ОНЦ ОЮУТАН, САЙН СУРАГЧ БАЙХ ЖОР
Бусадтай өөрийгөө харьцуулалгүй, өөрөө өөрийнхөө шилдэг хувилбар байхад л анхаар.
Чи өөрийнхөө гадаад үзэмж, оюун ухааны цар хэмжээ, танилын хүрээ зэргээр хэр амжилттай байгаагаа эргэн тойрныхоо найз нөхөд, танилуудтайгаа байнга харьцуулаад байдаг юм биш биз? Ингэх нь чиний хүсээд байгаа үр дүн, нэр хүндийг олоход чинь нэмэр болохоосоо нэрмээс болоод байна уу?
Бусадтай харьцуулах замаар өөрийнхөө үнэ цэнийг тогтоох нь ихэнхдээ сөрөг үр нөлөөтэй. Тэгэхийн оронд өөрийгөө дээрх мэт харьцуулалтаас чөлөөлөх нь дээр байдаг. Өөрөөр хэлбэл өөрийн бодол, хүч энергиэ өөрөө өөрийнхөө хамгийн шилдэг хувилбар байхад төвлөрүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд чиний амьдралд давамгайлж байгаа дадал, хэвшил, зуршлуудыг оношилж, заримыг нь өөрчлөөрэй.
Чи ингэж хэлэх нь хийхээс амархан гэж бодож байж болох юм. Тэгж бодох чинь зөв л дөө. Гэхдээ бид чамд дээрх зөвлөгөөг хэрэгжүүлэхэд тус болох энгийн арга зааж өгье. Дараах асуултыг өөрөөсөө асуугаарай – би амьдралдаа юуг болих (eliminate), юуг багасгах (reduce), юуг нэмэгдүүлэх (raise), юуг шинээр эхлүүлэх (create) хэрэгтэй байна вэ? Өөртөө бодитой зорилго тавьж, түүндээ хүрэхээр хичээн зүтгэснээр чи өөрөө өөрийнхөө шилдэг хувилбар байж чадна.
Юун түрүүнд чиний зорилгодоо хүрэх процессыг дөт болгох Хөх далайн стратегийн схемийг ашиглан зорилгоо нарийвчлан тодорхойлохыг санал болгоё. Энэхүү схемийг бөглөснөөр ганц зургаас л өөрийнхөө одоогийн нөхцөл байдлыг бүхэлд нь хараад зогсохгүй ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд юугаа засч, өөрчлөх хэрэгтэй байгаагаа харах боломжтой. Доорх зурагт дүрсэлж, нийтлэлд тайлбарласан 9 зүйлс бол бидний л санал учир чи өөрийн амьдрал, хувь хүний зорилгууддаа нийцүүлэн бүхэлд нь юмуу хэсэгчлэн шинээр тодорхойлоорой.
Дараах стратегийн схемийг зорилгодоо хүрэхдээ ашиглаарай!
Strategy Canvas (C) Kim & Mauborgne
1. Цагийг нь тулгадгаа болих (Eliminate cramming)
Бид бүгдээрээ л хэзээ нэгэн цагт ажлынхаа сүүлийн хугацааг тулгачихаад, шалгалтынхаа өмнөх орой ч юмуу стрессдээд кофегоор нойроо сэргээж, түргэн хоолоор ходоодоо дүүргэх тохиолдолтой тулж байсан гэхэд хилсдэхгүй байх. Хүн бүр л цагийг нь тулгадаг ш дээ гэж өөрийгөө тайвшруулж болох ч ингэснээр асуудлыг шийддэггүй гэдгийг санах хэрэгтэй. Түүний оронд сурах төлөвлөгөө гаргавал цэгцтэй мэдлэг олж, илүү үр дүнтэй суралцах боломжтой болно. Аливаа ажлын цагийг тулгах нь чамаас илүү хүч энерги шаардаж, илүү стрессдүүлж ядраадаг гэдгийг мөн санаарай. Сурах төлөвлөгөөгөө гаргахдаа технологийн янз бүрийн шийдлүүдийг ашигласан ч болно шүү дээ.
