Author Archive

Нүүр хуудас / Author's Article(s) / Л Бямбаханд

Дундаж давхарга тэлж байгаа орнуудад хүмүүс гэрийн тэжээвэр амьтдыг олноор нь тэжээх хандлага хамгийн тод ажиглагдаж байна. Энэ хандлагын улмаас гэрийн тэжээвэр амьтдын зах зээл хурдтай өсөж байгаа юм. Тухайлбал, Хятадад дундаж давхарга хүрээгээ тэлж байгаа. Тус улсад хүн амын төрөлт буурч байгаатай зэрэгцэн  гэрийн тэжээвэр амьтдыг өмчлөхтэй холбоотой дүрэм журмыг сулруулснаар гэрийн тэжээвэр амьтдыг өмчлөх байдал 2014-2019 оны хооронд 113%-иар өссөн бөгөөд 2024 онд БНХАУ дэлхийд хамгийн олон гэрийн тэжээвэр амьтантай улс болсон. 

Хятадын хотын тэжээвэр амьтдын (нохой, муур) зах зээл 2024 онд 300 тэрбум юань (42 тэрбум ам.доллар)-аас давсан бөгөөд 2027 он гэхэд 404.2 тэрбум юаньд хүрэх төлөвтэй байна. БНХАУ-ын Мал эмнэлгийн холбооны удирдлага дор гаргасан Хятадын тэжээвэр амьтдын үйлдвэрлэлийн 2025 оны цагаан ном (Хэрэглээний тайлан)-д дурдсанаар, тэжээвэр амьтдын эздийн дунд 1990-ээд онд төрсөн хүмүүс 41.2 хувийг эзэлж байгаа бол 2000 оноос хойш төрсөн хүмүүс 25.6 хувийг эзэлж байна. 

Өмнөд Солонгост гэрийн тэжээвэр амьтдыг өмчлөх явдал 2014-2018 оны хооронд 5 саяас 7.5 сая болж өссөн нь 50%-ийн өсөлт гарсныг харуулж байна. KB Financial Group-ийн 5 дугаар сард нийтэлсэн Солонгосын тэжээвэр амьтдын 2025 оны тайланд дурдсанаар, 2024 оны эцсийн байдлаар 15.46 сая хүн тэжээвэр амьтантай байсан нь нийт хүн амын 29.9 хувийг эзэлж байна. 

Энэ нь 10 Солонгос хүн тутмын 3 нь тэжээвэр амьтантай амьдардаг гэсэн үг гэж Maeil Business Newspaper мэдээлсэн.

Bloomberg Intelligence-ийн саяхан гаргасан 2025 оны гэрийн тэжээвэр амьтдын эдийн засгийн тайланд дурдсанаар, дэлхийн гэрийн тэжээвэр амьтдын салбар дараагийн таван жилийн хугацаанд 45%-иас дээш өсч, 2030 он гэхэд 500 тэрбум ам.доллараас давах төлөвтэй байна. Тус компанийн хувьцааны судалгааны шинжээч Диана Розеро-Пена “Petfood Forum 2025”-д оролцохдоо гэрийн тэжээвэр амьтдын хоолны эрэлт тогтвортой байж, зарцуулалтын зан төлөв өөрчлөгдөж, АНУ-ын брэндийн давамгайлал үргэлжилсээр байгааг онцолсон.

Гэрийн тэжээвэр амьтдын хоол хүнс нь гэрийн тэжээвэр амьтдын эдийн засгийн тэлэх гол цөм болсон хэвээр байна. Bloomberg Intelligence-ийн тооцоолсноор дэлхийн гэрийн тэжээвэр амьтдын хоолны борлуулалт 2030 он гэхэд 36%-иар өсч, 145 тэрбум ам.долларт хүрэх бөгөөд үүний 68 тэрбум доллар нь АНУ-д ногдох болно. Гэрийн тэжээвэр амьтдын дээд зэрэглэлийн хоол хүнс бүр ч хурдан буюу 40%-иар өсч, ирэх 10 жилийн эцэс гэхэд АНУ-ын зах зээлийн бараг 60%-ийг эзлэх төлөвтэй байна.

