Archive for the
‘Гадаад’ Category

2016 оны 09 дүгээр сарын сүүлээр Канадын Монтреаль хотод Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын төрөлжсөн агентлаг Иргэний нисэхийн олон улсын байгууллага (ИКАО)-ын 3 жил дутамд нэг удаа зохион байгуулагддаг Ассемблэйн чуулган хуралдаж дэлхийн 190 гаран орны 2500-аад төлөөлөгч оролцлоо.

Энэ үеэр бидний анхаарлыг татсан хоёр содон асуудал хэлэлцэгдсэнийг дор тоймлоё.

1. Дроныг нисэх онгоц, нисдэг тэрэгний адил дүрэм журмаар зохицуулах шаардлагатай юу?
Тиймээр барах уу. “Амьдралын шаардлагаар” гэдэг шиг өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байгаа техник, технологи, тэдгээрийн зохистой бөгөөд аюулгүй хэрэглээг зохицуулахын тулд дэлхийн олон орнууд дроны хэрэглээтэй холбоотой хууль, дүрэм журам баталж, албан ёсны зохицуулалт хийж байна. Арга ч үгүй биз, цаг үеийн няцаашгүй шаардлага байгаа юм чинь. Жишээ нь АНУ-ын Холбооны Нисэхийн удирдах газар /FAA/-аас 2016 оны 03-р сард гаргасан тайланд өнгөрсөн хагас жил орчмын хугацаанд зөвхөн АНУ-д л гэхэд дронтой холбоотой 600 гаран осол зөрчил гарсан тухай онцолжээ.
Мөн дрон нисгэгч бэлтгэх сургалт, дрон нисгэгчдийн олон улсын тэмцээн зэрэг цаг үеийн шаардлагаар энэхүү бие жижиг ч бэлчээр томтой техниктэй холбоотой олон шинэ үзэгдлүүд ар араасаа урган гарч байна.


Image credit: http://www.techweekeurope.co.uk/

2. Бөмбөлөгний тусламжтай дэлхий аалзны шүлсэнд илүү хэрэгдэнэ.
Google компаний толгой болох Alphabet компаний сүүлийн үед хэрэгжүүлж байгаа хамгийн томоохон төслүүдийн нэг нь Project Loon буюу тусгай техник, технологийн тусламжтай үйлдвэрлэсэн агаарын бөмбөлөг ашиглан интернет ашиглах боломжгүй байгаа дэлхийн хүн амын тэн хагаст интернетийг хүртээмжтэй болгох, цаашлаад интернетээр дамжуулан хэрэгцээтэй мэдээ мэдээллийг нь хүргэхэд чиглэсэн мега төсөл юм.

Image credit: http://www.digitaltrends.com/

Интернетэд холбогдох нь тодорхой сөрөг үр дагавруудтай ч амьжиргааны түвшин төдийлэн дээгүүр бус юмуу алслагдсан бүс нутгийн иргэд, фермерүүдэд эрүүл мэнд, цаг агаарын мэдээ мэдээллийг найдвартай эх сурвалжаас, цаг алдалгүй авах хамгийн оновчтой арга нь интернет байж чадна гэж энэ төслийнхэн үзэж байна.
Дрон, нисэх онгоцнуудтай мөргөлдөх, хувийн эзэмшлийн газруудад зөвшөөрөлгүй нэвтрэх зэрэг олон зөрчил гаргаж байгаа. Project Loon бөмбөлгүүдээ энэ мэт хэл ам, эрсдэлд өртүүлэхгүйн тулд (эрсдэлийг хамгийн бага түвшинд барихын тулд) улс орнуудын нисэхийн удирдах газрууд, нислэгийн удирдлагын төвүүдтэй хамтран ажиллахаар гэрээ, хэлцэл хийж байгаа юм байна. Одоогийн байдлаар 10 гаран улстай гэрээ байгуулж, 15 гаран улстай хэлэлцээ хийж байгаа мэдээтэй байна. Удахгүй манай Монголын Иргэний нисэхийн ерөнхий газартай ч энэ асуудлаар хэлэлцээ хийж, гэрээ байгуулах бизээ.

