Author Archive

Нүүр хуудас / Author's Article(s) / administrator

Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-малын эрүүл мэндийн төсөл”-ийн санхүүжилтээр бэлчээрийн мониторингийн үндэсний сүлжээг бэхжүүлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлсэн юм.

Ингэснээр хаагуур, хэдий хэмжээний бэлчээр хэрхэн доройтож буйг бодитойгоор оношилж улмаар доройтлоос сэргийлэх, доройтсон бэлчээрийг сэргээн сайжруулах нөөц боломжоо бодитойгоор тооцдог боллоо. Энэхүү ажил бэлчээрийн судалгаа, бэлчээр зохион байгуулалт, бэлчээр ашиглагчид- малчдад хэрхэн бодит үр дүн үзүүлж байгаа талаар “Ногоон алт” төслийн бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, доктор Д.Булгамаатай ярилцлаа.

-Монголчууд улирал дагаж нүүдэллэн, бууриа сэлгэж ирсэн. Энэ нь байгальд ээлтэй гээд л ярьдаг шүү дээ. Гэтэл сүүлийн жилүүдэд бэлчээрийн доройтол гэж их ярих боллоо. Бэлчээр нутгийн асуудал хөндөгдөх шалтгааныг мэргэжлийн хүний хувьд та хэрхэн хардаг вэ? 

-Бэлчээр нутгаа хайрлах, зохистой ашиглах малчны ухаан, нүүдэлчдийн соёлын хамт хэдэн мянган жилийн турш хадгалагдаж уламжлагдаж ирсэн.  Гэвч зах зээлийн нийгэмд шилжсэнээр малчид орлогоо нэмэгдүүлж амьжиргаагаа сайжруулах зорилгоор малынхаа тоог хяналтгүйгээр өсгөх болсон.

Өвсний соргог, усны тунгалагийг дагаж нүүдэллэдэг малчид ховордож зах зээлээ даган төв суурин газраас холгүй амьдрах малчдын тоо өсөж их хэмжээний малын бөөгнөрөл үүссэнээс малын бэлчээр эрчимтэйгээр доройтож байгаа нь тун харамсалтай.

-Монгол Улсын хэмжээнд яг хэр их хэмжээний газар талхлагдаад байна вэ? 

-Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн дэмжлэгээр ус, цаг уур болон газрын харилцааны улсын сүлжээг түшиглэн бэхжүүлсэн Бэлчээрийн мониторингийн 2 том сүлжээ нь бэлчээрээ жил бүр оношилдог болсон. “Бэлчээрийн мониторингийн дүн мэдээ, үндэсний тайлан”-гаас үзэхэд Монгол орны нийт бэлчээрийн газрын 65 хувь өөрчлөгдөж доройтсон төлөвтэй байна.

Бэлчээр ашиглалтын одоогийн ачааллыг цаг алдалгүй бууруулж чадвал доройтсон бэлчээрийн 80 гаруй хувь нь байгалийн аясаар сэргэн ургах бүрэн боломжтой.

-Цөлжилтөд өртсөн газар нутаг гэхээр элс, цагаан тоосоор төсөөлдөг. Гэтэл харахад ногоон тал хэдий ч талхлагдсан бэлчээр нэмэгдсэн талаар судлаачид дурдах болсон. Цаанаа экосистем нь хэрхэн өөрчлөгдсөн байдаг юм бол?

-Бэлчээрийн доройтол, бэлчээрийн доройтлын шалтгаан саяхныг хүртэл маргаантай байлаа. Малын тоо хэт өссөнөөс бэлчээрийн доройтол эрчимжиж буйг малчид хүлээн зөвшөөрдөггүй, хур бороо орохгүйгээс л газар нутаг гандуухан байна гэдэг малчид цөөнгүй байсан.

Сүүлийн жилүүдэд идэмж сайтай, тэжээллэг өвс ургамлын гарц, төрөл зүйл жил ирэх тусам буурсаар байгааг малчид ойлгодог ярьдаг боллоо.

Бэлчээрийн доройтлын явц, шинж тэмдэг нь байгалийн бүс бүслүүрээс хамааран харилцан адилгүй байдаг, тухайлбал, ой хээрийн бүсэд нарийн өвс голлосон унаган ургамлын эзлэх хувь буурсаар тэжээлийн ач холбогдлоор муу, хөл газрын ургамлаар солигддог бол хээрийн бүсэд өнгөн хөрс суларч ус салхины элэгдэл эрчимжсэн байх жишээтэй.

Эдгээр өөрчлөлтийг даган байгалийн зэрлэг амьтад болон шувуудыг амьдрах орчноор хангах, хөрсийг үндсээрээ барьж элэгдэл эвдрэлээс хамгаалах зэрэг үйлчилгээг алдахад хүрч байна.

-Ингэж талхлагдсан газар байгалийн жамаараа сэргэх үү? 

-Доройтсон бэлчээрийн сэргэлтийн талаарх туршилт судалгааны дүнгээс үзэхэд ашиглалтыг тохируулж ургамалд сэргэн ургах боломжийг олгосноор доройтсон бэлчээрийн дийлэнх хувь нь сэргэнэ. Харин унаган ургамал нь доройтлыг илэрхийлэгч зүйл ургамлаар солигдож хөрсний элэгдэл эвдрэл хүчтэй илэрч доройтсон бэлчээр байгалийн аясаар сэргэх боломжгүй.

Манайх шиг чийгийн хангамжаар муу, ургамал ургалтын хугацаа богино нөхцөлд доройтсон бэлчээрт үр цацаад сэргээнэ гэдэг экологийн болон эдийн засгийн хувьд боломжгүй, тиймээс бэлчээрийг хүчтэй доройтуулахаас сэргийлэх, мал бэлчээрлэлтийн ачааллыг даацад нь тохируулах зохицуулалтуудыг цаг алдалгүй нэвтрүүлэх шаардлагатай байна.

-Бэлчээрийн мониторингийн улсын сүлжээг бэхжүүлэхэд ямар асуудлууд дээр голлон анхаарсан бэ?
-Бид дараах 3 асуудал дээр голлон төвлөрөн ажилласан. Тодруулбал:

Нэгдүгээрт: Бэлчээрийн мониторингийн арга зүйг олон улсын жишигт нийцүүлж шинэчлэн сайжруулах, үндэсний түвшинд нэгдсэн нэг арга зүйг нэвтрүүлсэн. Учир нь арга зүйн зөрүүгээс доройтолд орсон бэлчээрийн газрын хэмжээ, доройтлын түвшний талаарх зөрүүтэй дүн мэдээ нь ойлгомжгүй, ашиглахад бэрхшээлтэй байлаа.

Хоёрдугаарт: Мониторингийн анхдагч мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх онолын үндсэн зарчмууд, загваруудыг боловсруулан нэвтрүүлсэн. Тухайлбал, Монгол орны бэлчээрийн голлох төрлүүдээр экологийн чадавхид суурилсан лавлагаа мэдээллийн сантай болсноор доройтлын түвшинг болон сэргэх чадавхийг тодорхойлох боломжтой болсон.

Гуравдугаарт: Мониторингийн сүлжээг бэхжүүлэх зорилгын хүрээнд хээрийн судалгааны багаж хэрэгслээр хангах, холбогдох мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулахад нэлээд сайн анхаарч ажилласаны дүнд тус 2 сүлжээний хувьд мониторингийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, тогтвортой байдлыг хангах бүрэн чадавхи бүрдсэн.

-Мониторингийн нэгдсэн арга зүйтэй болсны ач холбогдол нь юу вэ? 

-Бэлчээрээ оношлох нэгдсэн арга зүйтэй болсноор бэлчээрийн болон бусад холбогдох салбар, оролцогч талууд хоорондоо бэлчээрийн төлөв байдал, даац ачааллын талаарх мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл бэлчээрийн асуудал хариуцсан тодорхой бүтэцгүй манай улсын хувьд энэхүү нэгдсэн арга зүй нь оролцогч талуудыг нэгтгэн зангидах гол арга хэрэгсэл болж байна.

Экологийн чадавхид суурилсан энэхүү нэгдсэн арга зүйг нэвтрүүлснээр бэлчээр судлалын шинэ үеийн суурийг тавьсан гэж хэлж болно. Учир нь, сүүлийн жилүүдэд доройтсон бэлчээрийг сэргэх чадавхиар үнэлэх, доройтсон бэлчээрийн сэргэх боломжийг тогтоох чиглэлээр ажиллах судлаачид болон хэвлүүлсэн бүтээлийн тоо эрс нэмэгдэж байна. 

-Нийтдээ хэчнээн аймаг сумдын бэлчээрийн мэдээлэл бүртгэгдсэн бол?

-Дээр дурьдсанчлан улсын хэмжээнд бэлчээрийн мониторингийн хоёр том сүлжээ ажиллаж байна.
Эхнийх нь Ус, цаг уурын улсын сүлжээний дэргэдэх бэлчээрийн экосистемийн төлөв байдлын мониторинг ба багийн түвшний 1550 цэгийг хамардаг. Одоогоор, 2011 оноос эдүгээ хүртэлх 10 жилийн мэдээлэл бүхий нэгдсэн сантай болсон байна.

Бэлчээрийн сэргэх чадавхийн зураглалыг 2 жил тутамд, өвөл, хаврын даац ачааллын зураглалыг жил тутам гаргаж (http://irimhe.namem.gov.mn/ https://eic.mn/wedotinfo)., Бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайланг 3 жил тутамд гаргаж Засгийн газарт, олон нийтэд үйлчилдэг.

Хоёрдугаарт, Газрын харилцааны сүлжээний дэргэдэх Бэлчээр ашиглалтын нөлөөг хянах фотомониторингийн сүлжээ аймаг, сум, баг, бэлчээр ашиглагчдын хэсэг, түүний доторхи улирлын бэлчээрийг төлөөлөх 5100 цэгийг хамарч байна (www.gazar.gov.mn). Фотомониторингийн үр дүнд тулгуурлан бэлчээр ашиглалтын горим, ачаалал хэр тохиромжтойг, мөн бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг хянадаг.

-Малчин бүрийн бэлчээрт үнэлгээний зураглалыг гаргаж өгөх боломжтой юу?

Дундаа ашигладаг бэлчээрийн газар дээр нь үндэслэн малчдын хэсэг, бүлгийн түвшинд бэлчээрийн төлөв байдал, нөөцийг нь тодорхойлж зурагладаг. Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөгөө хэрхэн хэрэгжүүлж байгаа, бэлчээр ашиглалтын арга технологи бэлчээртээ хэрхэн нөлөөлж байгааг хянаж жил бүрийн 8-р сард мониторинг хийдэг.

Бэлчээр ашиглалтын нөлөөг хянах фотомониторингийн 2020 оны дүнгээс үзэхэд бэлчээрийн зохистой ашиглалтыг нэвтрүүлснээр сүүлийн 5 жилд улсын хэмжээгээр 20,6 сая га бэлчээрийг сайжруулсан байна.

Ийнхүү бэлчээрийн чанар бүтээмж, түүнд үзүүлэх ашиглалтын нөлөөг хянах нь нэг талаас МАА-н үйлдвэрлэлийг, малчдыг хариуцлагажуулж байгаа, нөгөө талаас малчдаас зах зээлд нийлүүлж буй бүтээгдхүүнийг зохистой ашиглалт бүхий эрүүл бэлчээрээс гаралтай хариуцлагатай бүтээгдхүүн болохыг баталгаажуулснаар түүний борлуулалт, үнэ цэнийг нэмэгдүүлж байгаа юм.

-Тэгэхээр малын тоо толгой бус авах үр ашиг, тухайн бүтээгдэхүүний түүх үнэ цэнийг нь нэмэгдүүлэх нь ээ?

-Олон малтай л бол сайн малчин гэсэн өрөөсгөл ойлголт байсан.

Мянгат малчин тодруулдаг, банкны зээл авахад малын тоо толгой хардаг нь малын тоо хяналтгүйгээр өсөхөд нөлөөлж байна.

Малын тоогоо өсгөсөн ч Монгол малын бүтээгдэхүүн, арьс шир, түүхий эд зах зээл дээр хямд, үүнийг дагаад малчин өрхийн орлого доогуур байгаа нь нууц биш.Тэгэхээр бид эртнээс өвлөж ирсэн нүүдэлчин ахуйгаас хүртэх ашиг шимээ үнэ цэнтэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах нь бэлчээрээ сайжруулах, бэлчээрийн зохистой ашиглалтаас эхэлнэ. 

Байгалийн эрүүл бэлчээрээс гаралтай, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай бүтээгдэхүүн гэдгийг баталгаажуулж эх дэлхийдээ ээлтэй, хариуцлагатай гэдэг имижээр олон улсын зах зээлд танигдах л чухал.Ингэж чадвал монгол малын гаралтай бүтээгдхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэн эдийн засгаа солонгоруулах боломжийг нэмэгдүүлж чадна.

-Та бүхний ажилласан Ногоон алт, Малын эрүүл мэнд төсөл 17 жилийн турш хэрэгжүүлсэн үр дүнгээ олон нийтэд танилцуулах гэж байгаа, мөн та бүхний хамтарч буй Бэлчээрийн Үндэсний IV форумыг 9-р сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулна гэж дуулсан. Энэ талаар манай уншигчдад товчхон мэдээлэл өгөөч.

-Тэгэлгүй яахав баярлалаа. Төсөл маань хэрэгжээд 17 жил хэдийн өнгөрчээ. Оролцогч талуудын уйгагүй хичээл зүтгэлээр өнөөдөр бид төслөө маш амжилттай хэрэгжүүлж бэлчээр судлалын болоод МАА-н үйлдвэрлэлийн хөгжлийн нэгэн шинэ үеийн суурийг тавьсан олон үр дүн гаргасан байгааг харахад маш таатай байгаа.

