#Educated Interview: Монголын бизнесүүдийг Зүүн Өмнөд Азийн бизнес, эдийн засгийн интеграцид орж, олон улсын тоглогч болох гүүрийг тавьсан

НИЙТЭЛСЭН: EDUCATED ENTERPRISE LLC
Social Enterprise - Advising, Training, Publishing
2020 / 02 / 05     622

-Азийн бизнесийн холбоо Монголын бизнес эрхлэгчдийг Зүүн өмнөд Ази руу хөл тавих боломжийг олгохоор ажиллаж байгаа юм байна. Юун түрүүнд холбооны тухай товч танилцуулгыг өгөхгүй юу?

Луйс: Азийн бизнесийн холбооны эхлэл 2015 онд Сингапур Улсад тавигдаж, 2017 онд албан ёсоор Монголд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Холбооны цөм нэгдэл бизнесийн өсөлтөөрөө тэргүүлдэг Зүүн Өмнөд Ази буюу АСЕАН-ы 10 орчим улсын төлөөлөл, цаашлаад Азийн бусад орнуудын төлөөллөөс бүрддэг.
Зүүн өмнөд Ази бол 600 гаран сая хүн амтай, дундаж давхрагын хэрэгцээ тогтмол өсч, янз бүрийн шинэ бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдэж буй томоохон зах зээл юм. АСЕАН-ын засгийн газрууд бизнес, эдийн засгийн хувьд Европын холбоотой дүйцэхүйц, цаашдаа илүү эрчимтэй интеграцид орохоор ажиллаж байгаа бөгөөд ингэснээр зөвхөн өөрсдийн бүс нутагтаа төдийгүй Ази - Номхон далайн бусад орны зах зээлтэй худалдаа, бизнес, эдийн засгийн томоохон интеграцид орж байгаа юм. Монгол Улс АСЕАН-ы орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлснээр Ази - Номхон далайн бүсийн худалдаа, эдийн засгийн интеграцид амжилттай орох түшицтэй болно.
Манай холбооны үүсгэн байгуулагч Монгол хүн учир холбоо маань Улаанбаатар хотод бүртгэлтэй, энд төвтэй ч үйл ажиллагаагаа олон улс руу чиглүүлсэн гэдэг утгаар оны чуулгануудаа 2018 онд Филиппин улсад, 2019 онд Камбож улсад зохион байгууллаа. Энэ оны чуулганаа 7-р сард Сингапур улсад хийхээр төлөвлөж байна. 

О.Энхзул: Аливаа улс орны бизнес эрхлэгчид олон улсын эдийн засгийн интеграцид орж, экспорт хийнэ ээ гэвэл энэ нь зөвхөн тухайн компанийн асуудал биш болдог. Дагаад экспортын эко систем бүрдүүлэх асуудал үүсдэг учраас зайлшгүй төрийн байгууллагууд оролцож, хувийн хэвшлийнхнийхээ хөл тавих гэж буй зах зээл, тухайн улс оронтой худалдааны болон үнэ тарифийн, тарифийн бус гэрээ хэлэлцээр хийсэн үү, хийгдээгүй бол шинээр хийх үү гэх мэт асуудлууд яригддаг. 

Хувийн компаниуд ч хүний болон санхүүгийн, эд материалын нөөцийн хувьд бэлэн үү. Хувийн хэвшлийнхнийг чадавхжуулах тал дээр олон улсын санхүүгийн байгууллага, мэргэжлийн холбоод уялдаатай ажилладаг уу. Тэдний зорилго нэгдмэл байгаа юу гэх мэт анхаарал татсан асуудлууд үүсдэг. Манай Азийн бизнесийн холбоо энэ шийдлүүдийг нэгтгэн, бүс нутагт гарах экспортын эко систем бүрдүүлэхийг гол зорилго болгон ажиллаж байна.

www.educated.mn

Энэ чиглэлээр бид төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг. Жишээ нь, ХХААҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Европын холбооны дэмжлэгтэй “Монголын Худалдааг Дэмжих –EU TRAM", Lee Kuan Yew School of Public Policy Камбож дахь төгсөгчдийн холбоо, Непалын Төрийн Бодлогын судалгааны хүрээлэн зэрэг байгууллагуудтай бид хамтран ажиллаж байна. 

