Archive for the
‘Лайв хэлэлцүүлэг’ Category

Улсын үндэс ГАЗАР гэж өвөг Модун маань бидэнд маш тодорхой захиж үлдээсэн байдаг. Үржил шимтэй газар нутагт амьдрал бялхаж, хуурай цөлөөс хүн байтугай амьтан ч дайждагийг бид хүн төрөлхтний түүхээс тодхон хардаг. Тэгвэл Монгол орны маань үржил шимт, унаган дагшин байгаль маань жилээс жилд хумигдан жижгэрч, эсрэгээр нь цөлжилт нэмэгдсээр байгааг та мэдсэн үү? Тодруулбал, Монгол Улс сүүлийн 30 жилд нийт бэлчээр нутгийнхаа 25 хувийг цөл болгосныг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс онцолжээ. Энэ мэтээр олон нийт бэлчээр нутгийн талхлалтыг мэдсэн ч мэдээгүй  мэт “хэн нэгэн нь санаа тавьж байгаа байлгүй дээ” гээд ямар нэг арга хэмжээ авалгүй орхивол 3-10 жилийн дараа бэлчээр нутгийн маань 30 гаруй хувь нь нөхөн сэргээгдэхгүй цөлжинө гэж мэргэжилтнүүд тогтоожээ.

Дээр дурдсан тоо баримт бүх Монголчуудад эмзэглэл төрүүлсэн гэдэгт итгэж байна. Ашиглах болохоороо бүгд л миний газар нутаг гэдэг ч арчлах болохоор эзэнгүй болчихдог бэлчээр нутгаа хайрлан хамгаалж, үржил шимтэй байдлыг нь хадгалан, үр хойчдоо дамжуулах нь зөвхөн малчдын санаа зовох асуудал биш.

Одоо л эх орон, газар нутгийнхаа төлөө жинхэнэ эзэд шиг зан гаргаж биднээс аврал эрэн чимээгүй мөхөж буй бэлчээр нутгаа хэрхэн хамгаалах, цаашлаад нөхөн сэргээх тал дээр хамтдаа хичээж, харилцан мэдлэгээ хуваалцаж, ажил хэрэг болгоцгооё.

Бэлчээрийн нөхөн сэргээлтийн талаар сүүлийн 17 жилийн турш Монголын малчид болон орон нутгийн удирдлагыг дэмжин, чадавхжуулж, мэдлэгжүүлэн ажилласан Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон Алт – Малын Эрүүл Мэнд” төслийн үр дүнг танилцуулах онлайн арга хэмжээг 2021/08/02-2021/08/10-ны хооронд зохион байгуулагдах ба www.responsiblemongolia.mn цахим хуудсаар болон https://www.facebook.com/mongolgreengold фэйсбүүк хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэйгээр дамжуулах юм. Энэхүү төсөл нь Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Ховд болон Увс аймгуудад хэрэгжсэн бөгөөд 62,000 малчин өрхийг удирдлага зохион байгуулалтад оруулж 5 сая га бэлчээрийг нөхөн сэргээж чадсан сайн туршлагуудаа хуваалцах болно.

Иймд экологийн тэнцвэрт байдал, уламжлал соёл, эрүүл оршихуй гээд бидний амьдралын бүхий л талбарт нөлөөлж буй бэлчээрийн асуудал болон түүнийг шийдвэрлэж болох шийдлүүдийн талаар арвин мэдлэгтэй болох боломжоо бүү алдаарай. Мэдлэгтэй хүн хүчтэй байдаг учир нь тэд зөв шийдвэр гаргадаг гэдэгчлэн бүгдээрээ амьдралд тулгарсан бодит асуудлын талаарх мэдлэгээ өсгөж цаашдын оршихуйгаа хамгаалцгаая.

Ногоон Алт – Малын эрүүл мэнд” төслийн үр дүнг хүлээлгэн өгөх цахим арга хэмжээнд урьж байна.

Мал аж ахуй, түүнээс гаралтай бүтээгдэхүүний тоо биш чанарт анхааран, тогтвортой байдлаар хөгжүүлж, нүүдэлчин ахуйг үргэлжлүүлэх суурь болсон эрүүл соргог бэлчээр нь манай улсын тусгаар тогтнолтой ч хамааралтай асуудал гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Энэ чиглэлээр Швейцарын Хөгжлийн Агентлагийн “Ногоон Алт – Малын эрүүл мэнд” төслийг 17 жилийн турш хэрэгжүүлж ирсэн ба ажлын үр дүнг зорилтот аймгуудад хүлээлгэн өгөх цуврал арга хэмжээ “Байгалийн бэлчээрт суурилсан мал аж ахуйн хариуцлагатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьсан 17 жилийн түүчээ” уриатайгаар зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээгээр нь төсөл хэрэгжсэн Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгуудад гарсан үр дүнгүүдийг танилцуулах ба цаашид үр дүнгээ сайжруулах, тогтвортой байдлыг хадгалах талаар орон нутгийн удирдлагуудтай гэрээ байгуулах үйл ажиллагаанууд явагдах юм. Тиймээс байгаль орчны тогтвортой байдал, нүүдэлчин соёл уламжлал, хүнс хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн талаар санаа зовнидог эрхэм хүндэт та бүхнийг уг онлайн арга хэмжээнд оролцож шинэлэг, амьдралд хэрэгжүүлж болохуйц олон мэдлэг мэдээллээр тархиа цэнэглэнэ үү хэмээн урьж байна.

Арга хэмжээг http://www.responsiblenomads.mn онлайн платформоор болон https://www.facebook.com/mongolgreengold фэйсбүүк хуудсаар дамжуулах лайваар шууд үзэх боломжтой.

Цуврал арга хэмжээний хуваарь:

Аймаг Огноо Цаг Линк
Архангай 2021/08/02 14:00-18:00
Баян-Өлгий 2021/08/03 10:00-13:15 https://zoom.us/j/97701460510?pwd=ajhFMERMVnpsR0s1MGlKR3Y5V3RFZz09
Meeting ID: 977 0146 0510
Passcode: 063636
Баянхонгор 2021/08/04 14:00-17:15 https://zoom.us/j/91892282494?pwd=dUVRTFIyM3BDNzJwbVc5OFA0aHcrQT09
Meeting ID: 918 9228 2494
Passcode: 478516
Завхан 2021/08/06 11:00-13:00 https://zoom.us/j/91635255674?pwd=RElMS1FLMVZ0WldKRFRYcFBIMVRKdz09
Meeting ID: 916 3525 5674
Passcode: 876446
Ховд 2021/08/09 10:00-13:15 https://zoom.us/j/94007866747?pwd=NlJzSUV1VFNqeG9VbEFsN3BoRmZiUT09
Meeting ID: 940 0786 6747
Passcode: 126228
Говь-Алтай 2021/08/09 14:00-18:00 https://zoom.us/j/94866483582?pwd=Z1h6SFc5VUZ5YU80R0FseWh1d1d0dz09
Meeting ID: 948 6648 3582
Passcode: 205882
Увс 2021/08/10 11:00-13:20 https://zoom.us/j/95240434969?pwd=OENVMEdVSm1CUkI5RnJ6MlBadnJQUT09
Meeting ID: 952 4043 4969
Passcode: 079468

Бэлчээр, мал аж ахуйн асуудлыг ихэнхдээ малчид, орон нутагт ажиллаж амьдарч буй иргэдтэй холбож ойлгох нь нийтлэг байдаг. Гэтэл бодит байдалд, үнэндээ бид хаана амьдарч, ажиллаж байгаа, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг эсэхээс үл хамааран бэлчээрийн байдал бүх хүний амьдралын чанарт нөлөөлдөг. Учир нь байгаль бол уялдаа холбоотой, нарийн бүтэцтэй тогтолцоо билээ. Иймээс ч дэлхий нийтээрээ тогтвортой хөгжлийн асуудлын талаар ярихдаа хүрээлэн буй орчны асуудлыг бусад асуудалтай харилцан хамааралтай байдлаар зэрэгцүүлэн авч үздэг.

Мөн та эх орныхоо унаган байгаль экологийн тэнцвэрт байдал, уламжлалт соёлд санаа зовнидог бод дараах хаштагуудаас ашиглан зураг болон сэтгэгдэлээ сошиал хуудсуудаараа хуваалцахыг хүсч байна. #ХариуцлагатайНүүдэлчид #ResponsibleNomads #ЯагаадНададХамаатайГэж #WhyShouldWeCare

Баярлалаа 🙂

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд иргэд олон нийтийн оролцоог хэрхэн хангавал богино хугацаанд илүү үр дүн гарах боломжтой талаар шийдэл хайн хийдэг сар тутмын Эдүкэйтэд хотлын /Educated Community meeting/ уулзалтаа шинэ хэлбэрээр буюу төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагад аялал жуулчлалыг хөгжүүлэн ажиллаж байгаа мэргэжлийн төлөөллүүдийг оролцуулан Дотоодын аялал жуулчлал: сорилт ба боломжууд сэдвийн хүрээнд 2020/07/30-ны өдөр явуулж байсныг тоймлон та бүхэнд хүргэж байна.

Уулзалтад БОАЖЯамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н. Молор, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт төслийн зохицуулагч Ц. Энх-Амгалан, Монголын аялал жуулчлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Дисковер Монголиа ХХК-н ерөнхий захирал Б. Барсболд нар зочноор, Эдүкэйтэд Энтерпрайз ХХК-н хамтран үүсгэн байгуулагч Ж. Энхжин миний бие чиглүүлэгчээр оролцсон. Уншигч та бүхэн ч энэхүү ярилцлагыг тунгаан уншиж эх орныхоо үзэсгэлэнтэй, онгон тагшин байдлыг алдагдуулахгүй хариуцлагатай аялах талаар саналаа хуваалцаарай.

