Хүн ам, газар нутгийн хэмжээ болон эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг манай өмнөд хөрш Хятад улс нь суралцах, судлах зүйл ихтэй ард түмний нэг гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Бидний хувьд их гүрэн Хятадтай хил залгаа байгаа нь цөөн тохиолдолд хүндрэлтэй байдаг ч бараа бүтээгдэхүүн худалдан авах, түүхий эдээ нийлүүлэх цаашлаад суралцах, аялах жуучлах гэх мэт олон тал дээр ашиг тустай байдлыг бий болгодог. Ер нь хүн болгон Хятадын талаар өөрийн гэсэн мэдээлэл, мэдлэгтэй байгаа тул илүү нуршаад яахав гол зүйлдээ орьё. Хятадын ард түмэн эртний түүх соёлоо маш сайн хадгалан үлдсэн нь 2016 оны байдлаар ЮНЕСКО-н байгалийн болон соёлын өвд нийт 48 түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрууд нь багтсанаас харагдана. Эдгээрийг бүгдийг нь үзэж дуусгахад чамгүй олон удаа урд хөршөө зорих хэрэг бидэнд гарах бололтой. Миний бие Хятад улс руу нийт 3 удаа аялах зорилгоор явах завшаан тохиож байжээ.
1. Бээжин аялал – 2010 он
2. Хайнан аялал – 2013 он
3. Хуаншань /Шар уул/ аялал – 2017 он
Аялал бүрээс үзсэн харсан зүйлсийг нэг бүрчлэн цуврал болгон дараагийн нийтлэлүүдээр оруулах тул та бүхэн манай сайтаар байнга зочилж мэдээлэл авч байхаас гадна и-мэйл листэд ЭНД дарж бүртгүүлэн цаг тухай бүрт нь шинэ нийтлэлийн мэдээлэл авч байгаарай. Харин энэ удаад дээрх аялалуудыг нэгтгэн дүгнээд өөрийн туршлагад үндэслэн Хятад болон бусад улс руу аялалд гарах зөвлөмж болон аялалаас үлдсэн сэтгэгдэлүүдийг хуваалцъя.
Аялалын зөвлөмжүүд:
1. Аялалын төрлийг сонгох: Аялалын зорилгодоо тааруулан хувиараа аялах уу жуулчны компаниар зуучлуулах уу гэдгээ сонгох нь зүйтэй учир нь аль аль сонголт нь давуу болон сул талуудтай. Хувиараа аялахын хамгийн сайхан нь өөрийнхөө хүссэнээр явах. Хэвтэр болон хоол хүнс голдоггүй бага зардлаар ихийг үзэх сонирхолтой аялагчид бол өөрийхөө толгойг даагаад яваад үзэхэд гэмгүй байх. Бүх зүйлийг өөрсдөө бие даан шийдэх тул ажлын хамт олонтойгоо буюу хүсэл зорилго, нас хүйсийн ялгаатай хүмүүсийн хувьд энэ төрлийн аялал тохиромж муутай мэт санагдсан. Харин санаа нийлсэн найз нөхдийн аялалд бол хамгийн сайн сонголт болно. Гэхдээ бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй, компаниар зуучлуулж явсанаас үнэтэй байх тохиолдол гарна. Дамжин явах нислэг болон галт тэрэгний хуваарь өөрчлөгдөх, цуцлагдах гэх мэтээс эхлээд. Тиймээс хувиараа аялалд гарч буй бол даатгуулчихаад явахад гэмгүй гэж зөвлөж байна. Энэ төрлийн аялалыг сонгогчид нь мөнгөө хэмнэх зорилготой тул аль болох хямд нислэг болон газрын тээврийг сонгодог тул цаг хугацаа арай их зарцуулах магадлалтай ба дийлэнх тохиолдолд ачаагаа үүрээд нааш цааш алхах тул биеэ жаахан ядраана гэдэгтээ сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй болов уу. Зуучлалын компаниар аялахад жинхэнэ утгаараа амраад олон зүйлд санаа зовохгүй байх боломжтой тул анх удаа аялалд явж буй бол энэ төрлийг сонгоорой. Нас насны гишүүдийн бүрэлдэхүүнтэй гэр бүл болон хамт олноороо аялахад хамгийн тохиромжтой. Бөөний үнэ хямд байдгийн зарчмаар таны төлсөн үнээр хувиараа аялаад яг тухайн газруудад орохоос харьцангуй хямд байдаг юм байна лээ. Нэг сул тал нь аялалын үзвэр хооронд заавал дэлгүүр хоршоо гээд хэрэггүй шахуу газруудаар их авч явах гээд байдаг тул далай дээр очсон бол далай дээрээ л үлд, ууланд очсон бол ууландаа л үлд элдэв чамин нэртэй дэлгүүрийн маршрутаас нь шууд татгалзсан нь дээр санагдсан.
