Монгол Улс дотоодын аялал жуучлалд бэлэн үү?

НИЙТЭЛСЭН: Ж. ЭНХЖИН
Co-founder & COO, Educated Enterprise LLC
2020 / 07 / 27     142

2018 оны байдлаар Монгол улсын нийт хүн амын 67,4% (ҮСХ) нь суурин газар болох 859,7 мян.га талбайд буюу нийт нутаг дэвсгэрийн 0,5% (https://www.gazar.gov.mn/p/525-108)-д амьдарч байна. Энэ нь манай улсын 3 хүн тутмын 2 нь суурин газарт амьдралынхаа дийлэнх хугацааг өнгөрөөж буйг харуулж байна. Гэтэл бид жилийн 4 улиралд нутаг сэлгэн нүүдэллэн амьдарч ирсэн өвгөдийн генийг өвлөн төрсөн хүмүүс. Тиймдээ ч унаа тэрэг, дэд бүтцийн хүртээмжтэй байдал өсөхөд дотоодын аялагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг бид бүгд харж байна. Ялангуяа 2014 оноос наадмын амралтыг 5 өдөр болгон өөрчилсөн нь бидэнд ажлаа алдахгүйгээр зуны дэлгэр сайхан цагт гэр бүл, найз нөхөдтэйгээ аялах боломжийг бүрдүүлсэн. Гэвч богино хугацааны масс аялалд орон нутаг бэлэн бус байгааг бүгд л тодорхой түвшинд мэдэрч, санаа зовж байгаа ч хэрхэн энэхүү нийгэм, нийтийн асуудлыг шийдэлцэхээ мэдэхгүй байна.

Миний бодлоор сайхан аялал гэдэг аялагч талаас: байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоц, соёлын болон түүхийн үзмэр, таатай цаг агаараас гадна бусад нөхцөлүүд болох хоол хүнс, орчны аюулгүй байдал, тав тух, үйлчилгээ гэх мэт нэлээд хүчин зүйлсээс шалтгаална. Харин зохион байгуулагч талаас сэтгэл хангалуун үйлчлүүлэгч, тогтвортой орлого, байгалийн, соёлын болон биет нөөцүүдийн эвдрэлгүй, элэгдэлгүй байдлыг хэлж болно гэж бодож байна.

www.educated.mn

Би 2005 оноос хойш Өвөрхангай, Архангай, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Говь, Хэнтий, Увсын чиглэлд 16 удаа тус бүр 7-21 хоногийн аялал, дээр нь хоттой ойрхон Тэрэлж, Хустай, Багануур болон Төв аймаг чиглэлд 1-2 өдрийн богино аяллыг нэлээд хэдэн удаа гаднын жуулчид, ажлын хамт олон, найз нөхөд болон гэр бүлийнхний хамт хийж байсан ба энэхүү 15 жилийн хугацаанд дотоодын аялал жуучлалын салбарт багагүй туршлага хуримтлуулан сайнтай муутай хөгжлийнх нь гэрч болж буйн хувьд дор хаяж дараах 3 асуудлыг шийдчих юмсан гэж маш ихээр хүсдэг.

Нэгдсэн мэдээллийн системгүй: Хир хэмжээний аялагч тухайн бүс нутгаар аялаад байгааг мэдэхгүй байгаа нь цаашид орон нутагт хөрөнгө оруулалт хийх, аялал жуулчлал хөгжүүлэх шийдвэр гаргахад хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Тиймээс нэгдсэн системд онлайнаар тухайн бүс нутгаар жуулчлах гэж байгаагаа бүртгүүлээд, таарсан хэмжээний төлбөрөө төлөөд машиндаа нэвтрэх зөвшөөрөл авдаг болох. Мэдээж эртхэн бүртгүүлбэл бараг төлбөргүй шахуу байх ба хугацаа тулаад ирвэл арай үнэ нь нэмэгддэг байдлаар. Орчин үед хээрийн зэрлэг амьтдадаа ч чип зүүгээд хаагуур аялсныг нь бүртгэж мэдээд байгаа хирнээ хаагуур хир олон хүн аялаад байгаагаа мэдэхгүй, бүртгэхгүй сууж буй өнөөгийн байдал бол соёлын ухралт хийж буйгаас ялгаагүй л санагддаг. Орон нутгаар аялах эрхээ бүртгүүлэхэд төлсөн хураамж буюу хуримтлуулсан орлого, аялагчдын тоо, маршрут, орлогын зарцуулалт гэх мэт мэдээлэл нь олон нийтэд нээлттэй байдаг болчихвол бүх талдаа эдийн засаг болон нийгэмд асар үр өгөөжтэй зүйл болох нь тодорхой. Мэдээллийн системжүүлэх ажил ч тийм ч өртөг зардал их, нүсэр болохгүй л санагддаг.

