НИЙГМИЙН СУДАЛГААНЫ ШИНЭЛЭГ АРГУУД

“New Normal” буюу “шинэ эгэл”-д дасан зохицоод зогсохгүй, шинэ эгэлтэй хамт ирж буй эргэлт, шинэчлэлт, өөрчлөлт, ирээдүйд бэлтгэхэд тустай арга, аргачлалуудыг хуваалцах, бодит кейсүүдийг дүгнэн шинжлэх EducatedTalks контентын эхний сэдэв “Нийгмийн судалгааны шинэлэг аргууд”, зочид маань IRIM судалгааны хүрээлэнгийн зөвлөх А.Долгион, Стратеги академийн захирал Б.Болорсайхан нар байлаа. 

Бид нийгмийн судалгааны (цаашид “судалгаа” гэх)

  1. Зорилго, үндсэн төрлүүд
  2. Нэвтэрч буй шинэ арга, аргачлал, чиг хандлагууд
  3. Коммуникацийг хэрхэн үр дүнтэй хийх талаар ярилцлаа.

 

1. Амьдралын зорилгоо тодорхойлоогүй урсгалаараа олон жил явсныхаа дараа гэнэт зогтусч би чинь хэн билээ, би чинь яах гэж амьдарч байгаа билээ гэдэг асуултыг өөрсөддөө тавих тохиолдол хувь хүмүүст цөөнгүй тохиолддог шиг судалгааны зорилгоо оновчтой тодорхойлоогүйгээс болж үр дүнгүй зардал гаргаж, цаг хугацаагаа алдах тохиолдол байгууллагуудад цөөнгүй тохиолддог.

Тэгэхээр аливаа судалгааг хийхээс өмнө тухайн судалгааг хийх болсон шалтгаан, судалгаагаар тодруулах гэсэн асуудлууд, эсвэл тодорхойлох гэсэн амжилтын жор, хамрах хүрээ, үргэлжлэх хугацаа, оролцогч талууд зэргээ аль болох нарийвчлан гаргах нь аливаа судалгааны өмнөх бэлтгэл ажил болдог. Эдгээр бүрдлүүдийг А.Долгион зочин маань судалгааны систем хэмээн томъёолсон. Судалгааны систем хэр нарийн тодорхойлогдсон байна, төдий чинээгээр судалгааны үр дүн нэмэгдэх боломжтой. 

Б.Болорсайхан зочин маань харин судалгааг ерөнхийд нь суурь болон хэрэглээний судалгаа хэмээн хоёр ангилж үзвэл суурь судалгааг хийх систем цогц, түүнийг тодорхойлох нь өөрөө тусдаа судалгаа байж болохуйц байдаг. Харин хэрэглээний судалгааг заавал мэргэжлийн социологид, эрдэмтэн профессорууд оролцох шаардлагагүйгээр өөрсдийн амьдралаа илүү хялбар, бусадтай харилцах харилцаагаа илүү сайжруулах сонирхолтой байгаа ямар ч нийгмийн бүлэг судалгааны энгийн арга зүйг ашиглаад хийх боломжтой талаар сонирхолтой кейсүүдээр баяжуулан тайлбарласан. 

2. Судалгаагаа хийхийн өмнөх бэлтгэл ажлаа хангасны дараа судалгааны явцад олж авах гол зүйл бол чанартай дата буюу өгөгдөл цуглуулах билээ. Сүүлийн үед дата цуглуулах шинэлэг арга, аргачлалууд олноор гарч ирж бөгөөд тэдний дийлэнх нь хиймэл дагуул, дрон, дижитал эх сурвалжууд зэрэг техник, технологийн дэвшлийг ашиглаж байна. Түүнчлэн датаг КОВИД 19 цар тахлаас өмнө голдуу биечлэн цуглуулах хандлагатай байдаг байсан бол шинэ эгэлд биечлэн, цахимаар, утсаар, цаасаар, хөдөлгөөнт төхөөрөмжөөр зэрэг олон сувгаар цуглуулах аргачлалууд хөгжиж байна. А.Долгион зочин маань дээрх сувгууд бүгд өөр, өөрсдийн давуу болон сул талуудтай учир аль болох давуу, сул талуудыг нь нөхөж холимог сувгаар цуглуулах нь сайшаалтай гэдгийг онцолсон. 

Цуглуулсан датагаа боловсруулахад ч технологийн дэвшлийг өргөнөөр ашиглах болсон. Боловсруулсан үр дүнгээ зорилтот бүлэгт, олон нийтэд хүргэхдээ ч дан текстээр биш төрөл бүрийн диаграм, инфографик зэрэг сонирхолтой, ойлгомжтой дүрслэлүүдийг ашиглах нь илүү үр дүнтэй билээ.

3. Маш олон судалгаа өөр өөр асуудлууд эсвэл амжилтуудыг судалж, уг үндэс, учир шалтгаануудыг нь тодруулахыг зорьдог. Гэтэл харамсалтай нь тэдгээр судалгааны үр дүнтэй танилцаж буй шийдвэр гаргагчид, бодлого тодорхойлогчид, эсвэл олон нийт төдийлэн сайн ойлгохгүй эсвэл ойшоохгүй өнгөрдөг нь нууц биш. Үүнийг нэг талаараа судалгааны ач холбогдлыг дутуу үнэлж байна хэмээн “хэрэглэгч” талыг буруутгаж болох ч нөгөө талаараа “нийлүүлэгч” тал маань хийсэн ажлаа, судалгааныхаа үр дүнг зорилтот бүлгүүдэд хүргэхдээ коммуникацийн илүү үр дүнтэй аргуудыг ашиглах шаардлагатай байгааг бид дуу нэгтэй хүлээн зөвшөөрөв.   

Б.Болорсайхан зочин маань судалгааны үр дүнг судалгаанд хамрагдсан нийгмийн бүлгүүдэд, ялангуяа, эргээд хүргэж мэдэгдэж байх нь тухайн нийгмийн бүлгүүдэд сонирхолтой байгаад зогсохгүй өөрсдөө нийгмийн харилцаа, асуудлууд, амжилтуудын цаад учир шалтгааныг тодруулахад хувь нэмрээ оруулсан гэдгээ мэдэрч, судалгаанд өгөх ач холбогдлыг нь нэмэгдүүлэх давуу талтайг мөн онцолсон.

Хэрвээ та энэхүү нэг нүүр нийтлэлээс маань өөрт хэрэгтэй #Tools4Growth буюу арга, аргачлалуудтай танилцаж чадсан бол нэг цагийн ярилцлагаас маань цогц мэдлэг, сонирхолтой мэдээллийг олж авна гэдэгт итгэж байна. 

ЯРИЛЦЛАГЫГ БҮТНЭЭР НЬ ҮЗЭХ: