Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэх цорын ганц зам бол ИННОВАЦ

НИЙТЭЛСЭН: О. ЭНХЗУЛ
Co-founder & CEO, Educated Enterprise LLC
2019 / 10 / 06     442

Дэлхийн өнцөг буланд байгаа олон байгууллагууд дор бүрнээ НҮБ-аас баталсан Тогтвортой Хөгжлийн 2030 оны төлөвлөгөөнд тусгасан зорилгуудын хэрэгжилт хэр байгааг хэмжиж байна. Үүнээс нэг л зүйл тодорхой байгаа нь улам бүр өсөн нэмэгдэж буй нийгмийн хэрэгцээтэй харьцуулахад бид хэтэрхий удаан урагшилж байгаа учир тус зорилгуудад хүрэхгүй байх аюул тулгараад байна.

НҮБ-аас баталсан Тогтвортой Хөгжлийн 17 цогц Зорилгууд (SDG)-д хүрэхийн тулд өнөөдөр тус зорилгуудад хүрэхэд чиглэн зарцуулагдаж буй санхүүжилттэй харьцуулахад жил бүр ойролцоогоор 2.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт нэмж шаардагдах нь анхнаасаа л тодорхой байсан. Мөн төрийн салбар, нийгмийн салбартай үр дүнтэй хамтран ажиллахын сацуу хувийн салбарын асар их нөөц бололцоог үр ашигтай ашиглахад онцгойлон анхаарах шаардлагатай. Үүнтэй холбогдуулан, Boston Consulting Group болон SDG-г дэмжигч байгууллагууд хамтран төр, хувийн болон нийгмийн салбарууд SDG-д хүрэхэд түлхэц үзүүлэх шинэ загварчлалуудыг боловсруулж байна. Тухайлбал, бид компаниудыг өөрсдийн нөөц бололцоог дайчлан нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх боломжуудыг нэмэгдүүлж, шинэ төрлийн капиталуудыг хөдөлгөөнд оруулахыг уриалж байгаа.

Дээрх мэт арга хэмжээнүүд чухал хэдий ч хангалттай биш юм.
Одоо хийгдэж байгаа болон цаашид шаардлагатай хөрөнгө оруулалтын зөрүүг арилгах арга замуудыг эрэлхийлэхээс гадна одоогоор тодорхойлоод буй хөрөнгө оруулалтын хэмжээг хэрхэн бууруулах, мөн тус зорилгуудад хүрэхэд шаардлагатай хэмээн тодорхойлсон хугацааг хэрхэн бууруулахад зэрэг анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Бид энэ хоёр чиглэлээр хоёулангаар нь үр дүн гаргах боломжтой, гэхдээ зөвхөн инновацийг хөшүүрэг болгож чадвал. Дэлхийн хаа нэгтээ бий болгоод, хэрэглээд, үр дүнд хүрсэн технологи, төрөл бүрийн арга замууд хангалттай бий. Эдгээрийг илүү олон газар, олон талаар ашиглаж чадвал SDG -д хүрэхэд шаардлагатай байгаа нэмэлт хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулж чадна. Иймд SDG-д хүрэхийн тулд инновац хийж, түүнийгээ хэрэгжүүлэх тал дээр нухацтай хандах цаг болжээ.

ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭМЖЭЭГ БАГАСГАХ АРГА ЗАМУУД

Тогтвортой хөгжлийг дэмжигчид дэлхийн өнцөг булан бүрт хэдэн арван удаа цуглан SDG-д хүрэхэд шаардлагатай тоглоомын төлөвлөгөөг боловсруулж байна. Харамсалтай нь эдгээр бүх сайн сайхны төлөөх хүчин чармайлт 2030 оны зорилгуудад хүрэхэд шаардлагатай байгаа SDG-ийн хөрөнгө оруулалтын зөрүүг нөхөхөд хангалттай үр дүнг, хангалттай хурдаар авчирч чадаагүй л байна. Мөн, энэхүү талбарыг толгойлж байх ёстой олон талт болон хоёр талт хөгжлийн санхүүжилтийн байгууллагууд, үндэсний хөгжлийн агентлагууд зөв зүйтэй алсын хараа, үзэл баримтлалтай хэдий ч хангалттай хурдан хөдлөхгүй байна. Тэд хэд хэдэн тал дээр сорилттой тулгарч байгаа нь өөрсдийн ажлын болон зохион байгуулалтын хэлбэрээ өөрчлөх, шаардлагатай байгаа мэдлэг, ур чадваруудыг бий болгох, хөрөнгө оруулагчдын оруулахад бэлэн байгаа капиталыг түргэн хугацаанд эргэлтэнд оруулахуйц шаардлага хангасан томоохон хөгжлийн төслүүдийг боловсруулах зэрэг байна.
Бидний шинжилснээр өнөөдөр SDG-д хүрэхэд шаардлагатай анхаарал, нөөц бололцоонууд дараах гурван чухал бөгөөд тулгамдсан стратегиудад төвлөрч байна.

