Author Archive

Нүүр хуудас / Author's Article(s) / administrator

Саяхан МҮХАҮТ-ын санаачлагаар МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, салбар салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй өглөөний цай хамт уунгаа уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд МУ-ын эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр төрөөс баримталж, засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогуудаас хоёрыг онцлов. Эдгээрийн нэг нь ХАА-ын салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргах, нөгөө нь Монгол улсаа гадаад зах зээлд нарийн төсөв, төлөвлөгөөтэйгээр танилцуулах зохион байгуулалттай нэгжийг ажилллуулах гэж би ойлгов. Төрийн бодлогын талаар номын дуу сонсож, бизнесийн стратегийн чиглэлээр ажиллаж байгаа иргэн хүнийхээ хувьд ерөнхий сайдын танилцуулсан бодлого, санаачлагатай холбогдуулан өөрийн саналаа хуваалцъя.

1. ХАА-ын салбарын талаарх саналынхаа удиртгал болгож ерөнхий сайд “Бид юунд сайн, түүгээрээ танигдая” гэж уриалсан нь тун холыг харсан санал мэт санагдаж олзуурхаж суутал санал, санаачлагыг хэрэгжүүлэх арга замуудыг тайлбарлахад санаа нь зөв ч, шат дараалал нь эргэлзээ төрүүлэв . Юу вэ гэхлээр Монголчууд хэдэн зуун жилийн турш мал маллаж ирсэн ард түмэн гэж эхэлсэн яриа маань бид гадны танигдсан брэндийн нэрээр бүтээгдэхүүнээ дэлхийд нийлүүлэх хэрэгтэй болоод явчив. Товчоор бид Германы хиамны ч юмуу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэндийн түүхий эд ханган нийлүүлэгч болох юм байна. Ийм маягаар ажилладаг орнууд, үйлдвэрлэгчид олон байгаа, гэхдээ манайх шиг оронд энэ зохион байгуулалт одоогоор тохиромжгүй. Яагаад гэвэл:

Нэгт: Монгол мал элдэв халдварт өвчинд нэрвэгдэх эрсдэл өндөртэйгээс гадна, өөрсдөө хэдэн арван км явж хоолоо олж иддэг “тамирчид”. Иймд гадныхан байтугай “махчин” Монголчууд ч дааж идэхэд хүндрэлтэй, хамгийн наад зах нь.

Хоёрт: Гадны танигдсан үйлдвэрлэгчид аливаа улсад хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө тухайн улсын ажиллах хүчний нөөц, дэд бүтцийн хөгжил, хууль эрхзүйн орчныг заавал чухалчлан судалдаг. Гэтэл манайд эрчимжсэн мал аж ахуйгаар бэлтгэгдсэн, хэдэн зуугаараа фермерт ажиллах боловсон хүчин байхгүй, дээр нь зам харилцаа муу хөгжсөн, улс орнуудын хамгийн эмзэг сектор болох хүнсний аюулгүй байдлыг алдагдуулах, халдварт өвчин гарах эрсдэл бүхий хүнсний импортын чиглэлээр эрсдэлийг нарийн тооцсон хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр хангалттай хийгдээгүй байна.

Тэглээ гээд бид гараа хумхиад суулгүй, Азийн тэргүүн баян Ли Ка Шин “Амьдрал чамд исгэлэн лемон өгөөд байвал, түүнд нь гомдоод суулгүй лемоноор нь ундаа хий” буюу өөрсдийн сул талаа давуу тал болгох арга замыг хай гэсэн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Миний зүгээс дараах шийдлийг санал болгож байна.

ШИЙДЭЛ. Дэлхийн улс орнуудад хэт их хотжилт явагдаж, уламжлалт хөдөө аж ахуйн салбарт ажиллах ажилчдын тоо эрс буурч, үйлдвэрлэгчид хурдан хугацаанд ургацаа хурааж хотын хүн амын хэрэгцээг тасралтгүй хангаж, өөрсдийн үйлдвэрлэлээ эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгцээ шаардлага гарсны улмаас химийн бордоо зэргийг хүнсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хэрэглэх болсон. Үүний хор уршгийг ойлгож мэдсэн хэрэглэгчид химийн бордоо (мал аж ахуйн хувьд мах, сүүний гарцыг нэмэгдүүлэх элдэв эм тариа хэрэглээгүй) жинхэнэ байгалийн жамаараа боловсорсон ногоо, жимс, мах, сүүг хэд дахин илүү үнэ төлөөд ч хамаагүй авах хүсэлтэй болсон.

Тэгэхээр цөөн хүн амтай, дэд бүтэц муу хөгжсөн Монгол улс хямд үнээр их бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зүтгэх биш өндөр үнэтэй, өөрсдийн чаддаг мэддэг аргаараа чанартай цөөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч буюу органик фермерийн орон болохоор зорих нь зүйтэй.

Зургийн эх сурвалж: Business Insider (Жишээ нь: АНУ-ын Wholefoods сүлжээ дэлгүүрт 500гр органик гүзээлгэнэ, мөн хэмжээний бордсон гүзээлзгэнээс 1000 гаран төгрөгөөр илүү үнэтэй зарагдаж байна)

Ингэхдээ Монголчууд аль болох шавхагдашгүй нөөц бололцоогоо ашиглах нь зүйтэй. Тухайлбал малаа нядалж махыг нь гаргахын оронд сүүнийх нь гарцыг нэмэгдүүлэхэд анхаарч, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох нь илүү тогтвортой. Тухайлбал манай урд хөрш Хятад төдийгүй дэлхийн олон оронд эрэлт хэрэгцээ нь өсч буй ингэний сүү гэхэд 500 мл нь ойлролцоогоор 10 гаран мянган төгрөгөөр борлогдож байна.

Зургийн эх сурвалж: https://desertfarms.com/products/raw-camel-milk-frozen

Газар тариалангийн салбарт эргэлт удаан, үнэ багатай, цаг агаарын хүчин зүйлээс их хамааралтай төмс, лууван зэрэг ногоогоо дотоодын хэрэгцээндээ зориулж үйлдвэрлээд өргөст хэмх, улаан лооль зэрэг үнэ өндөртэй, нарийн ногоонуудаа жинхэнэ Япон, Европ зэрэг орнуудын технологиор голдуу экспортонд зориулж үйлдвэрлэхээр зорих нь зүйтэй болов уу. Мэдээж нарийн судалгаа, шинжилгээний үр дүнд дээр санал болгосон нарийн ногоонуудаас илүү органик чацаргана, нэрс, гүзээлзгэнэ зэрэг жимс, жимсгэнэ эдийн засгийн үр өгөөж өндөртэй, эрсдэл багатай байхаар бол нарийн ногооноос илүү жимс, жимсгэнэ, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүнээ экспортлохдоо анхаарлаа хандуулж болно.

Товчоор ХАА-ын салбарыг бодлогоор дэмжин, эдийн засгийг эрчимжүүлэх гол салбар болгохоор зорихдоо а) дотоодын зах зээлийг хангах, экспортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, б) хэдийд ч гэрээгээ цуцлаад Монголоос гараад явчих эрсдэлтэй гадаадын танигдсан брэндийн нэрээр биш өөрсдөө чаддаг аргаараа, олон улсад танигдах “Органик Монгол” гэсэн брэндийг бий болгоход чиглэсэн богино, дунд, урт хугацааны арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
Ерөнхий сайдын дэвшүүлсэн хоёр дахь асуудал бүр сонирхолтой. Тэр талаар миний дараагийн нийтлэлээс уншаарай!

Бидний бэлтгэсэн нийтлэлүүдийг цаг тухай бүрт нь авахыг хүсвэл ЭНД ДАРЖ манай мэйлийн жагсаалтанд бүртгүүлээрэй!

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Хятад улсын ДНБ гайхмаар өсч, дэлхийн эдийн засгийн хүчирхэг мотор байж ирсэн. Харин сүүлийн хэдэн жил дээрх өсөлт удааширч, дэлхийн түүхий эдийн үнэ огцом унаж, хөгжингүй болон хөгжиж байгаа олон орны өсөлтөнд томоохон чөдөр уясан.

