Author Archive

Home / Author's Article(s) / administrator

Хүн бүр амьдралынхаа туршид цаглашгүй их эрч хүчтэй эсвэл хий нь гарсан шаар мэт юу ч хийх хүсэл тэмүүлэлгүй болох гэх мэтээр холилдсон мэдрэмжтэйгээр ажиллаж хөдөлмөрлөдөг. Мэдээж хэн бүхэн урам зориг, эрч хүчтэй үедээ богино хугацаанд илүү ихийг хийж бүтээж байдаг. Тиймээс бүтээлч залуусдаа өөрийгөө аль болох хүсэл тэмүүлэлтэй байлгаж илүү амжилт гаргахад нь туслах зөвлөгөөг энэ удаад сонгон авч орчуулан хүргэж байна. Удирдлагын харилцаагаар мэргэшсэн, манлайлалын тэргүүлэх зэргийн зөвлөх Кристи Хеджес (Kristi Hedges)-н энэхүү зөвлөгөөг дагаж ажлын бүтээмжээ багахан ч гэсэн нэмэгдүүлэхийг хүсье.

 

Бид урам зоригтой үедээ ажлыг зүгээр л гялалзуулдаг. Бид зорилго, тэмүүлэлтэй бол эзэмшсэн чадвараа сайн ашиглаж байгаа мэт аз жаргалтай мэдрэмжийг авдаг. Гэтэл амьдрал дээр бид хийх ёстой зүйлсээ хийн хэсэг байж байтал урам зориг маань замхран алга болдог. Жишээлбэл: удирдлагаас тань таныг үнэлэхгүй, хийж буй зүйлийг тань ойлгохгүй байх болон таны хийж буй үүрэг даалгаварууд сэтгэлийг тань татахгүй, хөдөлгөхгүй байх гэх мэт олон шалтгаан үүнд нөлөөлдөг. Урам зоригоо нэг алдчихвал түүнийг буцаан олж авах хэцүү байдаг. Магадгүй та дуртай ажлаа хийдэг азтай нэгэн байсан ч өөрийнхөө хийж буй ажилдаа илүү гүнзгий шинжилгээ хийж өөрийгөө гайхшруулах зүйлсийг өсгөхөд цаг гаргах хэрэгтэй шүү.

 

Би олон удирдах ажилтанд зөвлөгөө өгөхөд тэд ажилчдыг урам зоригтой байхад юу нөлөөлдөг бэ? компани уу, тодорхой нэг нөхцөл байдал уу эсвэл хоёулаа юу гэдэг асуултыг байнга тавьдаг.

 

Олон арван жилийн турш урам зоригийн тухай судалсан сэтгэлзүйч Тодд Траш (Todd Thrash), Андрев Эллиот (Andrew Elliot) нар хүмүүс урам зоригтой байхад 1. Шинэ боломжийг олж харах чадвар өсдөг, 2. Гадаад орчны нөлөөлөлд зохицох чадвар сайжирдаг 3. Илүү эрч хүчтэй болдог гэж тодорхойлжээ. Аз болоход, урам зориг гэдэг бол оюун ухаанд байрлах хөдлөшгүй зүйл биш тул түүнийг хүн бүр өөртөө үүсгэн бий болгох боломжтой юм. Тиймээс олон үйлчлүүлэгчиддээ санал болгож, амжилт дагуулсан өөртөө хэрхэн урам зориг, мотивацийг бий болгож болох талаарх энгийн зөвлөгөөнүүдийг хүргэе.

 

Эерэг цохилтыг хүлээх хэрэггүй.

 

Та урам зориггүй үедээ гацаанд орсон мэт байх нь хэвийн үзэгдэл. Гэхдээ үүнд ямар нэг хариу үйлдэл хийхгүй байх нь дайсныхаа талд ажиллаж буйтай ижил юм. Тэмүүлэл гэдэг зүгээр ширээн дээрээ суугаад цахим шуудангаа шалгаж эхлэхэд өөрөө хүрээд ирдэг зүйл биш. Тиймээс ямар нэг гэнэтийн гялбаа орж ирж таны нөхцөл байдлыг өөрчлөхийг хүлээх хэрэггүй. Танин мэдэх зан төлөвийн онолоор бол бидний зан ааш нь бидний юу бодох болон мэдрэхэд нөлөөлдөг. Хүмүүс харилцан адилгүй үйлдлүүд хийх ба түүнээсээ өөр өөр мэдрэмж авдаг. Тиймээс өдөр бүр хийдэг ажлаа хийхдээ ч өөрийгөө анхааралтай ажиглаж энэхүү ажил танд юу мэдрүүлж буй болон танд ямар нэг шинэ боломж нээж өгөх магадлалтай эсэхийг сайтар тунгаагаарай.

 

Хүсэл тэмүүллийг хэвшил болго.

 

Хүмүүс ажиллаж буй салбартаа экспертийн түвшинд хүрсэн гэж өөрийгөө тооцсон үедээ суралцахаасаа хойш суух нь хэвийн үзэгдэл болдог. Судлаачидын тогтоосноор өөрийгөө экспертийн түвшинд очсон гэж үзсэн хүмүүс нь хаалттай, хэвшмэл үзэл баримтлалтай болж онолын үүднээс догматист буюу хэт бардам болдог байна. Гэтэл шинэ мэдээлэл болон туршлага нь биднийг урам зоригтой, тэмүүлэлттэй байлгадаг.
Шинийг туршлагыг олж авахын тулд ямар нэгэн хичээлд хамрагдах, ном унших, мэргэжилтнүүдийн уулзалт цугларалтанд оролцох, аялах гээд олон зүйлийг хийх боломжтой. Өөрийнхөө ажлын төлвөлгөөг гаргахдаа дээрх зүйлсээс марталгүй оруулаад өгөөрэй. Хагас жилд 1 удаа аялана, Баасан гариг бүрийн өглөө цөөн цагийг шинэ ном, нийтлэл уншихад зориулна, улиралдаа доод тал нь гурван өөрийн салбарт ажиллаж буй шинэ хүмүүстэй уулзана гэх мэтээр оруулахад л болоо. Билл Гэйтс жилдээ 2 удаа 2 долоо хоногийн турш оффис болон ажлаасаа холдож шинэ санаануудыг уншиж цэгцлэх болон зураглах хугацааг өөртөө гаргадаг. Ихэнх хүмүүсийн хувьд энэ боломжгүй ч долоо хоногтоо цөөхөн хэдэн цагийг өөрийгөө эрч хүчтэй, сонирхолтой байлгахад зориулсан үйл ажиллагаанд зориулахыг зөвлөж байна.

 

Шинэ танил, найзуудтай бол.

 

Бидний цагийг хамт өнгөрөөж буй хүмүүс бидний эрч хүч болон тухайн үеийн зан аашинд нөлөөлж байдаг. Тэд мөн бидний итгэл үнэмшилд ч нөлөөлдөг. Бид маш амархан нөгөө л хэдэн хүнтэйгээ ярьдаг зүйлсээ л ярьсан долоо, долоо хоногуудын давтамжинд ордог. Үүнээс гарч шинэ хүмүүстэй уулз. Таниас шал өөр зүйл хийдэг хүмүүсийг олох тал дээр илүү хүчин чармайлт гаргаарай. Үлгэр дуурайл болгодог хүнтэй байснаар тэдний туршлагыг суралцах боломжийг нээдэг. Тэд шинэ санааг гаргаж ирээдүйд итгэх оч гялбаагаар хангадаг.
Үлгэр болгох хүнээ хэдэн жил болоод сольж байх хэрэгтэй ба өөрөөс тань урд явж буй хүнийг сонгох хэрэгтэй. Ингэснээр та одоо хаана явж буйгаа ахин тунгаахад түлхэцтэй юм. Таныг алмайруулдаг зан чанартай хүмүүсийн жагсаалтыг гарга. Төгс төгөлдөр лүү тэмүүлснээс цөөн тооны зан чанарыг өөртөө бий болгохыг хичээх нь илүү үр дүнтэй болов уу. Мөн та заавал үлгэр болгох хүнтэйгээ амьдрал дээрээ ямар нэг харилцаа холбоотой байх шаардлагагүй. Зүгээр л алсаас тэднийг ажиглан суралцахад хангалттай ба тэд ч таныг өөрсдөөр нь үлгэрлэх баатраа болгосныг мэдэх шаардлагагүй.

 

Сонголтоо нарийвчил.

 

Заримдаа бид ямар ажлаа түрүүлж хийх үү гэдгээ сонгож чадахгүйн улмаас эрч хүчгүй болдог. Жишээлбэл танд ч ажилдаа үлдэх үү, шинэ ажилд орох уу, бүүр шинэ мэргэжил сонгох уу, алба хэлтэсээ солих уу, урамшуулал бонусын талаар асуух уу гээд л олон бодлууд орж ирснээс өмнөх ажлаа хийж чаддаггүй. Хэтэрхий олон сонголт зэрэгцэн оршихийг сэтгэлзүйн ухааны профессор Барри Шварц (Barry Schwartz) сонголтын парадокс гэж тодорхойлсон байдаг ба энэ тохиолдолд бид хүнд ачаанд дарагдсан мэт болж юу ч хийж чадахаа байдаг.
Үүнээс бид сонголтоо цөөрүүлж юу нь илүү чухал байгаадаа төвлөрснөөр гарах боломжтой. Хүмүүс төлөвлөгөөний дагуу ажиллах сонирхолтой байдаг. Тиймээс танд ямар нэг хөдөлгөөн үгүй зогсонги байдалд байгаа мэт мэдрэмж төрж байвал хийх гэж зорьж буй ажлуудынхаа сонголтуудыг бичээд түүнээсээ хамгийн ихээр таныг догдлуулж буй гурвыг нь сонго. Харин хамгийн чухал гэсэн сонголтынхоо төлөө цагаа хуваарилан ажиллаж эхэл.

 

Урам зориг заавал мэдрэгдэхүйц байх албагүй ч таны шинэ санал санаачлага гаргах хүчин чармайлтыг тань өсгөж байдаг. Жак Лондоны хэлсэнчлэн, “Урам зоригийг урин дуудах болон дэмий хүлээх хэрэггүй. Түүний хойноос муна барин тэмц. Чи түүнийг олж авч чадаагүй байсан ч түүнтэй үнэхээр ижил зүйлийг олсон байх болно”

 

Эх сурвалж: www.hbr.org

“Боловсролын Санаачилгууд” ТББ-аас дэлхийн түвшний мэдлэг, мэдээллийг Монголчууддаа хүргэх зорилгын хүрээнд олон улсад нэр хүндтэй байгууллагуудад ажилладаг эрхмүүдийг Монголдоо урин авчирч эрчимжүүлсэн сургалтууд зохион байгуулдаг.