150 тэрбум ам.долларын (жич: Монгол улсын жилийн ДНБ-ээс 10-н хэд дахин их) хөрөнгийг удирддаг АНУ-ын эрсдэлийн сан болох Bridgewater Associates нь байгууллагаа тогтвортой, амжилттай хөгжүүлье гэвэл чин сэтгэлтэй, зүтгэлтэй, хамгийн гол нь хамт олонтойгоо нийцтэй ажилчид авч ажиллуулах гэж итгэдэг учраас ажилчдаа авахдаа ч, компанид нь орсных нь дараа ч “аймар” гэж хэлж болохоор нарийн шалгуураар, хэдэн цагийн турш шалгадаг аж. Тухайлбал:
Fortune 500 компанийн 80% нь хэрэглэдэг MBIT гэдэг тестээр ажил горилогчдын сэтгэл зүйн төрлийг тодорхойлдог. Энэ тестээр бол хүмүүсийг дараах байдлаар ерөнхийлэн ангилж болдог гэнэ.
1. Гадаад ертөнцтэй харилцах – а) Дотогшоо хүн: ганцаараа юмуу жижиг багт орж ажиллах дуртай, үүрэг даалгавраа нэг нэгээр нь төвлөрч хийдэг гэх мэт; б) Гадагшаа хүн: олон хүнтэй, бужигнасан, хурдтай нөхцөлд ажиллах дуртай, нэг дор хэд хэдэн үүрэг даалгаврыг зэрэг гүйцэтгэдэг.
2. Мэдээллийг хүлээж авах – а) Шинжлэгч: тоо баримт, өмнөх туршлага зэрэгт өндөр ач холбогдол өгдөг, б) Зөн совиндоо итгэгч: аливаа боломж, бүтээлч, шинэ санал санаачлагад гол анхаарлаа хандуулдаг.
3. Шийдвэр гаргах – а) Бодогч: дүн шинжилгээ, давуу болон дуталдалтай талын харьцуулалт, шударга байдал гэх мэт баримттай зүйлсийг бодолцож байж шийдвэр гаргадаг, б) Мэдрэмжинд итгэгч: шийдвэр гаргахдаа баримт сэлтээс илүү өөрийн болон бусдын мэдрэмж, сэтгэл санааг бодолцдог.
4. Зохион байгуулалт – а) Шүүн тунгаагч: зохион байгуулалт, бэлтгэл сайтай, төлөвлөгөөний дагуу ажилладаг, ихэнхдээ дүрэм журмыг сайн баримталдаг, б) Ажиглагч: өөрийн боломж, нөхцлүүдээ нээлттэй байлгаж, шийдвэрийг тэр дор нь гаргадаг, хатуу төлөвлөгөөнд баригддаггүй.
Дээрх тестээр ажил горилогчоо тодорхойлж, санал болгож буй ажлын байранд нь тохирох эсэхийг харьцуулсны дараа Bridgewater өөрийн боловсруулсан гурван өөр асуулгаар шалгана. Энэ бүх шалгалт, асуулгыг даван тухайн компанид ажилд орсон бол “компаний хөгжил бол ажилтны хөгжил” гэх Bridgewater-ын стратегийн дагуу ажилтнууд нь байнга өсч дэвжих боломжоор хангагддаг.
Илүү дэлгэрэнгүйг дараах эх сурвалжаар орон уншаарай.
Эх сурвалж: “These are the personality tests you take to get a job at the world’s largest hedge fund”, Business Insider

Fun Yuanhui гэгч Хятадын усанд сэлэлтийн тамирчин дэлхий даяар шуугиан тарьж байна. Тэр алт авсангүй, хүрэл медаль авчлаа гэж уйлаагүй, харин бүр баярласан, баярлахдаа хацраа бумбайлгаж ирээд бусад медалийн эзэдтэй зургаа татуулсан, тэр бүү хэл тэрбээр тэмцээний үеэр сарын тэмдэг нь ирсэн байсан тухай хээв нэг сэтгүүлчид ярилцлага өгсөн.

