ЭКСПЕРТИЙН ЯРИЛЦЛАГА#1: НУНО ДЕЛИКАДО, Профессор, Нийгмийн энтрепенер, Хэлэлцээрийн дасгалжуулагч, Спортын зөвлөх

НИЙТЭЛСЭН: О. ЭНХЗУЛ
Executive Director, Educated Initiatives NGO /www.enkhzul.org/
2017 / 11 / 08     863

“Боловсролын Санаачилгууд” ТББ-аас дэлхийн түвшний мэдлэг, мэдээллийг Монголчууддаа хүргэх зорилгын хүрээнд олон улсад нэр хүндтэй байгууллагуудад ажилладаг эрхмүүдийг Монголдоо урин авчирч эрчимжүүлсэн сургалтууд зохион байгуулдаг.

Эдгээр эрхмийн түүчээ болж бидний урилгаар 10 дугаар сарын 16-наас 23-ны өдрүүдэд Монголд зочилж Нийгмийн энтрепенершипийн хөтөлбөр (Social Entrepreneurship Bootcamp) болон Хэлэлцээ хийх ур чадвар ахиулах эрчимжүүлсэн сургалт (Executive program on Boosting negotiation skills)-ыг удирдан явуулсан Азийн топ Сингапурын Үндэсний их сургуулийн харъяа Lee Kuan Yew School of Public Policy болон дэлхийн бизнесийн шилдэг сургууль гэгддэг INSEAD-д багшилдаг, SportImpact нийгмийн энтрепенерийн үүсгэн байгуулагч, консалтинт Нуно Дэликадотой Defacto нэвтрүүлгийн санаачлагч Д. Жаргалсайханы хийсэн ярилцлагын хэсгээс хүргэж байна.

www.educated.mn

Ж: Оройн мэнд, манай нэвтрүүлэгт тавтай морилно уу.

Н: Баярлалаа, оройн мэнд.

Ж: Та багш, нийгмийн энтрепенер, тамирчин гээд олон албан тушаалтай учир сонирхолтой яриа өрнүүлэх сэдэв олон байна. Яриагаа нийгмийн энтрепенершип гэж юу вэ гэдгээр эхлэх үү?

Н: Нийгмийн энтрепенершипийн гол зорилго нь дэлхий нийтэд тулгараад буй нийгмийн төрөл бүрийн асуудлуудыг бизнесийн төрөл бүрийн санаа, загвар, процесс, арга хэрэгслүүдийг ашиглан шийдвэрлэх юм. Зарим хүмүүс үүнийг хүмүүсийн амьдрал ахуйг сайжруулахын тулд нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхээр зорьдог Тереза эх болон Ричард Брэнсон шиг бизнесийн байгууллагууд, төрөл бүрийн шийдлүүдийг хөгжүүлэн, өргөжүүлж олон хүнд хүртээмжтэй байлгаж чаддаг энтрепенерүүдийн нэгдэл гэж тайлбарладаг.

Ж: Манай үзэгчдэд илүү ойлгомжтой байлгах үүднээс та ямар нэгэн төсөл хөтөлбөрөөр дамжуулан нийгмийн бизнесийг тайлбарлаач?

Н: Таныг зөвшөөрвөл би өөрийн “Спортын үр нөлөө” нийгмийн бизнесээ товч тайлбарлая. Энэ маань хүнийг спортоор дамжуулан хөгжүүлэх алсын хараатай нийгмийн бизнес юм. Бид хүний хөгжил гэдгийг хүмүүс өөрөө өөрийнхөө амьдралд эзэн болох, өөрийн хүссэн амьдралаараа амьдарч, ирээдүйгээ бүтээх хүч, урам зоригоор тэтгэх гэж тодорхойлдог. Энэхүү зорилгоо ажил хэрэг болгож, цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд бидэнд бизнесийн тогтвортой загвар шаардлагатай. Тогтвортой байна гэдэг нь тухайлбал хүний нөөцийн хувьд бизнест чинь шаардлагатай ажиллах хүч урт хугацаанд тогтвортойгоор хувь нэмрээ оруулах, мөн санхүүгийн болон бусад материаллаг нөөцүүдээр тогтвортой хангагдахыг хэлнэ. Тэгэхээр таньд төрөл бүрийн нөөцүүд хэрэгтэй байх нь.

www.educated.mn

Ж: Жаахан дэлгэрүүлж үзье. Өнөө үед дэлхий дахинд тулгамдаад буй илүүдэл жин гэх мэт олон төрлийн эрүүл мэндийн асуудлууд байхад ихэнх хүмүүс эдгээр асуудлаас хэрхэн яаж ангижрахаа мэддэггүй. Тэгэхээр та яг хэрхэн спортоор дамжуулан хүнийг хөгжүүлж байгаа тухайгаа тайлбарлаач.