Эдгээр эрхмийн түүчээ болж бидний урилгаар 10 дугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд Монголд зочилж Нийгмийн энтрепенершипийн хөтөлбөр (Social Entrepreneurship Bootcamp) болон Хэлэлцээ хийх ур чадвар ахиулах эрчимжүүлсэн сургалт (Executive program on Boosting negotiation skills)-ыг удирдан явуулсан Азийн топ Сингапурын Үндэсний их сургуулийн харъяа Lee Kuan Yew School of Public Policy болон дэлхийн бизнесийн шилдэг сургууль гэгддэг INSEAD-д багшилдаг, SportImpact нийгмийн энтрепенерийн үүсгэн байгуулагч, консалтинт Нуно Дэликадотой Defacto нэвтрүүлгийн санаачлагч Д. Жаргалсайханы хийсэн ярилцлагын хэсгээс хүргэж байна.

Ж: Оройн мэнд, манай нэвтрүүлэгт тавтай морилно уу.

Н: Баярлалаа, оройн мэнд.

Ж: Та багш, нийгмийн энтрепенер, тамирчин гээд олон албан тушаалтай учир сонирхолтой яриа өрнүүлэх сэдэв олон байна. Яриагаа нийгмийн энтрепенершип гэж юу вэ гэдгээр эхлэх үү?

Н: Нийгмийн энтрепенершипийн гол зорилго нь дэлхий нийтэд тулгараад буй нийгмийн төрөл бүрийн асуудлуудыг бизнесийн төрөл бүрийн санаа, загвар, процесс, арга хэрэгслүүдийг ашиглан шийдвэрлэх юм. Зарим хүмүүс үүнийг хүмүүсийн амьдрал ахуйг сайжруулахын тулд нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхээр зорьдог Тереза эх болон Ричард Брэнсон шиг бизнесийн байгууллагууд, төрөл бүрийн шийдлүүдийг хөгжүүлэн, өргөжүүлж олон хүнд хүртээмжтэй байлгаж чаддаг энтрепенерүүдийн нэгдэл гэж тайлбарладаг.

Ж: Манай үзэгчдэд илүү ойлгомжтой байлгах үүднээс та ямар нэгэн төсөл хөтөлбөрөөр дамжуулан нийгмийн бизнесийг тайлбарлаач?

Н: Таныг зөвшөөрвөл би өөрийн “Спортын үр нөлөө” нийгмийн бизнесээ товч тайлбарлая. Энэ маань хүнийг спортоор дамжуулан хөгжүүлэх алсын хараатай нийгмийн бизнес юм. Бид хүний хөгжил гэдгийг хүмүүс өөрөө өөрийнхөө амьдралд эзэн болох, өөрийн хүссэн амьдралаараа амьдарч, ирээдүйгээ бүтээх хүч, урам зоригоор тэтгэх гэж тодорхойлдог. Энэхүү зорилгоо ажил хэрэг болгож, цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд бидэнд бизнесийн тогтвортой загвар шаардлагатай. Тогтвортой байна гэдэг нь тухайлбал хүний нөөцийн хувьд бизнест чинь шаардлагатай ажиллах хүч урт хугацаанд тогтвортойгоор хувь нэмрээ оруулах, мөн санхүүгийн болон бусад материаллаг нөөцүүдээр тогтвортой хангагдахыг хэлнэ. Тэгэхээр таньд төрөл бүрийн нөөцүүд хэрэгтэй байх нь.

Ж: Жаахан дэлгэрүүлж үзье. Өнөө үед дэлхий дахинд тулгамдаад буй илүүдэл жин гэх мэт олон төрлийн эрүүл мэндийн асуудлууд байхад ихэнх хүмүүс эдгээр асуудлаас хэрхэн яаж ангижрахаа мэддэггүй. Тэгэхээр та яг хэрхэн спортоор дамжуулан хүнийг хөгжүүлж байгаа тухайгаа тайлбарлаач.

Н: Бидний авч хэрэгжүүлж буй арга хэрэгслүүд хамгийн шилмэл арга эсэхийг бид одоогоор хэлж мэдэхгүй ч бид юутай ч хийж туршсаар байна. Угаасаа ч турших, суралцах, сайжруулах, үр дүнгээ дүгнэж цэгнээд дахин сайжруулах гэдэг бол энтрепенер хүний арга барил. Бид 20-25 насны залуустай тулж ажилладаг. Бид тэдэнд манлайллын ур чадвар, удирдлагын арга барилууд, аливааг дүгнэж цэгнэх ур чадваруудыг зааж сургаснаар тэднийг ирээдүйн манлайлагчид, залуу манлайлагчид болгон бэлтгэдэг.

Ж: Тэдгээр залуусыг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ? Энэхүү ажлын тань цар хүрээ хэр вэ? Та энэхүү хөтөлбөрөө Сингапур болон бусад хэд хэдэн орнуудад амжилттай хэрэгжүүлээд байгаа. Энэхүү бизнесийнхээ амжилтын түүхээс бидэнтэй хуваалцаач. Оролцогчдоо хэрхэн шалгаруулдаг, хөтөлбөрийн зардлыг хэн санхүүжүүлдэг, хэр хэмжээний санхүүжилттэй байхад тогтвортой ажиллаад байх боломжтой гэх мэт.

Н: Бид Тимор – Листэ (Зүүн Тимор) гэх 1,2-хон сая хүн амтай боловч боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ муу хөгжсөн, ариун цэврийн асуудал ихтэй, хүнс тэжээлийн дутагдалтай зэрэг шийдвэрлэх олон асуудалтай улсад анх энэхүү нийгмийн бизнесээ эхлүүлсэн. Бид хэрхэн залуусыг үйл ажиллагаандаа татан оролцуулдаг вэ гэхээр – бид спортоор дамжуулан амьдралаа эерэгээр өөрчлөх хөтөлбөр, сургалтууд зохион байгуулдаг. Оролцогчид урьдчилан бүртгүүлэх ёстой ба хэр хүсэл эрмэлзэлтэй байгааг нь шалгах үүднээс тэднээс тодорхой хэмжээний хураамж авдаг. Ингэж хураамж авснаар нийгмийн бизнес маань мөн санхүүгийн хувьд тогтвортой байхад нэмэр болдог. Оролцогчид дунджаар долоо хоногийн хөтөлбөрт 1 доллар төлөөд оролцох юмуу 25 доллар төлөөд хөтөлбөрийн удирдагчдыг бэлтгэх сургалтанд хамрагддаг.

 

Ж: Гэхдээ нэг доллараар зардлаа нөхөж чадахгүй биз дээ?

Н: Тимор-Листэд бол нэг доллараар олон зардлаа нөхөх боломжтой. Магадгүй миний цагийн үнэлэмжийг бол нөхөхгүй байх. Гэхдээ онцлог нь би энэ бизнесээ сайн дураараа хийдэг. Би цаашид энэхүү төслийг хөгжүүлэн, өргөжүүлэн авч явах орон нутгийн багийнхныг бэлтгэхэд тусладаг. Би цагаа, ажлаа үнэлүүлнэ гэвэл асуудлыг хүндрүүлэх байх. Би тэнд амьдардаг гадаад хүн учир орон нутгийнхнаас арай өөр амьдралын нөхцөлтэй амьдарч байж болно.

Ж: Тэгэхээр, нийгмийн энтрепершип гэж сайн дурын ажил, бизнесийн загварын хослол гэж бас ойлгож болохнээ.

Н: Тэгж ойлгож болно.

Ж: Та маш завгүй, маш олон төсөл хөтөлбөр дээр ажилладаг байж яагаад сайн дураараа ажилладаг юм бэ? Та явж очоод, ажиллаад, тэгсэн мөртлөө ямар ч цалин авдаггүй юм байна.

Н: Оновчтой асуулт байна. Би ч мөн өөрөөсөө энэ асуултыг асууж байсан. Би яагаад энэ ажлыг сайн дураараа хийх болов? гэж. Би энэ ажлаасаа мөнгөн биш ч өөр төрлийн урамшууллыг авдаг. Би зөвхөн бусдын төлөө өөрийгөө золиослодог туйлын үзэлтэй биш л дээ. Энэхүү ажлаа би гэгээрсэн хувиа хичээлт гэмээр юмуу. Би энэ ажлаараа дамжуулан амьдран буй дэлхийгээ илүү сайхан байлгахад хувь нэмрээ оруулж, амьдралын утга учрыг мэдэрдэг.

Ж: Ойлголоо. Та өөрөө өөртөө сэтгэл хангалуун байж, бусад хүмүүсийн амьдралыг илүү үнэ цэнэтэй болгосноор сэтгэл дүүрдэг юм байна. Та ялангуяа залуу үеийнхний амьдралд өөрчлөлт авчрахыг зорьдог байх нь.

Н: Яг тийм.

Ж: Их сонирхолтой санагдлаа. Таны хийж буй зүйл нийгэмд ихээхэн чухал үүрэгтэй. Та мөн пентатлоны тамирчин байсан хүн. Энэ талаараа бидэнтэй хуваалцаач.

Н: Пентатлон буудлага, туялзуур сэлэм, усанд сэлэлт, морин уралдаан, гүйлт
гээд таван төрлийн спортыг багтаадаг.

Ж: Ингэхэд та Монголд ямар ажлаар ирсэн билээ?

Н: Би Хэлэлцээ хийх ур чадвар ахиулах удирдах түвшний ажилтнуудад зориулсан хөтөлбөр болон Нийгмийн энтрепенершипийн эрчимжүүлсэн хөтөлбөрүүдийг удирдан явуулахаар ирсэн. Хоёр өөр сегментэд зориулсан хоёр өөр хөтөлбөр байгаа.

Ж: Хэлэлцээ хийх менежерүүдийн ур чадвар?

Н: Тийм.

Ж: Та энэ чиглэлээр хэд хэдэн ном бичсэн байхаа? Зарим нэг нь бэстселлэр болж байсан гэв үү?

Н: Одоогоор ном бичээгүй, голдуу нийтлэлүүд хэвлүүлсэн. Номоо удахгүй гаргах байх.

