Archive for the
‘Эдүкэйтэд тойм’ Category

Манайх Төв аймгийн нэгэн сумын уугуул айл. Наадмын өмнөхөн хөдөө аавындаа очоод найзууд ирэх болохоор хонь гаргах хэрэгтэйг хэлээд, аавын хонь голын цаана байдаг Даваа ахынд хэвээрээ эсэхийг асуутал ээж “Яах юм бэ. Түр зуур өөр айлаас аваад, дараа нь нөхөж өгье” гэв. Учрыг асуутал Даваа ахынх өвлөөс бусад улиралд нэг л газартаа нутагладаг болоод удаж байгаа, тийм болохоор мал нь таргалахаа байсан, туранхай аж.
Ээжийн ингэж хэлэхийг сонсмогцоо бодож эхэллээ. Гурван улиралд нэг л газартаа суурьшаад байхаар ямаа голдуу мал нь бэлчээрээ талхалдаг тул өвс ногоо олигтой ургахаа байж, мал нь шим тэжээлээр дутагдаж, тарга тэвээрэг авахгүй, мах нь гарц муутай, амт чанар тааруу байдаг байх нь.
Харин голын наана байдаг Сараагийн мал тарган, өнгөлөг. Саяхнаас ханилсан шинэхэн нөхөр нь ажилсаг, малд нүдтэй, бас хайртай гэнэ. Эднийх дөрвөн улиралдаа нүүж, бэлчээр сэлбэдэг. Зуслан, намаржаа, өвөлжөө, хаваржаагаа эгээ л өөрөө хашаа, пүнзэндээ амьдрах гэж буй мэт янзалж, юухныг ч дутуу юмгүй болтол засаж тохижуулдаг байна.

Нэгэн сум, багийн малчин хоёр айл ийм ялгаатай аж төрдөг. Өнгөц харахад ялгаа нь анзаарагдахгүй байж мэднэ. Жаал өнгийж ажваас малын тарга тэвээрэг, чанар, цаад утгаараа амьдрал ахуйгаа хөтөлж байгаа нь, нэг нь бэлчээр доройтуулж байхад, нөгөөх нь тэнцвэрт байдлыг хадгалж, сэргээж байдгаараа ялгаатай.

Уг нь энэ хоёр өрхийн тэргүүн, гэргий нар нь ч малчин удамтай. Мал яаж хариулдгийг, ашиг шимийг нь хэрхэн хүртэхээ ч мэддэг улс. Эдний хүүхэд нас социализмын үед өнгөрсөн бөгөөд аав, ээжийн хамт бүхий л ажлыг хийж ирсэн, сурсан болохоор малын ажилд түүртэх гэж үгүй. Харин өнөө цагт малын гаралтай бүтээгдэхүүн үнэгүйдэж, бүр хог болох шахаж байгаад харамсдаг. Эрхбиш ямааны ноолуур, хонины ноос, үхрийн хөөврийг мөнгө болгодог. Харин малын арьс, ширийг тушаах газар олдохгүй, дэмий өмхийрүүлж орхидогтоо сэтгэл нь өвддөг. Бас говийн бүсээс отроор ирээд буцахаа мэдэхгүй, бүр оршин суучихдаг болсон,  бэлчээр булаацалдах болдог “ирмэл” айлуудад дургүй. Нэг, хоёр удаа “ирмэл” нөхөдтэй бэлчээрээс болж муудалцсан ч удалгүй эвлэрсэн, өөр газруудад гарсан айхтар тохиолдлуудын тухай ч дуулсан.

Даваа ахынх уг нь хонь голдуу малтай байсан юм. Гэтэл сүүлийн арваад жил хонио цөөлсөөр, сүргээ дийлэнхийг нь ямаа болгочихсонд нь нутгийнхан нь таатай ханддаггүй. “Хэзээ монголчууд ямаа давамгай сүрэгтэй байлаа, бүтцээ ингэж эрс өөрчлөх нь нийт малчдад халгаатай, чухамдаа бэлчээрт муу. Танайх хувиа л бодлоо, одоо боль” гэж шаардах нь төвөгтэй. Гээд яалтай, ойролцоо насны хүүхдүүдээ бүгдийг нь дээд сургууль төгсгөхийн тулд эхнэр, нөхөр хоёр сонссон ч, сонсоогүй юм шиг ямаагаа л өсгөсөөр иржээ. Бас болоогүй эднийх мотоциклоор хонио хариулж, үхрээ ч тууж авчирдаг. Сараагийн нөхөр гадуурх ажлаа өөрөө л хийдэг. Хонио мориор хариулж, үхрээ тууж, авчрахдаа ч морь унана.

Даваа ахынхны мал зуны улиралд ч хол бэлчинэ. Өвс, ногооны сайныг хайж оддог. Эднийх заримдаа үхрээ нэлээд холоос мотоциклоор тууж ирэх бөгөөд том дэлэнтэй үнээнүүд хамраа сарталзуулан аахилан уухилсаар хашаа руугаа ирмэгцээ ногооны чацга харвуулж зогсдог юм. Сүүлээ баастай зуурсан үнээ саах хэнд ч хэцүү билээ. Бид мал амьтан ч гэсэн стресстдэг тухай орчин үеийнхэн хэвлэл мэдээллээс мэддэг болжээ. Сараагийнхны мал ийм зовлон үзээгүй байх. Сүүний гарц нь ч сайн болов уу. Тэднийх орой болгон үхрээ мориор тууж авчрахдаа малаа зөнгөөр нь аажуу алхуулдаг тул үнээнүүд нь аажуу тайвнаар хашаа руугаа ордог.

(Зураг Д.Энхтүвшин)

Ойрын хамаатных болон нутгийн, ах дүүгээс ялгаагүй дотно бас нэгэн айл мал, ахуй, бэлчээр, нутаг, бусад малчдад хэрхэн хандаж, яаж амьдардаг талаар дээр цухас зураглав. Энэ сумынхан Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлсэн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөлд хамрагдаагүй ч ийм төсөл байдаг, олон аймаг, суманд хүрч ажилласан гэдэг талаар дуулсан байна лээ. Уг төслийн талаар мэдээлэл, ойлголттой болж буйн хувьд үүнийг тэрлэсэн би энэ хоёр айл төсөлд хамрагдсан ч байсан болоосой, тэгсэн бол харах өнцөг, хандлага нь эрс өөрчлөгдсөн байх байлаа гэж бодсон.

“Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн өгөөж их, үлдэц ч арвин. Бэлээхэн туршлагуудыг шууд хуулбарлан хэрэглэж болохоор ч санагдах. Энэ төслийн талаар мэдэхгүй малчдад мэдээлж, төслийг хүргэвэл сүргийнхээ бүтцэд анхаарч, малынхаа тоо толгойг бэлчээрийнхээ даацад нийцүүлэн тохируулах, бэлчээрийн доройтлоос сэргийлсэн хариуцлагатай үйлдвэрлэл, малын гаралтай хариуцлагатай бүтээгдэхүүнийг дээдлэх үзэлтэй болох сон. Шаардлага өндөртэй өнөөгийн хэрэглэгчдийн сонирхлыг ч мэдэрч, мал маллах арга ухаандаа өөрчлөлт оруулах ч байх.

Орон нутагт бэлчээрийн мал аж ахуй эрхлэх зохистой загвар байдаг талаар мэдэж авч, уг төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлсэн Архангай аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Их Тамир сумын бэлчээр ашиглагчдын холбоо, мөн Бэлчээр ашиглагчдын хэсгүүдийн гээд таниуштай, судалж байгаад нэвтрүүлүүштэй туршлага олон аж.

“Монгол хүн байна даа” гэж үг бий. Даваа ахынх мотициклоор малаа хариулахаа болиосой. Монгол малчин монгол малаа морио унаж хариулдаг байгаасай. Ахмад малчид “Залуус залхуурахдаа, бэл бэнчингээр бие биеэсээ дутахгүй гэдгээ харуулах гэж, бусдыг дуурайж, бас илүү харагдах гэж малаа техникээр хариулдаг болсон. Монголоо алдана гэдэг чинь энэ” гэж ярьж байхыг олонтоо сонссон, үнэн ч болов уу. 2000 оноос өмнө, урд хөршид, Өвөр Монголд зорчихдоо анх удаа малаа мотоциклоор хариулж яваа хүн хараад ихэд гайхаж билээ. Зохисгүй, эвгүй харагдаж байлаа. Гэтэл түүнээс хойш нэг их удалгүй Монгол Улсад ч ингэж эхэлсэн нь өнөө хэр амь бөхтэй байна. Техникээр мал хариулах нь цаг хэмнэдэг байж болох ч бэлчээрийг малаас дутахгүй талхалдгийг бодолцсон ч энэ хэв маягаас татгалзах цаг болжээ.

Нэгэн үе малын хулгай дийлдэхгүй, халширмаар байсан нь үнэн. Тэр үеийг бодвол өдгөө харьцангуй багассан. Дээрх төслийн хүрээнд мал эмнэлгийн нэгдсэн, цахим систем бий болгон нэвтрүүлснээр малын хулгай эрс багассан хэмээн Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэлд дурдсан байсан. Малын хулгай бүрмөсөн устах хүртэл хуулийг чангатгах хэрэгтэй. Тэгэхээр малчид цаашдаа малаа аль болох морио унаж хариулах нөхцөл бүрдэх байх.

Байгаль хамгаалах үүднээс ч, дэлхийд хосгүй нүүдэлчин уламжлалаа хадгалан дээдэлж, улсын нэр нүүр, аялал жуулчлалын бодлогоо бодолцсон ч малчид малаа морио унаж хариулж байх нь онцлог соёлынхоо үнэт зүйлсийн нэгийг хайрлан, хамгаалж, авч үлдэн, сэргээн дэлгэрүүлэх боломж юм. Уг соёлыг сэргээн дэлгэрүүлэхийг төрийн зүгээс бодлогоор дэмжих шаардлага байна.

Мөн төр засгаас арга хэмжээ авахыг хүлээлгүй, төсөлд хамрагдаж, үр шимийг хүртсэн аймаг, сумынхан энэхүү хосгүй соёлоо эргүүлэн сэргээхэд манлайлан оролцож өөрсдийн туршлагаас хуваалцахыг уриалж байна.

Холын аян нэг алхмаас эхэлдэг лүгээ адил мал аж ахуй эрхлэхдээ бэлчээрийг зохистой ашиглах алсын аянд гарахдаа нэг ч гэсэн таагүй зуршлыг халах нь хот, хөдөөний бид бүгдийн амьдралын чанарт тэр хэрээр нэмэр болох буй за.