Н: Бидний авч хэрэгжүүлж буй арга хэрэгслүүд хамгийн шилмэл арга эсэхийг бид одоогоор хэлж мэдэхгүй ч бид юутай ч хийж туршсаар байна. Угаасаа ч турших, суралцах, сайжруулах, үр дүнгээ дүгнэж цэгнээд дахин сайжруулах гэдэг бол энтрепенер хүний арга барил. Бид 20-25 насны залуустай тулж ажилладаг. Бид тэдэнд манлайллын ур чадвар, удирдлагын арга барилууд, аливааг дүгнэж цэгнэх ур чадваруудыг зааж сургаснаар тэднийг ирээдүйн манлайлагчид, залуу манлайлагчид болгон бэлтгэдэг.

Ж: Тэдгээр залуусыг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ? Энэхүү ажлын тань цар хүрээ хэр вэ? Та энэхүү хөтөлбөрөө Сингапур болон бусад хэд хэдэн орнуудад амжилттай хэрэгжүүлээд байгаа. Энэхүү бизнесийнхээ амжилтын түүхээс бидэнтэй хуваалцаач. Оролцогчдоо хэрхэн шалгаруулдаг, хөтөлбөрийн зардлыг хэн санхүүжүүлдэг, хэр хэмжээний санхүүжилттэй байхад тогтвортой ажиллаад байх боломжтой гэх мэт.

Н: Бид Тимор - Листэ (Зүүн Тимор) гэх 1,2-хон сая хүн амтай боловч боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ муу хөгжсөн, ариун цэврийн асуудал ихтэй, хүнс тэжээлийн дутагдалтай зэрэг шийдвэрлэх олон асуудалтай улсад анх энэхүү нийгмийн бизнесээ эхлүүлсэн. Бид хэрхэн залуусыг үйл ажиллагаандаа татан оролцуулдаг вэ гэхээр - бид спортоор дамжуулан амьдралаа эерэгээр өөрчлөх хөтөлбөр, сургалтууд зохион байгуулдаг. Оролцогчид урьдчилан бүртгүүлэх ёстой ба хэр хүсэл эрмэлзэлтэй байгааг нь шалгах үүднээс тэднээс тодорхой хэмжээний хураамж авдаг. Ингэж хураамж авснаар нийгмийн бизнес маань мөн санхүүгийн хувьд тогтвортой байхад нэмэр болдог. Оролцогчид дунджаар долоо хоногийн хөтөлбөрт 1 доллар төлөөд оролцох юмуу 25 доллар төлөөд хөтөлбөрийн удирдагчдыг бэлтгэх сургалтанд хамрагддаг.

www.educated.mn

Ж: Гэхдээ нэг доллараар зардлаа нөхөж чадахгүй биз дээ?

Н: Тимор-Листэд бол нэг доллараар олон зардлаа нөхөх боломжтой. Магадгүй миний цагийн үнэлэмжийг бол нөхөхгүй байх. Гэхдээ онцлог нь би энэ бизнесээ сайн дураараа хийдэг. Би цаашид энэхүү төслийг хөгжүүлэн, өргөжүүлэн авч явах орон нутгийн багийнхныг бэлтгэхэд тусладаг. Би цагаа, ажлаа үнэлүүлнэ гэвэл асуудлыг хүндрүүлэх байх. Би тэнд амьдардаг гадаад хүн учир орон нутгийнхнаас арай өөр амьдралын нөхцөлтэй амьдарч байж болно.

Ж: Тэгэхээр, нийгмийн энтрепершип гэж сайн дурын ажил, бизнесийн загварын хослол гэж бас ойлгож болохнээ.

Н: Тэгж ойлгож болно.

Ж: Та маш завгүй, маш олон төсөл хөтөлбөр дээр ажилладаг байж яагаад сайн дураараа ажилладаг юм бэ? Та явж очоод, ажиллаад, тэгсэн мөртлөө ямар ч цалин авдаггүй юм байна.