Хамгийн гол нь малчид хамтарч бэлчээрээ зүй зохистой ашиглах нь тэдний нүүдэлчин амьдралын хэв маягийг тэтгэдэг юм байна гэдгийг ойлгосон бол энгийн иргэд ч бэлчээр гэдэг бол зөвхөн хэдэн малчны л санаа зовох асуудал биш гэдгийг бага багаар ойлгож буй нь мэдрэгдэж байгаа.

Манай төслийн хувьд Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоог бэхжүүлэх тал дээр багагүй ажлыг хийсэн бөгөөд 2021/09/09-ний өдөр Бэлчээрийн Үндэсний IV форумыг холбоотойгоо хамтран зохион байгуулж байна. Арга хэмжээ маань өнөөгийн нөхцөл байдалтай зохицон 100% виртуал хэлбэрээр явагдах ба www.responsiblenomads.mn хуудсаар шууд дамжуулагдана. Арга хэмжээний үеэр олон улсын болон дотоодын эрдэмтэн судлаачдын бэлчээрийн сэргэлтийн талаарх сүүлийн үеийн судалгаанууд танилцуулагдахаас гадна бэлчээрийг сонирхогч, ашиглагч, хэрэглэгч бүх талуудын нэгдсэн уулзалт болдог давуу талтай юм. Тодруулбал бэлчээрийг түшиглэн мал сүргээ өсгөж буй малчид, малчдын гаргасан түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид болон бэлчээр, мал аж ахуйг судалдаг эрдэмтэн, судлаачдын нэгдсэн уулзалт болдог гэсэн үг юм.

Харин 2021/09/10-ны өдөр Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн маань хэрэгжүүлсэн сайн туршлагуудыг олон нийттэй хуваалцах юм. Мал аж ахуй маань манай улсын хөгжлийн тулгуур 3 чулууны нэг төдийгүй малын гаралтай түүхий эдтэй холбогддоггүй, салангид амьдардаг нэг ч Монгол хүн байхгүй гэж би боддог. Тиймээс энэхүү арга хэмжээ маань уншигч та бүхэнд бүгдээрэнд нь хамаатай гэж ойлгож болно. Арга хэмжээг мөн л онлайнаар www.responsiblenomads.mn вэб хуудсаар болон Монголын үндэсний олон нийтийн телевизээр та бүхэнд дамжуулан хүргэх болно. Та бүхнийг манай онлайн арга хэмжээнүүдэд өргөнөөр оролцохыг урьж байна. Арга хэмжээний талаар болон манай төслийн үйл ажиллагааны мэдээллийг www.greenmongolia.mn сайт болон www.facebook.com/greenmongolia.mn фэйсбүүк хуудсуудаар авах боломжтой байгаа.

Цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа, зохион байгуулж буй арга хэмжээнүүд болон цаашдынх нь ажилд амжилт хүсье!

 

Эх нийтлэл

Жич: Энэхүү танин мэдэхүйн цуврал ярилцлага болон нийтлэлийг ШХА-ын Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн үр дүн танилцуулах ажлын хүрээнд та бүхэнд хүргэж байна.

Гоё ганган сав, баглаатай гоо сайхны бүтээгдэхүүний шошгон дээрээс “амьтныг тамлан зовоогоогүй, амьтан дээр туршаагүй”
(cruelty free/not tested on animals) гэдэг тэмдэглэгээг анх олж хараад би их гайхаж билээ. Учир нь хүнд хэрэглүүлэх бүтээгдэхүүнийг амьтан дээр туршиж, аюулгүй байдлыг баталгаажуулах нь шинжлэх ухаанч хандлага гэж ойлгодог байв. Зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүний туршилтад жил бүр хагас сая амьтныг ганцхан сар ашиглаад алж орхидог нь хүнлэг бус санагдав. Тухайн үед бурууг бусдад хамааруулж бодсон ч төд удалгүй “үйлийн үр”-ийн талаар миний төсөөлөл өөрчлөгдсөн юм.

Гоо сайхны бүтээгдэхүүний шошго дээр маш олон мэдээлэл байдаг. Тэдний нэг бол “амьтан дээр туршаагүй” хэмээх туулайн дүрслэл бүхий лого

Би гэдэг хүн шуб өмсөхөө больж, жил бүр хэдэн сая амьтныг хорьж, тамлаж хороодог арьсны фермийн үслэг эдлэлээс татгалзав. Ази, Африкийн сармагчинг амьдрах газаргүй болгож байгаа дал модны тариалалтыг дэмжихгүйн тулд дал модны тостой зүйл хэрэглэхээс зайлсхийв. Байгальд хэдэн зуун жилээр үл задрах, дахин боловсруулах боломжгүй болон бохир хог хаяхаас цээрлэдэг болов. Ингээд гараг ертөнцийн асуудал бүхэн “надад хамаатай” боллоо. Дэлгүүрт ороод барьж авсан бараа бүрийн сав баглаа, орц найрлага, гарал үүслийг нягталснаар онцын шаардлагагүй олон зүйлийг хэрэглээнээсээ хасав.
Гэвч насаараа идсэн малынхаа махнаас татгалзаж чадсангүй. Малын хөлд шахагдаж устах аюулд өртсөн зэрлэг амьтдыг өрөвдөвч ногоон хоолтон болж барсангүй. Махсаг миний идшийг базааж малаа даахгүй эцэж туйлдсан бэлчээрийн доройтолд “би буруутай” мэт санагдана. Эх нутгийн ихэнх хувь нь цөлжиж, хэдэн зуугаар тоологдох гол, нуур дахин хэзээ ч сэргэхгүйгээр ширгэсэнд харамсана. Ийн шаналж явахад минь дэлхий нийтийг уриалж эхэлсэн Тогтвортой хөгжлийн зорилтууд надад буруугаа залруулах боломж олголоо. Тэдгээрийн нэг нь “хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэл”-ийн тухай үнэхээр догь ойлголт юм. Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгохдоо байгалийн нөөцийг ариг гамтай ашиглаж, үйлдвэрлэх, хэрэглэх явцаас үүдэн гарах ул мөр, сөрөг нөлөө, хог хаягдал, орчны бохирдлыг аль болох бага байлгаж, хойч үедээ хэрэгцээт байгалийн нөөцийг нь хангалттай үлдээхийг хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэлийн зарчим гэдэг байх нь.

Малын гаралтай бүтээгдэхүүний түүхий эдийг малыг зовоолгүй, зохих ёсоор тавлаг өсгөснийг батлах батламж буюу QR-р мөшгөх тогтолцоог бүрдүүлжээ

Хүний зохисгүй хэрэглээнээс амьтай бүхнийг авран хамгаалах Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх амлалт өгсөн дэлхийн 193 орны нэг нь Монгол улс.

Энэхүү гэрээнд “Бид улсынхаа бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ болон хэрэглээний хэвшмэл байдлыг уг үндсээр нь өөрчлөхөө амлаж байна. Засгийн газар, олон улсын байгууллага, бизнес эрхлэгч, төрийн бус байгууллага болон “хувь хүн” нэг бүр цамаан хэрэглээ, үрэлгэн үйлдвэрлэлийг таслан зогсоож, шинжлэх ухаан, технологи, инновацийн боломжийг илүү хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэлд чиглүүлж, өөрсдийн боломж, нөөц, санхүү, техник туслалцаагаа тогтвортой хөгжлийн төлөө зориулах болно” гэжээ.

Хэдийгээр би өөрийн биеэр гарын үсэг зурж, тангараг өргөөгүй ч энэ амлалт “надад хамаатай, хамгийн их хамаатай” (Мандухай сэцэн хатны үгээс иш татав) боллоо. Гэвч дэлхийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж чадаагүйн улмаас манай улс 2020 онд 63.98 (F) оноотойгоор 107 дугаар байранд жагсав.

Цөлжиж хувхайрсан газар нутаг, цөлмөж барсан байгалийн баялаг, шарилж ханхалсан хоосон бэлчээр, өндийх тэнхэлгүй тураалтай мал, өвөлжөө булаалдсан эцэг хүү, эм амтагдсан идэш ууш, ханаж цадашгүй харалган түмний тухай халаглан бичихээ энэ удаа азная. Эрхий дарам газрыг бурханд ч өгөмгүй тансаг байгальдаа зэрлэг амьтад дураараа сүлжилдэж, өвс ногоо халиурсан элбэг хангалуун бэлчээртээ таван эрдэнийн мал сүрэг тааваараа сайхан налайж, өгөөж буян нь малчны хотноо бялхаж, өөхний нүнжигт нь хотын бид бялуурам тийм л ирээдүйн талаар төсөөлье.

Тэгвэл би юу хийж чадах билээ? 

Шонхрын наймааг зогсоож, сар шувууг үржүүлж чадахгүй учир үлийн цагаан оготнотой тэмцэхэд миний хүч дутна. Уул уурхайг болиулж, ой модыг ургуулж барахгүй тул цөлжилттэй тэмцэхэд миний бяр дутна. Харин халаасан дахь хэдэн бор төгрөгөөрөө, хаана ч явсан зарчимдаа үнэнч худалдан авалтаараа хариуцлагагүй үйлдвэрлэл, хайхрамжгүй хэрэглээтэй би тэмцэж чадна. Надад ирээдүйг өөрчлөхөд хангалттай эрх мэдэл, эд хөрөнгө бий. Учир нь “хэрэглэгч” би (Монголын) Хаан билээ.

Бэлчээрээ гамнадаг, байгалиа хамгаалдаг, зэрлэг амьтадтай зэрэгцэн оршдог, буянт малынхаа ашиг шимийг амьсгалаас бусдыг нь хүртдэг, өв уламжлал, өөрчлөлт шинэчлэлийг хослуулдаг, жаргалтай малтай жавхаалаг малчнаас би идшээ захиалж идье. Малыг зовоолгүй махалдаг, махыг хиртээлгүй тээвэрлэдэг, эмийн үлдэгдэлгүй, эрүүл мэндэд хоргүй хүнсийг орчны бохирдолгүй, олон түмэнд халгүйгээр үйлдвэрлэдэг хариуцлагатай бизнест би үнэнчээр орлого оруулъя.

“Хариуцлагатай нүүдэлчид” стандарт дор малчид өөрийн гаргасан түүхий эддээ баталгаа олгож байна. www.responsiblenomads.mn

“Энэ ямар үнэтэй вэ гэхийн оронд энэ бүтээгдэхүүн ямар үнэ цэнээр бүтсэн бэ?” гэж би асууя. Хариулт нь “надад хамаатай”.

Би юу мөрөөддөг гээч? Ногоон алтан талдаа цагаан сувдан гэрээ бариад амар сайхандаа жаргах сан.

 

Өгүүллийг  бичсэн: Ч.Батцэцэг- Эх нийтлэл

Жич: Энэхүү танин мэдэхүйн цуврал ярилцлага болон нийтлэлийг ШХА-ын Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн үр дүн танилцуулах ажлын хүрээнд та бүхэнд хүргэж байна.

Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлсэн Ногоон алт-Малын эрүүл мэнд (НАМЭМ) төслийн малын эрүүл мэндийн мэргэжилтэн С.Дивангартай ярилцлаа.

-Бэлчээрийн зохистой ашиглалт, борлуулалтын ашигтай тогтолцоо, эрх зүй, бодлогын таатай орчны нөлөөгөөр малчин өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг нь “Малын эрүүл мэнд” аж.  Малыг эрүүл байлгаж, хэрэглэгчдийн хэрэгцээг малын гаралтай найдвартай бүтээгдэхүүнээр хангах замаар малчдыг дэмжих арга замыг боловсронгуй болгохын тулд төслийн зүгээс юу, юу хийсэн бэ?

-Төслийн хүрээнд мал эмнэлгийн салбарт хийсэн томоохон ажлуудын нэг нь хууль, тогтоомжуудыг шинэчилж, олон улсын жишигт нийцүүлэх ажил байлаа. Энэ нь Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ), Дэлхийн худалдааны байгууллагаас боловсруулж гаргасан стандарт, заавар, зөвлөмжид нийцүүлнэ гэсэн үг. Өмнө нь малын эрүүл мэндтэй холбоотой эрх зүйн асуудлыг Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар зохицуулж байсан. 1993 онд боловсруулж, батлуулсан уг хуулийн зохицуулалт, хамрах хүрээ учир дутагдалтай байсан учраас цаг хугацааны шаардлагаар өөрчлөх хэрэгтэй болсон. Манай улсын гадаад худалдаа өргөжиж, ялангуяа малын гаралтай бүтээгдэхүүнийг гадаад зах зээл рүү гаргах хүсэл эрмэлзэл төрийн бодлогын нэг хэсэг болоод эхлэхээр хүлээн авах талууд мал эмнэлгийн салбарт мөрдөж байгаа хууль, тогтоомж нь бүрэн байна уу, үгүй юү, байгаа бол тэр нь олон улсын хууль тогтоомжтой нийцэж байна уу, үгүй юү гэдгийг эхлээд хардаг. Энэ нь үнэлгээнд нэлээд жин дардаг үзүүлэлт.

Хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг өмнөх төслийн үед эхлүүлсэн юм. Энд тайлбар хийх хэрэгтэй байх. 2012-2016 онд малын эрүүл мэндийн чиглэлийн төсөл хэрэгжүүлсэн.

Ер нь 2016 он дуусах хүртэлх хугацаанд “Ногоон алт”, “Малын эрүүл мэнд” гэсэн тусдаа хоёр төслийг зэрэгцүүлэн хэрэгжүүлж ирсэн л дээ. 2017 оноос нийлүүлээд “Ногоон алт, Малын эрүүл мэнд” нэртэй болгосон юм.

