2024 онд Америкт шинээр нээгдсэн бараг 2 бизнес тутмын 1 нь эмэгтэйчүүдийнх байв. Энэ нь Густогийн Шинэ бизнесийн үүсэл хөгжлийн 2025 оны судалгаагаар түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Мөн 2019-2023 оны хооронд эмэгтэйчүүдийн эзэмшлийн бизнесийн тоо эрэгтэйчүүдээс бараг 2 дахин өссөн болохыг Wells Fargo-ийн 2024 оны Эмэгтэйчүүдийн эзэмшдэг бизнесийн нөлөөллийн тайланд дурджээ.
Яагаад эмэгтэйчүүд ийм олноор бизнес эрхэлж эхлэх болов? Үүнд нөлөөлсөн хэд, хэдэн шалтгаан бий.
Илүү уян хатан байхын тулд: Хүүхдээ эсвэл настай эцэг эхээ асрах үүрэг эмэгтэйчүүдэд гол төлөв ноогддог нь бодит байдал. Судалгаанаас үзэхэд, Америкийн эмэгтэйчүүд бизнесийг эрхлэх болсон гол шалтгаан нь гэр бүлийнхээ хэрэгцээ шаардлагад ажлаа нийцүүлэх явдал байсан. Өөр нэг судалгаанаас үзэхэд, судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 74 орчим хувь нь мөнгө олохоос илүү уян хатан байдал чухал хэмээн хариулжээ. Өөрөө өөрийнхөө босс байх нь хэн нэгний төлөө ажилласнаас илүүтэй эрх чөлөөг олгодог. Ингэж бие даах нь гэр бүлээ түрүүнд тавих боломж олгодог. Өөрийнхөө хуваарийг өөрөө гаргадаг байх нь дасгал хөдөлгөөн хийх, эрүүл амьдралын хэв маягийг бий болгоход цаг гаргах боломжийг олгодог учраас эмэгтэйчүүд энтерпренершип эрхэлж байна.
Өөрийнхөө үнэ цэнэд нийцсэн цалин хөлс авахын тулд: Харамсалтай нь, жендерээс шалтгаалсан цалингийн ялгаа олон жилийн хугацаанд амь бөхтэй оршсоор байна. АНУ-ын статистикийн товчооноос гаргасан судалгаанаас үзэхэд, 2016 онд бүтэн цагаар, жилийн туршид ажилладаг эмэгтэйчүүд адилхан ажил эрхэлдэг эрэгтэйчүүдийн авдаг цалингийн 80 хувьтай тэнцэх орлого олж байв. 2001 оноос хойш явагдаж байгаа өөрчлөлт энэ байдлаараа үргэлжилбэл, 2119 онд гэхэд л эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй ижил цалин авдаг болно. Эмэгтэйчүүд дахиад 100 жил хүлээхийг хүснэ гэж үү? Мэдээжийн үгүй болохоор энтерпренершипийг сонгож байна. Та босс болчихвол өөрийнхөө цалинг тогтоож, өөрийнхөө үнэ цэнэд нийцсэн орлоготой болох байр сууринд очно.
Ирээдүйгээ удирдах илүү бололцоотой болохын тулд: Аль нэг компанид ажиллах нь тогтвортой байдлыг бий болгодог гэх үзэл бий. Гэвч компанид ажиллах хугацаандаа эмэгтэйчүүд орон тооны цомхотгол, ажлын байрыг шинээр зохион байгуулах, компанийг нь өөр компани худалдан авах зэрэг олон асуудалтай тулгардаг. Байгууллагад гарах өөрчлөлтүүд нь хэн нэгний дангаар шийдэх бололцоогүй асуудал ба карьерт сөргөөр нөлөөлж болно. Өөрийнхөө төлөө ажиллана гэдэг нь өөрөө машинхаа жолооч нь болно гэсэн үг. Энэ нь та өөрөө зөвхөн бизнесийн үйл ажиллагаагаа удирдана гэсэн үг төдийгүй үйлчлүүлэгч, бизнесийнхээ хамтрагчдыг сонгох боломж юм.
Илүү хурдан урагшлахын тулд: Үл үзэгдэх саад бэрхшээлээс зугтахын тулд илүү олон эмэгтэйчүүд бизнес эрхэлж эхэлдэг. LeanIn.Org, McKinsey & Co. зэрэг компанийн судалгаанаас үзэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил тоотой тушаал дэвшихийг хүсдэг боловч эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдийн тушаалд дэвших магадлал 15 хувиар бага. Энэ хурдаар явах юм бол дээд түвшний албан тушаалд жендэрийн тэгш байдал бий болоход 100 жил шаардлагатай болно. Иймээс эмэгтэйчүүд илүү хурдан хугацаанд тушаал ахихын тулд энтерпренершипийг сонгож байна.
Хүсэл сонирхлоо дагахын тулд: Ажил нь урам зориг өгөхөө больсноос олон эмэгтэй ажлаа орхидог. Шинээр бизнес эрхлэх нь амьдралыг утга учиртай болгож, эргээд дурсахад бахархахуйц өвийг үлдээх боломж байдаг. Үнэхээр амжилттай байхын тулд ажилдаа дур сонирхолтой байх хэрэгтэй. Компанийн ажил тань давчидмаар, юунд ч хүрэхгүй байгаа юм шиг санагдвал өөрөө өөрийнхөө босс болох эсэхээ бодох цаг болжээ. Эцсийн дүнд, ойшоодоггүй асуудалдаа амжилт гаргахаас илүү дуртай зүйлээ хийж байгаад бүтэлгүйтэх нь хамаагүй дээр.
Эх сурвалж:
(зураг) https://www.sheinspiremagazine.com/blog/women-entrepreneurs-breaking-barriers-and-redefining-success


Тэмцээнийг 12 дугаар сарын 
Шинэлэг, бүтээлч аргачлалаар сура





