Author Archive

Нүүр хуудас / Author's Article(s) / Админ

Хүн байгалиасаа ямар нэгэн зорилгод хөтлөгдөн амьдарч, тэрхүү зорилгодоо хүрэх бүртээ амжилтыг мэдэрч, аз жаргалыг амталдаг. Өөрийн зорилгоо хэрхэн тодорхойлсноос хамаарч тухайн хүн нэг бол дундаж, энгийн, “байдаг л нэгэн” болдог бол зарим хүмүүс өөртөө өндөр зорилго тавьж цөөнх нь түүндээ тууштай, ухаантай зүтгэснийхээ хүчинд ямар нэгэн чиглэлээр бусдыг манлайлагч нэгэн болж чаддаг.

Оны эцэс болоход хүн бүр өмнөхөөсөө илүү өндөр зорилго тавиад зогсохгүй, тавьсан зорилгодоо хүрэх төлөвлөгөө боловсруулж байх хэрэгтэй гэж хувь хүний хөгжлийн стратегич Matt Mayberry зөвлөжээ. Цаасан дээр бичдэг ч юмуу, хэн нэгэнд хэлдэг ч юмуу ямар нэгэн байдлаар зорилго тодорхойлчихоод бичсэн цаасаа хаях, юмуу хэлсэн үгээ мартчихвал зорилго тавьсны ямар ч хэрэг байхгүй. Хамгийн гол нь тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд бүх хүч, чадвараа дайчлан, ухаантай, тууштай, шургуу ажиллах хэрэгтэй гэж тэрбээр зөвлөжээ.

Түүний өөрөө ч гэсэн ирэх оныхоо зорилгыг тодорхойлж, хамгийн гол нь тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ашигладаг 2 гол аргыг хуваалцъя.

1. Зорилго тодорхойлох процессдоо анхаар

Утсан дээрээ ч юмуу яг 3 минутын хугацаа тавиад ирэх оныхоо зорилгуудыг жагсаан бич. Ингэж өөрийгөө шахах нь: нэгт, хамгийн ихээр хүсч буй, толгойд чинь эргэлдэж байдаг зорилгуудаа хамгийн түрүүнд жагсаах нөхцлийг бүрдүүлдэг; хоёрт, мөнгө хүрэхгүй, цаг байхгүй гэх мэт мянган шалтгааныг бодож зарим зорилгуудаа хойш тавих цаг олгодоггүй сайн талтай.

Үүнийхээ дараа ирэх жилийн өдийд хүрсэн байх 8-10 зорилгыг шилж аваарай. Зорилгуудаа тодорхойлохдоо эрүүл мэнд, бие бялдар, гэр бүл, амралт, санхүүгийн болон бизнесийн гэх мэтээр амьдралд чинь чухал шаардлагатай хүчин зүйлсээс аль болох олныг оруулж тэнцвэртэй хандаарай. Эцэст нь шилж авсан зорилгуудаасаа хамгийн гол, бусад зорилгуудыг чинь биелэх нөхцлийг хангаж чадахуйц ганцхан зорилгыг онцгойлон дугуйлаарай.

2. Амьдралыг чинь өөрчлөх зорилгодоо хүрэх төлөвлөгөө гарга

Matt өөрөө энэ аргыг 16 настай, мансууруулах бодисын донтолтоос гаргах эмчилгээгээ дөнгөж дуусгаж байхдаа анх хэрэглэжээ. Тэрбээр өөртөө тавьсан олон зорилгуудаас амьдралыг нь өөрчилж, бусад зорилгуудаа биелүүлэх боломжоор хангах хамгийн том зорилго бол Америк хөл бөмбөгийн шилдэг тамирчдад олгодог их сургуулийн тэтгэлэг авах гэж тодорхойлжээ.

Энэ мэтээр амьдралыг чинь өөрчлөх зорилгоо тодорхойлсны дараа шилдгийн шилдэг болж чадсан хүмүүсийг дундаж нэгнээс ялгаруулдаг дараагийн алхмыг хийгээрэй. Энэ бол хамгийн том зорилгодоо хүрэх 20-50 зорилтыг дэвшүүлэх.

Ихэнх хүмүүс тавьсан зорилгодоо яаж хүрэх аргаа мэдэхгүй, нухацтай бодож үздэггүй. Харин та Matt-ын зөвлөсний дагуу нарийвчлан төлөвлөж чадвал нийгмийн цөөхөн хувийг эзэлдэг манлайлагчдын эгнээнд орох магадлалаа эрс нэмэгдүүлж чадна.

Жилийн хамгийн том зорилгодоо хүрэх 20-50 зорилт бүхий нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргасныхаа дараа он гарангуут өдөр дутмынхаа хийх ажлын жагсаалтанд жилийн төлөвлөгөөнөөсөө 1-2-ыг оруулаарай. Ажлынхаа төлөвлөгөөг ингээд гаргачихсан хүн чинь өдөр бүр тууштай хөдөлмөрлөөд, хичээгээд байж дээ.

Өмнөх удаагийн цувралаар бид тус номын зохиогчид болох дэлхийн хамгийн шилдэг бизнесийн сургуулиудын жагсаалтанд тогтмол дээгүүр бичигддэг INSEAD-ын профессорууд бизнес эрхлэгчид болон шинээр бизнес эхлэхээр зорьж буй хэн ч бай зэрлэг капитализмийн сонгодог бүтээгдэхүүн болох цусан улаан өрсөлдөөнөөс түдгэлзэж, зах хязгааргүй номин хөх далайн хаа нэгтээ нуугдаж буй хэрэглэгчдэд тань шинэ үнэ цэнэ (value) нэмэх шинэ санаа (innovation)-г бүтээгдэхүүн, үйлчилгээндээ шингээх замаар хөх далайн стратегийг хэрэгжүүлэхийг зөвлөж буйг хүргэсэн. Энэ удаад бид тус номонд тайлбарласан бизнесийн гол ухагдахуунуудаас нэмж хоёрыг танилцуулъя.

НЭГТ: Таны зах зээлд нэвтрүүлэхээр зэхэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ хөх далайн стратегитэй нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх схем.

Энэхүү схемт үзүүлсэнчлэн аливаа бизнес эрхлэгч бизнесийн санаагаа бодитоор хэрэгжүүлэхээр цаг, мөнгө, хүч хөдөлмөрөө зарцуулахаасаа өмнө дараах дөрвөн асуудлын хүрээнд дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Үүнд:

– Худалдан авагчийн хэрэгцээ (Buyer Utility),
– Үнэ (Price),
– Өртөг зардал (Cost),
– Бодитоор хэрэгжүүлэх боломж (Adoption) зэрэг багтана.

Эдгээрийг тус бүрт нь авч үзье.
1. Таны санаачилсан бизнес худалдан авагчдад өөр зүйлээр орлуулашгүй хэрэгцээг бий болгож чадах уу? Үгүй бол бизнесийн санаагаа дахин тунгаагаарай. Тийм бол дараагийн асуултанд хариулаарай.
2. Таны санал болгож байгаа үнэ худалдан авагчдын дийлэнх хэсэгт хүртээмжтэй байж чадах уу? Үгүй бол тогтоосон үнээ дахин тунгаагаарай. Тийм бол дараагийн асуултанд хариулаарай.
3. Таны санал болгож буй үнэ танай компанид үйлдвэрлэлийн зардлаа хасаад цаана нь боломжийн ашиг гарахаар хэмжээнд тогтож чадаж байна уу? Та бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг тогтоохдоо зөвхөн зардалд суурилах нь туйлын буруу шүү. Мөн худалдан авагчдын дийлэнх хэсэгт хүртээмжтэй байлгах гээд үнээ зохиомлоор бага тогтоож, ингэхийн тулд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг бууруулах тухай бодож байгаа бол бас л буруу. Үүний оронд та бизнесийн санаагаа дахин бодож үзээрэй. Харин таны худалдан авагчдад санал болгохоор зорьж буй үнэ, таныг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ чанартай үйлдвэрлэхийн зэрэгцээ бизнестээ ч боломжийн ашиг авчрахаар хэмжээнд тогтож чадаж байвал дараагийн асуултанд хариулаарай.
4. Та болон танай компани бизнесийн санаагаа шууд бодитоор хэрэгжүүлэх чадавх, чадамжтай юу? Хэдийгээр таны бизнесийн санаа эхний гурван шалгуурыг давсан ч гэсэн, яг бодит байдал дээр таньд тухайн санаагаа бодитоор хэрэгжүүлэхэд тань шаардлагатай хүн хүч, техник технологи, хөрөнгө мөнгө дутмаг байгаа юм биш биз? Тийм бол энэ мэт асуудлуудаа эхэлж шийдсэн нь зөв алхам болно шүү.