Н: Оновчтой асуулт байна. Би ч мөн өөрөөсөө энэ асуултыг асууж байсан. Би яагаад энэ ажлыг сайн дураараа хийх болов? гэж. Би энэ ажлаасаа мөнгөн биш ч өөр төрлийн урамшууллыг авдаг. Би зөвхөн бусдын төлөө өөрийгөө золиослодог туйлын үзэлтэй биш л дээ. Энэхүү ажлаа би гэгээрсэн хувиа хичээлт гэмээр юмуу. Би энэ ажлаараа дамжуулан амьдран буй дэлхийгээ илүү сайхан байлгахад хувь нэмрээ оруулж, амьдралын утга учрыг мэдэрдэг.

Ж: Ойлголоо. Та өөрөө өөртөө сэтгэл хангалуун байж, бусад хүмүүсийн амьдралыг илүү үнэ цэнэтэй болгосноор сэтгэл дүүрдэг юм байна. Та ялангуяа залуу үеийнхний амьдралд өөрчлөлт авчрахыг зорьдог байх нь.

Н: Яг тийм.

Ж: Их сонирхолтой санагдлаа. Таны хийж буй зүйл нийгэмд ихээхэн чухал үүрэгтэй. Та мөн пентатлоны тамирчин байсан хүн. Энэ талаараа бидэнтэй хуваалцаач.

Н: Пентатлон буудлага, туялзуур сэлэм, усанд сэлэлт, морин уралдаан, гүйлт
гээд таван төрлийн спортыг багтаадаг.

Ж: Ингэхэд та Монголд ямар ажлаар ирсэн билээ?

Н: Би Хэлэлцээ хийх ур чадвар ахиулах удирдах түвшний ажилтнуудад зориулсан хөтөлбөр болон Нийгмийн энтрепенершипийн эрчимжүүлсэн хөтөлбөрүүдийг удирдан явуулахаар ирсэн. Хоёр өөр сегментэд зориулсан хоёр өөр хөтөлбөр байгаа.

Ж: Хэлэлцээ хийх менежерүүдийн ур чадвар?

Н: Тийм.

Ж: Та энэ чиглэлээр хэд хэдэн ном бичсэн байхаа? Зарим нэг нь бэстселлэр болж байсан гэв үү?

Н: Одоогоор ном бичээгүй, голдуу нийтлэлүүд хэвлүүлсэн. Номоо удахгүй гаргах байх.

Ж: Хэлэлцээ хийх менежерүүдийн ур чадварын хөтөлбөр, өөр нэг нь юу гэлээ?

Н: Нийгмийн энтрепенершипийн эрчимжүүлсэн хөтөлбөр. Цэргийн сургуулилт шиг биеийн хат шаардахгүй ч маш шахуу, гүйцэтгэл өндөртэй явагддаг хөтөлбөр.

www.educated.mn

Ж: Энэ хөтөлбөр хэр удаан үргэлжилдэг билээ?

Н: Хоёр өдөр хагас үргэлжилдэг. Эхний өдрийнхөө үдээс хойш эхэлдэг.

Ж: Хэдэн хүн оролцох вэ?

Н: Манай хөтөлбөрт 24 хүн оролцсон.

Ж: Хөөх, ямархуу хүмүүс оролцов?

Н: Ихэнх нь ЕБС-ийн ахлах ангийн болон их дээд сургуулийн нэг, хоёрдугаар курсийн оюутнууд байсан.

Ж: Оролцогчид хэрхэн хүлээж авав?

Н: Оролцогчид маань маш сэтгэл хангалуун байсан. Тэд шинэ зүйлсийг сурч, өөрсдийн нийгмийн бизнесийн санаагаа хөгжүүлэхдээ ихээхэн идэвхитэй байсан. Манай хөтөлбөрийн зорилго оролцогчдоо нийгмийн асуудлуудыг бизнес модел ашиглан хэрхэн шийдвэрлэх талаарх өөрсдийн санаагаа хөгжүүлэх боломжоор хангах байсан. Тэд бидний өгсөн 10 даалгавар тус бүрийн дагуу санаагаа хөгжүүлээд, эцэст нь шүүгчдэд хөгжүүлсэн санаагаа танилцуулсан.

Ж: Тэд бүгд танилцуулгаа хийсэн үү?

