Асуудалд суурилсан сургалт: Сурагчдыг ирээдүйд бэлтгэх арга

Хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил нь мэдлэг дамжуулах уламжлалт ойлголтыг өөрчилж байна. Хэрэв мэдээлэл, тооцоолол, гүйцэтгэл автоматжиж байгаа бол боловсролын үнэт зүйл юунд төвлөрөх ёстой вэ? Сурагчдыг ямар ур чадвартай болгож бэлтгэх вэ? гэдэг асуудал ийнхүү гарч ирж байна.

Судалгаа болон бодит туршлагаас авч үзэхэд сурагчдад харилцаа, хамтын ажиллагаа, шүүмжлэлт сэтгэлгээ гэсэн суурь ур чадварууд зайлшгүй хэрэгтэй. Эдгээр ур чадварыг бодитоор хөгжүүлэх хамгийн үр дүнтэй арга бол асуудалд суурилсан сургалт юм.

Асуудалд суурилсан сургалт гэж юу вэ?

Асуудалд суурилсан сургалт гэдэг нь сурагчид өөрсдийн эргэн тойронд тулгамдаж буй бодит, шийдэж болохуйц асуудлыг сонгон авч, тэрхүү асуудлаа ойлгох, судлах, боломжит шийдэл боловсруулах, турших, эргэн дүгнэх зэрэгт суралцах үйл явц юм.

“Үүнд хамгийн чухал зүйл нь асуудлыг заавал бүрэн шийдэж дуусгах биш, харин шийдэл хайх явцдаа суралцах юм. Өөрөөр хэлбэл, төсөл нь илүү суралцах үйл явцад ашиглагдах хэрэгсэл болдог.”

Яагаад “бодит” асуудал чухал вэ?

Асуудалд суурилсан сургалтын амжилт нь тухайн асуудал бодит амьдралтай хэр зэрэг холбоотой вэ? гэдгээс ихээхэн хамаарна. Сурагчид зөвхөн онолын түвшинд аливаа зүйлийг хийж гүйцэтгэхэд бодит саадтай тулгардаггүй. Харин бодит асуудал дээр ажиллах үед сурагчид:

  • Мэдээлэл дутмаг байх,
  • Нөөц боломж хязгаарлагдах,
  • Хүний байр суурь, сонирхол зөрөх,
  • Санаа нь амжилтгүй болох зэрэг жинхэнэ “бэрхшээл”-тэй тулгардаг. Яг энэ саад дунд л суралцах жинхэнэ үйл явц өрнөдөг.

AI олон зүйлийг оновчтой, хурдан хийж чадна. Гэхдээ сургуулийн бодлого, орон нутгийн нөхцөл, хүний харилцаа, соёлын ялгааг бүрэн ойлгож чадахгүй. Тиймээс сурагчид өөрсдөө туршиж, бүтэлгүйтэж, дахин оролдох орон зай зайлшгүй хэрэгтэй.

Шүүмжлэлт сэтгэлгээ ба уян хатан байдал:

Асуудалд суурилсан сургалт нь сурагчдыг шинэ мэдээлэлтэй тулгарахад бодлоо өөрчилж сурах, нөхцөл байдалд дасан зохицох чадваруудад сургадаг. Энэ бол шүүмжлэлт сэтгэлгээний гол мөн чанар юм. AI улам их мэдээлэл өгдөг болсон энэ үед, мэдээллийг шууд хүлээн авах бус, шүүн тунгааж, дүгнэлт хийх чадвар урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна. Асуудалд суурилсан сургалт нь энэ чадварыг бодитоор хөгжүүлэх орон зайг бий болгодог.

Хамтын ажиллагаа: Зааж, дадлагажуулах чадвар:

Асуудалд суурилсан сургалт нь сурагчдыг зүгээр нэг баг болгон хуваахаас илүүг шаарддаг. Шийдвэр гаргах, санал зөрөлдөөнийг зохицуулах, багийн доторх үүргийг тодорхойлох зэрэг чадваруудыг системтэйгээр зааж, дадлагажуулах шаардлагатай. Ингэснээр сурагчид бие биеийнхээ давуу талыг таньж, өөрөөсөө ялгаатай хүмүүстэй хамтран ажиллах дадалд суралцдаг. Энэ бол AI орлож чадахгүй хүний үндсэн чадваруудын нэг юм.

Харилцаа ба бодит эргэх холбоо:

Асуудалд суурилсан сургалтын нэг чухал хэсэг бол сурагчид өөрсдийн санаа, шийдлийг хүмүүсийн өмнө бодитоор танилцуулах явдал юм. Мэргэжилтнүүд, оролцогч талуудын өгсөн санал, шүүмж нь төслийг дуусгах биш, харин суралцах дараагийн шат болдог.

Дүгнэлт:

Асуудалд суурилсан сургалт нь сурагчдыг ирээдүйд бэлтгэх ид шидийн арга биш юм. Гэхдээ бодит амьдралын асуудал, саад бэрхшээлийг туулах орон зайг олгож чадвал, AI эрин үед хамгийн хэрэгцээтэй ур чадваруудыг хөгжүүлэх бодитой, үр дүнтэй арга юм. Цаг үе хурдтай хувьсан өөрчлөгдөж буй энэ үед сурагчдад зөв хариуг цээжлүүлэх бус, харин асуулт тавьж, шийдэл хайж, хамтран ажиллаж сурах боломж олгох нь боловсролын хамгийн чухал зорилго болж байна.

 

Эх сурвалж: https://www.edutopia.org/article/problem-based-learning-ai


Манай энтерпрайз аргачлалаар хүүхдээ хөгжүүлэхийг хүссэн эцэг эхчүүдийн хүсэлтийн дагуу энэ удаад бид 10–12 насны хүүхдүүдэд зориулсан төслийн сэтгэлгээ, төлөвлөгөө гаргах, мөн төлөвлөсөн ажлуудаа тууштай биелүүлж чаддаг хүн болоход шаардлагатай цогц мэдлэг, ур чадварыг энгийн, сонирхолтой аргачлалаар заах 3 удаагийн сургалтын хөтөлбөрийг зарлаж байна.
Бүртгэлээ баталгаажуулах:
Хаан банк
📌 250005005176606219 (Боловсролын Санаачилгууд ТББ)
💰 Төлбөр: 120,000₮
📩 Төлбөрийн баримтаа чатаар илгээнэ үү.
📞 Нэмэлт мэдээлэл авах:
Чатаар болон утсаар холбогдох боломжтой.
Утас: 95077178, 77557071