Author Archive

Нүүр хуудас / Author's Article(s) / Админ

Саяхан МҮХАҮТ-ын санаачлагаар МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, салбар салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй өглөөний цай хамт уунгаа уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд МУ-ын эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр төрөөс баримталж, засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогуудаас хоёрыг онцлов. Эдгээрийн нэг нь ХАА-ын салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргах, нөгөө нь Монгол улсаа гадаад зах зээлд нарийн төсөв, төлөвлөгөөтэйгээр танилцуулах зохион байгуулалттай нэгжийг ажилллуулах гэж би ойлгов. Төрийн бодлогын талаар номын дуу сонсож, бизнесийн стратегийн чиглэлээр ажиллаж байгаа иргэн хүнийхээ хувьд ерөнхий сайдын танилцуулсан бодлого, санаачлагатай холбогдуулан өөрийн саналаа хуваалцъя.

1. ХАА-ын салбарын талаарх саналынхаа удиртгал болгож ерөнхий сайд “Бид юунд сайн, түүгээрээ танигдая” гэж уриалсан нь тун холыг харсан санал мэт санагдаж олзуурхаж суутал санал, санаачлагыг хэрэгжүүлэх арга замуудыг тайлбарлахад санаа нь зөв ч, шат дараалал нь эргэлзээ төрүүлэв . Юу вэ гэхлээр Монголчууд хэдэн зуун жилийн турш мал маллаж ирсэн ард түмэн гэж эхэлсэн яриа маань бид гадны танигдсан брэндийн нэрээр бүтээгдэхүүнээ дэлхийд нийлүүлэх хэрэгтэй болоод явчив. Товчоор бид Германы хиамны ч юмуу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэндийн түүхий эд ханган нийлүүлэгч болох юм байна. Ийм маягаар ажилладаг орнууд, үйлдвэрлэгчид олон байгаа, гэхдээ манайх шиг оронд энэ зохион байгуулалт одоогоор тохиромжгүй. Яагаад гэвэл:

Нэгт: Монгол мал элдэв халдварт өвчинд нэрвэгдэх эрсдэл өндөртэйгээс гадна, өөрсдөө хэдэн арван км явж хоолоо олж иддэг “тамирчид”. Иймд гадныхан байтугай “махчин” Монголчууд ч дааж идэхэд хүндрэлтэй, хамгийн наад зах нь.

Хоёрт: Гадны танигдсан үйлдвэрлэгчид аливаа улсад хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө тухайн улсын ажиллах хүчний нөөц, дэд бүтцийн хөгжил, хууль эрхзүйн орчныг заавал чухалчлан судалдаг. Гэтэл манайд эрчимжсэн мал аж ахуйгаар бэлтгэгдсэн, хэдэн зуугаараа фермерт ажиллах боловсон хүчин байхгүй, дээр нь зам харилцаа муу хөгжсөн, улс орнуудын хамгийн эмзэг сектор болох хүнсний аюулгүй байдлыг алдагдуулах, халдварт өвчин гарах эрсдэл бүхий хүнсний импортын чиглэлээр эрсдэлийг нарийн тооцсон хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр хангалттай хийгдээгүй байна.

Тэглээ гээд бид гараа хумхиад суулгүй, Азийн тэргүүн баян Ли Ка Шин “Амьдрал чамд исгэлэн лемон өгөөд байвал, түүнд нь гомдоод суулгүй лемоноор нь ундаа хий” буюу өөрсдийн сул талаа давуу тал болгох арга замыг хай гэсэн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Миний зүгээс дараах шийдлийг санал болгож байна.

ШИЙДЭЛ. Дэлхийн улс орнуудад хэт их хотжилт явагдаж, уламжлалт хөдөө аж ахуйн салбарт ажиллах ажилчдын тоо эрс буурч, үйлдвэрлэгчид хурдан хугацаанд ургацаа хурааж хотын хүн амын хэрэгцээг тасралтгүй хангаж, өөрсдийн үйлдвэрлэлээ эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгцээ шаардлага гарсны улмаас химийн бордоо зэргийг хүнсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хэрэглэх болсон. Үүний хор уршгийг ойлгож мэдсэн хэрэглэгчид химийн бордоо (мал аж ахуйн хувьд мах, сүүний гарцыг нэмэгдүүлэх элдэв эм тариа хэрэглээгүй) жинхэнэ байгалийн жамаараа боловсорсон ногоо, жимс, мах, сүүг хэд дахин илүү үнэ төлөөд ч хамаагүй авах хүсэлтэй болсон.

Тэгэхээр цөөн хүн амтай, дэд бүтэц муу хөгжсөн Монгол улс хямд үнээр их бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зүтгэх биш өндөр үнэтэй, өөрсдийн чаддаг мэддэг аргаараа чанартай цөөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч буюу органик фермерийн орон болохоор зорих нь зүйтэй.

Зургийн эх сурвалж: Business Insider (Жишээ нь: АНУ-ын Wholefoods сүлжээ дэлгүүрт 500гр органик гүзээлгэнэ, мөн хэмжээний бордсон гүзээлзгэнээс 1000 гаран төгрөгөөр илүү үнэтэй зарагдаж байна)

Ингэхдээ Монголчууд аль болох шавхагдашгүй нөөц бололцоогоо ашиглах нь зүйтэй. Тухайлбал малаа нядалж махыг нь гаргахын оронд сүүнийх нь гарцыг нэмэгдүүлэхэд анхаарч, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох нь илүү тогтвортой. Тухайлбал манай урд хөрш Хятад төдийгүй дэлхийн олон оронд эрэлт хэрэгцээ нь өсч буй ингэний сүү гэхэд 500 мл нь ойлролцоогоор 10 гаран мянган төгрөгөөр борлогдож байна.

Зургийн эх сурвалж: https://desertfarms.com/products/raw-camel-milk-frozen

Газар тариалангийн салбарт эргэлт удаан, үнэ багатай, цаг агаарын хүчин зүйлээс их хамааралтай төмс, лууван зэрэг ногоогоо дотоодын хэрэгцээндээ зориулж үйлдвэрлээд өргөст хэмх, улаан лооль зэрэг үнэ өндөртэй, нарийн ногоонуудаа жинхэнэ Япон, Европ зэрэг орнуудын технологиор голдуу экспортонд зориулж үйлдвэрлэхээр зорих нь зүйтэй болов уу. Мэдээж нарийн судалгаа, шинжилгээний үр дүнд дээр санал болгосон нарийн ногоонуудаас илүү органик чацаргана, нэрс, гүзээлзгэнэ зэрэг жимс, жимсгэнэ эдийн засгийн үр өгөөж өндөртэй, эрсдэл багатай байхаар бол нарийн ногооноос илүү жимс, жимсгэнэ, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүнээ экспортлохдоо анхаарлаа хандуулж болно.

Товчоор ХАА-ын салбарыг бодлогоор дэмжин, эдийн засгийг эрчимжүүлэх гол салбар болгохоор зорихдоо а) дотоодын зах зээлийг хангах, экспортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, б) хэдийд ч гэрээгээ цуцлаад Монголоос гараад явчих эрсдэлтэй гадаадын танигдсан брэндийн нэрээр биш өөрсдөө чаддаг аргаараа, олон улсад танигдах “Органик Монгол” гэсэн брэндийг бий болгоход чиглэсэн богино, дунд, урт хугацааны арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
Ерөнхий сайдын дэвшүүлсэн хоёр дахь асуудал бүр сонирхолтой. Тэр талаар миний дараагийн нийтлэлээс уншаарай!

Бидний бэлтгэсэн нийтлэлүүдийг цаг тухай бүрт нь авахыг хүсвэл ЭНД ДАРЖ манай мэйлийн жагсаалтанд бүртгүүлээрэй!

Доорх номын жагсаалт нь хувь хүний хөгжлийн хамгийн шилдэг гэгдэх номуудаас бүрдсэн бөгөөд жагсаалтыг гаргахдаа олон манлайлагч нарын зөвлөгөө, шилдэг гэгдэх олон улсын сэтгүүлүүдэд ихээр иш татагдсан байдлыг харгалзан сонголоо. Жагсаалтад, хувь хүний хөгжлийн номуудын онолын суурь болсон боловсрол, манлайлал, өөрийгөө хэрхэн дайчилж амжилтад хүрэх тухай номууд багтсан болно.

1. “The Success Principles”

Jack Canfield-ийн бичсэн энэхүү өөртөө-туслах /self-help/ ном нь амьдралаа өөрчилж, амжилтад хүрэх аргуудыг зааж өгсөн байдаг. Хэрвээ та өөрийнхөө амьдралыг өөрчлөх, амжилтад хүрэхэд тань туслах ганцхан шилдэг номыг хайж байгаа бол гагцхүү энэ номыг л уншаарай.