Харин одоо биднийг юу хүлээж байгаа бол? Гутранги үзэлтнүүд Хятад улс бусад улсуудыг гүйцэж авах нэг удаагийн томоохон үсрэнгүй хөгжлийнх нь үе дуусгавар болсон гэж дүгнэж байна. Харин өөдрөг үзэлтнүүд ирэх 10-15 жилийн хооронд Хятад дэлхийн улсуудыг хөгжлөөрөө түүчээлсэн хэвээр байх боломжтой төдийгүй эдийн засгийнхаа бүх салбарыг солонгоруулан хөгжүүлнэ гэж итгэж байна.

Хөгжлийн шинэ загвар
Сүүлийн үед Хятадад хамгийн хүчтэй яригдаж байгаа сэдэв бол тус улсын эдийн засгийн байдал юм. 2015 онд Хятадын ДНБ болон ажлын байрны өсөлт 25 жилийн түүхэн дэхь хамгийн доод түвшиндээ хүрсэн, бизнесүүдийн өр асар ихээр нэмэгдсэн, гадаад валютын нөөц 500 тэрбум ам.доллараар буурсан төдийгүй 2015 оны дунд гэхэд хөрөнгийн зах зээл 43%-ийн бууралт үзүүлсэн зэрэг нь гутранги үзэлтнүүдэд Хятад улс санхүүгийн хямралд орох замдаа явж байна гэж дүгнэх хангалттай шалтгаан болсон.

Харин өөдрөг үзэлтнүүд Хятадын дотоодын хэрэглэгчид, дотоодын бизнесүүдийн эдийн засгийн хүчийг нэмэгдүүлж, бүтээмжид суурилсан өсөлтийн загварыг бий болгосноор тус зах зээлд өрсөлдөгч компаниудад тоглоомын шинэ талбарыг бий болгоно гэж үзэж байна.

Хэрэглээний хувьсал
Хятадын дотоодын хэрэглэгчдийн худалдан авалт нэмэгдэхийн хэрээр ихэвчлэн дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээний сонголт, чанараар хязгаарлагдаж байдаг хэрэглээний сагсных нь төрөлжилт нэмэгдэнэ. Үнэндээ, сүүлийн үед Хятад хэрэглэгчид бөөнөөр, хямд бүтээгдэхүүн авахаас илүү чанартай, цөөн тооны бүтээгдэхүүн авах сонирхолтой болсон. McKinsey-ээс Хятадын 44 хотод 18-56 насны 10,000 хэрэглэгчээс авсан судалгаанд оролцогчдын 50% нь хамгийн чанартай, хамгийн үнэтэй бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх хүсэлтэй байдаг гэсэн нь хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад огцом өөрчлөгдсөн хандлага юм.

Дижитал хувьслын үр нөлөө
2015 оны 12-р сарын байдлаар Хятадад 690 сая интернет хэрэглэгч, 700 сая ухаалаг утас хэрэглэгч байгаа нь Хятадын хэрэглэгчдийн сүүлийн үеийн эрэлт хэрэгцээг судалж, мэдэх таатай орчинг бүрдүүлж байна.

Электрон худалдаа
Дээрх боломжийг дээд зэргээр ашиглахын тулд Хятадын онлайн бизнес эрхлэгчид Европ, АНУ зэрэг газруудад онлайн бизнес эрхлэгчдийн адил тоон мэдээллийн дүн шинжилгээг нарийн ашиглаж хэрэглэгчдийнхээ зан төлвийг ойлгож, худалдан авалт хийх дадлыг нь даган дууриах хэрэгтэй.

Тоон мэдээллийн дүн шинжилгээний ач тусын талаар бидний удахгүй хүргэх нийтлэлийг хүлээн авахыг хүсвэл имэйл хаягаа энд дарж  бүртгүүлээрэй!

Улам олон Хятад хэрэглэгчид нийгмийн сүлжээг юу худалдан авахтай холбоотой шийдвэр гаргахдаа ашигладаг болсон өнөө үед мөн л нийгмийн сүлжээг ашиглах ур чадвараа нэмэгдүүлэх хэрэгцээ бизнесүүдэд зайлшгүй тулгарч байна.

Үйлчилгээний салбарын дижиталчлал
Энд онцлууштай нэг зүйл бол нийгмийн үйлчилгээний салбарт ч онлайнаар мэдлэг, мэдээллээ хуваалцсанаар хотод байгаа эмч нар алслагдсан хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд теле-эмнэлэг систем ашиглан эмчилгээ зөвлөгөө үзүүлж хот, хөдөөгийн боловсролын ялгааг багасгахад хувь нэмрээ оруулах боломжтой.

Дууриагчаас санаачлагч руу
Дэлхийн шинэ, шилдэг технологиудаас суралцан, өөрсдийн үйлдвэрлэлдээ шингээх тактикаа инновацийн тэргүүлэгч болох зорилгоор сольсон нь Хятадын бүтээмжид суурилсан өсөлтийн загварынх нь түлхүүр хэсэг юм.
Судалгаанаас харахад Хятадын Судалгаа, Дизайн (R&D)-д чиглэсэн зардал 2007-оос 2015 оны хооронд 120%-иар өссөн төдийгүй лав 2020 он хүртэл салбар салбарын компаниуд дизайны төвүүдээ өргөтгөхийн хэрээр энэ тоо улам нэмэгдэх төлөвтэй байна. Харин Хятадад төвтэй дизайны төвүүдэд тулгарах томоохон асуудал нь дотоодын зах зээлдээ зориулсан бүтээгдэхүүн гаргахад төвлөрөх биш дэлхийн зах зээлд зориулагдсан шинэлэг, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.
Хятад инновацийн тоглолтоо сайжруулахын хэрээр олон улсын бизнес эрхлэгчид Хятадад хамааралтай Судалгаа, Дизайнаа илүү хямдаар, илүү хурднаар гүйцэтгэх хэрэгтэй болно. Тэд Хятад дахь судалгааны платформуудынхаа төсөл хөгжүүлэлтийг илүү хурдасгаж, Хятадын дотоодын өрсөлдөгчдөөсөө хоцрохгүй байх шаардлага урган гарч байна.

Дэлхийн түвшний тоглогч болох
Хэдийгээр Fortune 500 жагсаалтанд Хятадын 110 компани бичигддэг нь АНУ-ын дараа орохуйц үзүүлэлт боловч эдгээр компанийн дийлэнх ихэнх нь дотоодын барилга, дэд бүтэц, эрчим хүч, санхүүгийн чиглэлийн компаниуд байдаг. Тэдний ихэнх нь нүсэр хөрөнгөнд суурилсан, нөөцийг монопольчилсон зөвхөн Хятад дотроо үйл ажиллагаа эрхэлдэг ба 80% нь төрийн өмчит компаниуд байдаг.

Харин Нэг бүс, Нэг зам хөгжлийн стратегиэрээ Хятад Африк, Ази, Европын олон оронтой шууд холбогдохоор зорьж байна. Хятадын засгийн газраас 1 их наяд ам.долларыг төрийн өмчит санхүүгийн байгууллагууд болон төрийн өмчит бусад компаниудынхаа глобал төслүүдээр дамжуулан дээрх хөтөлбөрт зарцуулахаар төсөвлөсөн.

Автоматжуулалтын эрин үе
Мөн Хятад үйлдвэрлэлээ илүү автоматжуулах нөөц бололцоо, хэрэгцээ шаардлага ч ихтэй. Хэдийгээр Хятад дэлхийн роботын хамгийн том зах зээл боловч Хятад компаниудын 10,000 үйлдвэрийн ажилчин дутамд 36 робот ноогдож байгаа нь бусад хөгжингүй эдийн засагтай улсуудын дундажтай харьцуулахад даруй 50 орчим хувиар бага, АНУ-ын ижил үзүүлэлттэй харьцуулахад тавны нэгтэй нь л тэнцэхээр түвшинд байгаа юм.

Дүгнэж хэлэхэд, Хятадын эдийн засаг салаа замын уулзвар дээр ирсэн байж болох ч бүтээмжид суурилсан дэвшилтэт эдийн засаг руу ахих шилжилт нь амжилттай хэрэгжвэл Хятадад болон Хятадтай холбоотой ажилладаг бизнесүүдэд шинэ дутам боломжийн хажуугаар төдий хэмжээний шийдвэрлэх шинэ асуудлууд гарч ирэх нь дамжиггүй.

