Author Archive

Home / Author's Article(s) / Админ

2022/02/22-нд Managing your Mental Health буюу Сэтгэл зүйн эрүүл мэндээ удирдах нь сэдэвтэй онлайн эвент маань үр өгөөжтэй болж өндөрлөлөө.

Эвентийн зочноор Lifekite-н үүсгэн байгуулагч, көүч  Бам Сантиаго оролцож сэтгэл зүйн асуудлаас хэрхэн ангижрах, сэтгэл зүйн эрүүл мэндээ зөв удирдах талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэв.

 

 

“New Normal” буюу “шинэ эгэл”-д дасан зохицоод зогсохгүй, шинэ эгэлтэй хамт ирж буй эргэлт, шинэчлэлт, өөрчлөлт, ирээдүйд бэлтгэхэд тустай арга, аргачлалуудыг хуваалцах, бодит кейсүүдийг дүгнэн шинжлэх EducatedTalks контентын эхний сэдэв “Нийгмийн судалгааны шинэлэг аргууд”, зочид маань IRIM судалгааны хүрээлэнгийн зөвлөх А.Долгион, Стратеги академийн захирал Б.Болорсайхан нар байлаа. 

140 гаруй жилийн түүхтэй Шведийн Epiroc группын Монгол дахь салбар “Epiroc Mongolia” компанийн “Even better” 3D виртуал   200 хүний шинэ жилийн цэнгүүнийг амжилттай зохион байгууллаа. Ковидын нөхцөл байдлаас үүдэн уламжлалт шинэ жилээс өөрөөр, бодит болон виртуал тайзыг хослуулан лайвстриймээр шууд дамжуулсан. Шинэ жилийн цэнгүүний зочид ажлын ээлж дээрээ, зарим нь нисэх онгоцны буудлаас, гүний уурхайгаас, зочид буудлын тусгаарлалтаас, халуун ам бүлээрээ гэрээсээ гээд олон нөхцөл байдал дунд байсан ч эрч хүчтэй хамт олонг нэг дор онлайнаар нэгтгэж халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, нэгэн оройг дурсамж дүүрэн, онцгой мэдрэмжийг өгч чадсанаараа зохион байгуулагч бидний зүгээс сэтгэл хангалуун байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хамтран ажилласан: EpirocMongolia-д баярлалаа.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (IRI) нь “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” (Strengthening Women and Youth Engagement in the Electoral and Political Processes in Mongolia) хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд SheVotes Mongolia:  Эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн оролцоонд  тулгарч буй саад бэрхшээлүүдийн тухай судалгааны ажлыг Эдүкэйтэд багийн зүгээс хийж гүйцэтгэсэн. Судалгааны ажлын хүрээнд цахим асуулгаар 744 хүнээс судалгаа авч, нийт 58 хүнтэй ганцаарчилсан ярилцлагыг 15 удаа, фокус бүлгийн ярилцлагыг 8 удаа нийт хийсэн. 

Энэхүү судалгаа нь чанарын судалгаа учир үр дүн нь нийт монгол эмэгтэйчүүд болон залуучуудын үзэл бодлыг төлөөлөх албагүй болно.

Тайланг татаж авах:

Монгол хэлээр: энд дарна уу.

ENGLISH /Англи хэлээр/: энд дарна уу.

“Улс төрийг чи сонирхохгүй бол улс төр чамайг оролдоно” гэдэг алдарт ишлэл нь бидэнд улс төр бол биднээс хол цөөн хэдэн хүний асуудал биш бүх нийтийн санаа тавих асуудал гэдгийг ойлгуулдаг. Эдүкэйтэд Энтерпрайз нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” #SWYEEPPM хөтөлбөрийн хүрээнд Эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн оролцоонд тулгарч буй саад бэрхшээлүүд судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгааг хийхдээ БНОУХ-ийн боловсруулсан Эмэгтэйчүүдийн ардчиллын сүлжээнээс хэрэгжүүлдэг “SheVotes” аргачлалд  үндэслэн бэлдсэн цахим асуулгаар 744 хүнээс судалгаа авснаас гадна улстөрч, улс төр судлаач, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулагч ажилтан, ажиглагч, иргэний нийгмийн төлөөлөл гэх мэт улс төр, сонгуулийн бүх шатны үйл ажиллагаанд оролцдог төрөл бүрийн туршлагатай оролцогчдыг сонгон, хагас бүтэцчилэгдсэн ганцаарчилсан   ярилцлагыг 15 удаа, фокус бүлгийн ярилцлагыг 8 удаа нийт 58 хүнтэй хийсэн. Мөн судалгааны хүрээнд холбогдох хууль тогтоомж, төсөл хөтөлбөрөөс боловсруулсан судалгааны тайлангуудтай танилцан, дүн шинжилгээ хийн ажилласан.

ЭнэхүүЭмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн оролцоонд тулгарч буй саад бэрхшээлүүд судалгааны тайлангийн үр дүнг танилцуулах цахим уулзалт 2021 оны 9 дугаар сарын 29-ний өдрийн 09:50-11:0цагт зохион байгуулагдана. Уулзалтын үеэр тайлангийн онцлох үр дүнгүүд болон судалгааг хэрэгжүүлэх явцдаа төслийн багийн сурсан зүйлсээс гадна улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байгууллагуудын төлөөллөөс судалгааны үр дүнгийн талаар сэтгэгдлээ хуваалцана.

Эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн оролцоо нь бид жигд хүртээмжтэй, ардчилсан, эрх тэгш оролцоотой нийгмийг бүтээн босгоход зайлшгүй хэрэгцээтэй асуудал тул энэхүү улс төрийн боловсрол олгох танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой цахим уулзалтад та бүхнийг урьж байна.

