийж байвал бусад нь яахав ээ гэж боддог тул танилын хүрээгээ тэлэх тал дээр хойрго ханддаг. Мэдээж сайн мэдэхгүй хүмүүсийн дунд, дасаагүй орчинд орон хэрэгтэй хэрэггүй зүйл ярилцах нь ихэнхэд маань төвөгтэй санагддаг тул нэтворкинг арга хэмжээнүүдээс зайлхийх байдал түгээмэл байдаг. Гэсэн хэдий ч судалгаагаар нийгмийн хүрээлэл нь амжилтын чухал түлхүүр болох нь батлагдаад байна. Чухамдаа ихэнх амжилттай хүмүүс нийгмийн хүрээллээ илүү олон төрлөөр үүсгэж чадсан байдаг. Тиймээс танилын хүрээгээ тэлэхэд зориулсан цаг хугацаа оролдлогууд тань таны амжилтанд туслалцаа үзүүлнэ гэдэгт битгий эргэлзээрэй.
3. Амжилтын төлөө эрүүл мэндээ золиослох нь ухаалаг хэрэг биш. Маш олон амжилттай хүмүүс хэт их ажилласнаасаа болж эрүүл мэндийн хувьд доголдолтой болсон байдаг. Үнэндээ эрүүл хүний бүтээмж илүү өндөр байхаас гадна ямар ч амжилт болон мөнгө таны эрүүл мэндийг орлохгүй. Эрүүл мэндээ золихын оронд стрэссийнхээ түвшинг хянаж, ажил амьдралын хэвийн түвшинг хадгалж сурснаар хойшидын муу үр дагаваруудаас сэргийлээрэй.
4. Дэлгэц ширтэн сууснаас илүү амьдралынхаа давтагдашгүй мөчүүдийг мэдрээрэй. Илүү онлайнд холбогдсон өнөөдрийн нийгэмд бид амьдралын хором мөчүүдийг дэлгэцэнд хуулбарлах байдал ихээхэн ажиглагдаж байна. Гэсэн ч амьдралын төгсгөл ирэх үед та бусадтай холбоотой байхын тулд илүү олон и-мэйл утсаараа шалгаж байхыг хүсэхгүй л байх. Тиймээс онлайнаас хэсэг хөндийрч бодит амьдралаа илүүтэйгээр мэдрээрэй
5. Суралцахаа хэзээ ч зогсоож болохгүй. “Би хангалттай суралцлаа, би өөрийн гэсэн арга барилтай, амьдрах ухаантай болсон” гэж боддог хүн байна уу? Та их сургууль төгсөөд хэр удаж байна? Та их сургууль төгссөнөөсөө хойш ямар нэгэн мэргэжил дээшлүүлэх болон нэмэлт ур чадвар эзэмших сургалтуудад суусан уу? Өнөөдрийн хэт технологижсон орчинд бид шинэ ур чадваруудыг суралцахгүй өөрийн эзэмшсэн арга барилаараа л яваад байвал удахгүй хэнд ч хэрэггүй нэгэн болох аюултай. Тиймээс ажиллаж байхдаа үргэлжид суралцсанаар та цаг үеэсээ хоцрогдохгүй улам илүү амжилттай байх ирээдүй тань бүрэлдэнэ гэдгийг санаарай.
6. Олон төрлийн чадвартай бай. Та нэг л зүйлийг маш сайн хийж сурахын тулд хамаг амьдралаа зориулж байна уу? Та цөөн зүйлийг хийж чаддаг байх тусмаа дургүй ажилтайгаа зууралдаж байх эсвэл бүүр таны чадвар хийх ажилд тань хүрэлцэхгүй болох эрсдэл ихэснэ. Тиймээс өөрийгөө аль болох олон талаас нь хөгжүүлээрэй. Убэр /Uber/-т ажлын байраа алдсан таксины жолооч болон чатбот /chatbot/-оор орлуулагдсан харилцагчийн үйлчилгээний ажилчдын талаар бодоорой.
7. Та ганцаараа хурдан явж чадна тэхдээ хамтаараа илүү хол явна гэдгээ ойлгоорой. Ихэнх хүмүүс ганцаараа ажиллах сонирхолтой байдаг хэдий ч багаар маш сайн ажиллаж чаддаг хүмүүс л илүү амжилтанд хүрдэг. Цор ганцаараа бүхнийг хийдэг байдал домог болж бүхий л том ажлыг гар нийлсэн баг л гүйцэтгэх боломжтой болоод байна.
8. Санаа зовсноор юунд ч хүрэхгүй. Хэрэвээ чи том санаатай ч түүнийг биелүүлэх алхамыг хийхээсээ айдаг, бусдын өмнө үг хэлэх болон бусад хүмүүс чамайг юу гэж бодох бол гм зүйлст хэт их санаа зовдог бол амжилтанд хүрэхгүй л болов уу. Тиймээс дэмий санаа зовж суухын оронд ямар нэг урагшаа тэмүүлсэн алхам хийж байгаарай.
9. Алдаа бол төгсгөл биш. Алдаандаа бууж өгч байгаа бол та юу ч суралцаагүй байна гэсэн үг. Үүний оронд алдаагаа танд шинэ боломжийн хаалгыг нээж өгч байгааг нь хүлээн зөвшөөрөөд дахин хийж байсан зүйлээ эхнээс нь эхлээрэй.
10. Аз жаргал гэдэг бол байнгын аялал болохоос эцсийн хүрэх цэг биш. Маш олон хүн аз жаргалыг тодорхойлохдоо “Аз жаргал бол би жингээ хасч чадсан үед бий болно, ийм тийм өндөр цалинтай ажилд ороход бий болно” гм-ээр одоо байгаагаасаа хойш тавьж өгдөг. Гэвч аз жаргал гэдэг бол бидний сонголт болон зуршилын л асуудал байдаг. Та ямар ч нөхцөл байдалд бай аз жаргалыг мэдэрч чадвал илүү л амжилттай байх боломжтой юм.

