АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТАЛААР ИХЭНХ ХҮМҮҮСИЙН ХОЖИМДОЖ ОЙЛГОДОГ ХАМГИЙН ЧУХАЛ 10 ХИЧЭЭЛ
Дэлхийн дундажаар хүмүүс 20-60 нас хүртэлээ 40 жил идэвхитэй ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байдаг ч Монгол Улсын хувьд 1990 оны нийгмийн өөрчлөлт болон сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй технологийн дэвшилээс шалтгаалан 40, 50 насныханы ажилгүйдлийн түвшин өндөр хувьтай байна. Оффистоо хамтран ажиллаж буй хүмүүсээ хардаа дийлэнх нь л залуучууд байна уу? Манай 40-өөс дээш насныхан маань хаагуур юу хийгээд явж байна? Магадгүй дийлэнх нь худалдагч, жолооч, малчин, тариаланч гэх мэт биеийн хүчний хөдөлмөрийг голлон эрхлэж хувиараа эрхлэх аж ахуйтан буюу албан ёсны ажлын байргүй тогтмол орлогогүй амьдарч байгаа байх. 2010 онд Америкийн 1 судалгаанаас “дийлэнх хүмүүс 40-50 насандаа амьдралдаа хөдөлмөр эрхлээд олдог орлогынхоо 50%-г олдог” гэсэн тоо баримтыг уншиж байсан нь ой тоонд маань их тод үлджээ. Гэтэл Монголд яагаад баялагийг өөртөө болон эх орондоо бүтээх тэр л үеийнхэн маань шинэ залуу үеийнхэндээ түрэгдэн ажил мэргэжлийн хувьд өсч дэвжилгүй мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэлт рүү шилжээд байна?
Та өнөөдөр хэдэн ч настай бай 40-өөс хойших нас нь тойроод гарах даваа биш туулаад явах зам мөр тань тул ажил мэргэжлийн хувьд насан туршдаа өөртөө сэтгэл хангалуун байж, үнэ цэнээ улам нэмэгдүүлэхийн тулд энэхүү нийтлэлийг уншин суугаа байх. Тиймээс таныг жилээс жил ирэх бүр ажил мэргэжлийн хувьд илүү үнэ цэнэтэй шилдэг ажилтан болоосой гэж хүссэндээ Линкедины нөлөөлөгч (Linkedin influencer) Bernard Marr –н хэзээ ч хойш тавьж болохгүй 10-н зөвлөмжийг тоймлон хүргэе.
1. Амьдрал богино. Амьдрал нь дургүй ажлаа хийх, чамайг үнэлдэггүй даргын төлөө ажиллах болон ямар ч уртын зорилгогүй компанид ажиллахад хэтэрхий богино гэдгийг үргэлж санаарай. Бидний ихэнх нь өнөөдөрийнхөө ажлын нөхцөл байдалд сэтгэл хангалуун биш байдаг ч өдөр тутмын тогтмол орлогоо алдах вий, илүү дээр ажил олж чадахгүй байх вий гэсэн айдсаасаа болоод өөрчлөлт хийдэггүй. Гэвч чи хэр удаан амьд явахаа мэдэхгүй тул өөртөө таалагдахгүй, хожим харамсмаар нөхцөл байдалд өөрийгөө хүчээр битгий хүл. Чамд таалагдахгүй байгаа зүйлсийг өөрчлөхийн тулд яг одоо жижиг ч бай хамаагүй ямар нэг алхам хийгээрэй.
2. Нийгмийн хүрээлэл чухал. Бид ихэнхдээ бүрэг зан ажлаа л сайн хийж байвал бусад нь яахав ээ гэж боддог тул танилын хүрээгээ тэлэх тал дээр хойрго ханддаг. Мэдээж сайн мэдэхгүй хүмүүсийн дунд, дасаагүй орчинд орон хэрэгтэй хэрэггүй зүйл ярилцах нь ихэнхэд маань төвөгтэй санагддаг тул нэтворкинг арга хэмжээнүүдээс зайлхийх байдал түгээмэл байдаг. Гэсэн хэдий ч судалгаагаар нийгмийн хүрээлэл нь амжилтын чухал түлхүүр болох нь батлагдаад байна. Чухамдаа ихэнх амжилттай хүмүүс нийгмийн хүрээллээ илүү олон төрлөөр үүсгэж чадсан байдаг. Тиймээс танилын хүрээгээ тэлэхэд зориулсан цаг хугацаа оролдлогууд тань таны амжилтанд туслалцаа үзүүлнэ гэдэгт битгий эргэлзээрэй.
3. Амжилтын төлөө эрүүл мэндээ золиослох нь ухаалаг хэрэг биш. Маш олон амжилттай хүмүүс хэт их ажилласнаасаа болж эрүүл мэндийн хувьд доголдолтой болсон байдаг. Үнэндээ эрүүл хүний бүтээмж илүү өндөр байхаас гадна ямар ч амжилт болон мөнгө таны эрүүл мэндийг орлохгүй. Эрүүл мэндээ золихын оронд стрэссийнхээ түвшинг хянаж, ажил амьдралын хэвийн түвшинг хадгалж сурснаар хойшидын муу үр дагаваруудаас сэргийлээрэй.