Энхжин: Дотоодын аялал жуучлалын өнөөгийн байдлын тухай юу гэж боддог бэ?

Энх-Амгалан: Монголд аялал жуулчлалын салбар маш ирээдүйтэй гэж хардаг. Өмнө нь бид хөдөө байдаг найз нөхөд, хамаатан садангуудаараа очсоноо эсвэл найз нөхөдтэйгөө нийлэн майхнаараа явснаа аялал гэж үздэг байсан. Харин сүүлийн хэдэн жилүүдэд дотоодын аялал харьцангуй бизнес хэлбэр лүү хөгжиж эхэлж байгаа нь харагддаг. Би өөрөө аялах их дуртай, бусдын соёл түүхийг их сонирхдог. Сүүлийн үед төрсөн нутаг руугаа жил бүр очихыг илүүд үздэг болсон. Аялал жуучлал тодорхой хэмжээгээр хөгжиж аялагчдын ухамсар болон орон нутгийн иргэдийн хандлага ч харьцангуй эерэг, нааштай болж байгааг мэдэрдэг. Өмнө нь Хяргас нуур дээр очиход нутгийн иргэдийн ариун дагшин савдагтай хэмээн шүтдэг нуурыг аялагчид хогийн цэг шиг болгосон буюу хог нь салхинд хийсээд их муухай харагддаг байсан нь өнгөрсөн жил очиход нэлээн цэгцэрч сайжирсан байгаа нь ажиглагдсан. Орон нутгийн иргэдийн хувьд аялагчид юу хүсдэг, сонирхдог талаар мэдлэг, мэдээлэл муутай санагддаг.

Молор: Аялал жуулчлалын салбар 100% хувийн хэвшилд тулгуурладаг. Дотоодын аяллын зах зээл дээр хоббигоороо ууланд алхдаг, морь унадаг гэх мэт байсан цөөхөн хэдэн хувь хүн ажиллаж харагддаг. Монголын тур-оператор компаниудын хувьд гадаад жуулчидтай ажиллах туршлага өндөртэй ч яг дотоодын иргэдэд үйлчлэх ямар ч туршлага байхгүй байсан тул энэ жилийн хувьд маш том сорилттой тулгарсан. Компаниудын нэрнээс авахуулаад дотоодынхон хэлж, тогтооход хүндрэлтэй хэцүү, гадаад нэртэй гээд л бүх зүйл бэлэн биш байсан ч хүчээр шинэ зах зээл рүү орсон харагдсан. Миний хувьд энэ жил Дундговь аймагт орших Цагаан суваргыг үзэх мэргэжлийн компанийн зохион байгуулсан хөтөлбөрт аялал болон хувиараа гэр бүлийн хамт баруун аймгууд руу аялалд явсан. Ковидын буянаар гэх үү мэргэжлийн компанийн санал болгосон аялал маш боломжийн үнэ ханштай жолооч, хөтөчтэй, тав тухтай, аюулгүй байсан нь үнэхээр аялал гэж ийм зүйл байдаг юм байна гэдгийг маш сайн ойлгуулсан. Жишээлэхэд: Хоолны цаг болоход хоол унд сонголттойгоор бэлэн, үзэх газрын талаарх мэдээллүүд болох онцлог, соёл, түүх домгийн талаар хөтөч цаг тухайд нь өгч, зураг авахуулахад гоё харагддаг байрлалаа хүртэл заалгаад маш амар санагдсан. Харин хувиараа хийх аяллын хувьд мэдээж өөрсдөө жолоогоо барина, хоол ундаа хийнэ, тухайн очиж буй газар орны талаарх мэдээллийг тэр бүр нарийн судалж мэдэх боломжгүй, урьдчилж захиалга өгөх гэхээр холбоо барих мэдээлэл нь олдохгүй зэргээс шалтгаалан зорьж очсон газрууд хаалттай байх эрсдэлүүд их гардаг нь анзаарагдсан. Энэ эргээд өөрсдөд маань их ядаргаа үүсгэж, аяллаа жинхэнээр нь мэдэрдэггүй юм байна гэдгийг ойлгосон. Ер нь очиж хэдэн зураг авахуулаад л ирдэг юм байна гэдгийг харьцуулж мэдрэх боломжийг өмнө жишээгээр дурдсан 2 аялал маань олгосон.

Барсболд: Монголчууд 7 сард л бөөнөөрөө дотооддоо аялдаг. Бусад тохиромжтой сарууд болох 6, 8 болон 9 саруудад бол харьцангуй бага аялж байна. Тиймээс яг орон нутагт хувийн хэвшил хөрөнгө оруулаад дэд бүтэц хөгжүүлэхэд хүндрэлтэй. Улсаас бодлоготойгоор тодорхой заавар өгч орон нутгийн захиргаатай хамтарч ядаж 7 сард маш сайн зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй санагддаг. Одоо бол сошиалаар хүмүүс шуурахаар л гэнэт ухаан орсон юм шиг хөдөлдөг болсон. Жишээлбэл саяхан Цагаан суваргын орчмын талаар сошиалаар шуурахад орон нутгийн захиргаа маш хурдан хашаа хайрс барьсан байсан. Тэгэхээр орон нутгийн захиргаанд бол нөөц боломж байгаа ч өмнө нь хийдэггүй байсан ажлууд дээр санаачилга гаргаж ажиллахгүй байх шиг харагддаг. Багахан сэтгэл, хурд байхад орон нутаг аялал жуучлалын бүсүүдээ хамгаалж мөн орлогын шинэ эх үүсвэртэй байх боломжтой.

Харин аялал жуучлалын бизнес эрхлэгчдийн хувьд, татвар төлдөг, албан ёсоор ажилладаг компаниуд хувиараа өдрийн болон жижиг аялал хийгээд мөнгөө хувьдаа аваад татвараа төлдөггүй бизнес эрхлэгчидтэй өрсөлдөх боломжгүй байдаг. Аялагчдын хувьд аяллын компаниар явбал их үнэтэй байна гэж хараад өөрсдөө аяллаа зохион байгуулаад байдаг. Гэтэл зохион байгуулалтгүй олон хүн аялах нь өмнө Молорын хэлсэн хувь хүндээ ч төвөгтэй очиж буй орон нутагтаа ч ээлгүйгээс гадна үнэндээ өртгийн хувьд ч хямд тусдаггүй. Аяллын компанид нэг удаа бүхэл дүнгээр төлөх гэхээр их санагдаад байдаг мөнгө нь өөрсдөө харанхуйгаар аялахаар бага багаар гарсаар ялгаагүй шахуу зардалтай болдог гэдгийг ихэнх маань анзаарахгүй байгаа нь харамсалтай.

Энхжин: Та бүхний ажил энэ жилийн нөхцөл байдалтай холбоотойгоор хэр өөрчлөлтөд оров? Сорилтыг давахын туулахад ямар ажлууд хийгдэж байна?

Барсболд: Үүссэн нөхцөл байдал биднийг хүлээлтийн байдалд оруулсан. Гэхдээ хилийн хорио нээгдэхгүй нь баталгаатай болох үед бид маш хурдтай ажиллаж дотоодын аялагчиддаа зориулсан ОТОГЛОЁ нэртэй аяллын цогц үйлчилгээг санаачлан, хөгжүүлж 7 сараас аялагчдаа аван амжилттай ажиллаж байна. ОТОГЛОЁ-н хувьд бид аялагчиддаа мэргэжлийн зочлох үйлчилгээг жуулчны бааз, төвлөрсөн төвүүдээр биш онгон зэлүүд бусад аялагчид очиж сүйтгээгүй цэвэр тансаг байгальд нь санал болгож байгаагаараа онцлог. Тодруулбал аялал маань сонирхолтой аяллын хөтөлбөр, үзэсгэлэнт байгаль, тав тухтай асар майхан, унтах ор, боловсон жорлон, халуун хүйтэн устай дүш, төвлөрсөн хог болон тамхины цэг, амт чанартай хоол, аюулгүй орчин, мэргэжлийн тогооч болон мэдээ мэдээллээр хангах хөтөч гээд аялагчдын хүсэж болох бүхнийг багтаасан үйлчилгээ байгаа.

Молор: Төлөвлөсөн, төсөвлөсөн ажлууд нэлээн хойшлогдсон. Төрийн байгууллага дэд бүтэц хөгжүүлэх ажлуудыг хийж байгаа. Отоглох цэгүүдийг байгуулах ажлыг төсөвт тусгасан байгаа. Энэ жил тендер нь зарлагдвал 30-аад отоглох цэг байгуулах ажил хийгдэнэ. Мөн гол зам дагуу түр буудаллах цэгүүд буюу үйлчилгээний төвүүдийг ирэх 4 жилд улсын хэмжээнд 10-ыг барихаар төлөвлөн ажиллаж байгаа. Аялагчдын боловсролд чиглэсэн контентуудыг бага зэрэг хоцорсон ч хийж эхэлсэн. Үүний нэг  “Ирлээ, явлаа, цэвэр” аянг дурдаж болно. Мөн аялагчдын боловсролыг дэмжих сургалтын хэд хэдэн ажил төлөвлөгдсөн ч хийгдэж амжаагүй байгаа.