Номын сул тал: Магадгүй номонд дурдагдсан зарим санаанууд нь бусад хувь хүний хөгжлийн номуудтай төстэй учраас уншигч таныг бага зэрэг уйдааж магад.

2. “Think and Grow Rich”

Napoleon Hill-ийн бичсэн “Think and Grow Rich” ном нь амжилтад хүрсэн олон хүмүүсийн ширээний ном болж байсан. Анх бичигдсэн өдрөөсөө хойш 80 гаран жил өнгөрсөн ч өнөөгийн залуучуудын өврийн ном болж хүний дотоод мөн чанар, хувь хүний хөгжил, амжилтын тухай өгүүлдэг энэ номыг заавал уншаарай.

3. “The Power of Positive thinking” 

Амжилтад хүрсэн олон хүмүүс “Хандлага” бол амжилтын хамгийн чухал хэсэг гэдэг. Энэхүү номоор зохиолч Norman Vincent Peale эерэгээр сэтгэх нь амжилтыг шууд бий болгодоггүй харин эерэгээр ЗӨВ сэтгэж чадах нь хүнийг хэрхэн амжилт руу чиглүүлдэг тухай өгүүлдэг.

Номын сул тал: Энэхүү ном нь зарим нэг талаараа хэт их шашины (secret; god) шинж чанартай гэсэн шүүмжлэлүүдийг авдаг байна. Гэвч авах гээхийн ухаанаар хандаж чадвал энэхүү номоор дамжуулан хандлагаа өөрчлөх боломжтой.

4. “Outliers: The story of success” 

Malcolm Gladwell-ийн бичсэн энэхүү ном нь шинжлэх ухааны талаас амжилтад нөлөөлдөг зүйлсийг тодорхойлон бичсэн байдгаараа онцлогтой. Энэхүү номонд бусад хувь хүний хөгжлийн номууд шиг амжилтад хүрэхийн тулд хийх ёстой зүйлсийн жагсаалт байдаггүй. Харин номын хэсэг бүрээр дамжуулан амжилтанд аз, хандлага, чадвар нөлөөлдөггүй харин өөрийн чадварт зориулж буй ЦАГ гэх ганц хэмжүүр л нөлөөлдөг тухай өгүүлнэ.

Холбоотой нийтлэл: “ЯАГААД ТА ӨДӨР БҮР УНШИХ ШААРДЛАГАТАЙ ВЭ? НОМ УНШИХЫН 10 АШИГТАЙ ТАЛ”.

Манай сайт дээр гарсан зөвлөгөө, мэдээллийг цаг тухай бүрт нь и-мэйлээр авч байхыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй.

Ажлаа зөв зохион байгуулж чаддаг байна гэдэг зарим хүнд амархан юм шиг санагдах боловч:

  • Байгууллагын нягтлан тайлангаа цагийг нь тулгаж хийж эхэлснээс болж өндөр торгууль төлөх,
  • Их сургуулийн оюутан шалгалтдаа хожуу бэлдэж эхэлснээс хагас жилээр төгсөлт нь хойшлох,
  • Менежер цагийн менежментийн төлөвлөлт алдсанаас болж компани өндөр алдагдал хүлээх зэрэг бидний мэдэх нийтлэг, эрсдэлтэй асуудлуудтай олон хүнд тулгардаг.Иймд та бүхэндээ цагийн менежментийн шилмэл арга EISENHOWER-ИЙН MATRIX-ийг танилцуулъя.

BETTER LATE THAN NEVER. BUT NEVER LATE IS BETTER

АНУ-ын ерөнхийлөгч асан Dwight D.Eisenhower нь цагийн менежментийн мастер гэдгээрээ алдартай нэгэн байсан билээ. Тэрээр бүхий л ажлыг чадварлаг, цаг тухай бүрд нь хийж чаддаг байжээ. Eisenhower өөрийн ажлыг Matrix дээр ЧУХАЛ (Important) болон ЯАРАЛТАЙ (Urgent)-гаар нь ангилан оруулж ХЭЗЭЭ, ХЭРХЭН хийхээ тодорхойлон гаргаж өндөр бүтээмжтэй ажилладаг байсан байна.

Өөрөөр хэлбэл “Eisenhower-ийн matrix”-ийн үндсэн санаа нь өөрийн ширээн дээр бууж ирсэн ажлуудыг Matrix дээр чухал, яаралтай гэсэн нөхцөлд таарахаар нь байрлуулан бичээд дараа нь тухайн ажлаа хэзээ яаж хийхээ тодорхойлох юм.

Жишээ нь: Танд ирэх 8-н сард бэлэн болгох ёстой маш чухал төслийн ажил, ирэх Даваа гаригт захиралдаа өгөх ёстой тайлан, дэлгүүрээс хүнсээ авах мөн танилтайгаа уулзах ажлууд гарч ирсэн байна гэж үзье. Зураг дээрхи matrix дээр байрлуулаад үзээрэй.

Зураг дээр байрлуулах үед таньд юу бодогдсон бэ?
– Important, but not urgent/чухал, гэхдээ яаралтай бус 8-н сард бэлэн болох ёстой төслийн ажлыг долоо хоногт тогтмол хийж чадвал төслөө чанар сайтай, яаралгүй дуусгаж чадна.

– Urgent, important/яаралтай, чухал – Захиралд өгөх ёстой тайлангаа өнөөдрөөс яаралтай хийх ёстой.
– Urgent, but not important/яаралтай, чухал бус – Дэлгүүрээс хүнсээ авахаа эхнэр/нөхөр-өөс туслалцаа хүсч болох юм байна.
– Not important, not urgent/чухал бус, яаралтай бус – Танилтайгаа дараа нь боломжтой үедээ уулзах нь зөв юм байна гэсэн шийдвэрүүдэд бичих үед л хүрч байгааг та харж байна.

Дээрх жишээнээс харахад энэхүү Matrix нь өөрөө шийдвэр гаргах, төлөвлөлт хийхэд маш энгийн мөртлөө чухал аргачлал юм. Та Matrix-ийг ашиглах үедээ дараах асуултуудад хариулах гээд үзээрэй.
• Би ЧУХАЛ мөртлөө ЯАРАЛТАЙ БУС ажлаа хэзээ хийх вэ?
• Би хэзээ цаг гаргаж ЧУХАЛ ажлуудаа ЯАРАЛТАЙ болохоос нь өмнө хийж гүйцэтгэж дуусгах вэ?
Дээрх асуулт нь стратегийн, урт хугацааны шийдвэрүүдийг оновчтой гаргахад туслах бөгөөд энэ нь бидний амьдралыг илүү зохион байгуулалттай, бүтээмжтэй болгож байдаг.

/The Decisions book номын хэсгээс/

Хоган Ловеллс олон улсын хуулийн фирм нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бяцхан хүүхдүүдэд тайзан дээр хэрхэн чөлөөтэй дүрд хувирахаас эхлээд бүсийн тэргүүлэх олон компаний захирлуудыг үр нөлөөтэй илтгэх чиглэлээр дасгалжуулагч Салли Деллоу зөвлөхийг Хонг Конгоос тусгайлан урьж авчран, иргэний нийгэм, бизнес, төр засгийн 60 гаруй төлөөлөлд зориулан “Үр нөлөөтэй илтгэх нь” сэдвээр сургалт семинар зохион байгуулав.

Судалгаагаар хэн нэгэн өөрөөсөө бусад хүнд хандан ярих явцад тухайн хүнийг сонсогч/үзэгчид түүний юу ярьж буйд 7-хон хувийн анхаарлаа хандуулдаг бол, хоолойн ямар өнгө аястай ярьж буйд 40 орчим хувь, биеэ авч яваа байдал, үйл хөдлөлд нь бүр 55 хувийн анхаарал хандуулдаг аж. Салли багш өөрийнх нь хамтарч ажилладаг маш олон гүйцэтгэх түвшний албан хаагчид өөрөө юмуу ажилтнуудаараа магадгүй хэдэн долоо хоног бэлдүүлсэн тайлан, илтгэлээ бусдад танилцуулахдаа сэтгэл зүй болон үйл хөдлөлөө хангалттай бэлтгээгүйгээсээ болж хүссэн үр дүнд хүрдэггүй байсан талаар жишээ татав.