Дээрх дөрвөн асуудлын хүрээнд өөрийн бизнесийн санаандаа дүн шинжилгээ хийж, хүрэхээр зорьж буй хэрэглэгчиддээ шинэ үнэ цэнийг болгох, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэх замаар хөх далайн стратегийг хэрэгжүүлж чадаж байгаа эсэхээ нягтлаад үзээрэй.

ХОЁРТ: Хэрэглэгчдээ таньж мэдэх аргачлал.

Номын зохиогчдын онцолж буйгаар цусан улаан өрсөлдөөнийг үүсгэдэг бас нэгэн томоохон шалтгаан бол бизнес эрхлэгчид юмуу бизнес эрхлэхээр завдагчид санал болгож/болгох гэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг нь аль хэдийн хэрэглэдэг болсон зах зээлийн хэсгийг л судлаад байхаас, хэрэглэхгүй байгаа зах зээлийн бусад хэсгийг төдийлэн судалдаггүй байна.

Номын зохиогчид хөх далайн стратегийг хэрэгжүүлэн, хэрэглэгчдийнхээ хүрээг амжилттай тэлж чадсан хэд хэдэн компанийг жишээ болгон татсаны нэг нь алдарт Apple компани байв. “Хэрэглэгчид юу хүсч байгаагаа мэддэггүй гэх” алдарт ишлэлийг Apple компанийг үүсгэн байгуулагч Steve Jobs хэлсэн ба үүнийгээ ч бодит байдалд утгаар нь бататган харуулж чадсан. Тэд комьпютерийн зах зээлд хөнгөн, үзэмжтэй зөөврийн комьпютер үйлдвэрлэлээрээ хувьсал хийж комьпютерийг зөвхөн хэрэглээ талаас нь бус, гангараа, хувь хүнийг илтгэх илрэл болтол хөгжүүлж чадсан. Брэнд хөгжүүлэлтийн дээрх мэт шинэлэг ойлголтуудыг iPhone, iPad, iWatch зэрэг шинэ бүтээгдэхүүн бүртээ шингээж, хэрэглэгчдэд ямар нэгэн нэмэлт үнэ цэнийг бий болгосноороо Apple компани хамгийн өрсөлдөөн ихтэй гэгддэг техник, технологийн салбарт 40 жилийн турш тэргүүлсээр яваа билээ. Иймээс ч хэрэглэгчид Apple компанийн шинэ бүтээгдэхүүн бүрийг тэсэн ядан хүлээж, хонон өнжин оочерлон авдаг бизээ.

Таны бизнес жижиг, том, ашгийн төлөө юмуу ашгийн бус аль нь ч бай өөрийн зах зээл/үйл ажиллагааны хэрэглэгчид төдийгүй хэрэглэгч болох боломжтой бусад хэсгүүдийг давхар судлан, таньж мэдсэний дүнд хэрэглэгчдэд шинэ үнэ цэнийг өгөх, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг шаардлагатай үед санал болгож чадаж байвал таны бизнес тогтвортой, амжилттай оршин тогтнох боломжтой гэж “Хөх далайн стратеги” номын зохиогчид зөвлөж байна.

Та бүхэнд амжилт хүсье!

Аж үйлдвэрийн хувьсгал, орчин үеийн бидний нэршилээр технологийн хувьсгал бүрийн үр дүнд бидний амьдрал нэг алхам урагшилж бид илүү хөгжин цааш явах боломжтой болж байлаа. Харин сүүлийн жилүүдэд бидний амьдралд чимээгүйхэн нэвтрэн орж буй үйлдвэрлэлийн 4-р хувьсгалд бид бэлэн байна уу? Саяхан www.ted.com-р Tim Leberecht-н ярианаас “ойрын 20 жилд бидний өнөөдөр хийж буй ажлын тал нь ямар нэг робот юм уу програм хангамжаар хийгдэх болно” гэж сонссон маань технологийн чиглэлээр ажилладаг, бүтээмжийг өсгөхийн тулд байнга эрэл хайгуул хийж үнэ цэнэ багатай ажлуудыг автоматжуулахыг зорьж байдаг миний хувьд энгийн өдөр тутмын ажил маань боловч тоо баримттайгаар хүн төрөлхтөнд үзүүлэх нөлөөг нь сонсоход харгис санагдсаныг нуух юун. Тиймээс технологийн 4-р хувьсгал гэж юуг хэлээд байна, ямаршуу өөрчлөлтүүд бий болох талаар зарим судалгаанууд дахь сонирхол татсан мэдээллүүдийг нэгтгэн та бүхэнд хүргэж байна.

Бид дэлхийн геополитикийн өөрчлөлтүүд, эдийн засгийн хямрал, зах зээлийн хумигдалыг хэрхэн давах талаар завгүй бодож ажиллаж байх зуур технологийн хувьсгал чимээгүйхэн газар авч байна. Технологийн 4-р хувьсал нь бидний амьдрах, ажиллах хэв маягаас гадна хоорондын харилцааг маань тэр чигт нь өөрчилж байна. Интернэтийн хэрэгслүүд, 3Д хэвлэл, хүнийн генийн бүтэцийн кодчилолыг нээсэн болон нанотехнологиудыг бид 4-р үеийн аж үйлдвэрийн хувьсгалын бүрдэл хэсгүүд гэж үзэж болохоор байна.

Роботууд аль хэдийн бидний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг арга барилыг өөрчилсөн. Гэхдээ бүх хүнийг робот орлоогүй зарим үйлдвэрлэлд хүмүүс оролцсон хэвээрээ байгаа. Бүхэлдээ мэдрэгчтэй, бодох чадвартай машинуудаас бүрдсэн ухаалаг үйлдвэрүүдбаригдсанаар том өөрчлөлт бий болно. Энд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн маш хямд зардлаар бүтээгдэх боломжтой болно. Хамгийн чухал нь эдгээр үйлдвэрүүд нь хүний оролцоогүй тул хямд өртөг бүхий ажилчдыг хайж үйлдвэрлэлийн байрлалыг солих шаардлагагүй, ажилчдын амь насыг эрсдэлд оруулахгүйгээр дэлхийн өнцөг булан бүрт маш үр өгөөжтэй ажиллах боломжтой.

Энэхүү технологи нь одоогийн үйлдвэрлэлийн төвлөрлийг бутаргаж, бүтээгдэхүүнийг илүү олон газар хурдан үйлдвэрлэх боломжийг олгож байгаа нь хүн амын нягтаршил багатай манай Монгол гэх мэт улсуудад ашигтай тусах юм. Улс төр болон нийгмийн хувьд энэхүү шинэ ойлголт нь санаа түгшээсэн болон сэтгэл догдлуулсан байдлыг зэрэг дагуулж буй юм. Үйлдвэрээс хүмүүсийг явуулснаар ажилгүйдлийн түвшин асар ихээр өсч, замбараагүй, эрх чөлөөтэй байдал газар авч хүнд нөхцөл байдлыг үүсгэх магадлалтай.