Ж: Хэлэлцээ хийх менежерүүдийн ур чадварын хөтөлбөр, өөр нэг нь юу гэлээ?

Н: Нийгмийн энтрепенершипийн эрчимжүүлсэн хөтөлбөр. Цэргийн сургуулилт шиг биеийн хат шаардахгүй ч маш шахуу, гүйцэтгэл өндөртэй явагддаг хөтөлбөр.

Ж: Энэ хөтөлбөр хэр удаан үргэлжилдэг билээ?

Н: Хоёр өдөр хагас үргэлжилдэг. Эхний өдрийнхөө үдээс хойш эхэлдэг.

Ж: Хэдэн хүн оролцох вэ?

Н: Манай хөтөлбөрт 24 хүн оролцсон.

Ж: Хөөх, ямархуу хүмүүс оролцов?

Н: Ихэнх нь ЕБС-ийн ахлах ангийн болон их дээд сургуулийн нэг, хоёрдугаар курсийн оюутнууд байсан.

Ж: Оролцогчид хэрхэн хүлээж авав?

Н: Оролцогчид маань маш сэтгэл хангалуун байсан. Тэд шинэ зүйлсийг сурч, өөрсдийн нийгмийн бизнесийн санаагаа хөгжүүлэхдээ ихээхэн идэвхитэй байсан. Манай хөтөлбөрийн зорилго оролцогчдоо нийгмийн асуудлуудыг бизнес модел ашиглан хэрхэн шийдвэрлэх талаарх өөрсдийн санаагаа хөгжүүлэх боломжоор хангах байсан. Тэд бидний өгсөн 10 даалгавар тус бүрийн дагуу санаагаа хөгжүүлээд, эцэст нь шүүгчдэд хөгжүүлсэн санаагаа танилцуулсан.

Ж: Тэд бүгд танилцуулгаа хийсэн үү?

Н: Тэгэлгүй яахав. Гэхдээ Монгол хэлээр явагдсан учир би өөрөө багахан хэсгийг нь л ойлгосон гэдгээ хэлэх нь зүйтэй. Харин хамтран ажиллагсад маань ихээхэн эерэг сэтгэгдэлтэй байсан. Зарим багууд хөтөлбөрөө өндөрлөөд шууд л нийгмийн бизнесийн санаан дээрээ ажиллаж эхлэнэ гэлцэж байсан.
Ер нь хөтөлбөрийн маань гол зорилго нийгмийн энтрепенершипээр дамжуулан хүн нас, хүйс, мэргэжил боловсролд хязгаарлагдахгүйгээр өөрийн амьдрал ахуй, амьдран буй нийгмээ хөгжүүлэн, өөд татах хүч бололцоо өөрсдөд нь байгаа гэдгийг ухааруулах, урам зориг өгөх юм.

Ж: Ямар төрлийн нийгмийн асуудлуудыг ихээр хөндөж байв?

Н: Хэд, хэдэн асуудал хөндөгдсөн. Зарим оролцогчид өөрсөддөө тохиолддог асуудлуудаа шийдэхээр зорьж байсан. Тухайлбал, 20 орчим насны залуус сургуулиа төгсөөд тохирсон ажлаа олоход олон бэрхшээлтэй тулгардаг учир дадлагын ажил, мэргэжлийн ажлаа олоход нь туслах ур чадвар дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх санаа гаргаж байсан. Уг хөтөлбөрөөр дамжуулан тэд их дээд сургуулиас олж авсан мэдлэгээ, практикт шууд ашиглах, төгсөөд өөрсдийн амьдралаа хариуцаад, боломж бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах боломжтой болно

Зарим оролцогчид хүүхэд багачууд, ялангуяа гэр хороололд амьдардаг бага насны хүүхдүүдэд зориулсан санаан дээр ажилласан. Тэдгээр санаанаас дурдвад зорилтот бүлгүүдэд хамаарах бага насны хүүхдүүд гэр сургууль болон бусад тогтмол зорчдог маршрутуудынх нь хооронд аюулгүй, боломжийн үнэтэй, хүүхдийн нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлэх гэх мэт.

Ж: Тэгэхээр оролцогчид маань нийгмийн төрөл бүрийн асуудлуудыг бизнесийн загваруудаар шийдэхийг зорьсон байх нээ?

Н: Тиймээ. Тэдгээр асуудлууд нь оролцогчдын шийдэхийг үнэн сэтгэлээсээ хүсдэг асуудлууд байсан.

Ж: Та хэлэлцээ хийх ур чадварын талаар яриач. Энэ яг юу гэсэн үг вэ?

Н: Хэлэлцээ хийх ур чадвар гэж миний бодлоор бидний бүр бага ангиасаа л сурах ёстой хамгийн чухал ур чадвар. Энэ нь аль болох тухайн яриа, хэлэлцээнд оролцогч бүх талын ашиг сонирхолд нийцсэн шийдэлд хүрэхээр зорихыг хэлнэ. Тухайлбал, би таньтай хэлэлцээ хийж байна гэж бодоход, би өөрийн зорилгодоо хүрэхийн хажуугаар таныг ч мөн зорилгод тань хүргэх эрмэлзэлтэй байна гэсэн үг. Энэхүү үнэ цэнэд суурилсан хэлэлцээ хийх ур чадварын сургалтыг “Боловсролын Санаачилгууд” ТББ намайг урьж авчирсанаар Монголд зохион байгуулах боломжтой болсон. Сургалтын үеэр хэрхэн хэлэлцээнд оролцогч бүх талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн шийдэлд хүрэхэд чиглэсэн практик аргууд, хэлэлцээрийн үйл явцыг дүгнэж цэгнэсний үндсэн дээр системтэйгээр асуудалд хандах арга барилыг зааж, таниулж, түүний дагуу хэлэлцээ хийлгэж, үр дүнгээ үнэлж цэгнээд, алдаанаасаа суралцаад ахин хэлэлцээ хийх зэрэг бүтэцтэй хичээллэсэн. Ингэснээр та хэлэлцээ хийх бүртээ илүү сайжирна гэсэн үг.

Үнэ цэнэд суурилсан хэлэлцээний гол ухагдахуун нь асуудлын аль болох бүр гүн рүү орж, тухайн хэлэлцээрт оролцогчид яг юу хүсээд байгааг ухаж ойлгох чадварт суулгах юм. Асуудлын гүн рүү орж чаддагүйгээсээ болоод хүмүүс голдуу өнгөн хэсэг дээр гацчихдаг. Бид хэлэлцэгч талынхаа зөвхөн шаардлагыг л харж чаддагаас болоод гацаанд орж, хэн хэнийх нь эрх ашигт нийцэх нийтлэг орон зайг олж харж чаддаггүй. Иймээс үнэ цэнэд суурилсан хэлэлцээний аргаар надад яг юу хамгийн чухал байна, таньд яг юу хамгийн чухал байна гэдгийг ухаж гаргаж ирэхийг зорьдог.

Ж: Хамгийн шилдэг хэлэлцээ хийгчид байх хамгийн чухал чадвар юу вэ?

Н: Би хувьдаа хэлэлцээ хийх хамгийн шилдэг зэвсэг бол оновчтой, зөв асуултууд тавих гэж хэлнэ. Сайн асуултууд, нээлттэй асуултууд, яагаад, юуны тулд, яах гэж, хэрхэн гэсэн асуултууд асуух тун хэрэгтэй. Ялангуяа яагаад гэдэг асуулт. Та яг яагаад үүнийг хүсч байна? Юуны тулд ийм шаардлага тавьж байна? Та үүгээр яг яах хэрэгтэй байна вэ? Эдгээр асуулт хүмүүст яг юу хүсч байгааг нь тодруулах хүчтэй асуултууд юм. Эдгээр асуултууд талуудад нуугдаад буй ашиг сонирхолд нь нийцсэн шийдэл, хувилбаруудыг гаргаж ирэхэд тусладаг.

Ж: Сонирхолтой нь та хэлэлцээ хийх ур чадварын хөтөлбөрийг Ли Куан Югийн нэрэмжит Төрийн бодлогын сургууль (LKYSPP)-д боловсруулан, хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөр хэрхэн хэрэгжих болсон талаар хуваалцаач.

Н: LKYSPP-тай би холбогдохоос өмнө тэд хэлэлцээ хийх ур чадвар олгоход чиглэсэн хөтөлбөртэй байсан. Би тус хөтөлбөрийн багштай найз байсан юм. Тэр найз маань Канад руу буцах болоход хэн тус хөтөлбөрийг нь үргэлжлүүлэх гэж байгаа юм бол гэж бодсон. Тэгээд өөрөө хэлэлцээрийн мэргэжилтний хувьд би яагаад санаачлагыг гартаа аваад тэдэнд хэлэлцээрийн хичээл боловсруулж өгөөд зааж болохгүй гэж бодон саналаа хэлсэн.

Ж: Та цаашид ч ажиллах уу? Та хэлэлцээрийн хөтөлбөрөө заахаас гадна өөр ямар нэгэн ажил хариуцдаг уу?

Н: Урьд нь сургуульд байгаагүй шинэ ажлыг нэг жилийн өмнө санаачлан хэрэгжүүлсэн маань нийгмийн энтрепенершипийн хичээл юм. Би хувьдаа олон нийтэд чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг сургууль нийгмийн асуудлуудыг бизнесийн загваруудаар шийдэх боломжийг ашиглахгүй байна гэж харсан. Тийм учраас би энэхүү шинэ хичээлийг орж эхлэхийг сургуульд санал болгосны дагуу энэ оны 1 дүгээр сард анхныхаа оюутнуудтай хичээллэж эхлээд тэд маань энэ долоо хоногт хичээлээ дүүргэж байгаа. Энэ Бямба гаригт тус хичээлийн маань хоёр дахь элсэлт төгсч байгаа юм байна.

Ж: Таны хичээл голдуу нийгмийн бизнесийн амжилттай жишээг танилцуулах уу? Сайн гэсэн арга зүйг танилцуулах уу? Ямархуу байдалтай явагддаг вэ?