За дээрх 10-н зөвлөлгөөг уншаад танд хэрэгтэй гэж бодсоноо хэрэгжүүлээрэй. Бусад ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүст өгөх зөвлөлгөө байвал сэтгэгдэлээ бичиж үлдээгээрэй.

Эх сурвалж: “10 important career lessons most people learn too late”,  www.linkedin.com 

Хүн бүр цаг хугацаатай уралдан ажиллаж, амьдрах болсон өнөө үед сунжирсан урт, уйтгартай, зардал ихтэй уулзалтуудаас илүү үр дүн сайтай, товч, тодорхой, богино уулзалтууд хийж сурах нь чадварт тооцогдох болжээ. Зарим ажил олгогчид ажил горилогчдыг дээрх чадварыг хэр эзэмшсэнийг нь тусгайлан шалгадаг болсон гэнэ. Энэ харьцангуй шинэ чадварыг гаргууд эзэмшихэд тань тус болох 5 аргыг хуваалцая.

1. Ярилцагчийнхаа нэрийг тогтоо: “Би хүний нэр тогтоохдоо муу” гэдэг шалтагыг март! Ярилцагч хүн тань нэрээ хэлэхэд анхааралтай байж, “Таньтай танилцахдаа таатай байна, Шүрээ” гэх мэтээр нэг юмуу хоёр удаа өөрт нь сонсогдохоор хэл. Тухайн хүнийхээ нүүр рүү харан, нэрийг нь давтан хэлэх танд нэрийг нь тогтооход ч нэмэртэй.

2. Дэлгэрэнгүй хариулт өг: Хэн нэгэн таниас юу хийдгийг тань асуухад “Эмч” гээд л өнгөрчилгүй “Би 3-р эмнэлгийн нүдний эмч” зэргээр цаад хүндээ яриа өрнүүлэх илүү боломж олго (жич: мэдээж хүн болгонтойгоо биш). Нөгөө талаар, ярилцагч хүнээсээ тийм, үгүй гэж хариулахаар биш асуулт асууж бай. Жишээ нь “Танд УБ-т амьдрах таалагдаж байнуу” гэхийн оронд “Танд УБ-т амьдрахын юу нь хамгийн таалагдаж байна” гэх мэт.

3. Хариулахаасаа илүү асуу: Нөгөө хүнийхээ сонирхлыг тат. Асуулт асуу. Магтаал сайшаал хэл. Гол нь богино уулзалтуудын үеэр өөрийгөө “лаг” гэж ойлгуулах биш нөгөө хүндээ намайг “лаг” юмаа гэж бодож байнадаа гэмээр сэтгэгдэл төрүүл.