Тайлангийн үр дүнгийн хэлэлцүүлгийн хөтөлбөр:

Цаг Үйл ажиллагаа Хариуцагч
09:50-10:00 Бүртгэл Эдүкэйтэд & БНОУХ
10:00-10:05 Нээлтийн үг Б.Бөрт-Үжин, Хөтөлбөрийн ахлах менежер, БНОУХ
10:05 – 10:20 Судалгааны тайлангийн үр дүнгийн танилцуулга Х.Ариунгоо, Судалгааны багийн гишүүн, Эдүкэйтэд Энтерпрайз
10:20-10:22 СЕХороо судалгаанаас юуг онцлов Б.Оюумаа, Сонгогчийн боловсрол, сургалтын төвийн дарга, СЕХ
10:22-10:24 Парлементийн судалгааны хүрээлэн судалгаанаас юуг онцлов Ц.Норовдондог, Ахлах зөвлөх – Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Парлементийн судалгааны хүрээлэн
10:24-10:26 АНам судалгаанаас юуг онцлов С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны eрөнхийлөгч, АН
10:26-10:28 МАНам судалгаанаас юуг онцлов А.Гантуяа, Удирдах зөвлөлийн гишүүн, НАМЭХ, МАН
10:28-10:30 Хүн нам судалгаанаас юуг онцлов Т.Доржханд, ХҮНамын дарга, УИХ-ын гишүүн
10:30-10:45 Нээлттэй микрофон Арга хэмжээнд оролцогчид
10:45-10:47 Хэвлэл, медиа төлөөллийн үг Г.Гүнжидмаа, Гүйцэтгэх захирал, Хэвлэл мэдээллийн зөвлөл
10:47-10:50 Хаалт О.Энхзул, Судалгааны багийн гишүүн, Эдүкэйтэд Энтерпрайз

Зөвхөн бүртгэл хийлгүүлж оролцоог баталгаажуулсан оролцогчдыг Zoom-д оруулах тул доорх линкээр бүртгэлээ хийнэ үү. Бүртгэл хийлгэсэн хүн бүрт судалгааны тайланг цахимаар илгээнэ.

Бүртгэлийн линк:

https://cutt.ly/Mm3RAlG

Уулзалтын Zoom линк:

Join Zoom Meeting

https://zoom.us/j/94509125222?pwd=YTYrb25RbzRmaDloQ3JWZHNjVU4zdz09

Meeting ID: 945 0912 5222

Passcode: 135806

 

Баярлалаа😊

Аливаа бэлчээрийн доройтол нь богино хугацаанд илэрдэг гэнэтийн өөрчлөлт биш. Харин ч урт хугацаанд аажимдаа үргэлжилдэг үйл явц байдаг. Ерөөс бэлчээрийн доройтлыг дахин сэргэх чадавхаар нь таван түвшинд хуваан авч үздэг байна. Үүний эхний 3 түвшинд байгаа бэлчээрийн доройтол нь 1-10 жилийн хугацаанд дахин сэргээгдэх боломжтой байдаг бол дөрөв болон тавдугаар түвшний бэлчээрийн доройтол нь байгалийн унаган төрхөө алдаж, шим тэжээлгүй ургамлаар дүүрч,  хөрсний өнгөн хэсэг ус салхиар алдагдаж, гуу жалга үүсэж байгалийнхаа аясаар дахин сэргэх боломж маш бага болдог учраас хөрсний үндсэн сайжруулалтыг цаг алдалгүй шат дараатай авч хэрэгжүүлэх шаардлагатайг эрдэмтэд цохон тэмдэглэдэг. Энэхүү таван түвшний бэлчээрийн сэргэх чадавх нь аль түвшинд байгаагаас  хамаарч бэлчээр ашиглалтын хугацаа, горим, ачааллыг нарийн тооцон тохируулах нь хамгийн нарийн чимхлүүр ажил болдог. Учир нь бэлчээрийн доройтлыг цаг алдалгүй сэргээхгүй бол дахиж хэзээ  ч эргэн сэргэхгүй элсэн цөл болох аюул нүүрлэдэг аж. Иймд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжсэн Ногоон алт-Малын эрүүл мэнд /НАМЭМ/ төслийн хүрээнд бэлчээрийн доройтол, малын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлж, малчдын байгууллагуудыг чадавхжуулах олон ажлууд хийгдсэн бөгөөд Завхан аймгийн хэмжээнд ямар үр дүн ахиц гарсныг онцлон танилцуулья.

Манай улсын хувьд үндэсний аюулгүй байдлын  гурван тулгуур баганын нэгээр  бэлчээрийн мал аж ахуй нэрлэгддэг. Нийт газар нутгийн 80 орчим хувь нь бэлчээрийн нутаг дэвсгэр байдаг бол үүний 65 хувь нь доройтолд орсон тухай 2015 оны “Бэлчээрийн төлөв байдлын мониторингийн судалгаа”-нд өгүүлжээ. Тус судалгаанаас үзэхэд Завхан аймгийн 82.4 мянган  хавтгай дөрвөлжин километр газар нутгийн 84 хувь нь бэлчээрийн газар нутаг байдаг. Үүний дийлэнх буюу 74 хувь нь байгалийн унаган төрхөө алдаж, бэлчээр нь доройтож ургамлын төрөл зүйл цөөрч, чанар, ашиг шим нь буурсан нь тогтоогдсон байна.

2017 оны байдлаар Завхан аймагт 3.6 сая толгой мал тоологдсон нь аймгийн хэмжээнд бэлчээрийн даац 1.2-3.9 дахин хэтэрсэн байгаа аж. Төслийн хүрээнд Завхан аймагт “Бэлчээр ашиглагчдын холбоо” байгуулагдаж 22 суманд тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тус холбоо нь аймгийнхаа дээрх тооны сумдад бүтэцтэй байхын сацуу анхан шатандаа баг бүрд 183 хэсэгтэй гэнэ. Одоо эдгээр хэсэг нэгжүүд нь нэгэн зэрэг үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байна. Түүнчлэн малчны 20 хоршоо, Хадгаламж зээлийн 10 хоршоотой болж улам бүр өргөжин тэлсээр байна.

Өнөөдөр тус аймгийн малчид малын гаралтай түүхий эд болох арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүнээ дундын хөрөнгийн хоршоогоороо дамжуулан Эрдэнэт хивс, Дархан нэхий гэх мэт үндэсний томоохон үйлдвэрүүдэд гэрээгээр нийлүүлдэг болжээ.

Гэрээ байгуулан ажиллах нь малчдад ихээхэн ач тустай байдаг аж. Учир нь ноос ноолуур арьс шир дамлан зардаг /ченж/ худалдаачдад зах зээлийн ханшнаас хамаагүй бага үнээр өгөхөө больж шууд үйлдвэрт нийлүүлэхээс гадна түүхий эдийн урамшуулалд хамрагдах боломжтой болсон байна. Түүнчлэн тус аймгийн малчид сум орон нутгийнхаа Хадгаламж зээлийн хоршооноос хоёр хувийн хүүтэй зээл авдаг болсон нь гэнэтийн санхүүгийн эрсдэлд орохгүй байх боломжийг бүрдүүлжээ. Энэ нь малчдын хувьд ахуй амьдралаа дэмнэж өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг болж байгаа талаар тус аймгийн малчид онцолж байсан.