1. Салбар хоорондын шинэ хамтын ажиллагаануудыг бий болгох. НҮБ одоогоор 4000 гаран хамтын ажиллагаануудыг Сайн Дурын Ажил, Олон Талт Хамтын Ажиллагааны Глобал Бүртгэлдээ бүртгэснээс тэдгээрийн зарим нь бизнесийн байгууллагууд өөрчлөлтийг авчирч болох тусгай сэдэвчилсэн зорилтуудыг тавин ажиллаж байна. Тухайлбал Тогтвортой Хөгжил ба Эрүүл мэндийн төлөөх Хүнс тэжээлийн шинэчлэлт хэмээх хамтын ажиллагаа нь 2030 он гэхэд эрүүл, тогтвортой хүнсний үйлдвэрлэлийг дэлхий даяар хэвшүүлэх зорилгод хүрэхэд чиглэсэн хэрэглэгч төвтэй, системийн аргачлалыг ашигладаг. Мөн Санхүүгийн Хүртээмжтэй байдлыг бий болгох Гүйцэтгэх захирлуудын хамтын ажиллагаа нь өөр өөр салбарын дэлхийн хэмжээний арван корпорацийг нэгтгэсэн ба хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаа, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлдэг.

2. Байгууллагуудын стратегийг дахин загварчлах нь. Маш олон тэргүүлэгч байгууллагууд байгаль орчин, нийгэм, засаглалын үзүүлэлтүүдэд илүү анхаарал хандуулах болсон. Тэд өөрсдийн өрсөлдөх чадвар, шинэ бизнесүүдээ тодорхойлохдоо өөрсдийн үйл ажиллагааны байгаль орчны тогтвортой байдалд үзүүлэх нөлөөлөл болон нийгмийн эрэлт хэрэгцээг хангаж байгаа эсэхийг нарийн бодолцож үзэхээс авахуулаад заримдаа бүр SDG-д хүрэхэд чиглэсэн туйлын тодорхой байдлаар харах өнцгөө илүү томруулах болсон. Иймэрхүү хүчин чармайлтуудаас харахад компаниуд өөрсдийн байгууллагын стратеги, гүйцэтгэлд нийгмийн асуудлуудыг шингээх тал дээр дахин бодолцсоноор, эцсийн дүндээ хөрөнгө оруулагчдаасаа ч сайшаал хүртэх боломжтойг харуулж байна.

3. Капиталыг нийгмийн үр нөлөөнд чиглүүлэн хөдөлгөх нь. Нийгмийн хариуцлагын шинжтэй хөрөнгө оруулалтууд, байгаль орчин, нийгэм, засаглалын үзүүлэлтүүдийг сайжруулахад чиглэсэн сангууд, SDG-тэй холбоотой шинэ төрлийн бонд (тэдгээрийн ихэнх нь нийлүүлэлтээсээ давсан эрэлттэй байна) зэрэг нь SDG -д хүрэхэд шаардлагатай капиталыг хөдөлгөх боломжтой гэдгийг нотолж байна. Энэ нь хөгжлийн болон нийгмийн зорилго бүхий байгууллагуудад хувийн капиталыг ашиглах шинэ боломжуудыг өгч байна.