АНУ-ын тээврийн салбарт ажиллагсадын 70% нь том машины жолооч байдаг гэсэн судалгаа байдаг. Харин 4-р хувьсгалын үр нөлөөгөөр интернэтийн хэрэгсэл (IoT)-үүд нь тээврийн салбарыг тэр чигт нь өөрчлөх дүр зурагтай байна. 2016 оны 4-р сард томоохон ачааны машин үйлдвэрлэгчид болох DAF, Daimler, Iveco, MAN, Scania болон Volvo-н нэрийн өмнөөс цуваа машинууд хагас автомат буюу жолоочийн хяналтан доор Европын улсуудаар туршилтын тээвэрлэлтийг хийсэн бол 2016 оны 10-р сард Америкт анхны жолоочгүй машин 190км-ын тээврийг амжилттай зохион байгуулаад байгаа ба энэхүү жолоочгүй машин нь дөнгөж эхний шатны дэвшил байх нь. Мөн жижиг ачаа илгээмжийн салбарт Дрон аль хэдийн нэвтэрсэн бөгөөд АНУ гэх мэт орнуудад түүний хөдөлгөөнийг зохицуулах эрх зүйн актуудын боловсруулалтын шатанд ажиллаж байна. Цаашид ухаалаг тээврийн систем нь дэлхийн нүүрсхүчлийн хийн хэрэглээг бууруулж хаягдлыг багасгах боломжтой болж байна.

Бэлтгэл сайтай биш байвал өөрчлөлт нь хүлээж авахад хүндрэлтэй байдаг. 3Д хэвлэлийн хувьд бүүр хэрцгий өөрчлөлтүүдийг бий болгохоор байна. Энэ нь яг хэрэгцээтэй үедээ хүссэн загварынхаа бүтээгдэхүүн болон түүний эд ангийг интернэтээс татан авч хэвлэх боломжийг олгоно.

3Д хэвлэл бүрэн нэвтэрснээр тээвэрлэлтийн зардалд мэдэгдэхүйц хэмжээний бууралтыг үзүүлэх тул үүнээс үүсдэг бохирдол дагаад багасна. Мөн эрүүл мэндийн салбарт 3Д хэвлэл хүний өвчилсөн эд эрхтэнг нөхөх зорилгоор аль хэдийн ороод байна. Хүний генетикийн бүтцийг хуулбарлах боломжтой болж байгаа нь маш их маргааныг дагуулж байна. Генийг хуулбарлан гаргаж авсан шинэ эрхтэнүүд нь ямар нэг эд эрхтэн өвчлөхөд оронд нь хувилан гаргасан эрүүлийг нь шилжүүлэн суулгах боломжийг олгож байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн хүн амын дундаж наслалт нь улам өндөр болох болчихоод байна. Тиймээс засгийн газрууд тэтгэвэр болон өндөр насны халамжийн бодлогодоо өөрчлөлт оруулахгүй бол төсөв болон эдийн засгийн хүндрэлүүд үүсэх магадлалтай байна.
Харин нийгмийн бүлгийнхэн, ажиллах чадамжтай нас болон тэтгэврийн насыг дахин тодорхойлохшаардлагатай болж байна. Бид хүмүүсийг хагас цагаар ч бай бүтэн цагаар ч бай илүү урт хугацаанд ажиллуулж байх шаардлагатай тулгараад байна. Хүн төрөлхтөний хэрэгцээнд ургамлын гаралтай орц найрлагуудыг ашиглах хандлага улам өсөх тул хамгийн чухал нь ургац хураалтын хэмжээг нэмэгдүүлэх асуудал ч тулгамдах шинжтэй байна.

Өмнөх жишээнүүдээс харахад технологийн 4-р хувьсгал нь үйлдвэрлэлээс тээвэрлэлт, хөдөө аж ахуйгаас санхүүгийн гээд эдийн засгийн бүхий л салбаруудад нөлөөлөх нь гарцаагүй болоод байна. Мөн боловсролын салбарыг ч өөрчлөхөөр байна. Бид ангид суурилсан уламжлалт боловсролын системээ хадгалсаар байгаа. Энэ аргаас илүү сайныг бид урт хугацааны дараа л олж илрүүлэх байх. Гэхдээ бид технологид суурилсан зардал хэмнэсэн, хүртээмжтэй байдлыг нэмсэн аргуудыг түлхүү дэмжих нь тодорхой болоод байна. MIT, Harvard, саяхан Oxford-н их сургууль гээд дэлхийн тэргүүлэх их сургуулиуд ар араасаа цахим сургалтын төвүүдийг байгуулаад эхэлсэн бөгөөд www.coursera.org болон www.khanacademy.org зэрэг үнэгүй, чанартай боловсролын сайтууд ч маш өргөн хэрэглэгдэх болоод байгааг та мэдэж байгаа байх.

4-р хувьсгалын талаарх олон таамаглалууд нь улс төр, нийгэм болон соёлын ялгааг үл харгалзан өөрөө аяндаа бий болохоор байна. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд орлогын ялгаатай байдал улам бүр газар авч байгаа нь технологийн өөрчлөлтийг амжилттай нэвтрүүлж чадсан зарим хүмүүст ихээхэн ашиг тусыг өгч байна. Технологи нь өөрөө асар үнэтэй байгаа тул хойноос дагагчдын хувьд гүйцэж өөрийн болгоход, илүү боломжтой бүүр илүү сайжирсан шинэ хувилбарууд нь гарсаар байна. Бид цаашид улам илүү бий болох боломжтой энэхүү шударга биш байдлыг дэвэргэхгүй байх хэрэгтэй бөгөөд боломжоороо бууруулах шаардлагатай. 4-р хувьсгалыг хүн бүрт ашигтай байлгах нөхцөлийг засгийн газрууд, компаниуд болон бусад олон улсын байгууллагууд хамтран хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай.

Үнэндээ технологийн өөрчлөлт нь дэлхийн геополитикийн балансад аль хэдийн нөлөөлөөд эхэлсэн. Зарим улсууд бусдаасаа илүү хүчтэй болж эхэлж байна. Дэлхий ертөнц тогтвортой, цэгцтэй байх үр дүнтэй засаглалын механизмыг бүтээхийг шаардаж байна.

19-р зууны төгсгөлөөр бий болсон Үйлдвэрлэлийн 2-р хувьсгал нь бидэнд орчин үеийн хими, автомашин, цахилгаан бараа болон бусад маш олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг авчирсан.

Эдгээр нь хүн төрөлхтөнд ашиг тустай байсан нь үнэн ч Дэлхийн 1, 2-р дайнаас гадна олон сөргөлдөөн буюу үхлийг ч дагуулсан.

Тиймээс 4-р хувьсгалыг эв зүйтэй хүлээн авч чадах эсэх нь бидний улс төрийн хамгийн том уриалга болох биз ээ.

Дээр дурдсан олон жишээнээс та боломжийг харж чадаж байна уу? Айдасыг мэдэрч байна уу? Нэгэнт энэ өөрчлөлтүүд бидний амьдралд нэвтрээд эхэлсэн байгаа тул өөрийнхөө өдөр дутамдаа хийж буй ажилдаа дүн шинжилгээ хийхийг танд зөвлөе. Цөөн хүн амтай, таруу байршилтай манай улсын хувьд энэхүү хувьсгал нь хэзээ ч мөрөөдөж байгаагүй боломжийг бий болгож мэдэх юм. Тиймээс бүгдээрээ илүү ухаантай, мэдлэгтэй байж болж буй өөрчлөлтүүдийг Монголчлоод амьдрал ахуйгаа дээшлүүлцгээх үү?

Эх сурвалж: Fourth revolution to change everything, Mauro Guillen (director of the Lauder Institute, Wharton School, University of Pennsylvania)

Дэлхийн бизнесийн хамгийн шилдэг сургуулиудын нэг Франц улсаас үүсэлтэй INSEAD – ын профессоруудын 20 гаран жилийн судалгаа, шинжилгээний дүнд бүтсэн “Blue Ocean Strategy” буюу “Хөх далайн стратеги” номын хураангуйг та бүхэнд хүргэе. Олон оронд хамгийн олон хувь борлогдсон шилдэг номын жагсаалтанд тэргүүлсэн энэхүү номыг ганцхан удаагийн хураангуй бичвэрээр хүргэхэд хэтэрхий жулдах учир хэд хэдэн цуврал болгон хүргэхээр боллоо.

Энэхүү ном нь жижиг, дунд, мега гээд ямар ч түвшний бизнес эрхлэгчид төдийгүй үндэсний хэмжээний стратеги, төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэхэд тус болох аргачлалуудыг танилцуулан, тайлбарласнаараа гол давуу талтай. Иймд номын зохиогчид эдгээр аргачлалуудыг өөрсдийн www.blueoceanstrategy.com хуудсанд танилцуулсны дагуу номын гол санаануудыг хураангуйлан хүргэе.