Н: Хичээл маань онолд биш практикт суурилсан. Юу гэсэн үг вэ гэхээр оюутнууддаа бодитоор хэрэглэж болох арга тактикууд зааж, түүнийгээ бодит төслүүд дээр хэрэглэхэд нь туслах дасгал ажлууд хийлгэж, бодит төслүүдээ амжилттай хэрэгжүүлэх урам зоригоор тэтгэдэг. Оюутнуудын дүн нь тэд бодит амьдрал дээр бодит хүмүүстэй ярилцаж, бодит талуудаас суралцаж, улмаар өөрсдийн шийдэхийг зорьж буй асуудлуудаа гүнзгий ойлгосны үр дүнд түүнийгээ шийдэх шийдлүүд боловсруулж, туршиж үзээд тодорхой хэмжигдэхүүнээр үр дүнгүүдийг нь хэмжээд, шаардлагатай бол ахин сайжруулж шийдлээ дахин боловсруулах зэрэг ажлуудыг хэр гүйцэтгэхээс хамаардаг. Тэгэхээр, хичээл маань практикт суурилсан, бодит амьдралд нийцсэн.

Ж: Нийгмийн асуудлууд шийдэх. Бизнесийн асуудлуудыг шийдэхэд хүртэл өнөө цагт төрөл бүрийн апплекешн, интернетийн мэдээ мэдээллийг мэдлэгийн багц болгох мэдээллийн технологийн арга хэрэгслүүдийг ашиглах болсон. Та хичээлдээ мэдээллийн технологийг хэр ашигладаг вэ?

Н: Би ер нь мэдээллийн технологид айхтар сүжигтэй биш л дээ. Мэдээж мэдээллийн технологи цагийг асар хэмнэж, тухайн технологиуд ашиглах боломжтой олон хүмүүст зэрэг хүрэх боломжийг олгодог. Гэвч Тимор-Листэ шиг оронд амьдардаг хүний хувьд, мэдээллийн технологи нөгөө талдаа олон хүнийг орхигдуулж байгааг хардаг. Олон хүмүүс элдэв технологи ашигладаггүй, Монголд ч энэ хамаатай гэж бодож байна.

Ж: Таньтай санал нэг байна.

Н: Олон хүн дижитал хэрэгсэл хэрэглэдэггүй эсвэл яаж хэрэглэхээ мэддэггүй, тэр байтугай бичиг үсэг ч тайлагдаагүй байдаг. Тэднийг мэдээлэлтэй холбохоор зорьтол тэд таны төсөөлж байсан шиг уншиж, бичиж чаддаггүй ч байж болно.

Ж: Тийм шүү.

Н: Тиймд би технологийн инноваци хэрэгтэй гэдэгт итгэдэг ч ихэнхдээ хүндээ инноваци хийх, шинэ шийдлүүдийг гаргах бизнесийн загварын инноваци хийх нь илүү үр өгөөжтэй. Заавал шинэ шийдэл гэх албагүй, тус шийдлүүдийн ач тусыг хүртээгүй байгаа нийгмийн бүлгүүдэд хүргэж ажилласан ч болно.

Ж: Та өмнө нь “Аз жаргал” гэдэг хичээлд илтгэгч байсан гэсэн. Энэ талаараа сонирхуулбал?

Н: Ахыг маань мэддэг намайг огт танихгүй эмэгтэй миний бичвэрүүдийг уншаад над руу хандаж ахлах сургуулийн сурагчдад лекц уншиж өгөөч гэж урьснаар энэхүү хичээлийг зааж байсан. Би тэр үед амьдралын талаар юу гэж боддог, аз жаргалтай амьдралын талаарх ялгаатай философиудын талаар блог дээрээ идэвхитэй бичдэг байсан. Миний санаж байгаагаар 2, 3 ангид илтгэл тавьж сурагчидтай аз жаргалын талаар харилцан яриа өрнүүлэх зарчмаар хичээлийг явуулсан.

Ж: Тэгэхээр аз жаргал гэж юу бэ?

Н: Яг энэ асуултаар хичэээл маань эхэлж байсан. Тиймээс би тэдэнд аз жаргал гэдэг бол хүн бүрийн хувьд харилцан адилгүй ойлголт, миний хувьд аз жаргал гэдэг бол амьдралдаа тавьсан зорилгууддаа хүрч, бусдын болон өөрийнхөө хувьд зөв тэнцвэртэй харьцааг бий болгох гэж хэлж байсан. Цаашилбал аз жаргал гэдэгт маш олон зүйлийг хамааруулж болно л доо тэгэхдээ миний хувьд бусад хүмүүсийг аз жаргалтай болгож байгаа маань надад илүү аз жаргалыг мэдрүүлдэг.

Ж: Хэтэрхий гэгээлэг биш үү?

Н: Хэдийгээр би дотогшоогоо гэх юм уу ганцаараа байх даа илүү тав тухыг мэдэрдэг ч аз жаргалтай байхын тулд ууланд гарч лам шиг бясалгал хийж тайван амьдрахыг аз жаргал гэж тодорхойлж чадахгүй.

Ж: Тэгэхээр юу таныг хамгийн аз жаргалтай болгодог бэ?

Н: Өдөр тутмын ажил дээр би аз жаргалыг хүүхдүүдэд спортын төслүүд хэрэгжүүлэх явцдаа мэдэрдэг. Хүүхдүүдийн инээмсэглэл, хийж чадахгүй байгаа зүйлээ давахын тулд хэрхэн суралцаж өөрсдийгөө хөгжүүлж, зоригжуулж байгааг харахаар аз жаргалын цахилгаан гүйдлүүд биеэр минь дамжиж, урам зориг өгч байгааг мэдэрдэг.

Ж: Та хэд хэдэн оронд Олимпын хөдөлгөөнийг сурталчилдаг. Хүнд нөхцөлтэй Афганистан гэх мэт орны Олимпын хорооны гишүүн гэж байсан.

Н: Би Олон улсын Олимпын хорооны (ОУОХ) тэтгэлэгээр магистрт суралцсанаас хойш энэ төрлийн ажилд оролцох болсон. Миний зааварлагч /ментор/ ОУОХ-ны хөгжлийн хэлтэст, Олимпын нийтлэг эрх ашгийн төлөө ажилдаг байсан. Тиймээс намайг нэг өдөр дуудаад, “Нуно чи бол Португаль хүн, Португалиар ярьдаг. Тиймээс бид чамайг Тимор – Листэ руу Олимпын төлөөлөгчөөр илгээмээр байна. Чи Тимор-Листэ-н спортын холбоодтой хамтран дэлхийн хамгийн залуу Олимпын холбоонд нэгдсэн улс болоход нь туслах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Энэ явдал 2003 онд болсон ба би ч хүсэлтийг хүлээн авсан. Иймэрхүү зүйлсийг супербаатрууд л хийдэг гэж боддог байсан шүү.

Ж: Тимор-Листээс Олимп-д оролцсон тамирчин байгаа юу?

Н: Яг үнэндээ анхын тамирчид нь 2000 онд Олимп-д анх оролцсон. Тухайн үед Тимор-Листэ нь бие дааж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн улс болоогүй байсан тул 2000 оны Сиднэйн Олимп-д оролцохдоо өөрийн гэсэн туг далбааг ашиглалгүй Олимпын бэлэг тэмдэг тугтайгаар оролцож байсан.
Харин 2004 онд, Афины Олимпод Тимор-Листээс марафоны тамирчид оролцсон ба улс болж тунхагласны дараах анхны олимп нь байсан. Энэ нь миний анх өөрийн биеэр үзсэн Олимпын уралдаан байсан бөгөөд би болон баг тамирчид Грекийн Афин хотод тус улсыг төлөөлөн тугаа мандуулан оролцсондоо тун их баяртай байсан ба 2003 онд хэрэгжиж эхэлсэн төслийн ачаар, байгуулагдаад 2хон жил болж буй хамгийн залуу улсыг олимпод ороход туслаж гар бие оролцсондоо маш их бахархдаг.

Ж: Ямар сонирхолтой түүх, гайхалтай амьдрал бээ, та спортоор дамжуулан хүмүүс болон улс үндэстэнд туслаж байснаас гадна, тамирчин, сайн хэлэлцээр хийгч, багш, профессор гээд олон төрөлд мэргжшиж дэлхийг өөрийнхөө чадлаар хүмүүс амьдрахад илүү сайхан орчин болоход тусалж байгаан байна. Танд маш их баярлалаа.

Н: Танд ч бас намайг урьж ярилцсанд талархаж байна.

Ж: Баярлалаа

Та бүхэн энэхүү ярилцлагын бүрэн эхийг 11 дүгээр сарын 10-ны Баасан гаригийн 20 цагаас VTV-р хүлээн авч үзээрэй!

Жил орчмын өмнө Гадаадад сурах уу? Дотооддоо сурах уу? нийтлэлээ хүргэж байсан бол энэ удаад гадаадад суралцахад анхаарах ёстой хэд, хэдэн чухал стратеги, тактикуудын талаар танилцуулъя.

Гадаадад магистрт суралцах процессыг үндсэн гурван хэсэгт хувааж болно.
1т: Өөрийгөө танин мэдэж, өөрчлөлт шинэчлэлтэнд бэлтгэх үе
2т: Өргөдлийн маягтуудаа бэлтгэх үе
3т: Тэнцсэн сургууль, хөтөлбөртөө элсэн орж, суралцах үе
Эдгээр үе шатын талаар тус, тусад нь дэлгэрэнгүй авч үзье.

Нэгдүгээрт. Өөрийгөө танин мэдэж, өөрчлөлт шинэчлэлтэнд бэлтгэх үе

Гадаадад магистрт суралцахаар явна гэдэг цаг, мөнгө, хүч хөдөлмөр ихээхэн шаарддаг процесс билээ. Иймд та оюутан, ажилтан, бизнес эрхлэгч хэн ч бай энэ процесст эртнээс төлөвлөгөө гарган, тактиктай бэлтгэснээр хүссэн үр дүндээ хүрэх боломжтой.

Олон улсын жишгээр гадаадад суралцах төлөвлөгөөг хоёроос гурван жилийн өмнөөс гарган, төлөвлөгөөнийхөө дагуу бэлтгэх нь таны хүссэн үр дүндээ хүрэх магадлалыг 90-ээс дээш хувьд хүргэдэг байна. Жишээ нь Сингапурын боловсролын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Cialfo компани АНУ-д бакалаврын зэргээ хамгаалах хүсэлтэй ахлах ангийн сурагчдыг дараах зураглалд үзүүлсэнчлэн хоёроос гурван жилийн өмнөөс бэлтгэлээ хангахыг зөвлөдөг.