Эх сурвалж:www.mckinsey.com

“Энгийнээр тайлбарлаж чадахгүй байгаа зүйлээ чи хангалттай мэддэггүй гэсэн үг” гэж алдарт эрдэмтэн Алберт Эйнштэйн хэлсэн байдаг. Онлайн худалдааны өсөлтөнд чухал хувь нэмэр оруулсан ПэйПал /PayPal/-г үүсгэн байгуулагчидын нэг Питер Тиэл болон хуулийн судалгааны стартап Жүдиката компанийн үүсгэн байгуулагч Блэйк Мастерс нарын хамтын бүтээл “ТЭГ-ээс НЭГ рүү тэмүүлэх нь” ном нь гарааны бизнес, бүтээгдэхүүн, өрсөлдөөн болон амжилтын талаарх олон хүндхэн сэвдүүдийг маш ойлгомжтой тайлбарлажээ. Хэзээ нэгэн цагт өөрийн хувийн бизнесийг эрхэлж түүнийгээ удирдан зохион байгуулж, амжилттай ажлуулахыг мөрөөдөж байгаагүй хүн байхгүй биз. Зарим нэг маань аль хэдийн бизнесээ эхлүүлэн алдаанаасаа суралцан хөгжиж буй гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн сонгосон ном маань яг л дээр тодорхойлсон хүмүүст зориулсан хэрэвээ чи бизнес эрхлэх гэж байгаа бол бусдыг дуурайсан биш өөрийн цоо шинэ бусдын эзлээгүй орон зайд буюу байхгүй 0 зүйлийг 1 болгон ажилбал илүү амжилт олно гэдгийг жишээ, баримттайгаар зөвлөжээ.
Ямар ч төрлийн бизнес эрхлэх байсан доорх шалгуур асуултыг асуугаад бүгдэд нь онцгой хариулт өгч чадаж байвал та яг одоо өөрийн бизнесээ хийх цаг нь болсон байна гэж үзэж болно. Үүнд:

1. Инженерингийн шалгуур асуулт: Аажмаар өсөж хөгжих бус, онцгой нээлт болсон технологийг бий болгож чадаж байна уу?
2. Цаг хугацааны шалгуур асуулт: Тухайн бизнесийг эхлүүлэхэд тохиромжтой цаг яг одоо мөн үү?
3. Монополь байдлын шалгуур асуулт: Жижиг зах зээлийн дийлэнх хувийг эхэлсэн даруйдаа эзлэх боломжтой юу?
4. Хүн хүчний шалгуур асуулт: Зөв баг бүрдэж чадсан уу?
5. Түгээлтийн шалгуур асуулт: Зөвхөн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгохоос гадна, түүнийгээ түгээх арга замыг олсон уу?
6. Бат бөх байдлын шалгуур асуулт: Ойрын 10 болон 20 жилдээ зах зээлд эзэлсэн байр сууриа баттай хадгалах боломж бидэнд бий юу?
7. Нууцын шалгуур асуулт: Бусдын олж харж чадаагүй маш онцгой боломжийг та олж харж чадсан уу?

За дээрх асуултуудыг бүгдийг нь амжилттай хариулаад цааш бизнесээ эхлүүлэхээр зорьсон бол мөн доорх 4-н зөвлөлгөөг анхааралтай дагаарай. Үүнд:

1. Аар саар, жижиг зүйлээр оролдсоноос томоохон зүйл рүү зориглоод орох нь зүйтэй
– Санаагаа олсон бол 1-2 жилд бусад хүмүүс түүнийг чинь дуурайчихааргүй, хичээл зүтгэлийн тань дараа үнэ цэнэ өгөхөөр байвал сайн
2. Огт төлөвлөхгүй байснаас, маруухан төлөвлөгөөтэй байсан нь дээр
– Бид хэт өөдрөг байдгаас юунд хүрэх, яах гэж байгаагаа огтхон төлөвлөхгүй бүх зүйл аяндаа бүтэх мэт аашилдаг нь үнэхээр тэнэглэл юм.
3. Өрсөлдөөнт зах зээл ашгийг үгүй хийдэг
– Өрсөлдөөн хамгийн бага байгаа газар л ашиг гэсэн ойлголт байдаг. Тиймээс монополь бизнесүүд ашигтай байгаагаа нуухын тулд өөрсдийгөө жижиг байгаа мэтээр хэрэглэгчидэд ойлгоуулдаг. Харин төгс өрсөлдөөнд буй компаниуд өөрийгөө монополь болсон хамгийн 1 номерын сонголт шүү гэдгийг харилцагчидад итгүүлэхийг хүсдэг тул монополь мэт төсөөллийг үүсгэхийг хичээдэг.
4. Бүтээгдэхүүн, борлуулалтын аль аль нь чухал ач холбогдолтой
– Инженерүүд болон бүтээгдэхүүн хөгжүүлэгчид гол анхааралаа бүтээгдэхүүнээ төгс болгох тал дээр хэт анхаарч борлуулалтаа хаядаг. Харин борлуулагчид эсрэгээрээ оргүй хоосон, эсвэл зүгээр л харагдах байдлыг өөрчилсөн зүйлийг үнэд хүргэн зарахыг хичээдэг. Тэхдээ бүтээгдэхүүн, борлуулалт хоёрыг зэрэг анхаарч байж л амжилтанд хүрэх боломжтой.

Уншсан номноосоо за яг энэ хэсгийг нь уншчихаарай, ерөнхий товчихондоо ийм тийм байсан гээд хэлээд заагаад өгөхөөр цаг хугацаа хэмнэсэн сайхан үйл байдаг. Тиймээс миний хувьд энэхүү номноос хамгийн хэрэгтэй байх болов уу гэсэн санаануудыг доорх байдлаар тодорхойллоо. Үүнд:

1. Хүн болгон борлуулагч. Бүгд л амьдралынхаа туршид, кареерынхаа туршид өөрийгөө борлуулж амьдардаг. Борлуулалтын мэргэжилтэнг захиалгын мэргэжилтэн, бизнес хөгжлийн мэргэжилтэн, даатгалын төлөөлөгч, сургалтын менежер, хөрөнгө оруулалтын зөвлөх, өөрийгөө зардаг хүмүүсийг улс төрч гэх мэтээр давхар нэршлээр нэрлэдэг нь борлуулалт хийдгээ мэдэгдэх хүсэлтэй хүн цөөн байдагтай холбоотой. Жүжиглэх ур чадварын адил борлуулалт далд байх тусмаа амжилт олдог.
2. Чадварлаг баг бүрдүүлэх. Зөвхөн ур чадвартай гэх тодотголоор хамт урагшлах чин хүсэлгүй хүмүүсээр биш зорилгынхоо төлөө тууштай тэмцэх, инженерийн буюу тухайн бизнесийнхээ салбарын талаар гүн мэдлэгтэй дээрээс нь борлуулах ур чадвартай хүмүүсээр багаа бүрдүүлбэл амжилт ойрхон.
3. Машин хэзээ ч хүнийг орлох боломжгүй. Өнөөдөр бидний хамгийн ухаантай гэх хүмүүсээс хэд дахин илүүг тооцоолох чадвартай машин буюу компьютерүүд бий болсон. Гэхдээ машин, технологи нь зөвхөн хүнд туслах зориулалттай, хүнд ашиг тусаа хүртээхээр бүтээгдсэн тул машинтай өрсөлдөж биш түүнийг яаж өөртөө ашигтайгаар ашиглах бэ гэдэг дээр толгойгоо ажлуулбал цаашид амжилттай байх боломжтой.

Ямар нэгэн байгууллага тогтвортой, ашигтай ажиллах стратегиа тодорхойлсны дараа (ДЭЛХИЙН ШИЛДЭГ НОМЫН ХУРААНГУЙ “BLUE OCEAN STRATEGY” ЦУВРАЛ №1 ЦУВРАЛ №2 уншихыг санал болгоё) түүнийгээ хэрэгжүүлэх нь хамгийн ярвигтай асуудал байдаг. Байгууллага гэлтгүй хувь хүн ч гэсэн ямар нэгэн ажил хэрэг бодож төлөвлөөд, түүнийгээ бодитоор хэрэгжүүлэх гэж нилээн хүндрэлүүдтэй нүүр тулдаг. Ялангуяа тухайн ажил хэрэг нь байгууллагын одоогийн статус квог өөрчлөхийг шаардаж байвал бүр том асуудлуудтай нүүр тулах хэрэг гардаг.
Судалгаанаас харахад аливаа байгууллагад дотоод өөрчлөлт, шинэчлэлт хийхэд дараах дөрвөн гол асуудал тулгардаг байна. Үүнд:
1. Танин мэдэхүйн буюу байгууллагын ажилтнуудыг дотооддоо стратегийн ч юмуу шинэчлэлт хийх хэрэгтэй гэж үнэмшүүлэх. Тухайн байгууллагын одоогийн стратеги, ажиллах арга барил урт хугацаандаа өсөлт хөгжилд садаа болж мэдэх ч ажилтнуудад нь дасал болсноор барахгүй байгууллага өнөөдөр ашигтай ажиллаж чадаж байхад юун өөрчлөлт вэ гэсэн ажилтнуудын хандлага.