Тэрбээр бусдад зориулан яриа хийх, илтгэл тавихаасаа өмнө хувийн бэлтгэлээ дээд зэргээр хангах онцгой ач холбогдолтойг учирлаж, хэрхэн хувийн бэлтгэлээ хангах талаар практик зөвлөгөө өгөв. Жишээлбэл:
– илтгэгч өөртөө эвтэйхэн, бусдад хүндэтгэлтэйгээр хувцаслах,
– илтгэлээ эхлэхээс 20-30 минутын өмнө техник хэрэгслээ бэлдэж шалгах,
– илтгэлийн үзүүлэн таниулах материалдаа бага бичвэр оруулах,
– биеийн болон нүүрний илэрхийллээ ярьж буй зүйлтэйгээ тохируулан чөлөөтэй, өөртөө итгэлтэй гаргах (дээр дурдсан судалгааны дүнг санаарай!),
– илтгэлээ аль болох цээжээрээ ярих,
– сонсогч, үзэгчидтэйгээ “eye contact” буюу харц тулах (ингэхдээ өөрийн харцыг эрвээхий нисч бууж буй мэт төсөөлөн нэг сонсогчоос нөгөөд шилжин, аль болох олон сонсогчидтой харцаараа тулах)
– сонсогчидоо мэдрэх (уйдаж байгаа, асуулт асуумаар байгаа, сайн сонсохгүй байгаа эсэхийг нь мэдрэх, шаардлагатай бол асууж тодруулах) зэрэг зөвлөгөө өгөв.

Түүнчлэн, таны яриа хийх гол учир шалтгаан болсон сонсогчдоо илтгэл, яриандаа татан оролцуулж, ярьж байгаа зүйлээ ойлгуулж, тэдэнд мэдээлэл өгөх/өөрт хэрэгтэй шийдвэр гаргуулах юмуу үйлдэл хийлгүүлэхийн тулд үр нөлөөтэй тактик хэрэглэж байхыг зөвлөв. Тэдгээр тактикийн нэг болох RARA нь үзэгчдээс асуулт ирэх юмуу үзэгчдэд асуулт тавих тохиолдолд хэрэглэж болох үр дүнтэй арга учир доор тайлбарлая.

Дүгнээд, бусдад (ялангуяа ажлын хүрээнд) хандсан/зориулсан илтгэл, яриагаа хэн, хэнийхээ цагийн гарз болгохгүйн тулд урьдчилан сайтар бэлдэж, илтгэн танилцуулах явцдаа бие, хэл, сэтгэлээ зөв дайчлан хүссэн үр дүндээ хүрч байгаарай гэж хүсье!
Хувь хүний хөгжил, гэр бүл олон нийтийн харилцаа, бизнес болон технологийн талаарх сүүлийн үеийн судалгаанд суурилсан нийтлэл, мэдээллийг та цаг тухайд нь авахыг хүсвэл ЭНД дарж цахим хаягаа бүртгүүлээрэй.

Хүүхдэд багаас нь ном уншиж өгөх, яваандаа өөрт нь ном унших дадал суулгах нь боловсрол мэдлэгтэй хувь хүн болох суурийг нь тавьж буй тулгын нэг гэдэгтэй эцэг эхчүүд маргахгүй болов уу.Бидний өмнөх зөвлөгөө “Хүүхдээ хэрхэн номонд дуртай болгох бэ” дээр дурдагдаж байсанчлан хүүхдийн ном сонирхолтой байх ёстой. Тиймээс энэ удаад хүүхдүүдийн насны онцлог, сонирхол, хүлээж авах чадвар зэрэгт нь тохирсон номыг сонгох талаарх зөвлөгөөг Монсудар хэвлэлийн хүрээлэнгийн, Дидо хүүхдийн редакцын сурах, сургах хэрэглэгдэхүүний аргазүйч Г. Ариунцэцэгийн тайлбарласнаар хүргэж байна.

Номыг эцэг эхчүүд хүүхдийнхээ нас, хүйс, сонирхолд тохируулан номынхоо материал, бичвэр, зураг агуулгыг анхааран авахаас гадна хүүхдийнхээ хэл, яриа, сэтгэхүйг хөгжүүлэх гэх мэт зорилгоосоо хамааран ялгаатайгаар сонгох боломжтой байдаг байх нь.

https://youtu.be/hk-2_pcS8Nk

Дашрамд хэлэхэд, манай “ЯАГААД ТА ӨДӨР БҮР УНШИХ ШААРДЛАГАТАЙ ВЭ? НОМ УНШИХЫН 10 АШИГТАЙ ТАЛ” нийтлэлээс уншигч байхын ач тусын талаар дэлгэрэнгүй ойлголт авах боломжтой.

Холбоотой нийтлэл: Хүүхдээ хэрхэн номонд дуртай болгох бэ?

​Бид ажлынхаа шугамаар мянга мянган бизнес эрхлэгчидтэй уулздаг. Энэ явцдаа бид бизнесийн эрүүл өсөлт, амжилтыг илтгэж болохуйц олон хэмжүүрүүд, тоонуудын дунд ажиллаж байсан юм.

Гэвч заримдаа, ийм хэмжүүрүүд тухайн бизнест чухам юу өрнөж байгааг харуулах тийм ч оновчтой үзүүлэлт биш байдаг эсвэл хүмүүс ижил хэмжүүрийг өөр тодорхойлолтоор тайлбарласан байдаг нь бизнесийн тогтвортой ажиллагааг ойлгоход бүр ч бэрх болгодог.

Зарим нэг хэмжүүр нь өдрийн турш өөрийн туршлагаар мэдэрдгийн хувьд танд танил санагдах байх, иймээс бид хамгийн нийтлэг болон ойлгомжгүй метрикс, хэмжүүрүүдийг багцлан тайлбарласан юм.

Зарим хэмжүүрүүдийг хөрөнгө оруулагчид яагаад онцолдгийг тэмдэглэсэн билээ. Хэмжүүр сайн байх нь зөвхөн VC нараас хөрөнгө босгохын тулд биш – энэ нь үүсгэн байгуулагчид нь бизнесийнхээ үйл явцыг зөв явж байгаа үгүйг, жинхэнэ асуудал юунд байгааг тодорхойлоход чухал хэрэгтэй юм.

#1 Захиалга vs. Орлого

Хийгдсэн захиалгын хэмжээ болон орлого хоёр хольж хэрэглэх түгээмэл алдаа гардаг ч эдгээр нь хоорондоо огт адилгүй юм.

Захиалгын хэмжээ гэдэг нь үйлчлүүлэгчид, харилцагчдын гэрээний үүргээр төлнө гэж тохирсон нийт мөнгөн дүн юм.

Орлого нь компани үйлчилгээгээ үзүүлж тохиолдолд, төлбөрөө цуглуулж авсан нийт дүн юм.

Санамж бичиг, аман хэлэлцээрийн аль нь ч захиалга эсвэл орлогод тооцогдохгүй.

#2 Тогтмол орлого vs. Нэг удаагийн орлого

Хөрөнгө оруулагчийн хувьд нийт орлогынх нь ихэнх хувийг тогтмол орж ирдэг орлого нь бүрдүүлдэг компанийг илүүд үздэг. Яагаад? Нэг удаагийн үйлчилгээний орлого нь тогтмол бус, ашгийн маржин бага байдгаас гадна цаашид томруулахад хүнд модельд тооцогддог..

Жилийн Тогтмол Орлого (ЖТО) нь тогтмол орж ирснээр орлогыг бүрдүүлж байдаг хэмжүүрийг хэлнэ. Нэг удаагийн төлбөр болон мэргэжлийн үйлчилгээний төлбөрийг үүнд оролцуулахгүй болохыг анхаарна уу.

Нэгж харилцагчид оногдох ЖТО (ARR): Танай компани хэвийн өсөлттэй явна уу? Tа нэгж харилцагчид хангалттай хэмжээгээр бараа, үйлчилгээгээ зарж чадаж байна уу гэдэг бол эрүүл өсөлттэй бизнест хянаж байх ёстой хэмжүүр юм.

Сарын Тогтмол Орлого: Хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаа нь (1) Техник хангамж, суурилуулалт, мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ зэрэг тогтмол бус төлбөрийг тооцох (2) мөн төлөгдөөгүй захиалгуудыг оруулж тооцох байдаг.

#3 Нийт Ашиг

Захиалга өндөр байх нь хэдий чухал ч, хөрөнгө оруулагчид танай компанийн орлогын урсгал хэр их ашигтай авч ирж байгааг мэдэхийг хүсдэг.

Компани бүрийн нийт ашиг өөр хоорондоо адилгүй тооцоологддог ч ерөнхийдөө үйлдвэрлэл, тээвэрлэлт болон бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэг зардлууд тооцогдож, нийт орлогоос хасагдаж ашиг тооцогддог.