4. Дэлгэц ширтэн сууснаас илүү амьдралынхаа давтагдашгүй мөчүүдийг мэдрээрэй. Илүү онлайнд холбогдсон өнөөдрийн нийгэмд бид амьдралын хором мөчүүдийг дэлгэцэнд хуулбарлах байдал ихээхэн ажиглагдаж байна. Гэсэн ч амьдралын төгсгөл ирэх үед та бусадтай холбоотой байхын тулд илүү олон и-мэйл утсаараа шалгаж байхыг хүсэхгүй л байх. Тиймээс онлайнаас хэсэг хөндийрч бодит амьдралаа илүүтэйгээр мэдрээрэй
5. Суралцахаа хэзээ ч зогсоож болохгүй. “Би хангалттай суралцлаа, би өөрийн гэсэн арга барилтай, амьдрах ухаантай болсон” гэж боддог хүн байна уу? Та их сургууль төгсөөд хэр удаж байна? Та их сургууль төгссөнөөсөө хойш ямар нэгэн мэргэжил дээшлүүлэх болон нэмэлт ур чадвар эзэмших сургалтуудад суусан уу? Өнөөдрийн хэт технологижсон орчинд бид шинэ ур чадваруудыг суралцахгүй өөрийн эзэмшсэн арга барилаараа л яваад байвал удахгүй хэнд ч хэрэггүй нэгэн болох аюултай. Тиймээс ажиллаж байхдаа үргэлжид суралцсанаар та цаг үеэсээ хоцрогдохгүй улам илүү амжилттай байх ирээдүй тань бүрэлдэнэ гэдгийг санаарай.
6. Олон төрлийн чадвартай бай. Та нэг л зүйлийг маш сайн хийж сурахын тулд хамаг амьдралаа зориулж байна уу? Та цөөн зүйлийг хийж чаддаг байх тусмаа дургүй ажилтайгаа зууралдаж байх эсвэл бүүр таны чадвар хийх ажилд тань хүрэлцэхгүй болох эрсдэл ихэснэ. Тиймээс өөрийгөө аль болох олон талаас нь хөгжүүлээрэй. Убэр /Uber/-т ажлын байраа алдсан таксины жолооч болон чатбот /chatbot/-оор орлуулагдсан харилцагчийн үйлчилгээний ажилчдын талаар бодоорой.
7. Та ганцаараа хурдан явж чадна тэхдээ хамтаараа илүү хол явна гэдгээ ойлгоорой. Ихэнх хүмүүс ганцаараа ажиллах сонирхолтой байдаг хэдий ч багаар маш сайн ажиллаж чаддаг хүмүүс л илүү амжилтанд хүрдэг. Цор ганцаараа бүхнийг хийдэг байдал домог болж бүхий л том ажлыг гар нийлсэн баг л гүйцэтгэх боломжтой болоод байна.
8. Санаа зовсноор юунд ч хүрэхгүй. Хэрэвээ чи том санаатай ч түүнийг биелүүлэх алхамыг хийхээсээ айдаг, бусдын өмнө үг хэлэх болон бусад хүмүүс чамайг юу гэж бодох бол гм зүйлст хэт их санаа зовдог бол амжилтанд хүрэхгүй л болов уу. Тиймээс дэмий санаа зовж суухын оронд ямар нэг урагшаа тэмүүлсэн алхам хийж байгаарай.
9. Алдаа бол төгсгөл биш. Алдаандаа бууж өгч байгаа бол та юу ч суралцаагүй байна гэсэн үг. Үүний оронд алдаагаа танд шинэ боломжийн хаалгыг нээж өгч байгааг нь хүлээн зөвшөөрөөд дахин хийж байсан зүйлээ эхнээс нь эхлээрэй.
10. Аз жаргал гэдэг бол байнгын аялал болохоос эцсийн хүрэх цэг биш. Маш олон хүн аз жаргалыг тодорхойлохдоо “Аз жаргал бол би жингээ хасч чадсан үед бий болно, ийм тийм өндөр цалинтай ажилд ороход бий болно” гм-ээр одоо байгаагаасаа хойш тавьж өгдөг. Гэвч аз жаргал гэдэг бол бидний сонголт болон зуршилын л асуудал байдаг. Та ямар ч нөхцөл байдалд бай аз жаргалыг мэдэрч чадвал илүү л амжилттай байх боломжтой юм.
За дээрх 10-н зөвлөлгөөг уншаад танд хэрэгтэй гэж бодсоноо хэрэгжүүлээрэй. Бусад ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүст өгөх зөвлөлгөө байвал сэтгэгдэлээ бичиж үлдээгээрэй.
Эх сурвалж: “10 important career lessons most people learn too late”, www.linkedin.com