2016 оны байдлаар 28 спортын төрлөөр 11000 тамирчин дэлхийн 206 улсыг төлөөлөн оролцож буй Олимпийн НААДАМ-д БНХАУ 1932 онд анх оролцсон бөгөөд Хятадын коммунист намаас спортын энэ арга хэмжээг эх орныхоо “зөөлөн хүч”-ийг дэлхий нийтэд таниулах чухал арга хэрэгсэл гэж үзэн онцгой анхаарал хандуулж иржээ. Үүний хариуд тамирчид нь ч НААДАМ гэхээсээ илүү хуйвалдаан, улс төрийн наймаалцал төгс утгаараа явагдах болсон, зохион байгуулж байгаа болон оролцож байгаа орондоо үр өгөөж илүү өгөөд байнуу эсрэгээрээ зардал илүү гаргуулаад байнуу гэдэг нь тодорхойгүй байдаг энэ арга хэмжээнд алтан медаль зүүхийн тулд амь амьдралаа зориулж, ялагдал бул гутамшиг гэж үзэн зүтгэсээр иржээ. (Жишээлбэл: Олимпийн наадамд зориулан ард иргэдээсээ хэдэн жил цуглуулсан татварын мөнгөөр барьсан том, том стадион, барилга байгууламжууд наадам дуусаад л дийлэнх ихэнх нь ашиглагдахгүй, үргүй зардал болон үлддэг.

Гэтэл 20 настай Yuanhui-н үйлдэл, үг хэл 120 жилийн өмнө Грект бултаараа хөгжин баясахаар эхлүүлсэн НААДАМ бол наадан баясах л хэлбэр болохоос, улс орнууд нэг нэгнээ үзэн ядаж, гутаан доромжилж, ард иргэд хэрэлдэн муудалцах талбар баймааргүй байна шд гэдгийг санууллаа.

Хуучин ажлын маань нэг ах хүү “Нөхрийн ажил бүтвэл, миний ажил бүтнэ” гээд л найз нөхдийнхөө ажилд их л өөриймсөг хандан тусладаг байсансан. Мэдээж энэ тохиолдолд тэр хүн ийнхүү сэтгэл, зүтгэлээ гаргах найз нөхдөө санаа нийлэх, итгэл даах зэрэг янз бүрийн л шалгуураар сонгодог байлгүй. Харин бидний сонголтоос хамааралгүйгээр бидэнтэй учирдаг нэг хүн бол “удирдлага (manager) буюу дарга (boss)”. Гэхдээ энэ хүмүүстэй ч гэсэн бид ажлын ахын маань хэлдэгтэй агаар нэг сэтгэхүйгээр “Даргын ажил бүтвэл, миний ажил бүтнэ” тиймээс ухаантай, санаачлагатай хамтран ажиллах хэрэгтэй гэж аль 1980 онд Harvard Business Review-ээс зөвлөсөн байдаг юм байна. Үүнийг Англиар “manage up” гэж томъёолсон байх ба Монголоор “удирдлагаа удирдах ухаан” гэж болмоор санагдав.

Энэхүү ухааныг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх талаар экспертүүдийн зөвлөснийг хураангуйлбал:

  • Удирдлагаа сайн таньж мэд: мэдээллийг ямар байдлаар авах дуртай (жишээлбэл: зурган, бичгэн, аман танилцуулганы алийг нь илүүд үздэг), үл ойлголцол маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг, ер нь тухайн хүний давуу болон сул тал юу вэ гэдгийг эртнээс мэддэг байх нь цаашдаа дарга, цэрэг аль алиндаа амар байдаг. Мөн үе үе даргынхаа оронд өөрийгөө тавьж, аливааг түүний нүдээр харахыг хичээх нь удирдлагуудаа ойлгож, тэдэнтэй илүү гар нийлэн ажиллахад тустай байдаг.
  •  Өөрийнхөө биш даргынхаа ажлыг хөнгөвчил: Удирдлагаа удирдах ухаан гэдэг нь өөрөөсөө түрүүнд даргыгаа ажилдаа амжилттай, хамт олныхоо дунд гялалзахад нь туслах. Ингэснээр удирдлага тань эргээд таныг ажилдаа амжилттай, карьертаа ахиж дэвшихэд тань тусалдаг.
  • Даргынхаа сул болон давуу талыг нөхөж ажилла: Төгс хүн гэж байдаггүйчлэн төгс дарга гэж байдаггүй. Иймд тэдний сул талыг таньж мэдсэнээр түүнийг нь нөхөн ажиллахад онцгой ач холбогдол өг. Ингэснээр дарга чинь чиний ач холбогдол, үнэ цэнийг илүү мэдэрнэ.
  • Юм бүхэнд урдуур нь бүү ор: Гуравдугаарт бичсэн зөвлөгөөг дагахаасаа урд дарга чинь чиний тусламжийг авахдаа дуртай байна уу үгүй юу гэдгийг эхэлж тодруулсан байх хэрэгтэй. Үгүй бол чиний хэн, хэнийхээ хэргийг бүтээхээр удирдлагаа удирдах гэсэн ухаан чинь даргынхаа суудалд санаархсан оролдлого мэт санагдаж болзошгүй.
  • Удирдлагатай чинь холбоотой ямар нэгэн асуудал тулгарвал хамгийн түрүүнд удирдлагатайгаа л ярилц: Ажилаа амжилттай ахиулахад тулгарч буй асуудлуудын талаар даргатайгаа илэн далангуй ярилцаж бай, эдгээр асуудалд түүний удирдлагын арга барил ч багтана.

Монголчууд өөрөө идэвхи, санаачлага гарган даргатайгаа харилцаж, ойр ажилладаг хүмүүсийг нэлэнхүйд нь бялдууч, зусарч, долигнуур гэж дургүйцдэг. Гэтэл тэд чинь ажил мэргэжилдээ амжилт гаргах чиглэлээр зөвлөдөг топ экспертүүдийн хэлснээр “удирдлагаа удирдах ухаан”-тай хүмүүс юм биш үү, хэтрүүлчихгүй л бол 🙂

Эх сурвалж: http://www.ivankatrump.com

Өмнө нь та бүхэнд танилцуулсан нэр нөлөө нь хурдтай өсч буй глобал стратегич Parag Khanna-тай түүний шинэ ном Connectography: Mapping the Future of Global Civilization-ий хүрээнд Washington Post болон Next City-ээс хийсэн ярилцлагуудад дэлхийн хөгжлийн чиг хандлага хаашаа явж байгаа, улс орнууд ялангуяа АНУ дэлхийн хөгжлийн шинэ хандлагууд, шинэ норм хэв маягуудтай уялдуулан төрийн бодлогоо хэрхэн өөрчлөх хэрэгтэй талаар түүний дэвшүүлсэн гол санаануудыг тоймловол:

• 2030 он гэхэд дэлхийн нийт хүн амын 70 орчим % нь томоохон хотуудад амьдарна. Тэгэхээр улсын хөгжлийн бодлогоос хотуудын хөгжлийн бодлого илүү ач холбогдолтой болно.

• Дэлхийн хүн амын 1% нь бусад 99%-ийнхаа хэрхэн амьдрахыг тодорхойлдог. АНУ Хятад Улсад үйлдвэрийн баазуудаа алдаад дууслаа гэж гоншигнож байхын оронд Silicon Valley зэрэг шинэ санаа, шилдэг бүтээлүүдийн өлгий газрууддаа тулгуурлан энэ 1%-ийг илүү манлайлах хэрэгтэй.