Энх-Амгалан: Орон нутгийн иргэдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх төслүүдийг манай Швейцарын хөгжлийн агентлаг дэмждэг. Орон нутгийн иргэдийн соёлыг сурталчлах, байгаль, шувуу, ан амьтан, ургамал ажих аяллуудыг гаднын жуулчдад зориулан хөгжүүлж, хийж байгаа. Энэ жил хэд хэдэн төслүүдийг санхүүжүүлэн бэлтгэл ажлаа хангасан байсан ч Ковидын улмаас хил нээгдээгүй тул аяллаа авч чадаагүй. Энэ нь бас аялал жуулчлалын бизнес хийж буй хүмүүст эрсдэлээ бууруулахын тулд 50% гаднынханд зориулсан 50% дотоодын жуулчиддаа зориулсан байдлаар жуулчлалын бүтээгдэхүүнээ хөгжүүлбэл дээр юм байна гэдгийг ойлгуулсан гэж хараад байгаа. Бидний  орон нутгийн иргэдийн санаачилгыг дэмжин түүнийг нь санхүүжүүлэн ажиллаж буй аяллаас жишээ татвал:

Вансэмбэрүү цэцэг үзэх аялал: Ховд аймгийн Дуут суманд орон нутгийн иргэд Вансэмбэрүү цэцгээ хайрлан хүндэлдэг ч мэдэхгүй гадна дотнын хүмүүс орж ирээд түүж авах, устгах байдлууд гараад байсан. Тиймээс үүнийг зогсоохын тулд орон нутгийн иргэд нь зөвхөн энэ цэцгийг үзүүлэх аяллыг санаачилсан.

Тэсийн голын морин аялал: Тэсийн голыг дагасан сумууд хамтран голоо хамгаалалтандаа авангаа аялал жуучлалыг хөгжүүлэн морин аялал хийлгэж эхэлсэн.

Төв аймгийн Эрдэнэ-ширээт сум, Ширээт уул: Зэрлэг аргалыг 2 жилд 1 удаа агнуулж мөнгө олдог байснаа аргалыг төлбөртэйгөөр үзүүлдэг аяллын бүтээгдэхүүнтэй болсон.

Энхжин: Монгол улсын дотоодын аялал жуулчлалд хамгийн түрүүнд шийдвэрлэх хэрэгтэй 3 асуудлыг тодорхойлбол?

Барсболд: Олон асуудал байгаа ч бидний хялбархан бусдын дэмжлэг туслалцаа хүлээлгүй шийдэж чадах асуудлууд бол зорчин очиж буй газрын дэд бүтэц ЖОРЛОН, ХОГ ХАЯГДАЛ болон АЯЛАГЧДЫН БОЛОВСРОЛ юм болов уу гэж хардаг.

Молор: Дотоод аялагчдын талаар СУДАЛГАА МЭДЭЭЛЭЛ муу. Аялагчдыг хэрхэн тоолох аргачлал гараагүй байгаа. Хил хааснаас үүдэн дотоод аялагчдын тоо асар хурдацтай өссөн. Үүнд орон нутгийнхан бэлтгэлгүй байсан тул ДЭД БҮТЭЦ (жорлон, хогийн цэг гэх мэт)-ийн хүрэлцээ муу, хүссэн үйлчилгээгээ авч чадаагүй гэх мэт асуудлууд тулгарсан. Мөн хүмүүсийн АЯЛАХ БОЛОВСРОЛ-ыг өсгөхөд улс, хувийн хэвшил, ард иргэд хэн ч бай өөрийн боломжоор оролцмоор санагддаг. Ер нь цэцэрлэг, сургуулийн түвшингээс эхлэн боловсрол олгохгүй бол бидний ярьж буй асуудлуудыг хүн л тарьж байгаа.

Энх-Амгалан: Дотоодын аяллын  МЭРГЭШСЭН БАЙГУУЛЛАГА байхгүй, аялагчид маань юу хүсэхээ сайн мэдэхгүй байгаа харагддаг. Мөн дотоодын аялал жуулчлалын салбарт СУДАЛГАА МЭДЭЭЛЭЛ дутмаг, БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТ хангалттай бус байгаа санагддаг.

Энхжин: Аялал жуулчлалын салбарын мэдлэг мэдээлэл сул байна, олон нийтийг аяллын мэдлэгтэй болгох хэрэгтэй байна гэж их дурдагдлаа. Тэгэхээр та бүхэн мэдээллийг хаанаас илүүтэй авдаг бэ?

Бүх оролцогчид: Интернетээс сошиал медиа сувгуудаар, танилуудаас авч байна.

Энхжин: Аяллын бүтээгдэхүүнийг таниулах олон нийтийн аяллын боловсролыг сурталчлах тал дээр ямар ажлууд хийгдээсэй гэж хүсдэг бэ?

Энх-Амгалан: Аяллын байгууллагуудын хувьд мэдээллээ зөвхөн сошиал хуудсаар биш албан ёсны вэбсайтаар дамжуулж хүргэвэл илүү итгэлтэй болдог юм шиг санагддаг. Мөн мэдээллээ хүмүүс амралтаа төлөвлөх үеэр бүрэн оруулсан байвал их хэрэгтэй болов уу. Жуулчлалаар хөдөө явж байгаа хүмүүсийн боловсролыг үнэхээр сайжруулах хэрэгтэй санагддаг. Ялангуяа байгаль экологио хайрлаж, гэмтээлгүй харьцах болон нутгийн иргэдтэй хүндэтгэлтэй харьцах тал дээр. Мөн орон нутгийн иргэдийг ч аялал жуучлалын соёлд сургаж Улсын зүгээс системтэйгээр, тасралтгүй олон нийтийн аяллын боловсролыг өсгөх ажлуудыг хийх шаардлага маш өндөр байгаа нь ажиглагддаг.

Барсболд: МУИС-с гаргасан судалгаагаар нийт аялагчдын 95% нь өөрөө аялна. 4-5% нь л аялал жуулчлалын компаниар явах чадамжтай гэж гарсан. Аялагчид ихэнхдээ өөрсдөө аяллаа зохион байгуулж байгаа нь аяллыг жинхэнэ утгаар нь мэдрэхгүй, тухайн орон нутгийн түүх, байгалийн тогтцын онцлог, ард иргэдийн соёлын талаар мэдлэг мэдээлэл авахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Саяхан нэг найз маань гэр бүлийнхэнтэйгээ Хархорин ороод музей үзэж байхдаа УБ-с Хархорин орох замд үзэх харах зүйл зөндөө байсан байна гэдгийг ойлгосноо хуваалцаж байсан. Хэрэглэгчид сошиалаар сурталчилж буй олон аяллын бүтээгдэхүүн дунд төөрч байгаа бөгөөд зарим нэг нь судалгаагаа сайн хийхгүй хулхитуулах гунигтай явдлууд гардаг.  Тиймээс мэргэжлийн холбоод хариуцсан төрийн байгууллагууд нь энэхүү аяллын компаниудын санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээ нь яг сурталчилж байгаа шигээ байна уу, найдвартай байна уу гэдэг дээр хяналт тавьж, үнэлгээ өгөн зэрэглэл өгдөг байх хэрэгтэй санагддаг.

Молор: Сургалт, сурталчилгааг маш их хийх хэрэгтэйг мэдэрсэн. Цэцэрлэг сургуулиас эхлэн аялал жуулчлалын талаарх боловсролыг хөтөлбөрт нь оруулан сургалт сурталчилгааг түлхүү хиймээр санагддаг.

Энхжин: Монгол улсын аялал жуучлалын салбарт цаашид хэрхэн хөгжинө гэж хардаг бэ? Ямар боломжууд бий болох байх гэсэн хүлээлттэй байна?

Молор: Аялал жуулчлалын тренд хил дамнасан байдлаас илүүтэй хөрш орны болон бүсийн аялал руу шилжиж байгаа. Тиймээс манайхыг зорих Хятад, Орос болон Евро-Азийн жуулчдын тоо нэмэгдэх магадлалтай байна. Мөн группээс илүүтэй ганцаараа болон тусгай хэрэгцээт бүлгийн аялал хөгжихөөр байна гэж харж байгаа. Баттулга ерөнхийлөгчийн санаачилсан 30,000 хонины бэлэг Хятадуудад их нөлөөлсөн. Сүүлийн 3 жил дараалан аялал жуулчлалын үзэсгэлэнд ороход танилцаж байсан Хятад компаниудаас маш их хандалт над руу орж ирсэн. Жишээлбэл Шанхайд байрлалтай 1 том Пи Ар компаниас хандаж Монголын төрийн албаны 1 хүнээр 30 секунд дотор үнэгүй сурталчилгаа хийх боломж өгсөн. Тэр шторк нь маш их хандалт авсан байсан. Цаг үеэ мэдэрсэн хөршүүддээ чиглэсэн жижиг ажлууд ч том үр дүн нөлөөлөл үүсгэх боломжтойг энэ жишээ тодоор харуулсан гэж бодож байна. Мөн аюулгүй байдал, замаа мэдэхгүй гэх мэт шалтгаанаас эмэгтэйчүүд ихэнхдээ аялал жуулчлалын компаниар үйлчлүүлэх юм болов уу гэж харж байгаа тэгэхээр аяллын бүтээгдэхүүнүүд хөгжүүлэхдээ энэ онцлогийг харах хэрэгтэй байх.

Энх-Амгалан: Ковидын дараа ямар ч хүнтэй харилцаа үүсгэлгүй хэнтэй ч харилцалгүй, ямар ч аюулгүйгээр маск зүүхгүй байх боломжийг одоогийн байдалд залхсан олон гаднынхан мөрөөдөж байгаа байх. Тиймээс Монгол бол өргөн уудам нутаг хэнтэй ч харилцаа үүсгэхгүй дураараа аялж амарч болох амар тайван улсуудын нэг гэдэг талаасаа олон нийтэд танилцуулах хэрэгтэй болов уу. Монголыг ТАЛЫН гэдгээр нь сурталчлаад явмаар байдаг. Жуулчид тал нутаг, байгаль үзэх гэж манайд ирж байгаа болохоос өөрсдийнх нь оронд байдаг хөшөө дурсгал, байшин сав үзэх гэж Монголд хэн ч ирдэггүй гэж боддог. Монголтой холбоотой байж болох аялал жуулчлалаа хөгжүүлсэн талаарх хэд хэдэн жишээг хуваалцмаар санагдлаа.

