#Educated Review: Эерэг Монгол нийгэмд үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулган

НИЙТЭЛСЭН: Ж. ЭНХЖИН
Co-founder & COO, Educated Enterprise LLC
2019 / 09 / 27     543

“Эерэг Монгол” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулганыг 2019/09/20-нд Монгол улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр JCI Монгол, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг, Монголын Ротари Клубууд болон Нэгдсэн Үндэсний байгууллага хамтран зохион байгууллаа. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван бүлгийн нийт 17 зорилго 169 зорилт, 244 үзүүлэлттэйгээр баталсан тогтвортой хөгжлийн бодлого нь 2016 оны 01 сарын 01-нээс тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг болон явж буй бөгөөд Монголчууд ч дэлхийн харилцаанд оролцогч системийн нэг хэсэг тул энэхүү тогтвортой хөгжлийн зорилго /ТХЗ/-ыг цаашид хэрэгжүүлэн ажиллах нь зүйн хэрэг гэдгийг тунхаглаж бүхий л оролцогч байгууллагуудыг ТХЗ-т чиглүүлсэн нь энэхүү арга хэмжээний хамгийн чухал амжилтын нэг байсан гэж дүгнэхэд болохоор санагдсан.

www.educated.mn

Чуулган  өглөө 7:30-с үдшийн 18:00 цаг хүртэл үргэлжлэх хуваарьтай байсан ба миний бие хамгийн эхний эртэч Монгол хөдөлгөөний залуусын оролцсон Флашмод бүжгийн хэсэг болон төгсгөлийн зураг авалтын хэсгээс бусдад нь өөрийн биеэр оролцсон. Арга хэмжээний гол зорилго нь ирээдүйд улам нэмэгдэх хандлагатай байгаа нийгэмд үйлчилчилдэг, нийгмийн сайн сайхны төлөө бизнес эрхлэгч байгууллагууд буюу эерэг өөрчлөлтийг бий болгогчдыг хоорондоо танилцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нээх байсан тул үндсэн арга хэмжээний эхний хэсэг нь оролцогчдод бие биетэйгээ болон хэрэгжүүлж буй төслүүдтэй нь танилцахад зориулагдсан байлаа. Би ч хэд хэдэн ирээдүйн хамтрагчидтайгаа танилцаж цаашид хэрхэн хамтран ажиллах талаараа ярилцаад амжсан. Харин 2-р хэсэг буюу өдрийн хоолны дараах хэсэг нь оролцогчдын үйл ажиллагаанд дэмжлэг болох сонирхолтой илтгэлүүдийг агуулсан байсан нь олон төрлийн мэдээллийг нэг дороос авах боломжийг олгосон байлаа.

www.educated.mn

Сэдвүүд нь сайн дурынхан, нийгмийн бизнесийн талаар байсан хэдий ч бүх төрлийн бизнес эрхлэгч, төсөл хэрэгжүүлэгчдэд санаа авч болохуйц чанартай мэдээллүүд байснаас товчхон дурдвал:

Б. Мөнхжин, Улаан Загалмайн Нийгэмлэг

Монгол улс шиг хүн ам багатай ажиллах хүчний дутагдалтай улсад оюутан залуус, сурагч хүүхэд, тэтгэвэрт гарсан хүмүүс, гэртээ хүүхдээ хараад сууж буй ээжүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тохирсон ажлаар хангах нь байгууллагуудад ч хувь хүндээ ч эдийн засгийн ач холбогдолтой харилцаа юм.
Одоо үеийн залуусын хандлага нь сайн дурын ажил хийж байна гээд бүхнийг бусдын сайн сайхны төлөө зориулаад өөрсдийгөө хөсөр хаядгаар биш “Туслая, харин надад ямар ач тустай бэ” буюу илүү ухаалгаар хамтарч ажиллах төлөвтэй болсон. Тиймээс тэдэнд сургалт өгч хөгжүүлж, хийж буй зүйлсээр нь бахархал төрүүлэхээс гадна хийж байгаа зүйлсэд нь байнга талархах хэрэгтэй гэнэ шүү. Жишээлбэл: Талархлын наалт /Thanks Sticker/ буюу тодорхой бүлгэм, хамт олны хүрээнд хэн нэгэн талархууштай ажил хийсэн бол наалтыг түүнд нааж өгөх ба 5 эсвэл 10-г цуглуулсан хүнд кофе, өдрийн хоол, кино үзэх, номын гэх мэт хэт үнэтэй биш ч хүнд хэрэгтэй зүйлсээр урамшуулж байх нь маш үр дүнтэй байдаг.

