CV БИЧИХДЭЭ ХЭЗЭЭ Ч ГАРГАЖ БОЛОХГҮЙ 9 АЛДАА

“Ном бол ертөнцийг харах толь” гэдэг шиг таныг бусдад, ялангуяа ажил олгогчдод таниулах толь бол CV билээ. Англиар CV бичих, Монголоор анкет бөглөх харагдах байдлын хувьд ялгаатай ч, агуулгын хувьд төстэй. Иймд өөрийн CV бичих/анкет бөглөхдөө гаргаж болохгүй 9 алдааг CareerBuilder-ын зөвлөх Matt Tarpey ингэж тодорхойлжээ.

1. Үг, үсгийн алдаа гаргах: CareerBuilder-ээс 2013 онд явуулсан судалгаанд оролцогч ажил олгогчдын 58% нь үг, үсгийн алдаатай анкетыг шууд л жагсаалтаас хасдаг гэжээ.
2. Буруу мэдээлэл өгөх: Хуучин ажлын газрынхаа утас, хашиж байсан албан тушаал зэргээ худал, буруу бичиж болохгүй.
3. Яг адилхан бөглөсөн анкет өөр өөр газруудад өгөх: Анкет бөглөж буй албан байгууллагууд чинь өөр, өөр ажил үүргийн хуваарьт өөр, өөр албан тушаал эрхлэх ажилтан хайж байгаа учир тэдний хүсэл, шаардлагад нийцүүлэн өөрийн туршлага, чадварынхаа алийг нь хаана тодотгох вэ гэдгээ тооцоол.
4. Харагдах байдалд хэт их анхаарах: Өөрийн туршлага, чадвараа илэрхийлэх үгийн сонголтондоо л анхаарлаа хандуул. Ямар үсгийн фонтоор, ямар өнгөтэй хайрцаганд бичих гэх мэт харагдах байдалд их ач холбогдол өгөх хэрэггүй.
5. Тодорхой биш байх: Хаана ямар амжилт хэзээ гаргав, хуучин ажилдаа яг яаж хувь нэмэр оруулсан зэргээ аль болох тодорхой бич. (Жич: Энэ мэт чухал мэдээлэл авахын тулд манай зарим ажил олгогчид уламжлалт анкетаа шинэчлэх шаардлагатай санагддаг.)
6. Нэг хуудсанд хэтэрхий олон үг бичих: Дээр дурдсан судалгаанд оролцогчдын 66% нь дөнгөж их сургуулиа төгсөгчид нэг хуудсаас илүүгүй, 77% нь тодорхой ажлын туршлагатай өргөдөл гаргагчдын CV хоёр хуудаснаас багагүй байх нь зохистой гэж үзжээ.
7. Ажилласан хугацаагаа тодорхой бичихгүй байх: Хүүхэд төрүүлсэн зэрэг шалтгаанаар багагүй хугацаанд ажил хийлгүй завсардсан бол түүнийгээ анкетандаа бодитоор нь тодорхой тусгаж байх хэрэгтэй.
8. Өөрийн чадваруудаа бичихгүй байх: Хаана хэдэн жил ажилласан гэдгээс илүү яг ямар чадварыг давуу эзэмшсэн чинь ажил олгогчдод илүүтэй чухал мэдээлэл юм. Тэгэхээр жишээлбэл “Хэлэлцээ хийх” зэрэг чадваруудаа гарчиг болгон доор нь энэ чадвараа ямар байдлаар ашигласнаа жагсаах байдлаар харуулж болно.
9. Тухайн ажилд орсноор өөрт чинь ямар хэрэгтэй гэдэгт анхаарах: Үүний оронд тухайн ажилд чамайг авснаар тэр байгууллагад чи яаж хувь нэмрээ оруулах вэ гэдгийг тодотгож өг.

 

Эх сурвалж: “9 Glaring Résumé Mistakes Not to Make”, Christine Ryan Jyoti, Learn Vest