Н: Тэгэлгүй яахав. Гэхдээ Монгол хэлээр явагдсан учир би өөрөө багахан хэсгийг нь л ойлгосон гэдгээ хэлэх нь зүйтэй. Харин хамтран ажиллагсад маань ихээхэн эерэг сэтгэгдэлтэй байсан. Зарим багууд хөтөлбөрөө өндөрлөөд шууд л нийгмийн бизнесийн санаан дээрээ ажиллаж эхлэнэ гэлцэж байсан.
Ер нь хөтөлбөрийн маань гол зорилго нийгмийн энтрепенершипээр дамжуулан хүн нас, хүйс, мэргэжил боловсролд хязгаарлагдахгүйгээр өөрийн амьдрал ахуй, амьдран буй нийгмээ хөгжүүлэн, өөд татах хүч бололцоо өөрсдөд нь байгаа гэдгийг ухааруулах, урам зориг өгөх юм.

Ж: Ямар төрлийн нийгмийн асуудлуудыг ихээр хөндөж байв?

Н: Хэд, хэдэн асуудал хөндөгдсөн. Зарим оролцогчид өөрсөддөө тохиолддог асуудлуудаа шийдэхээр зорьж байсан. Тухайлбал, 20 орчим насны залуус сургуулиа төгсөөд тохирсон ажлаа олоход олон бэрхшээлтэй тулгардаг учир дадлагын ажил, мэргэжлийн ажлаа олоход нь туслах ур чадвар дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх санаа гаргаж байсан. Уг хөтөлбөрөөр дамжуулан тэд их дээд сургуулиас олж авсан мэдлэгээ, практикт шууд ашиглах, төгсөөд өөрсдийн амьдралаа хариуцаад, боломж бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах боломжтой болно

www.educated.mn

Зарим оролцогчид хүүхэд багачууд, ялангуяа гэр хороололд амьдардаг бага насны хүүхдүүдэд зориулсан санаан дээр ажилласан. Тэдгээр санаанаас дурдвад зорилтот бүлгүүдэд хамаарах бага насны хүүхдүүд гэр сургууль болон бусад тогтмол зорчдог маршрутуудынх нь хооронд аюулгүй, боломжийн үнэтэй, хүүхдийн нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлэх гэх мэт.

Ж: Тэгэхээр оролцогчид маань нийгмийн төрөл бүрийн асуудлуудыг бизнесийн загваруудаар шийдэхийг зорьсон байх нээ?

Н: Тиймээ. Тэдгээр асуудлууд нь оролцогчдын шийдэхийг үнэн сэтгэлээсээ хүсдэг асуудлууд байсан.

Ж: Та хэлэлцээ хийх ур чадварын талаар яриач. Энэ яг юу гэсэн үг вэ?

Н: Хэлэлцээ хийх ур чадвар гэж миний бодлоор бидний бүр бага ангиасаа л сурах ёстой хамгийн чухал ур чадвар. Энэ нь аль болох тухайн яриа, хэлэлцээнд оролцогч бүх талын ашиг сонирхолд нийцсэн шийдэлд хүрэхээр зорихыг хэлнэ. Тухайлбал, би таньтай хэлэлцээ хийж байна гэж бодоход, би өөрийн зорилгодоо хүрэхийн хажуугаар таныг ч мөн зорилгод тань хүргэх эрмэлзэлтэй байна гэсэн үг. Энэхүү үнэ цэнэд суурилсан хэлэлцээ хийх ур чадварын сургалтыг “Боловсролын Санаачилгууд” ТББ намайг урьж авчирсанаар Монголд зохион байгуулах боломжтой болсон. Сургалтын үеэр хэрхэн хэлэлцээнд оролцогч бүх талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн шийдэлд хүрэхэд чиглэсэн практик аргууд, хэлэлцээрийн үйл явцыг дүгнэж цэгнэсний үндсэн дээр системтэйгээр асуудалд хандах арга барилыг зааж, таниулж, түүний дагуу хэлэлцээ хийлгэж, үр дүнгээ үнэлж цэгнээд, алдаанаасаа суралцаад ахин хэлэлцээ хийх зэрэг бүтэцтэй хичээллэсэн. Ингэснээр та хэлэлцээ хийх бүртээ илүү сайжирна гэсэн үг.