 

Гурван сая гаруйхан хүн амтай улсын маань мал сүргийн тоо 70 гаруй сая болж, малчид бэлчээрийн даацаас илүү гарсан малаа худалдан борлуулах аргагүй, ашиг шимийг нь авч барахгүй ч буянт малаа тоо толгойгоор нь өсгөсөөр. Бэлчээр нутаг талхлагдан хомсдож, эргэн сэргээгдэх чадавхи буурсаар буй нь нуух аргагүй үнэн билээ. Манай улсын хэмжээнд 2019 оны эцсийн мал тооллогын дүнгээр малын тоо толгой 71 саяд хүрсэн байсан бөгөөд 171.6 мянган малчин өрхийн эзэмшилд нийт малын 89.4 хувь байдаг нь тогтоогдсон. Эдгээр өрхийн 74.5 хувь нь 500 хүртэлх тооны малтай бол 18.5 хувь нь 1000 хүртэл, харин 7.1 хувь нь 1000-аас дээш малтай.

Нэгдэл хэмээх социалист зохион байгуулалтад муугаар хэлбэл хайрцаглагдаж,  сайнаар ярьвал жаргаж байсан малчид ерээд оноос хойш, тодруулбал өмч хувьчлалын дараагаас бие даан мал өсгөх, аж ахуй эрхлэх амаргүй замд орсон бөгөөд туршлагагүй зарим нь 2000, 2001 оны зуднаар байдгаа барчихсан түүх ч бий. Нүдэн дээр болж өнгөрсөн үйл явдал дахин давтагдвал яах вэ, малчид байгалийн гамшгийг хэрхэн давах туулах ёстой юм бэ хэмээн хаана хаанаа бодож эхэлсэн.

Гэхдээ бодсон бүхэн санаснаа хэр ажил хэрэг болгосон эсэхийг мэдэхгүй юм. Лав мал аж ахуй эрхлэгчдэд туслахаар бусдаас түрүүлж хөдөлсөн, удаан хугацааны турш, үр дүн гартал нь тууштай дэмжиж урт хугацааны төсөл хэрэгжүүлсэн байгууллага бол манай улсад үйл ажиллагаа явуулдаг Швейцарын хөгжлийн агентлаг юм.

Малын бэлчээрийг зохистой ашиглаж олон талын үр дүн гаргахыг зөвлөж зорьсон “Ногоон алт”, мөн мал эрүүлжүүлэх зорилго бүхий “Малын эрүүл мэнд” төслийг тус тусад нь хэрэгжүүлж байгаад нэгтгэн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” (НАМЭМ) төсөл болгож, царааг нь өргөжүүлэн хэрэгжүүлээд, өдгөө өндөрлүүлж байна. Уг төслийг хэрэгжүүлсний үр дүнд Бэлчээр ашиглалтын хэсгийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, бэлчээр ашиглалтын гэрээ нэвтрүүлэх замаар бэлчээрийн мал аж ахуй эрхлэх зохистой тогтолцоог орон даяар төлөвшүүлэх боломжтойг нотоллоо. Төслийг санаачлагчид зорьсондоо хүрсэнчлэн малчид ч төслийнхний чиглүүлж зөвлөснөөр малаа эрүүлжүүлэх, дундаа хоршоо хэлбэрийн санхүүгийн байгууллагатай байх гэх зэрэг олон талын мэдлэг эзэмшсэний нэг нь бэлчээрийг хариуцлагатайгаар ашиглаж, үр шимийг нь хүртэх дадал, зуршил юм.

Монголчууд өнө эртнээс нааш мал аж ахуй эрхлэн амьжиргаагаа тэтгэж ирсэн бөгөөд мал маллах ээлжлэх дөрвөн улирал, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулсан уламжлалт арга ухаан, технологитой ч, орчин цагийн амьдралын хүрдэнд алдаж онох, дутуу дулимаг бодох нь байна. Одоогийн малчдын зарим нь удам залгамжилсан, арга, туршлага сайтай байхад нийгмийн шилжилтийн жилүүдэд аргагүй нөхцөл байдлаас хөдөө гарч мал дагаж амьдрах болсон нь ч бий тул холимог болсон гэхээр. Угсаа гарваль, боловсрол, мэдлэг, туршлага адилгүй малчдын аж ахуйдаа хандах нь ч өөр ажгуу. Чухам ийм хүмүүст малаа маллаж, ашиг шимийг нь хүртэж ая тухтай амьдрахын тулд юуны өмнө мал аж ахуй эрхлэх үндсэн, суурь нөхцөл болсон бэлчээрээ зохистой ашиглаж байхыг төслийн зүгээс санал болгож, тусалсан, хөрөнгө ч харамгүй зарцуулсан хэрэг. Дэлхийд хөгжлөөр тэргүүлэгч орон тусламжийн гараа сунгасан нь нүүдэлчин соёл иргэншлийн сүүлчийн голомтын нэг болох Монгол улсад малчид нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа зүй тогтол, горимоор нь зохистой хөгжүүлж, ашгийг нь нийтээрээ хүртэх, магадгүй дэлхийд үлгэрлэхэд түлхэц болсон үр дүн гаргах зорилготой.

Бэлчээр ашиглах талын өвөг дээдсийн минь ухааны улбааг орчин үеийн шаардлагад нийцүүлэн арга, технологи болгон боловсруулсанаа НАМЭМ төсөл малчдад санал болгосон, зөвлөсөн. Дөрвөн улирлын бэлчээрээ гамна, ялангуяа өвөлжөө, хаваржаагаа хайрла, өвөлжөөний бэлчээрийг аль болох эрт чөлөөл, хаваржаандаа түргэн буу, цаад тал нь зургадугаар сарын 10 гэхэд зусландаа гарчихсан бай гэх зэргээр зөвлөдөг. Отроор сайн явж, өвөлжөөндөө аажим ор, тэгвэл нутаг өвстэй байх бөгөөд цаг агаарын хүндрэл, зуд турхныг өнтэй давахад тустай гэхчилэн чиглүүлж ирэв.

Хүн хэлэхээс наашгүй гэдэг. Малчид “Үнэхээр нэг нутагт удаан байхаар бэлчээрээ талхалдаг. Малын тоо толгой хэтрэх нь маллахад төвөгтэйн зэрэгцээ бэлчээрийн даац хэтрээд, эцэст нь мал идэш тэжээлийн хомсдолд орох аюултай. Нэг малын идэх өвсийг хэд хэдэн мал идэхээр ямар тэжээл болох билээ” хэмээн бодож, ярилцаж эхэлсэн бөгөөд ингэснээр төслийнхний санал, санаачилгыг хүлээн авч, хэсэг бүлгээрээ төслийн оролцогч болж эхлэн дөрвөн улиралд залхууралгүй нүүдэг болсны сацуу өнжөөх, амраах замаар бэлчээрээ сайжруулдаг болсон нь гол амжилт юм. Төслийн гэрээт байгууллага Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь аймаг, сумдын удирдлага, Бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран 18 аймгийн 184 суманд 91,991 малчин өрхийг 1575 Бэлчээр ашиглагчдын хэсгийн зохион байгуулалтад оруулж, 62,1 сая га бэлчээрийг зүй зохистой ашиглаж, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлжээ. Энэ хүрээнд 50.2 сая га бэлчээрийг ашиглах, хамгаалах гэрээг сумын Засаг даргатай байгуулж үүрэг хүлээн ажиллаж байгаа нь нийт бэлчээр нутгийн 40 орчим хувийг хамарч байна. Бэлчээр хамгаалах, сайжруулах зорилтын хүрээнд малчид улирлын нүүдлийн хуваариа бүрэн мөрдөж, бэлчээрийг малын хөлөөс чөлөөлж, сэлгэж, амраах, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зэрэг олон төрлийн арга хэмжээ авсны үр дүнд сүүлийн 4 жилийн хугацаанд 40 гаруй сая га бэлчээрийг соргог түвшнээс нь бууруулалгүй хадгалж, 20 сая га орчим бэлчээрийг сэргээн сайжруулсан байна.

Бэлчээрийг зохистой ашиглахгүй, жилийн хоёр, гурван улиралд мөлжөөд, талхлаад байх юм бол  мал давжаарч, тарга хүч авахаа байх, тэр хэрээр ашиг шимийг нь бүрэн бүтэн авч чадахгүйд хүрдэг. Тийм учраас малаа цөөлж, ашиг шим илүү өгөх цөөн тооны малтай байх нь ажиллагаа багатай бөгөөд ядаж долоо хоног ч болов амрах завтайгаар аж төрөх нөхцөл бүрдэнэ. Бэлчээрийг зохистой ашиглахын нийгэм, эдийн засгийн ач холбогдлын зах зух энэ бөгөөд малчид хэдийнэ ашиг сайтай цөөн малтай байхыг эрмэлзэх болсон. Гагцхүү одоогийн байдлаар хотондоо буй олон малын заримыг хэрхэн худалдан борлуулахаа мэдэхгүй байгаа юм.

Швейцарын хөгжлийн агентлагаас “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслөө өндөрлүүлж байна. Олон жилийн турш хэрэгжүүлсэн төслийн үр дүн, үлдэх өв, ирээдүйд хүрэх үр дүнгийн талаарх мэдээллээ хамтран ажилласан байгууллагууд, салбарын яам, Засгийн газарт хүлээлгэн өгч буй.

Энд зөвхөн бэлчээрийн зохистой хэрэглээ, хариуцлагатай ашиглалтын тухай сэдвийг цухас хөндлөө. Бэлчээр ашиглалтын хэсэг, малчдын бүлэг гэх зэрэг нэгжүүдийн хүрээнд малын бэлчээрээ зохистой ашиглах ухаанд суралцсан малчид ололтоо бэхжүүлээсэй. “Төсөл хэрэгжихээ больсон юм чинь” гээд бүү орхичихоосой. Бэлчээрээ цаашид хариуцлагатай ашиглаж, үр дүнг нь хүртэж амьдраасай.

 

 

Хориод жилийн өмнө Монгол оронд минь нүүрлэсэн зудын их гамшгийн үеэр малчдад өгөөмөр гараа сунгасан Швейцарын хөгжлийн агентлаг зөвхөн нэг удаагийн тусламж үзүүлээд орхисонгүй. 2005 оноос эхлэн Монголын уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг байгальд ээлтэй, малчдадаа ашигтай, улс орны эдийн засагт нөөлөгтэй байх ирээдүйн хөгжлийн гарц болох төсөл эхлүүлсэн нь “Ногоон алт – Малын эрүүл мэнд” билээ.