ИННОВАЦ: ТОМ ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ

SDG-д хүрэхэд ахиц гаргахад дээрх гурван стратеги бүгд чухалын адил SDG -ийн хөрөнгө оруулалтын чиглэлийг тэр чигээр нь өөрчлөхийн оронд шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтаа л гүйцээхэд хамаг анхаарал нь төвлөрөөд явах нь хялбар. Энэ нь тийм ч хачирхалтай зүйл биш юм. Ер нь бол SDG-ийн тухай бодол, хэлэлцээр хөгжлийн салбарынханаас л анхлан гарсан шүү дээ. Гэтэл SDG-ийн талаарх яриа хэлэлцээрүүд нь төсөв батлуулах, батлагдсан хөтөлбөрүүдийн дагуу л ажиллах зэргээр хөгжлийн салбарынханд тулгардаг гацаанд орчихоод байна.
Энэ нь төлөвлөгчид болон шийдвэр гаргагчдыг хөгжлийн үр дүн авчрахын тулд өмнө хийгддэг байсан л арга хэмжээнүүдээ өмнө хийгддэг л байсан тооцоололдоо үндэслэн хуучин загвараараа, хуучин хөтөлбөрөөрөө ажиллахыг шаардаж байна. Ингэж ажиллавал гэнэтийн, шилжилт өөрчлөлтийн инновац хийгдэхгүй.
Бизнест бол инновац нь боломжит шийдлүүдийн төсөв мөнгө, тэдгээрийг гүйцэтгэх хугацааг мэдэгдэхүйц өөрчилж чаддаг. Шинэ технологиуд, шинэ аргачлалууд нь өсөлтөнд хүрэх зардлыг үндсээр нь өөрчлөх боломжийг өгдөг. Иймээс инновац бол SDG-д хүрэхэд туйлын чухал юм. Инновац нь нийгэмд нөлөөлөл компанийн стратегиуд болон салбар хоорондын хамтын ажиллагаануудаас гаргасан санаачилгуудыг хэрэгжүүлэхэд дэм болж, эерэг нөлөө үзүүлж чадна. Үүний зэрэгцээ капиталыг илүү хөдөлгөснөөр дээрх хоёр түвшинд аль алинд нь илүү үр нөлөөг авчирна.
Мэдээж үр дүнтэй инновац өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт хийгдэж байгаа. Ихэнх хөгжлийн байгууллагууд инновацын баг байгуулан өөрсдийн инновацын чадамжаа дээшлүүлж, төсөл хөтөлбөрүүдээ төлөвлөж, хэрэгжүүлэх инновацид санхүүжилт хийж байна. Бусад төрөл бүрийн л инновацид чиглэсэн Инновацийн Лабораториуд, MIT SOLVE, UNLEASH зэрэг хүчин чармайлтууд гаран, хэрэгжиж байна. Түүнчлэн улс орнуудын инновацийн чадамжийг системтэйгээр өсгөх шинжлэх ухаан, технологи, инновацийн зураглал хийх ажлууд ч явагдаж байна. Харамсалтай нь эдгээр хүчин чармайлтын ихэнх нь томоохон хэмжээний инновацийг авчирч чадаагүй л байна. Хувийн салбарын зүгээс SDG-д хүрэх хүчин чармайлтыг илүү үр дүнтэй болгоход хийж чадах хамгийн хүчтэй бөгөөд онцлог чанар нь хурдтай инновац хийх, инновац хийхэд шаардлагатай капиталыг татах, мөн инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх юм. Ийм инновацлаг комбинац төрийн болон нийгмийн салбаруудад төдийлэн байдаггүй, харин хувийн салбарын цусанд шингэсэн байдаг.
Жил бүр, BCG-ээс дэлхийн хамгийн инновацлаг компаниудыг тайлагнадаг. Манай судалгаа нь амжилттай инновац ямархуу байдаг, түүнд хүрэхийн тулд ямархуу өөрчлөлт, шинэчлэлт шаардлагатай байгааг олж илрүүлдэг. Амжилттай инновацын цөмд шинэ бодол, хандлагуудыг гаргаж, хөхиүлэн дэмждэг байгууллагын соёлыг төлөвшүүлэхийн тулд уйгагүй зүтгэх, мөн инновацыг тэр даруй хүлээж авч, бүх талаар хэрэгжүүлэх байгууллагын чадавхи байдаг.
Инновацын талаарх тоймгүй олон жишээнд хэрвээ хувийн салбарын тус дэмээр хэмжээ болон хэрэгжих хурдаа нэмэгдүүлж чадвал инновац хэрхэн өргөжин тэлж болдог талаар онцолдог.