www.educated.mn

Үнэ цэнэд суурилсан хэлэлцээний гол ухагдахуун нь асуудлын аль болох бүр гүн рүү орж, тухайн хэлэлцээрт оролцогчид яг юу хүсээд байгааг ухаж ойлгох чадварт суулгах юм. Асуудлын гүн рүү орж чаддагүйгээсээ болоод хүмүүс голдуу өнгөн хэсэг дээр гацчихдаг. Бид хэлэлцэгч талынхаа зөвхөн шаардлагыг л харж чаддагаас болоод гацаанд орж, хэн хэнийх нь эрх ашигт нийцэх нийтлэг орон зайг олж харж чаддаггүй. Иймээс үнэ цэнэд суурилсан хэлэлцээний аргаар надад яг юу хамгийн чухал байна, таньд яг юу хамгийн чухал байна гэдгийг ухаж гаргаж ирэхийг зорьдог.

Ж: Хамгийн шилдэг хэлэлцээ хийгчид байх хамгийн чухал чадвар юу вэ?

Н: Би хувьдаа хэлэлцээ хийх хамгийн шилдэг зэвсэг бол оновчтой, зөв асуултууд тавих гэж хэлнэ. Сайн асуултууд, нээлттэй асуултууд, яагаад, юуны тулд, яах гэж, хэрхэн гэсэн асуултууд асуух тун хэрэгтэй. Ялангуяа яагаад гэдэг асуулт. Та яг яагаад үүнийг хүсч байна? Юуны тулд ийм шаардлага тавьж байна? Та үүгээр яг яах хэрэгтэй байна вэ? Эдгээр асуулт хүмүүст яг юу хүсч байгааг нь тодруулах хүчтэй асуултууд юм. Эдгээр асуултууд талуудад нуугдаад буй ашиг сонирхолд нь нийцсэн шийдэл, хувилбаруудыг гаргаж ирэхэд тусладаг.

Ж: Сонирхолтой нь та хэлэлцээ хийх ур чадварын хөтөлбөрийг Ли Куан Югийн нэрэмжит Төрийн бодлогын сургууль (LKYSPP)-д боловсруулан, хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөр хэрхэн хэрэгжих болсон талаар хуваалцаач.

Н: LKYSPP-тай би холбогдохоос өмнө тэд хэлэлцээ хийх ур чадвар олгоход чиглэсэн хөтөлбөртэй байсан. Би тус хөтөлбөрийн багштай найз байсан юм. Тэр найз маань Канад руу буцах болоход хэн тус хөтөлбөрийг нь үргэлжлүүлэх гэж байгаа юм бол гэж бодсон. Тэгээд өөрөө хэлэлцээрийн мэргэжилтний хувьд би яагаад санаачлагыг гартаа аваад тэдэнд хэлэлцээрийн хичээл боловсруулж өгөөд зааж болохгүй гэж бодон саналаа хэлсэн.

Ж: Та цаашид ч ажиллах уу? Та хэлэлцээрийн хөтөлбөрөө заахаас гадна өөр ямар нэгэн ажил хариуцдаг уу?

Н: Урьд нь сургуульд байгаагүй шинэ ажлыг нэг жилийн өмнө санаачлан хэрэгжүүлсэн маань нийгмийн энтрепенершипийн хичээл юм. Би хувьдаа олон нийтэд чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг сургууль нийгмийн асуудлуудыг бизнесийн загваруудаар шийдэх боломжийг ашиглахгүй байна гэж харсан. Тийм учраас би энэхүү шинэ хичээлийг орж эхлэхийг сургуульд санал болгосны дагуу энэ оны 1 дүгээр сард анхныхаа оюутнуудтай хичээллэж эхлээд тэд маань энэ долоо хоногт хичээлээ дүүргэж байгаа. Энэ Бямба гаригт тус хичээлийн маань хоёр дахь элсэлт төгсч байгаа юм байна.

Ж: Таны хичээл голдуу нийгмийн бизнесийн амжилттай жишээг танилцуулах уу? Сайн гэсэн арга зүйг танилцуулах уу? Ямархуу байдалтай явагддаг вэ?