2. Үр дүнгүйгээр өөрийгөө шүүмжлэхээ болих (Eliminate destructive self-criticism)
Өөрөө өөртөө шударгаар үнэлэлт, дүгнэлт хийх нь хувь хүнийхээ хувьд өсч дэвжихэд тустай. Өөрийнхөө талаар үнэн бодитой ойлголттой байх нь зөв зүйтэй зүйл төдийгүй амжилттай суралцдаг оюутан, сурагчдын түгээмэл хэвшил байдаг. Харин өөрсдөө хичнээн хичээгээд ч өөрчлөх боломжгүй зүс царай, бие галбир болоод оюун ухааны үндсэн өгөгдлүүддээ сэтгэл ханамжгүй байгаагаас дотроо өөрийнхөө тухай сөрөг бодол тээн, дотооддоо сөрөг дуу хоолойнд захирагдах нь хор хөнөөлтэй. Тиймд, өөрсдөө өөрчлөх боломжгүй зүйлст төвлөрөхийн оронд, өөрчлөн өнгөлөн сайжруулах боломжтой зүйлсээ тодорхойлон, түүндээ анхаарал хандуулаарай!
3. Сэргээх бодис агуулсан уух зүйлсийн хэрэглээгээ багасгах (Reduce coffee)
Бага хэмжээгээр хэрэглэвэл кофе зэрэг кафейн агуулсан уух зүйлс төвлөрөл болон эрч хүчийг нэмэгдүүлдэг. Гэхдээ, ихэнх хүмүүс хэтрүүлж хэрэглэчихээд байдаг ба энэ нь нойргүйдэл, бухимдал, гэдэс эвгүйрэх, анхаарлаа хандуулах чадвараа алдах зэрэг асуудлуудыг дагуулж байдаг. Иймд, кофены оронд ногоон цай ч юмуу илүү эрүүл зүйлс ууж байгаарай. Ингэвэл ядахнаа шүдийг чинь шарлуулахгүй шүү дээ.
Кофе уунгаа, нийгмийн сүлжээгээр сэлгүүцэх зугаатай ч тунг нь тааруул.
4. Нийгмийн сүлжээнд зарцуулдаг цагаа багасгах (Reduce social media time)
Чи өөрийгөө янз бүрийн эможигоор илэрхийлж, өөрийнхөө нийгэмд эзлэх байр сууриа хэдэн лайк авснаараа хэмждэг юм биш биз? Хэдийгээр нийгмийн сүлжээ бидний амьдралын салшгүй хэсэг болсон ч нөгөө талаар биднийг амархан сатаардаг, хийж байгаа зүйлдээ анхаарлаа сайн төвлөрүүлэх чадваргүй болгож байна. Энэ нь эцсийн дүндээ биднийг бүтээмж муутай болгодог. Чи нийгмийн сүлжээнээс бүр мөсөн холддоггүй юмаа гэхэд хэрэглээгээ ухаалгаар зохицуулаарай. Хэр давтамжтай, хэр хугацаагаар хэрэглэж байна гэдгээ нэг ажиглаарай. Харин хичээл номоо хийж байхдаа нийгмийн сүлжээгээ бүр унтрааж бай – хүний тархи нэг дор олон даалгавар гүйцэтгэхээр бүтээгдээгүй. Тэгээд ч олон янзын инээд хүргэм Youtube бичлэгүүд нүдний чинь буланд харагдаад байвал яаж анхаарал чинь төвлөрөхөв дээ!
5. Дасгал хөдөлгөөнөө нэмэгдүүлэх (Raise activity levels)
Биеийн хөдөлгөөн зөвхөн эрүүл чийрэг бие бялдартай байхад тустай бус тархины үйл ажиллагаанд ч тустай. Судалгаанаас харахад дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь ой тогтоолтыг сайжруулж, сэтгэн бодох чадварыг дээшлүүлдэг байна. Шууд хэрэгжүүлж болох, үнэ төлбөргүй дасгал хөдөлгөөн хийх арга бол өдөр бүр илүү удаан хугацаагаар алхах юм. Утсан дээрээ алхаа тоологч татаж аваад, өдөр бүр аль болох удаан хугацаагаар алхаж байгаарай.