Хэрвээ нэгдсэн мэдээллийн сан үүсгээд ирвэл аялал жуучлалын салбарт үүсэж байгаа дараагийн 2 асуудал аяндаа шийдэгдэнэ гэдэгт ч итгэлтэй байна. Бага зэрэг зохион байгуулалт, нэгдсэн уялдаа холбоотой бодлого л дутагдаж байгаа байх.

Дэд бүтцийн буурай хөгжил: Дэд бүтцийн хөгжил сайжрах нь аялагчдын тоотой эерэг хамааралтай нь мэдээж. Зам харгуй, байр сууц, бохир цэвэр ус, жорлон банн, хогийн сав гээд очоод ая тухтай байх бүхий л зүйлс энэ бүлэгт орох байх.

  • Зам: Улсын хэмжээнд Мянганы зам төслийн хүрээнд сүүлийн жилүүдэд зам барих бүтээн байгуулалтын ажил ихээхэн хийгдэж байгаа нь тээвэр төдийгүй аялал жуулчлал хөгжих цаашлаад хөрсний эвдрэл гэмтэл багасахад ихээхэн эерэг нөлөө үзүүлж байна. Хойноос урагшаа, баруунаас зүүн чиглэлд бүх аймгийн төвийг УБ хоттой 100% хатуу хучилттай замаар холбосон хэдий ч элэгдэл гэмтэл, сайжруулалт хийх зэргээс үүдэн зарим зам түр хаагдсан байдалтай байна. УБ - Хархорин - Цэцэрлэгийн замыг үргэлжлүүлэн 2019 оны сүүлээр ашиглалтад оруулсан Увс аймаг хүртэл хийгдсэн хатуу хучилттай замыг ашиглан, би энэ жил 1,100 гаруй км сайхан засмал замаар аялаад ирсэн. Ямартай ч баруун аймгуудыг зорьж буй хэн бүхний хувьд зам муугаас үүдэн хэд хэд хонон, өнжин байж зорьсон газраа очдог байсан нь харьцангуй шийдэгдсэн санагдсан. Гэхдээ олноороо зэрэг 7 сарын 10 болон 11-ний өдөр хотоос гарснаас үүддэг замын түгжрэлийн асуудал нэг хэсэгтээ шийдэгдэхгүй л болов уу. Тиймээс хотоос гараад 200-300 км замд хэвийн түгжрэлтэй буюу цагт 20-40 км/цаг хурдтай явна гэдгээ тооцож аяллаа төлөвлөж байна биз ээ.

    www.educated.mn

  • Жорлон: Зам зуур аятайхан боловсон бие засах газар олдохгүй зорьсон газраа очсон ч энэ асуудал шийдэгдэхгүй. Зам тээврийн хөгжлийн яамнаас улсын чанартай авто замын дагуу 150-200 км тутамд үйлчилгээний цогцолбор байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа болохоор зам зуурын асуудал нь удахгүй шийдэгдэх байх. Харин очсон газарт тав тухтай жорлонг хэрхэн шийдэх бэ гэдэг асуудал хэвээрээ л байна. Одоогоор төвлөрсөн амралттай газруудад л арай гайгүй болохоос хүний хөлөөс жаахан л зайдуу газар бүхэн ил жорлон болж цаасан цэцэг алагласан эвгүй үнэртэй байгалиараа бус бохирдлоороо аялагчдыг угтаж байна. Жорлонг шийдсэн цөөхөн хэдэн газар нь ихэнхдээ нүх ухаж модон жорлон хийгээд шууд байгальд ялгадсыг шингээх, цэвэрлэх процессыг даатгасан шинжтэй байгаа нь үнэхээр гол харламаар. Энгийн жишээ авахад Хөвсгөл нуурын эргийг дагаад завсаргүй шахуу үргэлжилсэн жуулчны бааз, гэр буудал, аялагчдын отгийн хашаа байдгийг очсон хүн болгон л мэдэж байгаа байх. Гэтэл цэвэр цэнгэг нуурын хөвөөн дахь тэр олон жорлонгоос үүсэж буй ялгадас хөрсөндөө шингээд л байх уу? Аялагчид очсон газар бүрээ жаахан хүний нүднээс далд ороод минжүүлсэн хэвээрээ л байх уу? Мэдээж болохгүй, жорлонгийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Миний санаж байгаагаар ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ төсөл сүүлийн жилүүдэд эрчимтэй явж байгаа. Тэдний санал болгодогтой ижил БИО жорлонг нэгдсэн амралтын газрын зөвшөөрлийг өгөх болон сунгахдаа заавал байх ёстой гэсэн шаардлага тавьж шалгадаг баймаар. Бас энгийн аялагчдын мэдлэг мэдээллийг нэмэх ажлуудыг шат дараатай хиймээр санагддаг. Маш амархан хамгийн эхний ээлжид хэрэгжүүлэх боломжтой зүйл бол аялагчид хэрэглэсэн цаасаа шууд хээр хаядгаа болих болов уу. 