А.Мөнхжаргал, Ротари Монгол

Бүхий л сайн сайхан санааг ажил хэрэг болгохын тулд санаачлагчдын уйгагүй хөдөлмөрөөс гадна тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй болдог. Ротари олон улсын байгууллагын хувьд төсөл хэрэгжүүлэх санхүүжилтийг Ротари Сан, гишүүдийн хандив, Бил Гэйтс гэх мэт томоохон хандивлагч, олон улсын хамтрагчид, хандивын арга хэмжээ болон бусад эх үүсвэрээс татдаг. Ротари нь дэлхийн 200 гаруй оронд 1,2 сая гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллага бөгөөд https://www.rotarygbi.org-с тус байгууллагын талаар болон хэрэгжүүлж буй төслүүдийн талаар http://ideas.rotary.org/-с хараахан хэрэгжээгүй байгаа ч сайжруулж ашиглах боломжтой асар их төслийн санаануудыг авах боломжтой. Бидэнд хэзээ ч тулгарахгүй эсвэл бидэнд нүүрлэхэд тун ойрхон байгаа асуудлуудыг шийдсэн олон улсын гишүүдийн санал санаачилгууд нь та бидэнд амьдралаа шинээр бүтээлчээр харахад туслах бизээ.

Г. Баярхүү, Bat Solution Partners ХХК

Олон улсад үйл ажиллагаа явуулж буй болон олон улсаас санхүүжилттэй төслүүд нь бизнес эрхлэгчдээс танайх яг ТХЗ-уудын хэдийг нь ханган ажиллаж байна гэж тулган ил асуухгүй ч ийм тийм стандартыг хангасан бол хамтран ажиллана гэдэг нь цаагуураа ТХЗ-уудыг байгууллагуудаас хэрэгжүүлэхийг шаардаж буй байдал юм. Өнөөгийн нийгэмд зөвхөн мөнгө олдог биш нийгэмдээ үнэ цэнийг бий болгодог бизнесүүд илүү амжилттай байж түүнд илүү чадварлаг залуус орох хандлагатай болсон. Тиймээс байгууллага, хувь хүмүүс болон тэдгээрийн бөөгнөрөл болсон нийгэмд ДУНДЫН ҮНЭ ЦЭНЭ-г бий болгох нь маш чухал юм. Дундын үнэ цэнийг хөндсөн бүтээлч контентууд нь орчин үеийн маркетинг-д маш бага зардлаар олон хүнд хүрч тэдний сэтгэлийг хөдөлгөж /earned media/ өөрчлөлтийг бий болгоход асар хүчтэй нөлөөлж байна. Учир нь нийгэмд үүсч буй асуудлыг аль нэгэн бурхан биш тухайн нийгмийн оролцогчид нь л шийдэж чадна.

Цөөн тооны Монголчууд бид бүтээлч сэтгэхүйгээ илүү хөгжүүлж өөрийнхөө болон бусдын амьдралыг өөрчлөгч болох бүрэн боломж байгааг доорх богино хэмжээний видеонуудаас үзэж танилцаарай.

Цавчиж ярих нь - Blink to speak

Бие нь хөших өвчтэй хүмүүсийн нүднээс бусад нь хөдлөхөө больдог бөгөөд гэр бүл ойр дотныхон болон эмч сувилагч гээд харилцах шаардлагатай хүмүүстэйгээ амьдаараа харилцах боломжгүй болдог байдлыг шийдсэн нүдээр ярих хэлийг санаачилсан тухай.

Сууна уу! - Take a seat

Хорт хавдартай хүүхдүүдийн сахиур хийж буй эцэг эхчүүдэд эмнэлэгт олддог ганц тав тухтай хэсэг бол жижиг модон сандал. Энэ нь өвчтэй хүүхдээ харан сэтгэлзүйн асар дарамтад орсон эцэг эхчүүдэд давхар биеийн асар их ачааллыг өгдөг ба уг жижиг сандалд олон нийтийн анхаарлыг татаж чадсанаар эмнэлгүүд эхнээсээ сахиуруудад зориулсан амрах өрөөг шийдэж өгсөн нь жижиг ажлаар том өөрчлөлтийг хийж болж буй бас нэг жишээ юм.  /Видеог нь олохоороо хуваалцнаа./

Хамгийн жижигхэн байр - The tiniest listing

Бостонд 10 нярай тутмын 1 нь дутуу төрдөг. Хугацаанаасаа өмнө хорвоо руу хүн болох гэж яаран ирсэн бяцхан сахиусан тэнгэрүүдэд маань инкубатор гэдэг авралын өрөө бий. Гэвч энэхүү 1 метр квадратын бяцхан өрөө олдоц муутай байдаг тул нярайн амь нас нь эрсдэх аюултай ч учирч болзошгүй байдаг. Монгол залуус ч уг санаачлагыг дэмжин www.ihotel.mn сайтаар дамжуулан хамгийн бяцхан өрөөг захиалан, хадгалуулж өвчингүй ч хугацаанаасаа өмнө аав ээждээ яарсан ирээдүйн иргэдийнхээ амийг аврах аяныг эхлүүлсэн байгаад та ч нэгдэх боломжтой юм.