1. Цусан улаан далай ба Номин хөх далай
Бидний амьдарч буй капиталист нийгэмд бизнесүүдийн баримталж ирсэн үндсэн зарчмуудын нэг нь дайн байлдаанаар бол амь өрссөн цусан улаан тулаанд өрсөлдөгчдөө ялан дийлж, өөрийн бизнесээ ашигтай ажиллуулах явдал байсаар ирсэн. Гэтэл 21-р зуунд аливаа бизнес тухайн мөчид ашигтай байна гэдэг нь тус бизнесийн амжилтын гол шалгуур биш харин аливаа бизнес хэр нэр хүндтэй, тогтвортой өсөлттэй, ашигаа нэмэгдүүлж чадаж байна гэдэг тус бизнесийн амжилтын гол үзүүлэлтүүд байх болжээ.

Үүнийг номын зохиогчид бизнесийн уламжлалт улаан стратегийг халж, аль хэдийн өрсөлдөгчдөөр дүүрсэн зах зээлд бус зах хязгааргүй хөх далайн хаа нэгтээ нуугдаж буй боломжийг нээн илрүүлж хэрэглэгчдэд шинэ үнэ цэнэ, давуу талыг мэдрүүлэх шинэ төрлийн эрэлт хэрэгцээг бий болгож, цуст өрсөлдөөнөөс зайлсхийхийг зөвлөжээ.
Ийм бизнесийн жишээ нь Канад улсаас үүсэлтэй CirqueDuSoleil энтертаймэнт бизнес юм. Тэд 1980-аад онд алиалагч, амьтдын үзүүлбэр зэрэг улиг болсон үзүүлбэрүүдээс хэтрэхээ больж үзэгчдээ бусад төрлийн энтертаймэнт бизнесүүдэд алдаж байсан циркийн үзүүлбэрүүдийг цоо шинэ, үзэгчдийг байлдан дагуулж, алмайруулсан үзүүлбэрүүдээр сольж, энтертаймэнт бизнест урьд өмнө үзэгдээгүй шинэ урсгалыг бий болгосон. Түүгээр зогсохгүй тэд аль ч үеийн үзэгчдийн сонирхлыг татахын тулд одоо ч үзвэрүүдээ шинэчилж, тайз засалтаа урьд урьдаас илүү сайжруулсаар байна.
2. Дөрвөн үйлдэлт шинжилгээ
Аливаа бизнесийг шинээр эхлүүлэх юмуу оршин буй бизнесийг өргөжүүлэх, зогсонги байдлаас нь гаргахын тулд бизнес эрхлэгчид дараах дөрвөн үйлдэл буюу асуултын дагуу өөрийн бизнестээ дүн шинжилгээ хийж, стратегиэ тодорхойлох юмуу шинэчлэх замаар шинэ үнэ цэнийг хэрэглэгчдэд санал болгох хэрэгтэй.

Эдгээр дөрвөн үйлдлийг гүйцэтгэхийн тулд та өөртөө тавих асуултууд:

1. Юуг бизнес эрхлэх салбарынхаа стандарт дунджаас хамаагүй илүү байлгах вэ?
2. Бизнес эрхлэх салбарт чинь урьд нь хэрэглэгчдэд санал болгож байгаагүй юуг шинээр бий болгох хэрэгтэй вэ?
3. Юуг бизнес эрхлэх салбарынхаа стандарт дунджаас хамаагүй бага байлгах вэ?
4. Бизнес эрхлэх салбарт чинь өрсөлдөөнийг хамгийн их өдөөдөг юуг хасах хэрэгтэй вэ?

Тухайлбал дээр дурдсан CirqueDeSoleil дээр хийгдсэн дөрвөн үйлдэлт шинжилгээний үр дүн дараах байдалтай байна:
1. Тэд уламжлалт циркийн шоунууд болдог дундаж газруудаас хамаагүй илүү багтаамжтай, үзэмжтэй, тансаг газруудад шоугаа зохион байгуулах болсон.
2. Тэд үзүүлбэрийн шинэ сэдвүүд, хэд хэдэн тавилтууд, сайжруулсан орчин, хөгжим бүжгийн гайхам тоглолтуудыг шинээр бий болгосон.
3. Тэд өөрсдийн үзүүлбэрүүддээ хошин шог, аюултай юмуу амь өрссөн үзүүлбэрүүдийг уламжлалт циркийн үзүүлбэрүүдээс хамаагүй бага хэмжээнд оруулсан.
4. Тэд салбартаа л од гэгддэг жүжигчид, маллахад үнэтэй амьтдын үзүүлбэрүүд, тоглолтын дундуур үзэгчдэд ундаа, амттан зарах, тоглолтын хэд хэдэн газартай байх зэрэг уламжлалт циркт тогтсон цөөнгүй жаягуудыг хассан.

“Хөх далайн стратеги” номын хураангуй болон дараа дараагийн “дэлхийн шилдэг номын хураангуй” цувралын маань бичвэр нийтлэгдмэгц алдалгүй уншихыг хүсвэл манай сайтын мэдээлэл авах хэсэгт цахим хаягаа бүртгүүлээрэй!

Ихэнх амжилттай яваа хүмүүс байнгын унших зуршилтай байдгийг та бид бүгд мэднэ. Жишээлбэл 2015 онд Фэйсбүүк компанийн захирал Марк Зүкербүрг 7 хоногт 1 ном уншиж байх зорилго тавьж байсныг санаж буй байх. Хятадын төв номын сангийн гадаа оочерлон зогсож буй залуусын зургийг ч та олон нийтийн хуудсуудаар харсан байх. Гэтэл манай Монгол залуусын хувьд дийлэнх нь унших дадалыг өөртөө суулгаагүй байгаа нь ажиглагддаг. Сурахад хэзээ ч оройтдоггүй гэдэг тул Монгол залуу та ном тогтмол уншиж доорх ашиг тусуудыг амьдралдаа нээн өөртөө болон эх орондоо үнэ цэнэтэй амьдраарай.

1. Оюуны дасгал
Хүний биеийн бүх булчингуудын адил тархийг эрүүл хүчтэй байлгахын тулд байнгын дасгал хийж байх ёстой. Ашиглагдахгүй зүйлс үгжирч байдаг бол ашиглагдаж байгаа зүйлс улам цааш хөгжиж байдаг нь хорвоогийн жам юм. Идэвхитэй уншигчдын Алзаймер буюу бидний мэддэгээр зөнөглөх өвчинд нэрвэгдэх магадлал буурдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
2. Стресс буурна
Ажил, хичээл ном, гэр бүл, найз нөхөдийн харилцаа гээд бидэнд өдөр тутам стрессдэх шалтгаан түм бумаараа бий болж байдаг. Тэгвэл сайн зохиол унших үед та номондоо орж өдөр тутмын амьдралаасаа аль хэдийн хөндийрч зовлон бэрхшээлээ түр мартдаг. Тиймээс ном уншихаа больсон ч таны бэрхшээл – таныг стрессдүүлсэн зүйлийн шалтгаан нь өчүүхэн болохыг ойлгож тайвширсан байдаг байна.
3. Мэдлэг тэлнэ
Ном уншиж байх үедээ бид тодорхой хэмжээний мэдлэгийг өөрийн тархиндаа хадгалан авч үлдэж байдаг. Та хэр их мэдлэгтэй байна амьдралд тулгарах бэрхшээлүүдтэй илүү зэвсэглэсэн тулах болно. Та ажил мэргэжил, мөнгө магадгүй эрүүл мэндээ алдсан ч таны өөрийн тархинд хуримтлуулсан мэдлэгийг хэн ч булааж авах боломжгүй.