2. Нөөцийн хязгаарлагдмал байдал. Аливаа байгууллагад хийх өөрчлөлт, шинэчлэлт гүн гүнзгий байх тусам илүү их нөөц шаардагддаг. Гэтэл санхүүгийн ч юмуу хүний нөөцийн ч юмуу хомсдолд ороод ирэхээрээ байгууллагууд өөрчлөлт шинэчлэлтийг эрэлхийлэх нь түгээмэл байдаг даа.
3. Урам зориг. Одоогийн статус квог өөрчлөн шинэчлэх ажилд байгууллагад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг ажилтнуудыг хэрхэн ханцуй шамлан, урам зоригтойгоор орж ажиллах нөхцлийг бүрдүүлэх вэ? Байгууллагын дотоод шинэчлэлт, өөрчлөлт багагүй хугацаа шаарддаг гэтэл менежерүүд үүнд бэлэн үү?
4. Байгууллагын дотоод улс төр. Ялангуяа олон зэрэг дэвтэй, томоохон байгууллагуудад энэ асуудал илүү хамаатай. Нэгэн менежер, манай байгууллагад таныг шинэ санал санаачлага гаргах талаар бодчихоод босож амжаагүй байхад чинь буудаж унагадаг/зогсоодог гэж хэлсэн байдаг.
Хэдийгээр дээрх асуудлууд байгууллага бүрт их, бага харилцан адилгүй хэмжээгээр тулгардаг ч байгууллагадаа өөрчлөлт, шинэчлэлт хийхээр төлөвлөж, зорьж байгаа та энэ талаар мэдэж, шинэчлэлтийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх явцад чинь дээрх асуудлууд тулгарахад хэрхэн шийдэх талаараа урьдчилан бодож, тунгаасан байх хэрэгтэй.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД:

1. ДЭЛХИЙН ШИЛДЭГ НОМЫН ХУРААНГУЙ ЦУВРАЛ №1 “BLUE OCEAN STRATEGY”
2.ДЭЛХИЙН ШИЛДЭГ НОМЫН ХУРААНГУЙ ЦУВРАЛ №2 “BLUE OCEAN STRATEGY”-Г ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ

Манай educated.mn байгууллагаас tipping point leadership зэрэг стратегийн сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээг 2017 оны 2-р хагасаас эхлүүлэхээр ажиллаж байгаа учир та бүхэн манай мэдээлэл авах хэсэгт и-мэйл хаягаа бүртгүүлж шинэ мэдээ мэдээлэл хүлээн аваарай!

Шинэ оны анхны нийтлэлээ бид Монгол улсын маань ирээдүй хойч болсон бяцхан дүү нарынхаа хөгжилд зориулан бэлтгэлээ.
“Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа” гэж Монгол ардын сайхан зүйр цэцэн үг байдаг. Та бидний сайн мэдэж байгаачлан маш олон амжилттай хүмүүс идэвхитэй уншигч байдаг. Тиймээс та бүхэн хүүхэддээ багаас нь унших дадалыг зөв хэвшүүлснээр ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийж буй алхамуудын нэг гэж үзэж болно. Эцэг эх бидний мэдэх шаардлагатай мэргэжлийн хүний доорх маш энгийн зөвлөгөөнүүдийг үзээд үр хүүхэдтэйгээ цагийг зугаатай бөгөөд үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй!

https://youtu.be/x2_gZMyXJqY

Нэмж сонирхуулахад мэргэжилтний зөвлөснөөр 0-6 насны буюу бага насны хүүхдийн ном болон тоглоомын харьцаа 50, 50% байх шаардлагатай байдаг ба ном нь мөн тоглоом шиг хүүхдийн гарт хүрэхүйц газар байснаар хүүхдүүд маань номонд илүү сонирхолтой болоход түлхэц болдог байна.

Дашрамд хэлэхэд, манай “ЯАГААД ТА ӨДӨР БҮР УНШИХ ШААРДЛАГАТАЙ ВЭ? НОМ УНШИХЫН 10 АШИГТАЙ ТАЛ” нийтлэлээс уншигч байхын ач тусын талаар дэлгэрэнгүй ойлголт авах боломжтой.

 

 

Хүн байгалиасаа ямар нэгэн зорилгод хөтлөгдөн амьдарч, тэрхүү зорилгодоо хүрэх бүртээ амжилтыг мэдэрч, аз жаргалыг амталдаг. Өөрийн зорилгоо хэрхэн тодорхойлсноос хамаарч тухайн хүн нэг бол дундаж, энгийн, “байдаг л нэгэн” болдог бол зарим хүмүүс өөртөө өндөр зорилго тавьж цөөнх нь түүндээ тууштай, ухаантай зүтгэснийхээ хүчинд ямар нэгэн чиглэлээр бусдыг манлайлагч нэгэн болж чаддаг.

Оны эцэс болоход хүн бүр өмнөхөөсөө илүү өндөр зорилго тавиад зогсохгүй, тавьсан зорилгодоо хүрэх төлөвлөгөө боловсруулж байх хэрэгтэй гэж хувь хүний хөгжлийн стратегич Matt Mayberry зөвлөжээ. Цаасан дээр бичдэг ч юмуу, хэн нэгэнд хэлдэг ч юмуу ямар нэгэн байдлаар зорилго тодорхойлчихоод бичсэн цаасаа хаях, юмуу хэлсэн үгээ мартчихвал зорилго тавьсны ямар ч хэрэг байхгүй. Хамгийн гол нь тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд бүх хүч, чадвараа дайчлан, ухаантай, тууштай, шургуу ажиллах хэрэгтэй гэж тэрбээр зөвлөжээ.

Түүний өөрөө ч гэсэн ирэх оныхоо зорилгыг тодорхойлж, хамгийн гол нь тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ашигладаг 2 гол аргыг хуваалцъя.

1. Зорилго тодорхойлох процессдоо анхаар

Утсан дээрээ ч юмуу яг 3 минутын хугацаа тавиад ирэх оныхоо зорилгуудыг жагсаан бич. Ингэж өөрийгөө шахах нь: нэгт, хамгийн ихээр хүсч буй, толгойд чинь эргэлдэж байдаг зорилгуудаа хамгийн түрүүнд жагсаах нөхцлийг бүрдүүлдэг; хоёрт, мөнгө хүрэхгүй, цаг байхгүй гэх мэт мянган шалтгааныг бодож зарим зорилгуудаа хойш тавих цаг олгодоггүй сайн талтай.

Үүнийхээ дараа ирэх жилийн өдийд хүрсэн байх 8-10 зорилгыг шилж аваарай. Зорилгуудаа тодорхойлохдоо эрүүл мэнд, бие бялдар, гэр бүл, амралт, санхүүгийн болон бизнесийн гэх мэтээр амьдралд чинь чухал шаардлагатай хүчин зүйлсээс аль болох олныг оруулж тэнцвэртэй хандаарай. Эцэст нь шилж авсан зорилгуудаасаа хамгийн гол, бусад зорилгуудыг чинь биелэх нөхцлийг хангаж чадахуйц ганцхан зорилгыг онцгойлон дугуйлаарай.

2. Амьдралыг чинь өөрчлөх зорилгодоо хүрэх төлөвлөгөө гарга

Matt өөрөө энэ аргыг 16 настай, мансууруулах бодисын донтолтоос гаргах эмчилгээгээ дөнгөж дуусгаж байхдаа анх хэрэглэжээ. Тэрбээр өөртөө тавьсан олон зорилгуудаас амьдралыг нь өөрчилж, бусад зорилгуудаа биелүүлэх боломжоор хангах хамгийн том зорилго бол Америк хөл бөмбөгийн шилдэг тамирчдад олгодог их сургуулийн тэтгэлэг авах гэж тодорхойлжээ.

Энэ мэтээр амьдралыг чинь өөрчлөх зорилгоо тодорхойлсны дараа шилдгийн шилдэг болж чадсан хүмүүсийг дундаж нэгнээс ялгаруулдаг дараагийн алхмыг хийгээрэй. Энэ бол хамгийн том зорилгодоо хүрэх 20-50 зорилтыг дэвшүүлэх.

