Archive for the
‘Зөвлөгөө’ Category

Багцаалвал хүн амьдралынхаа 1/3-ийг унтаж өнгөрүүлдэг бол 1/3-ээс багагүй хугацааг ажил дээрээ өнгөрүүлдэг. Ажилдаа хэр дуртай, сэтгэл хангалуун, амжилттай байдаг зэрэг нь тухайн хүнийг амьдралынхаа үлдсэн хугацаанд сайхан байх уу, саар байх уу гэдгийг шийдэх маш том хүчин зүйл болдог. Тэгэхээр ажил мэргэжлийн сонголт гэдэг амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг яах аргагүй мөн. Гэхдээ “насны” ажлаа эрт тодорхойлох гэж яаран, шаналах хэрэггүй. Магадгүй та одоог хүртэл ямар ур чадварыг бусдаас илүү эзэмшсэн, ямар ажил үүргийг гүйцэтгэхдээ урам зоригоор тэтгэгддэг, эсвэл бүр би хэний, юуны төлөө сурч, ажиллаж байна вэ гэсэн асуултууддаа хариулт хайсаар байгаа бол та ганцаараа биш шүү гэдгийг онцолъё. Яагаад гэвэл дээрх мэт философийн асуултууд эрүүл хүн бүрт тулгардаг.

Тэглээ гээд амьдралыг урсгалаар нь элээлгүй, дээрх мэт асуултуудын хариултыг та идэвхитэй эрэлхийлэн өөрийгөө аль болох олон талаар сорьж, туршиж, хөгжүүлснээр цаг хождог. Өөр мэргэжлээр/ахисан түвшинд сурах, гадаадад аялах зэрэг нь тухайн хүн өөртөө оруулж байгаа шууд хөрөнгө оруулалт. Харин сайн дурын ажилд оролцох, нийгмийн идэвхитэй байх зэрэг нь танд шинэ танил, шинэ туршлага, шинэ мэдлэг нэмдэг та өөрөө өөртөө хийж буй шууд бус хөрөнгө оруулалт юм. Шууд болон шууд бус замаар өөртөө оруулсан бүх хөрөнгө оруулалтуудын нийлбэр чинь таныг “насны” ажил мэргэжлээ тодорхойлох түлхүүр болдог. Энэ түлхүүрийг атгах эсэх, атгалаа гэхэд хэзээ вэ гэдэг таниас өөрөөс чинь л хамаарна.

“Насны” ажил мэргэжлээ тодорхойлоход тань цаг хугацаа хэмнэх үүднээс зөвлөхөд: хамгийн түрүүнд ажиллах салбараа (боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, ашгийн бус байгууллага гэх мэт) аль болох нарийн тодорхойлоорой. Дараа нь өөрийн бүх боломж бололцоогоо бодитоор нь үнэлж дүгнэн, хүсэл мөрөөдөлтэйгээ уялдуулан тодорхойлсон ажлын салбараа илүү нарийвчлаарай (жишээ нь: эрүүл мэндийн салбарт эм зүйчээр ажиллах). Амьдрал бол өрнөлтэй үйл явц. Иймд таны гаргасан шийдвэр яваандаа өөрчлөгдөх болвол санаа зоволтгүй. Эцсийн эцэст та ямар ч мэргэжлийг сонгосон бай тэр чинь танд болон таны эргэн тойрныхонд урам зориг, баяр баясал, итгэл найдвар өгч чадаж байвал тэр л таны “насны” ажил.

 

Эх сурвалж: Michael Mamas, “How to discover your ideal profession”,Entrepreneur.com

Linkedin-ийн Нөлөөлөгч /Influencer/ Travis Bradberry амжилттай хүн гэж аль болох их, үнэ өртөгтэй материаллаг зүйл цуглуулж, хуримтлуулсан хүнийг биш харин дараах 9 шинжийн аль болох олныг өөртөө агуулсан хүнийг хэлнэ гэж бичжээ. Эдгээр 9 шинж чанарт: Аливаа зүйлийн сайн талыг үргэлж харж чаддах байх, бусдын амжилтанд үнэн сэтгэлээсээ баярладаг байх, амьдралд нь тулгарсан асуудалд хэн нэгнийг буруутгах биш өөрөө эзэн болж хариуцлага хүлээж чаддаг байх зэргийг багтаажээ.

Бидний амжилтыг хэмжих түгээмэл нэгж болгодог боловсролын түвшин, эд баялгийн хэмжээ зэргийг огт чухалчлаагүй түүний энэхүү нийтлэл маш олон хүний анхаарлыг татсан байх юм. Тэрбээр хэн нэгний амжилт түүний гадна бус, дотор оршдог гэсэн ба энэхүү санаагаа дараах судалгаагаар дэмжиж. Strayer их сургуулиас хийсэн судалгаагаар Америкчуудын 90% нь амжилт бол эрх мэдэл, эд хогшил, нэр алдраас илүү өргөн хүрээтэй ойлголт гэж итгэдэг байна. Үүнийг лавшруулбал, судалгаанд оролцогсдын 67% нь амжилт гэж “гэр бүл, найз нөхөдтэйгээ сайхан харилцаатай байх”-ыг хэлнэ гэсэн ба 60% нь амьдралаа авч явдаг ажилдаа чин сэтгэлээсээ дуртай байх гэж хариулжээ. Эдгээр хүмүүсийн ердөө 20% нь мөнгөөр хэмжигдэх эд баялагаар амжилтыг тодорхойлно гэж.

Монгол шиг материаллаг эд зүйлсээр хүний амжилтыг тодорхойлох хандлага давамгайлдаг нийгмийн бүтээгдэхүүн бидэнд уншиж, тунгаахад хэрэгтэй нийтлэл байна. Уншаад, тунгаагаарай.

Эх сурвалж: https://www.linkedin.com/pulse/signs-youre-successfuleven-doesnt-feel-like-dr-travis-bradberry