“ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ – ЭНТЕРПРАЙЗ” ХӨТӨЛБӨРИЙГ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН СУРГАЛТ, ХӨГЖЛИЙН ЦОГЦОЛБОРТ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
“Боловсролын санаачилгууд” ТББ-ын санаачлагаар, “The Chris & Tanya Devonshire – Ellis Foundation”-ы санхүүжилттэй “Ирээдүйд бэлтгэх – Энтерпрайз” хөтөлбөрийг Нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт, хөгжлийн цогцолбортой хамтран хэрэгжүүлж эхэллээ.
3 сарын хугацаанд хэрэгжих энэхүү хөтөлбөрийн зорилго нь өсвөр насны хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх зэрэг ирээдүйн амьдралд нь чухал шаардлагатай ур чадваруудыг олон улсад шалгарсан “энтерпрайз” төслийн аргачлалаар хөгжүүлэх юм. Цаашлаад талууд хамтын ажиллагаагаараа дамжуулан асрамж, халамжийн төвийн хүүхдүүдийн цогц хөгжлийг дэмжих жишиг хөтөлбөр бий болгохыг зорьж байна.
ХҮҮХДҮҮД ӨӨРСДӨӨ ТӨСӨЛ САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Оролцогч хүүхдүүд хөтөлбөрийн чиглүүлэгчдийн дэмжлэгтэйгээр өөрсдийн хүсэл, сонирхолд нийцсэн төсөл боловсруулж, хэрэгжүүлэх замаар бодит мэдлэг, туршлага хуримтлуулна. Хөтөлбөрийн хүрээнд төслийн санаагаа тодорхойлох, төлөвлөх, төсөв боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнгээ танилцуулах үйл явцад оролцох боломжтой болно.
БАГШ, НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛНА
Хөтөлбөрийн хүрээнд мөн цогцолборын багш, нийгмийн ажилтнуудыг хүүхдүүдийнхээ ур чадвар – цогц хөгжлийг дэмжих дэвшилтэт, олон улсад шалгарсан боловсролын арга зүйгээр чадавхжуулна. Багш, нийгмийн ажилтнууд маань төсөлд суурилсан чиглүүлэгч, ментор болон хүүхэд төвтэй сургалтын арга зүйг бодитоор ашиглан хүүхдүүдээ ирээдүйн амьдралд нь бүтээлчээр, өөрсдийнх нь потенциалыг нээн, хөхиүлэн дэмжих замаар бэлтгэх шинэлэг арга эзэмшиж, туршлагаа нэмэгдүүлнэ.