Ихэнх хүмүүс тавьсан зорилгодоо яаж хүрэх аргаа мэдэхгүй, нухацтай бодож үздэггүй. Харин та Matt-ын зөвлөсний дагуу нарийвчлан төлөвлөж чадвал нийгмийн цөөхөн хувийг эзэлдэг манлайлагчдын эгнээнд орох магадлалаа эрс нэмэгдүүлж чадна.

Жилийн хамгийн том зорилгодоо хүрэх 20-50 зорилт бүхий нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргасныхаа дараа он гарангуут өдөр дутмынхаа хийх ажлын жагсаалтанд жилийн төлөвлөгөөнөөсөө 1-2-ыг оруулаарай. Ажлынхаа төлөвлөгөөг ингээд гаргачихсан хүн чинь өдөр бүр тууштай хөдөлмөрлөөд, хичээгээд байж дээ.

Өмнөх удаагийн цувралаар бид тус номын зохиогчид болох дэлхийн хамгийн шилдэг бизнесийн сургуулиудын жагсаалтанд тогтмол дээгүүр бичигддэг INSEAD-ын профессорууд бизнес эрхлэгчид болон шинээр бизнес эхлэхээр зорьж буй хэн ч бай зэрлэг капитализмийн сонгодог бүтээгдэхүүн болох цусан улаан өрсөлдөөнөөс түдгэлзэж, зах хязгааргүй номин хөх далайн хаа нэгтээ нуугдаж буй хэрэглэгчдэд тань шинэ үнэ цэнэ (value) нэмэх шинэ санаа (innovation)-г бүтээгдэхүүн, үйлчилгээндээ шингээх замаар хөх далайн стратегийг хэрэгжүүлэхийг зөвлөж буйг хүргэсэн. Энэ удаад бид тус номонд тайлбарласан бизнесийн гол ухагдахуунуудаас нэмж хоёрыг танилцуулъя.

НЭГТ: Таны зах зээлд нэвтрүүлэхээр зэхэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ хөх далайн стратегитэй нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх схем.

Энэхүү схемт үзүүлсэнчлэн аливаа бизнес эрхлэгч бизнесийн санаагаа бодитоор хэрэгжүүлэхээр цаг, мөнгө, хүч хөдөлмөрөө зарцуулахаасаа өмнө дараах дөрвөн асуудлын хүрээнд дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Үүнд:

– Худалдан авагчийн хэрэгцээ (Buyer Utility),
– Үнэ (Price),
– Өртөг зардал (Cost),
– Бодитоор хэрэгжүүлэх боломж (Adoption) зэрэг багтана.

Эдгээрийг тус бүрт нь авч үзье.
1. Таны санаачилсан бизнес худалдан авагчдад өөр зүйлээр орлуулашгүй хэрэгцээг бий болгож чадах уу? Үгүй бол бизнесийн санаагаа дахин тунгаагаарай. Тийм бол дараагийн асуултанд хариулаарай.
2. Таны санал болгож байгаа үнэ худалдан авагчдын дийлэнх хэсэгт хүртээмжтэй байж чадах уу? Үгүй бол тогтоосон үнээ дахин тунгаагаарай. Тийм бол дараагийн асуултанд хариулаарай.
3. Таны санал болгож буй үнэ танай компанид үйлдвэрлэлийн зардлаа хасаад цаана нь боломжийн ашиг гарахаар хэмжээнд тогтож чадаж байна уу? Та бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг тогтоохдоо зөвхөн зардалд суурилах нь туйлын буруу шүү. Мөн худалдан авагчдын дийлэнх хэсэгт хүртээмжтэй байлгах гээд үнээ зохиомлоор бага тогтоож, ингэхийн тулд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг бууруулах тухай бодож байгаа бол бас л буруу. Үүний оронд та бизнесийн санаагаа дахин бодож үзээрэй. Харин таны худалдан авагчдад санал болгохоор зорьж буй үнэ, таныг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ чанартай үйлдвэрлэхийн зэрэгцээ бизнестээ ч боломжийн ашиг авчрахаар хэмжээнд тогтож чадаж байвал дараагийн асуултанд хариулаарай.
4. Та болон танай компани бизнесийн санаагаа шууд бодитоор хэрэгжүүлэх чадавх, чадамжтай юу? Хэдийгээр таны бизнесийн санаа эхний гурван шалгуурыг давсан ч гэсэн, яг бодит байдал дээр таньд тухайн санаагаа бодитоор хэрэгжүүлэхэд тань шаардлагатай хүн хүч, техник технологи, хөрөнгө мөнгө дутмаг байгаа юм биш биз? Тийм бол энэ мэт асуудлуудаа эхэлж шийдсэн нь зөв алхам болно шүү.

Дээрх дөрвөн асуудлын хүрээнд өөрийн бизнесийн санаандаа дүн шинжилгээ хийж, хүрэхээр зорьж буй хэрэглэгчиддээ шинэ үнэ цэнийг болгох, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэх замаар хөх далайн стратегийг хэрэгжүүлж чадаж байгаа эсэхээ нягтлаад үзээрэй.

ХОЁРТ: Хэрэглэгчдээ таньж мэдэх аргачлал.

Номын зохиогчдын онцолж буйгаар цусан улаан өрсөлдөөнийг үүсгэдэг бас нэгэн томоохон шалтгаан бол бизнес эрхлэгчид юмуу бизнес эрхлэхээр завдагчид санал болгож/болгох гэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг нь аль хэдийн хэрэглэдэг болсон зах зээлийн хэсгийг л судлаад байхаас, хэрэглэхгүй байгаа зах зээлийн бусад хэсгийг төдийлэн судалдаггүй байна.

Номын зохиогчид хөх далайн стратегийг хэрэгжүүлэн, хэрэглэгчдийнхээ хүрээг амжилттай тэлж чадсан хэд хэдэн компанийг жишээ болгон татсаны нэг нь алдарт Apple компани байв. “Хэрэглэгчид юу хүсч байгаагаа мэддэггүй гэх” алдарт ишлэлийг Apple компанийг үүсгэн байгуулагч Steve Jobs хэлсэн ба үүнийгээ ч бодит байдалд утгаар нь бататган харуулж чадсан. Тэд комьпютерийн зах зээлд хөнгөн, үзэмжтэй зөөврийн комьпютер үйлдвэрлэлээрээ хувьсал хийж комьпютерийг зөвхөн хэрэглээ талаас нь бус, гангараа, хувь хүнийг илтгэх илрэл болтол хөгжүүлж чадсан. Брэнд хөгжүүлэлтийн дээрх мэт шинэлэг ойлголтуудыг iPhone, iPad, iWatch зэрэг шинэ бүтээгдэхүүн бүртээ шингээж, хэрэглэгчдэд ямар нэгэн нэмэлт үнэ цэнийг бий болгосноороо Apple компани хамгийн өрсөлдөөн ихтэй гэгддэг техник, технологийн салбарт 40 жилийн турш тэргүүлсээр яваа билээ. Иймээс ч хэрэглэгчид Apple компанийн шинэ бүтээгдэхүүн бүрийг тэсэн ядан хүлээж, хонон өнжин оочерлон авдаг бизээ.

Таны бизнес жижиг, том, ашгийн төлөө юмуу ашгийн бус аль нь ч бай өөрийн зах зээл/үйл ажиллагааны хэрэглэгчид төдийгүй хэрэглэгч болох боломжтой бусад хэсгүүдийг давхар судлан, таньж мэдсэний дүнд хэрэглэгчдэд шинэ үнэ цэнийг өгөх, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг шаардлагатай үед санал болгож чадаж байвал таны бизнес тогтвортой, амжилттай оршин тогтнох боломжтой гэж “Хөх далайн стратеги” номын зохиогчид зөвлөж байна.

Та бүхэнд амжилт хүсье!