Хоёрдугаарт. Өргөдлийн маягтуудаа бэлтгэх үе

Өөрийгөө илүү таньж мэдэн, хувь хүний богино, дунд, урт хугацааны зорилго, зорилтуудаа тодорхойлсны дагуу гадаадад суралцах чиглэлээ сонгох нь өндөр үр дүнтэй. Та ямар чиглэлийг сонгосноос хамааран таны суралцах улс, сургууль, хөтөлбөрүүд янз бүр байх нь ойлгомжтой.
Та өөрийн нөөц бололцоо, хүсэл эрмэлзэл зэрэг үндсэн хэдэн хүчин зүйлсийг сайтар бодолцоод өргөдөл гаргах хоёроос гурван сургууль/ хөтөлбөрөө сонгох нь зүйтэй. Шийдвэр гаргах энэ үйл явцдаа мөн л өөрөөс тань туршлага, мэдлэг мэдээлэл илүү хүмүүстэй зөвлөлдөх, зөвхөн Монгол гэлтгүй гадаад хэлээр бичигдсэн эх сурвалжуудыг ашиглан судалгаагаа хийгээрэй.

Дээр дурдсан Сингапурын Cialfo компани үйлчлүүлэгчиддээ өөрт тохирсон хөтөлбөр, сургуулиа сонгоход нь мөн зөвлөдөг ба энэ нь үйлчлүүлэгчдийнх нь цаг, хүч хөдөлмөрийг ихэд хөнгөвчилдөг. Дашрамд хэлэхэд, Cialfo компаний Companion Student Management Platform-ыг ашиглах лицензийг Монголд манай байгууллага албан ёсны эрхтэйгээр олгодог гэдгийг дуулгахад таатай байна.

Судлан сонгосон хөтөлбөр/сургуулиудынхаа шалгуур, өргөдлийн маягтын багц материалуудтайгаа хамгийн наад тал нь нэг жилийн өмнөөс танилцаж, шаардлагатай шалгалтуудаа өгч, оноогоо авч, эссэгээ бичих санаан дээрээ тогтож, тодорхойлолт захиагаа хэнээс хэрхэн авах вэ зэрэг өргөдлийн маягтуудаа урьдчилан төлөвлөсөн хуваарийн дагуу, цагаа зөв зохицуулан бүрдүүлээрэй. Жишээ болгож АНУ-ын University of California Los Angeles сургуулийн өргөдлийн маягтын багцыг доор жагсаав.

Гуравдугаарт. Тэнцсэн сургууль, хөтөлбөртөө элсэн орж, суралцах үе

Гадаадад магистрт суралцахаар тэнцэнэ гэдэг дөнгөж эхлэл гэдгийг хатуу санаарай. Гадаадад, ялангуяа Австрали, Англи, АНУ, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй орнуудад зэрэг эзэмшинэ гэдэг таниас маш их тэвчээр, хатуужил, ур чадваруудыг шаардана. Тэдгээр улсуудын үнэлгээний системээс авахуулаад оюутны өөрийн бие даан юмуу багаараа хамтран ажиллан гүйцэтгэх даалгавар ажлууд Монголтой харьцуулахад шалгуур маш өндөртэй төдийгүй, онол биш практикт голдуу суурилсан байдгаараа ихээхэн онцлогтой.

Эдгээр онцлогуудтай та системтэйгээр танилцаж, гадаадад магистрт суралцах бэлтгэлээ цэгцтэй зөв хангах аргачлалд суралцаж, өргөдөл гаргагч хэдэн зуун залуусаас ялгарах эссэ бичих арга замаа олохыг хүсвэл манай байгууллагаас зохион байгуулж буй “Гадаадад магистрт суралцахад бэлтгэх эрчимжүүлсэн сургалт”-уудад эртнээс бүртгүүлэн, идэвхитэй оролцоорой.

Эхний сургалт маань “Англид магистрт суралцахад бэлтгэх” чиглэлээр маш амжилттай зохион байгуулагдсан ба сургалтыг Английн төдийгүй дэлхийн алдарт Оксфордын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан Г. Орхон болон мөн л дэлхийн топ сургуулиудын нэг Эдинбургийн их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан Э. Цогбаяр нар хамтран явууллаа.

Дараагийн сургалт маань “Австралид магистрт суралцахад бэлтгэх эрчимжүүлсэн сургалт” нэртэйгээр 10 сарын 28-ны 10 – 14 цагт зохион байгуулагдах гэж байна. Оролцогчдын тоо тун хязгаартай тул та бүхэн ЭНД орж бүртгүүлээд, суудлаа даруй баталгаажуулаарай!

“АНУ-д магистрт суралцахад бэлтгэх ” эрчимжүүлсэн сургалт маань 11 дүгээр сарын дундуур зохион байгуулагдах ба мөн л тухайн оронд магистрын зэрэг эзэмшсэн арвин туршлага, мэдлэг мэдээлэлтэй зөвлөхүүд удирдан явуулна.

Эдгээр сургалтуудад зориулан хийсэн видео танилцуулгыг ЭНД ДАРЖ үзэхийг санал болгоё!

“Боловсролын Санаачилгууд” ТББ-аас сар дутам боловсрол, хувь хүний болон бизнесийн хөгжлийн чиглэлээр зохион байгуулах арга хэмжээний анхных болгож “Гадаадад магистрт суралцах арга зам” олон нийтэд зориулсан илтгэл, ярилцлага, зөвлөгөөг 9 дүгээр сарын 15-ны өдөр Мэдээллийн Технологийн Үндэсний Паркт зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд 4 өөр оронд 4 өөр тэтгэлгээр суралцсан шилмэл мэргэжилтнүүд уригдан оролцож өөр өөрсдийн туршлагаасаа илэн далангуй, харамгуй хуваалцлаа. Илтгэгчдийн товч танилцуулгыг дор хүргэе.

1. Б. ХОНГОРЗУЛ – АНУ-ын Засгийн газрын Фулбрайт тэтгэлгээр Tufts их сургуулийн Fletcher сургуулийн Дипломат ажиллагаа, эрх зүйн магистр, МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн бакалаврын зэрэг хамгаалсан. “Гадаад магистрт суралцах арга зам” номыг санаачлагч

2. О.ЭНХЗУЛ – Азийн Хөгжлийн Банкны тэтгэлгээр Сингапурын Үндэсний Их Сургуулийн Lee Kuan Yew School of Public Policy сургуулийн Төрийн бодлогын магистр, МУИС-ийн Эдийн Засгийн сургуулийн Бизнес Удирдлагын бакалаврын зэрэг хамгаалсан. Боловсролын Санаачилгууд ТББ-ын Үүсгэн Байгуулагч, Гүйцэтгэх Захирал

3. М.НАРАН – Австралийн Засгийн Газрын Тэтгэлэг /Australia Awards/-ээр Мельбурны Их СургуулийнТөрийн бодлого, менежментийн чиглэлээр магистр, Унгар Улсын Төв Европын Их Сургуулийн Жендэр судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Олон улсын төслийн мэргэжилтэн

4. Г.ОРХОН – Төрийн сангийн тэтгэлэг/зээлээр Оксфордын их сургуулийн Дээд боловсролын шинжлэх ухааны магистр, Англи Хэлээр Харилцагчдын Холбооны хэсэгчилсэн тэтгэлгээр Sussex-ийн их сургуулийн Олон улсын боловсрол, хөгжлийн магистрын зэрэг хамгаалсан. Англи Хэлээр Харилцагчдын Монголын Холбоо /The English Speaking Union Mongolia/-ны Үүсгэн Байгуулагч

Энэ удаагийн арга хэмжээ манай ТББ-аас зохион байгуулсан анхны арга хэмжээ байсан тул зарим нэг зохион байгуулалтын сайжруулалтууд анзаарагдсан хэдий ч арга хэмжээнд оролцогчид маань хэрэгтэй мэдээллийг авсан, дараа дараагийн арга хэмжээнүүдэд оролцох хүсэлтэй байгаагаа харилцааны олон сувгуудыг ашиглан илэрхийлж байгаа нь бидэнд маш их урам өгч байна. Бид дараа дараагийн арга хэмжээгээ илүү олон хүний бүрэлдэхүүнтэйгээр, илүү зохион байгуулалт сайтай байлгахад бүх талаар хичээн ажиллах болно.

Үнэт цагаа зарцуулан өөрийн ирээдүйд багахан ч гэсэн хөрөнгө оруулалт хийхээр алхам хийсэн оролцогчиддоо баярлалаа.  Бид арга хэмжээнд оролцогчиддоо амласан ёсоороо ашигласан перезентацууд болон холбогдох нэмэлт мэдээллийг удахгүй и-мэйлээр илгээх болно.

 

May 22, 2017

Админ

Leadership

“Дараах стратегиуд ямар ч хэлэлцээрээс таны хүртэх үр дүнг огцом ахиулна”,
Харвардын Бизнесийн Сургууль

Хэлэлцээ хийх ур чадвараа огцом ахиулах нь төдийлэн яаралтай санагддаггүйгээс хүмүүс тус ур чадварыг ахиулахад шаардлагатай алхамуудыг авч хэрэгжүүлэхгүй юмуу энэ тал дээр тусгайлан цаг зарцуулахад хойрго хандах нь түгээмэл тохиолддог алдаа юм. Дараах 5 арга таныг энэхүү алдаагаа залруулж, одоогоор ашиглахгүй байгаа ч алдаж боломжгүй боломжуудаа танин илрүүлж, даруй ашиглаж эхлэх процессыг тань хөнгөвчилнө.


Энэ 10 дугаар сард, ганцхан удаа зохион байгуулагдах ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ УР ЧАДВАР АХИУЛАХ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ /Англи хэлээр/-ын танилцуулгыг (Download the Training Program Agenda) HERE/ЭНД-ээс үзнэ үү!