Н: Хичээл маань онолд биш практикт суурилсан. Юу гэсэн үг вэ гэхээр оюутнууддаа бодитоор хэрэглэж болох арга тактикууд зааж, түүнийгээ бодит төслүүд дээр хэрэглэхэд нь туслах дасгал ажлууд хийлгэж, бодит төслүүдээ амжилттай хэрэгжүүлэх урам зоригоор тэтгэдэг. Оюутнуудын дүн нь тэд бодит амьдрал дээр бодит хүмүүстэй ярилцаж, бодит талуудаас суралцаж, улмаар өөрсдийн шийдэхийг зорьж буй асуудлуудаа гүнзгий ойлгосны үр дүнд түүнийгээ шийдэх шийдлүүд боловсруулж, туршиж үзээд тодорхой хэмжигдэхүүнээр үр дүнгүүдийг нь хэмжээд, шаардлагатай бол ахин сайжруулж шийдлээ дахин боловсруулах зэрэг ажлуудыг хэр гүйцэтгэхээс хамаардаг. Тэгэхээр, хичээл маань практикт суурилсан, бодит амьдралд нийцсэн.

Ж: Нийгмийн асуудлууд шийдэх. Бизнесийн асуудлуудыг шийдэхэд хүртэл өнөө цагт төрөл бүрийн апплекешн, интернетийн мэдээ мэдээллийг мэдлэгийн багц болгох мэдээллийн технологийн арга хэрэгслүүдийг ашиглах болсон. Та хичээлдээ мэдээллийн технологийг хэр ашигладаг вэ?

Н: Би ер нь мэдээллийн технологид айхтар сүжигтэй биш л дээ. Мэдээж мэдээллийн технологи цагийг асар хэмнэж, тухайн технологиуд ашиглах боломжтой олон хүмүүст зэрэг хүрэх боломжийг олгодог. Гэвч Тимор-Листэ шиг оронд амьдардаг хүний хувьд, мэдээллийн технологи нөгөө талдаа олон хүнийг орхигдуулж байгааг хардаг. Олон хүмүүс элдэв технологи ашигладаггүй, Монголд ч энэ хамаатай гэж бодож байна.

Ж: Таньтай санал нэг байна.

Н: Олон хүн дижитал хэрэгсэл хэрэглэдэггүй эсвэл яаж хэрэглэхээ мэддэггүй, тэр байтугай бичиг үсэг ч тайлагдаагүй байдаг. Тэднийг мэдээлэлтэй холбохоор зорьтол тэд таны төсөөлж байсан шиг уншиж, бичиж чаддаггүй ч байж болно.

Ж: Тийм шүү.

Н: Тиймд би технологийн инноваци хэрэгтэй гэдэгт итгэдэг ч ихэнхдээ хүндээ инноваци хийх, шинэ шийдлүүдийг гаргах бизнесийн загварын инноваци хийх нь илүү үр өгөөжтэй. Заавал шинэ шийдэл гэх албагүй, тус шийдлүүдийн ач тусыг хүртээгүй байгаа нийгмийн бүлгүүдэд хүргэж ажилласан ч болно.

Ж: Та өмнө нь “Аз жаргал” гэдэг хичээлд илтгэгч байсан гэсэн. Энэ талаараа сонирхуулбал?

Н: Ахыг маань мэддэг намайг огт танихгүй эмэгтэй миний бичвэрүүдийг уншаад над руу хандаж ахлах сургуулийн сурагчдад лекц уншиж өгөөч гэж урьснаар энэхүү хичээлийг зааж байсан. Би тэр үед амьдралын талаар юу гэж боддог, аз жаргалтай амьдралын талаарх ялгаатай философиудын талаар блог дээрээ идэвхитэй бичдэг байсан. Миний санаж байгаагаар 2, 3 ангид илтгэл тавьж сурагчидтай аз жаргалын талаар харилцан яриа өрнүүлэх зарчмаар хичээлийг явуулсан.

Ж: Тэгэхээр аз жаргал гэж юу бэ?

Н: Яг энэ асуултаар хичэээл маань эхэлж байсан. Тиймээс би тэдэнд аз жаргал гэдэг бол хүн бүрийн хувьд харилцан адилгүй ойлголт, миний хувьд аз жаргал гэдэг бол амьдралдаа тавьсан зорилгууддаа хүрч, бусдын болон өөрийнхөө хувьд зөв тэнцвэртэй харьцааг бий болгох гэж хэлж байсан. Цаашилбал аз жаргал гэдэгт маш олон зүйлийг хамааруулж болно л доо тэгэхдээ миний хувьд бусад хүмүүсийг аз жаргалтай болгож байгаа маань надад илүү аз жаргалыг мэдрүүлдэг.