Бэлчээрийн мал аж ахуй, нүүдэлчин соёлын амин сүнс нь мал сүрэг тааваараа идээшлэх тал нутгийн соргог бэлчээр юм. Гэхдээ байгалийн энэхүү нөөцөө ухаалаг, зохистой ашиглан, сэргээн хамгаалахад судалгаа, зохион байгуулалтын бодлого, төлөвлөлт, хамтын хүчин чармайлт хэрэгтэй. Энэ бүхнийг өнгөрсөн 17 жилийн хугацаанд “Ногоон алт – Малын эрүүл мэнд” төслийн баг хамт олон бэлчээрийн доройтлын үндсэн шалтгааныг тодорхойлох мониторингийн судалгаа, бэлчээрийг хариуцлагатайгаар ашиглах менежмент, иргэд малчид хамтран дэлхийн жишиг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжоор хангах үндэсний хэмжээний сүлжээг бий болгохыг зорин ажилласаар өдгөө олон амжилттай сайн туршлагуудыг бий болгожээ. Энэхүү үр дүн, сайн туршлагуудыг хадгалан цаашид улам хөгжүүлэн ажиллах эрхэм үүргийг Монгол Улсад хүлээлгэн өгч, төслийн хаалтыг 2021/9/10-ны өдөр цахимаар хийлээ. Үйл ажиллагааг www.responsiblenomads.mn -с цахимаар одоо ч үзэх боломжтой юм байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн төслийн хаалтын үйл ажиллагаанд оролцон онцлон хэлэхдээ:

“Цаашдаа бид бүхэн тэр дундаа, төр Засгийн зүгээс “Ногоон алт – Малын эрүүл мэнд” төслийн олон жилийн хугацаанд, Монгол Улсад бий болгосон арвин их туршлага, сургамж, бүтэц, чадавхыг алдахгүйгээр улам цааш бэхжүүлэх, хөгжүүлэх, хийж амжаагүй зүйлсийг нь үргэлжлүүлэн хөгжүүлэх шаардлагатайг чухалчлан энд хэлье… Тэр дундаа энэ төсөл Мал аж ахуйн салбарын хамгийн гол хүчин зүйл болсон Бэлчээр хамгаалах асуудлаар төр, засаг бидний олон жил хэлэхийг хүсээгүй бодит үнэн, хэрэгжүүлэхийг хүсээгүй тэр шийдлийг хамгийн чангаар дуугарч байсанд талархах ёстой.”  хэмээсэн нь төр засгийн хэмжээнд хийх ёстой ч хийж чадаагүй олон чухал асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаа, арга замуудыг бидэнд бүтээж өгсөнийг онцолжээ.

Төслийн хүрээнд Геодези газар зүйн алба болон Цаг уур орчны шинжилгээний газрууд Монгол орныхоо бүх бэлчээрийг оношлох арга зүйтэй боллоо. Иргэд малчид нь хоршоолон орон нутгийнхаа Бэлчээр ашиглагчдын холбоонд нэгдэн хамтдаа соргог бэлчээрээ хадгалдаг, хамгаалдаг, доройтсоноо сэргээж нутаг орондоо жинхэнэ эзний ёсоор аж төрөн тооноос илүү чанартай мал аж ахуйгаа хөтлөн явуулах хэрэгтэй гэдгээ ойлгодог боллоо.

Мал эмнэлгийн байгууллагууд нь дэлхийн жишиг стандартаар малыг эрүүл мэндийн нэгдсэн цахим сантай болж иргэд, малчдыг малын эрүүл мэндийн талаар зохих мэдлэг мэдээллээр хангаж малын гаралтай бүтээгдэхүүний найдвартай байдал, эцсийн бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулах чадамжтай боллоо.

2018 оноос эхлэн  тодорхой стандарт шалгуур бүхий “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай бүтээгдэхүүний мөшгөх системд бүртгэгдсэн чанартай, гарал үүслийн баталгаатай эцсийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлж цаашлаад дэлхийн тавцанд трэнд болоод буй онгон байгаль, цэвэр экологийн гаралтай Монгол нэрийн бүтээгдэхүүнийг  нийлүүлж эхэлснээр малчдын ажлын бүтээмж, амьдралын чанар, орлого дээшлэх нөхцөл бүрдлээ.

Хэдийгээр төслийн үйл ажиллагаа зогссон ч бидэнд өв болгон үлдээж буй энэхүү цогц системийг цаашид тогтвортой үргэлжлүүлж, хэрхэн үр дүнтэй ашиглах нь гагцхүү Монголчууд бидний үүрэг хариуцлага болон үлдэж байна. Төрийн эрхэм зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, мал аж ахуйн бизнес эрхлэгчид, малчид болон энгийн хэрэглэгч хэн бүхэн цаашид ч төслөөс үлдээсэн өвүүдийг улам бүр баяжуулан сайжруулж өөрсдийн ахуй амьдрал, эдийн засагтаа тус нэмэр болохоор ашиглана гэдэгт ч төслийн багийнхан ч итгэлтэй байгаа билээ.

 

М.Энхчимэг

Бэлчээрийн үндэсний IV форум болон Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн хаалтын үйл ажиллагааны хүрээнд  Монгол орны амин сүнс болсон бэлчээр нутаг, уламжлалт нүүдэлчин аж ахуйн талаар залуусын үзэл бодлыг сонсохоор нийтлэг асуултаар чөлөөт  хэлэлцүүлэг өрнүүлж, богино хэмжээний сурвалжлагуудыг хүргэсэн “ХариуцлагатайНүүдэлчин” цуврал маань олны анхааралд өртжээ. Уг цувралд маань 20-50 насны төрж, өссөн газар болон орчин нь ялгаатай, одоо ч хот, хөдөө болон гаднын улсуудад өөр өөр чиглэлээр ажиллаж амьдарч буй 20 гаруй залуус оролцож өөрийн үзэл бодол болон түүхээ хуваалцаж нийт Монголчуудаа эх орон, байгаль орчин, уламжлал соёлдоо ээлтэй амьдрахыг уриалсан нь онцлогтой. Энэхүү нийтлэлээр оролцогчдын түүхүүдийг багцлан орчин цагийн догь буюу cool нүүдэлчдийн санал бодлыг сийрүүлэн хүргэж байна.

Та ч бас доорх асуултуудад өөрийн өнцгөөс хариулаад үзээрэй. Хэрвээ түүхээрээ дамжуулж үзэл бодол, уриалгаа бусдад хүргэмээр байвал бидэнтэй холбогдоорой 😊

 Та хөдөөтэй хэрхэн холбогддог вэ?

Өнөөгийн их хотын залуус хот суурин газар сурч хөдөлмөрлөж, амьдарч байгаа хэдий ч бүгдээрээ өчүүхэн сэжмээр ч болов хөдөөтэй холбогддог нь бид талын нүүдэлчдийн үр удам хэвээрээ гэдгийг сануулах шиг харин ч өвөг дээдсийн хаана ч дасан зохицох нүүдэлч чадвар, холч ухааныг шинжлэх ухаан, техник шүтсэн орчин үеийн хэв маягтай хослуулан төгөлдөржүүлсээр байгаа нь гайхалтай.

Хөдөө өнгөрүүлсэн хамгийн сэтгэлд үлдсэн дурсамж?

Ихэнх залуусын хүүхэд насных хамгийн гэгээн нандин дурсамж нь хөдөө онгон байгальтай салшгүй холбоотой үлджээ. Нээрээ ч манайханд хөдөөтэй холбоогүй хүмүүс ховор байх шүү. Бага байхдаа нэг удаа ч болов хөдөө амьдардаг эмээ өвөө, ах эгчийндээ очсон дурсамжтай. Хөдөө хээр, онгон байгаль бидэнд ямар ч сайн сургуулийн зааж чаддаггүй хүний төрөлхийн зөн, совин мэдрэхүйг хөгжүүлж, сэтгэлийн боловсрол олгодог нь нь үнэхээр гайхалтай. Тийм болохоор л малын захад, байгальд ойр өссөн хүн өрөвч нинжин, бусдад туслах гэсэн чин сэтгэлтэй, бие даасан хэрсүү нэгэн болдог аж. Хөгжилтэй, ухаарал хайрласан дурсамжуудтай ЭНД дарж танилцаарай.

Хөдөөтэй холбоотой санаа зовж буй зүйл, түүнийг шийдэхийн тулд та юу хийж чадах вэ?

Би хотод амьдардаг болохоор надад хамаагүй гээд хөдөө тулгамдаад байгаа асуудлыг орхилгүй харин ч хүн бүр л бараг сэдэв давхцаагүй олон асуудалд санаа зовж, түүнийг шийдвэрлэж болох арга замуудыг дотроо бодож, зарим нь бүр ажил хэрэг болгохоор зорьж байгааг сонсох үнэхээр бахдам байлаа. Хог хаягдал, уул уурхай, бэлчээрийн даац, эзэнгүй хөдөө энэ бүхэн улс орны маань тулгамдсан асуудлууд мөн. Гэхдээ зөвхөн төр засгаас бурууг хайж, бусдад нялзаахыг тэд хүссэнгүй. Хүн бүр дор бүрнээ гарц хайж, чадах хэмжээгээрээ асуудлыг шийдвэрлэж, бие биенээ дэмжин хамтарч чадвал Монгол улс нь дэлхийд цор ганц үлдсэн хамгийн эртний, хамгийн өвөрмөц нүүдлийн аж ахуйтай, чинээлэг, хөгжингүй, амар амгалан улс байж болно гэдэгт итгэх урам зориг орлоо.

Бидэнтэй санал бодлоо солилцсон эдгээр залуусын төлөөлөл “Ногоон алт –Малын эрүүл мэнд” төслийн хаалтын үйл ажиллагаанд оролцож дуу хоолойгоо өргөн таны үйлдэл хандлага багахан өөрчлөгдөхөд дагаад ямар олон эерэг өөрчлөлтүүд гарч болохыг бэлчээр бүгдэд хамаатайг санууллаа. www.responsiblenomads.mn вэбсайтаар зочлон төслийн хаалтын үйл ажиллагаа болон залуусын үзэл бодлыг сонсох боломжтой.

Хэдий хотод амьдардаг байлаа ч аялал зугаалга, ажил албаар хөдөөг зорихдоо өвс ургамлыг гэмтээж битгий шинээр зам гарган давхиарай. Машины дугуйд талхлагдсан ургамал дахин сэргэхээргүй сүйдэж, газар нь цөлжиж шарилжаар дүүрэн, тэнд идээшилдэг малынх нь бэлчээр хомстож, ургамлын төрөл зүйл нь багасахаар мал өөхөн таргатай болчихдог учир эргээд хотын иргэдийн хүнслэх малын мах нь идэхийн аргагүй өөхтэй, нутаг нь амьсгалахын аргагүй шарилжны үнэртэй болж байгаа дам нөлөө нь бэлчээр бүгдэд хамаатайг улам тодоор мэдрүүлж байна.