2. Очих газрынхаа талаар урьдчилан судлах: Интернэт хөгжөөд мэдээлэл авах боломж маш өндөр болсон өнөө үед гадагшаа дотогшоо хаашаа ч аялах бай тухайн очиж буй газрынхаа талаар тодорхой хэмжээнд судлаад очвол зүгээр санагдсан. Урьдчилж судлаагүйгээс болж зорьж очсон газраа бүрэн дүүрэн нээж илрүүлэхгүйгээр дутуу үзээд буцвал дахиад очих ч хэцүү болих ч хэцүү ацан шалааны байдалд орох магадлалтай юм шиг санагдсан.
3. Хувцас хэрэглэлээ очсон газраасаа авах: Монгол улсын хувьд амьдралын өртөгөөр өндөр хөгжилтэй баян орнуудтай ижил шахуу байдаг тул ихэнх зүйлс үнэтэй байдаг. Харин манайхны нэг нийтлэг шинж нь ажил гэр гэсэн маршруттай тул элдэв спорт арга хэмжээнд барагтай оролцдоггүйгээс яг аялалд гарахад хувцас хунар маань тохиромж муутай болж ирдэг. Гэсэн хэдий ч аль болох дотоод нөөц бололцоогоо ашиглан биед эвтэйхэн хувцаснаасаа сонгон өмсөж очих газартаа хүрээд тэндээсээ худалдан авалт хийгээрэй гэж зөвлөмөөр байна. Тусгай зориулалтын, аялалын хувцас хэрэглэл бол дийлэнхдээ л Хятад болон Азийн үйлдвэрлэгч орнуудаас орж ирдэг тул хэрвээ таны аялал Эрээн, Бээжин гээд худалдаа хөгжсөн бусад хотуудаар нь дайрч буйн дээр та тодорхой цагийг дэлгүүр хэсэхэд зарцуулах боломжтой байгаа бол аялалын хувцас хэрэглэлийг шууд тэндээсээ аваарай. Гэхдээ үнэ хаялцаж худалдан авалт хийдэг зах, худалдааны төвөөс бол холхон байсан нь дээр гэж зөвлөмөөр байна. Цөөн тооны буюу өөртөө ганц хоёр юм авахын тулд хамаг цагаа гарздан үнэ тохиролцох, сонирхсон зүйлээ өмсөж үзэлгүй урд хойноо барьж үзээд заавал авах ёстой болдог гэх мэт онцгүй нөхцөл байдал зах дээр биднийг хүлээж байдаг. Үүнээс гадна манай Монголчууд үнийг нь хэт унагадагаас болсон уу бидэнд ер нь ёозгүй, хүндэтгэлгүй харьцдаг болсон мэт санагдсан. Харин дэлгүүр орвол сонирхсон зүйлээ чөлөөтэй өмсөж үзэхээс гадна үнийг нь шууд хараад авч чадах үгүйгээ шийдээд явчих нь амар. Жаахан судалбал боломжийн үнэтэй, чанартай брэндүүд байхаас гадна томоохон баяруудынхаа өмнө болон тодорхой борлуулалтын хямдрал урамшуулал бараг хэзээ ч очсон байдаг юм шиг санагдсан. Миний хувьд аялалын болон спорт хувцас хэрэглэл авахад Decathlon маш боломжийн шүү гэж санал болгомоор байна.