Тусдаа бие даасан төсөл хэрэгжиж байх үед Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль буюу шинэ хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлсэн. “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслийг эхлүүлж байх үед уг хууль батлагдаж, 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Шинэ хуультай болонгуут түүнийг дагаж гардаг журам, заавар, эрхзүйн актуудыг мөн бүгдийг шинэчлэх шаардлагатай болсон юм. Энэ хүрээнд төслийн зүгээс гурван чиглэлд дэмжлэг үзүүлж ажилласан. Нэгдүгээрт, бусад улс орны туршлагыг судлах, холбогдох судалгаа хийх, хоёрдугаарт олон улсын шинжээчдээс зөвлөгөө, тусламж авах, гуравдугаарт хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн зардлыг олгож, хуулийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэж, санал авахад нь дэмжиж ажилласан. Ерөнхийдөө хууль, түүнийг дагаж гарах баримт бичгүүдийн гүйцэтгэл 98 хувьтай байна. Тэгэхээр мал эмнэлгийн салбарт мөрдөх хууль, тогтоомжийг бүхэлд нь өнөөгийн шаардлагад нийцүүлэн өөрчлөн шинэчлэхэд төсөл томоохон үүрэг гүйцэтгэж, ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран ажилласан.

-Хууль гарснаар ямар үр дүн бий болов?

-Нэгдүгээрт, төрийн захиргааны байгууллагаас эхлээд түүхий эдийн худалдаа эрхлэгчид, боловсруулах үйлдвэрүүд, малчин, хэрэглэгч хүртэлх мал эмнэлгийн харилцаанд оролцогч талуудын чиг үүрэг тодорхой болсон. Ингэснээр талуудын бүтээгдэхүүн баталгаатай гарах нөхцөл бололцоог бүрдүүлж өгч байгаа юм. Хоёрдугаарт, мал эмнэлгийн салбарт хэрэгжүүлж байгаа ажлыг удирдах бүтэц, зохион байгуулалт олон улсын байгууллагуудаас зөвлөмж болгож буй загварт нийцсэн бие даасан, хараат бус ажиллагаатай болсон. Өмнө нь бол яамны аль нэг бүтцийн нэгж дотор ажилладаг байсан учир малын ямар нэг өвчин гарах үед шуурхай хариу арга хэмжээ авах, хэрэгжүүлэх чадвар нь маш сул байсан. Өөрөөр хэлбэл, өвчин гарлаа гэхэд бие даагаад шийдвэр гаргах эрх байхгүй, даргаас асууна. Бензин хэрэг боллоо гэхэд өөрөө шийдээд гарах эрхгүй, бас даргаас асууна гэх мэтчилэн сунжирсаар байтал өвчин гарсан газарт очиж үзлэг хийх, хариу арга хэмжээ авах хүртэлх хугацаа хэдэн өдрөөр хойшлогддог байсан.

Бас нэг үр дүн бол малын гаралтай бүтээгдэхүүнийг баталгаажуулах, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих үйл ажиллагааг зохицуулсан нарийн дүрэм журам боловсруулсан явдал юм. Ингэснээр аль нэгэн газар, нутаг, сум, аймагт халдварт өвчний голомтгүй бол тэр статусаа тогтвортой хадгалж чадаж байна гэдгээ нотлох боломжтой болж эхэлж байна гэсэн үг. Өмнөх хуулийн хувьд зайлшгүй хамрах ёстой асуудлын багахан хэсэг нь хамрагдсан, ихэнх нь хуулиар зохицуулагдаагүй, орхигдсон байсан. Үүнийг хуулийн хийдэл гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, өвчин гарсан үед л хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулсан, харин өвчингүй тайван байх үед урьдчилан сэргийлэх, тайван статусаа хадгалах зорилгоор өвчингүй газраас бүтээгдэхүүн бэлдэх зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт байхгүй байв. Нөгөө талдаа зөвхөн малаас гадна зэрлэг болон гэрийн тэжээмэл амьтан өвчлөх тухайд авч хэрэгжүүлэх зохицуулалтууд байгаагүй. Тэгэхээр хууль гарснаар өмнөх хуульд дутагдалтай байсан, хийдлүүдийг нөхсөн гэж ойлгож болно. Ингээд мал эмнэлгийн салбарынхан олон улсын байгууллагын зөвлөмжийг шингээсэн, хамрах ёстой бүхнийг хамруулсан иж бүрэн хуультай болоод үйл ажиллагаагаа бие даасан байдлаар явуулж байна. Үр дүнд нь малын өвчнийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж голомтод нь устгах, өвчин гаргалгүй тайван байдлыг хадгалах зэрэг үзүүлэлт сүүлийн жилүүдэд нэлээд дээшилж байгаа.

-Малын гаралтай бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах ажлыг зохион байгуулахад та бүхний хэрэгжүүлсэн төсөл ахиц, дэвшил авчирчээ гэж ойлгосон. Энэ талаар дэлгэрүүлж ярина уу.

-Бид улсынхаа мал эмнэлгийн байгууллагыг Дэлхийн мал, амтны эрүүл мэндийн байгууллагаар үнэлүүлдэг.

Монгол Улс 1997 онд авбал зохих 5 гэсэн үнэлгээнээс 1,8 гэсэн оноогоор үнэлэгдэж байсан бол 2019 онд Дэлхийн мал, амтны эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийг авчирч үнэлгээ хийлгэхэд 3,2 гэсэн түвшинд хүрсэн байлаа.

Үнэлгээ ингэж дээшлэхэд шинэ хууль, эрхзүйн орчин бүрдүүлж, олон улсын заавар, зөвлөмжийг хүлээн авсан байдал дорвитой нөлөө үзүүлсэн гэж бид үздэг. Товчхон хэлэхэд манай улсын мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг бусад улс оронд хүлээн зөвшөөрөх таатай нөхцөл бүрдэж байна.

Бид шинэ хууль гаргахдаа томоохон амбицтай үзэл баримтлал, томъёоллуудыг тусгаж өгсөн юм. Жишээ нь, мал эмнэлгийн байгууллага малын гаралтай бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэхдээ гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын бүх түүхийг харуулна гэсэн үүрэг хүлээсэн. Үүнийг биелүүлэхийн тулд мэдээллийн технологийн ололтыг ашигласан. Хотод буй хэрэглэгч малын гаралтай ямар нэг бүтээгдэхүүн авах боллоо гэж бодоход аль аймаг, сумын хэн гэдэг малчны хотоос гаралтай, ямар тээврийн хэрэгслээр оруулж ирсэн, аль үйлдвэрт боловсруулаад, аль худалдааны төвд хэд хоноод гар дээр ирсэн тухай түүхийг мэдэж болдог болсон. Энэ нь салбарт цахим систем нэвтрүүлсний үр дүн юм. Мал эмнэлгийн цахим гэрчилгээ гаргаж, баталгаажуулалтын тогтолцоог боловсронгуй болгох замаар сая хэлсэн зорилтыг биелүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлсэн. Үүнийг бид мал эмнэлгийн нэгдсэн систем гэж нэрлэсэн. Төслийн хүрээнд уг системийн загварыг нь гарган хөгжүүлж туршаад, өнөөдөр улсын хэмжээнд бүх аймаг, сумын мал эмнэлгийн байгууллага, мэргэжилтний өдөр тутмын ажлын нэг хэсэг болгон нэвтрүүлээд байна. Системийг мал эмнэлгийнхэн болон холбогдох мэргэжилтнүүд сайн ашиглаж байна. Харин иргэд таашаан хүлээж авсан ч амьдрал, ахуйдаа хэрэглэхдээ тааруу байгаа. Цаашид бүх нийтээр байнга ашиглах зан төлвийг бий болгох шаардлага бол бий.

Систем нэвтэрснээр мал эмнэлгийн байгууллага дотоодод төдийгүй тус байгууллагатай харилцдаг бусад салбарт, ялангуяа малын гаралтай бүтээгдэхүүн, хүнс хэрэглэгчид, боловсруулах үйлдвэрийн бизнес эрхлэгчдэд мэдээлэл дамжуулах, солилцох хурд эрс дээшилсэн.

Мал төрснөөс эхлээд үйлдвэрт төхөөрөх хүртэлх бүхий л түүхийг мэдээллийн санд хадгалж, энд цугларсан иж бүрэн мэдээллийг асар богино хугацаанд хэрэглэгчдэд саадгүй хүргэдэг боллоо.

Мал эмнэлгийн нэгдсэн системийг нэвтрүүлсээр Монголын 70 сая мал бүхэлдээ эрүүл мэндийн цахим дэвтэртэй болсон гэсэн үг. Уг дэвтрээс түрүүн хэлсэнчлэн гурван настай малыг хэрэглээнд зориулан үйлдвэрт өгөх гэж байгаа бол хэн гэдэг малчных юм, хэзээ ямар, ямар вакцин тарьсан бэ, ямар эмчилгээ хийсэн, хэн гэдэг малын эмч хариуцаж байв, хаана төхөөрөөд хэрэглэгчийн гарт хүргэв гэдгийг, өөрөөр хэлбэл тухайн малын амьдралын болон эрүүл мэндийн түүхийг мэдэж болно.

-Ингэж ярихыг тань сонсоход өмнө нь яаж болж байсан юм бол гэж бодогдлоо.

-Өмнө нь бол хөдөө аж ахуйн салбарт цахим систем нэвтрүүлэх оролдлогыг хэд хэдэн удаа хийсэн. Тухайлбал, 2010 онд улсын төсвөөр хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарын үйл ажиллагаанд зориулан цахим систем хөгжүүлээд бүх малыг ээмэглэж, тухайн малын удам гарвал, ашиг шим, эрүүл мэндийн бүх мэдээллийг үйлдлийн системд оруулах гэж оролдсон ч амжилтгүй болсон.

Харин энэ удаа системийг боловсруулан гаргахдаа өмнөх алдаанд дүгнэлт хийж, түүнийг тойрч гарах, асуудлыг шийдвэрлэх гарцуудыг шингээж өгсөн. Үүлэн технологийг ашиглан ВЕБ-д суурилсан систем хөгжүүлсэн нь гол онцлог нь юм. Ингэж загварчилснаар нийслэлээс 1000 гаруй км-ийн цаана, Ховд аймагт байгаа малын эмч малчны хотонд очоод үзлэг, эмчилгээ, тарилга хийгээд, тэр дүнгээ системд оруулахад бид энд секундэд л уг дүнг Мал эмнэлгийн ерөнхий газарт хүлээн авч харж чаддаг болсон гэсэн үг. Ийм дэд бүтцийг бүрдүүлснээр малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортод гаргах чиглэлд ихээхэн ахиц, дэвшил гарсан.

-Мал эмнэлгийн гэрчилгээ гэж юу вэ?

-Энэ бол мал эмнэлгийн байгууллага өөрт байгаа баримт нотолгоонд үндэслэсэн олгож байгаа баталгаажуулалтын баримт бичиг юм. Өмнө нь гэрчилгээг А4-ийн хэмжээтэй, үнэт цаасан дээр хэвлэж гаргадаг байлаа. Хэдийгээр цаас нь үнэт цаас боловч дээр нь бичигдсэн мэдээлэл хэнд ч үнэлэгдэхгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй мэдээлэл болж хувирсан. Завхан аймгаас мал ачуулаад Улаанбаатар хот руу явуулахад замд нь Төв аймгийн аль нэг сумын малын эмч гэрчилгээ дээр нь нэрээ тавиад, гарын үсэг зураад, тамга дарчихдаг байсан. Өөрөөр хэлбэл тэр мал хаанаас ирж байгаа, халдварт өвчний голомттой газраас ирсэн үү, эрүүл үү, ямар эмчилгээ, тарилга хийсэн бэ гэдгийг мэдэхгүй хүн гарын үсэг зурчихдаг байсан гэсэн үг. Тэгэхээр тэр гэрчилгээнээс ямар ч үнэн бодит мэдээлэл авах боломжгүй. Тийм нөхцөлд мал эмнэлгээс баталгаа гаргаж тамга дараад байхаар дотоодын хэрэглэгчид ч, гадаадынхан ч гэсэн болгоомжилж эхэлж байгаа юм. Тийм учраас гадаад улс орнууд манай улсаас малын гаралтай бүтээгдэхүүн авахдаа өөрсдөө газар дээр нь ирж үзэж, хардаг болсон. Жишээлбэл ОХУ руу бүтээгдэхүүн гаргахын тулд юу болдог байсан бэ гэвэл, оросууд ирж малыг, үйлдвэрийг үзээд “Бидний үзсэн энэ малыг энэ үйлдвэрт төхөөрөх юм бол бид авъя” гэдэг байдлаар ажилладаг байлаа. Энэ нь итгэлцэл, бусдаар хүлээн зөвшөөрөгдөх байдал маш доогуур түвшинд байсныг харуулж байгаа юм. Одоо бол ийнхүү мал эмнэлгийн, малын эрүүл мэндийн түүхийг багтаасан цахим системийг нэвтрүүлснээр гадаад орнуудын манай улсаас бүтээгдэхүүн худалдаж авах сонирхол эрс дээшилж байгаа юм. “Ковид-19” намжиж, байдал тайван болж, хил нээгдэхэд малын гаралтай бүтээгдэхүүн өмнөхөөс хэд дахин илүү хэмжээгээр гадаад зах зээл рүү гарна гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхэд малчдын өрхийн орлого нэмэгдэж, амьжиргаа сайжрахад тус нэмэр болно.

-Хууль, тогтоомжийг боловсронгуй болгон шинэчилснээр бэлчээрийн тогтвортой менежментийн бодлогын таатай орчныг бүрдүүлэхэд яаж нөлөөлж байна вэ?