Мөн та тэнгэр хангайдаа өргөл барьц өргөмөөр байвал хатсан боов боорцог, архи, сүүгээр хөрс шороог бохирдуулж байхаар олон наст ургамал арвай, согооврын үр өргөж байгаарай гэж уриалж байна. Таны цацсан үр шимт ургамал, зүлэг ногоо болон ургавал тэр жинхэнэ буян болох буй заа.

 

Гарал үүсэл нь тодорхой, үйлдвэрлэлийн үйл явц нь зөв эсэхээр тухайн бараа бүтээгдэхүүний үнэ цэнийг тодорхойлдог мода дэлхий нийтийн шинэ хандлага болжээ. Ялангуяа европын орнуудад эрүүл, зөв хэрэглээ, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих бодлого яригдаж, Монгол Улсад эхнээсээ нэвтэрч, шинэ салхи сэвэлзсээр 10 гаруй жилийн нүүрийг үзэв. Хөдөлмөрийн мөлжлөгт өртөөгүй, аливаа амьтан, ургамлыг тамлан зовоогоогүй, буруу гараар олборлоогүй алт, эрдсээс бүтсэн Швейцар цаг дэлхийг байлдан дагуулсан шиг эргэх 4 улиралд нүүдэлчин ахуйд бэлчээрлэсэн таван хошуу малын бүтээгдэхүүн, түүхий эдийг үнэд хүргэхээр “Ногоон Алт-Малын эрүүл мэнд” төсөл манай улсад хэрэгжиж эхлээд 17 жил өнгөрчээ.

Төслийн үр дүн үр ашгаа өгч, тэмээний ноос, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн, үхрийн ширэн бөмбөг зэрэг үндэсний үйлдвэрлэл бий болж, ижил төрлийн бүтээгдэхүүнээс гарал үүслийн гэрчилгээтэйгээрээ илт ялгарч эхлэв. Эгчийн бэлэглэсэн сарлагын хөөврөн бээлийний шошгон дээрх QR кодыг утсаараа уншуулангуут “Ховд аймгийн Цэцэг сумын 2 дугаар багийн малчин Ц-ийн сарлагын хөөврөөр энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэв.” гэсэн англи, монгол тайлбар, малын эзний гэр бүлийн зураг, бараг нөгөө сарлагынх нь нас хүйс, гэрэл зураг, ноос, үсний зэрэг дэв, байж болох бүх л мэдээллийг гартаа оруулан унших нь сэтгэлд нэг л өег, сонин содон таашаал юм санж. Цаашлаад тухайн бүтээгдэхүүний орц дахь түүхий эдийг бүтээгч сарлаг ч юм уу, хонь, ямаа нь ямар нэг өвчнөөр өвдөж байсан эсэх, дархлаажуулалтын ямар тунд хэдийд хамрагдсан, мал эмнэлгийн байгууллагын дүгнэлт, гэрчилгээгээр баталгаажуулсан сертификаттай байгаа нь хэрэглэгчийн сэтгэл ханамж, итгэл үнэмшлийг дүүргэх ажээ. Гарал үүсэл нь тодорхой шинэ содон бараа бүтээгдэхүүнийг “Хариуцлагатай нүүдэлчид“ гэх нэр дагалдах юм. “Хариуцлагатай нүүдэлчид” стандартын загварыг манай орны бүс бүрт бий болгож, одоогоор 15 суманд нэвтрүүлжээ. Байгаль орчинд ээлтэй, гарал үүсэл нь тодорхой түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийн нэр хүнд, үнэлэмж илүү өсч байгаа өнөө цагт малчид гэрээний үүргээ биелүүлж, орлогоо нэмэгдүүлэхээр нэгдсээр байна. Швейцарын Хөгжлийн Агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл Монголын Бэлчээр Ашиглагчдын нэгдсэн холбооноос “Хариуцлагатай нүүдэлчид” дижитал мөшгих системыг 2017 оноос нэвтрүүлж эхэлснээр мал бүхий иргэдийн мэдээллийг улсын хэмжээнд сан үүсгэн нэгтгэж, улмаар мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлыг 6 төрлийн стандартаар баталгаажуулж эхэлжээ.

Тухайлбал, малчин өрх тухайн газар нутгийнхаа бэлчээрийн төлөв байдал, малын эрүүл мэнд, тав тух, түүхий эдийн чанар, байгальд ээлтэй эсэхэд анхаарах шаардлагатай тулгарч байна. Бэлчээр нутгаа тордон додомдож, хамтран ухаалгаар ашиглаж ирсэн уламжлалт арга барил руу эргэн орох хэрэгцээ үүсчээ. Малчид бэлчээрийн мал аж ахуйгаа үр ашигтайгаар хадгалан үлдэхийн тулд бүлгээр хоршиж, мартагдсан зарим арга барилыг сэргээж эхэлснээр малын ашиг шимийг өндөр байлгах, түүхий эдээ үнэ хүргэх боломжтойг мэдэрч, бэлчээр ашиглалтын гэрээг Засаг даргатайгаа байгуулж, хэрэгжилтийг жил бүр дүгнүүлэн, хоршооны гишүүн болж, түүхий эдээ тогтмол нийлүүлэх нөхцөл боломж бүхий 5 стандартыг мөрдөж байна. Ингэснээр тэдний ашиг орлого ч нэмэгдэж, шинэ тутам боломжууд гарч ирсээр, мал, малын гаралтай түүхий, эд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг малчны хотноос хэрэглэгчид очих хүртэлх алхам бүрийн үйл явцыг баталгаажуулсныг мэдээллийн технологийн тусламжтайгаар нийтэд хүргэж, чанар сайтай түүхий эдийг бий болгож, үнэ ханшийг нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүргийн үр шимийг хүртэгч “Хариуцлагатай нүүдэлчид”-ийн эгнээг тэлж байна. Тухайн малчны хариуцлагатай эсэхийг үнэлэх шалгуурт тухайн нутагт дэвсгэрийн газрын кадастрын мэдээллийн сан, хариуцлагатай нүүдэлчид мөшгих системийн малчдын байгууллагын бүртгэл мэдээлэл, түүнд хамаарах түвшин багтдаг. Энэхүү системд нийт 18 аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, 156 сумын бэлчээр ашиглагчдын холбоо, 1445 бэлчээр ашиглагчдын хоршооны мэдээлэл бүртгэгджээ. Мөн 82  түүхий эдийн анхан шатны хоршоо, 6 дундын хоршоо, 20 хадгаламж зээлийн хоршоодын мэдээлэл бүртгэлтэй байна.

Нүүдэлчдийн уламжлалт өв соёлыг тээгч монголчуудад боломж их байна.

 

Эх нийтлэл

Жич: Энэхүү танин мэдэхүйн цуврал ярилцлага болон нийтлэлийг ШХА-ын Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн үр дүн танилцуулах ажлын хүрээнд та бүхэнд хүргэж байна.

Нүүдлийн мал ахуйгаараа баян тансаг амьдрах боломж байгааг цээжээ дэлдэн ярих ч урд, хойд хөршүүдэд малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох хэлэлцээр үр дүн муутай, явцгүй болж цаасан дээр үлдэх болдог нь нууц биш. Ялангуяа ОХУ руу мах гаргана гэж хилийн бүсийн аймгууд хэчнээн жил хөөрцөглөлөө дөө. Гэрээ, хэлцэл нь дээд түвшинд амжилттай зурагддаг ч бодит биелэл зөрдөг шалтгаан нь манай малын өвчлөл, хяналт шаардлага хангадаггүй байв. Малын халдварт өвчин нь хүн амд тархан халдварлаж, өвчилсөн мал ашиг шимээр тааруухан цаг саяхных.

Бидний амьсгалах агаар, уух ус, гишгэж буй газар шороогоор дамжиж, шууд болон шууд бус хавьтлаар хүн ба амьтнаас хүний бие махбодод орж, тархдаг өвчнийг “халдварт өвчин” хэмээн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага хэдийнэ тодорхойлсон. Өнөө цагт мал, амьтнаас хүнд халдварладаг 160 орчим өвчин байдгийг мал эмнэлгийн шинжлэх ухаан тогтоожээ. Мал, амьтнаас хүнд халддаг өвчинг зоонозын халдварт өвчин гэдэг. Хамгийн ойрын жишээ нь Та биднийг төдийгүй, дэлхийн нийтийг сүүлийн 2 жил гаруй хугацаанд сандаргаж байгаа КОВИД-19 буюу коронавируст халдварт цар тахал юм.

Хүний биеийн тулгуур эрхтэн, мэдрэлийн тогтолцоо, дотор эрхтэнг гэмтээж, хөдөлмөрийн чадварыг алдуулж, “эмчилгээгүй” гэх онош дагалддаг бруцеллёзоор манай улсад жилд 400-500 хүн буюу 10 мянган хүн тутамд 1-2 нь өвддөг гэсэн судалгааг Зоонозын өвчин судлалын үндэсний төв гаргажээ. Малаас хүнд халддаг энэ өвчнийг түүхий, дутуу боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, түүхий сүү, бяслаг, цөцгий, амьтны халуун цус зэргийг хэрэглэх үед, эсвэл өвчтэй малыг нядлах, гэдэс дотор цэвэрлэх, мах эвдэх, арьс шир боловсруулах, ноос, ноолуур бэлтгэх, төл хүлээн авах, мал саах үед гараар дамжих буюу жижиг шарх, шалбархайгаар дамжин ахуйн замаар халдварлах нь бий. Малын өтөг бууц цэвэрлэх, ноос ноолуур бэлтгэх, цуглуулах, боловсруулах үед амьсгалын замаар халдвар авсан тохиолдол ч байдаг.

Арьс, тунгалагийн зангилаа болон дотор эрхтэнд шүүдэст цусархаг үрэвсэл бий болгож өвөрмөц хатиг буюу үжил үүсгэдэг хурц хордлогот, нянгийн гаралтай цочмог халдварт боом өвчин таван хошуу малаас хүнд дамждаг. Манай улсын нэг хот, 19 аймгийн 157 сум боомын байгалийн голомттой бөгөөд малын өвчлөлтэй уялдан хүний өвчлөл гардаг. Уг өвчнөөр өвчилсөн болон үхсэн мал, амьтны түүхий эд (мах, сүү, арьс, шир, ноос, ноолуур г.м), боомын нянгаар бохирлогдсон хөрс бууц, малын хэвтэр, усанд боомын нян хадгалагддаг.