1. Бэлтгэлээ бүрэн хангахын ач холбогдлыг сайтар ухамсарлах

Бид аливаа хэлэлцээрт орохоосоо өмнө бүрэн хэмжээнд бэлтгэсэн байх ёстойгоо мэддэг ч өөрийгөө бүрэн дайчлан бэлтгэхдээ хойрго хандах нь түгээмэл. Энэ нь өнгөрөөж боломгүй алдаа юм. Маш олон судалгаагаар бэлтгэлээ бүрэн хангаагүй хэлэлцээрт оролцогчид шаардлагагүй буулт хийж, бүтээж болох байсан үнэ цэнийг өнгөрөөж, оролцогч талуудын хэн хэнд ашигтай үр дүнд хүрэх боломжуудаа алддаг байна. Иймд, таны өөрийн хэлэлцээ хийх ур чадвараа ахиулах хамгийн чухал алхам бол ажил, амьдралынхаа эдгээр чухал яриа хэлэлцээнд бүрэн бэлтгэлтэй оролцож байх юм. Бэлтгэлээ бүрэн хангана гэдэгт өдөр бүр тодорхой хугацааг хэлэлцээрт оролцогч талынхаа юмуу хэлэлцэх сэдвийнхээ талаар судлах, хэлэлцээрт бэлтгэх ажлын жагсаалт гаргах, хэлэлцээрт бэлтгэх дасгалжуулагчтай болох (5 дугаар аргыг үз), өөрийн итгэлт анд, гэр бүлийн гишүүн юмуу хамт ажиллагчтайгаа дүрд хувиран бэлтгэх зэрэг аргууд багтана. Бие даасан судалгаандаа хэлэлцээрээр хүрэх эцсийн үр дүн төдийгүй Б хувилбарыг тооцоолж, хэлэлцэгч талынхаа ч хүрэхээр зорих үр дүнгийн хувилбаруудыг тооцоолох хэрэгтэй.

 

2. Хэлэлцээрийн сургалтанд үр дүнтэй суух бэлтгэлээ урьдчилан хангах

Хэрвээ та өөрийн хэлэлцээ хийх ур чадвараа албан ёсны сургалтын тусламжтай ахиулахаар шийдсэн бол сургалтын явцад багшийн хэлсэн зүйлсийг л нэг бүрчлэн тэмдэглэж авахад болоод явчихна гэсэн буруу ойлголттой байж болохгүй шүү. Сургалтын явцад багшийн өгөх мэдлэг, мэдээллийг зөвхөн тэмдэглэж авах бус хэрхэн өөрийн ажил, амьдралд тохиолддог хэлэлцээрүүдтэй чинь уялдаж байгааг бодож тунгаах хэрэгтэй. Багшийн танилцуулж буй тодорхойлолт, томъёоллууд таны ажил, амьдралтай хэрхэн холбогдож байна вэ гэдгийг анзаараарай. Хэрвээ танилцуулж буй тодорхойлолт, томъёоллуудыг бодит амьдрал дээрх үйл явцтай холбож ойлгоход хүндрэлтэй байвал багшаасаа тодруулга авах юмуу тодорхой жишээ асуу. Түүнчлэн, Харвардын бизнесийн сургуулийн хэлэлцээрийн багш Max H. Bazerman хэлэлцээрийн сургалтанд сууж буй оролцогчид сургалтын явцад ямар үг хэллэг, ойлголтууд давтагдаж буйг анхааралтай сонсож тэмдэглэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Бид аливаа шинэ дадлыг хоёр болон түүнээс олон удаа өөрийн биеэрээ туршиж дадлагажиснаар үр дүнтэйгээр өөртөө суулгадаг болохыг судлаачид тогтоожээ. Иймд, сайн суралцагчид адилхан ойлголт, томъёоллын талаар нэгээс олон удаа ярилцаж давтахдаа дуртай байдаг ба энэ нь ч тэдэнд тухайн мэдээллийг толгойдоо суулгахад нь дөхөмтэй байдаг.

3. Алдаа хийхдээ бэлэн байх

Хэлэлцээрийн сургалт таныг илүү төлөвшүүлж ч мэднэ. Хэлэлцээрийн багш нар суралцагчдаараа ихэвчлэн янз бүрийн дүрд хувирах дасгал хийлгүүлдэг ба эдгээрийн дор хаяж нэг, хоёр нь сургалтанд оролцогчид хэлэлцээрийн үеэр өөрсөддөө хэт итгэлтэй байх зэрэг буруу хандлагыг нь гүнзгий ойлгуулахад чиглэдэг. Bazerman багшийнхаар хэлэлцээрийн сургалтанд оролцогчид урьд нь өөрийн ташаа зөн совиндоо найдан шийдвэр гаргадаг байснаа сургалтын явцад мэдэж, ойлгохоороо ихэнхдээ тавгүйтдэг байна. Гэхдээ ийм авир гаргах нь хувь хүний дутагдал биш. Харин ч өөрийнхөө гаргасан үйлдэлд тавгүйтэх нь сэтгэлзүйчийн үзэж буйгаар тухайн хүн эерэг тал руугаа өөрчлөгдөн, ахиж дэвжихэд шаардлагатай алхам байдаг байна. Bazerman багш ихэнх хүмүүс хэлэлцээрт орохдоо өөртөө болон хэлэлцэгч талдаа аль хэдийн урьдчилаад нэг талыг барьсан үнэлэмж өгчихсөн байдаг. Гэтэл хэлэлцээрийн үеэр төрөл бүрийн хувилбаруудыг гаргаж чаддаг байхаар өөрийн бодлоо хөгжүүлэх нь хэлэлцээ хийх чадвараа ахиулахад тань тустай гэжээ.

4. Давт, давт, бас дахин давт

Шинэ санааг стратегийн хэмжээнд хөгжүүлж, улмаар түүнийгээ төвөггүйгээр ашиглаж чаддаг болоход цаг хугацаа, дадлага багагүй шаардлагатай. Хэлэлцээрийн сургалт, онол биднийг шаардлагатай ойлголтуудыг давтаж, дадлагажих боломжоор хангадаг боловч өөрийн тогтсон дадал зуршилдаа өөрчлөлт оруулах үйл явц сургалт дууссанаар эцэс болдоггүй. Та өөрийн шинээр эзэмшсэн хэлэлцээрийн ур чадваруудаа ажлын талбартаа нэвтрүүлэх явцдаа зорилготой, анхааралтай байх хэрэгтэй. Өөрийн сурсан зүйлсээ дахин бодож, цэгцэл. Өөрийн хэлэлцээрийн арга барилдаа, ажилдаа ч хувийн амьдралдаа ч, сургалтанд заагдсан ямар ойлголтуудыг илүү эрчимтэй нэвтрүүлж, идэвхитэй давтахаа тунгаа. Таныг алдаа гаргасан ч ойлгож, уучлах гэр бүл, найз нөхөдтэйгээ хэлэлцээрийн шинэ арга барилуудыг давтаж, туршиж үзээрэй. Хэрвээ та өөрийн сурсан шинэ арга тактитуудаа зорилготой, ухамсартайгаар өөр өөр нөхцөл байдалд хэрэглэж, нэвтрүүлж чадвал таны өмнөх зуршлуудыг чинь аажмаар халж, зөв шинэ дадал болон суух болно.

5. Хэлэлцээрийн сайн дасгалжуулагчтай болох

Та ямар нэгэн чухал хэлэлцээрт бэлтгэж байхдаа байгууллагынхаа хэн нэгэн өндөр албан тушаалтнаас ч юмуу зөвлөгөө авдаг байх. Хэлэлцээрийн дасгалжуулагчдын ялгаа нь ямар нэгэн онцгойлсон үйл явдалд л зориулсан зөвлөгөө өгөхөөс илүү таны хэлэлцээ хийх ур чадварыг нэлэнхүйд нь ахиулахад төвлөрдөг. Топ хэлэлцээ хийгчид хэн хэндээ ашигтай хэлэлцээ хийх онол (жич: 10 дугаар сард зохион байгуулагдах олон улсын сургалт “truly win-win/value negotiation” буюу үнэ цэнэд суурилсан хэлэлцээ хийх аргад сургана)-д суурилсан аргаар ямар нөхцлүүдийг хэлэлцээрийн үеэр санал болгоход тохиромжтой, ямар нь тохиромжгүй зэрэг нарийн задаргааны дагуу бэлтгэлээ хангадаг. Иймд, таньд хэлэлцээрийн үр дүнд хүрэх зорилгууд болон тэдгээрт хүрэх арга техникүүдээ тодорхойлж, хэлэлцээрийн дараах үр дүнд шинжилгээ хийхэд тань туслах дасгалжуулагчтай болоорой.

Дашрамд дурдахад энэ 10 дугаар сарын 21 – 22-ны өдрүүдэд ганцхан удаа зохион байгуулагдах Хэлэлцээ хийх ур чадвар ахиулах сургалт маань олон улсад дунджаар нэг оролцогчийн 5000 – 6000 ам.долларын төлбөртэй байдаг. Бид Азийн топ их сургууль Сингапурын Үндэсний Их Сургуулийн харъяа Ли Куан Югийн нэрэмжит сургууль (Lee Kuan Yew School of Public Policy)-ийн профессор, олон улсын зөвлөх, дэлхийн лидерүүдийг дадлагажуулагч Нуно Дэликадог төрийн бус байгууллагынхаа шугамаар урин авчирч байгаа тул, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү сургалтыг нэг оролцогчийн 1000 ам.долларын төлбөртэй зохион байгуулах боломж тохиосонд туйлын сэтгэл хангалуун байгаа.

Энэхүү боломжийг алдалгүй, бүхий л түвшинд хэлэлцээ хийх ур чадвараа ахиулахаар төрийн байгууллага (яамны түвшний), дэлхийд салбартаа эхний тавд багтдаг олон улсын консалтингийн компани болон олон улсын сүлжээ байгууллага болон хувийн бизнесийн лидерүүд маань сургалтанд бүртгүүлж, суудлаа баталгаажуулж байгааг дуулгахад таатай байна. Та ч мөн өөрийн манлайлах, хэлэлцээ хийх ур чадвараа цоо шинэ түвшинд гаргахыг хүсч байгаа бол 9 дугаар сарын 15-ны дотор багтаж дараах холбоосоор бүртгүүлж, суудлаа даруй баталгаажуулаарай. Дахин сануулахад зөвхөн Англи хэлээр явагдах энэхүү сургалтанд маань цөөн тооны, өндөр зорилго тэмүүлэлтэй, салбар салбарын шилдгүүд л хамрагдаж байгаа.

 

Саяхан МҮХАҮТ-ын санаачлагаар МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, салбар салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй өглөөний цай хамт уунгаа уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд МУ-ын эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр төрөөс баримталж, засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогуудаас хоёрыг онцлов. Эдгээрийн нэг нь ХАА-ын салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргах, нөгөө нь Монгол улсаа гадаад зах зээлд нарийн төсөв, төлөвлөгөөтэйгээр танилцуулах зохион байгуулалттай нэгжийг ажилллуулах гэж би ойлгов. Төрийн бодлогын талаар номын дуу сонсож, бизнесийн стратегийн чиглэлээр ажиллаж байгаа иргэн хүнийхээ хувьд ерөнхий сайдын танилцуулсан бодлого, санаачлагатай холбогдуулан өөрийн саналаа хуваалцъя.