    www.educated.mn

  • Хог хаягдал: За тэгээд хог, хогийн савны асуудал бас л хэцүү. Залуус бие биенээ уриалан хоггүй аялъя, хогтой байвал түүгээд явъя, байгальд хогийн машин очихгүй гэх мэтээр сурталчлах болсон нь сайшаалтай ч багагүй хүмүүс авч очсон зүйлсээ аваад явчих сэтгэлгүй, би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн үзэл бодолтой хэвээрээ л байна. Аяллын бүсүүдэд хогны менежмент байхгүйгээс дийлэнхдээ хогийг шатааж устгадаг. Гэтэл аюултай хог хаягдлууд болох шатамхай, тэсрэмтгий, урвалд ордог хог хаягдлыг аялагчид ямар ч мэдлэггүйгээр шууд тэрхүү шатаах хогийн цэгүүдэд хаядаг. Жишээ нь: Хүмүүс дууссан газны саваа шууд хогийн цэг дээр хаядаг. Түүнийг нь шатаахад их тортог утаанаас гадна дэлбэрэлт болж буй мэт их дуу чимээ гарч орчны тав тухыг алдагдуулж, үсэрсэн сав бусад амьд биетүүдийг гэмтээх хүртэл аюултай харагдсан. Үүнээс гадна аюултай хог баттерэй, байгальд маш удаан шингэдэг хог шил гэх мэт шатаах цэгт үлдээгээд явж боломгүй хогууд ч ихээхэн хаягдаж байгаа нь ажиглагдсан. Бид үүнийг зогсоохын тулд хогийг ангилж ялгадаг боловсролыг иргэдэд олгох, хогийг дахин ашиглах жижиг үйлдвэрлэлүүдийг орон нутагт хөгжүүлэх шаардлага зайлшгүй гарч ирсэн болов уу.

    www.educated.mn

  • Майхнаар отоглох цэгүүд: Дийлэнх олонхын хувьд бүхий л аяллын туршид жуулчны баазад хоноод явах үнэтэй тусахаас гадна байгальтайгаа илүү ойр байхын тулд аль болох майхнаар аялахыг илүүд үздэг. Майхнаар аялахад отоглох газрын аюулгүй байдал, цэвэр цэмцгэр, үзэмжтэй, тав тухтай байдал маш чухал. 2010 он хүртэл майхны аялал үнэхээр сайхан байдаг байсан ч одоо аялагчдын тоо ихэссэн бүх зүйлийг байгалийн зохицуулалтаар явуулах нь боломжгүй болжээ. Миний хувьд хэдэн жилийн өмнө Туул голын эрэг дээр майхандаа унтаж байсан гэр бүлийг согтуу хүн машинтайгаа дайрч хөнөөсөн тухай харамсалтай мэдээг сонсноос хойш хээр майханд хонохоос битүүхэн айдаг болсон. Ийм аюултай байдал өнөөдрийнх шиг хүн бүр дураараа зам гарган дуртай зүгтээ явдаг, хүн бүр дуртай газраа майхнаа босгоод хоноглодог үед дахиад гарахгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс аялагчдын хоноглох боломжтой машин ордоггүй отгийн бүсийг аяллын бүс болгонд бий болгох хэрэгтэй санагддаг. Бие засах, хог хаях, машин байрлуулах, майхнаа барих бүх газрууд тодорхой байвал хэн ч дуртайяа буудаллан цэвэр орчинд амрахыг хүсэх болов уу.