• Дэлхийд илүү олон цэрэг байлдааны нөөцтэй улс нь биш илүү олон дэд бүтцийн сувгийг удирддаг улс нь хүчтэй байдаг болно. БНХАУ өөрийн газар нутаг төдийгүй хөрш зэргэлдээ улсуудаа дэд бүтцийн нэгдсэн сүлжээнд алсын хараатай нэгтгэж байгаа нь дээр дурдсан хүчний хувьслыг олж харсны илрэл. Энэ бодлогоо хэрэгжүүлэх гол механизм нь саяхан байгуулагдсан Asian Infrastructure Investment Bank (AIIB). Энэ нь нэг талаас тэднийг илүү хүчирхэг болгох ч нөгөө талаас бусдаас илүү хараат болгоно. Гэхдээ аль болох дэд бүтцийн сүлжээнд илүү холбогдох тусам улс орнууд аль аль нь хожиж байдаг.

• Глобалчлал улам хүчээ авна. Гадаадад цагаачлагчдын тоо, чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийн агуулга, технологийн цар хүрээ улам нэмэгдэнэ. Ийм үед АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Trump бид гадаадын цагаачдыг нутаг буцаана, Хятадад бараа таваараа үйлдвэрлэж байгаа компаниудыг эргээд дотооддоо үйлдвэрлэлээ явуулахыг шахах болно зэрэг дэлхийн хөгжлийн чиг хандлагын эсрэг зүйл ярьж байгаа нь шүүмжлүүштэй.

• Дэлхийн дулаарал энэ хэвээрээ үргэлжилж, дэлхийн дундаж температур целсийн 4 хэмээр нэмэгдвэл АНУ, БНХАУ, Бразил, Энэтхэг, Австрали гэх мэт орнууд дэлхийн хоол хүнсний голлох үйлдвэрлэгч/нийлүүлэгч статусаа ОХУ, Канад зэрэг хойд туйлтай ойрхон орнуудад алдана.

Parag Khanna болж байгаа бодит үйл явцад үнэлэлт дүгнэлт хийн, энэ үйл явцаас хэрхэн өөрт эдийн засгийн хожоотой үйлдлүүдийг хийх талаар санаа дэвшүүлдэг судлаач юм гэж ойлголоо. Харин миний бие болж байгаа үйл явцыг хэрхэн эерэг тал руу нь хөтөлж, эдийн засгийн бус байгаль орчин, нийгмийн хожоотой нүүдлүүдийг хийх вэ гэдэг шинэ үеийнхний хариулах ёстой илүү чухал сэдэв гэж ойлгодог. Иймд энэ сэдэвтэй холбогдох шилмэл нийтлэлийг удахгүй хураангуйлан хүргэнээ.

Сингапурын Үндэсний Их Сургуулийн харъяа Ли Куан Юугийн нэрэмжит Төрийн бодлогын сургууль (Lee Kuan Yew School of Public Policy)-ийн декан Kishore Mahbubani Өмнөд Хятадын тэнгисийг тойрсон газар нутгийн маргаантай холбоотой олон нийтлэл бичсэний нэг нь энэ.

Энэхүү нийтлэлийн гол санаа нь БНХАУ Өмнөд Хятадын тэнгис (South China Sea) дэхь тодорхой арлуудыг ямар ч олон улсын байгууллага, хоёрдогч гуравдагч улстай хэлэлцэн зөвшилцөлгүй өөрийн мэдлийнх хэмээн зарлаж, хөлөг онгоцуудаа илгээн, өрөмдлөг зэрэг үйл ажиллагаа явуулж эхэлснээр Вьетнам, Филиппин зэрэг Зүүн Өмнөд Азийн зарим орнуудтай үл ойлголцолд хүрч, хоорондоо тун сөрөг уур амьсгалтай байгаа. Үүнд АНУ, БНХАУ-ыг буруушааж байлдааны хөлөг онгоцуудаа тус газар нутгууд руу илгээн, тэдгээр нь БНХАУ-ын өөрийн эзэмшлийн гэж зарласан арлуудын 22км-ийн диаметрээс дотогш орсон тохиолдол гарчээ. НҮБ-ын Тэнгисийн Хуулийн Конвенцэд /UNCLOS/ зааснаар ямар нэг улсын харъяа арал, тэнгисийн эргээс 22км /12 nautical mile/ диаметр доторх хэсгийг тус улс өөрийн эзэмшлийнх хэмээн зарлах боломжтой. Тэгэхээр АНУ-ын дээр дурдсан үйлдлийг БНХАУ өөрийнх нь газар нутаг, тусгаар тогтнолд заналхийлсэн үйлдэл хэмээн ноцтой хариу үзүүлэх боломж нэг талаар бүрдсэн.

