АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ӨСӨЛТ, ХӨГЖИЛӨӨ ЗААВАЛ ТӨЛӨВЛӨХ ХЭРЭГТЭЙ
Байнгын хурдтай, гүйцэтгэл өндөртэй ажиллахыг шаардах болсон өнөөгийн ажлын талбарт таны дарга юмуу хүний нөөцийн удирдлагуудад таны авъяас чадварыг яавал хамгийн дээд зэргээр ашиглах, хөгжүүлэх талаар нарийн бодох цаг болоод нөхцөл төдийлэн бүрэлддэггүй. Тэгэхээр бусдын амыг харалгүй өөрөө өөрийгөө урт хугацаанд бэлдэхийн тулд ажил, мэргэжлийн төлөвлөлтөө гартаа аваарай. Энэ талаар доор дэлгэрэнгүй тайлбарлая.
Өөртөө зориуд цаг гарга:
Ажил, гэр бүл, найз нөхөд гээд амьдралын олон зүйлс таныг завгүй байлгаж байгаа үед аливаа зүйлсийг ул суурьтай бодон төлөвлөх цаг төдийлэн гардаггүй. Гэтэл өөрийн нөхцөл байдалд ул суурьтай дүн шинжилгээ хийж, урт хугацааны төлөвлөгөөгөө тодорхойлохгүйгээр хэдэн сар, жилээр явах нь нэг л мэдэхэд таныг ажил мэргэжлийн хувьд тодорхойгүй байдалд хүргэх вий. Иймэрхүү хүсээгүй үр дүнгээсээ зайлсхийхийн тулд ул суурьтай (стратегийн) бодол, төлөвлөлтөнд заавал цаг гаргаж байх хэрэгтэй. Өөрийн бодол, төлөвлөлтөө цэгцтэй байлгахын тулд цөөн хэдэн, итгэлтэй хамт ажиллагсадтайгаа тогтмол уулзаж, урт хугацааны том зорилгуудаа тодорхойлж, нэг нэгнээ идэвхижүүлдэг баг үүсгэж болно. Өөрийн итгэдэг хүмүүстэйгээ өөрийн хүсэл, бодлоо хуваалцах нь шинэ санааг өдөөж, урьд нь хараагүй байсан боломжуудыг нээж өгч ч болно.
Дараагийн алхмуудаа тодорхойл:
Ажил мэргэжлийн хувьд хүрэх зорилгуудаа – тушаал дэвших, хувийн бизнес эхлүүлэх, хариуцдаг багаа өргөжүүлэх – зэргээр тодорхойлох нь зөвхөн эхний алхам юм. Олон мэргэжилтнүүдийн гаргадаг түгээмэл алдаа бол тэнд хүрнэ гэж тодорхойлсон цэгтээ одоо байгаа цэгээсээ хэрхэн хүрэх алхмуудаа тодорхойлдоггүйд оршдог. Үүнийг засах нэг арга бол хэдэн жилийн дараах өөрийн ажлын намтар (CV)-аа урьдчилан бичих юм. Ингэхийн тулд та одоогоос 5 жилийн дараа ажил мэргэжлийн хувьд хаана хүрсэн, юу хариуцан ажиллах зэргээ төсөөлөн бодоод ирээдүйн ажлын намтараа аль болох нарийвчлан бичээрэй. Эндээс онцлууштай нь та өнөөдөр байгаа нөхцөл байдлаасаа 5 жилийн дараах нөхцөл байдал руу гэнэт үсэрсэн байдалтай бус, энэ хооронд ямар ур чадвар эзэмших, дээшлүүлэх, ямар зэрэг цол, итгэмжлэл авсан байх шаардлагатай зэрэг эндээс тэнд хүрэх алхмуудаа нэг бүрчлэн төлөвлөн бичих ёстой. Эндээс тэнд хүрэхийн тулд юуг хэзээ хийх шаардлагатайгаа ойлгож мэдэх нь таныг илүү тэмүүлэлтэй болгоод зогсохгүй цаг, мөнгийг тань ч хэмнэнэ. Жишээлбэл, одоогоос 3 жилийн дараа хийхээр төлөвлөж буй ажил, мэргэжилд тань магистрын зэрэгтэй байхыг шаардаж байвал та одооноос магистрт сурахдаа бэлдэж эхлэх хэрэгтэй.