Мөн энэхүү төслийн хүрээнд жил бүр малчдад олон удаагийн давтамжтай бэлчээрийн зохистой ашиглалтын тухай сургалтыг өгч байсан нь малчдын хандлагыг өөрчлөхөд түлхэц үзүүлжээ. Тухайлбал сум бүрд байх “Бэлчээр ашиглагчдын холбоо” түүний хэсэг нэгжүүд хариуцлагатай ажиллаж малчид өөрсдөө байгальдаа ээлтэй хандаж, төлөвлөлтөд туссан бэлчээрээ амрааж, малын тоо толгойг хэт ихсэхээс тогтмол сэргийлж, менежменттэй ажилласан нь бодит бас мэдрэгдэхүйц үд дүн дагуулаад байгаа юм.

Энэ тухай Завхан аймгийн ГХБХБГ-ын Мониторингийн мэргэжилтэн Ц.Мэндээ “Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд 6.7 сая га талбайд бэлчээрийн 440 цэгт зурган судалгаа хийж, үр дүнг нь Багийн иргэдийн нийтийн хурал, сумын ИТХ, Засаг даргад танилцуулж, ирэх жил бэлчээрийг сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээ авахыг бүтэц зохион байгуулалтынхаа төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Малчдын нэгдэл болох Бэлчээр ашиглагчдын холбооны гишүүдийн хамтын шийдвэрээр жил бүр хэд хэдэн багийн нутаг дэвсгэрт бэлчээрийн газрыг өнжөөж, малын хөл оруулахгүй байхаар зохицуулалт хийж ажилласан нь үр дүнгээ өгч ургамлын гарц, үржил шим хурдацтай нэмэгдэж байгаа” гэдгийг онцолж байна.

Мөн 2019 онд Завхан аймгийн орон нутгийн хөгжлийн сан, Ногоон алт хөтөлбөрийн санхүүжилттэйгээр Малын эрүүл мэндийн мөшгөх тогтолцоог улсын хэмжээнд анх удаа “Эрдэнэ Хайрхан”, “Сант”, “Түдэвтэй” сумдуудад нэвтрүүлжээ. Энэхүү тогтолцоог хэрэгжүүлж эхэлснээр малын гарал үүсэл тодорхой болж, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн чанарт ахиц гарч, Мал эмнэлгүүдийн орлого өссөн байна. Өдгөө дээрх сумдад төслийн хүрээнд мал эмнэлгийн тасгийн нэгдсэн байр баригдсан нь малчны хотноос малын мах, түүхий эд бүтээгдэхүүнийг зах зээлд үнэд хүргэн нийлүүлэх, гарал үүслийг тодорхойлох, мал эмнэлгийн ажилтнуудыг чадавхжуулж мэргэшүүлэх сургалт зөвлөгөөнд тогтмол хамруулах болон малын гоц халдварт өвчин гарах үед авах арга хэмжээнд ашиглах гарын доорх хэрэглэгдэхүүнээр тоноглогдсон зэрэг олон давуу талыг бий болгоод байгаа гэнэ.

НАМЭМ төсөл хэдийгээр үр дүнгээ хүлээлгэн өгсөн ч орон нутгууд гаргасан сайн үр дүнгүүдээ бататган улам сайжруулан ажиллана гэдэгт төслийн багийнхан итгэлтэй байгаагаа ч мөн уламжилж байлаа.

 

Э.Саранчимэг

Малд тэжээл болохуйц өвс ургамал ус бүхий газрыг бэлчээр гэнэ. Бэлчээр нь уур амьсгал, амьтан, тэр дундаа хүн малын үйл ажиллагааны нөлөөнд байнга өртөж байдаг эмзэг нөөц юм. Тэгвэл байгалийн энэ эмзэг нөөцөө зөв зохистой ашиглаж, өөрөөр нь нөхөн сэргээж, МАА-н салбарт малчдын хариуцлагатай, хамтын манлайллыг бий болгосон сайн туршлагууд Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт – Малын эрүүл мэнд” төслийн үр дүнд олон гарчээ.

Монгол орны нэг онцлог нь бэлчээр нийтийн өмч, мал нь малчдын хувийн өмч байдаг. Тиймээс бэлчээрийн маргаан тасрахгүйгээс гадна бэлчээрийг хайр гамгүй хүнийрхүү сэтгэлээр ашиглах нь түгээмэл байлаа. Энэ тал дээр малчид төдийгүй төр болон төрийн бус, хувийн хэвшлийнхэн нэгдсэн ойлголт, нэг хандлагатай  болсноор зөв үр дүнд хүрч чадсан байна.  Малчин хүн мал дагаж мал шиг биш хүн шиг амьдрах боломж, загварыг гаргаж ирэх зорилгодоо хүрсэн нь МАА-н салбарын тогтвортой хөгжлийн эхлэлийг тавьж байна.  Хамтын ажиллагааны хамгийн чухал хэсэг нь хот айлын бэлчээрийн гэрээ. Малчдын бэлчээр эдлэх зүй ёсны эрхийг тодорхойлж, бүртгэлийн системийг бий болгон гэрчилгээ олгосноор малчид бэлчээр нутгаа уул уурхай, аялал жуулчлалын компани гэх мэт чиглэлээр бусдад алдахгүй байх эрх нь баталгаажсан аж.

Энэхүү хариуцлагын  систем нь бэлчээрийн маргааныг үгүй болгосон бөгөөд Сум дундын шүүх бэлчээрийн маргаан таслахдаа гол баримтлах бичиг баримт болгон хот айлын бэлчээрийн зургийг ашиглаж байна.