Боомоор өвчилсөн, үхсэн мал, малын түүхий эд, хүүр сэг зэм, арьс шир, яс, үс ноос, халдварын бохирдолтой хөрснөөс халдвар авч хүн боомоор өвчилдөг. Боомын үүсгэгч гэмтсэн арьсаар дамжин хүний биед нэвтрэн орсоноор арьсны хэлбэрийн өвчлөл үүсгэдэг нь үндсэн хэлбэр болдог гэх мэт мал, амьтнаас хүнд халдварладаг өвчлөл түгшээдэг байв. Байсхийгээд энд тэнд шүлхий гарч, аймгуудыг бүсчлэн хязгаар тогтоодог нь дэлхий нийтээр нуух боломжгүй болсон цаг өчигдөрхөн.

Өнгөрсөн цаг дээр бичих учир нь Монгол Улс 4 жилийн өмнөөс Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталж, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулах боломж бүрдсэн юм. Хариуцлага алдсан этгээдэд оногдуулах хууль, журамтай ч болсон. Мал, амьтны эрүүл мэндийн түүхийг мөшгөх тогтолцоог боловсронгуй болгосноор дэлхийтэй хөл зэрэгцэх үүд хаалга нээгдэж байна. “Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн эхний үйл ажиллагаа малаас хүнд халдварладаг өвчний тархалтыг сааруулах, түүнтэй тэмцэх чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх, малчдын мэдлэг, хандлагыг уламжлалт сэтгэлгээг сэргээх замаар нөлөөлөх, бэлчээр хамгаалах зан заншлыг нь сануулах, хөдөө аж ахуйн салбарыг харъяа яамтай нь хамтран сэргээх, ялангуяа Мал эмнэлгийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэжээ. Малын эмч бэлтгэх сургуульд Швейцар болон Их Британийн Хатан хааны Мал эмнэлгийн чиглэлийн багш, мэргэжилтнүүд зөвлөж, сургалтын хөтөлбөрийг дэлхийн жишигт хүргэн шинэчилжээ. Сайн боловсон хүчин бүхий Мал эмнэлгийн салбарууд аймаг бүрт үйл ажиллагаа явуулж, мөнөөх төслийн дэмжлэгээр Монгол Улс анх удаа Мал эмнэлгийн нэгдсэн цахим системтэй болж, орон даяар нэвтрүүлэн, мал, амьтны эрүүл мэндийн түүхийг мөшгин тогтоох тогтолцоо бүрдсэн ажээ. Уг систем нь мал амьтны гарал үүсэл, эрүүл мэнд, түүхийн мэдээллийг сан үүсгэн хадгалж, 21 аймаг, Улаанбаатар хотын малчид, бизнес эрхлэгчид цахимаар гэрчилгээ олгож байна. Энэ нь цаашдаа нүүдэлчин монголчуудыг дэлхийд эко хүнс нийлүүлэх боломжийг олгох эхлэл суурь болох биз ээ. Хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр хангаад зогсохгүй малын гаралтай хүнсний экспортыг нэмэгдүүлэх нь улсын бодлогын асуудал юм. Швейцарын Хөгжлийн Агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн бас нэг үр дүн нь малын гаралтай хүнсний түүхий эдэд агуулагдах антибиотикийн үлдэгдлийг сум, аймгийн түвшинд хянах чадавхийг сайжруулсан явдал юм. Өндөр хөгжилтэй орнууд малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл, тодорхой байхыг шаардахаас гадна тухайн мал, амьтанд хэрэглэсэн эм бэлдмэл, идэш уушинд анхаарал хандуулж, хянасан эсэхийг давхар нягталдаг. Мал эмнэлгийн ерөнхий газар болон бусад түнштэй хамтран Швейцарын хөгжлийн агентлагаас малын гаралтай мах, сүүн дэх антибиотикийн үлдэгдлийг илрүүлэх аргачлалыг боловсруулж, батлуулах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарч ажиллажээ. Ингэснээр эцсийн дүндээ малчдын ашиг орлого нэмэгдэх, амьжиргааг дээшлүүлэхэд нөлөөлөх юм. Мал эрүүл бол хүн эрүүл гэдгийг монголчууд бид мэдэх болжээ. Амьдрал гээч нь алгаа дэлгэвэл аль байдаг гоёыг өгдөг тул Та зөвхөн өөрийгөө бус өрөөлийг ч бодож амьдраарай. Байгалийн жамыг хэн ч сөрж үл чадна.

 

Эх нийтлэл

Жич: Энэхүү танин мэдэхүйн цуврал ярилцлага болон нийтлэлийг ШХА-ын Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн үр дүн танилцуулах ажлын хүрээнд та бүхэнд хүргэж байна.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын Хөгжлийн агентлагаас манай улсад хэрэгжүүлж буй “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн хаалтын үйл ажиллагаа 9 дүгээр сарын 10-нд болох гэж байна. Үүнтэй зэрэгцэн мөн өмнөх өдөр нь Бэлчээрийн үндэсний IV чуулган болно. Учир нь “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд манай улсын олон аймагт бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Тиймээс Бэлчээрийн үндэсний IV чуулганаар малчид дээрх чиглэлээр хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнг хэлэлцэн, туршлагаас хуваалцах юм.

Харин үндсэн үйл ажиллагаа болох “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн хаалтаар төслийн 17 жилийн хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэж, төслөөс үлдэж буй өв, төслийн үр дүнд Монгол Улсын ХАА-д бий болоод буй тогтвортой байдал, хөгжлийн шинэ боломжуудын талаар ярилцана. Хаалтын үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Швейцарын Холбооны улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Бернардино Регацони, Швейцарын Хамтын ажиллагааны дарга Стефани Бурри нар үг хэлж, төслийн багийнхан олон жилийн үйл ажиллагаагаа танилцуулж, оролцогчид бэлчээрийн зүй зохистой ашиглалт, мал эмнэлэг, малчдын хамтын ажиллагааны байгууллага, хоршоодын туршлагаа хуваалцах юм. Тодруулбал, талхлагдсан бэлчээрийн сэргэлт, дундын бэлчээрийн ашиглалт, бэлчээр ашиглалтын гэрээний талаар хийж буй ажлаа танилцуулж, цаашид гарах боломжуудын талаар хэлэлцэнэ. Учир нь төслийн дүнд манай орны малчид бэлчээр нутгаа зохистой ашиглахын төлөө нэгдэж хамтын байгууллага Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоог байгуулан ажиллаж байгаа юм.

Мөн малын гаралтай түүхий эдийг үндэсний үйлдвэрлэгч, боловсруулалтын компаниудад нийлүүлж шууд ашиг шимийг нь хүртэх “Хариуцлагатай Номадс” буюу “Хариуцлагатай нүүдэлчин” стандартыг мөрдөж байгаа талаар ярилцана. Үндсэндээ, малчид, бэлчээрийн ашиглагчид, малын түүхий эд бэлтгэн нийлүүлэгч нар, малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож, эцсийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчид хүргэн хэрэгжүүлж буй ХАА-н зохистой дадал, сайн туршлагуудыг хуваалцахаас гадна дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид бэлчээрийн сэргэлтийн талаар хийсэн сүүлийн үеийн судалгааг танилцуулах юм.

 

Эх нийтлэл

Жич: Энэхүү танин мэдэхүйн цуврал ярилцлага болон нийтлэлийг ШХА-ын Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн үр дүн танилцуулах ажлын хүрээнд та бүхэнд хүргэж байна.

Хэрэв эмийн үлдэгдэлтэй бол тухайн сүүгээр тараг үйлдвэрлэх ч боломжгүй. Учир нь антибиотикийн үлдэгдэл тарагны хөрөнгөний идэвхийг бууруулдаг.

Борнуур сумын малчдаас авдаг чанарын шаардлага хангасан сүүгээр “Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг хангасан гарал үүсэл тодорхой QR код бүхий “Өлзий” нэрийн зөөхий тун удахгүй худалдаанд гарах гэж байна. Энэ бол мөшгөх системийг нэвтрүүлсэн анхны жишээ бөгөөд Монголын хүнсний салбарт гарч буй дэвшил юм.   Энэ талаар “Витафит милк” ХХК-ний үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал, доктор Ч.Нарангэрэлтэй ярилцлаа.

-Задгайгаар баталгаагүй сүү худалдан авдаг иргэд олон байдаг. Голдуу сүүний үйлдвэрт гологдсон сүүг  задгайгаэар зардаг гэсэн ойлголт ч бий шүү дээ. Ер нь эмийн үлдэгдэл гэж юу болох, түүний хор хөнөөлийг дурдахгүй юу?

-Мал, амьтан өвчилсөн үед төрөл бүрийн антибиотик болон эм, бэлдмэлүүдийг хэрэглэдэг. Малд хэрэглэсэн эмийн бодис малын биеэс бүрэн гадагшлаагүй байхад түүхий эдийг нь ашигласнаар тухайн эмийн үлдэгдэл хүнсний бүтээгдэхүүнээр дамжин орж хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах аюултай.

Хэрэв эмийн үлдэгдэлтэй бол тухайн сүүгээр тараг үйлдвэрлэх ч боломжгүй. Учир нь антибиотикийн үлдэгдэл тарагны хөрөнгөний идэвхийг бууруулдаг юм.

Зарим хүмүүс антибиотикийн үлдэгдлийг бичил биетэнтэй адил өндөр температурт устана гэж эндүүрдэг.

Гэтэл гарал үүсэл нь тодорхойгүй сүүгээр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнээр дамжин малд хэрэглэсэн антибиотикийн үлдэгдэл хүний биед орох аюултай. Антибиотикийн зохисгүй хэрэглээнээс болж хүний ходоод гэдэс хямардаг, эрүүл мэндэд ч аюултай.  Иймээс бид энэ асуудал дээр маш их анхаардаг. Энэ бол бидний мэргэжлийн ёс зүйтэй ч холбоотой асуудал юм.

-Малчид энэ асуудлыг хэр ойлгож байна вэ?

-Нийлүүлж буй сүүндээ бага зэрэг ус хольсон байхад мэдэгдэхгүй өнгөрнө гэж байхгүй бөгөөд ус нэмсэн эсэхийг шинжилгээгээр тогтоочихно. Антибиотик агуулсан сүү өгсөн бол мөн л шинжилгээгээр илрүүлнэ. Малчид нэг үеэ бодвол малын эмийн үлдэгдлийн талаар мэдлэг мэдээлэлтэй болж сүүнийхээ чанарыг хангахын тулд малынхаа чанарт ч анхаардаг болж байна.