Нөгөө талаар АНУ-аас БНХАУ ямарч олон улсын хэлэлцээ, харилцан ойлголцолд хүрээгүй байж дур мэдэн Өмнөд Хятадын тэнгис дэхь арлуудыг өөрийн мэдлийнх хэмээн зарласан нь олон улсын гэрээ конвенцийг зөрчиж байна гэсэн мэдэгдэл гаргасан нь бас л зөв гэжээ.

Mahbubani энэ нийтлэлдээ дэвшүүлсэн гол санаа нь АНУ өөрөө далай тэнгисийн асуудалтай холбоотой олон улсын хамгийн түгээмэл баримт бичиг болох UNCLOS-д нэгдээгүй байж бусад улсыг энэ баримт бичгийн заалтуудыг мөрдөхийг шаардаж байгаа нь зохисгүй юм гэжээ. Дэлгэрэнгүйг дараах нийтлэлээс…

Эх сурвалж: http://www.straitstimes.com/opinion/red-alert-a-new-geopolitical-haze

Хэдэн жилийн өмнө нэг нөхөр Монгол улсыг “Minegolia” гэдэг, Хятад эдийн засгийн глобалчлалын бодлогынхоо хүрээнд 10-20 жилийн дотор л энэ улсыг худалдаад авчихна гэж мэдэгдээд олон Монголчуудын эгдүүцлийг хүргэж байсан. Энэ нөхрийг Parag Khanna гэдэг ба олон улсад нэр хүнд нь хурдацтай өсч буй олон улсын харилцааны эксперт, геополитикийн стратегич хүн юм байна. Тэрбээр судалгааныхаа үр дүнг бусдын сонирхлыг татахуйцаар танилцуулахдаа гаргууд санагдлаа. Жишээ болгож саяхан нийтлүүлсэн, дэлхийн иргэд үгийн сандаа зайлшгүй нэмэх шаардлагатай гэж буй 16 үгийн тайлбарыг нь хуваалцая. Эдгээр үгийг 3 бүлэгт хувааж болмоор юм. 1-т. Технологи, 2-т. Дипломат ёс, 3-т. Мега хотууд.
1. Технологи: Энэ бүлэгт хамаарах үгсээс надад хамгийн сонирхолтой санагдсан нь Technology Quotient /TQ/ байв. Нилээд хэдэн жилийн өмнө Ц.Дэмбэрэл гуай Intelligence Quotient /IQ/ буюу оюуны итгэлцүүрийн талаар манайд танилцуулж, түүний ач холбогдлыг ойлгуулснаас хойш энэ тухай хүн бүхэн мэддэг болсон. Сүүлийн жилүүдэд Emotional Quotient /EQ/ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг хүний ажил, амьдралд IQ-ээс илүү чухал хэмээн олон улсад ярьж, бичих болсон. Харин Parag Khanna IQ, EQ-ээс гадна TQ буюу технологийн талаарх мэдлэг, түүнийг хэрэглэх чадварыг үнэлэх шаардлага ойрын ирээдүйд бий болно гэжээ.
2. Дипломат ёс: Энэ нийтлэлээс нь гадна, түүний De Facto нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг нь үзсэний дараа шинээр хэрэглээнд оруулахыг санал болгож буй “multi-alignment” буюу олон талт харилцаа хэмээх ойлголт нь Монгол улсын тухайд “олон хөршийн бодлого” гэж буулгаж болохоор санагдав. Манайх гуравдагч хөршийн бодлого гээчийг хэрэгжүүлээд АНУ, Япон, Турк зэрэг орнуудыг гуравдагч хөршөө хэмээн тусгайлан харилцах болсон. Гэтэл эдгээр улс нь бид хүссэн ч эс хүссэн ч мөнхийн 2 хөрш маань байх БНХАУ, ОХУ нарын төдийлэн үзэл бодол таардаггүй улсууд байх. Энэ мэт шалтгааны улмаас улам хурдацтай глобалчлагдаж буй өнөө цагт Parag Khanna-ийн санал болгож байгаачлан “олон хөршийн бодлого”-той байх нь илүү онох мэт.
3. Мега хотууд: Тэрбээр нэгэн TED илтгэлдээ дэлхийн нийт эдийн засгийн эргэлтийн 90% нь New York, London, Shanghai, Singapore зэрэг 40-хөн мега хотын хооронд хийгдэж байна гэж. Эдгээр мега хотууд хоорондоо дипломат харилцаа /diplomacity/ тогтоож, глобалчлалыг утгаар нь хөгжүүлж байгаа зэргээс хамааран Pax Urbanica буюу Их хотын иргэд хэмээх шинэ нэр томъёог дэлгэрүүлэх нь зүйтэй гэжээ. Энэ чинь харин Монгол хэлэнд аль хэдийн нэвтэрсэн хэллэг байна шүү.
Parag Khanna-гийн нийтлэлийг өөрийнхөөрөө хураангуйллаа. Та бүхэн бүтнээр нь уншаад, өөрийн санал бодлоо хуваалцаарай.