Аливаа төслийн үр шимийг хүртэгчид нь тодорхой нэг зорилтот бүлэг байж,  тухайн бүлгийн л асуудлыг шийдвэрлэдэг бол НАМЭМ төслийн хувьд малчин /иргэн/, төр, хувийн хэвшлийн тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэх гарцыг нээж, хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлсэн бодит үр дүн, сайн жишээ олон гарсныг Баян-Өлгий аймгийн жишээгээр тодруулбал:

Малчдын байгууллагын 3 тулгуурт хөгжлийн нэг болох маркетингийн хоршоо төслийн дэмжлэгтэйгээр 2012 оноос тус аймагт байгуулагдаж эхэлжээ. Тус хоршоод нь үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, малчдыг тогтмол орлоготой болгохын хамт чадавхаа нэмэгдүүлэх, хөрөнгөө өсгөх үйл ажиллагаануудыг идэвхтэй зохион байгуулжээ. Үүний нэг тод жишээ нь Улаанхус сумын “Нүүдэлчдийн хөгжлийн гараа” хоршоо юм. 720 гаруй гишүүнтэй, гурван хүний байнгын ажлын байртай, 10-15 хүнийг түүхий эд цуглуулахад түр ажилтнаар ажиллуулж жилдээ 60-70 тонн хонины урт ноос, 5000 гаруй ширхэг арьс шир, нэг тонн сарлагийн хөөвөр, тэмээний ноос бусад мал мах, бүтээгдэхүүнүүдийг малчдаасаа цуглуулж, үндэсний үйлдвэрүүдэд тушааж малчдын орлогыг нэмэгдүүлдэг. Засгийн газраас олгож байгаа түүхий эдийн урамшуулалд малчдыг хүртээмжтэй хамруулахаас гадна алслагдсан нутагт буй малчдад өргөн хэрэглээний болон гэр ахуйн бараа, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, нарны толь зэргийг лизингээр болон түүхий эдээр солих/бартер/, зуд турхан болсон үед өвс тэжээлээр хангах зэрэг уян хатан үйлчилгээг үзүүлж, үйл ажиллагаа нь тогтворжжээ.

Ченжид биш хоршоондоо түүхий эдээ өгч хамтран ажиллах нь илүү ашигтай байдаг тухай малчид ч сэтгэл хангалуун ярьж байна. Нөгөө талаас Файн ноос компанийн захирал н.Тулга ярихдаа “Аймагтаа жил бүр 200-300 тонн ноос авч анхан шатны боловсруулалт хийж, түүхий эд бэлддэг. Энэ дундаа Баян-Өлгий аймагтаа идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг малчны байгууллагатай сүүлийн гурван жил тасралтгүй, нягт холбоотой хамтран ажилласан. Малчдын байгууллагатай хамтрахын давуу тал нь чанартай бүтээгдэхүүн юм. Цаашид ч бид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх маш олон төлөвлөгөөнүүд яригдаж байна” хэмээн онцолжээ.

Мөн малчдын хадгаламж зээлийн хоршоо ч тус аймагт амжилттай ажиллаж байна. Хадгаламж зээлийн хоршоо нь Зээл, Хадгаламж, Лизинг, Даатгал, Санхүүгийн боловсрол олгох гэсэн малчдад чиглэсэн 5 төрлийн үйл ажиллагааг явуулдаг.  Мөн хоршоонд түшиглэн түүхий эдийн сүлжээ бий болгосон байна. Нэг өгүүлбэрээр бол мал, малын гаралтай түүхий эд, малчидтай холбоотой экосистемийг бий болгож мал аж ахуйн тогтвортой хөгжлийн эхлэлийг тавьж чаджээ. Нэг онцлууштай нь малчид ч хадгаламжийн талаар эерэг ойлголттой болсон байна. Тодруулбал, бэлчээрийн даацаас илүү байгаа малыг ХАА-н тасагтай хамтран айл тус бүрээр тогтоож М6 загвар буюу Мөнгөн малыг бий болгожээ. “Мянган малтай байснаас Мөнгөн малтай байх сонголтыг хийх нь зөв. Мөнгөн мал нь бэлчээр хэрэглэхгүй, зудад нэрвэгдэхгүй, үхэж үрэгдэхгүй, хулгай авч чоно идэхгүй, зардалгүйгээр цэвэр өсдөг учраас маш ашигтай” хэмээн малчид сэтгэл хангалуун байна.

Нэг үе Улаанбаатар руу чиглэх орон нутгийн их нүүдлийг бууруулахаас үүдэн эхлүүлсэн Мянгат малчин тодруулах, банкнаас малаа барьцаалан зээл авах зэрэг нь малчдыг малын чанарт бус тоонд илүү ач холбогдол өгөхөд хүргэжээ. Олон малтайгаа онцлох биш хэн хариуцлагатайгаа малчид өөрсдөө хэлэлцэн алдаршуулдаг “Эко малчин гэрчилгээ”-н дээр шалгарсан өрхийн тэргүүн болон эхнэрийн зураг хамт байдаг нь мал аж ахуйн салбарт үргэлж орхигддог жендерийн тэгш эрхийг хангасан сайн жишээ  болжээ.

Байхгүй зүйлийг бий болгох гэж гаднаас эрснээс байгаагаа өнгөлөн сэргээж ашиглах, хайрлан хамгаалах хэрэгтэйг малчдад ойлгуулж, бэлчээр нутгаа зөв ашиглахын зэрэгцээ амьжиргаагаа дээшлүүлж, малаас авах ашиг шимээ нэмэгдүүлэх оновчтой шийдлүүдийг  НАМЭМ төслийн 17 жилийн турш 18 аймгийн  малчдад хүлээлгэн өгсөн өв дээрх жишээнүүдээс авахуулаад олон билээ. Та бүхэн www.repsonsiblenomads.mn хуудсаар зочлон төслийн үр дүн, үлдээсэн өвүүдийн талаарх мэдээллүүд болох хөдөө аж ахуйн сайн туршлагуудтай танилцах боломжтой.

Э.Саранчимэг

 

Манайх Төв аймгийн нэгэн сумын уугуул айл. Наадмын өмнөхөн хөдөө аавындаа очоод найзууд ирэх болохоор хонь гаргах хэрэгтэйг хэлээд, аавын хонь голын цаана байдаг Даваа ахынд хэвээрээ эсэхийг асуутал ээж “Яах юм бэ. Түр зуур өөр айлаас аваад, дараа нь нөхөж өгье” гэв. Учрыг асуутал Даваа ахынх өвлөөс бусад улиралд нэг л газартаа нутагладаг болоод удаж байгаа, тийм болохоор мал нь таргалахаа байсан, туранхай аж.
Ээжийн ингэж хэлэхийг сонсмогцоо бодож эхэллээ. Гурван улиралд нэг л газартаа суурьшаад байхаар ямаа голдуу мал нь бэлчээрээ талхалдаг тул өвс ногоо олигтой ургахаа байж, мал нь шим тэжээлээр дутагдаж, тарга тэвээрэг авахгүй, мах нь гарц муутай, амт чанар тааруу байдаг байх нь.
Харин голын наана байдаг Сараагийн мал тарган, өнгөлөг. Саяхнаас ханилсан шинэхэн нөхөр нь ажилсаг, малд нүдтэй, бас хайртай гэнэ. Эднийх дөрвөн улиралдаа нүүж, бэлчээр сэлбэдэг. Зуслан, намаржаа, өвөлжөө, хаваржаагаа эгээ л өөрөө хашаа, пүнзэндээ амьдрах гэж буй мэт янзалж, юухныг ч дутуу юмгүй болтол засаж тохижуулдаг байна.