Нөгөөтэйгүүр, гэрийн тэжээвэр амьтдын тоо нэмэгдэхэд нөлөөлсөн нэг шалтгаан нь шинэ соёл төлөвшиж байгаатай холбоотой. Гэрийн тэжээвэр амьтдыг хүншүүлж, хамтран амьдрах хань гэж харах хандлага дэлгэрсний улмаас шинэ “гэрийн тэжээвэр амьтдын шинэ соёл” төлөвшиж байна.


Залуу хүмүүс гэрийн тэжээвэр амьтдаа гэр бүлийн салшгүй гишүүн, сэтгэл санааны чухал хамтрагч гэж үзэх болсон. Орчин үеийн нийгэмд ажил, амьдрал, нийгмийн хүлээлтээс үүдэлтэй дарамт улам бүр нэмэгдэж байгаагаас гэрийн тэжээвэр амьтад стрессийг бууруулж, болзолгүй, шүүмжлэлгүй сэтгэл санааны дэм болдог гэж үзэх болсон.

Ковид-19 цар тахал хүний амьдралын бүх хүрээнд нөлөөлсний нэгэн адилаар цар тахлын улмаас маш олон хүн гэрийн тэжээвэр амьтантай болсон. Их Британид гэхэд цар тахлын хөл хорионы үеэр 2 сая гаруй хүн гэрийн тэжээвэр амьтан авсан бол Австралид цар тахлын оргил үед 1 сая гаруй гэрийн тэжээвэр амьтан эзэнтэй болжээ. 

 

 

Ашигласан материал:

https://www.petfoodindustry.com/global-commerce/article/15745322/why-the-global-pet-economy-is-poised-to-surpass-500-billion-by-2030

https://www.globaltimes.cn/page/202511/1347418.shtml

https://healthforanimals.org/reports/pet-care-report/global-trends-in-the-pet-population/ 

http://www.cnfocus.com/pampered-pets-booming-market/ 

1990-ээд оны сүүлээр эдийн засагч Жозеф Пайн II “туршлагын эдийн засаг” (experience economy) гэх нэр томъёог дэлгэрүүлсэн. Ижил нэрээр хэвлүүлсэн номондоо Ж.Пайн бизнесүүд өрсөлдөгчдөөсөө ялгарахын тулд үйлчлүүлэгчдэдээ өвөрмөц туршлагаар дамжуулан мэдрэмжийг бий болгоход анхаарлаа хандуулах ёстойг зөвлөсөн. 

Хүмүүс зүгээр л бараа бүтээгдэхүүн худалдаж авснаар сэтгэл ханамжтай байхаа больсон, харин туршлага, цаашлаад мэдрэмжийг худалдан авахыг хүсч байна. 

Өнөөдөр энэ ойлголт нь урьд урьдынхаас илүү бодитой хэрэгжиж байна. Хэрэглэгчид өөрт нь таатай, мартагдашгүй туршлагыг өгөх боломжтой компаниудыг эрж хайх болов. Өнөөгийн өрсөлдөөнт зах зээлд амжилттай байя гэвэл үйлчлүүлэгчддээ тааламжтай туршлагыг мэдрүүлэхэд анхаарах нь зайлшгүй хэрэгтэй болоод байна. 

Тааламжтай туршлагыг мэдрүүлэх олон арга зам бий боловч томоохон брэндүүд кофе шоп, кафе нээх нь хамгийн оновчтой арга гэж харж байна. Туршлагын эдийн засагт цар тахал асар их сөрөг нөлөө үзүүлж, үндсэндээ энэ салбарыг устгасан боловч цар тахлын дараа хүмүүс туршлагыг дахин мэдрэхийг хүссэн. Түүний хамгийн бодит илрэл нь кафегаас брэндийн туршлагыг мэдрэх юм. 

