Нийт бэлчээр нутгийн маань 30 хувь 3-10 жилийн дараа дахин хэзээ ч сэргэхгүйгээр цөлжих аюулд орсон байна.
Улсын үндэс ГАЗАР гэж өвөг Модун маань бидэнд маш тодорхой захиж үлдээсэн байдаг. Үржил шимтэй газар нутагт амьдрал бялхаж, хуурай цөлөөс хүн байтугай амьтан ч дайждагийг бид хүн төрөлхтний түүхээс тодхон хардаг. Тэгвэл Монгол орны маань үржил шимт, унаган дагшин байгаль маань жилээс жилд хумигдан жижгэрч, эсрэгээр нь цөлжилт нэмэгдсээр байгааг та мэдсэн үү? Тодруулбал, Монгол Улс сүүлийн 30 жилд нийт бэлчээр нутгийнхаа 25 хувийг цөл болгосныг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс онцолжээ. Энэ мэтээр олон нийт бэлчээр нутгийн талхлалтыг мэдсэн ч мэдээгүй мэт “хэн нэгэн нь санаа тавьж байгаа байлгүй дээ” гээд ямар нэг арга хэмжээ авалгүй орхивол 3-10 жилийн дараа бэлчээр нутгийн маань 30 гаруй хувь нь нөхөн сэргээгдэхгүй цөлжинө гэж мэргэжилтнүүд тогтоожээ.
Дээр дурдсан тоо баримт бүх Монголчуудад эмзэглэл төрүүлсэн гэдэгт итгэж байна. Ашиглах болохоороо бүгд л миний газар нутаг гэдэг ч арчлах болохоор эзэнгүй болчихдог бэлчээр нутгаа хайрлан хамгаалж, үржил шимтэй байдлыг нь хадгалан, үр хойчдоо дамжуулах нь зөвхөн малчдын санаа зовох асуудал биш.
Одоо л эх орон, газар нутгийнхаа төлөө жинхэнэ эзэд шиг зан гаргаж биднээс аврал эрэн чимээгүй мөхөж буй бэлчээр нутгаа хэрхэн хамгаалах, цаашлаад нөхөн сэргээх тал дээр хамтдаа хичээж, харилцан мэдлэгээ хуваалцаж, ажил хэрэг болгоцгооё.

Бэлчээрийн нөхөн сэргээлтийн талаар сүүлийн 17 жилийн турш Монголын малчид болон орон нутгийн удирдлагыг дэмжин, чадавхжуулж, мэдлэгжүүлэн ажилласан Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон Алт – Малын Эрүүл Мэнд” төслийн үр дүнг танилцуулах онлайн арга хэмжээг 2021/08/02-2021/08/10-ны хооронд зохион байгуулагдах ба www.responsiblemongolia.mn цахим хуудсаар болон https://www.facebook.com/mongolgreengold фэйсбүүк хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэйгээр дамжуулах юм. Энэхүү төсөл нь Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Ховд болон Увс аймгуудад хэрэгжсэн бөгөөд 62,000 малчин өрхийг удирдлага зохион байгуулалтад оруулж 5 сая га бэлчээрийг нөхөн сэргээж чадсан сайн туршлагуудаа хуваалцах болно.
Иймд экологийн тэнцвэрт байдал, уламжлал соёл, эрүүл оршихуй гээд бидний амьдралын бүхий л талбарт нөлөөлж буй бэлчээрийн асуудал болон түүнийг шийдвэрлэж болох шийдлүүдийн талаар арвин мэдлэгтэй болох боломжоо бүү алдаарай. Мэдлэгтэй хүн хүчтэй байдаг учир нь тэд зөв шийдвэр гаргадаг гэдэгчлэн бүгдээрээ амьдралд тулгарсан бодит асуудлын талаарх мэдлэгээ өсгөж цаашдын оршихуйгаа хамгаалцгаая.