Нэгэн сум, багийн малчин хоёр айл ийм ялгаатай аж төрдөг. Өнгөц харахад ялгаа нь анзаарагдахгүй байж мэднэ. Жаал өнгийж ажваас малын тарга тэвээрэг, чанар, цаад утгаараа амьдрал ахуйгаа хөтөлж байгаа нь, нэг нь бэлчээр доройтуулж байхад, нөгөөх нь тэнцвэрт байдлыг хадгалж, сэргээж байдгаараа ялгаатай.

Уг нь энэ хоёр өрхийн тэргүүн, гэргий нар нь ч малчин удамтай. Мал яаж хариулдгийг, ашиг шимийг нь хэрхэн хүртэхээ ч мэддэг улс. Эдний хүүхэд нас социализмын үед өнгөрсөн бөгөөд аав, ээжийн хамт бүхий л ажлыг хийж ирсэн, сурсан болохоор малын ажилд түүртэх гэж үгүй. Харин өнөө цагт малын гаралтай бүтээгдэхүүн үнэгүйдэж, бүр хог болох шахаж байгаад харамсдаг. Эрхбиш ямааны ноолуур, хонины ноос, үхрийн хөөврийг мөнгө болгодог. Харин малын арьс, ширийг тушаах газар олдохгүй, дэмий өмхийрүүлж орхидогтоо сэтгэл нь өвддөг. Бас говийн бүсээс отроор ирээд буцахаа мэдэхгүй, бүр оршин суучихдаг болсон,  бэлчээр булаацалдах болдог “ирмэл” айлуудад дургүй. Нэг, хоёр удаа “ирмэл” нөхөдтэй бэлчээрээс болж муудалцсан ч удалгүй эвлэрсэн, өөр газруудад гарсан айхтар тохиолдлуудын тухай ч дуулсан.

Даваа ахынх уг нь хонь голдуу малтай байсан юм. Гэтэл сүүлийн арваад жил хонио цөөлсөөр, сүргээ дийлэнхийг нь ямаа болгочихсонд нь нутгийнхан нь таатай ханддаггүй. “Хэзээ монголчууд ямаа давамгай сүрэгтэй байлаа, бүтцээ ингэж эрс өөрчлөх нь нийт малчдад халгаатай, чухамдаа бэлчээрт муу. Танайх хувиа л бодлоо, одоо боль” гэж шаардах нь төвөгтэй. Гээд яалтай, ойролцоо насны хүүхдүүдээ бүгдийг нь дээд сургууль төгсгөхийн тулд эхнэр, нөхөр хоёр сонссон ч, сонсоогүй юм шиг ямаагаа л өсгөсөөр иржээ. Бас болоогүй эднийх мотоциклоор хонио хариулж, үхрээ ч тууж авчирдаг. Сараагийн нөхөр гадуурх ажлаа өөрөө л хийдэг. Хонио мориор хариулж, үхрээ тууж, авчрахдаа ч морь унана.

Даваа ахынхны мал зуны улиралд ч хол бэлчинэ. Өвс, ногооны сайныг хайж оддог. Эднийх заримдаа үхрээ нэлээд холоос мотоциклоор тууж ирэх бөгөөд том дэлэнтэй үнээнүүд хамраа сарталзуулан аахилан уухилсаар хашаа руугаа ирмэгцээ ногооны чацга харвуулж зогсдог юм. Сүүлээ баастай зуурсан үнээ саах хэнд ч хэцүү билээ. Бид мал амьтан ч гэсэн стресстдэг тухай орчин үеийнхэн хэвлэл мэдээллээс мэддэг болжээ. Сараагийнхны мал ийм зовлон үзээгүй байх. Сүүний гарц нь ч сайн болов уу. Тэднийх орой болгон үхрээ мориор тууж авчрахдаа малаа зөнгөөр нь аажуу алхуулдаг тул үнээнүүд нь аажуу тайвнаар хашаа руугаа ордог.

(Зураг Д.Энхтүвшин)

Ойрын хамаатных болон нутгийн, ах дүүгээс ялгаагүй дотно бас нэгэн айл мал, ахуй, бэлчээр, нутаг, бусад малчдад хэрхэн хандаж, яаж амьдардаг талаар дээр цухас зураглав. Энэ сумынхан Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлсэн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөлд хамрагдаагүй ч ийм төсөл байдаг, олон аймаг, суманд хүрч ажилласан гэдэг талаар дуулсан байна лээ. Уг төслийн талаар мэдээлэл, ойлголттой болж буйн хувьд үүнийг тэрлэсэн би энэ хоёр айл төсөлд хамрагдсан ч байсан болоосой, тэгсэн бол харах өнцөг, хандлага нь эрс өөрчлөгдсөн байх байлаа гэж бодсон.

“Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн өгөөж их, үлдэц ч арвин. Бэлээхэн туршлагуудыг шууд хуулбарлан хэрэглэж болохоор ч санагдах. Энэ төслийн талаар мэдэхгүй малчдад мэдээлж, төслийг хүргэвэл сүргийнхээ бүтцэд анхаарч, малынхаа тоо толгойг бэлчээрийнхээ даацад нийцүүлэн тохируулах, бэлчээрийн доройтлоос сэргийлсэн хариуцлагатай үйлдвэрлэл, малын гаралтай хариуцлагатай бүтээгдэхүүнийг дээдлэх үзэлтэй болох сон. Шаардлага өндөртэй өнөөгийн хэрэглэгчдийн сонирхлыг ч мэдэрч, мал маллах арга ухаандаа өөрчлөлт оруулах ч байх.