1. ХАА-ын салбарын талаарх саналынхаа удиртгал болгож ерөнхий сайд “Бид юунд сайн, түүгээрээ танигдая” гэж уриалсан нь тун холыг харсан санал мэт санагдаж олзуурхаж суутал санал, санаачлагыг хэрэгжүүлэх арга замуудыг тайлбарлахад санаа нь зөв ч, шат дараалал нь эргэлзээ төрүүлэв . Юу вэ гэхлээр Монголчууд хэдэн зуун жилийн турш мал маллаж ирсэн ард түмэн гэж эхэлсэн яриа маань бид гадны танигдсан брэндийн нэрээр бүтээгдэхүүнээ дэлхийд нийлүүлэх хэрэгтэй болоод явчив. Товчоор бид Германы хиамны ч юмуу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэндийн түүхий эд ханган нийлүүлэгч болох юм байна. Ийм маягаар ажилладаг орнууд, үйлдвэрлэгчид олон байгаа, гэхдээ манайх шиг оронд энэ зохион байгуулалт одоогоор тохиромжгүй. Яагаад гэвэл:

Нэгт: Монгол мал элдэв халдварт өвчинд нэрвэгдэх эрсдэл өндөртэйгээс гадна, өөрсдөө хэдэн арван км явж хоолоо олж иддэг “тамирчид”. Иймд гадныхан байтугай “махчин” Монголчууд ч дааж идэхэд хүндрэлтэй, хамгийн наад зах нь.

Хоёрт: Гадны танигдсан үйлдвэрлэгчид аливаа улсад хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө тухайн улсын ажиллах хүчний нөөц, дэд бүтцийн хөгжил, хууль эрхзүйн орчныг заавал чухалчлан судалдаг. Гэтэл манайд эрчимжсэн мал аж ахуйгаар бэлтгэгдсэн, хэдэн зуугаараа фермерт ажиллах боловсон хүчин байхгүй, дээр нь зам харилцаа муу хөгжсөн, улс орнуудын хамгийн эмзэг сектор болох хүнсний аюулгүй байдлыг алдагдуулах, халдварт өвчин гарах эрсдэл бүхий хүнсний импортын чиглэлээр эрсдэлийг нарийн тооцсон хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр хангалттай хийгдээгүй байна.

Тэглээ гээд бид гараа хумхиад суулгүй, Азийн тэргүүн баян Ли Ка Шин “Амьдрал чамд исгэлэн лемон өгөөд байвал, түүнд нь гомдоод суулгүй лемоноор нь ундаа хий” буюу өөрсдийн сул талаа давуу тал болгох арга замыг хай гэсэн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Миний зүгээс дараах шийдлийг санал болгож байна.

ШИЙДЭЛ. Дэлхийн улс орнуудад хэт их хотжилт явагдаж, уламжлалт хөдөө аж ахуйн салбарт ажиллах ажилчдын тоо эрс буурч, үйлдвэрлэгчид хурдан хугацаанд ургацаа хурааж хотын хүн амын хэрэгцээг тасралтгүй хангаж, өөрсдийн үйлдвэрлэлээ эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгцээ шаардлага гарсны улмаас химийн бордоо зэргийг хүнсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хэрэглэх болсон. Үүний хор уршгийг ойлгож мэдсэн хэрэглэгчид химийн бордоо (мал аж ахуйн хувьд мах, сүүний гарцыг нэмэгдүүлэх элдэв эм тариа хэрэглээгүй) жинхэнэ байгалийн жамаараа боловсорсон ногоо, жимс, мах, сүүг хэд дахин илүү үнэ төлөөд ч хамаагүй авах хүсэлтэй болсон.

Тэгэхээр цөөн хүн амтай, дэд бүтэц муу хөгжсөн Монгол улс хямд үнээр их бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зүтгэх биш өндөр үнэтэй, өөрсдийн чаддаг мэддэг аргаараа чанартай цөөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч буюу органик фермерийн орон болохоор зорих нь зүйтэй.

Зургийн эх сурвалж: Business Insider (Жишээ нь: АНУ-ын Wholefoods сүлжээ дэлгүүрт 500гр органик гүзээлгэнэ, мөн хэмжээний бордсон гүзээлзгэнээс 1000 гаран төгрөгөөр илүү үнэтэй зарагдаж байна)

Ингэхдээ Монголчууд аль болох шавхагдашгүй нөөц бололцоогоо ашиглах нь зүйтэй. Тухайлбал малаа нядалж махыг нь гаргахын оронд сүүнийх нь гарцыг нэмэгдүүлэхэд анхаарч, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох нь илүү тогтвортой. Тухайлбал манай урд хөрш Хятад төдийгүй дэлхийн олон оронд эрэлт хэрэгцээ нь өсч буй ингэний сүү гэхэд 500 мл нь ойлролцоогоор 10 гаран мянган төгрөгөөр борлогдож байна.

Зургийн эх сурвалж: https://desertfarms.com/products/raw-camel-milk-frozen

Газар тариалангийн салбарт эргэлт удаан, үнэ багатай, цаг агаарын хүчин зүйлээс их хамааралтай төмс, лууван зэрэг ногоогоо дотоодын хэрэгцээндээ зориулж үйлдвэрлээд өргөст хэмх, улаан лооль зэрэг үнэ өндөртэй, нарийн ногоонуудаа жинхэнэ Япон, Европ зэрэг орнуудын технологиор голдуу экспортонд зориулж үйлдвэрлэхээр зорих нь зүйтэй болов уу. Мэдээж нарийн судалгаа, шинжилгээний үр дүнд дээр санал болгосон нарийн ногоонуудаас илүү органик чацаргана, нэрс, гүзээлзгэнэ зэрэг жимс, жимсгэнэ эдийн засгийн үр өгөөж өндөртэй, эрсдэл багатай байхаар бол нарийн ногооноос илүү жимс, жимсгэнэ, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүнээ экспортлохдоо анхаарлаа хандуулж болно.

Товчоор ХАА-ын салбарыг бодлогоор дэмжин, эдийн засгийг эрчимжүүлэх гол салбар болгохоор зорихдоо а) дотоодын зах зээлийг хангах, экспортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, б) хэдийд ч гэрээгээ цуцлаад Монголоос гараад явчих эрсдэлтэй гадаадын танигдсан брэндийн нэрээр биш өөрсдөө чаддаг аргаараа, олон улсад танигдах “Органик Монгол” гэсэн брэндийг бий болгоход чиглэсэн богино, дунд, урт хугацааны арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
Ерөнхий сайдын дэвшүүлсэн хоёр дахь асуудал бүр сонирхолтой. Тэр талаар миний дараагийн нийтлэлээс уншаарай!

Бидний бэлтгэсэн нийтлэлүүдийг цаг тухай бүрт нь авахыг хүсвэл ЭНД ДАРЖ манай мэйлийн жагсаалтанд бүртгүүлээрэй!

Доорх номын жагсаалт нь хувь хүний хөгжлийн хамгийн шилдэг гэгдэх номуудаас бүрдсэн бөгөөд жагсаалтыг гаргахдаа олон манлайлагч нарын зөвлөгөө, шилдэг гэгдэх олон улсын сэтгүүлүүдэд ихээр иш татагдсан байдлыг харгалзан сонголоо. Жагсаалтад, хувь хүний хөгжлийн номуудын онолын суурь болсон боловсрол, манлайлал, өөрийгөө хэрхэн дайчилж амжилтад хүрэх тухай номууд багтсан болно.

1. “The Success Principles”

Jack Canfield-ийн бичсэн энэхүү өөртөө-туслах /self-help/ ном нь амьдралаа өөрчилж, амжилтад хүрэх аргуудыг зааж өгсөн байдаг. Хэрвээ та өөрийнхөө амьдралыг өөрчлөх, амжилтад хүрэхэд тань туслах ганцхан шилдэг номыг хайж байгаа бол гагцхүү энэ номыг л уншаарай.

Номын сул тал: Магадгүй номонд дурдагдсан зарим санаанууд нь бусад хувь хүний хөгжлийн номуудтай төстэй учраас уншигч таныг бага зэрэг уйдааж магад.

2. “Think and Grow Rich”

Napoleon Hill-ийн бичсэн “Think and Grow Rich” ном нь амжилтад хүрсэн олон хүмүүсийн ширээний ном болж байсан. Анх бичигдсэн өдрөөсөө хойш 80 гаран жил өнгөрсөн ч өнөөгийн залуучуудын өврийн ном болж хүний дотоод мөн чанар, хувь хүний хөгжил, амжилтын тухай өгүүлдэг энэ номыг заавал уншаарай.

3. “The Power of Positive thinking” 

Амжилтад хүрсэн олон хүмүүс “Хандлага” бол амжилтын хамгийн чухал хэсэг гэдэг. Энэхүү номоор зохиолч Norman Vincent Peale эерэгээр сэтгэх нь амжилтыг шууд бий болгодоггүй харин эерэгээр ЗӨВ сэтгэж чадах нь хүнийг хэрхэн амжилт руу чиглүүлдэг тухай өгүүлдэг.

Номын сул тал: Энэхүү ном нь зарим нэг талаараа хэт их шашины (secret; god) шинж чанартай гэсэн шүүмжлэлүүдийг авдаг байна. Гэвч авах гээхийн ухаанаар хандаж чадвал энэхүү номоор дамжуулан хандлагаа өөрчлөх боломжтой.

4. “Outliers: The story of success” 

Malcolm Gladwell-ийн бичсэн энэхүү ном нь шинжлэх ухааны талаас амжилтад нөлөөлдөг зүйлсийг тодорхойлон бичсэн байдгаараа онцлогтой. Энэхүү номонд бусад хувь хүний хөгжлийн номууд шиг амжилтад хүрэхийн тулд хийх ёстой зүйлсийн жагсаалт байдаггүй. Харин номын хэсэг бүрээр дамжуулан амжилтанд аз, хандлага, чадвар нөлөөлдөггүй харин өөрийн чадварт зориулж буй ЦАГ гэх ганц хэмжүүр л нөлөөлдөг тухай өгүүлнэ.

Холбоотой нийтлэл: “ЯАГААД ТА ӨДӨР БҮР УНШИХ ШААРДЛАГАТАЙ ВЭ? НОМ УНШИХЫН 10 АШИГТАЙ ТАЛ”.