-Малын түүхий эд мөшгөх системд бүртгэгдэж QR кодоор хянагдах нь жирийн хэрэглэгч нарт ямар ач тустайг тайлбарлахгүй юу?

-Малчны хотноос сүүг шинжлэн авч сүүний үйлдвэрт боловсруулах, хэрэглэгчид очих үе шатанд ямар нэг алдаа гарах өөрөөр хэлбэл, үл тохирол гарахыг үгүйсгэхгүй. Жишээ нь хэрэглэгчээс сүүний амттай холбоотой, эсвэл хадгалалтын хугацаа дуусаагүй байхад гашилсан зэрэг гомдол ирвэл чухам хаана алдаа гарсныг мөшгөлтийн системээр илрүүлэх боломжтой.

Сүү бэлтгэлийн мэргэжилтэн хэр зэрэг чанартай түүхий сүү хүлээж авсан, тухайн сүүг хэний хотноос авсан байна вэ? гээд л мөшгөж эхэлнэ.

Ингэхдээ малчнаас сүүгээ авахдаа хийсэн шинжилгээний үр дүн үйлдвэрийн лабораторийн шинжилгээтэй нийцсэн эсэхийг хянана.

Үйлдвэрлэлийн дамжлага дээр ч мөн мөшгөлт хийж, технологийн горим зөрчигдсөн эсэхийг нь нягталдаг юм. Хэрэв ямар нэгэн үл тохирол гарвал нягт нямбай шалган мөшгиж, хэрэглэгчийн гомдлыг барагдуулах боломж бүрдэнэ.

-Хэрэглэгчдийн хувьд бүтээгдэхүүний чанарыг QR кодоор дамжуулан мэдэх боломжтой болох нь ээ?

-Хэрэглэгчид гар утсаараа QR кодыг нь уншуулахад Төв аймгийн Борнуур сумын малчин Дондогийн малын сүүнээс ялгасан цөцгийгөөр үйлдвэрлэсэн зөөхий гэсэн мэдээлэл гарч ирнэ. Энэ нь зүгээр нэг мэдээлэл биш. Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд орсон түүхий эд нь эрүүл малаас гаралтай болохын баталгаа юм. Үүнийг “Хариуцлагатай нүүдэлчид” систем болон Сүү бэлтгэл, сүүний мөшгөх систем баталгаажуулдаг.

“Хариуцлагатай Нүүдэлчид”- Малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн мөшгих систем” хэрэгжиж эхэлснээр үйлдвэрлэгчээс гадна хэрэглэгчид ч мөн чанартай бүтээгдэхүүнийг өөрсдөө сонгож авах боломж нээгдэж байна.

 -Монголд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг экспортлоход маш олон шалгууртай тулгардаг. Тэр дундаа гарал үүслийн баталгааг “Хариуцлагатай Нүүдэлчид”- Малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн мөшгих систем” бий болгох нь ээ? 

-Экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад оронд гаргах гэж байгаа компаниуд том жижиг гэлтгүй малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн мөшгих систем, үйлдвэрлэлийн мөшгөлтийн систем хэрэгжүүлсэн эсэх нь үндсэн шалгуур үзүүлэлт болдог. Монголд малын гоц халдварт өвчин их гардаг учраас мах, сүүн бүтээгдэхүүнийг экспортлоход асуудалтай тулгардаг. Харин мөшгөлтийн системтэй болсноор тухайн малын мах, сүүний  гарал үүсэл тодорхой болно.

Тухайн бүс нутаг нь мал эмнэлгийн хувьд аюулгүй бүс гэдгийг нь баталгаажуулна.  Ингэснээр малын гаралтай түүхий эдийн дотоодын зах зээлийн хэрэгцээг хангах буюу импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цаашид сүү, сүүн бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нээж байгаа хэрэг.

-Мөшгөлтийн системийн хамгийн чухал ач холбогдлыг мэргэжлийн хүний хувьд та хэрхэн харж байна вэ? 

-Өмнө нь малын сүүний чанар, аюулгүй байдлын асуудлыг орхигдуулж зөвхөн тоо хэмжээний хойноос хөөцөлддөг байлаа. Малын эмч тухайн мал эрүүл, өвчингүй гэсэн гарын үсэгтэй бичиг өгдөг байсан нь нууц биш. Харин одоо Мал эмнэлгийн мэдээллийн нэгдсэн сан болон “Хариуцлагатай нүүдэлчид” системээр тухайн мал эрүүл эсвэл өвчилсөн, тарилга, туулга, угаалгад хамрагдсан гээд бүхий л дата мэдээлэл бүртгэгдэж байна.

Хүнсний аюулгүй байдлын асуудал нь бидний эрүүл мэндтэй шууд холбоотой тул мөшгөх системийг хөгжүүлсэн нь эргээд эцсийн хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангахад асар их хувь нэмэр оруулж байна.

-Та бүхэн зөөхийндөө цахим мөшгөлтийн системийг анх удаа нэвтрүүлэх гэж байна. ШХА-аас хэрэгжүүлсэн энэхүү төсөлтэй хамтарсан шалтгаанаа дурдахгүй юу?

-Манай компани сүүний салбарт сүүлд орсон ч Монголын тарагны зах зээлийн 30%-ийг хангадаг. Бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс сүү, мах нь малын гаралтай эмзэг бүтээгдэхүүн юм. Хүнсний аюулгүй байдлын шаардлага нь ч маш нарийн. Эдгээр шаардлагад нийцүүлсний дараа л хэрэглэгчийн гарт чанартай бүтээгдэхүүн хүрнэ. Тиймээс бид сүүний үйлдвэрлэл явуулж эхэлснээс хойш сүү татан авалт, үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт гээд бүхий л үйл ажиллагаагаа маш нарийн төлөвлөж сүүний чанарыг хангах тал дээр анхаарч ажилладаг. Урьд нь бид “Өлзий” сүүндээ QR код нэвтрүүлж байсан бол энэ удаа Өлзий брэндийн зөөхийг төслийн хүрээнд хөгжүүллээ.

 

Ингэхдээ “Хариуцлагатай нүүдэлчид” систем болон Сүү бэлтгэл, сүүний мөшгөх системээр дамжуулан бүртгэж

хэрэглэгчдэд нийлүүлэхээр ажиллаж байна. Сав баглаа боодол хэвлэлтийн шатандаа явж байна, тун удахгүй хэрэглэгчдийн гар дээр очно.

Мөшгөх систем ашиглан хүнсний гарал үүслийн хяналт тавьж хариуцлагатай үйлдвэрлэл болон хэрэглээний талаар илүү ихийг https://www.facebook.com/greenmongolia.mn фэйсбүүк хуудас болон https://www.greenmongolia.mn/ вэбхуудсаас унших боломжтой.

 

Эх нийтлэл

Жич: Энэхүү танин мэдэхүйн цуврал ярилцлага болон нийтлэлийг ШХА-ын Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн үр дүн танилцуулах ажлын хүрээнд та бүхэнд хүргэж байна.

Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-малын эрүүл мэндийн төсөл”-ийн санхүүжилтээр бэлчээрийн мониторингийн үндэсний сүлжээг бэхжүүлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлсэн юм.

Ингэснээр хаагуур, хэдий хэмжээний бэлчээр хэрхэн доройтож буйг бодитойгоор оношилж улмаар доройтлоос сэргийлэх, доройтсон бэлчээрийг сэргээн сайжруулах нөөц боломжоо бодитойгоор тооцдог боллоо. Энэхүү ажил бэлчээрийн судалгаа, бэлчээр зохион байгуулалт, бэлчээр ашиглагчид- малчдад хэрхэн бодит үр дүн үзүүлж байгаа талаар “Ногоон алт” төслийн бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, доктор Д.Булгамаатай ярилцлаа.

-Монголчууд улирал дагаж нүүдэллэн, бууриа сэлгэж ирсэн. Энэ нь байгальд ээлтэй гээд л ярьдаг шүү дээ. Гэтэл сүүлийн жилүүдэд бэлчээрийн доройтол гэж их ярих боллоо. Бэлчээр нутгийн асуудал хөндөгдөх шалтгааныг мэргэжлийн хүний хувьд та хэрхэн хардаг вэ? 

-Бэлчээр нутгаа хайрлах, зохистой ашиглах малчны ухаан, нүүдэлчдийн соёлын хамт хэдэн мянган жилийн турш хадгалагдаж уламжлагдаж ирсэн.  Гэвч зах зээлийн нийгэмд шилжсэнээр малчид орлогоо нэмэгдүүлж амьжиргаагаа сайжруулах зорилгоор малынхаа тоог хяналтгүйгээр өсгөх болсон.

Өвсний соргог, усны тунгалагийг дагаж нүүдэллэдэг малчид ховордож зах зээлээ даган төв суурин газраас холгүй амьдрах малчдын тоо өсөж их хэмжээний малын бөөгнөрөл үүссэнээс малын бэлчээр эрчимтэйгээр доройтож байгаа нь тун харамсалтай.

-Монгол Улсын хэмжээнд яг хэр их хэмжээний газар талхлагдаад байна вэ? 

-Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн дэмжлэгээр ус, цаг уур болон газрын харилцааны улсын сүлжээг түшиглэн бэхжүүлсэн Бэлчээрийн мониторингийн 2 том сүлжээ нь бэлчээрээ жил бүр оношилдог болсон. “Бэлчээрийн мониторингийн дүн мэдээ, үндэсний тайлан”-гаас үзэхэд Монгол орны нийт бэлчээрийн газрын 65 хувь өөрчлөгдөж доройтсон төлөвтэй байна.

Бэлчээр ашиглалтын одоогийн ачааллыг цаг алдалгүй бууруулж чадвал доройтсон бэлчээрийн 80 гаруй хувь нь байгалийн аясаар сэргэн ургах бүрэн боломжтой.

-Цөлжилтөд өртсөн газар нутаг гэхээр элс, цагаан тоосоор төсөөлдөг. Гэтэл харахад ногоон тал хэдий ч талхлагдсан бэлчээр нэмэгдсэн талаар судлаачид дурдах болсон. Цаанаа экосистем нь хэрхэн өөрчлөгдсөн байдаг юм бол?

-Бэлчээрийн доройтол, бэлчээрийн доройтлын шалтгаан саяхныг хүртэл маргаантай байлаа. Малын тоо хэт өссөнөөс бэлчээрийн доройтол эрчимжиж буйг малчид хүлээн зөвшөөрдөггүй, хур бороо орохгүйгээс л газар нутаг гандуухан байна гэдэг малчид цөөнгүй байсан.