    www.educated.mn

Аяллын бүтээгдэхүүн: Дотоодын аялал жуулчлал нь хэт улирлын шинж чанартай дийлэнхдээ гаднаас ахиухан мөнгө төлөөд ирдэг цөөн хэдэн аялагчдад зориулагдсан байснаас төдийлөн хөгжөөгүй хэвээр байсаар байна. Сүүлийн жилүүдэд боломжтой иргэдийг гадаадын орнуудаар аялуулах бүтээгдэхүүнүүд чамгүй хөгжсөн. Дотооддоо аялах урсгалыг зохион байгуулж мөнгө болгох санаачилгууд бага багаар гарч ирэн түрүүлж алхдаг цөөн бизнесийнхэн энэ салбар дээр ажиллаад эхэлжээ. Адал явдалт, морин, зураг авахуулах, найз нөхдийн, байгууллага хамт олны гээд нэлээд өвөрмөц аяллууд зах зээлд санал болгож эхэлсэн нь сайшаалтай ч аялагчдын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй хэвээр байгаа мэт санагддаг. Жишээлбэл: Аялагч ихтэй газруудын худалдааны сонголт маш муу. Жишээлбэл: хүмүүс нуур дээр ирж байгаа бол нууранд орох хүмүүсийн хэрэгцээтэй усны хувцас, нарны малгай, хийлдэг усны тоглоомууд гэх мэт зугаацахад нэмэр болох зүйлсийг зарвал аль алиндаа ашигтай. Бас нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн нутгийн бренд бүтээгдэхүүнүүдийг зарж орон нутагтаа тодорхой орлого бий болгож үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгтэй санагдсан. Томоохон суурин тосгонд очсон ч энэ нутгаар аялснаа дурсгал болгоод авчих зүйл бараг байхгүй харагддаг.

Мөн боломжийн үнэтэй жолооч, тогооч, хөтчөөр хангах, зөөх ачих ажилтнаар хангах үйлчилгээ ч дутагдалтай л байна. Намайг 15 жилийн өмнө хөтөч хийдэг байхад үүргэвчтэй аялагчдад зориулсан жолооч, хөтөч, тогоочоор хангадаг үйлчилгээ гарчихсан байсан ч дотоодын аялагчдад үйлчилгээ үзүүлдэг ийм газрууд байхгүй тул ихэнх маань танилаараа дамжуулан бараг гуйж аялалд туслах хүн олно үгүй бол өөрсдөө жолоочоо, тогоочоо хийж явсаар аяллын дараа бөөн ядаргаанд орсон хүмүүс болсон байдаг.


www.educated.mn

Би ч та ч эх орондоо хайртай, дотнын хүмүүстэйгээ сайхан аялах хүсэлтэй. Гэтэл зарим зүйлс болохгүй байна. Болохгүйг шүүмжлэх Монгол хүмүүний нүд хурц ч болдог болгох шийдэл ярьдаг нь цөөхөн тул энэхүү нийтлэлдээ асуудалболон шийдлийг аль алийг нь тусгахыг хичээлээ. Ганц надад л гэхэд маш их санал байхад аялагч болон салбарын мэргэжилтэн та бүхэнд бүүр л их санал, зөвлөмж байдаг болов уу. Хэрвээ танд аялал жуучлалын салбарыг хөгжүүлэх, түүнд нь оролцоотой байх хүсэл байдаг бол манай 7-р сарын Educated Community /Эдүкэйтэд Хотол/ -н уулзалтад оролцохыг урьж байна. Уулзалтад салбарын мэргэжилтэн, экспертүүдийг оролцуулан “Дотоодын аялал жуучлал: боломж ба сорилтууд” сэдвийн хүрээнд дугуй ширээний хэлэлцүүлэг хийх тул та бүхэн уулзалтад ирж аялал жуучлалын салбарын өргөн хэмжээний мэдлэгийг авахаас гадна өөрийн туршлага, саналыг хуваалцан, нийгмийн идэвхтэй иргэн байх боломжоо ашиглаарай. Бид уулзалтаас гарсан саналыг БОАЖЯ, олон улсын байгууллагын аялал жуучлал хариуцсан нэгжүүд болон холбогдох газруудад дамжуулан ажил хэрэг болох тал дээр нь үргэлжлүүлэн ажиллах болно.

Цаашид одоогийнх шигээ бөөнөөрөө зохион байгуулалтгүй аялаж чадлаараа бусниулаад байвал хэдэн жилийн дараа зуны улиралд гаднаас ирдэг жуулчид нь ч байхгүй болж тухайн орон нутгийн экологийн тэнцвэрт байдал ч алдагдах хэмжээнд хүрэх нь нүднээ илт байна. Байгаа багахан юмаа додомдоод өнгө зүсийг засаад явдаг улс өчнөөн байхад түүх, соёл, байгалийн өвөрмөц тогтоц бүхий чамлахааргүй баялаг эх оронтой бид яаж юмаа үгүй хийж болдгийн жишээ болохоор арчаагүй амьдарч болохгүй. Уншигч танд аялал жуучлалын салбарт хэрэгжүүлээсэй гэсэн санал байвал манай хотлын 7-р сарын уулзалтад оролцон биеэр хүргүүлэх болон educated.mn@gmail.com хаягаар илгээх боломжтой.




11
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image