-Хоёр төслийг тусад нь хэрэгжүүлж байгаад нэгтгэсэн гэж би өмнө хэлсэн. Төслүүдийг нэгтгэх болсон гол зорилго нь Монгол орны бэлчээрийг зөв зохистой ашиглах механизмийг бүрдүүлэхэд л чиглэгдэж байгаа юм. Бидний төлөвлөн хэрэгжүүлж байгаа бүхий л үйл ажиллагаа ийшээ чиглэгдэж байгаа. Хоёр тоон үзүүлэлт хэлье. Монгол малын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр өдгөө 70 сая гаруйд хүрээд байна. Нөгөөх нь манай улсын хүн амын тоо. Гурван сая гаруйхан л байна. Энэ хоёр тоо мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дотоодын хэрэгцээнээс хэдэн арав дахин их болсныг харуулж байна. Тэгэхээр энэ их нөөцийн үр ашгийг хүртэхгүйгээр хадгалаад байж болохгүй. Мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг гадаад зах зээл рүү гаргах ёстой. Гэхдээ малчдад “Бэлчээрээ хамгаалахын тулд малаа цөөл” гэж тулгаж болохгүй. Ингэх нь арай бүдүүлэг муйхар шаардлага болно. Бэлчээрийн даацыг зохистой хэмжээнд барихын тулд энэ жил өсгөсөн төлийн тоотой тэнцүү болон түүнээс илүү тоо хэмжээний малыг зах зээлд худалдан борлуулах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг бид малчдад өгдөг юм.

Ингэж борлуулахын тулд дотоодын зах зээл  ханачихаад байгаа тохиолдолд гадагш нь л гаргах хэрэгтэй болно. Үүний тулд мал эмнэлгийн ажлаа гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй болно гэсэн үг. Тэгэхээр энэ баталгаа, нотолгоог сайжруулж, хууль, эрх зүйн орчин бүрдүүлж байгаа нь малын гаралтай бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах үүд, гарцыг нээж тогтвортой худалдаа эрхлэх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаа юм.

Уг зорилтыг хэрэгжүүлбэл малын тооны өсөлт саарч, улмаар зохистой хэмжээнд барих боломжтой болно.

-Тэгэхээр малын тоо толгойг хэт өсгөхгүй байхын хэрээр бэлчээрээ гамнаж болох нь ээ.

-Тийм. Зах зээлийн эргэлт сайжирна. Тарифын бус хориг саад гэсэн ойлголт бий. Тарифтай, өөрөөр хэлбэл татвар, үнэ өртөгтэй ямар ч холбоогүй шалтгааны улмаас бүтээгдэхүүнээ зарж борлуулж чадахаа байчихдаг. Ийм шалтгааны нэг нь малын өвчний асуудал юм. Үүнээс гадна олон улсад малын эм, антибиотекийн үлдэгдэлд айхтар анхаардаг болсон. Тийм болохоор “Танай улсад малынхаа эмийн үлдэгдлийг хянадаг эрх зүйн орчин бүрдсэн үү, тэр хүрээнд ажиллах тогтолцоо бий юү, ямар аргаар хянаж байна вэ, тэр чинь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга мөн үү” гэж асууж байж бүтээгдэхүүн худалдаж авдаг болсон. Энэ талаар манай улсын мал эмнэлгийн байгууллагад асуудал их байлаа. Шинэ хууль, эрх зүйн орчны хүрээнд малын эмийн үлдэгдэл, зохистой хэрэглээтэй  холбоотой зохицуулалтууд цоо шинээр тусгагдсан. Төслийн хүрээнд малын антибиотекийн үлдэгдлийг анхан шатанд ажиллаж байгаа сумын малын эмнэлэг яаж хянах вэ гэдэг арга зүйг боловсруулж, хэрэглэхэд зохистой багаж төхөөрөмжийг судалж олоод санал болгосон. Үүнийг төсөл хэрэгжүүлж буй 29 суманд туршсан. Маш хурдан хугацаанд үр дүн нь гардаг, дүнг Европын холбоо шууд хүлээн зөвшөөрдөг тийм багажууд. Туршилтаар малын эмч нарт хэрэглэхэд хялбар, ойлгомжтой байна гэсэн дүгнэлт гарсан. Ямар үнэ өртөгтэй байх вэ, цаашид яаж явуулах вэ гэдэг тухайд арга зам, удирдамж нь тодорхой болсон. Үүнийг улсын хэмжээнд нэвтрүүлнэ үү гэсэн саналаа ХХААХҮЯ-нд албан ёсоор хүргүүлсэн. Тэгэхээр төслийн хүрээний бүхий л ажлыг малын гаралтай бүтээгдэхүүнийг маш хурдан зах зээлд гаргаад, бэлчээрийн даацыг хэтрүүлэлгүй, зохистой хэмжээнд байлгах зорилгын төлөө хэрэгжүүлсэн гэсэн үг.

“Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн нэгэн бүрэлдэхүүн хэсгийн тухай цухас ярихад ийм байна. Илүү мэдээлэл авахыг хүсвэл бидний хэрэгжүүлсэн үйл ажиллагааны нэгдсэн тайлан гаргасныг уншиж болохоос гадна энэ 9 сарын 9/10-ны өдөр зохион байгуулагдах Бэлчээрийн Үндэсний IV форум болон НАМЭМ төслийн үр дүнг хүлээлгэн өгөх хаалтын арга хэмжээнүүдэд оролцон авах боломжтой. Эдгээр арга хэмжээнд бэлчээрийн ашиглагчид болох малчид, дам ашиглагчид болох малын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид, малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, бий болсон эцсийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчид хэрэгжүүлж буй хөдөө аж ахуйн зохистой дадал болох сайн туршлагуудаа хуваалцахаас гадна дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид бэлчээрийн сэргэлтийн талаар хийсэн сүүлийн үеийн судалгаагаа танилцуулна. Өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор бүх арга хэмжээ маань онлайнаар виртуал хэлбэрээр www.responsiblenomads.mn сайтаар болон https://www.facebook.com/greenmongolia.mn фэйсбүүк хуудсаар шууд дамжуулагдах тул та бүхнийг цаг гарган бид бүгдийн амьдрах суурь болсон бэлчээр, малын эрүүл мэндийн талаар цэгцтэй ойлголттой болохыг уриалж байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье!

 

Сэтгүүлч: Р.Оюунжаргал- Эх нийтлэл

Жич: Энэхүү танин мэдэхүйн цуврал ярилцлага болон нийтлэлийг ШХА-ын Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн үр дүн танилцуулах ажлын хүрээнд та бүхэнд хүргэж байна.

Улсын үндэс ГАЗАР гэж өвөг Модун маань бидэнд маш тодорхой захиж үлдээсэн байдаг. Үржил шимтэй газар нутагт амьдрал бялхаж, хуурай цөлөөс хүн байтугай амьтан ч дайждагийг бид хүн төрөлхтний түүхээс тодхон хардаг. Тэгвэл Монгол орны маань үржил шимт, унаган дагшин байгаль маань жилээс жилд хумигдан жижгэрч, эсрэгээр нь цөлжилт нэмэгдсээр байгааг та мэдсэн үү? Тодруулбал, Монгол Улс сүүлийн 30 жилд нийт бэлчээр нутгийнхаа 25 хувийг цөл болгосныг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс онцолжээ. Энэ мэтээр олон нийт бэлчээр нутгийн талхлалтыг мэдсэн ч мэдээгүй  мэт “хэн нэгэн нь санаа тавьж байгаа байлгүй дээ” гээд ямар нэг арга хэмжээ авалгүй орхивол 3-10 жилийн дараа бэлчээр нутгийн маань 30 гаруй хувь нь нөхөн сэргээгдэхгүй цөлжинө гэж мэргэжилтнүүд тогтоожээ.

Дээр дурдсан тоо баримт бүх Монголчуудад эмзэглэл төрүүлсэн гэдэгт итгэж байна. Ашиглах болохоороо бүгд л миний газар нутаг гэдэг ч арчлах болохоор эзэнгүй болчихдог бэлчээр нутгаа хайрлан хамгаалж, үржил шимтэй байдлыг нь хадгалан, үр хойчдоо дамжуулах нь зөвхөн малчдын санаа зовох асуудал биш.

Одоо л эх орон, газар нутгийнхаа төлөө жинхэнэ эзэд шиг зан гаргаж биднээс аврал эрэн чимээгүй мөхөж буй бэлчээр нутгаа хэрхэн хамгаалах, цаашлаад нөхөн сэргээх тал дээр хамтдаа хичээж, харилцан мэдлэгээ хуваалцаж, ажил хэрэг болгоцгооё.

Бэлчээрийн нөхөн сэргээлтийн талаар сүүлийн 17 жилийн турш Монголын малчид болон орон нутгийн удирдлагыг дэмжин, чадавхжуулж, мэдлэгжүүлэн ажилласан Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон Алт – Малын Эрүүл Мэнд” төслийн үр дүнг танилцуулах онлайн арга хэмжээг 2021/08/02-2021/08/10-ны хооронд зохион байгуулагдах ба www.responsiblemongolia.mn цахим хуудсаар болон https://www.facebook.com/mongolgreengold фэйсбүүк хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэйгээр дамжуулах юм. Энэхүү төсөл нь Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Ховд болон Увс аймгуудад хэрэгжсэн бөгөөд 62,000 малчин өрхийг удирдлага зохион байгуулалтад оруулж 5 сая га бэлчээрийг нөхөн сэргээж чадсан сайн туршлагуудаа хуваалцах болно.

Иймд экологийн тэнцвэрт байдал, уламжлал соёл, эрүүл оршихуй гээд бидний амьдралын бүхий л талбарт нөлөөлж буй бэлчээрийн асуудал болон түүнийг шийдвэрлэж болох шийдлүүдийн талаар арвин мэдлэгтэй болох боломжоо бүү алдаарай. Мэдлэгтэй хүн хүчтэй байдаг учир нь тэд зөв шийдвэр гаргадаг гэдэгчлэн бүгдээрээ амьдралд тулгарсан бодит асуудлын талаарх мэдлэгээ өсгөж цаашдын оршихуйгаа хамгаалцгаая.

Ногоон Алт – Малын эрүүл мэнд” төслийн үр дүнг хүлээлгэн өгөх цахим арга хэмжээнд урьж байна.

Мал аж ахуй, түүнээс гаралтай бүтээгдэхүүний тоо биш чанарт анхааран, тогтвортой байдлаар хөгжүүлж, нүүдэлчин ахуйг үргэлжлүүлэх суурь болсон эрүүл соргог бэлчээр нь манай улсын тусгаар тогтнолтой ч хамааралтай асуудал гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Энэ чиглэлээр Швейцарын Хөгжлийн Агентлагийн “Ногоон Алт – Малын эрүүл мэнд” төслийг 17 жилийн турш хэрэгжүүлж ирсэн ба ажлын үр дүнг зорилтот аймгуудад хүлээлгэн өгөх цуврал арга хэмжээ “Байгалийн бэлчээрт суурилсан мал аж ахуйн хариуцлагатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьсан 17 жилийн түүчээ” уриатайгаар зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээгээр нь төсөл хэрэгжсэн Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгуудад гарсан үр дүнгүүдийг танилцуулах ба цаашид үр дүнгээ сайжруулах, тогтвортой байдлыг хадгалах талаар орон нутгийн удирдлагуудтай гэрээ байгуулах үйл ажиллагаанууд явагдах юм. Тиймээс байгаль орчны тогтвортой байдал, нүүдэлчин соёл уламжлал, хүнс хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн талаар санаа зовнидог эрхэм хүндэт та бүхнийг уг онлайн арга хэмжээнд оролцож шинэлэг, амьдралд хэрэгжүүлж болохуйц олон мэдлэг мэдээллээр тархиа цэнэглэнэ үү хэмээн урьж байна.

Арга хэмжээг http://www.responsiblenomads.mn онлайн платформоор болон https://www.facebook.com/mongolgreengold фэйсбүүк хуудсаар дамжуулах лайваар шууд үзэх боломжтой.

Цуврал арга хэмжээний хуваарь:

Аймаг Огноо Цаг Линк
Архангай 2021/08/02 14:00-18:00
Баян-Өлгий 2021/08/03 10:00-13:15 https://zoom.us/j/97701460510?pwd=ajhFMERMVnpsR0s1MGlKR3Y5V3RFZz09
Meeting ID: 977 0146 0510
Passcode: 063636
Баянхонгор 2021/08/04 14:00-17:15 https://zoom.us/j/91892282494?pwd=dUVRTFIyM3BDNzJwbVc5OFA0aHcrQT09
Meeting ID: 918 9228 2494
Passcode: 478516
Завхан 2021/08/06 11:00-13:00 https://zoom.us/j/91635255674?pwd=RElMS1FLMVZ0WldKRFRYcFBIMVRKdz09
Meeting ID: 916 3525 5674
Passcode: 876446
Ховд 2021/08/09 10:00-13:15 https://zoom.us/j/94007866747?pwd=NlJzSUV1VFNqeG9VbEFsN3BoRmZiUT09
Meeting ID: 940 0786 6747
Passcode: 126228
Говь-Алтай 2021/08/09 14:00-18:00 https://zoom.us/j/94866483582?pwd=Z1h6SFc5VUZ5YU80R0FseWh1d1d0dz09
Meeting ID: 948 6648 3582
Passcode: 205882
Увс 2021/08/10 11:00-13:20 https://zoom.us/j/95240434969?pwd=OENVMEdVSm1CUkI5RnJ6MlBadnJQUT09
Meeting ID: 952 4043 4969
Passcode: 079468

Бэлчээр, мал аж ахуйн асуудлыг ихэнхдээ малчид, орон нутагт ажиллаж амьдарч буй иргэдтэй холбож ойлгох нь нийтлэг байдаг. Гэтэл бодит байдалд, үнэндээ бид хаана амьдарч, ажиллаж байгаа, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг эсэхээс үл хамааран бэлчээрийн байдал бүх хүний амьдралын чанарт нөлөөлдөг. Учир нь байгаль бол уялдаа холбоотой, нарийн бүтэцтэй тогтолцоо билээ. Иймээс ч дэлхий нийтээрээ тогтвортой хөгжлийн асуудлын талаар ярихдаа хүрээлэн буй орчны асуудлыг бусад асуудалтай харилцан хамааралтай байдлаар зэрэгцүүлэн авч үздэг.