Эх сурвалж: http://www.techinsider.io/words-describing-humanitys-future-that-english-needs-2016-5

Linkedin-ийн Нөлөөлөгч /Influencer/ Travis Bradberry амжилттай хүн гэж аль болох их, үнэ өртөгтэй материаллаг зүйл цуглуулж, хуримтлуулсан хүнийг биш харин дараах 9 шинжийн аль болох олныг өөртөө агуулсан хүнийг хэлнэ гэж бичжээ. Эдгээр 9 шинж чанарт: Аливаа зүйлийн сайн талыг үргэлж харж чаддах байх, бусдын амжилтанд үнэн сэтгэлээсээ баярладаг байх, амьдралд нь тулгарсан асуудалд хэн нэгнийг буруутгах биш өөрөө эзэн болж хариуцлага хүлээж чаддаг байх зэргийг багтаажээ.

Бидний амжилтыг хэмжих түгээмэл нэгж болгодог боловсролын түвшин, эд баялгийн хэмжээ зэргийг огт чухалчлаагүй түүний энэхүү нийтлэл маш олон хүний анхаарлыг татсан байх юм. Тэрбээр хэн нэгний амжилт түүний гадна бус, дотор оршдог гэсэн ба энэхүү санаагаа дараах судалгаагаар дэмжиж. Strayer их сургуулиас хийсэн судалгаагаар Америкчуудын 90% нь амжилт бол эрх мэдэл, эд хогшил, нэр алдраас илүү өргөн хүрээтэй ойлголт гэж итгэдэг байна. Үүнийг лавшруулбал, судалгаанд оролцогсдын 67% нь амжилт гэж “гэр бүл, найз нөхөдтэйгээ сайхан харилцаатай байх”-ыг хэлнэ гэсэн ба 60% нь амьдралаа авч явдаг ажилдаа чин сэтгэлээсээ дуртай байх гэж хариулжээ. Эдгээр хүмүүсийн ердөө 20% нь мөнгөөр хэмжигдэх эд баялагаар амжилтыг тодорхойлно гэж.

Монгол шиг материаллаг эд зүйлсээр хүний амжилтыг тодорхойлох хандлага давамгайлдаг нийгмийн бүтээгдэхүүн бидэнд уншиж, тунгаахад хэрэгтэй нийтлэл байна. Уншаад, тунгаагаарай.

Эх сурвалж: https://www.linkedin.com/pulse/signs-youre-successfuleven-doesnt-feel-like-dr-travis-bradberry