#4 Гэрээний нийт дүн vs. Жил тутмын гэрээний дүн

Гэрээний нийт дүн нь урт, богино хугацааны бүх гэрээнд тусгагдсан захиалгын дүнг хэлнэ. Мөн ГНД-д нэг удаагийн төлбөр, мэргэжлийн үйлчилгээний төлбөр болон тогтмол зардлууд багтана.

Жил Тутмын Гэрээний Дүн: 12 сарын мөчлөгтэй гэрээний дагуу орж ирэх нийт мөнгөн дүнг хэлнэ.

Таны бизнесийн хэмжээ хэр том бэ? Та хэрэглэгчдээсээ сар бүр хэдхэн зуун долларын ашиг олж байна уу эсвэл өндөр үнийн дүн бүхий хэлэлцээрүүдийг хийж чадаж байна уу?

Таны бизнес өсөж байна уу? Танай хэрэглэгчид танай бүтээгдэхүүнд дунджаар өмнө төлдөг байснаасаа илүү үнэ төлж байна уу? Энэ нь танай бүтээгдэхүүн сайжирч, хэрэглэгчдийн амьдралд илүү өндөр үнэ цэнийг бий болгож чадаж байна уу? Хэрэв тийм бол энэ нь бизнесийн өсөлт юм.

#5 Ашиглалтын Хугацааны Дүн

Ашиглалтын хугацааны дүн (АХД) нь нэгж хэрэглэгчээс урт хугацааны туршид орж ирэх ирээдүйн цэвэр ашгийг өнөөдөр бодож гаргаж байгаа хэмжээ юм.

Энэ нь танай нэгж хэрэглэгчийн урт хугацааны үнэ цэнийг тодорхойлоход тусалдаг бөгөөд хэрэглэгч татахад гаргасан зардлыг хассаны дараа ямар хэмжээний цэвэр ашгийг нэгж хэрэглэгчээс олж байгааг тодорхойлдог.

АХД-г дараах байдлаар тооцоолж болно:

Нэг хэрэглэгчид ногдох орлого (сар тутам) = Захиалгын дундаж үнэ * Захиалгын тоо

Нэг хэрэглэгчээс орох ашгийн маржин = (Хэрэглэгчээс орж ирсэн орлого – Хэрэглэгчтэй холбоотой хувьсах зардлууд). Хувьсах зардалд хэрэглэгчдэд хүрэх, борлуулах зардлаас гадна тэдэнд үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах бүх төрлийн үйл ажиллагааны зардал орно.

Ашиглалтын Хугацааны Дүн = Хэрэглэгчээс орж ирсэн сарын ашиг * Хэрэглэгчийн ашиглалтын дундаж хугацаа

Хэрэв танд цөөхөн сарын түүх, худалдааны мэдээлэл байгаа бол тэр байгаа мэдээлэл дээрээ тулгуурлан тооцоолохыг зөвлөж байна.

Нэг хэрэглэгчид оногдох ашгийн маржиныг, нэг хэрэглэгчийг татахад зарцуулсан өртөгтэй харьцуулсан тоо мөн их чухал байдаг. Энэ тоогоор бизнесүүд маркетинг, борлуулалтынхаа явцын үр дүнг хэмждэг.

#6 Нийт худалдааны дүн

Нийт Худалдааны Дүн нь тодорхой хугацааны турш дахь борлуулалтын явцад хуримтлагдсан нийт орлогыг хэлнэ. Энэ нь тус зах зээлд хэрэглэгч талаас ямар хэмжээний зарцуулалт хийж буйг харуулна. Энэ нь зах зээлийн хэмжээг тодорхойлох бөгөөд одоогийн арилжааны төвшинг сүүлийн сараар болон улирлаар нь жилчилсэн байдлаар харахад тусална.

#7 Орж ирээгүй буюу хойшлогдсон орлого болон нэхэмжлэх

SaaS (Software-н түрээс хэлбэрийн үйлчилгээ) бизнесүүдийн хувьд энэ нь орлого баталгаажихын өмнө, захиалгын дагуу урьдчилгаа болгон авсан төлбөр юм.

SaaS компанийн хэвийн өсөлттэй үгүйг хэмжих оновчтой хэмжүүр нь бүх нэхэмжлэхийн дүнг харах бөгөөд нэг улирлын орлого дээр өмнөх улирлаас энэ улирлын орлогыг хассан зөрүүг нэмэх юм. Хэрэв SaaS компанийн захиалга өсөж байгаа бол нэхэмжлэх мөн харилцан өснө гэсэн үг юм.

Орлого нь хэрэглэгчийн бодит үнэлэмжийг дутуу үнэлэхэд хүргэдэг тул дан ганц орлогоор SaaS компанийн амжилтыг дүгнэхээс арай алсыг харсан арга нь нэхэмжлэхийн хэмжээг харах билээ. Гэхдээ энэ нь төвөгтэй байж болно. Учир нь SaaS компани төлөгдөөгүй нэхэмжлэлүүдээ цуглуулснаар урт хугацааны туршид тогтвортой орлоготой харагдаж, бизнесийг байгаагаас нь ч амжилттай харагдуулж болно.

#8 Хэрэглэгч Татах Зардал … Холимог vs. Төлбөртэй, Органик vs. Органик бус

Өөрсдөө хандсан хэрэглэгчийн зардалтай маркетингийн аяны үр дүнд татсан хэрэглэгчдээс ялгахад бэрх. Холимог хэрэглэгч татах зардал нь бүх сувгаар орж ирсэн шинэ хэрэглэгчдийн элсүүлэх зардлыг хэлдэг ч энэ нь танд төлбөртэй явуулсан маркетингийн аян тань ашгаа өгч байгаа эсэхийг нарийн хянахад хэцүү хэвээр байдаг.

Иймээс хөрөнгө оруулагчид төлбөртэй маркетингийн шугамаар элссэн хэрэглэгчдийн тоог илүү чухалчилж асуудаг.

Зарим тохиолдолд төлбөртэй аян органик хэрэглэгчдийг татахад нөлөөлсөн байдаг тул холимог ХТЗ-ыг үр дүнтэй харагдуулахын тулд гарсан нөлөөг баримттайгаар тайлбарлах шаардлага гарна. Гэвч, маш олон хөрөнгө оруулагчид аль аль талаас харах сонирхолтой байдаг.

Хөрөнгө оруулагчид мөн хэрэглэгчийг татсан сувгуудыг задаргаагаар харуулсан тоо баримтыг харах хүсэлтэй байдаг. Жишээлбэл: Фэйсбүүк сувгаар татсан хэрэглэгчдийн зардал яг хэд байсан бэ?

Хүмүүсийн төсөөллөөс зөрдөг нэг зүйл гэвэл чи хэдий олон тооны хэрэглэгчдийг татахаар ажиллана тэр хэмжээгээрээ нэгж хэрэглэгчийг татан, элсүүлэх зардал өсдөг. Эхний 1000 хэрэглэгчдийг татахад магадгүй нэг хэрэглэгч тутамд 1 доллар зарцуулсан бол, цаашлаад дараагийн 10,000-д хэрэглэгч тутамд 2 доллар, түүний дараагийн 100,000-д хэрэглэгч тутамд 5-10 доллар зарцуулагдах жишээ бий. Тиймээс борлуулалтын суваг бүрдээ татсан хэрэглэгчдийнхээ тоо хэмжээг тооцоолохгүй өнгөрч болохгүй юм.

#9 Идэвхтэй хэрэглэгчид

“Идэвхтэй” гэдэг үгийг компани болгон хязгааргүй олон янзаар тодорхойлдог. Зарим тайланд үүнийг тийм ч хайхардаггүй – жишээлбэл: анхны удаа үйлчлүүлж буй хэрэглэгч болон санаандгүй нэг удаа үйлчлүүлсэн хэрэглэгчдийг оролцуулсан өндөр пропорцтой үзүүлэлт харагдах нь элбэг.

“Идэвхтэй” гэдэгт чухам ямар тодорхойлолттой хэрэглэгчид багтахыг тодорхой болго.

#10 Сарын харьцуулалттай өсөлт

Ихэнхдээ сар бүрийн дундаж өсөлтийн хувь хамгийн энгийн арга болдог.

#11 Хорогдол

Бүх л төрлийн хорогдол байдаг – долларын, хэрэглэгчийн гэх мэт. Жишээлбэл: Зарим компани үүнийг хорогдсон орлого гэдэг байдлаар нь жил тутам хэмждэг.

Хөрөнгө оруулагчид үүнийг дараах байдлаар хардаг:
Сар тутмын хэрэглэгчийн хорогдол = Алдсан хэрэглэгчид/өмнөх сарын нийт хэрэглэгчид
Нийт хорогдол: Тухайн сард алдсан тогтмол орлого/өмнөх сарын тогтмол oрлого

#12 Зарлагын Төвшин

Зарлагын төвшин нь компанийн бэлэн мөнгө хэр хурдан багасаж байгааг харуулна. Ялангуяа гарааны бизнесүүд зарлагаа сайн хянах шаардлагатай. Учир нь бэлэн мөнгө дуусах үед хөрөнгө босгох эсвэл зардлаа багасгахад хугацаа хангалтгүй үлдсэн байдаг.

Мөн цэвэр зарлага болон нийт зарлагын харьцуулалтыг хэмжих нь чухал:
Нийт зарлага нь нөгөө талаараа зөвхөн танай сар тутмын зардал болон бусад бүх бэлэн мөнгөний зарцуулалтын нийлбэрийг хэлнэ.
Хөрөнгө оруулагчид цэвэр зарлагад анхаарал хандуулах хандлагатай байдаг. Учир нь танай дансанд үлдсэн мөнгө үйл ажиллагааг хэр удаан цааш явж чадахыг харуулж байдаг. Тэд мөн орлого болон зардал хэрхэн өсөж буйг анхаарч ажигладаг.

#13 Downloads

Аппликешны бизнесийн хувьд татаж авсан тоо нь хэтэрхий өнгөц үзүүлэлт юм.

Хөрөнгө оруулагчид харин давтан хэрэглээ хэр байгааг, өдөр болон сар тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо, зургийг шэйр хийсэн болон үзсэн үзүүлэлт гэх мэт илүү нарийн тоог харахыг хүсдэг.

#14 Нэгдсэн график (vs. Өсөлтийн хэмжүүр)

Нэгдсэн өсөлтийн графикт үргэлж дээшээ өссөн шугам харагддаг. Гэвч энэ нь өсөлтийг харуулах бодит хэмжүүр биш юм. Учир нь бизнес уруудаж байсан ч, дээшээ чиглэсэн график харуулах боломжтой юм.

Хөрөнгө оруулагчид сар тутмын нийт худалдааны дүн, сар тутмын орлого, сар тутамд шинээр орсон хэрэглэгчдийн тоо зэргийг онцолж хардаг.

#15 Графикт ашиглагддаг заль мэх

Өсөлтийг хуурамчаар харуулдаг нийтлэг аргууд нь Ү-тэнхлэгийг нэгжгүйгээр график зурах, өсөлтийг хэтрүүлэн харагдуулахын тулд хавчиж харуулах, мөн бодит тоог оролцуулалгүй өсөлтийг хувиар харуулах нь олонтаа байдаг. (Хувиар харуулсан үзүүлэлт жижиг компаниудын хувьд үнэн бодит өсөлтийг сүржин, худал илэрхийлж байдаг).

#16 Үйл Ажиллагааны Дараалал

Та өөрийн компанийн үйл ажиллагааг танилцуулахдаа үзүүлэлтүүдийг хаанаас нь ч эхлүүлж болно.

Хөрөнгө оруулагчид бизнесийг дүгнэхдээ юун түрүүнд нийт худалдааны дүн, орлого болон захиалгыг харах нь элбэг байдаг. Эдгээр нь тухайн бизнесийн хэмжээг тодорхойлох чухал үзүүлэлтүүд юм.

Хөрөнгө оруулагчид тухайн бизнесийн хэмжээг баримжаалсны дараагаар өсөлтөд анхаарлаа хандуулан тухайн компанийн үйл ажиллагаа хэр сайн явагдаж байгааг харахыг хүсдэг. Эдгээр үндсэн хэмжүүрүүд сонирхолтой байвал үлдсэн хэдийг сонирхож хардаг.

Орчуулан нийтэлсэн: 10/5/2015, www.iderod.com

Эх сурвалж: www.http://a16z.com  Авторууд: Жефф Жордан, Франк Чен, Прит Касиредди
Хамтран орчуулсан: Пүрэвням (CallPro LLC)

Монгол улс дахь үйл ажиллагаа нь тогтворжсон, салбартаа дэлхийд тэргүүлэгчдийн нэгээр хүлээн зөвшөөрөгдсөн Хоган Ловеллс /Hogan Lovells/ нь 6 тив дамнасан 40 гаруй салбартай, Монгол Улсад суурин ажиллах болсон анхны олон улсын хуулийн фирм юм. Тус фирм нь Монгол Улсын Засгийн газар, дотоодын болон гадаадын бизнес, санхүүгийн байгууллагуудад олон чиглэлээр хууль зүйн зөвлөгөө үзүүлдэг дотоод болон гадаадын чадварлаг, туршлагатай хуульч нартай юм. Тус фирмийн чадварлаг хамт олонтой төрийн байгууллагад ажиллах байх үедээ хамтран ажиллах завшаан тохиож байв.

Харин бизнес эрхлэхэд төдийлэн амаргүй орнуудын жагсаалтанд тэргүүлдэг Монгол улсад үйл ажиллагаагаа эрхлээд арваад жил болж буй Хоган Ловеллс хуулийн фирмийн амжилтын салшгүй нэг хэсэг нь зөвхөн өөрийн компаний ашиг, ажилтнуудын чадавхид анхаарах бус оршин буй нийгмээ чадавхижуулан, хөгжүүлэхэд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд оройлон оролцдогт оршдог гэдгийг саяхнаас таньж мэдэв.
Тухайлбал, тус хуулийн фирм нь Монгол эмэгтэйчүүдийн хөгжил дэвшил, манлайллыг дэмжих зорилгоор “Удирдагчийн төлөв байдал, үр нөлөөтэй илтгэх” сэдвээр тусгай сургалтыг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр иргэний нийгэм, бизнес, төр засгийн төлөөлөл болсон 60 гаруй эмэгтэйчүүдэд зориулан зохион байгуулж байна.

Олны өмнө илтгэхээс айх айдас нь үхлийн айдсаас илүү байдаг гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Тиймээс илтгэх урлаг нь амжилтад хүрэхэд шаардлагатай чадваруудын жагсаалтыг тэргүүлдэг юм.

Албан тушаал ахих, дээд удирдлагын түвшинд хүрэхэд “үл үзэгдэх” саадтай тулгардаг эмэгтэйчүүдийн хувьд энэ чадварыг эзэмших нь тэр тусмаа ач холбогдолтой.

Энэхүү чухал чадварыг ул суурьтай ухан ойлгож, ажил амьдралдаа нэвтрүүлэхэд нь туслах зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багш, байгууллагын болон гүйцэтгэх удирдлагын сургалт зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр 25 жил ажилласан туршлагатай Салли Деллоу /Sally Dellow/ зөвлөхийг Хонг Конгоос тусгайлан урин авчирсан юм. Тэрээр мөн мэргэжлийн жүжигчин, зохиолч тул эдгээр мэргэжлийн чадвараа ашиглан сургалтыг оролцооны өвөрмөц аргаар явуулдаг байна.

Түүнчлэн, тус фирмийн ажилтан бүр 25-аас доошгүй цагийг сайн дурын буюу нийгэмд тустай үйл ажиллагаанд зарцуулдаг журамтай. Иймд Хоган Ловеллс нь нийгмийн хариуцлагын хөтөлбөрийнхөө хүрээнд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй үзүүлж, байгаль орчин, орон нутгийн дэмжлэг, хувь тэнцүүлсэн хандивын хөтөлбөр хэрэгжүүлдгийн зэрэгцээ дээрх эмэгтэйчүүдийн хөгжил дэвшлийг дэмжсэн үйл ажиллагааг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа юм байна. Өнгөрсөн жил “Хүүхдийг Ивээх Сангийн” Монгол дахь хөтөлбөр тэргүүтэй төрийн бус байгууллагуудад Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль болон Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийг боловсруулахад үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө үзүүлж, тус хуулиудыг батлуулахад хувь нэмэр оруулжээ. Энэ жил Монголын Аутизмын Холбоог дэмжин ажиллаж байгаа юм байна.

Англи хэлээр харилцагчдын Монголын холбоо-ноос 13 дахь удаагаа Англи хэлээр уран илтгэх улсын аваргыг шалгаруулах тэмцээнийг Монгол дахь Английн ЭСЯ болон Mongolia Needs You ТББ-тай хамтран зохион байгууллаа. Тус тэмцээний ялагч Англи улсын Лондон хотод зохион байгуулагдах Олон улсын уран илтгэлийн тэмцээнд улсаа төлөөлөн оролцох эрхээр шагнагддаг юм.