-Монголын бизнес эрхлэгчид Зүүн өмнөд Азийн зах зээлд хөл тавих ямар боломжууд байна. Эсрэгээр Зүүн өмнөд Азийн бизнес эрхлэгчид Монголд үйл ажиллагаа явуулах боломж байна гэсэн ийм тооцоо судалгаа бий юу? 

Луйс: Азийн Бизнесийн Холбоо байгуулагдсан цагаасаа хойш бүс нутгийнхаа хэмжээнд нэг нэгийгээ нөхсөн байдлаар хамтран ажиллаж, үндэсний хэмжээний бизнесүүдийг олон улсын тоглогч болоход нь чиглүүлэхэд туслах арга замыг хайх, нээх тал дээр түлхүү ажилласан. Одоогийн байдлаар бид өөр өөрсдийн улс орны зах зээлд амжилт олсон бизнесийн хамтрагчид, зөвлөхүүдийн нэгдлийг бий болгож чадсан. Энд 10-аад улс орны төлөөлөгчид албан ёсоор багтаж байгаа. Үйл ажиллагаа маань илүү тэлээд явж байгаа нь бидний хувьд том амжилт юм.
Холбооны маань төв нь Монгол Улсад байрлаж байна. Монгол бол Евро Азийн бүс нутгийн орнуудыг холбоход геополитик болон хэл, соёлын хувьд олон давуу талтай гүүр гэж бид үздэг. Европ, Азийг холбосон энэ гүүрээр дамжаад бид олон улсын бизнесүүдийг бий болгох, үндэсний бизнесүүдийг олон улсын тоглогч болох гарцыг нээх ажлаа амжилттай эхлүүлсэн. Бидний хийж буй, бүтээхийг зорьсон бизнесийн загвар моделийг үнэлээд ганц Ази гэхгүй Европ, Америк, Австрали болон бусад далайн орнуудын бизнес эрхлэгчид ч бидэнтэй нэгдэж байна. Бидэнд илүү амжилт үзүүлэх боломж байгааг харуулсан энэ хамтын ажиллагаандаа бид сэтгэл хангалуун байгаа.

О.Энхзул: Манай монголын бизнес эрхлэгчид сүүлийн 10 гаран жил бүтээгдэхүүний экспортын асуудлыг судалж, тодорхой оролдлогууд хийж ирсэн ч дорвитой амжилт олоогүй л яваа. Манайхан голдуу Европ, Япон, АНУ зэрэг өндөр стандарттай уламжлалт зах зээлийг зорьж ирсэн. Гэвч үнэндээ манайхны хүний нөөц бусад нөөц боломжууд тэр их өндөр шаардлагатай, том зах зээлийн босгыг давж чадахгүй байна. Маш удаан хугацаанд ажиллаж үр дүнгээ үзэх ёстой болж байгааг ойлгосон учраас бид арай богино хугацаанд, арай илүү хурдан үр дүн гарах, зарим талаараа хамтарч ажиллаад үр дүн гаргах ямар шинэ зах зээл байна вэ гэдгийг 2015 оноос хойш судлаад, Зүүн Өмнөд Азийн зах зээл тохиромжтой юм байна гэж үзсэн. 2017 оноос хойш бид гүйцэтгэл дээр ажиллаад явж байгаа юм.

www.educated.mn

Зүүн Өмнөд Азийн зах зээл бол бидний хувьд 10 алхам биш 5 алхамын цаана бий. Энэ зах зээлд илүү хурдан үр дүн гаргаж болно гэдэг дээр ХХААХҮЯ-ны ЖДҮХС ч санал нэгдсэн. Өнгөрсөн оны 10-р сард манай хоёр байгууллага Хамтран ажиллах санамж бичиг байгуулан, 12-р сард манай хоёр байгууллагын хамтарсан төлөөлөл Филиппин дэх гол хамтрагчдаараа дамжуулан маш үр дүнтэй айлчлал зохион байгуулаад ирсэн. Бид мөн анхны чуулга уулзалтаа 100 гаран сая хүн амтай Флиппин Улсад амжилттай зохион байгуулснаас хойш Филиппиний хэд хэдэн бизнесийг Монгол руу оруулж ирж чадсан байна. Дэд бүтэц, зам тээвэр, гааль, логистик шаардагдахгүй үйлчилгээ болон IT суурьтай хэд хэдэн компаниуд Монгол улсад үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн.