Орон нутагт бэлчээрийн мал аж ахуй эрхлэх зохистой загвар байдаг талаар мэдэж авч, уг төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлсэн Архангай аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Их Тамир сумын бэлчээр ашиглагчдын холбоо, мөн Бэлчээр ашиглагчдын хэсгүүдийн гээд таниуштай, судалж байгаад нэвтрүүлүүштэй туршлага олон аж.

“Монгол хүн байна даа” гэж үг бий. Даваа ахынх мотициклоор малаа хариулахаа болиосой. Монгол малчин монгол малаа морио унаж хариулдаг байгаасай. Ахмад малчид “Залуус залхуурахдаа, бэл бэнчингээр бие биеэсээ дутахгүй гэдгээ харуулах гэж, бусдыг дуурайж, бас илүү харагдах гэж малаа техникээр хариулдаг болсон. Монголоо алдана гэдэг чинь энэ” гэж ярьж байхыг олонтоо сонссон, үнэн ч болов уу. 2000 оноос өмнө, урд хөршид, Өвөр Монголд зорчихдоо анх удаа малаа мотоциклоор хариулж яваа хүн хараад ихэд гайхаж билээ. Зохисгүй, эвгүй харагдаж байлаа. Гэтэл түүнээс хойш нэг их удалгүй Монгол Улсад ч ингэж эхэлсэн нь өнөө хэр амь бөхтэй байна. Техникээр мал хариулах нь цаг хэмнэдэг байж болох ч бэлчээрийг малаас дутахгүй талхалдгийг бодолцсон ч энэ хэв маягаас татгалзах цаг болжээ.

Нэгэн үе малын хулгай дийлдэхгүй, халширмаар байсан нь үнэн. Тэр үеийг бодвол өдгөө харьцангуй багассан. Дээрх төслийн хүрээнд мал эмнэлгийн нэгдсэн, цахим систем бий болгон нэвтрүүлснээр малын хулгай эрс багассан хэмээн Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэлд дурдсан байсан. Малын хулгай бүрмөсөн устах хүртэл хуулийг чангатгах хэрэгтэй. Тэгэхээр малчид цаашдаа малаа аль болох морио унаж хариулах нөхцөл бүрдэх байх.

Байгаль хамгаалах үүднээс ч, дэлхийд хосгүй нүүдэлчин уламжлалаа хадгалан дээдэлж, улсын нэр нүүр, аялал жуулчлалын бодлогоо бодолцсон ч малчид малаа морио унаж хариулж байх нь онцлог соёлынхоо үнэт зүйлсийн нэгийг хайрлан, хамгаалж, авч үлдэн, сэргээн дэлгэрүүлэх боломж юм. Уг соёлыг сэргээн дэлгэрүүлэхийг төрийн зүгээс бодлогоор дэмжих шаардлага байна.

Мөн төр засгаас арга хэмжээ авахыг хүлээлгүй, төсөлд хамрагдаж, үр шимийг хүртсэн аймаг, сумынхан энэхүү хосгүй соёлоо эргүүлэн сэргээхэд манлайлан оролцож өөрсдийн туршлагаас хуваалцахыг уриалж байна.

Холын аян нэг алхмаас эхэлдэг лүгээ адил мал аж ахуй эрхлэхдээ бэлчээрийг зохистой ашиглах алсын аянд гарахдаа нэг ч гэсэн таагүй зуршлыг халах нь хот, хөдөөний бид бүгдийн амьдралын чанарт тэр хэрээр нэмэр болох буй за.

 

Гурван сая гаруйхан хүн амтай улсын маань мал сүргийн тоо 70 гаруй сая болж, малчид бэлчээрийн даацаас илүү гарсан малаа худалдан борлуулах аргагүй, ашиг шимийг нь авч барахгүй ч буянт малаа тоо толгойгоор нь өсгөсөөр. Бэлчээр нутаг талхлагдан хомсдож, эргэн сэргээгдэх чадавхи буурсаар буй нь нуух аргагүй үнэн билээ. Манай улсын хэмжээнд 2019 оны эцсийн мал тооллогын дүнгээр малын тоо толгой 71 саяд хүрсэн байсан бөгөөд 171.6 мянган малчин өрхийн эзэмшилд нийт малын 89.4 хувь байдаг нь тогтоогдсон. Эдгээр өрхийн 74.5 хувь нь 500 хүртэлх тооны малтай бол 18.5 хувь нь 1000 хүртэл, харин 7.1 хувь нь 1000-аас дээш малтай.

Нэгдэл хэмээх социалист зохион байгуулалтад муугаар хэлбэл хайрцаглагдаж,  сайнаар ярьвал жаргаж байсан малчид ерээд оноос хойш, тодруулбал өмч хувьчлалын дараагаас бие даан мал өсгөх, аж ахуй эрхлэх амаргүй замд орсон бөгөөд туршлагагүй зарим нь 2000, 2001 оны зуднаар байдгаа барчихсан түүх ч бий. Нүдэн дээр болж өнгөрсөн үйл явдал дахин давтагдвал яах вэ, малчид байгалийн гамшгийг хэрхэн давах туулах ёстой юм бэ хэмээн хаана хаанаа бодож эхэлсэн.

Гэхдээ бодсон бүхэн санаснаа хэр ажил хэрэг болгосон эсэхийг мэдэхгүй юм. Лав мал аж ахуй эрхлэгчдэд туслахаар бусдаас түрүүлж хөдөлсөн, удаан хугацааны турш, үр дүн гартал нь тууштай дэмжиж урт хугацааны төсөл хэрэгжүүлсэн байгууллага бол манай улсад үйл ажиллагаа явуулдаг Швейцарын хөгжлийн агентлаг юм.

Малын бэлчээрийг зохистой ашиглаж олон талын үр дүн гаргахыг зөвлөж зорьсон “Ногоон алт”, мөн мал эрүүлжүүлэх зорилго бүхий “Малын эрүүл мэнд” төслийг тус тусад нь хэрэгжүүлж байгаад нэгтгэн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” (НАМЭМ) төсөл болгож, царааг нь өргөжүүлэн хэрэгжүүлээд, өдгөө өндөрлүүлж байна. Уг төслийг хэрэгжүүлсний үр дүнд Бэлчээр ашиглалтын хэсгийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, бэлчээр ашиглалтын гэрээ нэвтрүүлэх замаар бэлчээрийн мал аж ахуй эрхлэх зохистой тогтолцоог орон даяар төлөвшүүлэх боломжтойг нотоллоо. Төслийг санаачлагчид зорьсондоо хүрсэнчлэн малчид ч төслийнхний чиглүүлж зөвлөснөөр малаа эрүүлжүүлэх, дундаа хоршоо хэлбэрийн санхүүгийн байгууллагатай байх гэх зэрэг олон талын мэдлэг эзэмшсэний нэг нь бэлчээрийг хариуцлагатайгаар ашиглаж, үр шимийг нь хүртэх дадал, зуршил юм.

