“Experience” эдийн засаг гэж юу вэ?
1990-ээд оны сүүлээр эдийн засагч Жозеф Пайн II “туршлагын эдийн засаг” (experience economy) гэх нэр томъёог дэлгэрүүлсэн. Ижил нэрээр хэвлүүлсэн номондоо Ж.Пайн бизнесүүд өрсөлдөгчдөөсөө ялгарахын тулд үйлчлүүлэгчдэдээ өвөрмөц туршлагаар дамжуулан мэдрэмжийг бий болгоход анхаарлаа хандуулах ёстойг зөвлөсөн.
Хүмүүс зүгээр л бараа бүтээгдэхүүн худалдаж авснаар сэтгэл ханамжтай байхаа больсон, харин туршлага, цаашлаад мэдрэмжийг худалдан авахыг хүсч байна.
Өнөөдөр энэ ойлголт нь урьд урьдынхаас илүү бодитой хэрэгжиж байна. Хэрэглэгчид өөрт нь таатай, мартагдашгүй туршлагыг өгөх боломжтой компаниудыг эрж хайх болов. Өнөөгийн өрсөлдөөнт зах зээлд амжилттай байя гэвэл үйлчлүүлэгчддээ тааламжтай туршлагыг мэдрүүлэхэд анхаарах нь зайлшгүй хэрэгтэй болоод байна.
Тааламжтай туршлагыг мэдрүүлэх олон арга зам бий боловч томоохон брэндүүд кофе шоп, кафе нээх нь хамгийн оновчтой арга гэж харж байна. Туршлагын эдийн засагт цар тахал асар их сөрөг нөлөө үзүүлж, үндсэндээ энэ салбарыг устгасан боловч цар тахлын дараа хүмүүс туршлагыг дахин мэдрэхийг хүссэн. Түүний хамгийн бодит илрэл нь кафегаас брэндийн туршлагыг мэдрэх юм.
Тийм учраас Uniqlo, Coach, Louis Vuitton, Dior зэрэг олон брэнд биет дэлгүүрүүд дээрээ кофе шоп, кафе уралдан нээж байна. Хувцасны Ralph Lauren брэнд АНУ болон Лондон, Барселона, Хонг Конг, Сингапур зэрэг хотод 40 гаруй дэлгүүрийн кофе шоптой. Uniqlo брэндийн тухайд анхны кафегаа 2021 онд Токио хотод нээж байсан бол АНУ-д анхны кафегаа Нью Йорк хотноо нээж, улмаар дэлхий даяар 9 газарт кафе ажиллуулж байна.

Энэ чиг хандлага зөвхөн хувцасны брэндээр хязгаарлагдахгүй, банк зэрэг жижиглэнгийн уламжлалт бус худалдаачид хүртэл кафены концепцыг туршиж байна. Өнөөдөр жижиглэн худалдааны газрууд онлайн худалдаатай өрсөлдөж байгаа учраас кафены үйлчилгээ санал болгох нь худалдан авагчдад зөвхөн бүтээгдэхүүн худалдаж авахаас гадна дэлгүүрт илүү удаан байх, брэндийн орчноос тааламжтай туршлагыг мэдрэх шалтгаан болдог. Кафе нь хүний таван мэдрэхүйг идэвхжүүлж, гайхалтай бөгөөд мартагдашгүй туршлагыг бий болгоод зогсохгүй брэндэд үнэнч байх байдлыг нэмэгдүүлэхэд талтай.
Дэлгүүр дотроо кофе шоп байх нь цахим контентийг бүтээж өгдөг. Кафены үйлчлүүлэгчид зургаа авч, цахимаар хуваалцаж байгаа нь брэндийн харагдах байдлыг органикаар нэмэгдүүлдэг. Ингэж бий болгосон дурсамж нь дэлгүүрээс гарч явсны дараа ч гэсэн үйлчлүүлэгчдэд удаан хугацааны үргэлжлэх, сэтгэлзүй хэлхээ холбоо тогтоох боломжийг олгодог.
Дэлгүүрийн доторх кафе нь дэлгүүрийг зорих хүний урсгалыг нэмэгдүүлэх, дэлгүүрт байх хугацааг уртасгах замаар борлуулалтыг нийтэд нь мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг сайн тал бий. Жишээлбэл, Uniqlo брэндийн тухайд, Америкийн зах зээлд амжилт олж, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд (Uniqlo-ийн Хойд Америкийн зах зээлээс олсон орлого 2 тэрбум ам.доллар орчимд хүрсэн), тус брэнд дэлгүүрээс мэдэрч болох туршлагыг маркетингийнхаа гол суваг болгосон.
Uniqlo дэлгүүрүүдийн гадна маркетингийн самбаруудыг төдийлөн олж харахгүй. Гэтэл статистик мэдээллээс харахад, Uniqlo-ийн дэлгүүрийн үйлчлүүлэгчдийн 72 хувь нь цахимаар худалдаа хийхээсээ илүү биечлэн дэлгүүрт очиж, худалдаа хийх хүсдэг байна. Үүний шалтгаан нь Uniqlo дэлгүүрийн том цонх, гэрэлтэй орчин, эмх замбаартай байдал (хүйсээр болон улирлаар бараа бүтээгдэхүүнээ хувааж дэлгэсэн байдал) бөгөөд мөн кафены үйлчилгээ санал болгодог нь хэрэглэгчдийг тэнд “уядаг”.
Нөгөө талаар, дэлгүүртээ кафе, кофе шоп ажиллуулах нь зардалтай бас түвэгтэй ажил. Кофе шоп ажиллуулахад кофены үнийн өсөлтийг харгалзах, ажилтан ажиллуулах, ложистикийн асуудал гэх мэт хүндрэл тулгарна. Мөн энэ чиг хандлага дэлгэрэхийн хэрээр адилхан кафе, кофе шоптой дэлгүүрүүдээс ялгарсан брэндийн өвөрмөц байдлыг кафены үйлчилгээндээ яаж шингээх вэ гэдэг толгой өвчин болж ирнэ.
Эх сурвалж:
https://lesroches.edu/blog/what-is-the-experience-economy/
https://www.youtube.com/watch?v=sUsjpO4LwBc
https://www.vogue.com/article/inside-uniqlos-big-american-ambitions