4. Үгийн сан баяжина
Ном уншдаг хүмүүс өдөр тутмын яриандаа ч бусдаас илүү олон үгийг ашиглаж илүү өргөн хүрээтэй ярьдаг. Та бид хэдийгээр өөрийн төрөлх хэлээрээ хангалттай ойлголцдог хэдий ч яруу тансаг үг хэллэг ашиглахгүй цөөн тооны үгэн дунд эргэлдэж байдаг. Олон сайхан үг ашиглаж ярьдаг хүмүүсийг бид өөрийн мэдэлгүй хүндэтгэн харьцдаг шүү дээ. Хэр олон тооны үг хэллэг ашиглаж байгаа нь тухайн хүний боловсролын түвшинг илэрхийлдэг бас нэг чухал үзүүлэлтийн нэг байдаг. Мөн гадаад хэл сурч буй хүмүүс ном тогтмол уншиснаар үгийн сан нь баяжиж, үгийг зөв хэрэглэх хэвшил суудаг гэж гадаад хэлний багш нар дүгнэдэг бөгөөд хэл сурч буй залуусыг тухайн хэл дээрх ном зохиол уншиж байхыг зөвлөдөг.
5. Ой тогтоолт сайжирна
Ямар нэг зохиол уншиж байхдаа бид дүрүүдийн зан чанар, амьдралын замнал болон хэрхэн ямар сэжимээр хоорондоо холбогдож буй гэх мэт нарийн төвөгтэй ниваансуудыг нь санаж байх шаардлагатай байдаг. Гайхалтай нь энгийнээр тайлбарлахад бидний тархи шинэ зүйл тогтоох бүрт түүнийг хадгалах шинэ зайг гаргаж өгдөг тул хадгалагдсан мэдээлэл хоорондын дамжих зам богиносч эргүүлэн санах замыг богино болгодог. Тиймээс илүү ихийг ойлгож тогтоох тусам бидний тархи илүү хурдан шуурхай ажилдаг болдог байх нь. Гайхалтай биш гэж үү?
6. Анализ хийх чадвар сайжирна
Ихэнх зохиолууд дээр гол дүрийн баатрууд тулгарсан ямар нэг бэрхшээл саадыг давдаг. Энэ нь уншигч бидэнд түүний алдаанаас суралцах, цаашлаад ижил нөхцөл байдал тулгарвал түүнийг хэрхэн даван туулах бэ гэдэг арга замыг зааж өгдөг тул бидний толгойг багагүй ажлуулж дүгнэлт анализ хийх чадваруудыг маань хөгжүүлдэг.
7. Төвлөрөх чадвар сайжирна
Өнөөдрийн интернэтэд суурилсан технологийн эрин үед бид аливаа зүйлд төвлөрөхөөс илүүтэйгээр гар утсаараа найзтайгаа чатлан, ажлын програмд шаардлагатай өгөгдөлийг оруулангаа, и-мэйлдээ хариу өгч мөн дээрээс нь вэб хуудаснууд шүүн хэрэгтэй мэдээлэлээ хайж байдаг. Яг л таныг дүрслэн бичиж буй мэт байна уу? Харамсалтай нь энэ төрлийн олон зүйлийг зэрэг амжуулах хүсэл маань биднийг илүү стрессдүүлж, бүтээмжийг маань бууруулж байдаг. Харин ном уншиж байхдаа бид зохиолдоо л бүх анхаарлаа төвлөрүүлдэг. Тиймээс ажилаа эхлэхээс 15-20 минутын ном уншиж хэвшснээр тархиа чөлөөлөн ажилдаа илүү төвлөрдөг болохыг судлаачид нотолжээ. Та ч мөн туршаад үзээрэй!
8. Бичих чадвар сайжирна
Ямар ч сайн бичвэрт бусдын ажлаас авсан санаа ордог. Тиймээс хэн илүү их уншина түүний жишээ авч бичих, сэдвээ баяжуулах чадвар дагаад өсдөг болох нь маргаангүй үнэн ажээ.

9. Эрүүл мэндэд тустай
Сэтгэл зүйн хувьд тогтворгүй, огцом ширүүн зантай хүмүүсийг ном уншиж тайвширч байхыг зөвлөдөг. Учир нь хүн номноос өөрийгөө таних, дотоод амар амгаланг олох боломжтой байдаг. Ном унших нь хүний тархийг олон бодлоос нь чөлөөлж өгдөг тул маш хурдан, бүх сайн унтах нойрны эм болох боломжтой байх нь. Мөн саяхан нэгэн судалгаанаас чанартай сайн зохиол уншдаг хүмүүс сэтгэл санааны хувьд тогтвортой, залуу байж элдэв өвчин тусах магадлал нь буурдаг тул ном уншдаггүй хүмүүстэй харьцуулахад урт насалдаг нь тогтоогдсон байсан.
10. Бүтээлч болон ургуулан төсөөлөх чадвар өснө
Бид номон дээрх тайлбарласан зураглалаас өөрийн хэзээ ч байж үзээгүй орчинд өөрийн төсөөллийн ачаар очиж чаддаг. Ургуулан бодох, төсөөлөх чадварыг ном уншиж байнга хөгжүүлснээр хүний бүтээлч сэтгэхүй хөгждөг болох нь олон судалгааны үр дүнгээс гарчээ.

 

Эх сурвалж: http://www.lifehack.org, “10 Benefits of Reading: Why You Should Read Every Day”, Lana Winter-Hébert

2014 онд Монгол дахь Канадын элчин сайдын яамнаас Монголын боловсролын салбарт хийсэн судалгаа, дүн шинжилгээнд дурдсанаар жил бүр 24000 Монголчууд гадагшаа явж, ямар ч үед 40000 Монголчууд гадаадын аль нэг улсад суралцаж байна гэжээ. Саяхан хамтын ажиллагаа эхлүүлэх зорилгоор Улаанбаатар хотод ирж ажилласан Сингапурын боловсролын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаний Герман зөвлөх маань дээрх тоог сонсоод уулга алдахыг бодоход багагүй тоо бололтой.

Дээрх компани маань Сингапур, Хятад, Энэтхэг тэргүүтэй голдуу Азийн орны ахлах ангийн сурагчдыг АНУ, Их Британийн шилдэг их дээд сургуулиудад өөрт тохирох мэргэжлээрээ, амжилттай элсэн ороход нь зориулсан бүх талын зөвлөгөө (тохирох сургуулиа сонгох, шалгалтууддаа бэлтгэх, эссегээ бичих, ярилцлагандаа бэлтгэх гэх мэт) –г өгдөг, ингэхдээ өөрсдийн боловсруулсан комьютерийн дэвшилтэт систем (software)-ийг ашигладаг. Энэхүү систем нь тэдэнтэй ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг болон үзүүлэхийг зорьж буй төвүүдийн бүтээмж, үр дүнг мэдэгдэхүйц дээшлүүлж, ажлыг хичнээн хөнгөвчилж болохыг мэдэрсэн тэд системээ гадаад зах зээлд нэвтрүүлж эхлээд буй.

Түүнчлэн энэхүү системийн ач тусыг мэдсэн ахлах ангийн сурагчид өөрсдийнхөө санаачлагаар сургуулиудынхаа багш, удирдлагуудад мэдээлэл хүргэн сургуулиараа нэгдэн хэрэглэж буй тохиолдол Сингапур, Хятад зэрэг орнуудад цөөнгүй гарч байгаа нь технологиор дамжуулан боловсролын хүртээмжийг огцом дээшлүүлэх зорилготой Cialfo компанийханд бахархалтай үйл явдал болсон байна. Тэдний дэвшилтэт системийн талаар АНУ-ын телевизийн томоохон суваг болох CNBC хүртэл сурвалжлага бэлдсэн байх юм. Энд дарж үзнэ үү. 

Нийтлэлийн эхэнд Герман зөвлөхийг маань уулга алдуулсан гадаадад сурдаг болон сурахаар бэлтгэж буй Монгол оюутан залуусын тоо бол гадаадад суралцах хүсэлтэй хэн нэгний нийт өрсөлдөгчдийн тухайд бодвол зөвхөн Монгол гэсэн ганц улсын хэмжээний тоо гэдэг нь ойлгомжтой. Иймд Монголоос хүн ам зэрэг олон хүчин зүйлээрээ илүү бусад олон орны оюутан залуусаас ялгарч, өөрт хамгийн тохирох сургуульдаа амжилттай элсэн орж, амьдралын бусад том зорилгууддаа алхам алхмаар хүрэхийн тулд эртнээс төлөвлөгөөтэй, тактиктай бэлтгэх хэрэгтэй. Ингэхийн тулд Герман зөвлөхийн маань санал болгож буй 3 гол тактикыг дор хүргэе.