Нэг танил Хятад профессор Монголд ирэхээр нь ойрхон хөдөө гаргаад хөдөөний айлын иддэг хоол хүнсээр дайлаад мал ахуйтай зүгээр л энгийн нүүдэлчин айлын ахуйд шууд оруулсан. Тэгээд хоол хүнсэнд гэдэс гүзээ нь тавгүйцэх бий, орчин таалагдахгүй байх бий гээд санаа зовж байсан чинь “Танай энэ эгэл жирийн байдал хамгийн сайхан байна. Юу ч битгий өөрчлөөрэй. Манай Хятадууд харьцангуй баяжсан. Европын соёлт нийгэмтэй танилцах аяллыг түлхүү хийж байгаа бөгөөд удахгүй ханана, уйдна. 1,0 сая доллароос дээш орлоготой  500.0 сая хүн Хятадад байна. Тиймээс та нарт зах зээл байна шүү” гэж байсан. Мөн Хятад эмэгтэйчүүд бүжиглэх маш дуртай. Монголын талд бүжиглэх юмсан гэсэн мөрөөдлийг инстаграм ч юм уу сошиал платформуудаар дамжуулан сурталчлах хэрэгтэй санагдсан. Бидэнд судалгаанд суурилсан бэлтгэл л хэрэгтэй байх.

Тодруулбал, Швейцарууд мөн аялал жуулчлалын салбар маш өндөр хөгжсөн. Тиймээс Хятад аялагчид маш их өсөж буйг анзаараад Хятад хэлтэй хөтчүүд болон бусад Хятадуудын мөнгөө үрдэг зүйлсийн судалгааг хийж бэлтгэл ажлаа хийж эхэлсэн. Судалгаагаар 1 Хятад хүн аялахдаа 5,000 ам.долларыг зарцуулдаг гэдгийг  судлаад юунд мөнгөө үрж байгааг нь тодорхойлоод Хятад эмэгтэйчүүдийн хамгийн их сонирхдог цүнхний загваруудыг агуулсан дэлгүүр ажиллуулахад эмэгтэйчүүд нь оочерлож зогсоод авч байсан.

Барсболд: Ойрын жилүүдэд хил орчмын улсуудаас буюу манай руу шууд нислэгтэй улсуудын аялал илүү хөгжинө гэж харж байгаа.

Энхжин: Өмнө тодорхойлсон дотоодын аялал жуучлалд тулгамдаж буй асуудлуудад та бүхний санал болгох шийдлүүд юу бэ?

Энх-Амгалан: Энэ жилийн бэрхшээл боломжуудаа хараад ажлын төлөвлөгөөгөө сайн гаргаад дараа жилийн аялал эхлэхээс өмнө мэдээллээ цацчихвал хүмүүст аяллаа төлөвлөхөд бүх зүйл тодорхой болсон аль аль талдаа амар санагдаж байна. Бусад орны хувьд дотооддоо туршсаны дараа гадаад зах зээл рүү бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргадаг бол манай аялал жуучлалын салбарын хувьд гаднын өндөр стандарттай үнэтэй үйлчилгээг үзүүлээд сурсан ч дотоодын хэрэглэгчдийн онцлогийг мэдэж хүрч чадахгүй байгаа харагддаг. Тиймээс СУДАЛГААн дээр төвлөрсөн төрөл бүрийн аялал жуучлалын БҮТЭЭГДЭХҮҮНийг хөгжүүлээсэй. Тэгэхдээ орон нутгийн иргэдийн оролцоог хангах тэдний санаачилгыг дэмжин үр дүнтэй ХАМТРАН АЖИЛЛАХ хэрэгтэй санагдсан. Улсаас бодлого, стандарт нэвтрэхийг хүлээвэл мөдгүй болов уу тиймээс нутгийн иргэдээс гарсан сайн туршлагуудыг бүртгэж алдаршуулах олон нийтэд танилцуулах, сурталчлах хэрэгтэй байх. Учир нь хүн хэлэхээс нааш гэдэгчлэн өөрсдийнхөө хийж ирсэн уламжлалт хандлагаа хадгалчих гээд байдаг тул бусад хүмүүст санаа авахад сайн туршлагыг танилцуулах нь маш хэрэгтэй санагддаг. Мөн орон нутгуудын хөгжлийн мэргэжилтнүүдийг АЯЛАЛ ЖУУЧЛАЛыг хариуцуулж, хөгжүүлэх тал дээр чадавхжуулаасай гэж боддог. Одоо бол мал аж ахуй, газар тариалан болон уул уурхайн асуудлаа л анхаардаг бусдыг нь тоохгүй байх шиг харагддаг.

Молор: Зорин очих газрын менежментийн байгууллага хөгжүүлэх зааврыг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан байдаг. Энэхүү зааврыг төрийн байгууллага дангаараа хөгжүүлэх боломжгүй болохоор хувийн хэвшилтэйгээ хамтран орон нутаг бүрийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогоо боловсруулж төр хувийн хэвшил нягт ХАМТРАН АЖИЛЛАЖ чадвал илүү богино хугацаанд дорвитой үр дүнд хүрэх юм байна гэж харж байгаа. Орон нутагт аялал жуучлалын тусгайлсан мэргэжилтэн байхгүй учраас нийтийн өмч болсон байгаль дэлхийгээ цэвэр онгоноор нь хадгалж, орон нутгийн иргэдийн хэвийн амьдралыг хүндэтгэн тэдэнд саад болохгүй аялахад суралцах нь хүн бүрийн ОРОЛЦОО, ухамсрын асуудал юм. Хэн нэгэн ирээд бидний асуудлыг шийдэж өгөөд сайхан болгочихгүй бас энд би удахгүй юм чинь гэсэн хүнийрхүү хандлага нь эргээд манай байгаль орчинг сүйтгээд байдаг.

Барсболд: Ер нь аливаа ажил явахад өөриймсөг сэтгэлээр хандах МАНЛАЙЛАЛ маш хэрэгтэй байгаа. Аялал жуучлалын салбарт ажиллаж буй хувийн хэвшлийнхний хувьд ихээхэн мөнгөөр босох дэд бүтэц барьж байгуулах ажлыг хийж түүнээсээ өөрсдийгөө тэжээх нь их хэцүү. Тиймээс томхон дэд бүтэц хөгжүүлэх үүнд жорлон 00, хогийн цэг байгуулах, отоглох бүсийг тодорхойлох гэх мэт ажлууд болон бодлого боловсруулах ажлаа төр хариуцаад бид санхүү, мөнгө бага шаарддаг зохион байгуулалтад оруулах ажлуудыг хариуцан хамтарвал үр дүнтэй болов уу. Мөн аялагчид маань мэргэжлийн байгууллагаар ҮЙЛЧЛҮҮЛДЭГ СОЁЛД суралцмаар байна. Жишээ авахад том уурхайнууд олборлолт хийсний дараа нөхөн сэргээлт хийдэг болон хувь нинжа гэгдэх уурхайчид бол байгалийг цөлмөдөг гэдгийг бүгд л мэдэх байх. Одоогийн нэгдсэн зохион байгуулалтгүй хэт олон хувь аялагчид бол яг л нинжа нартай адил сөрөг нөлөөг байгальд үзүүлж байна. Магадгүй та би цэвэрхэн л аялдаг бусад соёлгүй аялдаг хүмүүс л хичээх хэрэгтэй гэж бодож байж магад тэгэхдээ мэргэжлийн байгууллагуудын хувьд тухайн орон нутгийг л түшиглэж ажилтай, орлоготой байхаа маш сайн ухаарсан байдаг тул аль болох эргүүлээд орон нутгаа хөгжүүлэх, хамгаалах үйлсэд та бүхний төлсөн арай илүү төлбөрөөс тодорхой хэсгийг нь зарцуулдаг.

Энхжин: Хүрэлцэн ирж аялал жуучлалын салбарын талаар үнэ цэнтэй мэдээлэл хуваалцсан та бүхэнд маш их баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье! Бид дотооддоо соёлтой сайхан аялж сурах цаг удахгүй ирнэ гэж итгэж байна.

 

Боловсролд хүйс хамааралгүй төслийн багийн гишүүдийг урин Жендэрт суурилсан боловсролын ялгаа, тэнцвэртэй бус байдал, хөвгүүдийн нийгмийн оролцоо, хөвгүүдийн боловсролын талаар ярилцаж байна.

С. Болдсайхан /Улс төр судлаач, Зориг сангийн зөвлөх, @Өглөө төслийн зөвлөх/  Ц. Энхцэцэг /хуульч/

       

 

Жендэр гэж юу вэ ? Жендэрийн тэгш байдал гэж юу вэ ?

Жендэр нь нийгмийн хүйс гэж нэрлэгддэг, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн улс төр, нийгэм эдийн засгийн харилцаанд гүйцэтгэх үүрэг, хариуцлага, нийгэмд эзлэх байр суурийн тухай бүрэлдэн тогтсон үзэл бодол ойлголтыг жендер гэнэ. Жендер нь хүйсээрээ ялгагдах зүйл биш.

Жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрийн хот хөдөө орон нутгуудаар ялгаа хэр их байна вэ ?

Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийн талаар хүйсийн шинжээр уламжлагдан тогтсон ялгаатай ойлголт, хандлагыг хэлдэг. Хэвшмэл ойлголт нь нийтлэг байдлаар хүлээн зөвшөөрөгдөөд байгаа тогтсон хэлбэрүүд юм. Харин манай улсад энэхүү ойлголт хамгийн түгээмэл илэрч буй хэлбэр “Уламжлалт сэтгэлгээ юм” юм.

 Жишээ нь эрэгтэй юм чинь хөдөө малаа хариулаад эмэгтэй хүүхэд сурч боловсрох ёстой гээд боловсролын ялгаа гарч ирж байна.

Болдсайхан ах энэ талаар өмнө жил судалгаа хийж байсан судалгааны үр дүнгийн талаар бидэнтэй хуваалцана уу 

Өмнө жил хийж байсан судалгаа маань гадаадад Магистрт тэтгэлгээр сурахаар өргөдлөө илгээж байгаа хүмүүсийн дунд хүйсийн ямар ялгаа байна вэ? Байгаа бол ямар учир шалтгаанаар ялгаа гарч байна вэ ? талаар судалсан. Судалгаа хийгээд үр дүнг үзэхэд Барууны өндөр хөгжилтэй орнуудруу тэтгэлэгт ирүүл байгаа хүйсийн харьцаа 60:40 байсан. 40% нь эрэгтэй 60% нь эмэгтэй гэж гарч ирсэн.Бид нар өдөр тутамдаа ярьдаг эрэгтэйчүүд сайн дурын ажилд идэвхгүй, сонгуульд оролцдоггүй, хурал цуглаан зохион байгуулахад эрэгтэйчүүд цөөн байдаг, ажил хийхэд ч мөн ялгаагүй эрэгтэй хүмүүс маш цөөн хөдөлмөр эрхэлдэг гээд ярьдаг. Тэтгэлэгт өргөдөл өгсөн судалгааны үндсэн дээр хархад энэ яриа нь дэмий хоосон яриа биш болж таарч байна.

Жендэрийн боловсрол юунаас гараад байгаа вэ гэхээр үндсэн 2 шалтгаан байна.

  • Нийгмийн хандлага
  • Хэвшмэл ойлголт

Маш товчхондоо хөвгүүдийн боловсрол тэр болгон ач холбогдол өгдөггүй охидуудаа илүү анхаарал хандуулдаг, энэ нь жендерийн талаарх уламжлалт ойлголт төсөөллөөс болж байна эмэгтэй хүн бол сул дорой хэн нэгнээр заавал хамгаалуулж байх шаардлагатай гэсэн хэвшмэл ойлголтоос болоод  эмэгтэй хүн боловсрол эзэмшихгүй бол энэ нийгэмд өөрийгөө авч явж чадахгүй гэж төсөөлөөд эцэг эхчүүд маань охидуудынхаа хичээлийг их хийлгэдэг иймэрхүү хэвшмэл ойлголт бидэнд сууцан учир ялгаа их гардаг гэж үзсэн нөгөө талаасаа нийгмийн хандлага эдийн засгийн нөлөөллөөс шалтгаалж байна. Монгол улс сүүлийн 20,30 жил уул уурхай хөгжин эдийн засаг нь хараат болсон. Уул уурхай маань хөгжих тусам дагаад эрэгтэйчүүд ээлтэй салбар хөгжиж байна. Энэ салбаруудын хүйсийн тэнцвэрийг хархад эрэгтэйчүүд маань давамгайлсан байдаг үүнийг маш энгийнээр тайлбарлахад 10 жилийн сурагчид Бакалаврийн зэрэгтэй болъё гэхээсээ илүү шууд хөдөлмөрийн зах зээлд оръё гэж бодох нь түгээмэл болсон. Учир нь  гар дээр өгч байгаа цалин өндөр, зайлшгүй бакалаврийн зэрэг шаардаад байдаггүй. Үүнээс болоод хөвгүүдийн боловсролд ач холбогдол өгөхгүй, эдийн засгийн ээлтэй ажил мэргэжил хоорондоо уялдсанаар жил ирэх тусам 10 жилээ төгссөн эрэгтэй сурагчид их дээд сургуульд сурахаасаа илүү хөдөлмөрийн зах зээлрүү ороод байна гэсэн таамаглал гарч байгаа. Ийм шалтгаанаас болоод их дээд сургуульд сурч байгаа хүмүүсийн хүйсийн харьцаа алдагдсан байна.Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хүйсийн тэнцвэрийг хархад 60 гаруй хувийг эмэгтэйчүүд 40 гаруй хувийг эрэгтэйчүүд байна. Энэ нь урт хугацаандаа жендерийн хүйсийн ялгаатай эрэгтэйчүүд нь боловсрол тааруу байхын бол ирээдүйд улс оронд нийгэмд маш олон таагүй үр дагаврыг авч ирнэ. Судалгааны үр дүн маань эрэгтэйчүүдийнхээ боловсрол анхаарал хандуулах хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Жендэр нь өөр улс оронд тулгараад энэ асуудлаасаа гарсан уу гэх талаар судалгаа хийгдсэн юм болов уу? 

Азийн орнууд дундаа Малдив гээд орон нь манайхтай адил эмэгтэйчүүд нь их сурдаг судалгаа байгаа, Азийн бусад улс орнууд нь эсрэгээрээ эрэгтэйчүүд нь илүү сурдаг. 

Хөвгүүд эрэгтэйчүүдийн нийгмийн идэвхи ямар ​байдаг вэ ?

Энэ тал дээр одоогийн харагдаж байгаагаар хөвгүүдийн хандлага эцэг эхчүүдийн хүмүүжлийн хандлагаас их шалтгаалж байна. 

Эрэгтэйчүүдийн хувьд амиа хорлолтыг хувь өндөр байна мөн токсик маскулинитивийн талаар тайлбарлаад өгөөч

Аливаа хөгжиж буй орнуудын дунд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн насны ялгаа манайх шиг өндөр байдаггүй хамгийн ихдээ 4 жилийн зөрүүтэй байдаг. Монгол улсын хувьд 9,10 жилийн зөрүүтэй байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүс биологийн насаараа ч гэсэн адилхан байх албагүй байдаг манайд бол гэнэтийн ослоор эрэгтэй хүмүүс ихэвчлэн нас бардаг амиа хорлох, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг золгүй ослоор дундаж наслалт зөрсөн. Эрэгтэй хүмүүсийн амиа хорлолт маш хурцдаж байгаа асуудлын нэг байна 2020 оны хувьд нас амиа хорлолтын 80% нь эрэгтэйчүүд байсан. Энэ нь уламжлалт ойлголтоос буюу гэр бүлийн сэтгэл зүйн дарамтаас шалтгаалж байдаг жишээ нь эрэгтэй юм байж гэр бүлээ авч явах хэрэгтэй, эрэгтэй юм байж уйлж болохгүй гээд сэтгэл дотор байгаа зүйлээ гадагшлуулж чадаагүйгээсээ болоод тэр бүх дарамтаас өөрийгөө чөлөөлөх зүйл нь амиа хорлолт гэж хувьдаа үзэж байна.

Жендэрийн мэдрэмжийн талаар 

Жендэрийн тэгш байдал гэдэг нь эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай адилхан тэгш боломж, эрх эдлэхийг хэлж байгаа юм. Түүнээс биш аль нэг хүйсэнд давуу тал олгох тухай огт яриагүй, иргэн бүрд эмэгтэй, эрэгтэйгээс үл хамааран эрх тэгш, боломж тэгш байх ёстойг л хэлээд буй юм байна. 

Амьсгалын замын халдварт өвчин, түүнээс хэрхэн сэргийлэх талаар хүүхдүүддээ ойлгуулах тухай” Нийгмийн Эрүүл Мэндийн Ухааны Магистр, “Бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ном”-ын орчуулагч, ХӨСҮТ болон Солонгосын Сүрьеэгийн Нийгэмлэг хамтарсан “Нийгмийн Эрүүл Мэнд”-ийн төслийн менежер М.МӨНХЗУЛтай ярилцахаар урьсан билээ.

Ярилцлагаас онцлох мэдээллүүдийг зочны зөвшөөрөлтэйгээр хүргэж байгааг дараах слайдуудаас харна уу.

Хүмүүсийн төдийлөн мэддэггүй олон төрлийн халдварт өвчин байдаг ба эдгээр халдварт өвчнүүд нь хүмүүсийн нас баралтын шалтгаан болж байна. Хавар агаарын температур нэмэгдэж өвөл хөлдсөн байсан нус, цэр, нян бактери ил гарч амьсгалын замын халдварт өвчин тэр дундаа сүрьеэгийн өвчлөл ихэсдэг.

Манай улс хүүхдийн сүрьеэгийн өвчлөл (10%) өндөр орны тоонд орж байна.

Тиймээс амьсгалын замын халдварт өвчний талаар мэдлэгтэй байх нь эрүүл мэндийн хувьд хохирол амсах эрсдэлийг бууруулж, гэр бүл ойр дотны хүмүүсээ хамгаалах боломжтой.



Ярилцлагыг бүтнээр нь үзэх: https://www.facebook.com/educated.mn/videos/1916615191828523

“Боловсролын Санаачилгууд” ТББ-аас дэлхийн түвшний мэдлэг, мэдээллийг Монголчууддаа хүргэх зорилгын хүрээнд олон улсад нэр хүндтэй байгууллагуудад ажилладаг эрхмүүдийг Монголдоо урин авчирч эрчимжүүлсэн сургалтууд зохион байгуулдаг.

