Ирээдүйд бэлтгэх-Энтерпрайз хөтөлбөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум болон Баянхонгор аймгийн Галуут суманд амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.
Боловсролын Санаачилгууд ТББ-ын хэрэгжүүлдэг Энтерпрайз 30 хөтөлбөр нь Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум болон Баянхонгор аймгийн Галуут сумын ерөнхий боловсролын сургуулиудад амжилттай хэрэгжиж, үр дүнтэйгээр өндөрлөлөө.
Энэхүү хөтөлбөр нь сурагчдыг төслийн аргаар суралцах, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, манлайлах зэрэг 21-р зуунд шаардлагатай ур чадварыг олгох зорилготой. Хөтөлбөрт хамрагдсан сурагчид 5,5 багт хуваагдан өөрийн сургууль болон орон нутгийн орчинд тулгарч буй бодит асуудлыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх бүтээлч төсөл хэрэгжүүлсэн юм.
Төслийн явцад сурагчид төслийн менежментийн үндсэн ойлголт болох зорилго тодорхойлох, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх шат бүрийг бодит туршлага дээр суурилан эзэмшсэн нь тэдний хувьд чухал сургалт, хөгжил болж чадсан юм. Сурагчид зөвхөн ур чадвар эзэмшээд зогсохгүй өөртөө итгэх итгэл, багаар ажиллах, манлайлах чадвараа ахиулсан нь хөтөлбөрийн гол үр дүн байлаа.
Хөтөлбөрийн хаалтын арга хэмжээний үеэр хөтөлбөрт хамрагдсан бүх багш, сурагчдад гэрчилгээ, мөн цаашид бие даан төслөөр суралцах, санаачилга хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болох “Ирээдүйд бэлдэцгээе” номыг гардуулсан.
Түүнчлэн Галуут суманд хэрэгжсэн хөтөлбөрийн хүрээнд таван багийн дунд шилдэг төслийн уралдаан зохион байгуулж,
-
1-р байранд “Ногоон билэг” баг
-
2-р байранд “Out of the box” баг тус тус шалгарч багуудад мөнгөн шагнал болон батламжыг гардууллаа.
Энэхүү хөтөлбөрийн үр дүнд оролцогч сурагчид Энтерпрайз аргачлалыг ашиглан цаашид ч бие даан төсөл хэрэгжүүлэх, үе тэнгийнхэндээ чиглүүлэгч багш болж сургуулийнхаа орчинд хичээлээс гадуурх үйл ажиллагаа зохион байгуулах бүрэн чадамжтай болсон юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Facebook
И-мэйл: info@educated.mn
Холбоо барих: 7755 7071