1. Гадаадад сурах бэлтгэлээ 2-3 жилийн өмнөөс хийж эхлэх;

Гадаадын нэр хүндтэй их дээд сургуулиуд жил дутам хэдэн арван мянган өргөдөл дундаас хэдхэн зуу, магадгүй хэдхэн арван оюутныг шалгаруулан авдаг. Онцлог нь эдгээр хэдэн мянган өргөдөл өгөгчдийн ихэнх нь тус тусынхаа улс, муж, сургуулийн хэмжээнд манлайлагчид байдаг. Иймд тэднээс ялгарахын тулд зөвхөн онцсайн дүнтэй байх хангалтгүй. Та хичээлээс гадуур нийгмийн тусын тулд сайн дурын ажилд идэвхитэй оролцох, эсвэл ямар нэгэн урлаг, спортын төрлөөр тууштай хичээллэх зэргээр өөрөө өөрийнхөө шилдэг хувилбарыг бий болгохын тулд идэвхитэй, тууштай, тактиктай ажиллах хэрэгтэй.

Ялангуяа хүссэн сургуульдаа өргөдөл өгөхөөс өмнөх 2-3 жилд гаргасан амжилт, оролцсон уралдаан тэмцээн, арга хэмжээнүүд чинь академик дүнгээс чинь илүү таныг товойлгох том үзүүлэлт гэдгийг санаарай.

2. Дэлхийн сургуулиудын үнэлгээний жагсаалт (world university ranking)-ыг биш зорилгодоо нийцүүлэн, сурахаар эрмэлзэж буй сургуулийнхаа жагсаалтыг өөрөө гарган баримтлах;

Гадаад, дотоодын нэр хүндтэй их дээд сургуулиуд зарим хүний хувьд толгой нь эргэмээр олон мэргэжлийн ангиудтай байдаг. Бүх мэргэжлийн хөтөлбөрүүдээ нэгэн жигд чанартай хүргэдэг сургуулиуд хуруу дарам цөөхөн. Иймд чиний сонирхол, хүсэл, чадамжинд нийцсэн мэргэжлийг л сайн чанартай олгодог сургуулийг судалж мэдээд, түүндээ элсэх бэлтгэлээ эртнээс хийгээрэй.

3. Зорьсон сургуульдаа элсэх өргөдлөө аль болох эрт өгөх;

Гадаадын томоохон их, дээд сургуулиуд ихэнхдээ өргөдөл хүлээн авах хоёр хугацаа заасан байдаг. Эхний хугацаанд багтаж өргөдлөө өгөгсөд элсэн орох төдийгүй тэтгэлэг авах магадлал хамаагүй өндөртэй байдаг. Тухайлбал доорх зурагт үзүүлсэнчлэн хэрвээ та өргөдөл хүлээн авах эхний хугацаанд нь багтаж өргөдлийн маягтаа гүйцэд, бүрэн зөв бүрдүүлэн өгсөн тохиолдолд таны Harvard, Yale зэрэг АНУ-ын төдийгүй дэлхийн шилдэг их дээд сургуулиудад тэнцэх магадлал хоёр дахь буюу хожуу хугацаанд багтаж өгснөөс даруй 3-7 дахин нэмэгддэг гэсэн судалгаа байдаг байна.

Эх сурвалж: www.cialfo.co

Хэрвээ танд дээрх зөвлөгөө таалагдсан бөгөөд илүү олон экспертийн зөвлөгөө, мэдээлэл авах хүсэлтэй бол манай сайтын мэдээлэл авах хэсэгт цахим хаягаа бүртгүүлээрэй.

Танд амжилт хүсье!

2016 оны 09 дүгээр сарын сүүлээр Канадын Монтреаль хотод Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын төрөлжсөн агентлаг Иргэний нисэхийн олон улсын байгууллага (ИКАО)-ын 3 жил дутамд нэг удаа зохион байгуулагддаг Ассемблэйн чуулган хуралдаж дэлхийн 190 гаран орны 2500-аад төлөөлөгч оролцлоо.

Энэ үеэр бидний анхаарлыг татсан хоёр содон асуудал хэлэлцэгдсэнийг дор тоймлоё.

1. Дроныг нисэх онгоц, нисдэг тэрэгний адил дүрэм журмаар зохицуулах шаардлагатай юу?
Тиймээр барах уу. “Амьдралын шаардлагаар” гэдэг шиг өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байгаа техник, технологи, тэдгээрийн зохистой бөгөөд аюулгүй хэрэглээг зохицуулахын тулд дэлхийн олон орнууд дроны хэрэглээтэй холбоотой хууль, дүрэм журам баталж, албан ёсны зохицуулалт хийж байна. Арга ч үгүй биз, цаг үеийн няцаашгүй шаардлага байгаа юм чинь. Жишээ нь АНУ-ын Холбооны Нисэхийн удирдах газар /FAA/-аас 2016 оны 03-р сард гаргасан тайланд өнгөрсөн хагас жил орчмын хугацаанд зөвхөн АНУ-д л гэхэд дронтой холбоотой 600 гаран осол зөрчил гарсан тухай онцолжээ.
Мөн дрон нисгэгч бэлтгэх сургалт, дрон нисгэгчдийн олон улсын тэмцээн зэрэг цаг үеийн шаардлагаар энэхүү бие жижиг ч бэлчээр томтой техниктэй холбоотой олон шинэ үзэгдлүүд ар араасаа урган гарч байна.


Image credit: http://www.techweekeurope.co.uk/

2. Бөмбөлөгний тусламжтай дэлхий аалзны шүлсэнд илүү хэрэгдэнэ.
Google компаний толгой болох Alphabet компаний сүүлийн үед хэрэгжүүлж байгаа хамгийн томоохон төслүүдийн нэг нь Project Loon буюу тусгай техник, технологийн тусламжтай үйлдвэрлэсэн агаарын бөмбөлөг ашиглан интернет ашиглах боломжгүй байгаа дэлхийн хүн амын тэн хагаст интернетийг хүртээмжтэй болгох, цаашлаад интернетээр дамжуулан хэрэгцээтэй мэдээ мэдээллийг нь хүргэхэд чиглэсэн мега төсөл юм.

Image credit: http://www.digitaltrends.com/

Интернетэд холбогдох нь тодорхой сөрөг үр дагавруудтай ч амьжиргааны түвшин төдийлэн дээгүүр бус юмуу алслагдсан бүс нутгийн иргэд, фермерүүдэд эрүүл мэнд, цаг агаарын мэдээ мэдээллийг найдвартай эх сурвалжаас, цаг алдалгүй авах хамгийн оновчтой арга нь интернет байж чадна гэж энэ төслийнхэн үзэж байна.
Дрон, нисэх онгоцнуудтай мөргөлдөх, хувийн эзэмшлийн газруудад зөвшөөрөлгүй нэвтрэх зэрэг олон зөрчил гаргаж байгаа. Project Loon бөмбөлгүүдээ энэ мэт хэл ам, эрсдэлд өртүүлэхгүйн тулд (эрсдэлийг хамгийн бага түвшинд барихын тулд) улс орнуудын нисэхийн удирдах газрууд, нислэгийн удирдлагын төвүүдтэй хамтран ажиллахаар гэрээ, хэлцэл хийж байгаа юм байна. Одоогийн байдлаар 10 гаран улстай гэрээ байгуулж, 15 гаран улстай хэлэлцээ хийж байгаа мэдээтэй байна. Удахгүй манай Монголын Иргэний нисэхийн ерөнхий газартай ч энэ асуудлаар хэлэлцээ хийж, гэрээ байгуулах бизээ.