Эдгээр эрхмийн түүчээ болж бидний урилгаар 10 дугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд Монголд зочилж Нийгмийн энтрепенершипийн хөтөлбөр (Social Entrepreneurship Bootcamp) болон Хэлэлцээ хийх ур чадвар ахиулах эрчимжүүлсэн сургалт (Executive program on Boosting negotiation skills)-ыг удирдан явуулсан Азийн топ Сингапурын Үндэсний их сургуулийн харъяа Lee Kuan Yew School of Public Policy болон дэлхийн бизнесийн шилдэг сургууль гэгддэг INSEAD-д багшилдаг, SportImpact нийгмийн энтрепенерийн үүсгэн байгуулагч, консалтинт Нуно Дэликадотой Defacto нэвтрүүлгийн санаачлагч Д. Жаргалсайханы хийсэн ярилцлагын хэсгээс хүргэж байна.

Ж: Оройн мэнд, манай нэвтрүүлэгт тавтай морилно уу.

Н: Баярлалаа, оройн мэнд.

Ж: Та багш, нийгмийн энтрепенер, тамирчин гээд олон албан тушаалтай учир сонирхолтой яриа өрнүүлэх сэдэв олон байна. Яриагаа нийгмийн энтрепенершип гэж юу вэ гэдгээр эхлэх үү?

Н: Нийгмийн энтрепенершипийн гол зорилго нь дэлхий нийтэд тулгараад буй нийгмийн төрөл бүрийн асуудлуудыг бизнесийн төрөл бүрийн санаа, загвар, процесс, арга хэрэгслүүдийг ашиглан шийдвэрлэх юм. Зарим хүмүүс үүнийг хүмүүсийн амьдрал ахуйг сайжруулахын тулд нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхээр зорьдог Тереза эх болон Ричард Брэнсон шиг бизнесийн байгууллагууд, төрөл бүрийн шийдлүүдийг хөгжүүлэн, өргөжүүлж олон хүнд хүртээмжтэй байлгаж чаддаг энтрепенерүүдийн нэгдэл гэж тайлбарладаг.

Ж: Манай үзэгчдэд илүү ойлгомжтой байлгах үүднээс та ямар нэгэн төсөл хөтөлбөрөөр дамжуулан нийгмийн бизнесийг тайлбарлаач?

Н: Таныг зөвшөөрвөл би өөрийн “Спортын үр нөлөө” нийгмийн бизнесээ товч тайлбарлая. Энэ маань хүнийг спортоор дамжуулан хөгжүүлэх алсын хараатай нийгмийн бизнес юм. Бид хүний хөгжил гэдгийг хүмүүс өөрөө өөрийнхөө амьдралд эзэн болох, өөрийн хүссэн амьдралаараа амьдарч, ирээдүйгээ бүтээх хүч, урам зоригоор тэтгэх гэж тодорхойлдог. Энэхүү зорилгоо ажил хэрэг болгож, цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд бидэнд бизнесийн тогтвортой загвар шаардлагатай. Тогтвортой байна гэдэг нь тухайлбал хүний нөөцийн хувьд бизнест чинь шаардлагатай ажиллах хүч урт хугацаанд тогтвортойгоор хувь нэмрээ оруулах, мөн санхүүгийн болон бусад материаллаг нөөцүүдээр тогтвортой хангагдахыг хэлнэ. Тэгэхээр таньд төрөл бүрийн нөөцүүд хэрэгтэй байх нь.

Ж: Жаахан дэлгэрүүлж үзье. Өнөө үед дэлхий дахинд тулгамдаад буй илүүдэл жин гэх мэт олон төрлийн эрүүл мэндийн асуудлууд байхад ихэнх хүмүүс эдгээр асуудлаас хэрхэн яаж ангижрахаа мэддэггүй. Тэгэхээр та яг хэрхэн спортоор дамжуулан хүнийг хөгжүүлж байгаа тухайгаа тайлбарлаач.

Н: Бидний авч хэрэгжүүлж буй арга хэрэгслүүд хамгийн шилмэл арга эсэхийг бид одоогоор хэлж мэдэхгүй ч бид юутай ч хийж туршсаар байна. Угаасаа ч турших, суралцах, сайжруулах, үр дүнгээ дүгнэж цэгнээд дахин сайжруулах гэдэг бол энтрепенер хүний арга барил. Бид 20-25 насны залуустай тулж ажилладаг. Бид тэдэнд манлайллын ур чадвар, удирдлагын арга барилууд, аливааг дүгнэж цэгнэх ур чадваруудыг зааж сургаснаар тэднийг ирээдүйн манлайлагчид, залуу манлайлагчид болгон бэлтгэдэг.

Ж: Тэдгээр залуусыг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ? Энэхүү ажлын тань цар хүрээ хэр вэ? Та энэхүү хөтөлбөрөө Сингапур болон бусад хэд хэдэн орнуудад амжилттай хэрэгжүүлээд байгаа. Энэхүү бизнесийнхээ амжилтын түүхээс бидэнтэй хуваалцаач. Оролцогчдоо хэрхэн шалгаруулдаг, хөтөлбөрийн зардлыг хэн санхүүжүүлдэг, хэр хэмжээний санхүүжилттэй байхад тогтвортой ажиллаад байх боломжтой гэх мэт.

Н: Бид Тимор – Листэ (Зүүн Тимор) гэх 1,2-хон сая хүн амтай боловч боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ муу хөгжсөн, ариун цэврийн асуудал ихтэй, хүнс тэжээлийн дутагдалтай зэрэг шийдвэрлэх олон асуудалтай улсад анх энэхүү нийгмийн бизнесээ эхлүүлсэн. Бид хэрхэн залуусыг үйл ажиллагаандаа татан оролцуулдаг вэ гэхээр – бид спортоор дамжуулан амьдралаа эерэгээр өөрчлөх хөтөлбөр, сургалтууд зохион байгуулдаг. Оролцогчид урьдчилан бүртгүүлэх ёстой ба хэр хүсэл эрмэлзэлтэй байгааг нь шалгах үүднээс тэднээс тодорхой хэмжээний хураамж авдаг. Ингэж хураамж авснаар нийгмийн бизнес маань мөн санхүүгийн хувьд тогтвортой байхад нэмэр болдог. Оролцогчид дунджаар долоо хоногийн хөтөлбөрт 1 доллар төлөөд оролцох юмуу 25 доллар төлөөд хөтөлбөрийн удирдагчдыг бэлтгэх сургалтанд хамрагддаг.

 

Ж: Гэхдээ нэг доллараар зардлаа нөхөж чадахгүй биз дээ?

Н: Тимор-Листэд бол нэг доллараар олон зардлаа нөхөх боломжтой. Магадгүй миний цагийн үнэлэмжийг бол нөхөхгүй байх. Гэхдээ онцлог нь би энэ бизнесээ сайн дураараа хийдэг. Би цаашид энэхүү төслийг хөгжүүлэн, өргөжүүлэн авч явах орон нутгийн багийнхныг бэлтгэхэд тусладаг. Би цагаа, ажлаа үнэлүүлнэ гэвэл асуудлыг хүндрүүлэх байх. Би тэнд амьдардаг гадаад хүн учир орон нутгийнхнаас арай өөр амьдралын нөхцөлтэй амьдарч байж болно.

Ж: Тэгэхээр, нийгмийн энтрепершип гэж сайн дурын ажил, бизнесийн загварын хослол гэж бас ойлгож болохнээ.

Н: Тэгж ойлгож болно.

Ж: Та маш завгүй, маш олон төсөл хөтөлбөр дээр ажилладаг байж яагаад сайн дураараа ажилладаг юм бэ? Та явж очоод, ажиллаад, тэгсэн мөртлөө ямар ч цалин авдаггүй юм байна.

Н: Оновчтой асуулт байна. Би ч мөн өөрөөсөө энэ асуултыг асууж байсан. Би яагаад энэ ажлыг сайн дураараа хийх болов? гэж. Би энэ ажлаасаа мөнгөн биш ч өөр төрлийн урамшууллыг авдаг. Би зөвхөн бусдын төлөө өөрийгөө золиослодог туйлын үзэлтэй биш л дээ. Энэхүү ажлаа би гэгээрсэн хувиа хичээлт гэмээр юмуу. Би энэ ажлаараа дамжуулан амьдран буй дэлхийгээ илүү сайхан байлгахад хувь нэмрээ оруулж, амьдралын утга учрыг мэдэрдэг.

Ж: Ойлголоо. Та өөрөө өөртөө сэтгэл хангалуун байж, бусад хүмүүсийн амьдралыг илүү үнэ цэнэтэй болгосноор сэтгэл дүүрдэг юм байна. Та ялангуяа залуу үеийнхний амьдралд өөрчлөлт авчрахыг зорьдог байх нь.

Н: Яг тийм.

Ж: Их сонирхолтой санагдлаа. Таны хийж буй зүйл нийгэмд ихээхэн чухал үүрэгтэй. Та мөн пентатлоны тамирчин байсан хүн. Энэ талаараа бидэнтэй хуваалцаач.

Н: Пентатлон буудлага, туялзуур сэлэм, усанд сэлэлт, морин уралдаан, гүйлт
гээд таван төрлийн спортыг багтаадаг.

Ж: Ингэхэд та Монголд ямар ажлаар ирсэн билээ?

Н: Би Хэлэлцээ хийх ур чадвар ахиулах удирдах түвшний ажилтнуудад зориулсан хөтөлбөр болон Нийгмийн энтрепенершипийн эрчимжүүлсэн хөтөлбөрүүдийг удирдан явуулахаар ирсэн. Хоёр өөр сегментэд зориулсан хоёр өөр хөтөлбөр байгаа.

