Чингэлтэй дүүрэгт “Ирээдүйд бэлтгэх Энтерпрайз” хөтөлбөр амжилттай хэрэгжиж өндөрлөлөө

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлсэн “Ирээдүйд бэлтгэх Энтерпрайз” хөтөлбөр 2026 оны 4 дүгээр сарын 6-наас 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Хөтөлбөрт Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 37, 39, 49, 57, 72, 149 дүгээр сургуулийн идэвх санаачилгатай 30 сурагч, 6 багш хамрагдан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Энтерпрайз аргачлалаар суралцаж, бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, манлайлах зэрэг ирээдүйн ур чадвараа хөгжүүллээ.

Сурагчид хөтөлбөрийн хугацаанд өөрсдийн сургууль болон сургуулийн ойр орчим, байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон, инновац, технологи, судалгаанд суурилсан шийдлүүдийг боловсруулж, төслөө бодитоор хэрэгжүүлсэн юм.

Хаалтын арга хэмжээний үеэр оролцогч багууд хэрэгжүүлсэн төслүүдийнхээ үр дүнг танилцуулж, суралцсан туршлагаа хуваалцлаа. Төслүүдийг шинэлэг байдал, инновацлаг шийдэл, нийгмийн хүртээмж, үр нөлөө зэрэг шалгуураар үнэлэхэд шүүгчдийн нийлбэр оноогоор 72 дугаар сургуулийн “ECOOL” баг тэргүүн байр, 49 дүгээр сургуулийн “Think Tank” багийн хэрэгжүүлсэн “Аюулгүй гарц” төсөл дэд байрт шалгарлаа.

Мөн хөтөлбөрийн онцлох үр дүнгийн нэг нь 72 дугаар сургуулийн “ECOOL” багийн санаачилга байв. Тус баг хөтөлбөрийн хугацаанд нийт 1,234 кг хуванцар хаягдал цуглуулж, TML ХХК-ийн хэрэгжүүлсэн хуванцар дахин боловсруулах аянд амжилттай оролцон тэргүүн байр эзэлж, 2 сая төгрөгийн эрхийн бичгээр шагнууллаа.

“Ирээдүйд бэлтгэх Энтерпрайз” хөтөлбөр нь сурагчдад ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадваруудыг эзэмшүүлэхийн зэрэгцээ нийгэм, орчиндоо эерэг өөрчлөлт авчрах бодит санаачилга хэрэгжүүлэх боломжийг олгож, сурагчдыг асуудлыг олж хардаг, шийдэл бүтээдэг, хариуцлагатай иргэн болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлдэг онцлогтой юм.