Ж: Хэтэрхий гэгээлэг биш үү?

Н: Хэдийгээр би дотогшоогоо гэх юм уу ганцаараа байх даа илүү тав тухыг мэдэрдэг ч аз жаргалтай байхын тулд ууланд гарч лам шиг бясалгал хийж тайван амьдрахыг аз жаргал гэж тодорхойлж чадахгүй.

Ж: Тэгэхээр юу таныг хамгийн аз жаргалтай болгодог бэ?

Н: Өдөр тутмын ажил дээр би аз жаргалыг хүүхдүүдэд спортын төслүүд хэрэгжүүлэх явцдаа мэдэрдэг. Хүүхдүүдийн инээмсэглэл, хийж чадахгүй байгаа зүйлээ давахын тулд хэрхэн суралцаж өөрсдийгөө хөгжүүлж, зоригжуулж байгааг харахаар аз жаргалын цахилгаан гүйдлүүд биеэр минь дамжиж, урам зориг өгч байгааг мэдэрдэг.

www.educated.mn

Ж: Та хэд хэдэн оронд Олимпын хөдөлгөөнийг сурталчилдаг. Хүнд нөхцөлтэй Афганистан гэх мэт орны Олимпын хорооны гишүүн гэж байсан.

Н: Би Олон улсын Олимпын хорооны (ОУОХ) тэтгэлэгээр магистрт суралцсанаас хойш энэ төрлийн ажилд оролцох болсон. Миний зааварлагч /ментор/ ОУОХ-ны хөгжлийн хэлтэст, Олимпын нийтлэг эрх ашгийн төлөө ажилдаг байсан. Тиймээс намайг нэг өдөр дуудаад, “Нуно чи бол Португаль хүн, Португалиар ярьдаг. Тиймээс бид чамайг Тимор - Листэ руу Олимпын төлөөлөгчөөр илгээмээр байна. Чи Тимор-Листэ-н спортын холбоодтой хамтран дэлхийн хамгийн залуу Олимпын холбоонд нэгдсэн улс болоход нь туслах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Энэ явдал 2003 онд болсон ба би ч хүсэлтийг хүлээн авсан. Иймэрхүү зүйлсийг супербаатрууд л хийдэг гэж боддог байсан шүү.

Ж: Тимор-Листээс Олимп-д оролцсон тамирчин байгаа юу?

Н: Яг үнэндээ анхын тамирчид нь 2000 онд Олимп-д анх оролцсон. Тухайн үед Тимор-Листэ нь бие дааж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн улс болоогүй байсан тул 2000 оны Сиднэйн Олимп-д оролцохдоо өөрийн гэсэн туг далбааг ашиглалгүй Олимпын бэлэг тэмдэг тугтайгаар оролцож байсан.
Харин 2004 онд, Афины Олимпод Тимор-Листээс марафоны тамирчид оролцсон ба улс болж тунхагласны дараах анхны олимп нь байсан. Энэ нь миний анх өөрийн биеэр үзсэн Олимпын уралдаан байсан бөгөөд би болон баг тамирчид Грекийн Афин хотод тус улсыг төлөөлөн тугаа мандуулан оролцсондоо тун их баяртай байсан ба 2003 онд хэрэгжиж эхэлсэн төслийн ачаар, байгуулагдаад 2хон жил болж буй хамгийн залуу улсыг олимпод ороход туслаж гар бие оролцсондоо маш их бахархдаг.

Ж: Ямар сонирхолтой түүх, гайхалтай амьдрал бээ, та спортоор дамжуулан хүмүүс болон улс үндэстэнд туслаж байснаас гадна, тамирчин, сайн хэлэлцээр хийгч, багш, профессор гээд олон төрөлд мэргжшиж дэлхийг өөрийнхөө чадлаар хүмүүс амьдрахад илүү сайхан орчин болоход тусалж байгаан байна. Танд маш их баярлалаа.

Н: Танд ч бас намайг урьж ярилцсанд талархаж байна.

Ж: Баярлалаа

Та бүхэн энэхүү ярилцлагын бүрэн эхийг 11 дүгээр сарын 10-ны Баасан гаригийн 20 цагаас VTV-р хүлээн авч үзээрэй!




3
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image