Мөн та эх орныхоо унаган байгаль экологийн тэнцвэрт байдал, уламжлалт соёлд санаа зовнидог бод дараах хаштагуудаас ашиглан зураг болон сэтгэгдэлээ сошиал хуудсуудаараа хуваалцахыг хүсч байна. #ХариуцлагатайНүүдэлчид #ResponsibleNomads #ЯагаадНададХамаатайГэж #WhyShouldWeCare

Баярлалаа 🙂

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд иргэд олон нийтийн оролцоог хэрхэн хангавал богино хугацаанд илүү үр дүн гарах боломжтой талаар шийдэл хайн хийдэг сар тутмын Эдүкэйтэд хотлын /Educated Community meeting/ уулзалтаа шинэ хэлбэрээр буюу төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагад аялал жуулчлалыг хөгжүүлэн ажиллаж байгаа мэргэжлийн төлөөллүүдийг оролцуулан Дотоодын аялал жуулчлал: сорилт ба боломжууд сэдвийн хүрээнд 2020/07/30-ны өдөр явуулж байсныг тоймлон та бүхэнд хүргэж байна.

Уулзалтад БОАЖЯамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н. Молор, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт төслийн зохицуулагч Ц. Энх-Амгалан, Монголын аялал жуулчлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Дисковер Монголиа ХХК-н ерөнхий захирал Б. Барсболд нар зочноор, Эдүкэйтэд Энтерпрайз ХХК-н хамтран үүсгэн байгуулагч Ж. Энхжин миний бие чиглүүлэгчээр оролцсон. Уншигч та бүхэн ч энэхүү ярилцлагыг тунгаан уншиж эх орныхоо үзэсгэлэнтэй, онгон тагшин байдлыг алдагдуулахгүй хариуцлагатай аялах талаар саналаа хуваалцаарай.

Энхжин: Дотоодын аялал жуучлалын өнөөгийн байдлын тухай юу гэж боддог бэ?

Энх-Амгалан: Монголд аялал жуулчлалын салбар маш ирээдүйтэй гэж хардаг. Өмнө нь бид хөдөө байдаг найз нөхөд, хамаатан садангуудаараа очсоноо эсвэл найз нөхөдтэйгөө нийлэн майхнаараа явснаа аялал гэж үздэг байсан. Харин сүүлийн хэдэн жилүүдэд дотоодын аялал харьцангуй бизнес хэлбэр лүү хөгжиж эхэлж байгаа нь харагддаг. Би өөрөө аялах их дуртай, бусдын соёл түүхийг их сонирхдог. Сүүлийн үед төрсөн нутаг руугаа жил бүр очихыг илүүд үздэг болсон. Аялал жуучлал тодорхой хэмжээгээр хөгжиж аялагчдын ухамсар болон орон нутгийн иргэдийн хандлага ч харьцангуй эерэг, нааштай болж байгааг мэдэрдэг. Өмнө нь Хяргас нуур дээр очиход нутгийн иргэдийн ариун дагшин савдагтай хэмээн шүтдэг нуурыг аялагчид хогийн цэг шиг болгосон буюу хог нь салхинд хийсээд их муухай харагддаг байсан нь өнгөрсөн жил очиход нэлээн цэгцэрч сайжирсан байгаа нь ажиглагдсан. Орон нутгийн иргэдийн хувьд аялагчид юу хүсдэг, сонирхдог талаар мэдлэг, мэдээлэл муутай санагддаг.

Молор: Аялал жуулчлалын салбар 100% хувийн хэвшилд тулгуурладаг. Дотоодын аяллын зах зээл дээр хоббигоороо ууланд алхдаг, морь унадаг гэх мэт байсан цөөхөн хэдэн хувь хүн ажиллаж харагддаг. Монголын тур-оператор компаниудын хувьд гадаад жуулчидтай ажиллах туршлага өндөртэй ч яг дотоодын иргэдэд үйлчлэх ямар ч туршлага байхгүй байсан тул энэ жилийн хувьд маш том сорилттой тулгарсан. Компаниудын нэрнээс авахуулаад дотоодынхон хэлж, тогтооход хүндрэлтэй хэцүү, гадаад нэртэй гээд л бүх зүйл бэлэн биш байсан ч хүчээр шинэ зах зээл рүү орсон харагдсан. Миний хувьд энэ жил Дундговь аймагт орших Цагаан суваргыг үзэх мэргэжлийн компанийн зохион байгуулсан хөтөлбөрт аялал болон хувиараа гэр бүлийн хамт баруун аймгууд руу аялалд явсан. Ковидын буянаар гэх үү мэргэжлийн компанийн санал болгосон аялал маш боломжийн үнэ ханштай жолооч, хөтөчтэй, тав тухтай, аюулгүй байсан нь үнэхээр аялал гэж ийм зүйл байдаг юм байна гэдгийг маш сайн ойлгуулсан. Жишээлэхэд: Хоолны цаг болоход хоол унд сонголттойгоор бэлэн, үзэх газрын талаарх мэдээллүүд болох онцлог, соёл, түүх домгийн талаар хөтөч цаг тухайд нь өгч, зураг авахуулахад гоё харагддаг байрлалаа хүртэл заалгаад маш амар санагдсан. Харин хувиараа хийх аяллын хувьд мэдээж өөрсдөө жолоогоо барина, хоол ундаа хийнэ, тухайн очиж буй газар орны талаарх мэдээллийг тэр бүр нарийн судалж мэдэх боломжгүй, урьдчилж захиалга өгөх гэхээр холбоо барих мэдээлэл нь олдохгүй зэргээс шалтгаалан зорьж очсон газрууд хаалттай байх эрсдэлүүд их гардаг нь анзаарагдсан. Энэ эргээд өөрсдөд маань их ядаргаа үүсгэж, аяллаа жинхэнээр нь мэдэрдэггүй юм байна гэдгийг ойлгосон. Ер нь очиж хэдэн зураг авахуулаад л ирдэг юм байна гэдгийг харьцуулж мэдрэх боломжийг өмнө жишээгээр дурдсан 2 аялал маань олгосон.

Барсболд: Монголчууд 7 сард л бөөнөөрөө дотооддоо аялдаг. Бусад тохиромжтой сарууд болох 6, 8 болон 9 саруудад бол харьцангуй бага аялж байна. Тиймээс яг орон нутагт хувийн хэвшил хөрөнгө оруулаад дэд бүтэц хөгжүүлэхэд хүндрэлтэй. Улсаас бодлоготойгоор тодорхой заавар өгч орон нутгийн захиргаатай хамтарч ядаж 7 сард маш сайн зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй санагддаг. Одоо бол сошиалаар хүмүүс шуурахаар л гэнэт ухаан орсон юм шиг хөдөлдөг болсон. Жишээлбэл саяхан Цагаан суваргын орчмын талаар сошиалаар шуурахад орон нутгийн захиргаа маш хурдан хашаа хайрс барьсан байсан. Тэгэхээр орон нутгийн захиргаанд бол нөөц боломж байгаа ч өмнө нь хийдэггүй байсан ажлууд дээр санаачилга гаргаж ажиллахгүй байх шиг харагддаг. Багахан сэтгэл, хурд байхад орон нутаг аялал жуучлалын бүсүүдээ хамгаалж мөн орлогын шинэ эх үүсвэртэй байх боломжтой.

Харин аялал жуучлалын бизнес эрхлэгчдийн хувьд, татвар төлдөг, албан ёсоор ажилладаг компаниуд хувиараа өдрийн болон жижиг аялал хийгээд мөнгөө хувьдаа аваад татвараа төлдөггүй бизнес эрхлэгчидтэй өрсөлдөх боломжгүй байдаг. Аялагчдын хувьд аяллын компаниар явбал их үнэтэй байна гэж хараад өөрсдөө аяллаа зохион байгуулаад байдаг. Гэтэл зохион байгуулалтгүй олон хүн аялах нь өмнө Молорын хэлсэн хувь хүндээ ч төвөгтэй очиж буй орон нутагтаа ч ээлгүйгээс гадна үнэндээ өртгийн хувьд ч хямд тусдаггүй. Аяллын компанид нэг удаа бүхэл дүнгээр төлөх гэхээр их санагдаад байдаг мөнгө нь өөрсдөө харанхуйгаар аялахаар бага багаар гарсаар ялгаагүй шахуу зардалтай болдог гэдгийг ихэнх маань анзаарахгүй байгаа нь харамсалтай.

Энхжин: Та бүхний ажил энэ жилийн нөхцөл байдалтай холбоотойгоор хэр өөрчлөлтөд оров? Сорилтыг давахын туулахад ямар ажлууд хийгдэж байна?

Барсболд: Үүссэн нөхцөл байдал биднийг хүлээлтийн байдалд оруулсан. Гэхдээ хилийн хорио нээгдэхгүй нь баталгаатай болох үед бид маш хурдтай ажиллаж дотоодын аялагчиддаа зориулсан ОТОГЛОЁ нэртэй аяллын цогц үйлчилгээг санаачлан, хөгжүүлж 7 сараас аялагчдаа аван амжилттай ажиллаж байна. ОТОГЛОЁ-н хувьд бид аялагчиддаа мэргэжлийн зочлох үйлчилгээг жуулчны бааз, төвлөрсөн төвүүдээр биш онгон зэлүүд бусад аялагчид очиж сүйтгээгүй цэвэр тансаг байгальд нь санал болгож байгаагаараа онцлог. Тодруулбал аялал маань сонирхолтой аяллын хөтөлбөр, үзэсгэлэнт байгаль, тав тухтай асар майхан, унтах ор, боловсон жорлон, халуун хүйтэн устай дүш, төвлөрсөн хог болон тамхины цэг, амт чанартай хоол, аюулгүй орчин, мэргэжлийн тогооч болон мэдээ мэдээллээр хангах хөтөч гээд аялагчдын хүсэж болох бүхнийг багтаасан үйлчилгээ байгаа.

Молор: Төлөвлөсөн, төсөвлөсөн ажлууд нэлээн хойшлогдсон. Төрийн байгууллага дэд бүтэц хөгжүүлэх ажлуудыг хийж байгаа. Отоглох цэгүүдийг байгуулах ажлыг төсөвт тусгасан байгаа. Энэ жил тендер нь зарлагдвал 30-аад отоглох цэг байгуулах ажил хийгдэнэ. Мөн гол зам дагуу түр буудаллах цэгүүд буюу үйлчилгээний төвүүдийг ирэх 4 жилд улсын хэмжээнд 10-ыг барихаар төлөвлөн ажиллаж байгаа. Аялагчдын боловсролд чиглэсэн контентуудыг бага зэрэг хоцорсон ч хийж эхэлсэн. Үүний нэг  “Ирлээ, явлаа, цэвэр” аянг дурдаж болно. Мөн аялагчдын боловсролыг дэмжих сургалтын хэд хэдэн ажил төлөвлөгдсөн ч хийгдэж амжаагүй байгаа.

Энх-Амгалан: Орон нутгийн иргэдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх төслүүдийг манай Швейцарын хөгжлийн агентлаг дэмждэг. Орон нутгийн иргэдийн соёлыг сурталчлах, байгаль, шувуу, ан амьтан, ургамал ажих аяллуудыг гаднын жуулчдад зориулан хөгжүүлж, хийж байгаа. Энэ жил хэд хэдэн төслүүдийг санхүүжүүлэн бэлтгэл ажлаа хангасан байсан ч Ковидын улмаас хил нээгдээгүй тул аяллаа авч чадаагүй. Энэ нь бас аялал жуулчлалын бизнес хийж буй хүмүүст эрсдэлээ бууруулахын тулд 50% гаднынханд зориулсан 50% дотоодын жуулчиддаа зориулсан байдлаар жуулчлалын бүтээгдэхүүнээ хөгжүүлбэл дээр юм байна гэдгийг ойлгуулсан гэж хараад байгаа. Бидний  орон нутгийн иргэдийн санаачилгыг дэмжин түүнийг нь санхүүжүүлэн ажиллаж буй аяллаас жишээ татвал:

Вансэмбэрүү цэцэг үзэх аялал: Ховд аймгийн Дуут суманд орон нутгийн иргэд Вансэмбэрүү цэцгээ хайрлан хүндэлдэг ч мэдэхгүй гадна дотнын хүмүүс орж ирээд түүж авах, устгах байдлууд гараад байсан. Тиймээс үүнийг зогсоохын тулд орон нутгийн иргэд нь зөвхөн энэ цэцгийг үзүүлэх аяллыг санаачилсан.

Тэсийн голын морин аялал: Тэсийн голыг дагасан сумууд хамтран голоо хамгаалалтандаа авангаа аялал жуучлалыг хөгжүүлэн морин аялал хийлгэж эхэлсэн.

Төв аймгийн Эрдэнэ-ширээт сум, Ширээт уул: Зэрлэг аргалыг 2 жилд 1 удаа агнуулж мөнгө олдог байснаа аргалыг төлбөртэйгөөр үзүүлдэг аяллын бүтээгдэхүүнтэй болсон.

Энхжин: Монгол улсын дотоодын аялал жуулчлалд хамгийн түрүүнд шийдвэрлэх хэрэгтэй 3 асуудлыг тодорхойлбол?

Барсболд: Олон асуудал байгаа ч бидний хялбархан бусдын дэмжлэг туслалцаа хүлээлгүй шийдэж чадах асуудлууд бол зорчин очиж буй газрын дэд бүтэц ЖОРЛОН, ХОГ ХАЯГДАЛ болон АЯЛАГЧДЫН БОЛОВСРОЛ юм болов уу гэж хардаг.