4. Эерэг сэтгэгдэл төрүүл: Хэзээ ч бүү гомдолло, хэзээ ч хэн нэгэн/ ямар нэгэн зүйлийг муул! Дараа нь ярилцагч тань таныг хэн бэ гэдгээс илүү юу ярьснаар чинь санахаар, сөрөг дүр зураг л буух вий. Жишээ нь таны саяхан Европ явсан аялалын тухай асуухад нислэг тань цуцлагдаад, сөхөрч унатлаа ядарсан тухайгаа инээдэм наргиан болгож л ярьдаггүйн бол хэлэх хэрэггүй.

5. Хэзээ зогсохоо мэддэг бай: Хүмүүс танд халдаж чадахааргүй биеэ барих ёсгүй ч дөнгөж танилцсан юмуу төдийлэн дотно биш хүмүүс чинь танай ах, найз охиноосоо саяхан салсан тухай гунигт түүхийг төдийлэн сонирхохгүй гэдгийг санаж бай. Яриагаа сонирхолтой байлгах үүднээс хувийнхаа амьдрал, ахуйтай холбоотой зүйл ярьж болох боловч хэтэрхий нарийн ширийн зүйлээ бүү дэлгэ.

 

Эх сурвалж: “5 ways to make great small talk”, www.ivankatrump.com

“Хүчирхэг хос” гэдэг ойлголт монголчуудын дунд төдийлэн түгээмэл биш. Харин хөгжингүй орнуудад амь, албаны ажлаа аль алиныг нь цалгардуулалгүй амжилттай авч явахын зэрэгцээ бие, биенээ хүүхэд шуухадтайгаа хамт happy байлгаж чаддаг хосыг “хүчирхэг хос” гэж нэрлээд байна.

Жишээ нь Facebook-н босс Mark Zuckerberg, түүний эхнэр, Харвардын төгсөгч, эмч Priscilla Chan, Microsoft-ын үндэслэгч Bill Gates, түүний эхнэр, сайн үйлсийн сангийнх нь тэргүүн Melinda Gates гэх мэт. Эдгээр хүчирхэг хосд дараах 8 шинж түгээмэл байдаг гэж Rachel Gillett бичжээ. Үүнд:

1. Тэд бие, биетэйгээ цагийг хамт өнгөрөөхийг чухалчилдаг. Долоо хоног бүр хоёулахнаа болзох, амралтын өдрүүдээр ойр дотныхоо гэр бүлийнхэнтэйгээ цуг салхинд гарах г.м.
2. Тэд хамтдаа бусдад тустай, сайн сайхан үйл хийдэг. Ингэснээр тэд сэтгэл хөдлөл, аз жаргалаа жинхэнэ утгаар нь хамт хуваалцах илүү боломжтой болдог.
3. Тэд бие, биетэйгээ болж өгвөл өдөр бүр утга агуулгатай харилцан яриа өрнүүлж, нэг нэгнээ сайн сонсож, тулгарсан асуудал бэрхшээлийг нь шийдэх гарцыг хамт зөвлөлддөг.
4. Тэд харилцааныхаа талаар сэтгэл хангалуун биш байгаа зүйлийнхээ талаар бага гэлтгүй ярилцаж, дор дор нь шийдэхийг зорьдог. Үгүй бол шийдэлгүй бага, багаар хуримтлагдсан асуудлууд нийлж тэсрэхээрээ хэтэрхий эрсдэлтэй төдийгүй хүсээгүй үр дагаврыг авчрах нь элбэг.
5. Тэд бие, биедээ баярласан, талархсанаа илэрхийлдэг. Гэхдээ энэ нь үнэтэй эд зүйлс авч өгсөнийх нь төлөө баярлахаас өөр. Харин нөхөртөө хүү нь сэтгэлээр унасан үед цаг гарган, харилцан ярилцаж тайвшруулсанд нь талархах гэх мэт талархал юм.
6. Тэд харилцаандаа хамгийн чухал гэсэн зүйлсийнхээ талаар эртнээс ярилцан, тохиролцдог. Үүнд хайрлуулах болон физилогийн хэрэгцээтэй холбоотой нарийн сэдвүүд багтана.
7. Тэд бие, биедээ гаргаж болох бүх цагаа зориулдаг. Амжилттай ажил, сайхан хамт олон зэрэг зуурдын олон зүйлс хосуудыг харилцаанаасаа анхаарлаа сарниулахад хүргэдэг. Иймд хүчирхэг хосууд ямарч тохиолдолд гэр бүлээ нэн тэргүүнд тавьдаг.
8. Тэд ажил-хувийн амьдралын тэнцвэрийг хангадаг, гэр бүлтэй хүмүүст ээлтэй байгууллагад ажилладаг.
Манайхаас олны танил хүчирхэг хосыг нэрлээч гэвэл Sodbileg Otgonbileg, Tuul Erdenechuluun гэж миний толгойд орж ирж байна. Та нар өөр хэнийг хүчирхэг хос гэж бодож байна?

