Топ компаниуд зөвхөн өөрийн ажилтнуудаа бус нийгмээ чадавхжуулдаг

НИЙТЭЛСЭН: О. ЭНХЗУЛ
Executive Director, Educated Initiatives NGO
2017 / 03 / 24     1531

Монгол улс дахь үйл ажиллагаа нь тогтворжсон, салбартаа дэлхийд тэргүүлэгчдийн нэгээр хүлээн зөвшөөрөгдсөн Хоган Ловеллс /Hogan Lovells/ нь 6 тив дамнасан 40 гаруй салбартай, Монгол Улсад суурин ажиллах болсон анхны олон улсын хуулийн фирм юм. Тус фирм нь Монгол Улсын Засгийн газар, дотоодын болон гадаадын бизнес, санхүүгийн байгууллагуудад олон чиглэлээр хууль зүйн зөвлөгөө үзүүлдэг дотоод болон гадаадын чадварлаг, туршлагатай хуульч нартай юм. Тус фирмийн чадварлаг хамт олонтой төрийн байгууллагад ажиллах байх үедээ хамтран ажиллах завшаан тохиож байв.

Харин бизнес эрхлэхэд төдийлэн амаргүй орнуудын жагсаалтанд тэргүүлдэг Монгол улсад үйл ажиллагаагаа эрхлээд арваад жил болж буй Хоган Ловеллс хуулийн фирмийн амжилтын салшгүй нэг хэсэг нь зөвхөн өөрийн компаний ашиг, ажилтнуудын чадавхид анхаарах бус оршин буй нийгмээ чадавхижуулан, хөгжүүлэхэд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа, нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдэд оройлон оролцдогт оршдог гэдгийг саяхнаас таньж мэдэв.
Тухайлбал, тус хуулийн фирм нь Монгол эмэгтэйчүүдийн хөгжил дэвшил, манлайллыг дэмжих зорилгоор "Удирдагчийн төлөв байдал, үр нөлөөтэй илтгэх" сэдвээр тусгай сургалтыг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр иргэний нийгэм, бизнес, төр засгийн төлөөлөл болсон 60 гаруй эмэгтэйчүүдэд зориулан зохион байгуулж байна.

Олны өмнө илтгэхээс айх айдас нь үхлийн айдсаас илүү байдаг гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Тиймээс илтгэх урлаг нь амжилтад хүрэхэд шаардлагатай чадваруудын жагсаалтыг тэргүүлдэг юм.


 

Албан тушаал ахих, дээд удирдлагын түвшинд хүрэхэд "үл үзэгдэх" саадтай тулгардаг эмэгтэйчүүдийн хувьд энэ чадварыг эзэмших нь тэр тусмаа ач холбогдолтой.

Энэхүү чухал чадварыг ул суурьтай ухан ойлгож, ажил амьдралдаа нэвтрүүлэхэд нь туслах зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багш, байгууллагын болон гүйцэтгэх удирдлагын сургалт зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр 25 жил ажилласан туршлагатай Салли Деллоу /Sally Dellow/ зөвлөхийг Хонг Конгоос тусгайлан урин авчирсан юм. Тэрээр мөн мэргэжлийн жүжигчин, зохиолч тул эдгээр мэргэжлийн чадвараа ашиглан сургалтыг оролцооны өвөрмөц аргаар явуулдаг байна.

Түүнчлэн, тус фирмийн ажилтан бүр 25-аас доошгүй цагийг сайн дурын буюу нийгэмд тустай үйл ажиллагаанд зарцуулдаг журамтай. Иймд Хоган Ловеллс нь нийгмийн хариуцлагын хөтөлбөрийнхөө хүрээнд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй үзүүлж, байгаль орчин, орон нутгийн дэмжлэг, хувь тэнцүүлсэн хандивын хөтөлбөр хэрэгжүүлдгийн зэрэгцээ дээрх эмэгтэйчүүдийн хөгжил дэвшлийг дэмжсэн үйл ажиллагааг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа юм байна. Өнгөрсөн жил “Хүүхдийг Ивээх Сангийн” Монгол дахь хөтөлбөр тэргүүтэй төрийн бус байгууллагуудад Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль болон Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийг боловсруулахад үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө үзүүлж, тус хуулиудыг батлуулахад хувь нэмэр оруулжээ. Энэ жил Монголын Аутизмын Холбоог дэмжин ажиллаж байгаа юм байна.

Салли Деллоу зөвлөхийн сургалтын талаар тусгай сурвалжлагыг ирэх долоо хоногт хүргэх болно.

Бидний бэлтгэсэн мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт нь авахыг хүсвэл манай имэйл листэнд ЭНД дарж бүртгүүлнэ үү.


102
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image