Молор: Дотоод аялагчдын талаар СУДАЛГАА МЭДЭЭЛЭЛ муу. Аялагчдыг хэрхэн тоолох аргачлал гараагүй байгаа. Хил хааснаас үүдэн дотоод аялагчдын тоо асар хурдацтай өссөн. Үүнд орон нутгийнхан бэлтгэлгүй байсан тул ДЭД БҮТЭЦ (жорлон, хогийн цэг гэх мэт)-ийн хүрэлцээ муу, хүссэн үйлчилгээгээ авч чадаагүй гэх мэт асуудлууд тулгарсан. Мөн хүмүүсийн АЯЛАХ БОЛОВСРОЛ-ыг өсгөхөд улс, хувийн хэвшил, ард иргэд хэн ч бай өөрийн боломжоор оролцмоор санагддаг. Ер нь цэцэрлэг, сургуулийн түвшингээс эхлэн боловсрол олгохгүй бол бидний ярьж буй асуудлуудыг хүн л тарьж байгаа.

Энх-Амгалан: Дотоодын аяллын  МЭРГЭШСЭН БАЙГУУЛЛАГА байхгүй, аялагчид маань юу хүсэхээ сайн мэдэхгүй байгаа харагддаг. Мөн дотоодын аялал жуулчлалын салбарт СУДАЛГАА МЭДЭЭЛЭЛ дутмаг, БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТ хангалттай бус байгаа санагддаг.

Энхжин: Аялал жуулчлалын салбарын мэдлэг мэдээлэл сул байна, олон нийтийг аяллын мэдлэгтэй болгох хэрэгтэй байна гэж их дурдагдлаа. Тэгэхээр та бүхэн мэдээллийг хаанаас илүүтэй авдаг бэ?

Бүх оролцогчид: Интернетээс сошиал медиа сувгуудаар, танилуудаас авч байна.

Энхжин: Аяллын бүтээгдэхүүнийг таниулах олон нийтийн аяллын боловсролыг сурталчлах тал дээр ямар ажлууд хийгдээсэй гэж хүсдэг бэ?

Энх-Амгалан: Аяллын байгууллагуудын хувьд мэдээллээ зөвхөн сошиал хуудсаар биш албан ёсны вэбсайтаар дамжуулж хүргэвэл илүү итгэлтэй болдог юм шиг санагддаг. Мөн мэдээллээ хүмүүс амралтаа төлөвлөх үеэр бүрэн оруулсан байвал их хэрэгтэй болов уу. Жуулчлалаар хөдөө явж байгаа хүмүүсийн боловсролыг үнэхээр сайжруулах хэрэгтэй санагддаг. Ялангуяа байгаль экологио хайрлаж, гэмтээлгүй харьцах болон нутгийн иргэдтэй хүндэтгэлтэй харьцах тал дээр. Мөн орон нутгийн иргэдийг ч аялал жуучлалын соёлд сургаж Улсын зүгээс системтэйгээр, тасралтгүй олон нийтийн аяллын боловсролыг өсгөх ажлуудыг хийх шаардлага маш өндөр байгаа нь ажиглагддаг.

Барсболд: МУИС-с гаргасан судалгаагаар нийт аялагчдын 95% нь өөрөө аялна. 4-5% нь л аялал жуулчлалын компаниар явах чадамжтай гэж гарсан. Аялагчид ихэнхдээ өөрсдөө аяллаа зохион байгуулж байгаа нь аяллыг жинхэнэ утгаар нь мэдрэхгүй, тухайн орон нутгийн түүх, байгалийн тогтцын онцлог, ард иргэдийн соёлын талаар мэдлэг мэдээлэл авахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Саяхан нэг найз маань гэр бүлийнхэнтэйгээ Хархорин ороод музей үзэж байхдаа УБ-с Хархорин орох замд үзэх харах зүйл зөндөө байсан байна гэдгийг ойлгосноо хуваалцаж байсан. Хэрэглэгчид сошиалаар сурталчилж буй олон аяллын бүтээгдэхүүн дунд төөрч байгаа бөгөөд зарим нэг нь судалгаагаа сайн хийхгүй хулхитуулах гунигтай явдлууд гардаг.  Тиймээс мэргэжлийн холбоод хариуцсан төрийн байгууллагууд нь энэхүү аяллын компаниудын санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээ нь яг сурталчилж байгаа шигээ байна уу, найдвартай байна уу гэдэг дээр хяналт тавьж, үнэлгээ өгөн зэрэглэл өгдөг байх хэрэгтэй санагддаг.

Молор: Сургалт, сурталчилгааг маш их хийх хэрэгтэйг мэдэрсэн. Цэцэрлэг сургуулиас эхлэн аялал жуулчлалын талаарх боловсролыг хөтөлбөрт нь оруулан сургалт сурталчилгааг түлхүү хиймээр санагддаг.

Энхжин: Монгол улсын аялал жуучлалын салбарт цаашид хэрхэн хөгжинө гэж хардаг бэ? Ямар боломжууд бий болох байх гэсэн хүлээлттэй байна?

Молор: Аялал жуулчлалын тренд хил дамнасан байдлаас илүүтэй хөрш орны болон бүсийн аялал руу шилжиж байгаа. Тиймээс манайхыг зорих Хятад, Орос болон Евро-Азийн жуулчдын тоо нэмэгдэх магадлалтай байна. Мөн группээс илүүтэй ганцаараа болон тусгай хэрэгцээт бүлгийн аялал хөгжихөөр байна гэж харж байгаа. Баттулга ерөнхийлөгчийн санаачилсан 30,000 хонины бэлэг Хятадуудад их нөлөөлсөн. Сүүлийн 3 жил дараалан аялал жуулчлалын үзэсгэлэнд ороход танилцаж байсан Хятад компаниудаас маш их хандалт над руу орж ирсэн. Жишээлбэл Шанхайд байрлалтай 1 том Пи Ар компаниас хандаж Монголын төрийн албаны 1 хүнээр 30 секунд дотор үнэгүй сурталчилгаа хийх боломж өгсөн. Тэр шторк нь маш их хандалт авсан байсан. Цаг үеэ мэдэрсэн хөршүүддээ чиглэсэн жижиг ажлууд ч том үр дүн нөлөөлөл үүсгэх боломжтойг энэ жишээ тодоор харуулсан гэж бодож байна. Мөн аюулгүй байдал, замаа мэдэхгүй гэх мэт шалтгаанаас эмэгтэйчүүд ихэнхдээ аялал жуулчлалын компаниар үйлчлүүлэх юм болов уу гэж харж байгаа тэгэхээр аяллын бүтээгдэхүүнүүд хөгжүүлэхдээ энэ онцлогийг харах хэрэгтэй байх.

Энх-Амгалан: Ковидын дараа ямар ч хүнтэй харилцаа үүсгэлгүй хэнтэй ч харилцалгүй, ямар ч аюулгүйгээр маск зүүхгүй байх боломжийг одоогийн байдалд залхсан олон гаднынхан мөрөөдөж байгаа байх. Тиймээс Монгол бол өргөн уудам нутаг хэнтэй ч харилцаа үүсгэхгүй дураараа аялж амарч болох амар тайван улсуудын нэг гэдэг талаасаа олон нийтэд танилцуулах хэрэгтэй болов уу. Монголыг ТАЛЫН гэдгээр нь сурталчлаад явмаар байдаг. Жуулчид тал нутаг, байгаль үзэх гэж манайд ирж байгаа болохоос өөрсдийнх нь оронд байдаг хөшөө дурсгал, байшин сав үзэх гэж Монголд хэн ч ирдэггүй гэж боддог. Монголтой холбоотой байж болох аялал жуулчлалаа хөгжүүлсэн талаарх хэд хэдэн жишээг хуваалцмаар санагдлаа.

Нэг танил Хятад профессор Монголд ирэхээр нь ойрхон хөдөө гаргаад хөдөөний айлын иддэг хоол хүнсээр дайлаад мал ахуйтай зүгээр л энгийн нүүдэлчин айлын ахуйд шууд оруулсан. Тэгээд хоол хүнсэнд гэдэс гүзээ нь тавгүйцэх бий, орчин таалагдахгүй байх бий гээд санаа зовж байсан чинь “Танай энэ эгэл жирийн байдал хамгийн сайхан байна. Юу ч битгий өөрчлөөрэй. Манай Хятадууд харьцангуй баяжсан. Европын соёлт нийгэмтэй танилцах аяллыг түлхүү хийж байгаа бөгөөд удахгүй ханана, уйдна. 1,0 сая доллароос дээш орлоготой  500.0 сая хүн Хятадад байна. Тиймээс та нарт зах зээл байна шүү” гэж байсан. Мөн Хятад эмэгтэйчүүд бүжиглэх маш дуртай. Монголын талд бүжиглэх юмсан гэсэн мөрөөдлийг инстаграм ч юм уу сошиал платформуудаар дамжуулан сурталчлах хэрэгтэй санагдсан. Бидэнд судалгаанд суурилсан бэлтгэл л хэрэгтэй байх.

Тодруулбал, Швейцарууд мөн аялал жуулчлалын салбар маш өндөр хөгжсөн. Тиймээс Хятад аялагчид маш их өсөж буйг анзаараад Хятад хэлтэй хөтчүүд болон бусад Хятадуудын мөнгөө үрдэг зүйлсийн судалгааг хийж бэлтгэл ажлаа хийж эхэлсэн. Судалгаагаар 1 Хятад хүн аялахдаа 5,000 ам.долларыг зарцуулдаг гэдгийг  судлаад юунд мөнгөө үрж байгааг нь тодорхойлоод Хятад эмэгтэйчүүдийн хамгийн их сонирхдог цүнхний загваруудыг агуулсан дэлгүүр ажиллуулахад эмэгтэйчүүд нь оочерлож зогсоод авч байсан.

Барсболд: Ойрын жилүүдэд хил орчмын улсуудаас буюу манай руу шууд нислэгтэй улсуудын аялал илүү хөгжинө гэж харж байгаа.

Энхжин: Өмнө тодорхойлсон дотоодын аялал жуучлалд тулгамдаж буй асуудлуудад та бүхний санал болгох шийдлүүд юу бэ?

Энх-Амгалан: Энэ жилийн бэрхшээл боломжуудаа хараад ажлын төлөвлөгөөгөө сайн гаргаад дараа жилийн аялал эхлэхээс өмнө мэдээллээ цацчихвал хүмүүст аяллаа төлөвлөхөд бүх зүйл тодорхой болсон аль аль талдаа амар санагдаж байна. Бусад орны хувьд дотооддоо туршсаны дараа гадаад зах зээл рүү бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргадаг бол манай аялал жуучлалын салбарын хувьд гаднын өндөр стандарттай үнэтэй үйлчилгээг үзүүлээд сурсан ч дотоодын хэрэглэгчдийн онцлогийг мэдэж хүрч чадахгүй байгаа харагддаг. Тиймээс СУДАЛГААн дээр төвлөрсөн төрөл бүрийн аялал жуучлалын БҮТЭЭГДЭХҮҮНийг хөгжүүлээсэй. Тэгэхдээ орон нутгийн иргэдийн оролцоог хангах тэдний санаачилгыг дэмжин үр дүнтэй ХАМТРАН АЖИЛЛАХ хэрэгтэй санагдсан. Улсаас бодлого, стандарт нэвтрэхийг хүлээвэл мөдгүй болов уу тиймээс нутгийн иргэдээс гарсан сайн туршлагуудыг бүртгэж алдаршуулах олон нийтэд танилцуулах, сурталчлах хэрэгтэй байх. Учир нь хүн хэлэхээс нааш гэдэгчлэн өөрсдийнхөө хийж ирсэн уламжлалт хандлагаа хадгалчих гээд байдаг тул бусад хүмүүст санаа авахад сайн туршлагыг танилцуулах нь маш хэрэгтэй санагддаг. Мөн орон нутгуудын хөгжлийн мэргэжилтнүүдийг АЯЛАЛ ЖУУЧЛАЛыг хариуцуулж, хөгжүүлэх тал дээр чадавхжуулаасай гэж боддог. Одоо бол мал аж ахуй, газар тариалан болон уул уурхайн асуудлаа л анхаардаг бусдыг нь тоохгүй байх шиг харагддаг.

Молор: Зорин очих газрын менежментийн байгууллага хөгжүүлэх зааврыг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан байдаг. Энэхүү зааврыг төрийн байгууллага дангаараа хөгжүүлэх боломжгүй болохоор хувийн хэвшилтэйгээ хамтран орон нутаг бүрийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогоо боловсруулж төр хувийн хэвшил нягт ХАМТРАН АЖИЛЛАЖ чадвал илүү богино хугацаанд дорвитой үр дүнд хүрэх юм байна гэж харж байгаа. Орон нутагт аялал жуучлалын тусгайлсан мэргэжилтэн байхгүй учраас нийтийн өмч болсон байгаль дэлхийгээ цэвэр онгоноор нь хадгалж, орон нутгийн иргэдийн хэвийн амьдралыг хүндэтгэн тэдэнд саад болохгүй аялахад суралцах нь хүн бүрийн ОРОЛЦОО, ухамсрын асуудал юм. Хэн нэгэн ирээд бидний асуудлыг шийдэж өгөөд сайхан болгочихгүй бас энд би удахгүй юм чинь гэсэн хүнийрхүү хандлага нь эргээд манай байгаль орчинг сүйтгээд байдаг.