Эх сурвалж: “Successful power couples that stay together have these 8 things in common”, Business Insider

150 тэрбум ам.долларын (жич: Монгол улсын жилийн ДНБ-ээс 10-н хэд дахин их) хөрөнгийг удирддаг АНУ-ын эрсдэлийн сан болох Bridgewater Associates нь байгууллагаа тогтвортой, амжилттай хөгжүүлье гэвэл чин сэтгэлтэй, зүтгэлтэй, хамгийн гол нь хамт олонтойгоо нийцтэй ажилчид авч ажиллуулах гэж итгэдэг учраас ажилчдаа авахдаа ч, компанид нь орсных нь дараа ч “аймар” гэж хэлж болохоор нарийн шалгуураар, хэдэн цагийн турш шалгадаг аж. Тухайлбал:
Fortune 500 компанийн 80% нь хэрэглэдэг MBIT гэдэг тестээр ажил горилогчдын сэтгэл зүйн төрлийг тодорхойлдог. Энэ тестээр бол хүмүүсийг дараах байдлаар ерөнхийлэн ангилж болдог гэнэ.
1. Гадаад ертөнцтэй харилцах – а) Дотогшоо хүн: ганцаараа юмуу жижиг багт орж ажиллах дуртай, үүрэг даалгавраа нэг нэгээр нь төвлөрч хийдэг гэх мэт; б) Гадагшаа хүн: олон хүнтэй, бужигнасан, хурдтай нөхцөлд ажиллах дуртай, нэг дор хэд хэдэн үүрэг даалгаврыг зэрэг гүйцэтгэдэг.
2. Мэдээллийг хүлээж авах – а) Шинжлэгч: тоо баримт, өмнөх туршлага зэрэгт өндөр ач холбогдол өгдөг, б) Зөн совиндоо итгэгч: аливаа боломж, бүтээлч, шинэ санал санаачлагад гол анхаарлаа хандуулдаг.
3. Шийдвэр гаргах – а) Бодогч: дүн шинжилгээ, давуу болон дуталдалтай талын харьцуулалт, шударга байдал гэх мэт баримттай зүйлсийг бодолцож байж шийдвэр гаргадаг, б) Мэдрэмжинд итгэгч: шийдвэр гаргахдаа баримт сэлтээс илүү өөрийн болон бусдын мэдрэмж, сэтгэл санааг бодолцдог.
4. Зохион байгуулалт – а) Шүүн тунгаагч: зохион байгуулалт, бэлтгэл сайтай, төлөвлөгөөний дагуу ажилладаг, ихэнхдээ дүрэм журмыг сайн баримталдаг, б) Ажиглагч: өөрийн боломж, нөхцлүүдээ нээлттэй байлгаж, шийдвэрийг тэр дор нь гаргадаг, хатуу төлөвлөгөөнд баригддаггүй.
Дээрх тестээр ажил горилогчоо тодорхойлж, санал болгож буй ажлын байранд нь тохирох эсэхийг харьцуулсны дараа Bridgewater өөрийн боловсруулсан гурван өөр асуулгаар шалгана. Энэ бүх шалгалт, асуулгыг даван тухайн компанид ажилд орсон бол “компаний хөгжил бол ажилтны хөгжил” гэх Bridgewater-ын стратегийн дагуу ажилтнууд нь байнга өсч дэвжих боломжоор хангагддаг.
Илүү дэлгэрэнгүйг дараах эх сурвалжаар орон уншаарай.
Эх сурвалж: “These are the personality tests you take to get a job at the world’s largest hedge fund”, Business Insider