Өлсгөлөн. НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөр (WFP) нь 2016 онд дэлхийн өлсгөлөнгийн асуудлыг шийдэх шинэ арга замуудыг илрүүлж, дэмжиж, дэлгэрүүлэхийн тулд Инновацийн Хурдасгуур бий болгосон. Тэндээс гарсан нэг туршилтын төсөл болох Building Blocks нь Йорданы Азрак хуаранд буй Сирийн дүрвэгсдэд блокчэйн технологийн тусламжтай дижитал хэлбэрийн мөнгийг илүү найдвартай, хялбар аргаар хүлээн авах шийдлийг санал болгодог. Тус санаачилга нь өмнө нь урт цуваа дараалал, бичиг цаас, гар ажиллагаа шаарддаг байсан процессыг хэдхэн секундын дотор хийж болдог болгосон. Түүнчлэн, бэлэн мөнгө тараах системийг автоматжуулж, дундын ажиллагааг үгүй болгосноор, WFP нь уг шилжүүлэг хийхэд шаардлагатай байсан зардлыг 98%-иар багасгаж, байгууллагынхаа зардлыг хэмнэснээр гол хүмүүнлэгийн үйлст зориулах санхүүжилтээ нэмж чадсан. Энэхүү санаачилга амжилттай болсон нь WFP-иас тус санаачилгыг 2018 онд бүр өргөжүүлж, одоо Йордан даяар суурьшсан 100,000 гаруй дүрвэгсдийг дэмжих хэмжээнд хүрээд байна. WFP, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн салбар байгууллага хамтран Building Blocks платформыг Йордан дахь хүнс тэжээлийн найдваргүй нөхцөлд амьдардаг Сирийн эмэгтэйчүүдэд тусламж хүргэхдээ ашиглаж байна.

Эрүүл ахуй. Хог хаягдлыг аюулгүй хогийн цэгт хүргэнэ гэдэг олон орны хувьд томоохон сорилт болдог. Эрүүл ахуйг зохих түвшинд хангаж чадахгүй бол төрөл бүрийн өвчин тарааж, дэлхий даяарх улаан бурхан, хумхаа, ДОХ зэрэг өвчнүүдээр нас барагсдын тоонд ч нөлөөлдөг. Инновацыг урьтал болгодог The Bill & Melinda Gates Сангаас хог хаягдлыг усанд хаягдаж, урсахаас өмнө боловсруулж, шахмал түлш болгодог хуурай технологи зэрэг эрүүл ахуйн шинэ, зардалд хэмнэлттэй технологиудыг зохион бүтээгчдэд санхүүжилт олгодог. Хувийн компаниуд хэзээ нэгэн цагт дээрх мэт технологийг ашиглан, 2030 он гэхэд 6 тэрбум ам.долларт хүрэх энэ төрлийн зах зээлийн хэсгийг ч болов эзэмших бизээ.

Эрүүл Ус. Шинэ төрлийн технологиудын тусламжтай дэлхийн өнцөг булан бүрт 2.1 тэрбум хүнд тулгамдаад буй цэвэр усны хомсдолын асуудлыг шийдэх боломжтой. Нэгэн шинэ арга бол зохион бүтээгч Alfredo Zolezzi -ийн бохир усыг хоргүйжүүлж, бараг бүх вирус, бактериудаас нь секундын аравны хоёртой тэнцэх хугацаанд нь л цэвэршүүлдэг плазма усны систем юм.

Боловсрол. Энэтхэгт 2700 хүүхдийн өдөр өнжүүлэх төв бага насны хүүхдийн боловсролыг дэмжих чиглэлээр гар утасны апп ашиглаж байна. Тус улсад хүүхдийн өдөр өнжүүлэх төв нь хүүхэд, шинэ төрсөн ээжүүдэд асаргаа үйлчилгээ үзүүлэхээс гадна гурваас зургаан насны хүүхдүүдэд хичээл ордог. Ийм их ачаалалтай ажилладаг учир тус төрлийн төвийн ажилтнууд яг хичээлээ заахдаа зарцуулах цаг тун хомс байдаг. Харин аппликэйшн ашигласнаар хэд, хэдэн байдлаар хичээл заах цагаа уртасгаж, чанаржуулах боломжтой болдог. Тус апп нь багш нарт хичээлээ төлөвлөх боломж олгож, төрөл бүрийн видеогоор дамжуулан боловсролын үйл ажиллагаануудаа хэрхэн явуулах зааварчилгааг ч өгчихдөг. Апп-ын тусламжтай багш нар тоглоом тоглож буй байдлаар хичээлээ төлөвлөөд, сурагчдад нь гарч буй үр дүнг хянаад, эцэг эхчүүдтэй тулж мессежээр харьцах боломжоор хангагддаг. Тус апп-ыг багш нарын 70 гаран хувь нь ашиглах болсон нь гайхалтай үр дүн юм. Түүнээс гадна, яг хичээл заахад хоёроос илүү цагийг зарцуулдаг багш нарын тоо 60 гаран хувиар өссөн.

