ДЭЛХИЙН ХЭЛЭНД ЗАЙЛШГҮЙ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ 16 ҮГС
Хэдэн жилийн өмнө нэг нөхөр Монгол улсыг “Minegolia” гэдэг, Хятад эдийн засгийн глобалчлалын бодлогынхоо хүрээнд 10-20 жилийн дотор л энэ улсыг худалдаад авчихна гэж мэдэгдээд олон Монголчуудын эгдүүцлийг хүргэж байсан. Энэ нөхрийг Parag Khanna гэдэг ба олон улсад нэр хүнд нь хурдацтай өсч буй олон улсын харилцааны эксперт, геополитикийн стратегич хүн юм байна. Тэрбээр судалгааныхаа үр дүнг бусдын сонирхлыг татахуйцаар танилцуулахдаа гаргууд санагдлаа. Жишээ болгож саяхан нийтлүүлсэн, дэлхийн иргэд үгийн сандаа зайлшгүй нэмэх шаардлагатай гэж буй 16 үгийн тайлбарыг нь хуваалцая. Эдгээр үгийг 3 бүлэгт хувааж болмоор юм. 1-т. Технологи, 2-т. Дипломат ёс, 3-т. Мега хотууд.
1. Технологи: Энэ бүлэгт хамаарах үгсээс надад хамгийн сонирхолтой санагдсан нь Technology Quotient /TQ/ байв. Нилээд хэдэн жилийн өмнө Ц.Дэмбэрэл гуай Intelligence Quotient /IQ/ буюу оюуны итгэлцүүрийн талаар манайд танилцуулж, түүний ач холбогдлыг ойлгуулснаас хойш энэ тухай хүн бүхэн мэддэг болсон. Сүүлийн жилүүдэд Emotional Quotient /EQ/ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг хүний ажил, амьдралд IQ-ээс илүү чухал хэмээн олон улсад ярьж, бичих болсон. Харин Parag Khanna IQ, EQ-ээс гадна TQ буюу технологийн талаарх мэдлэг, түүнийг хэрэглэх чадварыг үнэлэх шаардлага ойрын ирээдүйд бий болно гэжээ.
2. Дипломат ёс: Энэ нийтлэлээс нь гадна, түүний De Facto нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг нь үзсэний дараа шинээр хэрэглээнд оруулахыг санал болгож буй “multi-alignment” буюу олон талт харилцаа хэмээх ойлголт нь Монгол улсын тухайд “олон хөршийн бодлого” гэж буулгаж болохоор санагдав. Манайх гуравдагч хөршийн бодлого гээчийг хэрэгжүүлээд АНУ, Япон, Турк зэрэг орнуудыг гуравдагч хөршөө хэмээн тусгайлан харилцах болсон. Гэтэл эдгээр улс нь бид хүссэн ч эс хүссэн ч мөнхийн 2 хөрш маань байх БНХАУ, ОХУ нарын төдийлэн үзэл бодол таардаггүй улсууд байх. Энэ мэт шалтгааны улмаас улам хурдацтай глобалчлагдаж буй өнөө цагт Parag Khanna-ийн санал болгож байгаачлан “олон хөршийн бодлого”-той байх нь илүү онох мэт.
3. Мега хотууд: Тэрбээр нэгэн TED илтгэлдээ дэлхийн нийт эдийн засгийн эргэлтийн 90% нь New York, London, Shanghai, Singapore зэрэг 40-хөн мега хотын хооронд хийгдэж байна гэж. Эдгээр мега хотууд хоорондоо дипломат харилцаа /diplomacity/ тогтоож, глобалчлалыг утгаар нь хөгжүүлж байгаа зэргээс хамааран Pax Urbanica буюу Их хотын иргэд хэмээх шинэ нэр томъёог дэлгэрүүлэх нь зүйтэй гэжээ. Энэ чинь харин Монгол хэлэнд аль хэдийн нэвтэрсэн хэллэг байна шүү.
Parag Khanna-гийн нийтлэлийг өөрийнхөөрөө хураангуйллаа. Та бүхэн бүтнээр нь уншаад, өөрийн санал бодлоо хуваалцаарай.
Эх сурвалж: http://www.techinsider.io/words-describing-humanitys-future-that-english-needs-2016-5