4. Нийтийн эрх ашгийг хүндэтгэн дагах: Ард иргэдийнх нь амьдралын бололцоо сайжирч буйтай холбоотойгоор Хятадууд өөрсдөө түүхэн дурсгалт газруудаараа гэр бүл, найз нөхөд хамт олноороо аялах нь ихэссэн. Тиймээс хаана ч очсон түм түжигнэж, бум бужигнаж байх магадлал өндөртэй тул та бүхэн дуулгавартайгаар өөрийн оочер дараалалыг хүлээн бусдад төвөг болохгүйгээр аялаарай. Миний ажигласнаар манайхан маш хоёрын хооронд зүйл дээр бусдын урдуур дайрч (бусдыг анзаараагүй гэж боддог ч юм уу эсвэл хэн намайг таньдаггүй юм чинь гэдэг ч юм уу бага сага заль хэрэглэж) буй нь ажиглагддаг. Та нутгаасаа гарсан л бол таны нэр МОНГОЛ болдог тул жижиг сажиг зүйлс дээр амиа хичээж дараа дараачийн олон Монгол аялагчдынхаа нэрэнд сэв суулгах хэрэггүй болов уу. Мөн амралтын өдрүүдээр тээврийн хэрэгсэл болон үзмэрүүд нь бараг пиг дүүрэн байх ба алдартай аялал жуучлалын төвүүдийнх нь ойролцоох буудлууд болон хоноглох газруудынх нь үнэ тодорхой хувиар өсдөг юм байна лээ.
5. Төмөр замын вокзал, нисэх буудал дээр тосч үйлчилгээ санал болгож буй хүмүүсээс хол байх. Учир нь тэд бүх зүйлийг богино хугацаанд зохицуулах сайхан саналууд тавих ч үнэ өндөртэй гэдгийг санах хэрэгтэй. Мөн зуучилж аваачсан буудал болон хоолны газрууд нь танд таалагдахгүй байх магадлал маш өндөр тул таны аялалд таагүй дурсамж л нэмэх болов уу.
6. Дата эрх бүхий Хятад дугаар авах: Нийтийн үйлчилгээний газрууд болон буудлууд нь үнэгүй интернэт цацах ч маш удаан санагдсан. Тиймээс хэд хонох төлөвлөгөөтэй байгаа бол дата эрх бүхий Хятад дугаар ашиглан интернэтээр хотспот үүсгэн багаараа хаана ч очсон интернэттэй явбал их зүгээр санагдсан. Интернэттэй байхад газрын зургаа ашиглаад төөрөхгүй шахуу явах боломжтойгоос гадна тулгарсан бэрхшээлүүдээ бусдаас богино хугацаанд лавлан мэдээлэл авч харилцаа холбоотой явах боломжтой.
Миний анзаарснаар Хятад улс:
Хятадын дэд бүтэц маш сайн хөгжсөн тул дийлэнх хотууд нь хоорондоо нисэх онгоц, хурдан болон энгийн галт тэрэг, автобусаар явах боломжтой болсон нь аялал жуучлал хөгжих маш таатай орчинг бүрдүүлж байгаа. Бид цаг хугацаа болон өөрийн төсөвтөө тааруулан аль ч төрлийн тээврийн хэрэгслийг сонгосон бай тав тух алдахгүй. Логистикийн салбарт ажилдаг болохоор эндэхийн бүрэн шийдэгдсэн зам тээврийн дэд бүтэц нь үнэхээр таалагддаг. Уул нурууг нүхлэх, гол усан дээгүүр гүүр тавих бол үнэн асуудалгүй, мөнгөтэйдээ ч юм уу юмыг хийх сэтгэлтэйдээ ч юмуу их л богино хугацаанд эдгээр томоохон бүтээн байгуулалтуудыг хийдэг бололтой. Манай Улаанбаатар хот 2020 онд метротой болно гээд байсан одоо бүүр сураг ч гарахаа больжээ. Хариуцсан хүмүүс нь хөөцөлдөөд бүтээн байгуулалтаа хийгээд л явж байгаа байх даа. Хаагуур ч явсан хүнгүй зэлүүд газар гэж бараг үгүй тариалангийн талбай, усан ферм болон хүн амьдрах зориулалттай суурин тосгод үргэлжлэх нь бага зэрэг уйтгартай ч авах юм нь нүдэнд бүртийх хоггүй. Манайх бол Улаанбаатараас урагшаа хил давах хүртэл төмөр зам, засмал зам дагуух эзгүй зэлүүд газар суурин ялгаагүй ерөнхийдөө хог ихтэй санагдсан. Жуулчид ирэх явах гол чиглэл тул нутгийн иргэд нь, дайран явж буй бусад Монгол ахан дүүс минь хогоо битгий хөдөө хээр хаяж байгаач ээ. За Хятад руугаа буцаад орьё, Дэлхийн 2-догч том эдийн засаг болохын тулд явуулсан бодлогын хүрээнд маш олон хотуудыг өргөжүүлэн шинэр орон сууц, сургууль, дэлгүүр гэх мэт хүн амьдрахад зориулан өндөр өндөр барилгуудыг шинээр барьсан ч тэдгээрийг худалдан авах хүнгүй байгаагаас ашиглалтанд орсон ч ганц ч оршин суугчгүй хоосноороо үлдэж “Сүнсний Хот” гэх нэртэй болсон эдгээр томоохон барилгууд гунигтайхан сүндэрлэх ажээ. 2020 он гэхэд 100,000 сая гаруй хөдөөний Хятад иргэд хот руу нүүнэ гэж төлөвлөгдсөн байгаа тул удахгүй дүүрчих биз ээ. Нэмж сонирхуулахад, Монгол улстай адилхан агаарын бохирдол тулгамдсан асуудал болж буй гэсэн мэдээлэлтэй явсан ч очсон газруудад тийм сүртэй мэдрэгдэхүйц байсангүй. Бээжинд хамгийн бохирдолтой буюу бага зэрэг цагаан манантай байсан ба энэ нь үйлдвэрүүдээс гардаг тул хөгжлийн утаа гэж нэрлэдэг бол манай Улаанбаатарын утаа бол дулаацах зорилгоор нүүрс түлсний улмаас гарч буй тул ядуурлын утаа гэж нэрлэдэг юм байна.