Манай сайт дээр гарсан зөвлөгөө, мэдээллийг цаг тухай бүрт нь и-мэйлээр авч байхыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй.

Ажлаа зөв зохион байгуулж чаддаг байна гэдэг зарим хүнд амархан юм шиг санагдах боловч:

  • Байгууллагын нягтлан тайлангаа цагийг нь тулгаж хийж эхэлснээс болж өндөр торгууль төлөх,
  • Их сургуулийн оюутан шалгалтдаа хожуу бэлдэж эхэлснээс хагас жилээр төгсөлт нь хойшлох,
  • Менежер цагийн менежментийн төлөвлөлт алдсанаас болж компани өндөр алдагдал хүлээх зэрэг бидний мэдэх нийтлэг, эрсдэлтэй асуудлуудтай олон хүнд тулгардаг.Иймд та бүхэндээ цагийн менежментийн шилмэл арга EISENHOWER-ИЙН MATRIX-ийг танилцуулъя.

BETTER LATE THAN NEVER. BUT NEVER LATE IS BETTER

АНУ-ын ерөнхийлөгч асан Dwight D.Eisenhower нь цагийн менежментийн мастер гэдгээрээ алдартай нэгэн байсан билээ. Тэрээр бүхий л ажлыг чадварлаг, цаг тухай бүрд нь хийж чаддаг байжээ. Eisenhower өөрийн ажлыг Matrix дээр ЧУХАЛ (Important) болон ЯАРАЛТАЙ (Urgent)-гаар нь ангилан оруулж ХЭЗЭЭ, ХЭРХЭН хийхээ тодорхойлон гаргаж өндөр бүтээмжтэй ажилладаг байсан байна.

Өөрөөр хэлбэл “Eisenhower-ийн matrix”-ийн үндсэн санаа нь өөрийн ширээн дээр бууж ирсэн ажлуудыг Matrix дээр чухал, яаралтай гэсэн нөхцөлд таарахаар нь байрлуулан бичээд дараа нь тухайн ажлаа хэзээ яаж хийхээ тодорхойлох юм.

Жишээ нь: Танд ирэх 8-н сард бэлэн болгох ёстой маш чухал төслийн ажил, ирэх Даваа гаригт захиралдаа өгөх ёстой тайлан, дэлгүүрээс хүнсээ авах мөн танилтайгаа уулзах ажлууд гарч ирсэн байна гэж үзье. Зураг дээрхи matrix дээр байрлуулаад үзээрэй.

Зураг дээр байрлуулах үед таньд юу бодогдсон бэ?
– Important, but not urgent/чухал, гэхдээ яаралтай бус 8-н сард бэлэн болох ёстой төслийн ажлыг долоо хоногт тогтмол хийж чадвал төслөө чанар сайтай, яаралгүй дуусгаж чадна.

– Urgent, important/яаралтай, чухал – Захиралд өгөх ёстой тайлангаа өнөөдрөөс яаралтай хийх ёстой.
– Urgent, but not important/яаралтай, чухал бус – Дэлгүүрээс хүнсээ авахаа эхнэр/нөхөр-өөс туслалцаа хүсч болох юм байна.
– Not important, not urgent/чухал бус, яаралтай бус – Танилтайгаа дараа нь боломжтой үедээ уулзах нь зөв юм байна гэсэн шийдвэрүүдэд бичих үед л хүрч байгааг та харж байна.

Дээрх жишээнээс харахад энэхүү Matrix нь өөрөө шийдвэр гаргах, төлөвлөлт хийхэд маш энгийн мөртлөө чухал аргачлал юм. Та Matrix-ийг ашиглах үедээ дараах асуултуудад хариулах гээд үзээрэй.
• Би ЧУХАЛ мөртлөө ЯАРАЛТАЙ БУС ажлаа хэзээ хийх вэ?
• Би хэзээ цаг гаргаж ЧУХАЛ ажлуудаа ЯАРАЛТАЙ болохоос нь өмнө хийж гүйцэтгэж дуусгах вэ?
Дээрх асуулт нь стратегийн, урт хугацааны шийдвэрүүдийг оновчтой гаргахад туслах бөгөөд энэ нь бидний амьдралыг илүү зохион байгуулалттай, бүтээмжтэй болгож байдаг.

/The Decisions book номын хэсгээс/

Хоган Ловеллс олон улсын хуулийн фирм нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бяцхан хүүхдүүдэд тайзан дээр хэрхэн чөлөөтэй дүрд хувирахаас эхлээд бүсийн тэргүүлэх олон компаний захирлуудыг үр нөлөөтэй илтгэх чиглэлээр дасгалжуулагч Салли Деллоу зөвлөхийг Хонг Конгоос тусгайлан урьж авчран, иргэний нийгэм, бизнес, төр засгийн 60 гаруй төлөөлөлд зориулан “Үр нөлөөтэй илтгэх нь” сэдвээр сургалт семинар зохион байгуулав.

Судалгаагаар хэн нэгэн өөрөөсөө бусад хүнд хандан ярих явцад тухайн хүнийг сонсогч/үзэгчид түүний юу ярьж буйд 7-хон хувийн анхаарлаа хандуулдаг бол, хоолойн ямар өнгө аястай ярьж буйд 40 орчим хувь, биеэ авч яваа байдал, үйл хөдлөлд нь бүр 55 хувийн анхаарал хандуулдаг аж. Салли багш өөрийнх нь хамтарч ажилладаг маш олон гүйцэтгэх түвшний албан хаагчид өөрөө юмуу ажилтнуудаараа магадгүй хэдэн долоо хоног бэлдүүлсэн тайлан, илтгэлээ бусдад танилцуулахдаа сэтгэл зүй болон үйл хөдлөлөө хангалттай бэлтгээгүйгээсээ болж хүссэн үр дүнд хүрдэггүй байсан талаар жишээ татав.

Тэрбээр бусдад зориулан яриа хийх, илтгэл тавихаасаа өмнө хувийн бэлтгэлээ дээд зэргээр хангах онцгой ач холбогдолтойг учирлаж, хэрхэн хувийн бэлтгэлээ хангах талаар практик зөвлөгөө өгөв. Жишээлбэл:
– илтгэгч өөртөө эвтэйхэн, бусдад хүндэтгэлтэйгээр хувцаслах,
– илтгэлээ эхлэхээс 20-30 минутын өмнө техник хэрэгслээ бэлдэж шалгах,
– илтгэлийн үзүүлэн таниулах материалдаа бага бичвэр оруулах,
– биеийн болон нүүрний илэрхийллээ ярьж буй зүйлтэйгээ тохируулан чөлөөтэй, өөртөө итгэлтэй гаргах (дээр дурдсан судалгааны дүнг санаарай!),
– илтгэлээ аль болох цээжээрээ ярих,
– сонсогч, үзэгчидтэйгээ “eye contact” буюу харц тулах (ингэхдээ өөрийн харцыг эрвээхий нисч бууж буй мэт төсөөлөн нэг сонсогчоос нөгөөд шилжин, аль болох олон сонсогчидтой харцаараа тулах)
– сонсогчидоо мэдрэх (уйдаж байгаа, асуулт асуумаар байгаа, сайн сонсохгүй байгаа эсэхийг нь мэдрэх, шаардлагатай бол асууж тодруулах) зэрэг зөвлөгөө өгөв.

Түүнчлэн, таны яриа хийх гол учир шалтгаан болсон сонсогчдоо илтгэл, яриандаа татан оролцуулж, ярьж байгаа зүйлээ ойлгуулж, тэдэнд мэдээлэл өгөх/өөрт хэрэгтэй шийдвэр гаргуулах юмуу үйлдэл хийлгүүлэхийн тулд үр нөлөөтэй тактик хэрэглэж байхыг зөвлөв. Тэдгээр тактикийн нэг болох RARA нь үзэгчдээс асуулт ирэх юмуу үзэгчдэд асуулт тавих тохиолдолд хэрэглэж болох үр дүнтэй арга учир доор тайлбарлая.

Дүгнээд, бусдад (ялангуяа ажлын хүрээнд) хандсан/зориулсан илтгэл, яриагаа хэн, хэнийхээ цагийн гарз болгохгүйн тулд урьдчилан сайтар бэлдэж, илтгэн танилцуулах явцдаа бие, хэл, сэтгэлээ зөв дайчлан хүссэн үр дүндээ хүрч байгаарай гэж хүсье!
Хувь хүний хөгжил, гэр бүл олон нийтийн харилцаа, бизнес болон технологийн талаарх сүүлийн үеийн судалгаанд суурилсан нийтлэл, мэдээллийг та цаг тухайд нь авахыг хүсвэл ЭНД дарж цахим хаягаа бүртгүүлээрэй.

Хүүхдэд багаас нь ном уншиж өгөх, яваандаа өөрт нь ном унших дадал суулгах нь боловсрол мэдлэгтэй хувь хүн болох суурийг нь тавьж буй тулгын нэг гэдэгтэй эцэг эхчүүд маргахгүй болов уу.Бидний өмнөх зөвлөгөө “Хүүхдээ хэрхэн номонд дуртай болгох бэ” дээр дурдагдаж байсанчлан хүүхдийн ном сонирхолтой байх ёстой. Тиймээс энэ удаад хүүхдүүдийн насны онцлог, сонирхол, хүлээж авах чадвар зэрэгт нь тохирсон номыг сонгох талаарх зөвлөгөөг Монсудар хэвлэлийн хүрээлэнгийн, Дидо хүүхдийн редакцын сурах, сургах хэрэглэгдэхүүний аргазүйч Г. Ариунцэцэгийн тайлбарласнаар хүргэж байна.

Номыг эцэг эхчүүд хүүхдийнхээ нас, хүйс, сонирхолд тохируулан номынхоо материал, бичвэр, зураг агуулгыг анхааран авахаас гадна хүүхдийнхээ хэл, яриа, сэтгэхүйг хөгжүүлэх гэх мэт зорилгоосоо хамааран ялгаатайгаар сонгох боломжтой байдаг байх нь.

https://youtu.be/hk-2_pcS8Nk

Дашрамд хэлэхэд, манай “ЯАГААД ТА ӨДӨР БҮР УНШИХ ШААРДЛАГАТАЙ ВЭ? НОМ УНШИХЫН 10 АШИГТАЙ ТАЛ” нийтлэлээс уншигч байхын ач тусын талаар дэлгэрэнгүй ойлголт авах боломжтой.

Холбоотой нийтлэл: Хүүхдээ хэрхэн номонд дуртай болгох бэ?