Хичээлийн дараах хөгжүүлэх хөтөлбөр Хүүхдийг ирээдүйн амьдралд нь илүү бэлддэг

Хичээлийн дараах хөгжүүлэх хөтөлбөр
Хүүхдийг ирээдүйн амьдралд нь илүү бэлддэг

Нийтлэгч О.Энхзул
4 мин

Өнөөгийн хурдацтай хөгжиж буй дэлхий ертөнцөд хичээлээс гадуурх хөтөлбөр, үйл ажиллагаа нь цагийг зугаатай өнгөрөөхөөс илүү хүүхдийн цогц хөгжлийг дэмжих чухал үйл ажиллагаа юм. Спорт, мэтгэлцээнээр хичээллэх, хөгжим, театрын дугуйланд хамрагдах, кодчилол, төсөл хэрэгжүүлэх хөтөлбөрт хамрагдах зэрэг үйл ажиллагаа нь академик хичээлээс давж, хувь хүнийг төлөвшүүлэх амьдралын чухал ур чадваруудыг хөгжүүлдэг.

Амьдралын нарийн ур чадваруудыг хөгжүүлэх
Хичээлээс гадуурх үйл ажиллагаа нь хүүхдүүдэд академик хичээлээр ангидаа төдийлэн эзэмшиж чаддаггүй ур чадваруудыг сургадаг. Жишээлбэл, багийн спорт нь багаар ажиллах, манлайлах, тэсвэр тэвчээрийг бий болгодог. Эдгээр нь хүүхдүүдэд карьер болон хувийн амьдралдаа ирээдүйд тулгарч болох бэрхшээлийг даван туулахад тусалдаг үнэлж баршгүй шинж чанарууд юм. Тоглолтондоо бэлдэнгээ эсвэл төсөл хэрэгжүүлэнгээ багаар ажиллах нь тэднийг бусадтай үр дүнтэй харилцах, зөрчилдөөнийг зохицуулах, бие биенээ дэмжихэд сургадаг бөгөөд энэ нь аливаа ажлын болон нийгмийн орчинд чухал ач холбогдолтой ур чадварууд юм.

Цагийн менежмент ба хариуцлагад суралцах
Сургуулийн хичээлийн даалгаврыг хичээлээс гадуурх үүрэг даалгавартай тэнцвэржүүлж сурах нь хүүхдүүдэд амьдралынхаа туршид шаардагдах олон ажил, даалгавруудыг зохицуулах цагийн менежментийг багаасаа эзэмшихэд тусалдаг. Олон үүрэг хариуцлагыг эртнээс үүрэх нь хариуцлага, сахилга батыг бий болгодог (мэдээж хариуцлагатай болгох гэж байна гээд хэт их ачааллаар хүүхдүүдээ даралгүй, харилцан ярилцаж, хамтдаа төлөвлөгөө гаргаарай!). Хүүхдүүд даалгавраа хэрхэн эрэмбэлэх, тогтоосон хугацаанд биелүүлэх, ажиллах, тоглох, амрах эрүүл тэнцвэрийг хадгалахад суралцдаг.

Урт хугацаандаа сурлага болон нийгмийн харилцаанд нөлөөлөх
Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд тогтмол хамрагддаг хүүхдүүд сурлагын хувьд илүү сайн байдаг нь судалгаагаар нотлогдсон. Эдгээр үйл ажиллагаа нь тархийг идэвхжүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, асуудлыг шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлдэг. Цаашилбал, клуб эсвэл багийн үйл ажиллагаанд оролцох нь нийгмийн харилцааны ур чадваруудыг сайжруулж, өөртөө итгэх итгэлийг бий болгож, бусадтай чанартай харилцаа тогтоох чадварыг нэмэгдүүлдэг.

Дүгнэлт
Хичээлээс гадуурх хөгжүүлэх хөтөлбөр, үйл ажиллагааг хүүхдийн амьдралын хэвшилд оруулах нь тэдний хүүхэд насны дурсамж, туршлагыг баяжуулаад зогсохгүй тэднийг цаашдын амьдралд нь тохиолдож болох төрөл бүрийн нөхцөл байдалд илүү бэлтгэдэг. Эдгээр туршлагууд нь тэднийг боловсролтой, нийгмийн идэвхтэй, ирээдүйн ажил мэргэжилдээ эзэн болсон үнэ цэнтэй хүний нөөц болгон бэлтгэж, амьдралдаа сэтгэл хангалуун байх хувь хүний нөөц, боломжуудыг нээж өгдөг.
Хүүхдүүд, ялангуяа өсвөр насныхан маань хичээлээс гадуурх ямар үйл ажиллагаа, хөгжүүлэх хөтөлбөрт хамруулах талаар илүүг мэдэхийг хүсвэл ИРЭЭДҮЙД БЭЛДЭЦГЭЭЕ гарын авлагыг авч уншаарай!   Мөн доорх мэдээллийн дагуу захиалан, хүргүүлээд авах боломжтой.