Барсболд: Ер нь аливаа ажил явахад өөриймсөг сэтгэлээр хандах МАНЛАЙЛАЛ маш хэрэгтэй байгаа. Аялал жуучлалын салбарт ажиллаж буй хувийн хэвшлийнхний хувьд ихээхэн мөнгөөр босох дэд бүтэц барьж байгуулах ажлыг хийж түүнээсээ өөрсдийгөө тэжээх нь их хэцүү. Тиймээс томхон дэд бүтэц хөгжүүлэх үүнд жорлон 00, хогийн цэг байгуулах, отоглох бүсийг тодорхойлох гэх мэт ажлууд болон бодлого боловсруулах ажлаа төр хариуцаад бид санхүү, мөнгө бага шаарддаг зохион байгуулалтад оруулах ажлуудыг хариуцан хамтарвал үр дүнтэй болов уу. Мөн аялагчид маань мэргэжлийн байгууллагаар ҮЙЛЧЛҮҮЛДЭГ СОЁЛД суралцмаар байна. Жишээ авахад том уурхайнууд олборлолт хийсний дараа нөхөн сэргээлт хийдэг болон хувь нинжа гэгдэх уурхайчид бол байгалийг цөлмөдөг гэдгийг бүгд л мэдэх байх. Одоогийн нэгдсэн зохион байгуулалтгүй хэт олон хувь аялагчид бол яг л нинжа нартай адил сөрөг нөлөөг байгальд үзүүлж байна. Магадгүй та би цэвэрхэн л аялдаг бусад соёлгүй аялдаг хүмүүс л хичээх хэрэгтэй гэж бодож байж магад тэгэхдээ мэргэжлийн байгууллагуудын хувьд тухайн орон нутгийг л түшиглэж ажилтай, орлоготой байхаа маш сайн ухаарсан байдаг тул аль болох эргүүлээд орон нутгаа хөгжүүлэх, хамгаалах үйлсэд та бүхний төлсөн арай илүү төлбөрөөс тодорхой хэсгийг нь зарцуулдаг.

Энхжин: Хүрэлцэн ирж аялал жуучлалын салбарын талаар үнэ цэнтэй мэдээлэл хуваалцсан та бүхэнд маш их баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье! Бид дотооддоо соёлтой сайхан аялж сурах цаг удахгүй ирнэ гэж итгэж байна.

 

Олон нийтэд түшиглэсэн аялал жуулчлал нь аялагчдыг орон нутгийн иргэдтэй нягт холбогдох боломжийг олгодог тогтвортой аялал жуулчлалын арга зам юм. Орон нутгийн  соёл, уламжлал, ахуйтай холбоотой зан үйл, итгэл үнэмшлийг биеэр мэдрэх боломж гэж ойлгож болно. 

Олон нийтэд түшиглэсэн аялал жуулчлал/ОНТАЖ/ бол маш эмзэг сегмент гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс нутгийн иргэдэд бодит үр өгөөжийг бий болгохын тулд үүнийг зөв боловсруулах нь чухал байдаг. Сүүлийн үед аялагчид орон нутагт ашиг тусаа өгөх жинхэнэ туршлагыг эрэлхийлдэг болсон тул энэ нь улам бүр нэмэгдэж буй аялал жуулчлалын өвөрмөц нэг төрөл юм.

Энэхүү нийтлэлээрээ олон нийтэд түшиглэсэн аялал жуулчлалын туршлагыг өөрсдөө хөгжүүлэх, харилцан хоёр талдаа ашигтай (win&win) нөхцөл байдлыг бий болгох үндсэн арга хэрэгслүүдийн талаар хүргэнэ. 

Энэ төрлийн аялал жуулчлалын гол зорилго нь:

  • Аялал жуулчлалын үйл ажиллагаа, хөгжилд орон нутгийн иргэдийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх
  • Аялал жуулчлалаас орж буй орлогыг шударга хувиарлан орон нутгийн иргэдэд хүргэх
  • Нийгэм, соёлын нөлөөллийг багасгах байдаг.

ОНТАЖ-ын гол давуу талууд нь : 

  • Ирээдүй хойч үедээ орон нутгийн соёлыг тогтвортой хадгалж үлдээх
  • Орон нутгийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх
  • Орон нутгийн бахархлыг сурталчлах
  • Орон нутгийн иргэдэд санхүүгийн хувьд шууд ашиг тустай
  • Уян хатан, бат бөх нийгмийн бүлгийг бий болгож, тэдэнд дэмжлэг үзүүлэх
  • Өвөрмөц туршлагаараа бизнесийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлэх
  • Соёлын солилцоог бий болгох
  • Хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах
  • Зөв, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих явдал юм.

“Орон нутгийн иргэдийн хувьд өдөр тутмын, энгийн зүйл нь аялагчийн хувьд өвөрмөц туршлага гэдгийг үргэлж санах хэрэгтэй”

OНТАЖ-ын туршлагын жишээ нь:

  • Орон нутгийн уламжлалт хоолыг идэх
  • Орон нутгийн захаар зочлох
  • Орон нутгийн ойр орчмоор алхах
  • Үйлдвэрлэл, талбай дээр ажиллах
  • Үйлдвэрлэлийн үйл явцыг мэдрэх
  • Орон нутгийн иргэдтэй хамт загасчлах эсвэл дарвуулт завиар аялах 
  • Орон  нутгийн эргэн тойронд дугуй унах, морь, мотоциклоор аялах
  • Гар урлал эсвэл уран зураг, хатгамал
  • Ахмадуудаар түүх яриулах
  • Нутгийн айлд зочлох гэх мэт байдаг.

Олон нийтэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөмж

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн аялал жуулчлалыг доорх дурдсан алхмуудын дагуу хөгжүүлэхдээ илүү чухал зүйлийг санаж, анхаарч үзэх хэрэгтэй. Өмнө нь хэлсэнчлэн ОНТАЖ бол аялал жуулчлалын эмзэг хэлбэр юм. Хамгийн гол нь орон нутгийн иргэд өөрсдийн амьдралын хэв маяг, туршлагаасаа хуваалцаж аялагчдад сонирхолтой байж хоёр талдаа таатай байх нь чухал гэдгийг санаарай.

1. Орон нутгийн иргэдтэй холбоо тогтоох

Орон нутгийн хүмүүс бол аяллын чухал нэг хэсэг юм. Тэдэнтэй холбогдож, итгэлцлийг бий болгож, аялал жуулчлалын талаар хамтдаа ярилцах хэрэгтэй. Тэдний соёлын онцлог юу вэ, тэд юуг харуулж, хуваалцахыг хүсч байна вэ? Тэд амьдралаа хэр зэрэг өөрчлөхийг хүсдэг вэ? гэдгийн сонсоорой. Хамтран ажиллаж, тэдний туршлагад үндэслэж хариуцлагатай, дуу хоолойгоо хүргээрэй.

2. Орон нутгийн иргэдийг аялал жуулчлалд сургах

Янз бүрийн соёл, зан ааштай аялагчидтай харьцах нь орон нутгийн иргэдийн хувьд бэрхшээлтэй байдаг. Орон нутгийн иргэд аялагчидтай хэрхэн харилцах талаар сурах нь туйлын чухал. Мэдлэг, туршлагаасаа хуваалцах нь аялагчдад нээлттэй, чөлөөтэй байдлыг төрүүлнэ.

3. Бие даасан байдлыг бий болгох

ОНТАЖ-г аялал жуулчлалын тур, оператор компаниуд орон нутагт зориулж хөгжүүлэхгүй байна. Орон нутгийн иргэд амьжиргаагаа дээшлүүлж, ирээдүйгээ өөрсдөө бүтээхийг хүсдэг. Тэд өөрсдөө аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ хариуцаж, үр ашгийг нь хүртээх боломжийн олгоорой.

4. Интерактив зүйлүүдийг оруулах

Аялагчид зугаа цэнгэлтэй, сэтгэл татам, сонирхолтой байдлыг хүсдэг. Тэд зөвхөн үзэх, зочлохын оронд оролцоотой байх зүйлийг эрэлхийлж байна. Тэднийг нутгийн соёлд татан оролцуулж, ажил хийлгэж, туршиж үзээд үнэхээр өвөрмөц туршлагыг мэдрүүлээрэй.

5. Хэлний тухайд

Аялагчид харилцан нөлөөлөх туршлагыг хайж байна. Тиймээс хэл нь олон нийтэд түшиглэсэн аялал жуулчлалын чухал хэсэг юм. Аялагч, нутгийн иргэдийг хэл ойлголцохгүй байсан ч ярих боломжийн олгох хэрэгтэй

6. Аюулгүй байдлыг хангах

Аялагчид үл мэдэгдэх газар руу явахдаа аюулгүй байдлыг хангахын тулд гарын авлагад итгэх болно. Хөтөч нь онцгой байдлын үед сургагдсан байхаас гадна аялагчдад аюулгүй байдлын асуудлыг хэрхэн тайлбарлахаа мэддэг байх нь чухал юм. Тиймээс орон нутгийн эрүүл ахуй, ариун цэвэр нь маш чухал юм.

Олон нийтэд түшиглэсэн аялал жуулчлалыг зөв хийвэл сайн аялал жуулчлалын эцсийн сайн арга зам болно. Энэ нь орон нутгийн иргэдэд илүү сайн сайхан амьдралыг бий болгох, тэдний түүхийг хуваалцах, аялагчдад өвөрмөц туршлагыг санал болгох төгс аялал юм. ОНТАЖ-ыг хөгжүүлэхдээ дээрх 6 зөвлөмжийг санаарай.

 

Эх сурвалж: https://goodtourisminstitute.com/ 

Харьцангуй шинэ ардчилсан орны хувьд нийгмийн залуу үе үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрсдийн ашиг сонирхлыг илэрхийлж, хамгаалах боломжийг сонгууль олгодог. Сонгууль нь эдгээр болон бусад эрхээ эдлэхийн тулд өөрийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж чадахуйц нэр дэвшигчийг сонгон түүнийг өөрийн төлөөлөл болгон улс төрийн үйл ажиллагаанд оролцож буй хэлбэр юм.Иймд залуучууд сонгууль болон нэр дэвшигчийн ойлголтыг өөрийн эрх ашгийг төлөөлүүлэн хэрэгжүүлэх боломж хэмээн ойлгох нь зохистой.

Урт хугацааны өөрчлөлтийг бий болгохын тулд залуус улс төрийн албан ёсны үйл ажиллагаанд оролцож, өнөө маргаашийн ирээдүйн шийдвэрийг боловсруулахад үгээ хэлэх нь зайлшгүй чухал юм.

Улс төрийн хүртээмжтэй оролцоо нь улс төрийн болон ардчиллын үндсэн эрх төдийгүй тогтвортой, энх тайван нийгэм байгуулах, залуу үеийнхний онцлог хэрэгцээнд нийцсэн бодлого боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Залуучууд улс төрийн байгууллагын, үйл явц, шийдвэр гаргах, ялангуяа сонгуульд зохих ёсоор төлөөлөл болохын тулд эрхээ мэддэг байх ёстой бөгөөд бүх төвшинд ач холбогдолтой байдлаар оролцоход шаардлагатай мэдлэг, чадавхыг эзэмшсэн байх ёстой.

Албан ёсны, институц чилсэн улс төрийн үйл явцад оролцоход саад бэрхшээл тулгарахад залуучууд өөрсдийгөө сул дорой мэт мэдэрдэг . Ихэнх нь тэдний дуу хоолойг сонсохгүй эсвэл сонссон ч нухацтай хүлээж авахгүй гэдэгт итгэх хандлагатай болдог. Улс төрчид саналаа авч чадахгүй бол залуу хүмүүсийн хүсэл эрмэлзэлд хариу өгөх сонирхолгүй болж магадгүй тул асуудал тойрог хэлбэртэй болж хувирна. Энэ нь эргээд нийгмийн тэгш байдал, шударга ёс, хүрээлэн буй орчныг хамгаалах, соёлын олон янз байдлын эрэлт хэрэгцээнд мэдрэмжтэй залуусыг шийдвэр гаргах, эсвэл нийгэм, эдийн засаг, улс төрийн гол асуудлуудын талаарх мэтгэлцээнд оролцохоос хасах шалтгаан болж байна.

Шинэ, шинээр гарч ирж буй ардчилсан орнуудад залуу хүмүүсийг улс төрийн албан ёсны үйл явцад хамруулах нь эхнээсээ чухал ач холбогдолтой юм. 

Жишээ нь : Шилжилтийн үеийн орнуудыг авч үзвэл залуу хүмүүсийн идэвхтэй хувь нэмэр нь ардчилсан үнэт зүйлийг амьдралд хэрэгжүүлж, авторитар /Улс төрийн судлалын үүднээс авторитар дэглэмийн гол шинж нь нэг буюу хэсэг хүмүүсийн зүгээс улс төрийн сөрөг хүчнийг бүрэн хориглох, зөвхөн улс төрийн бус хүрээнд хязгаарлагдмал эрх чөлөөг хангасан цөөн хүмүүсийн дарангуйллын систем/ дэглэмийг нураахад хүргэдэг. 

Сонгуулийн оролцогч талууд албан ёсны шийдвэр гаргах үйл явцад залуучуудын оролцоог дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ үүрэг нь үр дүнтэй байхын тулд эдгээр залуучуудын улс төрийн  үйл ажиллагаанд оролцоход саад болж буй хүчин зүйлсийн харилцан уялдаатай байдлыг ойлгох шаардлагатай.

 

“Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, цахимжуулах зорилтыг хэрэгжүүлэх коммуникац, контентын зөвлөх үйлчилгээг манай хамт олон хийж буй бөгөөд энэ удаад “Иргэний үнэмлэхийг хороо”-ноос авах боломжтой болсон талаарх ярилцлагыг хүргэж байна.

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сан НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах” төслийн хүрээнд иргэний үнэмлэхийг нийслэлийн 31 хорооноос харьяалал харгалзахгүй шинээр авах боломжтой болжээ.

Энэ талаар Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн дэд менежер Д.Оргилтой ярилцлаа.

-Хотын засаглалыг сайжруулах төслийн талаар товчхон мэдээлэл өгнө үү.