Монголчууд өнө эртнээс нааш мал аж ахуй эрхлэн амьжиргаагаа тэтгэж ирсэн бөгөөд мал маллах ээлжлэх дөрвөн улирал, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулсан уламжлалт арга ухаан, технологитой ч, орчин цагийн амьдралын хүрдэнд алдаж онох, дутуу дулимаг бодох нь байна. Одоогийн малчдын зарим нь удам залгамжилсан, арга, туршлага сайтай байхад нийгмийн шилжилтийн жилүүдэд аргагүй нөхцөл байдлаас хөдөө гарч мал дагаж амьдрах болсон нь ч бий тул холимог болсон гэхээр. Угсаа гарваль, боловсрол, мэдлэг, туршлага адилгүй малчдын аж ахуйдаа хандах нь ч өөр ажгуу. Чухам ийм хүмүүст малаа маллаж, ашиг шимийг нь хүртэж ая тухтай амьдрахын тулд юуны өмнө мал аж ахуй эрхлэх үндсэн, суурь нөхцөл болсон бэлчээрээ зохистой ашиглаж байхыг төслийн зүгээс санал болгож, тусалсан, хөрөнгө ч харамгүй зарцуулсан хэрэг. Дэлхийд хөгжлөөр тэргүүлэгч орон тусламжийн гараа сунгасан нь нүүдэлчин соёл иргэншлийн сүүлчийн голомтын нэг болох Монгол улсад малчид нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа зүй тогтол, горимоор нь зохистой хөгжүүлж, ашгийг нь нийтээрээ хүртэх, магадгүй дэлхийд үлгэрлэхэд түлхэц болсон үр дүн гаргах зорилготой.

Бэлчээр ашиглах талын өвөг дээдсийн минь ухааны улбааг орчин үеийн шаардлагад нийцүүлэн арга, технологи болгон боловсруулсанаа НАМЭМ төсөл малчдад санал болгосон, зөвлөсөн. Дөрвөн улирлын бэлчээрээ гамна, ялангуяа өвөлжөө, хаваржаагаа хайрла, өвөлжөөний бэлчээрийг аль болох эрт чөлөөл, хаваржаандаа түргэн буу, цаад тал нь зургадугаар сарын 10 гэхэд зусландаа гарчихсан бай гэх зэргээр зөвлөдөг. Отроор сайн явж, өвөлжөөндөө аажим ор, тэгвэл нутаг өвстэй байх бөгөөд цаг агаарын хүндрэл, зуд турхныг өнтэй давахад тустай гэхчилэн чиглүүлж ирэв.

Хүн хэлэхээс наашгүй гэдэг. Малчид “Үнэхээр нэг нутагт удаан байхаар бэлчээрээ талхалдаг. Малын тоо толгой хэтрэх нь маллахад төвөгтэйн зэрэгцээ бэлчээрийн даац хэтрээд, эцэст нь мал идэш тэжээлийн хомсдолд орох аюултай. Нэг малын идэх өвсийг хэд хэдэн мал идэхээр ямар тэжээл болох билээ” хэмээн бодож, ярилцаж эхэлсэн бөгөөд ингэснээр төслийнхний санал, санаачилгыг хүлээн авч, хэсэг бүлгээрээ төслийн оролцогч болж эхлэн дөрвөн улиралд залхууралгүй нүүдэг болсны сацуу өнжөөх, амраах замаар бэлчээрээ сайжруулдаг болсон нь гол амжилт юм. Төслийн гэрээт байгууллага Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь аймаг, сумдын удирдлага, Бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран 18 аймгийн 184 суманд 91,991 малчин өрхийг 1575 Бэлчээр ашиглагчдын хэсгийн зохион байгуулалтад оруулж, 62,1 сая га бэлчээрийг зүй зохистой ашиглаж, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлжээ. Энэ хүрээнд 50.2 сая га бэлчээрийг ашиглах, хамгаалах гэрээг сумын Засаг даргатай байгуулж үүрэг хүлээн ажиллаж байгаа нь нийт бэлчээр нутгийн 40 орчим хувийг хамарч байна. Бэлчээр хамгаалах, сайжруулах зорилтын хүрээнд малчид улирлын нүүдлийн хуваариа бүрэн мөрдөж, бэлчээрийг малын хөлөөс чөлөөлж, сэлгэж, амраах, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зэрэг олон төрлийн арга хэмжээ авсны үр дүнд сүүлийн 4 жилийн хугацаанд 40 гаруй сая га бэлчээрийг соргог түвшнээс нь бууруулалгүй хадгалж, 20 сая га орчим бэлчээрийг сэргээн сайжруулсан байна.

Бэлчээрийг зохистой ашиглахгүй, жилийн хоёр, гурван улиралд мөлжөөд, талхлаад байх юм бол  мал давжаарч, тарга хүч авахаа байх, тэр хэрээр ашиг шимийг нь бүрэн бүтэн авч чадахгүйд хүрдэг. Тийм учраас малаа цөөлж, ашиг шим илүү өгөх цөөн тооны малтай байх нь ажиллагаа багатай бөгөөд ядаж долоо хоног ч болов амрах завтайгаар аж төрөх нөхцөл бүрдэнэ. Бэлчээрийг зохистой ашиглахын нийгэм, эдийн засгийн ач холбогдлын зах зух энэ бөгөөд малчид хэдийнэ ашиг сайтай цөөн малтай байхыг эрмэлзэх болсон. Гагцхүү одоогийн байдлаар хотондоо буй олон малын заримыг хэрхэн худалдан борлуулахаа мэдэхгүй байгаа юм.

Швейцарын хөгжлийн агентлагаас “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслөө өндөрлүүлж байна. Олон жилийн турш хэрэгжүүлсэн төслийн үр дүн, үлдэх өв, ирээдүйд хүрэх үр дүнгийн талаарх мэдээллээ хамтран ажилласан байгууллагууд, салбарын яам, Засгийн газарт хүлээлгэн өгч буй.