Миний бие тус тэмцээний үндсэн шалгууруудын нэг болох 16-20 настай байх гэдэг шалгуурыг хангаж байх үедээ 3 жил дараалан оролцож, үе тэнгийнхнээсээ үлгэр дууриал авч, өөрийгөө хөгжүүлж, одоо салбар салбарт амжилттай яваа олон мундаг залуустай анх тус тэмцээний үеэр танилцаж байв. Хэдэн жилийн өмнөөс энэ үр өгөөжтэй үйл ажиллагааг зохион байгуулахад гар бие оролцон, хөтлөхдөө хөтлөн, шүүхдээ шүүж явахад залуусын илтгэх чадвар, ялангуяа Англи хэлээр илтгэх чадварын талаар сурсан, ажиглагдсан зарим зүйлсийг доор хуваалцъя.

Хүмүүс таныг сонсож эхэлснээсээ хойш 10 секундын дотор үргэлжлүүлэн анхаарал хандуулах эсэхээ шийддэг. 

Дээрх тэмцээнд оролцогч залуусын Англи хэлний чадвар жилээс жилд сайжирч буйд зохион байгуулагчдын зүгээс тун сэтгэл хангалуун байгаа. Зарим залуус үнэхээр өөртөө итгэлтэй, цэгцтэй, биеэ зөв авч явж чадаж буй нь зөвхөн илтгэлийн тэмцээн бус ажлын талбар, нийгмийн харилцаанд нь онцгой ач холбогдолтой. Энэ жилийн тэмцээний ялагч А. Тэргэл маань Англи хэлийг эх хэл шигээ сурахад ээж, эгч хоёрынх нь багаас нь гэртээ гадаад хэлийг ээлжлэн хэрэглэж чихэнд нь хоногшуулж, хэлэнд нь зүгшрүүлсэнтэй холбоотой гэж хэлж байв. Үүнтэй адил хүүхэд, залуус маань багаасаа л анги хамт олныхоо өмнө чөлөөтэй ярьж, санаа бодлоо илэрхийлж сурах хэрэгтэй байх нь. Мөн эцэг эхчүүд, эгч ах нар нь багачуудыгаа бага гэлтгүй олны өмнө ярих, илтгэх, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадварт сургах нөхцлийг нь бүрдүүлж өгөхөд анхаарах хэрэгтэй байх нь. Товчоор “practice makes perfect”. Энэ тэмцээн олон залуусын хувьд илтгэх, олны өмнө ярих дадал, чадварт суралцах томоохон дасгал, сургуулилт болдогт бид баяртай байдаг.

Илтгэлийн чинь сонсогч, үзэгч хэн бэ гэдэгт анхаарч сэдэв, ярианыхаа өнгө аяс, өгөх гэсэн санаа мессежээ тодорхойлоорой.

Монгол улс 16 нас хүрсэн иргэддээ иргэний үнэмлэх олгож, хариуцлага үүрүүлж эхэлдэг. Дэлхийн ихэнх оронд сонгуульд оролцож, улс эх орныхоо ирээдүйг тодорхойлон шийдвэрлэх үүргийг 18-наас дээш насныхандаа оногдуулдаг. Олон улсад 16-20 насныханыг “young adults” буюу насанд хүрэгсэд ангилалд оруулдаг. Тэгэхээр дээрх тэмцээнд оролцогчдоос шүүгчид болон үзэгчид судалгаатай, нийтэд хамаатай, шийдэл санал болгосон сэдвийг илтгэлээрээ дамжуулан хөндөхийг голчлон хүлээдэг. Харин дээрх тэмцээнд оролцогчдын сонгосон сэдвээс анзаарагдсан түгээмэл алдаа нь тэд илтгэлийг нь шүүх Англи улсын Элчин сайд, Дэлхийн банкны мэргэжилтэн, алдарт Оксфордын их сургуулийн магистрын зэрэг бүхий эрхмүүдэд хандсан бус үе тэнгийн найз нөхөддөө зөвлөсөн, тэдэнд урам өгөн зоригжуулсан маягтай сэдвүүдийг голчлон сонгосон байв. Энэ мэтээр та бүхэн олон нийтийн өмнө илтгэл тавих, яриа хийх шаардлагатай тулгарвал өөрийг тань сонсогчид, шүүгчид, үзэгчид хэн бэ, тэд таниас юу сонсохыг хүсч, хүлээж байгаа бол гэдэгт хамгийн түрүүнд анхаарлаа хандуулж, бэлтгэлээ сайн базааж байгаарай.

Англи хэлээр харилцагчдын Монголын холбоо –ноос энэ мэт Монгол хүүхэд, залуус, олон нийтийн Англи хэлний чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн төдийгүй олон улсын түвшинд үе тэнгийнхэнтэйгээ өөрсдийгөө харьцуулан, хөгжих боломжуудыг олгох хөтөлбөрүүдийг уламжлал болгон зохион байгуулдаг. Тус байгууллагын үйл ажиллагааны талаар цаг алдалгүй мэдээлэл авахыг хүсвэл Facebook хуудсанд нь нэгдээрэй.

Байнгын хурдтай, гүйцэтгэл өндөртэй ажиллахыг шаардах болсон өнөөгийн ажлын талбарт таны дарга юмуу хүний нөөцийн удирдлагуудад таны авъяас чадварыг яавал хамгийн дээд зэргээр ашиглах, хөгжүүлэх талаар нарийн бодох цаг болоод нөхцөл төдийлэн бүрэлддэггүй. Тэгэхээр бусдын амыг харалгүй өөрөө өөрийгөө урт хугацаанд бэлдэхийн тулд ажил, мэргэжлийн төлөвлөлтөө гартаа аваарай. Энэ талаар доор дэлгэрэнгүй тайлбарлая.

Өөртөө зориуд цаг гарга:

Ажил, гэр бүл, найз нөхөд гээд амьдралын олон зүйлс таныг завгүй байлгаж байгаа үед аливаа зүйлсийг ул суурьтай бодон төлөвлөх цаг төдийлэн гардаггүй. Гэтэл өөрийн нөхцөл байдалд ул суурьтай дүн шинжилгээ хийж, урт хугацааны төлөвлөгөөгөө тодорхойлохгүйгээр хэдэн сар, жилээр явах нь нэг л мэдэхэд таныг ажил мэргэжлийн хувьд тодорхойгүй байдалд хүргэх вий. Иймэрхүү хүсээгүй үр дүнгээсээ зайлсхийхийн тулд ул суурьтай (стратегийн) бодол, төлөвлөлтөнд заавал цаг гаргаж байх хэрэгтэй. Өөрийн бодол, төлөвлөлтөө цэгцтэй байлгахын тулд цөөн хэдэн, итгэлтэй хамт ажиллагсадтайгаа тогтмол уулзаж, урт хугацааны том зорилгуудаа тодорхойлж, нэг нэгнээ идэвхижүүлдэг баг үүсгэж болно. Өөрийн итгэдэг хүмүүстэйгээ өөрийн хүсэл, бодлоо хуваалцах нь шинэ санааг өдөөж, урьд нь хараагүй байсан боломжуудыг нээж өгч ч болно.

Дараагийн алхмуудаа тодорхойл:

Ажил мэргэжлийн хувьд хүрэх зорилгуудаа – тушаал дэвших, хувийн бизнес эхлүүлэх, хариуцдаг багаа өргөжүүлэх – зэргээр тодорхойлох нь зөвхөн эхний алхам юм. Олон мэргэжилтнүүдийн гаргадаг түгээмэл алдаа бол тэнд хүрнэ гэж тодорхойлсон цэгтээ одоо байгаа цэгээсээ хэрхэн хүрэх алхмуудаа тодорхойлдоггүйд оршдог. Үүнийг засах нэг арга бол хэдэн жилийн дараах өөрийн ажлын намтар (CV)-аа урьдчилан бичих юм. Ингэхийн тулд та одоогоос 5 жилийн дараа ажил мэргэжлийн хувьд хаана хүрсэн, юу хариуцан ажиллах зэргээ төсөөлөн бодоод ирээдүйн ажлын намтараа аль болох нарийвчлан бичээрэй. Эндээс онцлууштай нь та өнөөдөр байгаа нөхцөл байдлаасаа 5 жилийн дараах нөхцөл байдал руу гэнэт үсэрсэн байдалтай бус, энэ хооронд ямар ур чадвар эзэмших, дээшлүүлэх, ямар зэрэг цол, итгэмжлэл авсан байх шаардлагатай зэрэг эндээс тэнд хүрэх алхмуудаа нэг бүрчлэн төлөвлөн бичих ёстой. Эндээс тэнд хүрэхийн тулд юуг хэзээ хийх шаардлагатайгаа ойлгож мэдэх нь таныг илүү тэмүүлэлтэй болгоод зогсохгүй цаг, мөнгийг тань ч хэмнэнэ. Жишээлбэл, одоогоос 3 жилийн дараа хийхээр төлөвлөж буй ажил, мэргэжилд тань магистрын зэрэгтэй байхыг шаардаж байвал та одооноос магистрт сурахдаа бэлдэж эхлэх хэрэгтэй.