Аж үйлдвэрийн хувьсгал, орчин үеийн бидний нэршилээр технологийн хувьсгал бүрийн үр дүнд бидний амьдрал нэг алхам урагшилж бид илүү хөгжин цааш явах боломжтой болж байлаа. Харин сүүлийн жилүүдэд бидний амьдралд чимээгүйхэн нэвтрэн орж буй үйлдвэрлэлийн 4-р хувьсгалд бид бэлэн байна уу? Саяхан www.ted.com-р Tim Leberecht-н ярианаас “ойрын 20 жилд бидний өнөөдөр хийж буй ажлын тал нь ямар нэг робот юм уу програм хангамжаар хийгдэх болно” гэж сонссон маань технологийн чиглэлээр ажилладаг, бүтээмжийг өсгөхийн тулд байнга эрэл хайгуул хийж үнэ цэнэ багатай ажлуудыг автоматжуулахыг зорьж байдаг миний хувьд энгийн өдөр тутмын ажил маань боловч тоо баримттайгаар хүн төрөлхтөнд үзүүлэх нөлөөг нь сонсоход харгис санагдсаныг нуух юун. Тиймээс технологийн 4-р хувьсгал гэж юуг хэлээд байна, ямаршуу өөрчлөлтүүд бий болох талаар зарим судалгаанууд дахь сонирхол татсан мэдээллүүдийг нэгтгэн та бүхэнд хүргэж байна.

Бид дэлхийн геополитикийн өөрчлөлтүүд, эдийн засгийн хямрал, зах зээлийн хумигдалыг хэрхэн давах талаар завгүй бодож ажиллаж байх зуур технологийн хувьсгал чимээгүйхэн газар авч байна. Технологийн 4-р хувьсал нь бидний амьдрах, ажиллах хэв маягаас гадна хоорондын харилцааг маань тэр чигт нь өөрчилж байна. Интернэтийн хэрэгслүүд, 3Д хэвлэл, хүнийн генийн бүтэцийн кодчилолыг нээсэн болон нанотехнологиудыг бид 4-р үеийн аж үйлдвэрийн хувьсгалын бүрдэл хэсгүүд гэж үзэж болохоор байна.

Роботууд аль хэдийн бидний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг арга барилыг өөрчилсөн. Гэхдээ бүх хүнийг робот орлоогүй зарим үйлдвэрлэлд хүмүүс оролцсон хэвээрээ байгаа. Бүхэлдээ мэдрэгчтэй, бодох чадвартай машинуудаас бүрдсэн ухаалаг үйлдвэрүүдбаригдсанаар том өөрчлөлт бий болно. Энд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн маш хямд зардлаар бүтээгдэх боломжтой болно. Хамгийн чухал нь эдгээр үйлдвэрүүд нь хүний оролцоогүй тул хямд өртөг бүхий ажилчдыг хайж үйлдвэрлэлийн байрлалыг солих шаардлагагүй, ажилчдын амь насыг эрсдэлд оруулахгүйгээр дэлхийн өнцөг булан бүрт маш үр өгөөжтэй ажиллах боломжтой.

Энэхүү технологи нь одоогийн үйлдвэрлэлийн төвлөрлийг бутаргаж, бүтээгдэхүүнийг илүү олон газар хурдан үйлдвэрлэх боломжийг олгож байгаа нь хүн амын нягтаршил багатай манай Монгол гэх мэт улсуудад ашигтай тусах юм. Улс төр болон нийгмийн хувьд энэхүү шинэ ойлголт нь санаа түгшээсэн болон сэтгэл догдлуулсан байдлыг зэрэг дагуулж буй юм. Үйлдвэрээс хүмүүсийг явуулснаар ажилгүйдлийн түвшин асар ихээр өсч, замбараагүй, эрх чөлөөтэй байдал газар авч хүнд нөхцөл байдлыг үүсгэх магадлалтай.

АНУ-ын тээврийн салбарт ажиллагсадын 70% нь том машины жолооч байдаг гэсэн судалгаа байдаг. Харин 4-р хувьсгалын үр нөлөөгөөр интернэтийн хэрэгсэл (IoT)-үүд нь тээврийн салбарыг тэр чигт нь өөрчлөх дүр зурагтай байна. 2016 оны 4-р сард томоохон ачааны машин үйлдвэрлэгчид болох DAF, Daimler, Iveco, MAN, Scania болон Volvo-н нэрийн өмнөөс цуваа машинууд хагас автомат буюу жолоочийн хяналтан доор Европын улсуудаар туршилтын тээвэрлэлтийг хийсэн бол 2016 оны 10-р сард Америкт анхны жолоочгүй машин 190км-ын тээврийг амжилттай зохион байгуулаад байгаа ба энэхүү жолоочгүй машин нь дөнгөж эхний шатны дэвшил байх нь. Мөн жижиг ачаа илгээмжийн салбарт Дрон аль хэдийн нэвтэрсэн бөгөөд АНУ гэх мэт орнуудад түүний хөдөлгөөнийг зохицуулах эрх зүйн актуудын боловсруулалтын шатанд ажиллаж байна. Цаашид ухаалаг тээврийн систем нь дэлхийн нүүрсхүчлийн хийн хэрэглээг бууруулж хаягдлыг багасгах боломжтой болж байна.

Бэлтгэл сайтай биш байвал өөрчлөлт нь хүлээж авахад хүндрэлтэй байдаг. 3Д хэвлэлийн хувьд бүүр хэрцгий өөрчлөлтүүдийг бий болгохоор байна. Энэ нь яг хэрэгцээтэй үедээ хүссэн загварынхаа бүтээгдэхүүн болон түүний эд ангийг интернэтээс татан авч хэвлэх боломжийг олгоно.

3Д хэвлэл бүрэн нэвтэрснээр тээвэрлэлтийн зардалд мэдэгдэхүйц хэмжээний бууралтыг үзүүлэх тул үүнээс үүсдэг бохирдол дагаад багасна. Мөн эрүүл мэндийн салбарт 3Д хэвлэл хүний өвчилсөн эд эрхтэнг нөхөх зорилгоор аль хэдийн ороод байна. Хүний генетикийн бүтцийг хуулбарлах боломжтой болж байгаа нь маш их маргааныг дагуулж байна. Генийг хуулбарлан гаргаж авсан шинэ эрхтэнүүд нь ямар нэг эд эрхтэн өвчлөхөд оронд нь хувилан гаргасан эрүүлийг нь шилжүүлэн суулгах боломжийг олгож байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн хүн амын дундаж наслалт нь улам өндөр болох болчихоод байна. Тиймээс засгийн газрууд тэтгэвэр болон өндөр насны халамжийн бодлогодоо өөрчлөлт оруулахгүй бол төсөв болон эдийн засгийн хүндрэлүүд үүсэх магадлалтай байна.
Харин нийгмийн бүлгийнхэн, ажиллах чадамжтай нас болон тэтгэврийн насыг дахин тодорхойлохшаардлагатай болж байна. Бид хүмүүсийг хагас цагаар ч бай бүтэн цагаар ч бай илүү урт хугацаанд ажиллуулж байх шаардлагатай тулгараад байна. Хүн төрөлхтөний хэрэгцээнд ургамлын гаралтай орц найрлагуудыг ашиглах хандлага улам өсөх тул хамгийн чухал нь ургац хураалтын хэмжээг нэмэгдүүлэх асуудал ч тулгамдах шинжтэй байна.

Өмнөх жишээнүүдээс харахад технологийн 4-р хувьсгал нь үйлдвэрлэлээс тээвэрлэлт, хөдөө аж ахуйгаас санхүүгийн гээд эдийн засгийн бүхий л салбаруудад нөлөөлөх нь гарцаагүй болоод байна. Мөн боловсролын салбарыг ч өөрчлөхөөр байна. Бид ангид суурилсан уламжлалт боловсролын системээ хадгалсаар байгаа. Энэ аргаас илүү сайныг бид урт хугацааны дараа л олж илрүүлэх байх. Гэхдээ бид технологид суурилсан зардал хэмнэсэн, хүртээмжтэй байдлыг нэмсэн аргуудыг түлхүү дэмжих нь тодорхой болоод байна. MIT, Harvard, саяхан Oxford-н их сургууль гээд дэлхийн тэргүүлэх их сургуулиуд ар араасаа цахим сургалтын төвүүдийг байгуулаад эхэлсэн бөгөөд www.coursera.org болон www.khanacademy.org зэрэг үнэгүй, чанартай боловсролын сайтууд ч маш өргөн хэрэглэгдэх болоод байгааг та мэдэж байгаа байх.