Санхүүгийн хүртээмжтэй байдал. Энэ талбар дээр бүр илүү эерэг өсөлт, дэвшлүүд гарч байгаа. Банкууд, харилцаа холбооны салбарынхан болон бусад тоглогчид гар утасны болон дижитал технологиудыг санхүүгийн үйлчилгээний зардал, ашиг болон хүртээмжийг урьд нь хүртэж чаддаггүй байсан хүн амын хэсгүүдэд зээл төдийгүй даатгалын үйлчилгээ авах хүртэл нь өөрчилсөн дижитал технологиудыг боловсруулан, нэвтрүүлээд байна.

Байгаль орчны тогтвортой байдал. 

“Байгаль орчны хамгааллын WWF байгууллагаас зөвхөн далайн хоол, үхрийн мах, элсэн чихэр, цаас, даавуу зэрэг наймхан төрлийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэл байгаль орчны доройтлыг хамгийн ихээр бий болгодог гэдгийг илрүүлжээ”.

Үүнийг шийдэхийн тулд WWF-аас BCG Digital Ventures-тэй хамтран OpenSC хэмээх дээрх найман төрлийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл болон хэрэглээг дэмжих технологи суурьтай платформ бүтээсэн. Тоон шинжлэх ухаан, машин судлал, блокчэйн зэрэг хэрэгслийн тусламжтай бүтээгдсэн энэхүү платформ бизнесүүд болон хэрэглэгчдийг өөрсдийнх нь хэрэглэж буй бүтээгдэхүүнээ нийлүүлэлтийн гинжин хэлхээний туршид байгаль орчинд ээлтэй болон ёс зүйтэй үйлдвэрлэлийн процессоор дамжиж уу гэдгийг хянах боломжийг олгодог. Хэрэглэгчид өөрсдийн хэрэглэж буй бүтээгдэхүүн дээрх QR code-ийг уншуулан уг бүтээгдэхүүн хаанаас ирсэн, үйлдвэрлэлийн явцад байгаль орчинд ээлтэй байж уу, өөрсдийнх нь гар дээр ирэхээс өмнө нийлүүлэлтийн суваг нь хаагуур хэрхэн явагдсан зэргийг харах боломжтой.

SDG-Д ХҮРЭХ ИННОВАЦИЙН СТРАТЕГИЭ ШАЛГААРАЙ!

Бид илүү их зүйлийг, илүү өргөн хүрээнд хийх шаардлагатай байна. Төрийн салбар, нийгмийн салбарынхан хувийн салбарын хамгийн инновацлаг байгууллагуудын арвин нөөц боломж, ур чадваруудыг SDG-д хүрэхэд ашиглах үүднээс тэдний хамтын ажиллагааг сэдэлжүүлэх стратегийг нэн даруй бий болгох хэрэгтэй. Ингэснээр, тэргүүлэгч байгууллагуудтай төрөл бүрийн инновацыг хамтран бий болгож, өргөн утгаар хэрэгжүүлж, шинэ технологиудыг хурдан хугацаанд хамгийн хэрэгцээтэй байгаа газруудад нь нэвтрүүлэх боломжтой болно.
www.educated.mn
Ингэхийн өмнө, төрийн, нийгмийн болон хувийн салбарын дээд түвшний удирдлагууд аливаа байгууллагын SDG-д хүрэхэд гүйцэтгэж буй инновацын хүчин чармайлтыг нь тодорхой хэдэн асуултын дагуу шалгах хэрэгтэй. Хэрвээ тэдгээр асуултуудад өгөх хариулт нь хангалтгүй байвал инновацийн стратеги дээрээ дахин ажиллах шаардлагатай болжээ гэсэн үг.
Засгийн газраас мандаттай хөгжлийн институцууд, нийгмийн зорилготой байгууллагууд болон сангууд дараах асуултуудыг өөрсдөөсөө асуугаад үзээрэй.