Өөрийгөө зоригжуул.
6. Гэр бүл болон найз нөхөдтэйгээ хамт өнгөрөөх цагаа нэмэгдүүлэх (Raise face to face time)
Хэрвээ чи энэ жагсаалтаас ганцыг л сонгож авъя гэвэл №6-ыг сонгоорой. Өөрийн хайртай, дотны хүмүүстэйгээ хамтдаа, чанартай цагийг өнгөрөөх нь сэтгэл санаагаар унах зэрэг сэтгэл зүйн асуудлуудаас урьдчилан сэргийлэхэд тустай. Энгийн зүйлс хамгийн үнэ цэнэтэй байдаг. Дэлгэцний ард өнгөрөөх цагаа багасгаад, ойр дотныхонтойгоо хамт өнгөрөөх цагаа нэмэгдүүлэх нь чамайг болон чиний эргэн тойрныхонд илүү баяр баясал, аз жаргал бэлэглэнэ.
7. Оюутан/ сурагчдын клубт элсэн орох (Create: Join a student club)
Нийгмийн хүрээллээ нэмэгдүүлэх маш сайн арга бол оюутан/сурагчдын клуб/байгууллагад элсэн орох юм. Ялангуяа шинэ сургуульд элсэн орогсдод энэ бүр хамаатай. Чи ямар ч клубт орсон бай өөртэйгээ ижил төстэй сонирхолтой үе тэнгийнхэнтэйгээ танилцах төдийгүй дараа нь CV-н дээр чинь хүний сонирхол татахуйц харагдана. Сонирхлыг чинь татахаар клуб/байгууллага олдохгүй байвал чи өөрөө шинээр үүсгэн байгуулсан ч болно ш дээ.
Өөртэйгээ төстэй сонирхолтой хүмүүстэй танилц.
8. Бясалгал хийх (Create: Take up meditation)
Бясалгал хийнэ гэхээр заавал лаа, хүж асааж, бадамлянхуа суултаар суух шаардлагагүй. Хэн ч хэдийд ч бясалгал хийх боломжтой гэдгийг санаарай. Өдөр бүр тодорхой цагийг бясалгалд зориулж заншвал стресс тайлж, анхаарал төвлөрөлтийг сайжруулж, ой тогтоолт, бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлдэг. Урьд нь огт бясалгаж байгаагүй бол New York Times article нийтлэлийг уншаад үзэхэд гэмгүй.
9. Зөвлөгчтэй болох (Create: Find a mentor)
Чамаас ямар нэгэн талаараа илүү мэдлэгтэй, туршлагатай хэн нэгнээс зөвлөгөө авч, суралцаж, урам зориг авах нь онцгой боломж шүү. Спортын дасгалжуулагч, сургуулийн багш, эсвэл бүр ахмад настай хөрш чинь ч амьдралыг чинь өөрчлөх анд, зөвлөгч чинь байж болно шүү дээ. Гэхдээ амжилттай зөвлөгчтэй байх харилцаа хоёр талын хүндлэл, харилцан итгэлцэл дээр тогтдог гэдгийг бүү мартаарай.
EDUCATED TM-аас энэ ондоо багтаан хувь хүний хөгжлийн зөвлөхийн үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарж имэйлээ бүртгүүлнэ үү!
Эцэст нь хэлэхэд, өөрийгөө бусадтай харьцуулах ер нь л үр дүн муутай байдаг. Хөх далайн стратегийн хамгийн гол санаа бол энэ. Амжилтанд хүрэх арга бол хэвшмэл байдлаас салж, өөрийн гэсэн арга замаа олох юм. Дэлхий дээр чи ганц хувь л байхад чамаас өөр хүмүүсийг дууриах хэрэг байхгүй байгааз?
Эх сурвалж: Blue Ocean Strategy
ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Хөх далайн стратеги