4-р хувьсгалын талаарх олон таамаглалууд нь улс төр, нийгэм болон соёлын ялгааг үл харгалзан өөрөө аяндаа бий болохоор байна. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд орлогын ялгаатай байдал улам бүр газар авч байгаа нь технологийн өөрчлөлтийг амжилттай нэвтрүүлж чадсан зарим хүмүүст ихээхэн ашиг тусыг өгч байна. Технологи нь өөрөө асар үнэтэй байгаа тул хойноос дагагчдын хувьд гүйцэж өөрийн болгоход, илүү боломжтой бүүр илүү сайжирсан шинэ хувилбарууд нь гарсаар байна. Бид цаашид улам илүү бий болох боломжтой энэхүү шударга биш байдлыг дэвэргэхгүй байх хэрэгтэй бөгөөд боломжоороо бууруулах шаардлагатай. 4-р хувьсгалыг хүн бүрт ашигтай байлгах нөхцөлийг засгийн газрууд, компаниуд болон бусад олон улсын байгууллагууд хамтран хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай.

Үнэндээ технологийн өөрчлөлт нь дэлхийн геополитикийн балансад аль хэдийн нөлөөлөөд эхэлсэн. Зарим улсууд бусдаасаа илүү хүчтэй болж эхэлж байна. Дэлхий ертөнц тогтвортой, цэгцтэй байх үр дүнтэй засаглалын механизмыг бүтээхийг шаардаж байна.

19-р зууны төгсгөлөөр бий болсон Үйлдвэрлэлийн 2-р хувьсгал нь бидэнд орчин үеийн хими, автомашин, цахилгаан бараа болон бусад маш олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг авчирсан.

Эдгээр нь хүн төрөлхтөнд ашиг тустай байсан нь үнэн ч Дэлхийн 1, 2-р дайнаас гадна олон сөргөлдөөн буюу үхлийг ч дагуулсан.

Тиймээс 4-р хувьсгалыг эв зүйтэй хүлээн авч чадах эсэх нь бидний улс төрийн хамгийн том уриалга болох биз ээ.

Дээр дурдсан олон жишээнээс та боломжийг харж чадаж байна уу? Айдасыг мэдэрч байна уу? Нэгэнт энэ өөрчлөлтүүд бидний амьдралд нэвтрээд эхэлсэн байгаа тул өөрийнхөө өдөр дутамдаа хийж буй ажилдаа дүн шинжилгээ хийхийг танд зөвлөе. Цөөн хүн амтай, таруу байршилтай манай улсын хувьд энэхүү хувьсгал нь хэзээ ч мөрөөдөж байгаагүй боломжийг бий болгож мэдэх юм. Тиймээс бүгдээрээ илүү ухаантай, мэдлэгтэй байж болж буй өөрчлөлтүүдийг Монголчлоод амьдрал ахуйгаа дээшлүүлцгээх үү?

Эх сурвалж: Fourth revolution to change everything, Mauro Guillen (director of the Lauder Institute, Wharton School, University of Pennsylvania)

Дэлхийн бизнесийн хамгийн шилдэг сургуулиудын нэг Франц улсаас үүсэлтэй INSEAD – ын профессоруудын 20 гаран жилийн судалгаа, шинжилгээний дүнд бүтсэн “Blue Ocean Strategy” буюу “Хөх далайн стратеги” номын хураангуйг та бүхэнд хүргэе. Олон оронд хамгийн олон хувь борлогдсон шилдэг номын жагсаалтанд тэргүүлсэн энэхүү номыг ганцхан удаагийн хураангуй бичвэрээр хүргэхэд хэтэрхий жулдах учир хэд хэдэн цуврал болгон хүргэхээр боллоо.

Энэхүү ном нь жижиг, дунд, мега гээд ямар ч түвшний бизнес эрхлэгчид төдийгүй үндэсний хэмжээний стратеги, төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэхэд тус болох аргачлалуудыг танилцуулан, тайлбарласнаараа гол давуу талтай. Иймд номын зохиогчид эдгээр аргачлалуудыг өөрсдийн www.blueoceanstrategy.com хуудсанд танилцуулсны дагуу номын гол санаануудыг хураангуйлан хүргэе.

1. Цусан улаан далай ба Номин хөх далай
Бидний амьдарч буй капиталист нийгэмд бизнесүүдийн баримталж ирсэн үндсэн зарчмуудын нэг нь дайн байлдаанаар бол амь өрссөн цусан улаан тулаанд өрсөлдөгчдөө ялан дийлж, өөрийн бизнесээ ашигтай ажиллуулах явдал байсаар ирсэн. Гэтэл 21-р зуунд аливаа бизнес тухайн мөчид ашигтай байна гэдэг нь тус бизнесийн амжилтын гол шалгуур биш харин аливаа бизнес хэр нэр хүндтэй, тогтвортой өсөлттэй, ашигаа нэмэгдүүлж чадаж байна гэдэг тус бизнесийн амжилтын гол үзүүлэлтүүд байх болжээ.

Үүнийг номын зохиогчид бизнесийн уламжлалт улаан стратегийг халж, аль хэдийн өрсөлдөгчдөөр дүүрсэн зах зээлд бус зах хязгааргүй хөх далайн хаа нэгтээ нуугдаж буй боломжийг нээн илрүүлж хэрэглэгчдэд шинэ үнэ цэнэ, давуу талыг мэдрүүлэх шинэ төрлийн эрэлт хэрэгцээг бий болгож, цуст өрсөлдөөнөөс зайлсхийхийг зөвлөжээ.
Ийм бизнесийн жишээ нь Канад улсаас үүсэлтэй CirqueDuSoleil энтертаймэнт бизнес юм. Тэд 1980-аад онд алиалагч, амьтдын үзүүлбэр зэрэг улиг болсон үзүүлбэрүүдээс хэтрэхээ больж үзэгчдээ бусад төрлийн энтертаймэнт бизнесүүдэд алдаж байсан циркийн үзүүлбэрүүдийг цоо шинэ, үзэгчдийг байлдан дагуулж, алмайруулсан үзүүлбэрүүдээр сольж, энтертаймэнт бизнест урьд өмнө үзэгдээгүй шинэ урсгалыг бий болгосон. Түүгээр зогсохгүй тэд аль ч үеийн үзэгчдийн сонирхлыг татахын тулд одоо ч үзвэрүүдээ шинэчилж, тайз засалтаа урьд урьдаас илүү сайжруулсаар байна.
2. Дөрвөн үйлдэлт шинжилгээ
Аливаа бизнесийг шинээр эхлүүлэх юмуу оршин буй бизнесийг өргөжүүлэх, зогсонги байдлаас нь гаргахын тулд бизнес эрхлэгчид дараах дөрвөн үйлдэл буюу асуултын дагуу өөрийн бизнестээ дүн шинжилгээ хийж, стратегиэ тодорхойлох юмуу шинэчлэх замаар шинэ үнэ цэнийг хэрэглэгчдэд санал болгох хэрэгтэй.

Эдгээр дөрвөн үйлдлийг гүйцэтгэхийн тулд та өөртөө тавих асуултууд:

1. Юуг бизнес эрхлэх салбарынхаа стандарт дунджаас хамаагүй илүү байлгах вэ?
2. Бизнес эрхлэх салбарт чинь урьд нь хэрэглэгчдэд санал болгож байгаагүй юуг шинээр бий болгох хэрэгтэй вэ?
3. Юуг бизнес эрхлэх салбарынхаа стандарт дунджаас хамаагүй бага байлгах вэ?
4. Бизнес эрхлэх салбарт чинь өрсөлдөөнийг хамгийн их өдөөдөг юуг хасах хэрэгтэй вэ?

Тухайлбал дээр дурдсан CirqueDeSoleil дээр хийгдсэн дөрвөн үйлдэлт шинжилгээний үр дүн дараах байдалтай байна:
1. Тэд уламжлалт циркийн шоунууд болдог дундаж газруудаас хамаагүй илүү багтаамжтай, үзэмжтэй, тансаг газруудад шоугаа зохион байгуулах болсон.
2. Тэд үзүүлбэрийн шинэ сэдвүүд, хэд хэдэн тавилтууд, сайжруулсан орчин, хөгжим бүжгийн гайхам тоглолтуудыг шинээр бий болгосон.
3. Тэд өөрсдийн үзүүлбэрүүддээ хошин шог, аюултай юмуу амь өрссөн үзүүлбэрүүдийг уламжлалт циркийн үзүүлбэрүүдээс хамаагүй бага хэмжээнд оруулсан.
4. Тэд салбартаа л од гэгддэг жүжигчид, маллахад үнэтэй амьтдын үзүүлбэрүүд, тоглолтын дундуур үзэгчдэд ундаа, амттан зарах, тоглолтын хэд хэдэн газартай байх зэрэг уламжлалт циркт тогтсон цөөнгүй жаягуудыг хассан.

