“Ирээдүйд бэлтгэх Энтерпрайз 30” хөтөлбөр Дархан уул аймгийн Дархан суманд амжилттай хэрэгжлээ.
Дархан-Уул аймгийн өсвөр насны хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор Дархан сумын ЗДТГ-тай хамтран “Ирээдүйд бэлтгэх Энтерпрайз” хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Тус хөтөлбөрт Дархан сумын сурагчдын зөвлөлийн 30 сурагч, ерөнхий боловсролын сургуулиудын 30 багш хамрагдсан бөгөөд олон улсын “Энтерпрайз” аргачлалд үндэслэн боловсруулсан үндэсний “Ирээдүйд бэлтгэх Энтерпрайз” жишиг хөтөлбөрийн хүрээнд бүтээлч сэтгэлгээ, хүнлэг ур чадвараа хөгжүүлж, цаашид үе тэнгийн чиглүүлэгч багшаар бэлтгэгдэх боломжтой болж байна.
Тус хөтөлбөр нь багш,сурагчдад “иргэд болон орон нутгийн” хүрээнд тулгамдаж буй нийгэм, байгаль орчин, бизнесийн асуудлуудыг тодорхойлон хамтран шийдэл гаргах боломжийг олгож байна.
Энтерпрайз хөтөлбөрийн мастер чиглүүлэгч нарын удирдлага дор хөтөлбөрийн багш, сурагчид маань хоёр сарын хугацаанд Тогтвортой хөгжлийн зорилгууд болох хариуцлагатай хэрэглээ, цэвэр ус, үе тэнгийн дээрэлхэлт, жендерийн эрх тэгш байдал зэрэг тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, бодит шийдэл гарган төслийн менежментийн арга барилд суралцлаа.
3-р сарын 22-нд хөтөлбөрийн хаалтын үеэр төслийн тайланг орон нутгийн удирдлагууд, гэр бүл, анги хамт олон, найз нөхөддөө танилцууллаа.
Энэ үеэр Дархан сумын Засаг даргын тамгын газраас баг бүрийн төслийг цаашид бодитоор хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар болж тус бүр 5 сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ. Энэ нь сурагчдын бодит оролцоотойгоор нийгэмд эерэг өөрчлөлт авчрах чухал алхам болж байна.
Хөтөлбөрийн сэтгэгдэл:
Дархан-Уул аймгийн 9-р сургуулийн нийгмийн ажилтан Б.Болортуяа:
“Төслийн үйл ажиллагаа нь сурагч төвтэй явагдаад ирэхээр хүүхдүүд маань илүү их идэвхтэй, санаачилгатай болж төслөө цаашид үргэлжлүүлээд явах боломжтой гэдгийг хараад ирэхээр чиглүүлэгч багш нар маань хүүхдүүдээ дэмжээд хүүхдүүдийнхээ санаанд тулгуурлаж гол санаагаа бий болгоод цаашаагаа явах нь зөв. Энэ талаараа цаашид өөрсдийнхөө ажил, сургуулиудад, ер нь хаана ч хэрэгжүүлээд явахад дөхөмтэй юм байна. Мөн өөрийнхөө суралцсан зүйлсээ бусад багш, шавь, сурагч нартаа ажил болгоод түгээгээд явах ёстой юм байна гэдгийг суралцаж ойлголоо.” Facebook