ИЛТГЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛЦГААЯ

Англи хэлээр харилцагчдын Монголын холбоо-ноос 13 дахь удаагаа Англи хэлээр уран илтгэх улсын аваргыг шалгаруулах тэмцээнийг Монгол дахь Английн ЭСЯ болон Mongolia Needs You ТББ-тай хамтран зохион байгууллаа. Тус тэмцээний ялагч Англи улсын Лондон хотод зохион байгуулагдах Олон улсын уран илтгэлийн тэмцээнд улсаа төлөөлөн оролцох эрхээр шагнагддаг юм.

Миний бие тус тэмцээний үндсэн шалгууруудын нэг болох 16-20 настай байх гэдэг шалгуурыг хангаж байх үедээ 3 жил дараалан оролцож, үе тэнгийнхнээсээ үлгэр дууриал авч, өөрийгөө хөгжүүлж, одоо салбар салбарт амжилттай яваа олон мундаг залуустай анх тус тэмцээний үеэр танилцаж байв. Хэдэн жилийн өмнөөс энэ үр өгөөжтэй үйл ажиллагааг зохион байгуулахад гар бие оролцон, хөтлөхдөө хөтлөн, шүүхдээ шүүж явахад залуусын илтгэх чадвар, ялангуяа Англи хэлээр илтгэх чадварын талаар сурсан, ажиглагдсан зарим зүйлсийг доор хуваалцъя.

Хүмүүс таныг сонсож эхэлснээсээ хойш 10 секундын дотор үргэлжлүүлэн анхаарал хандуулах эсэхээ шийддэг. 

Дээрх тэмцээнд оролцогч залуусын Англи хэлний чадвар жилээс жилд сайжирч буйд зохион байгуулагчдын зүгээс тун сэтгэл хангалуун байгаа. Зарим залуус үнэхээр өөртөө итгэлтэй, цэгцтэй, биеэ зөв авч явж чадаж буй нь зөвхөн илтгэлийн тэмцээн бус ажлын талбар, нийгмийн харилцаанд нь онцгой ач холбогдолтой. Энэ жилийн тэмцээний ялагч А. Тэргэл маань Англи хэлийг эх хэл шигээ сурахад ээж, эгч хоёрынх нь багаас нь гэртээ гадаад хэлийг ээлжлэн хэрэглэж чихэнд нь хоногшуулж, хэлэнд нь зүгшрүүлсэнтэй холбоотой гэж хэлж байв. Үүнтэй адил хүүхэд, залуус маань багаасаа л анги хамт олныхоо өмнө чөлөөтэй ярьж, санаа бодлоо илэрхийлж сурах хэрэгтэй байх нь. Мөн эцэг эхчүүд, эгч ах нар нь багачуудыгаа бага гэлтгүй олны өмнө ярих, илтгэх, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадварт сургах нөхцлийг нь бүрдүүлж өгөхөд анхаарах хэрэгтэй байх нь. Товчоор “practice makes perfect”. Энэ тэмцээн олон залуусын хувьд илтгэх, олны өмнө ярих дадал, чадварт суралцах томоохон дасгал, сургуулилт болдогт бид баяртай байдаг.

Илтгэлийн чинь сонсогч, үзэгч хэн бэ гэдэгт анхаарч сэдэв, ярианыхаа өнгө аяс, өгөх гэсэн санаа мессежээ тодорхойлоорой.

Монгол улс 16 нас хүрсэн иргэддээ иргэний үнэмлэх олгож, хариуцлага үүрүүлж эхэлдэг. Дэлхийн ихэнх оронд сонгуульд оролцож, улс эх орныхоо ирээдүйг тодорхойлон шийдвэрлэх үүргийг 18-наас дээш насныхандаа оногдуулдаг. Олон улсад 16-20 насныханыг “young adults” буюу насанд хүрэгсэд ангилалд оруулдаг. Тэгэхээр дээрх тэмцээнд оролцогчдоос шүүгчид болон үзэгчид судалгаатай, нийтэд хамаатай, шийдэл санал болгосон сэдвийг илтгэлээрээ дамжуулан хөндөхийг голчлон хүлээдэг. Харин дээрх тэмцээнд оролцогчдын сонгосон сэдвээс анзаарагдсан түгээмэл алдаа нь тэд илтгэлийг нь шүүх Англи улсын Элчин сайд, Дэлхийн банкны мэргэжилтэн, алдарт Оксфордын их сургуулийн магистрын зэрэг бүхий эрхмүүдэд хандсан бус үе тэнгийн найз нөхөддөө зөвлөсөн, тэдэнд урам өгөн зоригжуулсан маягтай сэдвүүдийг голчлон сонгосон байв. Энэ мэтээр та бүхэн олон нийтийн өмнө илтгэл тавих, яриа хийх шаардлагатай тулгарвал өөрийг тань сонсогчид, шүүгчид, үзэгчид хэн бэ, тэд таниас юу сонсохыг хүсч, хүлээж байгаа бол гэдэгт хамгийн түрүүнд анхаарлаа хандуулж, бэлтгэлээ сайн базааж байгаарай.

Англи хэлээр харилцагчдын Монголын холбоо –ноос энэ мэт Монгол хүүхэд, залуус, олон нийтийн Англи хэлний чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн төдийгүй олон улсын түвшинд үе тэнгийнхэнтэйгээ өөрсдийгөө харьцуулан, хөгжих боломжуудыг олгох хөтөлбөрүүдийг уламжлал болгон зохион байгуулдаг. Тус байгууллагын үйл ажиллагааны талаар цаг алдалгүй мэдээлэл авахыг хүсвэл Facebook хуудсанд нь нэгдээрэй.