Тийм учраас Uniqlo, Coach, Louis Vuitton, Dior зэрэг олон брэнд биет дэлгүүрүүд дээрээ кофе шоп, кафе уралдан нээж байна. Хувцасны Ralph Lauren брэнд АНУ болон Лондон, Барселона, Хонг Конг, Сингапур зэрэг хотод 40 гаруй дэлгүүрийн кофе шоптой. Uniqlo брэндийн тухайд анхны кафегаа 2021 онд Токио хотод нээж байсан бол АНУ-д анхны кафегаа Нью Йорк хотноо нээж, улмаар дэлхий даяар 9 газарт кафе ажиллуулж байна. 

Энэ чиг хандлага зөвхөн хувцасны брэндээр хязгаарлагдахгүй, банк зэрэг жижиглэнгийн уламжлалт бус худалдаачид хүртэл кафены концепцыг туршиж байна. Өнөөдөр жижиглэн худалдааны газрууд онлайн худалдаатай өрсөлдөж байгаа учраас кафены үйлчилгээ санал болгох нь худалдан авагчдад зөвхөн бүтээгдэхүүн худалдаж авахаас гадна дэлгүүрт илүү удаан байх, брэндийн орчноос тааламжтай туршлагыг мэдрэх шалтгаан болдог. Кафе нь хүний таван мэдрэхүйг идэвхжүүлж, гайхалтай бөгөөд мартагдашгүй туршлагыг бий болгоод зогсохгүй брэндэд үнэнч байх байдлыг нэмэгдүүлэхэд талтай. 

Дэлгүүр дотроо кофе шоп байх нь цахим контентийг бүтээж өгдөг. Кафены үйлчлүүлэгчид зургаа авч, цахимаар хуваалцаж байгаа нь брэндийн харагдах байдлыг органикаар нэмэгдүүлдэг. Ингэж бий болгосон дурсамж нь дэлгүүрээс гарч явсны дараа ч гэсэн үйлчлүүлэгчдэд удаан хугацааны үргэлжлэх, сэтгэлзүй хэлхээ холбоо тогтоох боломжийг олгодог.

Дэлгүүрийн доторх кафе нь дэлгүүрийг зорих хүний урсгалыг нэмэгдүүлэх, дэлгүүрт байх хугацааг уртасгах замаар борлуулалтыг нийтэд нь мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг сайн тал бий. Жишээлбэл, Uniqlo брэндийн тухайд, Америкийн зах зээлд амжилт олж, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд (Uniqlo-ийн Хойд Америкийн зах зээлээс олсон орлого 2 тэрбум ам.доллар орчимд хүрсэн), тус брэнд дэлгүүрээс мэдэрч болох туршлагыг маркетингийнхаа гол суваг болгосон. 

Uniqlo дэлгүүрүүдийн гадна маркетингийн самбаруудыг төдийлөн олж харахгүй. Гэтэл статистик мэдээллээс харахад, Uniqlo-ийн дэлгүүрийн үйлчлүүлэгчдийн 72 хувь нь цахимаар худалдаа хийхээсээ илүү биечлэн дэлгүүрт очиж, худалдаа хийх хүсдэг байна. Үүний шалтгаан нь Uniqlo дэлгүүрийн том цонх, гэрэлтэй орчин, эмх замбаартай байдал (хүйсээр болон улирлаар бараа бүтээгдэхүүнээ хувааж дэлгэсэн байдал) бөгөөд мөн кафены үйлчилгээ санал болгодог нь хэрэглэгчдийг тэнд “уядаг”. 

Нөгөө талаар, дэлгүүртээ кафе, кофе шоп ажиллуулах нь зардалтай бас түвэгтэй ажил. Кофе шоп ажиллуулахад кофены үнийн өсөлтийг харгалзах, ажилтан ажиллуулах, ложистикийн асуудал гэх мэт хүндрэл тулгарна. Мөн энэ чиг хандлага дэлгэрэхийн хэрээр адилхан кафе, кофе шоптой дэлгүүрүүдээс ялгарсан брэндийн өвөрмөц байдлыг кафены үйлчилгээндээ яаж шингээх вэ гэдэг толгой өвчин болж ирнэ. 

 

Эх сурвалж:

https://lesroches.edu/blog/what-is-the-experience-economy/ 

https://www.youtube.com/watch?v=sUsjpO4LwBc

https://www.vogue.com/article/inside-uniqlos-big-american-ambitions