ДЭЛХИЙН ГАЗРЫН ЗУРГИЙГ ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛСОН
Өмнө нь та бүхэнд танилцуулсан нэр нөлөө нь хурдтай өсч буй глобал стратегич Parag Khanna-тай түүний шинэ ном Connectography: Mapping the Future of Global Civilization-ий хүрээнд Washington Post болон Next City-ээс хийсэн ярилцлагуудад дэлхийн хөгжлийн чиг хандлага хаашаа явж байгаа, улс орнууд ялангуяа АНУ дэлхийн хөгжлийн шинэ хандлагууд, шинэ норм хэв маягуудтай уялдуулан төрийн бодлогоо хэрхэн өөрчлөх хэрэгтэй талаар түүний дэвшүүлсэн гол санаануудыг тоймловол:
• 2030 он гэхэд дэлхийн нийт хүн амын 70 орчим % нь томоохон хотуудад амьдарна. Тэгэхээр улсын хөгжлийн бодлогоос хотуудын хөгжлийн бодлого илүү ач холбогдолтой болно.
• Дэлхийн хүн амын 1% нь бусад 99%-ийнхаа хэрхэн амьдрахыг тодорхойлдог. АНУ Хятад Улсад үйлдвэрийн баазуудаа алдаад дууслаа гэж гоншигнож байхын оронд Silicon Valley зэрэг шинэ санаа, шилдэг бүтээлүүдийн өлгий газрууддаа тулгуурлан энэ 1%-ийг илүү манлайлах хэрэгтэй.
• Дэлхийд илүү олон цэрэг байлдааны нөөцтэй улс нь биш илүү олон дэд бүтцийн сувгийг удирддаг улс нь хүчтэй байдаг болно. БНХАУ өөрийн газар нутаг төдийгүй хөрш зэргэлдээ улсуудаа дэд бүтцийн нэгдсэн сүлжээнд алсын хараатай нэгтгэж байгаа нь дээр дурдсан хүчний хувьслыг олж харсны илрэл. Энэ бодлогоо хэрэгжүүлэх гол механизм нь саяхан байгуулагдсан Asian Infrastructure Investment Bank (AIIB). Энэ нь нэг талаас тэднийг илүү хүчирхэг болгох ч нөгөө талаас бусдаас илүү хараат болгоно. Гэхдээ аль болох дэд бүтцийн сүлжээнд илүү холбогдох тусам улс орнууд аль аль нь хожиж байдаг.
• Глобалчлал улам хүчээ авна. Гадаадад цагаачлагчдын тоо, чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийн агуулга, технологийн цар хүрээ улам нэмэгдэнэ. Ийм үед АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Trump бид гадаадын цагаачдыг нутаг буцаана, Хятадад бараа таваараа үйлдвэрлэж байгаа компаниудыг эргээд дотооддоо үйлдвэрлэлээ явуулахыг шахах болно зэрэг дэлхийн хөгжлийн чиг хандлагын эсрэг зүйл ярьж байгаа нь шүүмжлүүштэй.
• Дэлхийн дулаарал энэ хэвээрээ үргэлжилж, дэлхийн дундаж температур целсийн 4 хэмээр нэмэгдвэл АНУ, БНХАУ, Бразил, Энэтхэг, Австрали гэх мэт орнууд дэлхийн хоол хүнсний голлох үйлдвэрлэгч/нийлүүлэгч статусаа ОХУ, Канад зэрэг хойд туйлтай ойрхон орнуудад алдана.
Parag Khanna болж байгаа бодит үйл явцад үнэлэлт дүгнэлт хийн, энэ үйл явцаас хэрхэн өөрт эдийн засгийн хожоотой үйлдлүүдийг хийх талаар санаа дэвшүүлдэг судлаач юм гэж ойлголоо. Харин миний бие болж байгаа үйл явцыг хэрхэн эерэг тал руу нь хөтөлж, эдийн засгийн бус байгаль орчин, нийгмийн хожоотой нүүдлүүдийг хийх вэ гэдэг шинэ үеийнхний хариулах ёстой илүү чухал сэдэв гэж ойлгодог. Иймд энэ сэдэвтэй холбогдох шилмэл нийтлэлийг удахгүй хураангуйлан хүргэнээ.