Сүүлийн жилүүдэд идэмж сайтай, тэжээллэг өвс ургамлын гарц, төрөл зүйл жил ирэх тусам буурсаар байгааг малчид ойлгодог ярьдаг боллоо.

Бэлчээрийн доройтлын явц, шинж тэмдэг нь байгалийн бүс бүслүүрээс хамааран харилцан адилгүй байдаг, тухайлбал, ой хээрийн бүсэд нарийн өвс голлосон унаган ургамлын эзлэх хувь буурсаар тэжээлийн ач холбогдлоор муу, хөл газрын ургамлаар солигддог бол хээрийн бүсэд өнгөн хөрс суларч ус салхины элэгдэл эрчимжсэн байх жишээтэй.

Эдгээр өөрчлөлтийг даган байгалийн зэрлэг амьтад болон шувуудыг амьдрах орчноор хангах, хөрсийг үндсээрээ барьж элэгдэл эвдрэлээс хамгаалах зэрэг үйлчилгээг алдахад хүрч байна.

-Ингэж талхлагдсан газар байгалийн жамаараа сэргэх үү? 

-Доройтсон бэлчээрийн сэргэлтийн талаарх туршилт судалгааны дүнгээс үзэхэд ашиглалтыг тохируулж ургамалд сэргэн ургах боломжийг олгосноор доройтсон бэлчээрийн дийлэнх хувь нь сэргэнэ. Харин унаган ургамал нь доройтлыг илэрхийлэгч зүйл ургамлаар солигдож хөрсний элэгдэл эвдрэл хүчтэй илэрч доройтсон бэлчээр байгалийн аясаар сэргэх боломжгүй.

Манайх шиг чийгийн хангамжаар муу, ургамал ургалтын хугацаа богино нөхцөлд доройтсон бэлчээрт үр цацаад сэргээнэ гэдэг экологийн болон эдийн засгийн хувьд боломжгүй, тиймээс бэлчээрийг хүчтэй доройтуулахаас сэргийлэх, мал бэлчээрлэлтийн ачааллыг даацад нь тохируулах зохицуулалтуудыг цаг алдалгүй нэвтрүүлэх шаардлагатай байна.

-Бэлчээрийн мониторингийн улсын сүлжээг бэхжүүлэхэд ямар асуудлууд дээр голлон анхаарсан бэ?
-Бид дараах 3 асуудал дээр голлон төвлөрөн ажилласан. Тодруулбал:

Нэгдүгээрт: Бэлчээрийн мониторингийн арга зүйг олон улсын жишигт нийцүүлж шинэчлэн сайжруулах, үндэсний түвшинд нэгдсэн нэг арга зүйг нэвтрүүлсэн. Учир нь арга зүйн зөрүүгээс доройтолд орсон бэлчээрийн газрын хэмжээ, доройтлын түвшний талаарх зөрүүтэй дүн мэдээ нь ойлгомжгүй, ашиглахад бэрхшээлтэй байлаа.

Хоёрдугаарт: Мониторингийн анхдагч мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх онолын үндсэн зарчмууд, загваруудыг боловсруулан нэвтрүүлсэн. Тухайлбал, Монгол орны бэлчээрийн голлох төрлүүдээр экологийн чадавхид суурилсан лавлагаа мэдээллийн сантай болсноор доройтлын түвшинг болон сэргэх чадавхийг тодорхойлох боломжтой болсон.

Гуравдугаарт: Мониторингийн сүлжээг бэхжүүлэх зорилгын хүрээнд хээрийн судалгааны багаж хэрэгслээр хангах, холбогдох мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулахад нэлээд сайн анхаарч ажилласаны дүнд тус 2 сүлжээний хувьд мониторингийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, тогтвортой байдлыг хангах бүрэн чадавхи бүрдсэн.

-Мониторингийн нэгдсэн арга зүйтэй болсны ач холбогдол нь юу вэ? 

-Бэлчээрээ оношлох нэгдсэн арга зүйтэй болсноор бэлчээрийн болон бусад холбогдох салбар, оролцогч талууд хоорондоо бэлчээрийн төлөв байдал, даац ачааллын талаарх мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл бэлчээрийн асуудал хариуцсан тодорхой бүтэцгүй манай улсын хувьд энэхүү нэгдсэн арга зүй нь оролцогч талуудыг нэгтгэн зангидах гол арга хэрэгсэл болж байна.

Экологийн чадавхид суурилсан энэхүү нэгдсэн арга зүйг нэвтрүүлснээр бэлчээр судлалын шинэ үеийн суурийг тавьсан гэж хэлж болно. Учир нь, сүүлийн жилүүдэд доройтсон бэлчээрийг сэргэх чадавхиар үнэлэх, доройтсон бэлчээрийн сэргэх боломжийг тогтоох чиглэлээр ажиллах судлаачид болон хэвлүүлсэн бүтээлийн тоо эрс нэмэгдэж байна. 

-Нийтдээ хэчнээн аймаг сумдын бэлчээрийн мэдээлэл бүртгэгдсэн бол?

-Дээр дурьдсанчлан улсын хэмжээнд бэлчээрийн мониторингийн хоёр том сүлжээ ажиллаж байна.
Эхнийх нь Ус, цаг уурын улсын сүлжээний дэргэдэх бэлчээрийн экосистемийн төлөв байдлын мониторинг ба багийн түвшний 1550 цэгийг хамардаг. Одоогоор, 2011 оноос эдүгээ хүртэлх 10 жилийн мэдээлэл бүхий нэгдсэн сантай болсон байна.

Бэлчээрийн сэргэх чадавхийн зураглалыг 2 жил тутамд, өвөл, хаврын даац ачааллын зураглалыг жил тутам гаргаж (http://irimhe.namem.gov.mn/ ; https://eic.mn/wedotinfo)., Бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайланг 3 жил тутамд гаргаж Засгийн газарт, олон нийтэд үйлчилдэг.

Хоёрдугаарт, Газрын харилцааны сүлжээний дэргэдэх Бэлчээр ашиглалтын нөлөөг хянах фотомониторингийн сүлжээ аймаг, сум, баг, бэлчээр ашиглагчдын хэсэг, түүний доторхи улирлын бэлчээрийг төлөөлөх 5100 цэгийг хамарч байна (www.gazar.gov.mn). Фотомониторингийн үр дүнд тулгуурлан бэлчээр ашиглалтын горим, ачаалал хэр тохиромжтойг, мөн бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг хянадаг.

-Малчин бүрийн бэлчээрт үнэлгээний зураглалыг гаргаж өгөх боломжтой юу?

Дундаа ашигладаг бэлчээрийн газар дээр нь үндэслэн малчдын хэсэг, бүлгийн түвшинд бэлчээрийн төлөв байдал, нөөцийг нь тодорхойлж зурагладаг. Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөгөө хэрхэн хэрэгжүүлж байгаа, бэлчээр ашиглалтын арга технологи бэлчээртээ хэрхэн нөлөөлж байгааг хянаж жил бүрийн 8-р сард мониторинг хийдэг.

Бэлчээр ашиглалтын нөлөөг хянах фотомониторингийн 2020 оны дүнгээс үзэхэд бэлчээрийн зохистой ашиглалтыг нэвтрүүлснээр сүүлийн 5 жилд улсын хэмжээгээр 20,6 сая га бэлчээрийг сайжруулсан байна.

Ийнхүү бэлчээрийн чанар бүтээмж, түүнд үзүүлэх ашиглалтын нөлөөг хянах нь нэг талаас МАА-н үйлдвэрлэлийг, малчдыг хариуцлагажуулж байгаа, нөгөө талаас малчдаас зах зээлд нийлүүлж буй бүтээгдхүүнийг зохистой ашиглалт бүхий эрүүл бэлчээрээс гаралтай хариуцлагатай бүтээгдхүүн болохыг баталгаажуулснаар түүний борлуулалт, үнэ цэнийг нэмэгдүүлж байгаа юм.

-Тэгэхээр малын тоо толгой бус авах үр ашиг, тухайн бүтээгдэхүүний түүх үнэ цэнийг нь нэмэгдүүлэх нь ээ?

-Олон малтай л бол сайн малчин гэсэн өрөөсгөл ойлголт байсан.

Мянгат малчин тодруулдаг, банкны зээл авахад малын тоо толгой хардаг нь малын тоо хяналтгүйгээр өсөхөд нөлөөлж байна.

Малын тоогоо өсгөсөн ч Монгол малын бүтээгдэхүүн, арьс шир, түүхий эд зах зээл дээр хямд, үүнийг дагаад малчин өрхийн орлого доогуур байгаа нь нууц биш.Тэгэхээр бид эртнээс өвлөж ирсэн нүүдэлчин ахуйгаас хүртэх ашиг шимээ үнэ цэнтэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах нь бэлчээрээ сайжруулах, бэлчээрийн зохистой ашиглалтаас эхэлнэ. 

Байгалийн эрүүл бэлчээрээс гаралтай, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай бүтээгдэхүүн гэдгийг баталгаажуулж эх дэлхийдээ ээлтэй, хариуцлагатай гэдэг имижээр олон улсын зах зээлд танигдах л чухал.Ингэж чадвал монгол малын гаралтай бүтээгдхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэн эдийн засгаа солонгоруулах боломжийг нэмэгдүүлж чадна.

-Та бүхний ажилласан Ногоон алт, Малын эрүүл мэнд төсөл 17 жилийн турш хэрэгжүүлсэн үр дүнгээ олон нийтэд танилцуулах гэж байгаа, мөн та бүхний хамтарч буй Бэлчээрийн Үндэсний IV форумыг 9-р сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулна гэж дуулсан. Энэ талаар манай уншигчдад товчхон мэдээлэл өгөөч.

-Тэгэлгүй яахав баярлалаа. Төсөл маань хэрэгжээд 17 жил хэдийн өнгөрчээ. Оролцогч талуудын уйгагүй хичээл зүтгэлээр өнөөдөр бид төслөө маш амжилттай хэрэгжүүлж бэлчээр судлалын болоод МАА-н үйлдвэрлэлийн хөгжлийн нэгэн шинэ үеийн суурийг тавьсан олон үр дүн гаргасан байгааг харахад маш таатай байгаа.

Хамгийн гол нь малчид хамтарч бэлчээрээ зүй зохистой ашиглах нь тэдний нүүдэлчин амьдралын хэв маягийг тэтгэдэг юм байна гэдгийг ойлгосон бол энгийн иргэд ч бэлчээр гэдэг бол зөвхөн хэдэн малчны л санаа зовох асуудал биш гэдгийг бага багаар ойлгож буй нь мэдрэгдэж байгаа.