Энд зөвхөн бэлчээрийн зохистой хэрэглээ, хариуцлагатай ашиглалтын тухай сэдвийг цухас хөндлөө. Бэлчээр ашиглалтын хэсэг, малчдын бүлэг гэх зэрэг нэгжүүдийн хүрээнд малын бэлчээрээ зохистой ашиглах ухаанд суралцсан малчид ололтоо бэхжүүлээсэй. “Төсөл хэрэгжихээ больсон юм чинь” гээд бүү орхичихоосой. Бэлчээрээ цаашид хариуцлагатай ашиглаж, үр дүнг нь хүртэж амьдраасай.

 

 

Хориод жилийн өмнө Монгол оронд минь нүүрлэсэн зудын их гамшгийн үеэр малчдад өгөөмөр гараа сунгасан Швейцарын хөгжлийн агентлаг зөвхөн нэг удаагийн тусламж үзүүлээд орхисонгүй. 2005 оноос эхлэн Монголын уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг байгальд ээлтэй, малчдадаа ашигтай, улс орны эдийн засагт нөөлөгтэй байх ирээдүйн хөгжлийн гарц болох төсөл эхлүүлсэн нь “Ногоон алт – Малын эрүүл мэнд” билээ.

Бэлчээрийн мал аж ахуй, нүүдэлчин соёлын амин сүнс нь мал сүрэг тааваараа идээшлэх тал нутгийн соргог бэлчээр юм. Гэхдээ байгалийн энэхүү нөөцөө ухаалаг, зохистой ашиглан, сэргээн хамгаалахад судалгаа, зохион байгуулалтын бодлого, төлөвлөлт, хамтын хүчин чармайлт хэрэгтэй. Энэ бүхнийг өнгөрсөн 17 жилийн хугацаанд “Ногоон алт – Малын эрүүл мэнд” төслийн баг хамт олон бэлчээрийн доройтлын үндсэн шалтгааныг тодорхойлох мониторингийн судалгаа, бэлчээрийг хариуцлагатайгаар ашиглах менежмент, иргэд малчид хамтран дэлхийн жишиг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжоор хангах үндэсний хэмжээний сүлжээг бий болгохыг зорин ажилласаар өдгөө олон амжилттай сайн туршлагуудыг бий болгожээ. Энэхүү үр дүн, сайн туршлагуудыг хадгалан цаашид улам хөгжүүлэн ажиллах эрхэм үүргийг Монгол Улсад хүлээлгэн өгч, төслийн хаалтыг 2021/9/10-ны өдөр цахимаар хийлээ. Үйл ажиллагааг www.responsiblenomads.mn -с цахимаар одоо ч үзэх боломжтой юм байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн төслийн хаалтын үйл ажиллагаанд оролцон онцлон хэлэхдээ:

“Цаашдаа бид бүхэн тэр дундаа, төр Засгийн зүгээс “Ногоон алт Малын эрүүл мэнд” төслийн олон жилийн хугацаанд, Монгол Улсад бий болгосон арвин их туршлага, сургамж, бүтэц, чадавхыг алдахгүйгээр улам цааш бэхжүүлэх, хөгжүүлэх, хийж амжаагүй зүйлсийг нь үргэлжлүүлэн хөгжүүлэх шаардлагатайг чухалчлан энд хэлье… Тэр дундаа энэ төсөл Мал аж ахуйн салбарын хамгийн гол хүчин зүйл болсон Бэлчээр хамгаалах асуудлаар төр, засаг бидний олон жил хэлэхийг хүсээгүй бодит үнэн, хэрэгжүүлэхийг хүсээгүй тэр шийдлийг хамгийн чангаар дуугарч байсанд талархах ёстой.”  хэмээсэн нь төр засгийн хэмжээнд хийх ёстой ч хийж чадаагүй олон чухал асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаа, арга замуудыг бидэнд бүтээж өгсөнийг онцолжээ.

Төслийн хүрээнд Геодези газар зүйн алба болон Цаг уур орчны шинжилгээний газрууд Монгол орныхоо бүх бэлчээрийг оношлох арга зүйтэй боллоо. Иргэд малчид нь хоршоолон орон нутгийнхаа Бэлчээр ашиглагчдын холбоонд нэгдэн хамтдаа соргог бэлчээрээ хадгалдаг, хамгаалдаг, доройтсоноо сэргээж нутаг орондоо жинхэнэ эзний ёсоор аж төрөн тооноос илүү чанартай мал аж ахуйгаа хөтлөн явуулах хэрэгтэй гэдгээ ойлгодог боллоо.

Мал эмнэлгийн байгууллагууд нь дэлхийн жишиг стандартаар малыг эрүүл мэндийн нэгдсэн цахим сантай болж иргэд, малчдыг малын эрүүл мэндийн талаар зохих мэдлэг мэдээллээр хангаж малын гаралтай бүтээгдэхүүний найдвартай байдал, эцсийн бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулах чадамжтай боллоо.

2018 оноос эхлэн  тодорхой стандарт шалгуур бүхий “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай бүтээгдэхүүний мөшгөх системд бүртгэгдсэн чанартай, гарал үүслийн баталгаатай эцсийн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлж цаашлаад дэлхийн тавцанд трэнд болоод буй онгон байгаль, цэвэр экологийн гаралтай Монгол нэрийн бүтээгдэхүүнийг  нийлүүлж эхэлснээр малчдын ажлын бүтээмж, амьдралын чанар, орлого дээшлэх нөхцөл бүрдлээ.

Хэдийгээр төслийн үйл ажиллагаа зогссон ч бидэнд өв болгон үлдээж буй энэхүү цогц системийг цаашид тогтвортой үргэлжлүүлж, хэрхэн үр дүнтэй ашиглах нь гагцхүү Монголчууд бидний үүрэг хариуцлага болон үлдэж байна. Төрийн эрхэм зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, мал аж ахуйн бизнес эрхлэгчид, малчид болон энгийн хэрэглэгч хэн бүхэн цаашид ч төслөөс үлдээсэн өвүүдийг улам бүр баяжуулан сайжруулж өөрсдийн ахуй амьдрал, эдийн засагтаа тус нэмэр болохоор ашиглана гэдэгт ч төслийн багийнхан ч итгэлтэй байгаа билээ.

 

М.Энхчимэг