Хэмжээнээс илүү үр дүнд анхаар: 

Таны ажлын өдрүүд ихэнх хүмүүсийнх шиг ажилдаа цагтаа ирж цагаа бүртгүүлэх юмуу ирсэн имэйлүүдийн хариуг аль болох хурдан өгөхөөр уралдах байдалтай өнгөрдөг байж болох юм. Доод албан тушаал хашиж байхад дээрх байдал ажилдаа идэвхитэй мэт харагдаж болох ч албан тушаал ахих тусам хэн өндөр, хэн хурдан үсрэх вэ гэж уралдахын ач холбогдол буурдаг. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр таны амжилтыг тодорхойлох хэмжүүр – мэргэжлийн ном гаргах, цоо шинэ код бичих, хэрэглэгчдийг шууруулах шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулах, компанийхаа дотоод хяналтын системийг шинэчлэх – зэрэг гүнзгий утга агуулга, үнэ цэнэтэй төсөл, хөтөлбөрүүдэд оролцон, хэрэгжүүлсэн эсэхээр хэмжигддэг. Товчхондоо та бусдын өгсөн үүрэг, даалгаврыг л гүйцэтгээд явахаас илүү өөрөө санаачлан, урт хугацаанд тогтвортой хэрэгжих төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ихэнхи мэргэжилтнүүд энэ мэт төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн шууд гардаггүй учир зайлсхийх хандлагатай байдаг боловч урт хугацаанд танд ихээхэн үр дүн, нэр хүндийг чухамдаа дээр дурдсан гүн гүнзгий утга учиртай ажлууд л авчирдаг гэдгийг санаарай.

Байгууллагаасаа гадуурх хүрээлэлд танигд:

АНУ-ын Wharton их сургуулиас хийсэн судалгаагаар аливаа байгууллагын ажилтнууд байгууллага дотроо тушаал дэвшээд авах цалин нь гаднаас ижил албан тушаалд томилогдон ирсэн хүнийхээс 18-20% доогуур байгааг тогтоожээ. (Хачирхалтай нь тэрхүү илүү цалинтайгаар байгууллагад чинь шинээр орж ирж байгаа нэгэн эхний 1-2 жилдээ хуучин ажилтнуудаас ихэнхдээ ажлын бүтээмж доогуур байдаг) Дээрх жишээ шударга бус мэт санагдаж байгаа байх. Гэхдээ эндээс ойлгох ёстой гол зүйл бол нэг байгууллагад удаан ажилласан ажилтнууд дутуу үнэлэгдэх нь түгээмэл. Мэдээж үүнээс болоод та нэг ажилд удалгүй байн байн ажлаа солих хэрэгтэй гэсэн үг бас биш юм. Харин та зөвхөн байгууллага дотроо нэр хүндтэй байхад хамаг хүч цагаа зарцуулалгүй, байгууллагаасаа гадуурх хүрээлэлтэй, тэдэнд тодорхой хэмжээнд үнэлэгддэг байх хэрэгтэй гэсэн үг. Үүний ач холбогдол нь та байгууллагадаа ажиллахдаа дуртай ч ямар нэгэн байдлаар удирдлагууд чинь таныг дутуу үнэлэх хандлага гаргавал таны ур чадварыг үнэлэн, хамтран ажиллах хүсэлтэй өөр ажил олгогчид мөн байдаг юм шүү гэдгийг эвтэйхэн ойлгуулахад хэрэгтэй. Салбарынхаа чиглэлээр нийтлэл бичих, арга хэмжээнүүдэд илтгэл тавих, мэргэжлийн чиглэлийн сайн дурын байгууллагад удирдах алба хаших зэрэг нь таныг өөрийн авъяас чадвараа зөвхөн өөрийн байгууллага төдийгүй салбарынхаа бусад байгууллагуудад таниулахад ихээхэн тустай.

Өөрийн ажил, мэргэжил (карьер)-ийн өсөлт, хөгжлийн талаар нухацтай бодон төлөвлөх нь асар их ач холбогдолтой ч өдөр дутмын ажил, амьдралдаа дарагдаад олон мэргэжилтнүүд тэр болгон онцгой ач холбогдол өгөлгүйгээр хэдэн сар, жилийг урсгалаараа өнгөрөөчихсөн байдаг. Дээрх дөрвөн аргыг хэрэглэн өөрийн ажил, мэргэжлийн өсөлт, хөгжлийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийг хийхэд тодорхой үр дүнд хүрэх нь дамжиггүй.

Ажил, мэргэжлийн өсөлт, хөгжлийн стратеги төлөвлөлтийн талаар манай байгууллагаас энэ ондоо багтаан зөвлөх үйлчилгээ нэвтрүүлэх тул сонирхсон хүмүүс ЭНД дарж манайд бүртгүүлнэ үү. Манайд бүртгүүлснээр мөн хувь хүний болон бизнес хөгжлийн стратегийн талаарх нийтлэл, зөвлөмжийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой.

Эх сурвалж: Harvard Business Review

Хүн бүрт ижилхэн өдрийн 24 цаг өгөгддөг ч зарим хүмүүс энэ хугацаанд маш ихийг амжуулдаг, зарим нь юугаа ч амжихгүй гайхаш баран байдаг. Нэгэнт бид өдрийн цагийг уртасгах боломжгүйгээс хойш байгаа цагтаа тохируулан илүү бүтээлч, үр дүнтэй байх хэрэгтэй болж байна.
Үнэндээ бол өнөөгийн асар хурдтай нийгэмд бидний суралцах ёстой хамгийн чухал чадвар бол БҮТЭЭМЖтэй байх юм. Аз болоход, өнөөдөр байгаагаасаа илүү үр дүнтэй хийсэн бүтээсэнтэй амьдрахад биднээс тийм ч их мэргэжлийн болон оюуны бяд шаардахгүй юм байна. Энэхүү нийтлэлд орсон доорх асуултуудад чин үнэнээсээ хариулаад үзээрэй. Үнэхээр энгийн бидний мэддэг хэрнээ ойшоолгүй өнгөрөөдөг жижиг зүйлс л бидний амьдралын үнэт цаг хугацааг ямар ихээр үгүй хийдгийг та эрт мэдэх тусмаа цаашидын тань амьдралд хэрэгтэй болов уу.

1. Ямар төсөл дээр би илүү анхаарал хандуулах ёстой бэ?

Бидний дийлэнх маань ажлын онцлогоос болон шаардлагаас үүдэн олон зүйлийг яг одоо амжуулах шаардлагатай болсон байдаг. Жишээлбэл: Твиттер, фэйсбүүкээ шалгах, энэхүү нийтлэлийг унших, толгой дотроо бодож буй и-мэйлээ бичиж явуулах гэх мэтээр.., Бид ч олон үүрэг хариуцлага хүлээгээд байгаа нэгнээ мундаг байна гэж магтдаг. Гэсэн ч харамсалтай нь хүний тархи нэг дор олон зүйлд зэрэг анхаарал хандуулах чадваргүй тул давхар ачааллууд орж ирэхэд дунд нь будилж самгардан юу чухал гэдгээ тодорхойлоход хүндрэлтэй болж хямардаг байна. Судалгааны үр дүнгээр бол бидний тархи олон зүйлийг зэрэг хийхэд 1 зүйл дээр төвлөрөн ажилласнаас 4 дахин удаан ачаалдаг нь тогтоогджээ.
Тодруулбал: Тухайн цаг хугацаанд 1 зүйлдээ төвлөрөн хий тэгж чадвал таны бүтээмж асар өсөх болно. Хэрэггүй зүйлсийг мартаад өөртөө хамгийн чухал гэсэн ажлыг барьж ав.

2. Өдрийн аль цагт би хамгийн бүтээмжтэй байна бэ?