Дэлхийн дундажаар хүмүүс 20-60 нас хүртэлээ 40 жил идэвхитэй ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байдаг ч Монгол Улсын хувьд 1990 оны нийгмийн өөрчлөлт болон сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй технологийн дэвшилээс шалтгаалан 40, 50 насныханы ажилгүйдлийн түвшин өндөр хувьтай байна. Оффистоо хамтран ажиллаж буй хүмүүсээ хардаа дийлэнх нь л залуучууд байна уу? Манай 40-өөс дээш насныхан маань хаагуур юу хийгээд явж байна? Магадгүй дийлэнх нь худалдагч, жолооч, малчин, тариаланч гэх мэт биеийн хүчний хөдөлмөрийг голлон эрхлэж хувиараа эрхлэх аж ахуйтан буюу албан ёсны ажлын байргүй тогтмол орлогогүй амьдарч байгаа байх. 2010 онд Америкийн 1 судалгаанаас “дийлэнх хүмүүс 40-50 насандаа амьдралдаа хөдөлмөр эрхлээд олдог орлогынхоо 50%-г олдог” гэсэн тоо баримтыг уншиж байсан нь ой тоонд маань их тод үлджээ. Гэтэл Монголд яагаад баялагийг өөртөө болон эх орондоо бүтээх тэр л үеийнхэн маань шинэ залуу үеийнхэндээ түрэгдэн ажил мэргэжлийн хувьд өсч дэвжилгүй мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэлт рүү шилжээд байна?

Та өнөөдөр хэдэн ч настай бай 40-өөс хойших нас нь тойроод гарах даваа биш туулаад явах зам мөр тань тул ажил мэргэжлийн хувьд насан туршдаа өөртөө сэтгэл хангалуун байж, үнэ цэнээ улам нэмэгдүүлэхийн тулд энэхүү нийтлэлийг уншин суугаа байх. Тиймээс таныг жилээс жил ирэх бүр ажил мэргэжлийн хувьд илүү үнэ цэнэтэй шилдэг ажилтан болоосой гэж хүссэндээ Линкедины нөлөөлөгч (Linkedin influencer) Bernard Marr –н хэзээ ч хойш тавьж болохгүй 10-н зөвлөмжийг тоймлон хүргэе.

1. Амьдрал богино. Амьдрал нь дургүй ажлаа хийх, чамайг үнэлдэггүй даргын төлөө ажиллах болон ямар ч уртын зорилгогүй компанид ажиллахад хэтэрхий богино гэдгийг үргэлж санаарай. Бидний ихэнх нь өнөөдөрийнхөө ажлын нөхцөл байдалд сэтгэл хангалуун биш байдаг ч өдөр тутмын тогтмол орлогоо алдах вий, илүү дээр ажил олж чадахгүй байх вий гэсэн айдсаасаа болоод өөрчлөлт хийдэггүй. Гэвч чи хэр удаан амьд явахаа мэдэхгүй тул өөртөө таалагдахгүй, хожим харамсмаар нөхцөл байдалд өөрийгөө хүчээр битгий хүл. Чамд таалагдахгүй байгаа зүйлсийг өөрчлөхийн тулд яг одоо жижиг ч бай хамаагүй ямар нэг алхам хийгээрэй.
2. Нийгмийн хүрээлэл чухал. Бид ихэнхдээ бүрэг зан ажлаа л сайн хийж байвал бусад нь яахав ээ гэж боддог тул танилын хүрээгээ тэлэх тал дээр хойрго ханддаг. Мэдээж сайн мэдэхгүй хүмүүсийн дунд, дасаагүй орчинд орон хэрэгтэй хэрэггүй зүйл ярилцах нь ихэнхэд маань төвөгтэй санагддаг тул нэтворкинг арга хэмжээнүүдээс зайлхийх байдал түгээмэл байдаг. Гэсэн хэдий ч судалгаагаар нийгмийн хүрээлэл нь амжилтын чухал түлхүүр болох нь батлагдаад байна. Чухамдаа ихэнх амжилттай хүмүүс нийгмийн хүрээллээ илүү олон төрлөөр үүсгэж чадсан байдаг. Тиймээс танилын хүрээгээ тэлэхэд зориулсан цаг хугацаа оролдлогууд тань таны амжилтанд туслалцаа үзүүлнэ гэдэгт битгий эргэлзээрэй.
3. Амжилтын төлөө эрүүл мэндээ золиослох нь ухаалаг хэрэг биш. Маш олон амжилттай хүмүүс хэт их ажилласнаасаа болж эрүүл мэндийн хувьд доголдолтой болсон байдаг. Үнэндээ эрүүл хүний бүтээмж илүү өндөр байхаас гадна ямар ч амжилт болон мөнгө таны эрүүл мэндийг орлохгүй. Эрүүл мэндээ золихын оронд стрэссийнхээ түвшинг хянаж, ажил амьдралын хэвийн түвшинг хадгалж сурснаар хойшидын муу үр дагаваруудаас сэргийлээрэй.
4. Дэлгэц ширтэн сууснаас илүү амьдралынхаа давтагдашгүй мөчүүдийг мэдрээрэй. Илүү онлайнд холбогдсон өнөөдрийн нийгэмд бид амьдралын хором мөчүүдийг дэлгэцэнд хуулбарлах байдал ихээхэн ажиглагдаж байна. Гэсэн ч амьдралын төгсгөл ирэх үед та бусадтай холбоотой байхын тулд илүү олон и-мэйл утсаараа шалгаж байхыг хүсэхгүй л байх. Тиймээс онлайнаас хэсэг хөндийрч бодит амьдралаа илүүтэйгээр мэдрээрэй
5. Суралцахаа хэзээ ч зогсоож болохгүй. “Би хангалттай суралцлаа, би өөрийн гэсэн арга барилтай, амьдрах ухаантай болсон” гэж боддог хүн байна уу? Та их сургууль төгсөөд хэр удаж байна? Та их сургууль төгссөнөөсөө хойш ямар нэгэн мэргэжил дээшлүүлэх болон нэмэлт ур чадвар эзэмших сургалтуудад суусан уу? Өнөөдрийн хэт технологижсон орчинд бид шинэ ур чадваруудыг суралцахгүй өөрийн эзэмшсэн арга барилаараа л яваад байвал удахгүй хэнд ч хэрэггүй нэгэн болох аюултай. Тиймээс ажиллаж байхдаа үргэлжид суралцсанаар та цаг үеэсээ хоцрогдохгүй улам илүү амжилттай байх ирээдүй тань бүрэлдэнэ гэдгийг санаарай.
6. Олон төрлийн чадвартай бай. Та нэг л зүйлийг маш сайн хийж сурахын тулд хамаг амьдралаа зориулж байна уу? Та цөөн зүйлийг хийж чаддаг байх тусмаа дургүй ажилтайгаа зууралдаж байх эсвэл бүүр таны чадвар хийх ажилд тань хүрэлцэхгүй болох эрсдэл ихэснэ. Тиймээс өөрийгөө аль болох олон талаас нь хөгжүүлээрэй. Убэр /Uber/-т ажлын байраа алдсан таксины жолооч болон чатбот /chatbot/-оор орлуулагдсан харилцагчийн үйлчилгээний ажилчдын талаар бодоорой.
7. Та ганцаараа хурдан явж чадна тэхдээ хамтаараа илүү хол явна гэдгээ ойлгоорой. Ихэнх хүмүүс ганцаараа ажиллах сонирхолтой байдаг хэдий ч багаар маш сайн ажиллаж чаддаг хүмүүс л илүү амжилтанд хүрдэг. Цор ганцаараа бүхнийг хийдэг байдал домог болж бүхий л том ажлыг гар нийлсэн баг л гүйцэтгэх боломжтой болоод байна.
8. Санаа зовсноор юунд ч хүрэхгүй. Хэрэвээ чи том санаатай ч түүнийг биелүүлэх алхамыг хийхээсээ айдаг, бусдын өмнө үг хэлэх болон бусад хүмүүс чамайг юу гэж бодох бол гм зүйлст хэт их санаа зовдог бол амжилтанд хүрэхгүй л болов уу. Тиймээс дэмий санаа зовж суухын оронд ямар нэг урагшаа тэмүүлсэн алхам хийж байгаарай.
9. Алдаа бол төгсгөл биш. Алдаандаа бууж өгч байгаа бол та юу ч суралцаагүй байна гэсэн үг. Үүний оронд алдаагаа танд шинэ боломжийн хаалгыг нээж өгч байгааг нь хүлээн зөвшөөрөөд дахин хийж байсан зүйлээ эхнээс нь эхлээрэй.
10. Аз жаргал гэдэг бол байнгын аялал болохоос эцсийн хүрэх цэг биш. Маш олон хүн аз жаргалыг тодорхойлохдоо “Аз жаргал бол би жингээ хасч чадсан үед бий болно, ийм тийм өндөр цалинтай ажилд ороход бий болно” гм-ээр одоо байгаагаасаа хойш тавьж өгдөг. Гэвч аз жаргал гэдэг бол бидний сонголт болон зуршилын л асуудал байдаг. Та ямар ч нөхцөл байдалд бай аз жаргалыг мэдэрч чадвал илүү л амжилттай байх боломжтой юм.