Манай төслийн хувьд Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоог бэхжүүлэх тал дээр багагүй ажлыг хийсэн бөгөөд 2021/09/09-ний өдөр Бэлчээрийн Үндэсний IV форумыг холбоотойгоо хамтран зохион байгуулж байна. Арга хэмжээ маань өнөөгийн нөхцөл байдалтай зохицон 100% виртуал хэлбэрээр явагдах ба www.responsiblenomads.mn хуудсаар шууд дамжуулагдана. Арга хэмжээний үеэр олон улсын болон дотоодын эрдэмтэн судлаачдын бэлчээрийн сэргэлтийн талаарх сүүлийн үеийн судалгаанууд танилцуулагдахаас гадна бэлчээрийг сонирхогч, ашиглагч, хэрэглэгч бүх талуудын нэгдсэн уулзалт болдог давуу талтай юм. Тодруулбал бэлчээрийг түшиглэн мал сүргээ өсгөж буй малчид, малчдын гаргасан түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид болон бэлчээр, мал аж ахуйг судалдаг эрдэмтэн, судлаачдын нэгдсэн уулзалт болдог гэсэн үг юм.

Харин 2021/09/10-ны өдөр Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн маань хэрэгжүүлсэн сайн туршлагуудыг олон нийттэй хуваалцах юм. Мал аж ахуй маань манай улсын хөгжлийн тулгуур 3 чулууны нэг төдийгүй малын гаралтай түүхий эдтэй холбогддоггүй, салангид амьдардаг нэг ч Монгол хүн байхгүй гэж би боддог. Тиймээс энэхүү арга хэмжээ маань уншигч та бүхэнд бүгдээрэнд нь хамаатай гэж ойлгож болно. Арга хэмжээг мөн л онлайнаар www.responsiblenomads.mn вэб хуудсаар болон Монголын үндэсний олон нийтийн телевизээр та бүхэнд дамжуулан хүргэх болно. Та бүхнийг манай онлайн арга хэмжээнүүдэд өргөнөөр оролцохыг урьж байна. Арга хэмжээний талаар болон манай төслийн үйл ажиллагааны мэдээллийг www.greenmongolia.mn сайт болон www.facebook.com/greenmongolia.mn фэйсбүүк хуудсуудаар авах боломжтой байгаа.

Цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа, зохион байгуулж буй арга хэмжээнүүд болон цаашдынх нь ажилд амжилт хүсье!

 

Эх нийтлэл

Жич: Энэхүү танин мэдэхүйн цуврал ярилцлага болон нийтлэлийг ШХА-ын Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн үр дүн танилцуулах ажлын хүрээнд та бүхэнд хүргэж байна.

Гоё ганган сав, баглаатай гоо сайхны бүтээгдэхүүний шошгон дээрээс “амьтныг тамлан зовоогоогүй, амьтан дээр туршаагүй”
(cruelty free/not tested on animals) гэдэг тэмдэглэгээг анх олж хараад би их гайхаж билээ. Учир нь хүнд хэрэглүүлэх бүтээгдэхүүнийг амьтан дээр туршиж, аюулгүй байдлыг баталгаажуулах нь шинжлэх ухаанч хандлага гэж ойлгодог байв. Зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүний туршилтад жил бүр хагас сая амьтныг ганцхан сар ашиглаад алж орхидог нь хүнлэг бус санагдав. Тухайн үед бурууг бусдад хамааруулж бодсон ч төд удалгүй “үйлийн үр”-ийн талаар миний төсөөлөл өөрчлөгдсөн юм.

Гоо сайхны бүтээгдэхүүний шошго дээр маш олон мэдээлэл байдаг. Тэдний нэг бол “амьтан дээр туршаагүй” хэмээх туулайн дүрслэл бүхий лого

Би гэдэг хүн шуб өмсөхөө больж, жил бүр хэдэн сая амьтныг хорьж, тамлаж хороодог арьсны фермийн үслэг эдлэлээс татгалзав. Ази, Африкийн сармагчинг амьдрах газаргүй болгож байгаа дал модны тариалалтыг дэмжихгүйн тулд дал модны тостой зүйл хэрэглэхээс зайлсхийв. Байгальд хэдэн зуун жилээр үл задрах, дахин боловсруулах боломжгүй болон бохир хог хаяхаас цээрлэдэг болов. Ингээд гараг ертөнцийн асуудал бүхэн “надад хамаатай” боллоо. Дэлгүүрт ороод барьж авсан бараа бүрийн сав баглаа, орц найрлага, гарал үүслийг нягталснаар онцын шаардлагагүй олон зүйлийг хэрэглээнээсээ хасав.
Гэвч насаараа идсэн малынхаа махнаас татгалзаж чадсангүй. Малын хөлд шахагдаж устах аюулд өртсөн зэрлэг амьтдыг өрөвдөвч ногоон хоолтон болж барсангүй. Махсаг миний идшийг базааж малаа даахгүй эцэж туйлдсан бэлчээрийн доройтолд “би буруутай” мэт санагдана. Эх нутгийн ихэнх хувь нь цөлжиж, хэдэн зуугаар тоологдох гол, нуур дахин хэзээ ч сэргэхгүйгээр ширгэсэнд харамсана. Ийн шаналж явахад минь дэлхий нийтийг уриалж эхэлсэн Тогтвортой хөгжлийн зорилтууд надад буруугаа залруулах боломж олголоо. Тэдгээрийн нэг нь “хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэл”-ийн тухай үнэхээр догь ойлголт юм. Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгохдоо байгалийн нөөцийг ариг гамтай ашиглаж, үйлдвэрлэх, хэрэглэх явцаас үүдэн гарах ул мөр, сөрөг нөлөө, хог хаягдал, орчны бохирдлыг аль болох бага байлгаж, хойч үедээ хэрэгцээт байгалийн нөөцийг нь хангалттай үлдээхийг хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэлийн зарчим гэдэг байх нь.

Малын гаралтай бүтээгдэхүүний түүхий эдийг малыг зовоолгүй, зохих ёсоор тавлаг өсгөснийг батлах батламж буюу QR-р мөшгөх тогтолцоог бүрдүүлжээ

Хүний зохисгүй хэрэглээнээс амьтай бүхнийг авран хамгаалах Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх амлалт өгсөн дэлхийн 193 орны нэг нь Монгол улс.

Энэхүү гэрээнд “Бид улсынхаа бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ болон хэрэглээний хэвшмэл байдлыг уг үндсээр нь өөрчлөхөө амлаж байна. Засгийн газар, олон улсын байгууллага, бизнес эрхлэгч, төрийн бус байгууллага болон “хувь хүн” нэг бүр цамаан хэрэглээ, үрэлгэн үйлдвэрлэлийг таслан зогсоож, шинжлэх ухаан, технологи, инновацийн боломжийг илүү хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэлд чиглүүлж, өөрсдийн боломж, нөөц, санхүү, техник туслалцаагаа тогтвортой хөгжлийн төлөө зориулах болно” гэжээ.

Хэдийгээр би өөрийн биеэр гарын үсэг зурж, тангараг өргөөгүй ч энэ амлалт “надад хамаатай, хамгийн их хамаатай” (Мандухай сэцэн хатны үгээс иш татав) боллоо. Гэвч дэлхийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж чадаагүйн улмаас манай улс 2020 онд 63.98 (F) оноотойгоор 107 дугаар байранд жагсав.

Цөлжиж хувхайрсан газар нутаг, цөлмөж барсан байгалийн баялаг, шарилж ханхалсан хоосон бэлчээр, өндийх тэнхэлгүй тураалтай мал, өвөлжөө булаалдсан эцэг хүү, эм амтагдсан идэш ууш, ханаж цадашгүй харалган түмний тухай халаглан бичихээ энэ удаа азная. Эрхий дарам газрыг бурханд ч өгөмгүй тансаг байгальдаа зэрлэг амьтад дураараа сүлжилдэж, өвс ногоо халиурсан элбэг хангалуун бэлчээртээ таван эрдэнийн мал сүрэг тааваараа сайхан налайж, өгөөж буян нь малчны хотноо бялхаж, өөхний нүнжигт нь хотын бид бялуурам тийм л ирээдүйн талаар төсөөлье.

Тэгвэл би юу хийж чадах билээ? 

Шонхрын наймааг зогсоож, сар шувууг үржүүлж чадахгүй учир үлийн цагаан оготнотой тэмцэхэд миний хүч дутна. Уул уурхайг болиулж, ой модыг ургуулж барахгүй тул цөлжилттэй тэмцэхэд миний бяр дутна. Харин халаасан дахь хэдэн бор төгрөгөөрөө, хаана ч явсан зарчимдаа үнэнч худалдан авалтаараа хариуцлагагүй үйлдвэрлэл, хайхрамжгүй хэрэглээтэй би тэмцэж чадна. Надад ирээдүйг өөрчлөхөд хангалттай эрх мэдэл, эд хөрөнгө бий. Учир нь “хэрэглэгч” би (Монголын) Хаан билээ.

Бэлчээрээ гамнадаг, байгалиа хамгаалдаг, зэрлэг амьтадтай зэрэгцэн оршдог, буянт малынхаа ашиг шимийг амьсгалаас бусдыг нь хүртдэг, өв уламжлал, өөрчлөлт шинэчлэлийг хослуулдаг, жаргалтай малтай жавхаалаг малчнаас би идшээ захиалж идье. Малыг зовоолгүй махалдаг, махыг хиртээлгүй тээвэрлэдэг, эмийн үлдэгдэлгүй, эрүүл мэндэд хоргүй хүнсийг орчны бохирдолгүй, олон түмэнд халгүйгээр үйлдвэрлэдэг хариуцлагатай бизнест би үнэнчээр орлого оруулъя.

“Хариуцлагатай нүүдэлчид” стандарт дор малчид өөрийн гаргасан түүхий эддээ баталгаа олгож байна. www.responsiblenomads.mn

“Энэ ямар үнэтэй вэ гэхийн оронд энэ бүтээгдэхүүн ямар үнэ цэнээр бүтсэн бэ?” гэж би асууя. Хариулт нь “надад хамаатай”.

Би юу мөрөөддөг гээч? Ногоон алтан талдаа цагаан сувдан гэрээ бариад амар сайхандаа жаргах сан.

 

Өгүүллийг  бичсэн: Ч.Батцэцэг- Эх нийтлэл

Жич: Энэхүү танин мэдэхүйн цуврал ярилцлага болон нийтлэлийг ШХА-ын Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн үр дүн танилцуулах ажлын хүрээнд та бүхэнд хүргэж байна.