S/HE – ТӨГС ЗОХИЦОХ ХОС ЧИНЬ МӨН ҮҮ?
Хосуудын харилцааны эксперт Talia Goldstein хосууд хоорондоо төгс зохицох эсэхээ дараах 4 асуултын дагуу шинжихийг зөвлөжээ. Харин аль хэдийн гэрлэсэн хосууд дараах асуултуудыг анхааралдаа авч, өөрсдийн харилцаандаа засаж, сайжруулах зүйлс байвал санаа авбал зүгээр юм байна.
1. Аялах хэв маяг чинь төстэй юу? Чухал аялалаа хаашаа, хэрхэн, хэдий хугацаагаар явах зэргээ хамтдаа төлөвлөж эхлэхээс л хосууд нэг нэгнийхээ амьдралын хэв маяг зэргийг сайтар мэдэж авах боломжтой байдаг. Жишээ нь хосын нэг нь Монголчилбол Увс аймаг руу майхнаар хоноглон, өөрсдөө хоолоо хийн, ууланд алхаж адал явдлаар дүүрэн аялалд гарахыг хүсч байхад нөгөөх нь Тэрэлжид 5 одтой зочид буудалд тухалж байгаад ирэхийг илүүд үзэж болно. Энэ тохиолдолд хосын хэн нэгнийх нь буруу зөв биш зүгээр л тэд амьдралын өөр хэв маягтай, өөр зүйлээс таашаал авдаг хүмүүс байж болно. Гэр бүл болсон хойно амьдрах байр, унах машин, хүүхдүүдээ явуулах сургууль гэх мэт илүү чухал зүйлсийг сонгоход дээрх ялгаа мөн гарч, илүү том асуудал үүсгэж болзошгүй.
2. Хамтдаа хийх дуртай зүйлстэй юу? Хосуудын хобби төстэй байх тусам төгс зохицох магадлал өндөрсдөг. Энэ нь заавал адилхан хамтлагийн дуу сонсдог байх тухай биш. Зүгээр л хосууд хамтдаа хийх дуртай 2-3 хобби/сонирхолтой байвал тун сайн. Жишээ нь хамтдаа ууланд алхах, ижилхэн спортын тэмцээн хөгжөөн дэмжих гэх мэт. Ингэснээр хосууд хамтдаа байхдаа цагийг утгаар нь “сайхан” өнгөрөөж чаддаг байна.
3. Бие биенээ нөхөж чаддаг уу? Ижил цэнэгүүд түлхэлцэж, эсрэг цэнэгүүд таталцдаг физикийн хууль хосуудын зохицолд ч мөн адил үйлчилдэг. Тухайлбал хос 2 хоёулаа маш оргилуун, дүрэлзсэн зантай, эсвэл хоёулаа дуугүй, илэн далангуй биш дотогшоогоо хүмүүс байвал тэдний харилцаа хол явах нь эргэлзээтэй гэж Goldstein дүгнэжээ.
4. Энэ харилцаанд байснаар чи эерэгээр хувьсан өөрчлөгдөж чадаж байна уу? Хосууд хамтдаа байхдаа өөрийнхөөрөө байж чаддаг, мөн нэг нэгнээ эерэгээр өөрчилж, урд урдынхаасаа илүү хөгжин дэвжсэн хувь хүн болоход нь дэмжиж чаддаг байвал тэд төгс зохицдог.
Эх сурвалж: “A relationship expert reveals 4 signs that you’re a perfect match”, Business Insider