Экспорт гэдэг бол ганцхан эцсийн бүтээгдэхүүн биш, эдийн засгийн интеграцид олон шийдлээр оролцох боломжтойг бид өөрсдийн жишээн дээр харуулж байна л даа. Жишээ нь, манай зөвлөх Луйсын 3 компани Монголд орж ирсэн байгаа. Тэрнээс дамжаад монгол бизнесүүд шинэ санаа шийдлүүд солилцоод явж байна. Цаашлаад стратегийн ач холбогдол бүхий хүнс хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэгчиддээ энэ зах зээлийг нээж өгье. Энэ гарцыг төрийн бодлогоор хэрхэн дэмжих вэ, олон улсын хөгжлийн банкнаас дэмжлэг туслалцаа авах боломжтой юу. Хувийн хэвшлийнхэн маань энэ бүс нутгийн бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагаа тогтоож, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт яаж авах уу, 600 гаран сая хүн амтай энэхүү том зах зээлд бизнесээ хэрхэн амжилттай өргөжүүлэх үү гэсэн санхүүгийн болон санхүүгийн бус бусад цогц шийдлийг бид эрэлхийлж, шинэлэг санаачлагаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

www.educated.mn

Саяхан бидний зохион байгуулсан “Зүүн Өмнөд Азид Бизнесээ тэлье” цогц арга хэмжээний үр дүнд тухайлбал хөрөнгө оруулалтын танилцуулга хийсэн аж ахуй нэгжүүдийн 3 төсөл болон хөтөлбөрт 500,000 орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийх аман тохиролцоог хийсэн. Мөн арга хэмжээнд маань оролцсон үндэсний брэндүүдээс 5 компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг Филиппин улс болон АСЕАН-ны зах зээлд гарах боломжтой гэж багийн төлөөлөл үзэн цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх партнертай холбох болон экспорт хийхэд дэмжлэг үзүүлэхээр тохиролцоод ажиллаж байна.

-Луйс танд Монголын эдийн засаг, зах зээлийн боломж, ирээдүй гадны хөрөнгө оруулагч, бизнесмэн хүний нүдээр ямар харагдсан бэ? Таны Монголын эдийн засгийн орчны тухай анхны төсөөлөл, одоо бий болсон үзэл бодлыг сонирхьё гэж бодлоо?

www.educated.mn

-Би 2017 онд анх Монголд ирсэн. Монголын тухай миний анхны бодол бол Монгол бол уул уурхайн орон юм байна гэсэн ойлголт. Яагаад гэвэл англи хэл дээр авсан бүх мэдээлэл ийм утгатай байсан юм. Улаанбаатарт ирсний дараа энэ ойлголт бүрэн арилсан. Монгол Улсад ганцхан уул уурхай биш өөр маш олон нөөц баялаг байдаг юм байна гэдгийг олж мэдсэн. Мэдээлэл харилцаа болон IT салбарт монголчууд чадамж сайтай, хүний нөөц ч сайтай юм байна гэдгийг харж байна. Нөгөө талаар уламжлалт хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай түүхий эд, аялал жуулчлал болон бусад уламжлалт салбаруудаа олон улсын зах зээлд таниулаад эхэлбэл монголчуудад илүү хөгжих өсөх боломж маш их гэдгийг онцолмоор байна.

Бизнес эрхлэгч та манай Азийн Бизнесийн Холбооны гишүүн болж, АСЕАН-ы төдийгүй бүс нутгийн эдийн засаг, бизнесийн интеграцид өндөр үр дүнтэйгээр, хурдан хугацаанд орж, олон улсын тоглогч болохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.


11
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image