За дээрх 10-н зөвлөлгөөг уншаад танд хэрэгтэй гэж бодсоноо хэрэгжүүлээрэй. Бусад ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүст өгөх зөвлөлгөө байвал сэтгэгдэлээ бичиж үлдээгээрэй.

Эх сурвалж: “10 important career lessons most people learn too late”,  www.linkedin.com 

Хүн бүр цаг хугацаатай уралдан ажиллаж, амьдрах болсон өнөө үед сунжирсан урт, уйтгартай, зардал ихтэй уулзалтуудаас илүү үр дүн сайтай, товч, тодорхой, богино уулзалтууд хийж сурах нь чадварт тооцогдох болжээ. Зарим ажил олгогчид ажил горилогчдыг дээрх чадварыг хэр эзэмшсэнийг нь тусгайлан шалгадаг болсон гэнэ. Энэ харьцангуй шинэ чадварыг гаргууд эзэмшихэд тань тус болох 5 аргыг хуваалцая.

1. Ярилцагчийнхаа нэрийг тогтоо: “Би хүний нэр тогтоохдоо муу” гэдэг шалтагыг март! Ярилцагч хүн тань нэрээ хэлэхэд анхааралтай байж, “Таньтай танилцахдаа таатай байна, Шүрээ” гэх мэтээр нэг юмуу хоёр удаа өөрт нь сонсогдохоор хэл. Тухайн хүнийхээ нүүр рүү харан, нэрийг нь давтан хэлэх танд нэрийг нь тогтооход ч нэмэртэй.

2. Дэлгэрэнгүй хариулт өг: Хэн нэгэн таниас юу хийдгийг тань асуухад “Эмч” гээд л өнгөрчилгүй “Би 3-р эмнэлгийн нүдний эмч” зэргээр цаад хүндээ яриа өрнүүлэх илүү боломж олго (жич: мэдээж хүн болгонтойгоо биш). Нөгөө талаар, ярилцагч хүнээсээ тийм, үгүй гэж хариулахаар биш асуулт асууж бай. Жишээ нь “Танд УБ-т амьдрах таалагдаж байнуу” гэхийн оронд “Танд УБ-т амьдрахын юу нь хамгийн таалагдаж байна” гэх мэт.

3. Хариулахаасаа илүү асуу: Нөгөө хүнийхээ сонирхлыг тат. Асуулт асуу. Магтаал сайшаал хэл. Гол нь богино уулзалтуудын үеэр өөрийгөө “лаг” гэж ойлгуулах биш нөгөө хүндээ намайг “лаг” юмаа гэж бодож байнадаа гэмээр сэтгэгдэл төрүүл.

4. Эерэг сэтгэгдэл төрүүл: Хэзээ ч бүү гомдолло, хэзээ ч хэн нэгэн/ ямар нэгэн зүйлийг муул! Дараа нь ярилцагч тань таныг хэн бэ гэдгээс илүү юу ярьснаар чинь санахаар, сөрөг дүр зураг л буух вий. Жишээ нь таны саяхан Европ явсан аялалын тухай асуухад нислэг тань цуцлагдаад, сөхөрч унатлаа ядарсан тухайгаа инээдэм наргиан болгож л ярьдаггүйн бол хэлэх хэрэггүй.

5. Хэзээ зогсохоо мэддэг бай: Хүмүүс танд халдаж чадахааргүй биеэ барих ёсгүй ч дөнгөж танилцсан юмуу төдийлэн дотно биш хүмүүс чинь танай ах, найз охиноосоо саяхан салсан тухай гунигт түүхийг төдийлэн сонирхохгүй гэдгийг санаж бай. Яриагаа сонирхолтой байлгах үүднээс хувийнхаа амьдрал, ахуйтай холбоотой зүйл ярьж болох боловч хэтэрхий нарийн ширийн зүйлээ бүү дэлгэ.

 

Эх сурвалж: “5 ways to make great small talk”, www.ivankatrump.com

“Хүчирхэг хос” гэдэг ойлголт монголчуудын дунд төдийлэн түгээмэл биш. Харин хөгжингүй орнуудад амь, албаны ажлаа аль алиныг нь цалгардуулалгүй амжилттай авч явахын зэрэгцээ бие, биенээ хүүхэд шуухадтайгаа хамт happy байлгаж чаддаг хосыг “хүчирхэг хос” гэж нэрлээд байна.

Жишээ нь Facebook-н босс Mark Zuckerberg, түүний эхнэр, Харвардын төгсөгч, эмч Priscilla Chan, Microsoft-ын үндэслэгч Bill Gates, түүний эхнэр, сайн үйлсийн сангийнх нь тэргүүн Melinda Gates гэх мэт. Эдгээр хүчирхэг хосд дараах 8 шинж түгээмэл байдаг гэж Rachel Gillett бичжээ. Үүнд:

1. Тэд бие, биетэйгээ цагийг хамт өнгөрөөхийг чухалчилдаг. Долоо хоног бүр хоёулахнаа болзох, амралтын өдрүүдээр ойр дотныхоо гэр бүлийнхэнтэйгээ цуг салхинд гарах г.м.
2. Тэд хамтдаа бусдад тустай, сайн сайхан үйл хийдэг. Ингэснээр тэд сэтгэл хөдлөл, аз жаргалаа жинхэнэ утгаар нь хамт хуваалцах илүү боломжтой болдог.
3. Тэд бие, биетэйгээ болж өгвөл өдөр бүр утга агуулгатай харилцан яриа өрнүүлж, нэг нэгнээ сайн сонсож, тулгарсан асуудал бэрхшээлийг нь шийдэх гарцыг хамт зөвлөлддөг.
4. Тэд харилцааныхаа талаар сэтгэл хангалуун биш байгаа зүйлийнхээ талаар бага гэлтгүй ярилцаж, дор дор нь шийдэхийг зорьдог. Үгүй бол шийдэлгүй бага, багаар хуримтлагдсан асуудлууд нийлж тэсрэхээрээ хэтэрхий эрсдэлтэй төдийгүй хүсээгүй үр дагаврыг авчрах нь элбэг.
5. Тэд бие, биедээ баярласан, талархсанаа илэрхийлдэг. Гэхдээ энэ нь үнэтэй эд зүйлс авч өгсөнийх нь төлөө баярлахаас өөр. Харин нөхөртөө хүү нь сэтгэлээр унасан үед цаг гарган, харилцан ярилцаж тайвшруулсанд нь талархах гэх мэт талархал юм.
6. Тэд харилцаандаа хамгийн чухал гэсэн зүйлсийнхээ талаар эртнээс ярилцан, тохиролцдог. Үүнд хайрлуулах болон физилогийн хэрэгцээтэй холбоотой нарийн сэдвүүд багтана.
7. Тэд бие, биедээ гаргаж болох бүх цагаа зориулдаг. Амжилттай ажил, сайхан хамт олон зэрэг зуурдын олон зүйлс хосуудыг харилцаанаасаа анхаарлаа сарниулахад хүргэдэг. Иймд хүчирхэг хосууд ямарч тохиолдолд гэр бүлээ нэн тэргүүнд тавьдаг.
8. Тэд ажил-хувийн амьдралын тэнцвэрийг хангадаг, гэр бүлтэй хүмүүст ээлтэй байгууллагад ажилладаг.
Манайхаас олны танил хүчирхэг хосыг нэрлээч гэвэл Sodbileg Otgonbileg, Tuul Erdenechuluun гэж миний толгойд орж ирж байна. Та нар өөр хэнийг хүчирхэг хос гэж бодож байна?

Эх сурвалж: “Successful power couples that stay together have these 8 things in common”, Business Insider