  • Бид 2030 оны зорилгуудад хүрэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр дүнг өсгөх эрс өөрчлөлтийг авчрах инновацыг байгууллагынхаа эрх, үүргийн хүрээнд яг хэрхэн хийхээ тодорхойлсон эсэх?
  • Бидний төлөвлөсөн инновацийг бий болгоход шаардлагатай чадамж бүхий компаниуд, байгууллагууд, хөрөнгө оруулагчдаа тодорхойлсон эсэх? Бид тэдгээр байгууллагуудын инновац хийх чадамж болон чадавхийг бүрэн ойлгохын тулд SDG-ийн тодорхой хэрэгцээнүүдийн талаар мэдлэг, мэдээлэл өгч, боломжит шийдлүүдийг хамтран боловсруулж, тэдний оролцоог хөхиүлэн дэмжих, учирч болзошгүй эрсдэлүүдийг бууруулах арга хэмжээнүүдийг авч байгаа эсэх?
  • Бид хувийн салбарын болон венч капиталын ертөнцийн шилдэг жишээнүүдээс суралцаж инновацийн багц бий болгон, хөгжүүлэхдээ ашиглаж байгаа эсэх? Бид тарж бутрах, хүчээ тарамдах, давхардсан ажил хийхээс зайлсхийж, түүний оронд бусад талуудтай өндөр үр дүнтэй санаануудыг бий болгох тал дээр хамтран ажиллаж чадаж байгаа эсэх?
  • Бид байгууллагын төсвөө инновац авчрах томоохон сорилт, туршилтуудыг дэмжих, эрчимжүүлэх, эрсдэлийг бууруулахад чиглүүлж, инновацаас хамгийн өндөр үр дүнг авчрахад анхаарлаа хандуулж байгаа эсэх?
  • Бид байгууллагаа дээрх даалгавруудыг үр дүнтэйгээр гүйцэтгэх боломжоор хангаж, хувийн салбартай хамтран ажиллах, тэдгээрийг хааж боож, дарж үгүй хийдэггүй соёлыг дэвжүүлж байгаа эсэх?
  • Төрөл бүрийн асуултуудад хариулах нь компаниудыг ч SDG-д хүрэхэд чиглэсэн инновацийн хүчин чармайлтаа илүү сайжруулахад тустай.
  • Танай компанийн өсөлтийн стратегид SDG-д хүрэхтэй холбоотой бизнесийн шинэ боломжуудыг тодорхойлж, шинэ түвшний өсөлт, илүү өргөн хүрээний нийгмийн нөлөөллийг бий болгоход чиглэсэн компаний чадамжуудын хэлбэрийг бодолцож үзсэн эсэх?
  • Танай компани инновацийн ямар багц (шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ гэх мэт) SDG-д хүрэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг хийхэд шаардлагатайг ойлгож байгаа эсэх?
  • Танай компани SDG-ийн тодорхой зорилгуудад хүрэхэд бодитой үр дүн авчрахаар хамтран ажиллаж буй салбарын ассоциацуудад нэгдэн орсон эсэх? Хэрвээ тийм бол үр дүн эхнээс нь гаргаж эхэлсэн эсэх?
  • Танай компани SDG-д инновац, бизнесийн шинэ өсөлтөөр дамжуулан хүрэхэд төрийн, хоёр талт болон олон талт хөгжлийн агентлагуудтай хамтын ажиллагаа тогтоосон эсэх?
  • Танай компани хөгжлийн агентлагуудын арга механизмуудыг ашиглаж SDG-д хүрэхэд нэмэр болох хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулж, шинэ инновацийг нэвтрүүлэхэд нягт хамтран ажиллаж байгаа эсэх?

Төр, нийгэм, хувийн салбар дахь SDG -ийн манлайлагчид минь 2030 хүртэлх уралдаанд хэрхэн гүйж буйгаа дүгнэх цаг болжээ. Хэдийгээр бидний дунд хурдан гүйгчид байгаа ч бид 2030 онд барианд орох цаг болоход барианаас хамаагүй хол хоцорсон байх эрсдэлд орсон байна. Гэсэн хэдий ч бид хувийн салбарын инновацийг SDG-д хүрэхэд чиглүүлж чадвал уралдаандаа амжилттай оролцож өндөрлүүлэх боломж бидэнд бас байна.

Эх сурвалж: https://www.bcg.com


11
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image