Өнгөрсөн долоо хоногоо эргэн нэг санаад өдрийн ямар цагуудад илүү бүтээмжтэй ажилласнаа тодорхойлоод үзээрэй. Өглөө кофегоо ууж сэргэсний дараа юу эсвэл ажил тарсны дараа бүх хүн гэр лүүгээ явсаны дараа байна уу? Хэрвээ өөрийн хамгийн бүтээмжтэй алтан цагаа зөв олж тогтоовол багахан цагт хийх ажлаа амжуулаад бусад цагт нь юу дуртайгаа хийгээд толгойгоо амраагаад байж байх сайхан биз дээ? Бүтээмжтэй цагаа тодорхойлж чадаагүй бусад чинь хий дэмий л ажил хийсэн болж харагдах гэж хамаг цагаа дэмий үрж л байгаа байх.

3. Юу намайг саатуулж, анхаарал сарниулж байна бэ?

Шинэ и-мэйл ирсэн талаарх сонордуулга таныг ажлаа хийж байхад нь сатааруулж байна уу? Та олон нийтийн сүлжээгээ хэтрүүлэн шалгадаг зуршилтай юм биш биз? Эдгээр үйлдлийг хийгээд та буцаж төвлөрөхдөө багагүй хугацааг зарцуулж байгаа. Хэрвээ танд шинээр ирж буй и-мэйлүүд таны анхаарлыг сарниулаад байдаг бол сонордуулгын дууг хаах, өөр ажил хийж байх үедээ унтраах гэх мэт тохиргоог хийгээрэй. Олон нийтийн сүлжээнүүдээр ажлын цагаар зорчихгүй байх зорилтыг өөртөө тавиарай. Танд асар их цаг гарах болно. И-мэйл, олон нийтийн сүлжээ, чатыг хаасан ч танд нээлттэй 1 харилцааны суваг үлдэж байгаа тул үнэхээр таны хэрэг гарсан хүмүүс нь залгаад ярихад ямар ч асуудал гарахгүй.

4. Би хөгжим сонсож байна уу?

Та магадгүй чив чимээгүй орчинд суун ажиллах нь илүү бүтээмжтэй гэж итгэсэн байж болох юм. Үнэхээр төвөгтэй нарийн ажил бол энэ үнэн байж болох ч судалгаанаас өдөр тутам давтан хийдэг ажлаа хийхэд өөрийн дуртай дуу, хөгжимөө сонсон хийхэд илүү үр дүнтэй байдаг нь батлагджээ. Гэхдээ 1 зүйлийг сануулахад өмнө нь сонсож байгаагүй дууг сонсоход таны тархи үгүүдийг нь ойлгож чээжлэх гэж хичээдэг тул байнга сонсдог танил дуунуудаа ажлаа хийхдээ сонсоорой гэж зөвлөмөөр байна.

5. Би завсарлага авч байна уу?

Бид маш их ажилтай үедээ бүхий л анхаарлаа ажилдаа хандуулж өдрийн хоолоо хүртэл ажлын ширээн дээрээ идэх нь элбэг байдаг. Гэсэн хэдий ч хэт шахалт нь мөн л бүтээмжийг доош нь татдаг ажээ. Судлаачид хийж буй ажлаа тодорхой хугацаанд хийгээд тархиа амрааж завсарлага авч байх нь биднийг хийж буй зүйлээ илүү нухацтай бодож арай хялбараар хийх арга замыг олж илүү бүтээмжтэй байхад тусалдаг гэдгийг илрүүлсэн байна. Цаг ашиглалтын Промодоро аргачлал (Pomodoro Technique)-аар та бүхэн хэсэг хугацаанд ажиллаад хүчээр завсарлага авч амарч сураарай. Яаж хийх бэ гэвэл: 25 минут ажиллаад 5 минут амрахыг 1 промодоро гэх ба 4-5 промодоро үргэлжлэсний дараа амралтын хугацаагаа 15-20 минут болгон сунгах маягаар явах юм байна.

6. Миний урт хугацаандаа хүрэх зорилго маань юу билээ?

Өөрийн зорилгыг жижиглэн хувааснаар илүү богино хугацаанд хүрч үр дүндээ урамшлах байдлаар бид өөрсдийгөө идэвхижүүлдэг. Гэсэн хэдий ч хэт жижиглэж байгаад ойрын хэдэн жилдээ хүрэхээр тэмүүлж буй зорилгоо битгий гээгдүүлээрэй. Үргэлж өөрийнхөө хаа хүрэх гэж өнөөдөр энэ бүхнийг хийж байгаагаа санаж байвал та илүү бүтээмжтэй байна шүү. Жишээлбэл та удахгүй хийх судалгаандаа зориулж өгөгдөл цуглуулж байж болох юм. Та харилцагчдынхаа тоог өсгөхийг зорьж буй бөгөөд судалгааны үр дүнд тулгуурлан зарим алхамуудыг хийх боломжтой байгаа бол та мэдээж алгуурлаж залхууралгүй хурдхан мэдээллээ цуглуулах нь гарцаагүй юм.

7. Би тусламж хэрэгтэй үедээ бусдаас асууж байна уу?

Таны ажлын ачаалал хэт их байгаагаас болж та илүү цагаар ажиллах шаардлагатай болсон байж болох ч та өөрөө яаж ч хичээгээд амжихгүй байгаа ажлууддаа туслахыг хамтрагчидаасаа гуйгаад үзээрэй. Хүнд зүйлийг ганцаараа өргөснөөс хэн нэгэнтэй дамжилж өргөвөл аль алинд нь хөнгөнөөс гадна хамаагүй хурдан ачааг хүргэх газар нь аваачиж чадахтай утга адил юм. Компанийн хамт олон бүгд л нэг л зүйлийн төлөө зорьж зүтгэж байхад нэгнийгээ илүү ачаалалтай, стресстэй байлгахыг бусад тань мэдээж хүсэхгүй шүү дээ.

8. Би ажлаа амжилттай хийснийхээ дараа өөрийгөө урамшуулж байна уу?

Та нэг төслийг амжилттай хийж дуусгачихаад тодорхой хэмжээнд өөрийгөө шагнадаг уу, эсвэл шууд л дараагийнхаа төсөл рүү үсрээд ордог уу? Бэлгэнд дургүй хүн байдаггүй гэдгээр өөрөө өөртөө зориулсан ч бай, бусдаас авсан ч бай шагнал нь хүний мотивацийг өсгөж бүтээмжийг дээшлүүлдэг байна. Тиймээс ямар нэг өөртөө том гэж санагдсан ажлын ард нь гарч амжилттай дуусгавал өөрийгөө аяга кофе, сонирхолтой ном гээд жижиг ч болтугай зүйлээр шагнадаг зуршилтай болоорой.

9. Би аз жаргалтай байж чадаж байна уу?

Өдөр бүрийг аз жаргалтайгаар үсэрч харайн, хөгжилтэй сайхан өнгөрөөдөг хүн гэж мэдээж байхгүй. Ихэнх хүмүүс хийх зүйлээ бушуухан дуусгаад гэртээ эртхэн харихыг хүсдэг ч ажилдаа дур сонирхолгүйн улмаас хүнд ял үүрч буй мэт хамаг эд эрхтэн нь хөдөлж ядах ба иймээс ч олигтой үр дүн гаргаж чадалгүй сунаж суун ажиллах шаардлагатай болдог. Хэрвээ хийж буй зүйлдээ сэтгэл дундуур байгаа бол өөрийгөө сэргээх зүйлсийг хийгээрэй. Алхах, хөгжим сонсох гээд энгийн аргуудаас гадна ширээн дээрээ дургүй зүйлээсээ үр дүн гаргах гэж өөрийгөө хүчлэн суухын оронд өөрт сонирхолтой ирээдүйд хийхийг хүсч буй зүйлээ сайхан төлөвлөн бодлоо хэсэг цэгцлээд ажлаа үргэлжлүүлсэн ч болох юм.

Эцэст нь хэлэхэд та өдөр бүр хэрхэн цагаа зөв ашиглах бэ? Хэрхэн үр бүтээмж өндөртэй байх бэ гэдэг асуултуудыг өөрөөсөө асууж, байнга л энэ талаар хайн уншиж байдаг бол энэ зуршил тань ч цагаа үр дүнгүй үрж буй нэг шалтгаан чинь байж мэдэх юм. Зүгээр хийх ажлаа төлөвлөөд түүнийхээ дагуу өөрөө хичээн ажлаад үр дүнгээ тооцоод яваарай. “Хийх хүн аргаа, хийхгүй хүн шалтагаа олдог” өөрийнхөө үнэхээр хүсч буй амьдралаар амьдарч чадахгүй байгаа бол таны бүтээмж хангалттай биш л байна гэсэн үг. Үнэхээр та маш өндөр бүтээмжтэй ч хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаа бол ажлаасаа гар, өөрийн бизнесийг эхлүүл. Танд амжилт хүсье!

 

Эх сурвалж: www.themuse.com