Хогон арал - The Trash Isles

Номхон далайгаар хөвөх өдрөөс өдөрт ихсэх хуванцрын хогууд нь байнга нэг газраас нөгөө рүү шилжин хөвж байдаг нь тухайн хогийг цэвэрлэх, хариуцах эзэнгүй болох нөхцөлийг бүрдүүлсэн ба уг асуудалд шийдвэр гаргагчдын анхаарлыг хэний ч биш хог юм бол шинээр хогон арал улсыг бүртгэж иргэдийг нь бүртгэж эхэлье гэсэн санаачилгаар хандуулж чаджээ.

EDEKA – Арьс өнгө, гарал үүслээр ялгаварлахын эсрэг

Германы супермаркетын сүлжээ ЭДЭКА нь улам даяаршиж буй өнөөгийн нийгэмд улс төрийн өндөр албан тушаалтнууд бодлогогүйгээр ялгаварлыг дэмжих нь ямар осолтойг дэлгүүрүүдийнхээ лангуунуудаас бусад улсад үйлдвэрлэгдсэн бүх барааг хураах байдлаар маш энгийнээр ойлгуулж чаджээ.

Palau Pledge

Номхон далайн үзэсгэлэнт арал улс Палау нь аялал жуучлалаар амь зуудаг буюу жил бүр хүн амаасаа 8 дахин их жуулчин хүлээж авдаг ба хариуцлагагүй жуулчдын байгаль орчныг бохирдуулах, сүйтгэх байдалтай үр дүнтэй тэмцэж чадахгүй байсан асуудлаа улсад нь ирсэн иргэн бүртэй хилээр нэвтрэх зөвшөөрөл олгох тамгыг ашиглан гэрээ хийдэг болсон нь асар үр дүнтэй арга болж жуулчид илүү хариуцлагатай байхаас гадна бие биенийхээ зүй зохисгүй үйлдэлд хяналт тавих бололцоог олгожээ.


Сэтгэл судлалын шинжлэх ухаанд муу мэдээ сайнаасаа маш хүчтэйгээр хүмүүн бидэнд нөлөөлдөг учраас медиа сувгийнхан хандалт өндөртэй агуулга бэлдэхийн тулд аль л муу мэдээг голлон үзүүлдэг болсон нь өнөөгийн нийгмийн бодит төрх. Гэсэн хэдий ч бас л хүмүүн бидний төрөлх зан чанар бол сайн сайханд тэмүүлж, түүнийг хүсч мөрөөдөж, аз жаргалтай оршин байх учраас ЭЕРЭГ МОНГОЛ чуулганаас хамгийн ихээр уриалсан аль болох эерэг сайн сайхан болж байгаа зүйлсээ хуваалцаж аз жаргалаа мэдэрч бухимдал, стресс багатай нийгмийг бий болгоё гэсэн уриалгаар энэхүү тоймоо өндөрлөе.

Залуучууддаа хандахад Монголын ирээдүй өөр хэний ч биш бидний л гарт буй тул таалагдахгүй зүйл байгаа бол хэн нэгэн засаад өгөхийг хүлээлгүй өөрсдөө залруулах алхмуудыг хийж эхлээрэй. Залуу иргэн та болон би өөрийн гаргасан санаачилгын төлөө зүтгэх, ганцаараа чадахгүй бол бусадтай нэгдэн нийлэх буюу нийгмийн төлөө төслүүд хэрэгжүүлж буй Ротари, Улаан Загалмай гэх мэт байгууллага, клубуудтай хамтарч тодорхой хэмжээнд цаг зав, оюун ухаанаа зарцуулахгүй бол өмнөх амьдралаа сайжруулах гэж хавь орчноо анзаарахгүй явсаар байтал шударга бус, харгис нийгмийг үр хойчдоо үлдээх бий дээ.

Тогтвортой хөгжлийн зорилго /ТХЗ/-уудын талаарх нэмэлт материалуудыг манай дараачийн нийтлэлүүдээс хүлээн авч уншина уу. Манай хамт ТХЗ-н талаарх сургалт, зөвлөгөөг тогтмол өгч байна.


11
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image