“Хөх далайн стратеги” номын хураангуй болон дараа дараагийн “дэлхийн шилдэг номын хураангуй” цувралын маань бичвэр нийтлэгдмэгц алдалгүй уншихыг хүсвэл манай сайтын мэдээлэл авах хэсэгт цахим хаягаа бүртгүүлээрэй!

Ихэнх амжилттай яваа хүмүүс байнгын унших зуршилтай байдгийг та бид бүгд мэднэ. Жишээлбэл 2015 онд Фэйсбүүк компанийн захирал Марк Зүкербүрг 7 хоногт 1 ном уншиж байх зорилго тавьж байсныг санаж буй байх. Хятадын төв номын сангийн гадаа оочерлон зогсож буй залуусын зургийг ч та олон нийтийн хуудсуудаар харсан байх. Гэтэл манай Монгол залуусын хувьд дийлэнх нь унших дадалыг өөртөө суулгаагүй байгаа нь ажиглагддаг. Сурахад хэзээ ч оройтдоггүй гэдэг тул Монгол залуу та ном тогтмол уншиж доорх ашиг тусуудыг амьдралдаа нээн өөртөө болон эх орондоо үнэ цэнэтэй амьдраарай.

1. Оюуны дасгал
Хүний биеийн бүх булчингуудын адил тархийг эрүүл хүчтэй байлгахын тулд байнгын дасгал хийж байх ёстой. Ашиглагдахгүй зүйлс үгжирч байдаг бол ашиглагдаж байгаа зүйлс улам цааш хөгжиж байдаг нь хорвоогийн жам юм. Идэвхитэй уншигчдын Алзаймер буюу бидний мэддэгээр зөнөглөх өвчинд нэрвэгдэх магадлал буурдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
2. Стресс буурна
Ажил, хичээл ном, гэр бүл, найз нөхөдийн харилцаа гээд бидэнд өдөр тутам стрессдэх шалтгаан түм бумаараа бий болж байдаг. Тэгвэл сайн зохиол унших үед та номондоо орж өдөр тутмын амьдралаасаа аль хэдийн хөндийрч зовлон бэрхшээлээ түр мартдаг. Тиймээс ном уншихаа больсон ч таны бэрхшээл – таныг стрессдүүлсэн зүйлийн шалтгаан нь өчүүхэн болохыг ойлгож тайвширсан байдаг байна.
3. Мэдлэг тэлнэ
Ном уншиж байх үедээ бид тодорхой хэмжээний мэдлэгийг өөрийн тархиндаа хадгалан авч үлдэж байдаг. Та хэр их мэдлэгтэй байна амьдралд тулгарах бэрхшээлүүдтэй илүү зэвсэглэсэн тулах болно. Та ажил мэргэжил, мөнгө магадгүй эрүүл мэндээ алдсан ч таны өөрийн тархинд хуримтлуулсан мэдлэгийг хэн ч булааж авах боломжгүй.

4. Үгийн сан баяжина
Ном уншдаг хүмүүс өдөр тутмын яриандаа ч бусдаас илүү олон үгийг ашиглаж илүү өргөн хүрээтэй ярьдаг. Та бид хэдийгээр өөрийн төрөлх хэлээрээ хангалттай ойлголцдог хэдий ч яруу тансаг үг хэллэг ашиглахгүй цөөн тооны үгэн дунд эргэлдэж байдаг. Олон сайхан үг ашиглаж ярьдаг хүмүүсийг бид өөрийн мэдэлгүй хүндэтгэн харьцдаг шүү дээ. Хэр олон тооны үг хэллэг ашиглаж байгаа нь тухайн хүний боловсролын түвшинг илэрхийлдэг бас нэг чухал үзүүлэлтийн нэг байдаг. Мөн гадаад хэл сурч буй хүмүүс ном тогтмол уншиснаар үгийн сан нь баяжиж, үгийг зөв хэрэглэх хэвшил суудаг гэж гадаад хэлний багш нар дүгнэдэг бөгөөд хэл сурч буй залуусыг тухайн хэл дээрх ном зохиол уншиж байхыг зөвлөдөг.
5. Ой тогтоолт сайжирна
Ямар нэг зохиол уншиж байхдаа бид дүрүүдийн зан чанар, амьдралын замнал болон хэрхэн ямар сэжимээр хоорондоо холбогдож буй гэх мэт нарийн төвөгтэй ниваансуудыг нь санаж байх шаардлагатай байдаг. Гайхалтай нь энгийнээр тайлбарлахад бидний тархи шинэ зүйл тогтоох бүрт түүнийг хадгалах шинэ зайг гаргаж өгдөг тул хадгалагдсан мэдээлэл хоорондын дамжих зам богиносч эргүүлэн санах замыг богино болгодог. Тиймээс илүү ихийг ойлгож тогтоох тусам бидний тархи илүү хурдан шуурхай ажилдаг болдог байх нь. Гайхалтай биш гэж үү?
6. Анализ хийх чадвар сайжирна
Ихэнх зохиолууд дээр гол дүрийн баатрууд тулгарсан ямар нэг бэрхшээл саадыг давдаг. Энэ нь уншигч бидэнд түүний алдаанаас суралцах, цаашлаад ижил нөхцөл байдал тулгарвал түүнийг хэрхэн даван туулах бэ гэдэг арга замыг зааж өгдөг тул бидний толгойг багагүй ажлуулж дүгнэлт анализ хийх чадваруудыг маань хөгжүүлдэг.
7. Төвлөрөх чадвар сайжирна
Өнөөдрийн интернэтэд суурилсан технологийн эрин үед бид аливаа зүйлд төвлөрөхөөс илүүтэйгээр гар утсаараа найзтайгаа чатлан, ажлын програмд шаардлагатай өгөгдөлийг оруулангаа, и-мэйлдээ хариу өгч мөн дээрээс нь вэб хуудаснууд шүүн хэрэгтэй мэдээлэлээ хайж байдаг. Яг л таныг дүрслэн бичиж буй мэт байна уу? Харамсалтай нь энэ төрлийн олон зүйлийг зэрэг амжуулах хүсэл маань биднийг илүү стрессдүүлж, бүтээмжийг маань бууруулж байдаг. Харин ном уншиж байхдаа бид зохиолдоо л бүх анхаарлаа төвлөрүүлдэг. Тиймээс ажилаа эхлэхээс 15-20 минутын ном уншиж хэвшснээр тархиа чөлөөлөн ажилдаа илүү төвлөрдөг болохыг судлаачид нотолжээ. Та ч мөн туршаад үзээрэй!
8. Бичих чадвар сайжирна
Ямар ч сайн бичвэрт бусдын ажлаас авсан санаа ордог. Тиймээс хэн илүү их уншина түүний жишээ авч бичих, сэдвээ баяжуулах чадвар дагаад өсдөг болох нь маргаангүй үнэн ажээ.

9. Эрүүл мэндэд тустай
Сэтгэл зүйн хувьд тогтворгүй, огцом ширүүн зантай хүмүүсийг ном уншиж тайвширч байхыг зөвлөдөг. Учир нь хүн номноос өөрийгөө таних, дотоод амар амгаланг олох боломжтой байдаг. Ном унших нь хүний тархийг олон бодлоос нь чөлөөлж өгдөг тул маш хурдан, бүх сайн унтах нойрны эм болох боломжтой байх нь. Мөн саяхан нэгэн судалгаанаас чанартай сайн зохиол уншдаг хүмүүс сэтгэл санааны хувьд тогтвортой, залуу байж элдэв өвчин тусах магадлал нь буурдаг тул ном уншдаггүй хүмүүстэй харьцуулахад урт насалдаг нь тогтоогдсон байсан.
10. Бүтээлч болон ургуулан төсөөлөх чадвар өснө
Бид номон дээрх тайлбарласан зураглалаас өөрийн хэзээ ч байж үзээгүй орчинд өөрийн төсөөллийн ачаар очиж чаддаг. Ургуулан бодох, төсөөлөх чадварыг ном уншиж байнга хөгжүүлснээр хүний бүтээлч сэтгэхүй хөгждөг болох нь олон судалгааны үр дүнгээс гарчээ.

 

Эх сурвалж: http://www.lifehack.org, “10 Benefits of Reading: Why You Should Read Every Day”, Lana Winter-Hébert