Ж: Хэлэлцээ хийх менежерүүдийн ур чадвар?

Н: Тийм.

Ж: Та энэ чиглэлээр хэд хэдэн ном бичсэн байхаа? Зарим нэг нь бэстселлэр болж байсан гэв үү?

Н: Одоогоор ном бичээгүй, голдуу нийтлэлүүд хэвлүүлсэн. Номоо удахгүй гаргах байх.

Ж: Хэлэлцээ хийх менежерүүдийн ур чадварын хөтөлбөр, өөр нэг нь юу гэлээ?

Н: Нийгмийн энтрепенершипийн эрчимжүүлсэн хөтөлбөр. Цэргийн сургуулилт шиг биеийн хат шаардахгүй ч маш шахуу, гүйцэтгэл өндөртэй явагддаг хөтөлбөр.

Ж: Энэ хөтөлбөр хэр удаан үргэлжилдэг билээ?

Н: Хоёр өдөр хагас үргэлжилдэг. Эхний өдрийнхөө үдээс хойш эхэлдэг.

Ж: Хэдэн хүн оролцох вэ?

Н: Манай хөтөлбөрт 24 хүн оролцсон.

Ж: Хөөх, ямархуу хүмүүс оролцов?

Н: Ихэнх нь ЕБС-ийн ахлах ангийн болон их дээд сургуулийн нэг, хоёрдугаар курсийн оюутнууд байсан.

Ж: Оролцогчид хэрхэн хүлээж авав?

Н: Оролцогчид маань маш сэтгэл хангалуун байсан. Тэд шинэ зүйлсийг сурч, өөрсдийн нийгмийн бизнесийн санаагаа хөгжүүлэхдээ ихээхэн идэвхитэй байсан. Манай хөтөлбөрийн зорилго оролцогчдоо нийгмийн асуудлуудыг бизнес модел ашиглан хэрхэн шийдвэрлэх талаарх өөрсдийн санаагаа хөгжүүлэх боломжоор хангах байсан. Тэд бидний өгсөн 10 даалгавар тус бүрийн дагуу санаагаа хөгжүүлээд, эцэст нь шүүгчдэд хөгжүүлсэн санаагаа танилцуулсан.

Ж: Тэд бүгд танилцуулгаа хийсэн үү?

Н: Тэгэлгүй яахав. Гэхдээ Монгол хэлээр явагдсан учир би өөрөө багахан хэсгийг нь л ойлгосон гэдгээ хэлэх нь зүйтэй. Харин хамтран ажиллагсад маань ихээхэн эерэг сэтгэгдэлтэй байсан. Зарим багууд хөтөлбөрөө өндөрлөөд шууд л нийгмийн бизнесийн санаан дээрээ ажиллаж эхлэнэ гэлцэж байсан.
Ер нь хөтөлбөрийн маань гол зорилго нийгмийн энтрепенершипээр дамжуулан хүн нас, хүйс, мэргэжил боловсролд хязгаарлагдахгүйгээр өөрийн амьдрал ахуй, амьдран буй нийгмээ хөгжүүлэн, өөд татах хүч бололцоо өөрсдөд нь байгаа гэдгийг ухааруулах, урам зориг өгөх юм.

Ж: Ямар төрлийн нийгмийн асуудлуудыг ихээр хөндөж байв?

Н: Хэд, хэдэн асуудал хөндөгдсөн. Зарим оролцогчид өөрсөддөө тохиолддог асуудлуудаа шийдэхээр зорьж байсан. Тухайлбал, 20 орчим насны залуус сургуулиа төгсөөд тохирсон ажлаа олоход олон бэрхшээлтэй тулгардаг учир дадлагын ажил, мэргэжлийн ажлаа олоход нь туслах ур чадвар дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх санаа гаргаж байсан. Уг хөтөлбөрөөр дамжуулан тэд их дээд сургуулиас олж авсан мэдлэгээ, практикт шууд ашиглах, төгсөөд өөрсдийн амьдралаа хариуцаад, боломж бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах боломжтой болно

Зарим оролцогчид хүүхэд багачууд, ялангуяа гэр хороололд амьдардаг бага насны хүүхдүүдэд зориулсан санаан дээр ажилласан. Тэдгээр санаанаас дурдвад зорилтот бүлгүүдэд хамаарах бага насны хүүхдүүд гэр сургууль болон бусад тогтмол зорчдог маршрутуудынх нь хооронд аюулгүй, боломжийн үнэтэй, хүүхдийн нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлэх гэх мэт.

Ж: Тэгэхээр оролцогчид маань нийгмийн төрөл бүрийн асуудлуудыг бизнесийн загваруудаар шийдэхийг зорьсон байх нээ?

Н: Тиймээ. Тэдгээр асуудлууд нь оролцогчдын шийдэхийг үнэн сэтгэлээсээ хүсдэг асуудлууд байсан.

Ж: Та хэлэлцээ хийх ур чадварын талаар яриач. Энэ яг юу гэсэн үг вэ?

Н: Хэлэлцээ хийх ур чадвар гэж миний бодлоор бидний бүр бага ангиасаа л сурах ёстой хамгийн чухал ур чадвар. Энэ нь аль болох тухайн яриа, хэлэлцээнд оролцогч бүх талын ашиг сонирхолд нийцсэн шийдэлд хүрэхээр зорихыг хэлнэ. Тухайлбал, би таньтай хэлэлцээ хийж байна гэж бодоход, би өөрийн зорилгодоо хүрэхийн хажуугаар таныг ч мөн зорилгод тань хүргэх эрмэлзэлтэй байна гэсэн үг. Энэхүү үнэ цэнэд суурилсан хэлэлцээ хийх ур чадварын сургалтыг “Боловсролын Санаачилгууд” ТББ намайг урьж авчирсанаар Монголд зохион байгуулах боломжтой болсон. Сургалтын үеэр хэрхэн хэлэлцээнд оролцогч бүх талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн шийдэлд хүрэхэд чиглэсэн практик аргууд, хэлэлцээрийн үйл явцыг дүгнэж цэгнэсний үндсэн дээр системтэйгээр асуудалд хандах арга барилыг зааж, таниулж, түүний дагуу хэлэлцээ хийлгэж, үр дүнгээ үнэлж цэгнээд, алдаанаасаа суралцаад ахин хэлэлцээ хийх зэрэг бүтэцтэй хичээллэсэн. Ингэснээр та хэлэлцээ хийх бүртээ илүү сайжирна гэсэн үг.

Үнэ цэнэд суурилсан хэлэлцээний гол ухагдахуун нь асуудлын аль болох бүр гүн рүү орж, тухайн хэлэлцээрт оролцогчид яг юу хүсээд байгааг ухаж ойлгох чадварт суулгах юм. Асуудлын гүн рүү орж чаддагүйгээсээ болоод хүмүүс голдуу өнгөн хэсэг дээр гацчихдаг. Бид хэлэлцэгч талынхаа зөвхөн шаардлагыг л харж чаддагаас болоод гацаанд орж, хэн хэнийх нь эрх ашигт нийцэх нийтлэг орон зайг олж харж чаддаггүй. Иймээс үнэ цэнэд суурилсан хэлэлцээний аргаар надад яг юу хамгийн чухал байна, таньд яг юу хамгийн чухал байна гэдгийг ухаж гаргаж ирэхийг зорьдог.

Ж: Хамгийн шилдэг хэлэлцээ хийгчид байх хамгийн чухал чадвар юу вэ?

Н: Би хувьдаа хэлэлцээ хийх хамгийн шилдэг зэвсэг бол оновчтой, зөв асуултууд тавих гэж хэлнэ. Сайн асуултууд, нээлттэй асуултууд, яагаад, юуны тулд, яах гэж, хэрхэн гэсэн асуултууд асуух тун хэрэгтэй. Ялангуяа яагаад гэдэг асуулт. Та яг яагаад үүнийг хүсч байна? Юуны тулд ийм шаардлага тавьж байна? Та үүгээр яг яах хэрэгтэй байна вэ? Эдгээр асуулт хүмүүст яг юу хүсч байгааг нь тодруулах хүчтэй асуултууд юм. Эдгээр асуултууд талуудад нуугдаад буй ашиг сонирхолд нь нийцсэн шийдэл, хувилбаруудыг гаргаж ирэхэд тусладаг.

Ж: Сонирхолтой нь та хэлэлцээ хийх ур чадварын хөтөлбөрийг Ли Куан Югийн нэрэмжит Төрийн бодлогын сургууль (LKYSPP)-д боловсруулан, хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөр хэрхэн хэрэгжих болсон талаар хуваалцаач.

Н: LKYSPP-тай би холбогдохоос өмнө тэд хэлэлцээ хийх ур чадвар олгоход чиглэсэн хөтөлбөртэй байсан. Би тус хөтөлбөрийн багштай найз байсан юм. Тэр найз маань Канад руу буцах болоход хэн тус хөтөлбөрийг нь үргэлжлүүлэх гэж байгаа юм бол гэж бодсон. Тэгээд өөрөө хэлэлцээрийн мэргэжилтний хувьд би яагаад санаачлагыг гартаа аваад тэдэнд хэлэлцээрийн хичээл боловсруулж өгөөд зааж болохгүй гэж бодон саналаа хэлсэн.

Ж: Та цаашид ч ажиллах уу? Та хэлэлцээрийн хөтөлбөрөө заахаас гадна өөр ямар нэгэн ажил хариуцдаг уу?