Хотын засаглалыг сайжруулах төслийг Азийн сан, НЗДТГ-тай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар 2015 оноос хойш хэрэгжүүлж байна. Төсөл маань нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг хүргэх байршлын тоог нэмэгдүүлж, үйлчилгээг цахимжуулснаар төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжих төсөл хөтөлбөрт иргэдийн санал өгөх үйл явцыг боловсронгуй болгож, иргэдийн саналыг төрийн шийдвэрт тусгах гэсэн үндсэн 3 чиглэлээр хэрэгжиж байна. Товчхондоо, сүүлийн жилүүдэд хөдөөгөөс хот руу чиглэсэн, тодорхой зохицуулалтгүй шилжилт хөдөлгөөний улмаас Улаанбаатар хотын захын дэд бүтэц муутай, төлөвлөгдөөгүй гэр хорооллын суурьшлын бүсүүд тэлсээр байна. Эдгээр бүсэд амьдарч буй иргэдэд төрийн үйлчилгээг яаж хүндрэл чирэгдэлгүй, чанартай хүргэх вэ, оршин суугчдын амьжиргааг хэрхэн дэмжих вэ гэдэг сорилтуудыг даван туулахад төсөл маань бодит хувь нэмэр оруулж байгаа юм.

-Төвлөрлийг сааруулах зорилгоор хороод руу шат дараатайгаар төрийн үйлчилгээг шилжүүлж буй юм байна. Тэгэхээр хороод руу шилжүүлэх төрийн үйлчилгээнүүдийг хэрхэн сонгосон бэ?

2017 онд НЗДТГ-ын даргын тушаалаар хорооноос үзүүлэх боломжтой үйлчилгээний жагсаалт гаргах, үйлчилгээг хороонд шилжүүлэх боломжийг судлах, бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм. 2018 онд энэ ажлын хэсэг нийт 14 төрлийн төрийн үйлчилгээг тодорхойлсон бөгөөд ХЗС төсөл эдгээр 14 үйлчилгээ тус бүр дээр бизнес процессын дахин загварчлалын арга зүйг ашиглаж харьцуулсан судалгааг хийж гүйцэтгэсэн. Энэхүү судалгааны үр дүнг үндэслэн ажлын хэсэгтэй ярилцаж тохиролцсоны үндсэн дээр хамгийн их эрэлттэй буюу Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын иргэний үнэмлэх олгох үйлчилгээг, бусад төрийн үйлчилгээг авах гарцаагүй хэрэгтэй материалын жагсаалтад ордог гэдэг утгаар Нийслэлийн Архивын газрын гурван төрлийн лавлагаа олгох үйлчилгээг сонгож авсан.

-Өмнө дурдсан архивын лавлагаа болон иргэний үнэмлэх шинээр авах, сунгах үйлчилгээ үзүүлэх хороодыг хэрхэн сонгосон бэ? Ямар хороод байгаа бэ?

Иргэд төрийн үйлчилгээ авахын тулд бүтэн өдөр зарцуулахгүй байлгах үүднээс хотын захын хороодыг хамгийн түрүүнд сонгон ажилласан. Одоогоор гэр хороолол, орон сууцны хороолол, хүн амын нягтаршил зэргийг харгалзан алслагдсан болон төвийн 31 хороонд иргэний бүртгэлийн үйлчилгээг үзүүлж байна.

 

-Иргэний үнэмлэхийг хорооноос авах үйлчилгээг нэвтрүүлснээр ямар давуу талууд үүсэж байгаа бэ? 

Төрийн үйлчилгээг дэргэдээсээ авдаг болсноор иргэний хувьд цаг хугацаа, мөнгө хэмнэх боломжтой болсон. Тодруулбал, иргэний үнэмлэх авахын тулд иргэн УБЕГ, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, эсвэл харьяа дүүргийнхээ бүртгэлийн хэлтэс дээр очих, хүсэлт гаргах, иргэний үнэмлэхийн зураг авхуулах, төлбөрөө банканд тушаах, гэх мэт олон процессыг өөр өөр цонхонд хандаж хийдэг, цонх болгон дараалал ихтэй байдаг байлаа. Энэ бүх алхмын цаана иргэдийн цаг зав, мөнгө урсаж байдаг. Үйлчилгээг хороонд шилжүүлснээр иргэн эдгээр бүх алхмуудыг зөвхөн хорооны улсын бүртгэгчид хандан авах боломжтой болсон. Хотын захаас хоёр автобус дамжин очиж, үйлчилгээний цэгт дугаарлахад тал өдөр байтугай хугацааг зарцуулдаг байсан бол хороондоо очоод 30 минутад иргэний үнэмлэхээ захиалах боломжтой боллоо. Мөн захиалсан иргэний үнэмлэхээ 14 хоногийн дараа авдаг байсан бол зарим процессыг сайжруулснаар 3-5 хоногийн дотор авдаг болов.

Өмнө нь иргэн зөвхөн банк хоорондын гүйлгээ, унааны зардалд дунджаар 3,000-6,000 төгрөг зарцуулдаг байсан бол үйлчилгээг шилжүүлснээр энэ зардал 6-12 дахин буурч 500 төгрөг болжээ. Бас нэг зүйл онцлоход хорооны улсын бүртгэгчид Гэрэгэ ПОС машин байрлуулснаар иргэд банк орж дугаарлах шаардлагагүй болсон. Ингэснээр хотын захад амьдардаг иргэн хорооноос хамгийн ойрын банк орох гэж автобусны гурван буудлын зайтай газар явдаг байсан гэх мэт асуудлууд шийдэгдсэн юм.

Бас нэг давуу тал нь иргэд дээрх 31 хороод дээр харьяалал харгалзахгүйгээр үйлчилгээ авах боломжтой болсон байгаа. Замын түгжрэлийг бууруулахад, төдийгүй коронавирустай нөхцөлд олон хүн цуглуулахгүй байхад бага боловч нөлөөлнө гэж харж байна.

-Хороон дээрээс иргэний үнэмлэх шинээр авах болон солиулах үйлчилгээ авахын тулд ямар бичиг баримттай очих хэрэгтэй вэ?

Монгол Улсын иргэн 16, 25, 45 насанд хүрсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор иргэний үнэмлэх захиалах үүрэгтэй. Хугацаа хэтэрсэн тохиолдолд иргэний үнэмлэх захиалахад торгууль төлөх шаардлагатай байдаг. Тиймээс иргэд маань эдгээр насанд хүрсэн бол энд дурдсан 31 хорооны аль өөрт ойр байрлах хороонд очиж иргэний үнэмлэхээ захиалаарай. Бүрдүүлэх материалын хувьд анх удаа авч буй бол төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх, тэмдэгтийн хураамж, иргэний үнэмлэхээ сунгуулж, солиулах тохиолдолд иргэний үнэмлэх болон тэмдэгтийн хураамжтай очно. Ер нь төр өөрт буй мэдээллээ иргэнээс нэхэхгүй байх зарчмын дагуу үйлчилгээ авахад шаарддаг бичиг баримтуудыг аль болохоор багасгаж байгаа. Жишээ нь иргэний үнэмлэх авахад хуучин оршин суугаа хорооны тодорхойлолт авдаг байсан бол энэ тодорхойлолтыг шаарддаггүй болсон.

-Иргэдийн хувьд мэдэгдэхүйц үр ашигтай энэхүү үйлчилгээ цаашид бусад хороод болон орон нутагт нэвтрэх үү?

Хотын засаглалыг сайжруулах төсөл хотын хэмжээнд хэрэгжиж буй төсөл. 2018 оноос Нийслэлийн 7 дүүргийн 7 хороон дээр үйлчилгээг туршилтын байдлаар нэвтрүүлсэн. Зөвхөн 2020 онд гэхэд 3,700 гаруй иргэн эдгээр 7 хорооноос уг үйлчилгээг авчээ. Иргэд болон хороодын ажилчдын хувьд үйлчилгээнд маш сэтгэл хангалуун байсан тул 2021 онд үйлчилгээ үзүүлэх хороодын тоог өсгөн 31 болгосон ба үйлчилгээний эрэлт тэр хэмжээгээр өсөх болов уу.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор дүүргийн бүртгэлийн хэлтсүүд олон хүн цуглуулахгүй байх үүднээс өөрсдийн санаачилгаар энэхүү үйлчилгээг харьяа зарим хорооддоо шилжүүлэх хүсэлт дээд удирдлагуудаараа дамжуулан бидэнд тавьж байгаа нь хороонд шилжүүлсэн үйлчилгээний ач холбогдлыг харуулж буй болов уу.

-Маш хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

Баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье.

Бичих чадвар бол харилцааны чухал хэсэг. Энэ чадвар сайн байх нь биеэр уулзах эсвэл утсаар ярихаас хамаагүй илүү хүмүүст хүрдэг тал бий.   

Бид ажил дээрээ тайлан, төлөвлөгөө гаргах, и-мэйл бичих, сошиалаар өөрийн санаа бодлоо илэрхийлэх гээд өдөр тутамд хэрэг болдог чадварын нэг билээ. 

Бичих нь сахилга батыг төлөвшүүлдэг тул та бичиж эхлээрэй.

1. Өдөр бүр бич

Хамгийн үр дүнтэй зөвлөмжүүдийн нэг нь бичих зүйлээ өдөр тутмын дадал болгох юм.

Бичих чадвараа сайжруулахад туслах эхний алхам бол зүгээр л бичээд, дахин үргэлжлүүлэн бичээд бай. Бичиж байх явцдаа засварлахгүй байхыг хичээгээрэй. Байнга бичсэнээр дадал, туршлагатай болж бичих нь улам хялбар болдог. 

Та ямар нэгэн зүйлийн талаар бичиж чадна. Өөртөө итгэлтэйгээр дотор байгаа бодлоо буулгах гээд үзээрэй. 

Ямар нэгэн зүйлийн талаар бичих нь өөрийн гэсэн судалгаатай, олон талын эргэцүүлэл, мэдээлэлтэй болгодог.

Хүмүүс сонирхож унших ямар нэгэн сэдвийн хүрээнд сошиалд пост бичин оруулаад үзээрэй. Энэ нь бусдын санал сэтгэгдэл, шүүмжийг сонсох нь бичих чадвараа ахиулахад тустай байх болов уу. 

2. Ноорогло

Бичих гэж буй зүйлээ эхлээд ноорогло.Таны бичсэн эхний ноорог таалагдахгүй бол санаа зовох хэрэггүй. Бичих үйл явц тань амжилттай явагдаж байна гэж ойлгож болно. Харин ямар нэг гайхалтай санаа хүлээгээд ноорог цаас чинь хоосон байгаа бол юу ч хамаагүй бичиж эхэл.

3. Тэмдэглэл хөтлөх

Бичих чадвараа сайжруулах хамгийн сайн арга бол бичсэн зүйлийг тоймлон бичих юм. Тэмдэглэл хөтлөх нь бичиж байхдаа бодож эргэцүүлэх, тухайн зүйлд илүү төвлөрөхөөс гадна илүү нухацтай, цэгцтэй сэтгэхэд хүргэдэг.

Taking notes in meetings : 5 habits to apply - Bird Office Blog

4. Бичихийг хүсч буй зүйлийнхээ талаар унш

Унших нь бичих чадварыг сайжруулахад тусална. Та бичих зүйлийнхээ талаар олон эх сурвалжаас мэдээлэл авч, судалснаар илүү сайн бичиж сурна.

Уншсанаар та олон зүйлийн талаар ойлголттой болж илүү задгай сэтгэж, бичих арга барилд суралцах болно. 

5. Энгийн үгсийг сонгох

Хэрэв та нарийн төвөгтэй үгс ашигласнаар илүү ухаалаг болно гэж бодож магадгүй – үнэндээ энэ нь өрөөсгөл ойлголт юм.

6. Хүргэх гэж буй санаагаа хялбар ойлгуулах

Уншигчдын анхаарлыг татахуйц, тэдний хүсч байгаа санааг ухаалгаар буулгаснаар хүмүүст хүрч чадна. Санаагаа амархан, ойлгомжтой үгээр дамжуулж сурах хэрэгтэй. Энэ нь аливаа зүйлийг дүрслэхдээ хэтэрхий нуршуу байх хэрэггүй гэсэн үг.

How to Write a Convincing Case Study in 10 Easy Ways

7. Сул үг ашиглахгүй байх

Жишээ нь: тэр, маш, үнэхээр, арай, аймар ..гэх мэт

Ямар нэгэн шалтгаангүй бол эдгээр үгсийг өгүүлбэрт нэмэх шаардлагагүй. Таны хэлэх гээд байгаа санааг орлох олон үг байгаа гэдгийг санаарай. Шинээр бичиж эхэлж байгаа бол сул үг ашиглахгүй байх тал дээр цаг хугацаа шаардлагатай.

14,713,700 Orthographic Symbol Stock Photos, Pictures & Royalty-Free Images - iStock

8. Өгүүлбэр, догол мөрийг богино байлгах 

Богино догол мөр, богино өгүүлбэр бич. 

Хүмүүс тэр бүрчлэн урт унших зүйлд анхаарал хандуулдаггүй тул анхаарал татахуйц, харахад хялбар болгох хэрэгтэй.

9. Нэмэлт засварлах хэрэгслийг ашигла

Англи хэл дээр бичсэн бичвэрээ засварлах бол Grammarly алдаа засагч танд тус болж магадгүй.

Монгол хэл дээр бол spellcheck-ээр дүрмийн алдаагаа шалгаад үзээрэй.

Эхлээд алдаа засагчаар алдаагаа засч, нягталж дараа нь хүнээр хянуулах ч боломжтой.

Эцэст нь хэлэхэд, сайн бичих чадвар нь ажлын байран дээр биднийг урт удаан хугацаанд тогтвортой ажиллахын үндэс ч байж болно.

Бичих чадвар хүн бүрт харилцан адилгүй байдаг ч бичих чадвараа өнгөлөх цаг гаргаснаар илүү урт хугацаанд, үр дүнгээ өгөх бөгөөд тодорхой төрлийн баримт бичгийг төвөггүй бичиж сурна. 

Зарим зүйлстэй харьцуулахад сурч болох чадваруудын нэг тул та яг одоо дэвтэр эсвэл компьютероо аваад бичиж эхлэхийг зөвлөж байна. 

 

Таны бичих их үйлст амжилт хүсье!

Эх сурвалж: https://www.skillsyouneed.com/