Хэмжээнээс илүү үр дүнд анхаар:
Таны ажлын өдрүүд ихэнх хүмүүсийнх шиг ажилдаа цагтаа ирж цагаа бүртгүүлэх юмуу ирсэн имэйлүүдийн хариуг аль болох хурдан өгөхөөр уралдах байдалтай өнгөрдөг байж болох юм. Доод албан тушаал хашиж байхад дээрх байдал ажилдаа идэвхитэй мэт харагдаж болох ч албан тушаал ахих тусам хэн өндөр, хэн хурдан үсрэх вэ гэж уралдахын ач холбогдол буурдаг. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр таны амжилтыг тодорхойлох хэмжүүр – мэргэжлийн ном гаргах, цоо шинэ код бичих, хэрэглэгчдийг шууруулах шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулах, компанийхаа дотоод хяналтын системийг шинэчлэх – зэрэг гүнзгий утга агуулга, үнэ цэнэтэй төсөл, хөтөлбөрүүдэд оролцон, хэрэгжүүлсэн эсэхээр хэмжигддэг. Товчхондоо та бусдын өгсөн үүрэг, даалгаврыг л гүйцэтгээд явахаас илүү өөрөө санаачлан, урт хугацаанд тогтвортой хэрэгжих төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ихэнхи мэргэжилтнүүд энэ мэт төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн шууд гардаггүй учир зайлсхийх хандлагатай байдаг боловч урт хугацаанд танд ихээхэн үр дүн, нэр хүндийг чухамдаа дээр дурдсан гүн гүнзгий утга учиртай ажлууд л авчирдаг гэдгийг санаарай.
Байгууллагаасаа гадуурх хүрээлэлд танигд:
АНУ-ын Wharton их сургуулиас хийсэн судалгаагаар аливаа байгууллагын ажилтнууд байгууллага дотроо тушаал дэвшээд авах цалин нь гаднаас ижил албан тушаалд томилогдон ирсэн хүнийхээс 18-20% доогуур байгааг тогтоожээ. (Хачирхалтай нь тэрхүү илүү цалинтайгаар байгууллагад чинь шинээр орж ирж байгаа нэгэн эхний 1-2 жилдээ хуучин ажилтнуудаас ихэнхдээ ажлын бүтээмж доогуур байдаг) Дээрх жишээ шударга бус мэт санагдаж байгаа байх. Гэхдээ эндээс ойлгох ёстой гол зүйл бол нэг байгууллагад удаан ажилласан ажилтнууд дутуу үнэлэгдэх нь түгээмэл. Мэдээж үүнээс болоод та нэг ажилд удалгүй байн байн ажлаа солих хэрэгтэй гэсэн үг бас биш юм. Харин та зөвхөн байгууллага дотроо нэр хүндтэй байхад хамаг хүч цагаа зарцуулалгүй, байгууллагаасаа гадуурх хүрээлэлтэй, тэдэнд тодорхой хэмжээнд үнэлэгддэг байх хэрэгтэй гэсэн үг. Үүний ач холбогдол нь та байгууллагадаа ажиллахдаа дуртай ч ямар нэгэн байдлаар удирдлагууд чинь таныг дутуу үнэлэх хандлага гаргавал таны ур чадварыг үнэлэн, хамтран ажиллах хүсэлтэй өөр ажил олгогчид мөн байдаг юм шүү гэдгийг эвтэйхэн ойлгуулахад хэрэгтэй. Салбарынхаа чиглэлээр нийтлэл бичих, арга хэмжээнүүдэд илтгэл тавих, мэргэжлийн чиглэлийн сайн дурын байгууллагад удирдах алба хаших зэрэг нь таныг өөрийн авъяас чадвараа зөвхөн өөрийн байгууллага төдийгүй салбарынхаа бусад байгууллагуудад таниулахад ихээхэн тустай.
Өөрийн ажил, мэргэжил (карьер)-ийн өсөлт, хөгжлийн талаар нухацтай бодон төлөвлөх нь асар их ач холбогдолтой ч өдөр дутмын ажил, амьдралдаа дарагдаад олон мэргэжилтнүүд тэр болгон онцгой ач холбогдол өгөлгүйгээр хэдэн сар, жилийг урсгалаараа өнгөрөөчихсөн байдаг. Дээрх дөрвөн аргыг хэрэглэн өөрийн ажил, мэргэжлийн өсөлт, хөгжлийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийг хийхэд тодорхой үр дүнд хүрэх нь дамжиггүй.
Ажил, мэргэжлийн өсөлт, хөгжлийн стратеги төлөвлөлтийн талаар манай байгууллагаас энэ ондоо багтаан зөвлөх үйлчилгээ нэвтрүүлэх тул сонирхсон хүмүүс ЭНД дарж манайд бүртгүүлнэ үү. Манайд бүртгүүлснээр мөн хувь хүний болон бизнес хөгжлийн стратегийн талаарх нийтлэл, зөвлөмжийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой.
Эх сурвалж: Harvard Business Review