8 жилийн хугацаанд гарсан өөрчлөлтүүд:
1. Их цэвэрхэн болсон. Хүнийг хэр цэвэр цэмцгэр бэ гэдгийг 00-н өрөөнөөс нь шинждэг гэдэг шиг хамгийн түрүүнд анзаарагдсан зүйл бол Хятад улсын худалдаа үйлчилгээний төвүүдийн 00-н өрөөнүүд үнэр танаргүй их цэвэрхэн болсон нь ажиглагдсан. Бараг орсон бүх газруудын жорлонгууд бүгдээрээ 00-н цаас, гар хатаагчтай болсон байсан нь их таалагдсан.
2. Хүмүүс ч мөн их соёлжсон юм шиг. Хамгийн анх очихдоо хурдан галт тэрэг болон автобус гэх мэт нийтийн тээврийн хэрэгслүүдээр нь олон цаг зорчиход үнэр, чимээ маш ихтэй санагдаж байсан бол энэ удаад бол зөрж өнгөрсөн болон ойрхон суусан Хятадуудын хоолнуудынх нь хурц үнэр нь амнаас бараг үнэртэхгүй болсон мэт санагдсан. Дуу чимээ гаргах нь ч бага болсон байна лээ. Бараг бүх хүн нь утсаараа ямар нэг видео үзэх юмуу чатлаж байсан тул чанга чанга ярих завгүй ч болсон байж магад.
3. Хүмүүсийн хувцаслалт: Ерөнхийдөө их гайгүй загварлаг хувцасладаг болсон харагдсан. Урьд нь очиход ийм олон сайхан хувцасны сонголт байхад яагаад ийм сонин зүйлсийг хаанаас нь олоод өмсдөг байнаа гэж бодохоор байсан, одоо бол их л энгийн болсон ажиглагдсан. Дэлхийн хувцас загварын олон брэндүүд зах зээлд нь нэвтэрсний ач тус болов уу. Өөрийн уламжлалт хэв маяг бүхий хувцас, чимэглэлүүд нь яваандаа бүүр л багасч бидэн шиг зөвхөн тодорхой баяруудаар үндэсний хувцасаа өмсөхөөс гадна ерөнхийдөө Европ загварын, энгийн хийцтэй хувцас хэрэглэлийг түлхүү хэрэглэдэг болох болов уу гэж бодогдсон. Мөн эмэгтэйчүүд нь их цэвэрхэн бүдэг будах эсвэл бараг нүүрээ буддаггүй ч юм шиг санагдсан манайхантай харьцуулахад.
4. Илүү олон гадныхан байдаг болсон. Ер нь хаагуур ч явсан гадныхантай их тааралдах болжээ, сонирхвол зарим нэг нь аялж байна, дийлэнх нь суурин ажиллаж амьдарч байгаа хүмүүс байх юм. Эндээс харахад Хятадын томоохон хотууд нь нилээн амжилттай даяаршлагдаж байна гэж дүгнэж болох байх.
Та бүхэнд манай нийтлэлүүд таалагдаж байвал манай мэйл листэнд ЭНД дарж бүртгүүлж шинэ нийтлэл, мэдээллүүдийг маань цаг алдалгүй сонирхож байгаарай.