Н: Урьд нь сургуульд байгаагүй шинэ ажлыг нэг жилийн өмнө санаачлан хэрэгжүүлсэн маань нийгмийн энтрепенершипийн хичээл юм. Би хувьдаа олон нийтэд чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг сургууль нийгмийн асуудлуудыг бизнесийн загваруудаар шийдэх боломжийг ашиглахгүй байна гэж харсан. Тийм учраас би энэхүү шинэ хичээлийг орж эхлэхийг сургуульд санал болгосны дагуу энэ оны 1 дүгээр сард анхныхаа оюутнуудтай хичээллэж эхлээд тэд маань энэ долоо хоногт хичээлээ дүүргэж байгаа. Энэ Бямба гаригт тус хичээлийн маань хоёр дахь элсэлт төгсч байгаа юм байна.

Ж: Таны хичээл голдуу нийгмийн бизнесийн амжилттай жишээг танилцуулах уу? Сайн гэсэн арга зүйг танилцуулах уу? Ямархуу байдалтай явагддаг вэ?

Н: Хичээл маань онолд биш практикт суурилсан. Юу гэсэн үг вэ гэхээр оюутнууддаа бодитоор хэрэглэж болох арга тактикууд зааж, түүнийгээ бодит төслүүд дээр хэрэглэхэд нь туслах дасгал ажлууд хийлгэж, бодит төслүүдээ амжилттай хэрэгжүүлэх урам зоригоор тэтгэдэг. Оюутнуудын дүн нь тэд бодит амьдрал дээр бодит хүмүүстэй ярилцаж, бодит талуудаас суралцаж, улмаар өөрсдийн шийдэхийг зорьж буй асуудлуудаа гүнзгий ойлгосны үр дүнд түүнийгээ шийдэх шийдлүүд боловсруулж, туршиж үзээд тодорхой хэмжигдэхүүнээр үр дүнгүүдийг нь хэмжээд, шаардлагатай бол ахин сайжруулж шийдлээ дахин боловсруулах зэрэг ажлуудыг хэр гүйцэтгэхээс хамаардаг. Тэгэхээр, хичээл маань практикт суурилсан, бодит амьдралд нийцсэн.

Ж: Нийгмийн асуудлууд шийдэх. Бизнесийн асуудлуудыг шийдэхэд хүртэл өнөө цагт төрөл бүрийн апплекешн, интернетийн мэдээ мэдээллийг мэдлэгийн багц болгох мэдээллийн технологийн арга хэрэгслүүдийг ашиглах болсон. Та хичээлдээ мэдээллийн технологийг хэр ашигладаг вэ?

Н: Би ер нь мэдээллийн технологид айхтар сүжигтэй биш л дээ. Мэдээж мэдээллийн технологи цагийг асар хэмнэж, тухайн технологиуд ашиглах боломжтой олон хүмүүст зэрэг хүрэх боломжийг олгодог. Гэвч Тимор-Листэ шиг оронд амьдардаг хүний хувьд, мэдээллийн технологи нөгөө талдаа олон хүнийг орхигдуулж байгааг хардаг. Олон хүмүүс элдэв технологи ашигладаггүй, Монголд ч энэ хамаатай гэж бодож байна.

Ж: Таньтай санал нэг байна.

Н: Олон хүн дижитал хэрэгсэл хэрэглэдэггүй эсвэл яаж хэрэглэхээ мэддэггүй, тэр байтугай бичиг үсэг ч тайлагдаагүй байдаг. Тэднийг мэдээлэлтэй холбохоор зорьтол тэд таны төсөөлж байсан шиг уншиж, бичиж чаддаггүй ч байж болно.

Ж: Тийм шүү.

Н: Тиймд би технологийн инноваци хэрэгтэй гэдэгт итгэдэг ч ихэнхдээ хүндээ инноваци хийх, шинэ шийдлүүдийг гаргах бизнесийн загварын инноваци хийх нь илүү үр өгөөжтэй. Заавал шинэ шийдэл гэх албагүй, тус шийдлүүдийн ач тусыг хүртээгүй байгаа нийгмийн бүлгүүдэд хүргэж ажилласан ч болно.

Ж: Та өмнө нь “Аз жаргал” гэдэг хичээлд илтгэгч байсан гэсэн. Энэ талаараа сонирхуулбал?

Н: Ахыг маань мэддэг намайг огт танихгүй эмэгтэй миний бичвэрүүдийг уншаад над руу хандаж ахлах сургуулийн сурагчдад лекц уншиж өгөөч гэж урьснаар энэхүү хичээлийг зааж байсан. Би тэр үед амьдралын талаар юу гэж боддог, аз жаргалтай амьдралын талаарх ялгаатай философиудын талаар блог дээрээ идэвхитэй бичдэг байсан. Миний санаж байгаагаар 2, 3 ангид илтгэл тавьж сурагчидтай аз жаргалын талаар харилцан яриа өрнүүлэх зарчмаар хичээлийг явуулсан.

Ж: Тэгэхээр аз жаргал гэж юу бэ?

Н: Яг энэ асуултаар хичэээл маань эхэлж байсан. Тиймээс би тэдэнд аз жаргал гэдэг бол хүн бүрийн хувьд харилцан адилгүй ойлголт, миний хувьд аз жаргал гэдэг бол амьдралдаа тавьсан зорилгууддаа хүрч, бусдын болон өөрийнхөө хувьд зөв тэнцвэртэй харьцааг бий болгох гэж хэлж байсан. Цаашилбал аз жаргал гэдэгт маш олон зүйлийг хамааруулж болно л доо тэгэхдээ миний хувьд бусад хүмүүсийг аз жаргалтай болгож байгаа маань надад илүү аз жаргалыг мэдрүүлдэг.

Ж: Хэтэрхий гэгээлэг биш үү?

Н: Хэдийгээр би дотогшоогоо гэх юм уу ганцаараа байх даа илүү тав тухыг мэдэрдэг ч аз жаргалтай байхын тулд ууланд гарч лам шиг бясалгал хийж тайван амьдрахыг аз жаргал гэж тодорхойлж чадахгүй.

Ж: Тэгэхээр юу таныг хамгийн аз жаргалтай болгодог бэ?

Н: Өдөр тутмын ажил дээр би аз жаргалыг хүүхдүүдэд спортын төслүүд хэрэгжүүлэх явцдаа мэдэрдэг. Хүүхдүүдийн инээмсэглэл, хийж чадахгүй байгаа зүйлээ давахын тулд хэрхэн суралцаж өөрсдийгөө хөгжүүлж, зоригжуулж байгааг харахаар аз жаргалын цахилгаан гүйдлүүд биеэр минь дамжиж, урам зориг өгч байгааг мэдэрдэг.

Ж: Та хэд хэдэн оронд Олимпын хөдөлгөөнийг сурталчилдаг. Хүнд нөхцөлтэй Афганистан гэх мэт орны Олимпын хорооны гишүүн гэж байсан.

Н: Би Олон улсын Олимпын хорооны (ОУОХ) тэтгэлэгээр магистрт суралцсанаас хойш энэ төрлийн ажилд оролцох болсон. Миний зааварлагч /ментор/ ОУОХ-ны хөгжлийн хэлтэст, Олимпын нийтлэг эрх ашгийн төлөө ажилдаг байсан. Тиймээс намайг нэг өдөр дуудаад, “Нуно чи бол Португаль хүн, Португалиар ярьдаг. Тиймээс бид чамайг Тимор – Листэ руу Олимпын төлөөлөгчөөр илгээмээр байна. Чи Тимор-Листэ-н спортын холбоодтой хамтран дэлхийн хамгийн залуу Олимпын холбоонд нэгдсэн улс болоход нь туслах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Энэ явдал 2003 онд болсон ба би ч хүсэлтийг хүлээн авсан. Иймэрхүү зүйлсийг супербаатрууд л хийдэг гэж боддог байсан шүү.

Ж: Тимор-Листээс Олимп-д оролцсон тамирчин байгаа юу?

Н: Яг үнэндээ анхын тамирчид нь 2000 онд Олимп-д анх оролцсон. Тухайн үед Тимор-Листэ нь бие дааж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн улс болоогүй байсан тул 2000 оны Сиднэйн Олимп-д оролцохдоо өөрийн гэсэн туг далбааг ашиглалгүй Олимпын бэлэг тэмдэг тугтайгаар оролцож байсан.
Харин 2004 онд, Афины Олимпод Тимор-Листээс марафоны тамирчид оролцсон ба улс болж тунхагласны дараах анхны олимп нь байсан. Энэ нь миний анх өөрийн биеэр үзсэн Олимпын уралдаан байсан бөгөөд би болон баг тамирчид Грекийн Афин хотод тус улсыг төлөөлөн тугаа мандуулан оролцсондоо тун их баяртай байсан ба 2003 онд хэрэгжиж эхэлсэн төслийн ачаар, байгуулагдаад 2хон жил болж буй хамгийн залуу улсыг олимпод ороход туслаж гар бие оролцсондоо маш их бахархдаг.

Ж: Ямар сонирхолтой түүх, гайхалтай амьдрал бээ, та спортоор дамжуулан хүмүүс болон улс үндэстэнд туслаж байснаас гадна, тамирчин, сайн хэлэлцээр хийгч, багш, профессор гээд олон төрөлд мэргжшиж дэлхийг өөрийнхөө чадлаар хүмүүс амьдрахад илүү сайхан орчин болоход тусалж байгаан байна. Танд маш их баярлалаа.

Н: Танд ч бас намайг урьж ярилцсанд талархаж байна.

Ж: Баярлалаа

Та бүхэн энэхүү ярилцлагын бүрэн эхийг 11 дүгээр сарын 10-ны Баасан гаригийн 20 цагаас VTV-р хүлээн авч үзээрэй!