Fun Yuanhui гэгч Хятадын усанд сэлэлтийн тамирчин дэлхий даяар шуугиан тарьж байна. Тэр алт авсангүй, хүрэл медаль авчлаа гэж уйлаагүй, харин бүр баярласан, баярлахдаа хацраа бумбайлгаж ирээд бусад медалийн эзэдтэй зургаа татуулсан, тэр бүү хэл тэрбээр тэмцээний үеэр сарын тэмдэг нь ирсэн байсан тухай хээв нэг сэтгүүлчид ярилцлага өгсөн.

2016 оны байдлаар 28 спортын төрлөөр 11000 тамирчин дэлхийн 206 улсыг төлөөлөн оролцож буй Олимпийн НААДАМ-д БНХАУ 1932 онд анх оролцсон бөгөөд Хятадын коммунист намаас спортын энэ арга хэмжээг эх орныхоо “зөөлөн хүч”-ийг дэлхий нийтэд таниулах чухал арга хэрэгсэл гэж үзэн онцгой анхаарал хандуулж иржээ. Үүний хариуд тамирчид нь ч НААДАМ гэхээсээ илүү хуйвалдаан, улс төрийн наймаалцал төгс утгаараа явагдах болсон, зохион байгуулж байгаа болон оролцож байгаа орондоо үр өгөөж илүү өгөөд байнуу эсрэгээрээ зардал илүү гаргуулаад байнуу гэдэг нь тодорхойгүй байдаг энэ арга хэмжээнд алтан медаль зүүхийн тулд амь амьдралаа зориулж, ялагдал бул гутамшиг гэж үзэн зүтгэсээр иржээ. (Жишээлбэл: Олимпийн наадамд зориулан ард иргэдээсээ хэдэн жил цуглуулсан татварын мөнгөөр барьсан том, том стадион, барилга байгууламжууд наадам дуусаад л дийлэнх ихэнх нь ашиглагдахгүй, үргүй зардал болон үлддэг.

Гэтэл 20 настай Yuanhui-н үйлдэл, үг хэл 120 жилийн өмнө Грект бултаараа хөгжин баясахаар эхлүүлсэн НААДАМ бол наадан баясах л хэлбэр болохоос, улс орнууд нэг нэгнээ үзэн ядаж, гутаан доромжилж, ард иргэд хэрэлдэн муудалцах талбар баймааргүй байна шд гэдгийг санууллаа.

Хэн ч төгс төрдөггүй учир хүн болгонд бусдаас дутагдалтай болон давуу зан чанарууд байдаг. Тэглээ гээд хүн би төрөлхийн ийм зантай гээд гэдийгээд суугаад байж болохгүй, нийгмийн амьтан тул аль болох ойр тойрон, харилцдаг хамт олон, гэр бүл, найз нөхөддөө таалагдаж, зохицож амьдрахаар тэмүүлэх нь эцсийн дүндээ тухайн хүнд өөрт нь хэрэгтэй гэж хэд хэдэн байгууллагаас судалгаа шинжилгээний үндсэн дээр зөвлөжээ. Хэн нэгнийг бусдад сөргөөр харагдуулж, мэдрүүлж, тухайн хүний амжилт, аз жаргалаас хомслоод байдаг 10 зүйлийн талаар судлаач Travis Bradberry доорх жагсаалтыг гаргажээ. Үүнд:

1. Хоосон сайрхал – Бусдын анхаарлыг татахын тулд өөрийгөө хэт дөвийлгөдөг нэгэн байхад, өөрийгөө хэт доош хийдэг нэгэн ч байдаг гэнэ. Энэ хоёр байдал хоёулаа хүмүүсийн дургүйг хүргэдэг.
2. Хэт албаны загнах – Ажил дээрээ ажиллаж ч хөгжилдөж ч чаддаг хүмүүст эргэн тойрныхон нь дуртай байдаг.
3. Муу сонсогч байх – Найз нөхөд, хамт ажиллагсад чинь чамтай хуваалцсан аливаа асуудлыг нь үнэн сэтгэлээсээ сонсож байсан эсэх чинь дараа нь чи тэднээс тухайн асуудлынх нь талаар лавлаж асууж байгаа эсэхээс мэдэгддэг.
4. Сэтгэлийн хөдөлгөөнөө хэт ил гаргах – Энэ таны сэтгэл хөдлөлөө хянах чадвар /EQ/-тэй шууд холбоотой. Чамтай эвгүй харьцсан нэгэнд чи дургүйцлээ хурцаар илэрхийлэхгүй сэтгэл хөдлөлөө удирдаж чадвал чи биш нөгөө хүн чинь жинхэнэ эвгүй байдалд ордог.
5. Утсаа их оролдох – Одоогийн техник, технологи их хөгжсөн нийгэмд амьд харилцааны үеэр чухал биш шалтгаанаар утсаа оролдох нь ярилцагч хүний чинь дургүйг хүргэх том үйлдэл болдог.
6. Хүний нэрийг санахгүй байх – Хүний нэрийг санахгүй байхаас гадна, санасан ч гэсэн хайхрамжгүй, “бид”-ээс илүү “би”-д анхаарал хандуулан харьцах нь ярилцагч хүний чинь дургүйг хүргэдэг.
7. Хов жив ярих – Хов жив ярих нь тухайн хүний өөрийн үнэ цэнийг их унагадаг.
8. Хэт өөрийнхөөрөө зүтгэх – Та бусдад таалагдахыг хүсдэг бол өөрийнхөөсөө өөр үзэл бодлыг сонсож, хүлээж авахдаа нээлттэй байх хэрэгтэй.
9. Хэт эрт, хэт хувийн мэдээллээ хуваалцах – Ойр дотны найз нөхөд, гэр бүлийн гишүүд биш л бол хувийн асуудлаа хэтэрхий эрт дэлгэн ярих нь хүмүүст таатай санагддаггүй.
10. Нийтийн сүлжээнд хэтэрхий идэвхитэй байх – Энэ нь таны үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй холбоотой ч бусдад төдийлэн таатай санагддаггүй. Ялангуяа өглөө, өдөр, оройн хоолондоо юу идсэн, нохойгоо хаана хэдэн цаг салхилуулсан зэргээ байнга нийтийн сүлжээгээр хуваалцах нь танд тус болохоосоо ус болох нь их.

 

Эх сурвалж: TalentSmart

Багцаалвал хүн амьдралынхаа 1/3-ийг унтаж өнгөрүүлдэг бол 1/3-ээс багагүй хугацааг ажил дээрээ өнгөрүүлдэг. Ажилдаа хэр дуртай, сэтгэл хангалуун, амжилттай байдаг зэрэг нь тухайн хүнийг амьдралынхаа үлдсэн хугацаанд сайхан байх уу, саар байх уу гэдгийг шийдэх маш том хүчин зүйл болдог. Тэгэхээр ажил мэргэжлийн сонголт гэдэг амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг яах аргагүй мөн. Гэхдээ “насны” ажлаа эрт тодорхойлох гэж яаран, шаналах хэрэггүй. Магадгүй та одоог хүртэл ямар ур чадварыг бусдаас илүү эзэмшсэн, ямар ажил үүргийг гүйцэтгэхдээ урам зоригоор тэтгэгддэг, эсвэл бүр би хэний, юуны төлөө сурч, ажиллаж байна вэ гэсэн асуултууддаа хариулт хайсаар байгаа бол та ганцаараа биш шүү гэдгийг онцолъё. Яагаад гэвэл дээрх мэт философийн асуултууд эрүүл хүн бүрт тулгардаг.

Тэглээ гээд амьдралыг урсгалаар нь элээлгүй, дээрх мэт асуултуудын хариултыг та идэвхитэй эрэлхийлэн өөрийгөө аль болох олон талаар сорьж, туршиж, хөгжүүлснээр цаг хождог. Өөр мэргэжлээр/ахисан түвшинд сурах, гадаадад аялах зэрэг нь тухайн хүн өөртөө оруулж байгаа шууд хөрөнгө оруулалт. Харин сайн дурын ажилд оролцох, нийгмийн идэвхитэй байх зэрэг нь танд шинэ танил, шинэ туршлага, шинэ мэдлэг нэмдэг та өөрөө өөртөө хийж буй шууд бус хөрөнгө оруулалт юм. Шууд болон шууд бус замаар өөртөө оруулсан бүх хөрөнгө оруулалтуудын нийлбэр чинь таныг “насны” ажил мэргэжлээ тодорхойлох түлхүүр болдог. Энэ түлхүүрийг атгах эсэх, атгалаа гэхэд хэзээ вэ гэдэг таниас өөрөөс чинь л хамаарна.

