#Educated Review: 2019-2020 оны Чэвнингийн тэтгэлэгт тэнцсэн залууст амжилт хүсч, хүндэтгэл үзүүллээ

НИЙТЭЛСЭН: Ж. ЭНХЖИН
Co-founder & COO, Educated Enterprise LLC
2019 / 09 / 06     1821

Их Британи улс буюу бидний хэлж заншснаар Англи улс нь хүн төрөлхтний оюун санааны манлайлагчдыг бэлтгэж, дэлхий дахиныг илүү сайн сайхан газар болгоход томоохон үүрэг гүйцэтгэдгийг дэлхий дээрх 6 удирдагч бүрийн 1 нь тус улсад боловсрол эзэмшсэн нь гэрчлэх биз ээ. Англи улс ч элчин сайдын яамдуудаараа дамжуулан боловсрол соёл түгээх замаар илүү сайхан ирээдүйг бүтээх хүсэлтэй манлайлагчид, нөлөөлөгчид, шийдвэр гаргагчдыг дэмждэг. Үүний нэг жишээ бол 1 жилийн хугацаанд Англи улсын 100 гаруй их дээд сургуулиас өөрийн хүссэн мэргэжлээр магистрын хөтөлбөрт суралцах сургалтын төлбөр болон шаардлагатай бусад зардлуудыг багтаасан Чэвнинг хэмээх тэтгэлэгийг 36 дахь жилдээ зарлаж 160 гаруй улсын 50,000 гаруй төгсөгчидийг хамруулаад байгаа явдал юм. Харин Монгол улсын хувьд сүүлийн 25 жилийн турш 200 гаран хүн уг тэтгэлэгт хамрагдан дэлхийн хэмжээний боловсролыг эзэмшиж буй бөгөөд Монгол улсын 21 дахь ерөнхий сайд Р.Амаржаргал нь уг тэтгэлэгээр төгсөгчдөөс хамгийн анх улсынхаа ерөнхий сайд болж байснаараа Чэвнингийн төгсөгчдийн онцлох жагсаалтанд тэмдэглэгдэн үлджээ.

2019.09.04-ний үдэш Англи улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Филип Малон 2019-20 оны Чэвнингийн тэтгэлэгт тэнцсэн залуусыг үдэх хүндэтгэлийн хүлээн авалтыг өөрийн гэртээ халуун дулаан орчинд зохион байгуулсанд оролцох боломж гарсан нь миний хувьд төдийгүй үе үеийн Чевнингийн төгсөгчдийн төлөөлөлд харилцаа холбоогоо сэргээж, урам зориг авсан сайхан үйл явдал болсон билээ.


www.educated.mn

Үдэлтийн арга хэмжээний үеэр элчин сайд болон Монгол улсын БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр нар энэ жилийн тэтгэлэгт тэнцсэн залууст баяр хүргэхийн ялдамд их зүйл сурч ирэн эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, цаашид 2 улсын харилцаанд олон сайхан эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж тэдэнд хүндэтгэл үзүүлж буй нь залуус хойч үедээ ихээхэн итгэл хүлээлгэж буйн тод жишээ мэт санагдсан.
Арга хэмжээ болж буй орчин таатай, найрсаг, халуун дулаан, ялангуяа хотын төвд байрлах элчин сайдын гэрийн ойр орчим нь яагаад ч юм баруун Европд буй мэт мэдрэмж төрүүлсэн мөнх наст модоор хүрээлэгдсэн нов ногоохон цэцэрлэгтэй, дуу чимээгүй, чийг үнэртсэн, хүүхдүүд нь хашаандаа хөгжилтэй, аюулгүй тоглоцгоосон Улаанбаатар хот мөн үү гэмээр байсан нь гайхалтай.

Оролцогчдын хувьд 30-40 орчим Чевнингийн үе үеийн төгсөгчид нь төрөл бүрийн салбарт мэргэшээд ирсэн залуус байсан ба төрийн, хувийн, хөгжлийн бүхий л салбар байгууллагуудад нөлөө бүхий чадварлаг мэргэжилтэнгүүд болсон гэдэг нь тэдний яриа болон биеэ авч явж буй байдлаас анзаарагдсан. Маргаангүйгээр хүн суралцсан улсынхаа соёлын нөлөө эрхэмлэдэг үнэт зүйлүүдийг өөртөө шингээдэг. Англид төгсөгчид нэг л эрхэмсэг, өөрийн эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болсон чадвартай, гаднаасаа энгийн, өөрийгөө дөвийлгөхгүй бусдыг доромжлохгүй цэгцтэй ярьдаг яалт ч үгүй элит хүмүүс байгаа нь тэдний төлөөлөлтэй танилцаж цөөхөн цагийг хамт өнгөрөөхөд бүрэн мэдрэгдсэн.

www.educated.mn

Миний хувьд гадаадад сурах хүсэлтэй байдаг ч гэр бүл, ажлаасаа төдийлөн сайн өөрийгөө хөндийрүүлж, зохион байгуулж чаддаггүйгээсээ үүдэн ямар ч тэтгэлэгт материал өгч үзээгүй ба цаг хугацаа явахын хэрээр олон тэтгэлэгүүдэд заасан насны хязгаарлалтын шаардлагыг хангахаа болиод байгаа. Харин Чевнинг тэтгэлэгийн хувьд нас хүйс, мэргэжлийн хязгаарлалт тавьдаггүйгээс гадна 1 жилийн хугацаанд зэрэг хамгаалаад ирэх боломжтой болон өмнөх төгсөгчдийн байгаа байдал нь их таалагдсан тул өөрийн компанийн 9 сарын 11-нээс 10 сарын 30-ны хооронд Гадаадад тэтгэлэгээр суралцахад бэлтгэх МенторМе хөтөлбөрөөр өөрийгөө бэлдэн тэтгэлэгийн материалуудаа өгөөд үзье гэсэн бодлыг төрүүллээ. Манай тэтгэлэгт бэлдэх хөтөлбөрийн мэдээллийг ЭНД ДАРЖ дэлгэрэнгүй үзнэ үү. Харин Чевнинг тэтгэлэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД -с авч одоо нээгдсэн байгаа 2020-21 оны тэтгэлэгт материалиа 2019 оны 11 сарын 6-ны дотор бүрдүүлэн өгч өөрийгөө сориод үзээрэй залуусаа. Дашрамд дурдахад Англи хэлний оноог материал хүлээн авах үед шаарддаггүй тул та бидэнд асар их боломж байна шүү. Арга хэмжээн дээр уулзсан Чевнингийн төгсөгчид ч “материалаа өгөөд үзээ, алдах юм юу ч байхгүй тэнцвэл ирээдүйд чинь маш хэрэгтэй, тэнцэхгүй бол дараагийн тэтгэлэгт материалаа өгч тэнцэхэд чинь асар их туршлага болсон байна. Чин сэтгэлээсээ гадаадад сурахыг хүсч буй бол хэд хэдэн удаа тэтгэлэгт материалаа өгч сайжруулаад явж байтал тэнцэх нь цаг хугацааны л асуудал” гэж зөвлөж байсныг та бүхэнд дамжуулья. Илүү олон Монгол залуус энэхүү тэтгэлэгт материалаа өгч тэнцэн эх орон цаашлаад дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулж амьдарч байсан ул мөрөө үлдээгээсэй гэж чин сэтгэлээсээ хүссэн тул энэхүү тоймыг та бүхэнд цаг гарган бичин хүргэж буйдаа баяртай байна.

Амжилт хүсье 😊


11
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image
Khishigee     2019-09-08 08:43:50
Mash ih bayarlalaa