“Насны” ажил мэргэжлээ тодорхойлоход тань цаг хугацаа хэмнэх үүднээс зөвлөхөд: хамгийн түрүүнд ажиллах салбараа (боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, ашгийн бус байгууллага гэх мэт) аль болох нарийн тодорхойлоорой. Дараа нь өөрийн бүх боломж бололцоогоо бодитоор нь үнэлж дүгнэн, хүсэл мөрөөдөлтэйгээ уялдуулан тодорхойлсон ажлын салбараа илүү нарийвчлаарай (жишээ нь: эрүүл мэндийн салбарт эм зүйчээр ажиллах). Амьдрал бол өрнөлтэй үйл явц. Иймд таны гаргасан шийдвэр яваандаа өөрчлөгдөх болвол санаа зоволтгүй. Эцсийн эцэст та ямар ч мэргэжлийг сонгосон бай тэр чинь танд болон таны эргэн тойрныхонд урам зориг, баяр баясал, итгэл найдвар өгч чадаж байвал тэр л таны “насны” ажил.

 

Эх сурвалж: Michael Mamas, “How to discover your ideal profession”,Entrepreneur.com

Мөнгөн ашгийг хамгийн их байлгах нь бизнесийн ганц бөгөөд туйлын зорилго байдаг цаг нэгэнт өнгөрчээ. Өнөөгийн бизнес эрхлэгчид, ялангуяа гарааны бизнесүүд буюу start-ups өөрт нь, ойр хавийнханд нь цаашлаад дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй ямар нэгэн асуудлыг шийдэх замаар орлого олж нийгэмд тустай бизнес (social enterprise) эрхлэх юмуу тэдгээр бизнесийг дэмжихийг эрмэлзэх болсон. Тэдгээр бизнесийн нэг нь Imperfect Produce гэх Америкийн компани бөгөөд тэд хоол хүнсний хаягдлыг бууруулах замаар тогтвортой мөнгөн урсгал бүхий нийгэмд тустай бизнес болохоор ажиллаж байна.
Сүлжээ дэлгүүрүүд борлуулах ногоо, жимсээ ургалтаас нь хамааран маш нарийн ангилал хийдэг. Ялангуяа АНУ мэтийн өрсөлдөөнт зах зээлт нийгэмд хэвийн бус ургалттай ногоо, жимсийг ханган нийлүүлэгч фермерүүдээсээ авдаггүйн улмаас маш их хэмжээний ногоо, жимсийг фермерүүд эргэлтэнд оруулж чадалгүй хаядаг байна. Энэ асуудлыг шийдэхийн хажуугаар чанартай хүнс худалдан авахгүй чадваргүй бага орлоготой иргэдийн хоол хүнсний асуудлыг давхар шийдэх зорилгоор сүүлийн 3-4 жилийн хугацаанд Imperfect Produce мэтийн гарааны бизнесүүд фермерүүд болон сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран ажиллах болжээ.
Дэлхийн зарим газар чанартай хоол хүнс зөвхөн гадаад үзэмжээсээ болж ихээхэн хэмжээгээр хаягдаж байхад зарим газар маш олон хүн өлсгөлөнд нэрвэгдэж үхэж, үрэгдэж байгаа нь тун харамсалтай. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэл гэдэг шиг том, жижиг олон бизнесүүд дээрх мэт байдалд харамсаад өнгөрөлгүй асуудлыг шийдэх замаар мөнгөн урсгалаа арвижуулж байгаад талархууштай. Монголд ч энэ мэт нийгэмд тустай бизнесүүд төрөн гарч байгаа. Миний мэдэхийн EcoTara байна. Таны мэддэг нийгэмд тустай ямар бизнес Монголд байна хуваалцаарай!
Эх сурвалж: “These start-ups want to bring surplus food to those in need”, FastCompany.com