“НЭТВОРКИН” ЭВЕНТҮҮДЭД БИТГИЙ ОЧООРОЙ, ЦАГИЙН ГАРЗ!

НИЙТЭЛСЭН: О. ЭНХЗУЛ
Executive Director, Educated Initiatives NGO
2017 / 02 / 20     968

Олон хүн цугладаг, уламжлалт нэтворкин эвентүүд зохион байгуулагдаж эхлээд олон жилийг ардаа үджээ. Ахиж дэвжихээр зорин тэмүүлж буй ажил хэрэгч хүмүүст нэтворкин эвентүүдэд хэрхэн үр дүнтэй оролцох талаар л зөвлөдөг болохоос иймэрхүү арга хэмжээнүүдэд оролцох хэрэгтэй эсэх талаар зөвлөгөө хомс. Онолоор бол, иймэрхүү арга хэмжээнүүд таны бизнесээ өргөжүүлэх хамгийн оновчтой арга юм.

Гэтэл эдгээр арга хэмжээнд оролцогсод өөрсдийн хүлээж байсан үр дүндээ төдийлэн хүрдэггүй нэг асуудал байна. Нэтворкин гэдгийг юу гэж тодорхойлохоос үл хамааран, эдгээр арга хэмжээнд хэр амжилттай, үр дүнтэй оролцох тань таньтай адилхан үр дүнг хүсч, хүлээж буй хүмүүсийг олж, улмаар тэдэнтэй хэр сайн харилцан ярилцаж чадахаас шууд хамаарна.

Уламжлалт нэтворкин эвентүүдийн хамгийн том асуудал нь тэдгээр арга хэмжээнүүд янз бүрийн зорилготой хүмүүсийн “холимог хуурга” шиг байдагт байгаа юм. Шинэ хэрэглэгч олж авах, өөрийн бизнесийнхээ талаар мэдээлэл түгээх, хэн хэндээ ашигтай холбоо тогтоох итгэл найдвар тээвэрлэн очих зэрэг хүн бүр л өөр, өөрсдийн гэсэн төсөөлөл, төлөвлөгөөтэйгээр дээрх арга хэмжээнүүдэд очдог. Маш олон хүн нэтворкин эвентүүдэд очих нь хэрэгтэй зүйл гэж шууд хүлээж авдаг. Гэтэл бодит байдал дээр урьд нь эхлүүлсэн ажил хэрэгч харилцаа холбоогоо гүнзгийрүүлэхэд илүү анхаарах нь зүйтэй байдаг.

Уламжлалт нэтворкин эвентүүдээс илүү үр дүнтэйгээр хэн, хэндээ ашигтай харилцаа холбоо тогтоож, цагаа үр дүнтэй өнгөрөөх олон аргууд байдаг. Тэдгээрээс гурвыг доор танилцуулъя.

Өөрөө арга хэмжээнүүдээ санаачлан, зохион байгуул

Өөрөө санаачлан, зохион байгуулж байгаа арга хэмжээний үеэр оролцож байгаа хүмүүсээ бараг тэр чигээр нь хяналтан доороо байлгаж, юу хийх, ямар үр дүнд хүрэх гэдгээ тодорхойлоход дөхөмтэй байдаг. Энэ нь таныг одоогийн үйлчлүүлэгчид зэрэг урьд тогтоосон харилцаа холбоогоо ахисан түвшинд гаргах төдийгүй шинэ зорилтот хэрэглэгчидтэй танилцан, харилцаа холбоо тогтоох бодит боломж олгодог. Ихэнх бизнес эрхлэгчид одоогийн үйлчлүүлэгчиддээ үйлчлэх, бизнесээ өргөжүүлэх шинэ үйлчлүүлэгчид олох хоёр өөр зорилгынхоо аль алиныг гүйцэлдүүлэхэд цагаа хэрхэн хуваарилахаа мэдэхгүй, сандрах тохиолдол байдаг. Харин сайтар төлөвлөсний дагуу дээрх хоёр зорилгоо хэрэглэгчдэдээ зориулсан арга хэмжээг зохион байгуулах замаар гүйцэлдүүлж болно.

Тухайн арга хэмжээг ямар байдлаар зохион байгуулахаа шийдэхдээ хамгийн гол нь одоогийн хэрэглэгч үйлчлүүлэгчдэд чинь таалагдах ёстой гэдгийг санаарай. Хэрвээ та болон таны одоогийн үйлчлүүлэгчид адил төстэй сонирхолтой бол тэндээс төлөвлөгөөгөө эхэлж болно. Жишээ нь таны үйлчлүүлэгчид бооцоот тоглоом тоглох дуртай юу, театрт тоглолт үзэх дуртай юу, эсвэл спортын арга хэмжээнд оролцох дуртай юу? Дашрамд хэлэхэд, иймэрхүү арга хэмжээнд вино амталгаа түгээмэл ашиглагддаг.

Нэтворкин

Өөрийн үйлчлүүлэгчид болон стратегийн хамтрагчдаа урихдаа тэднийг, өөрийн зочинтойгоо хамт ирэхийг уриарай. Өөрөөр хэлбэл таны зохион байгуулах үйл ажиллагаа таалагдах нэгнийг хамт авч ирэхийг уриарай. Тэгээд дээрх арга хэмжээ нь бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалт хийхэд чиглээгүй гэдгийг сануулаарай. Иймэрхүү арга хэмжээний үеэр зохион байгуулагчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар зарын шинжтэй үйл ажиллагаа явуулаагүй ч оролцогчдын талаас илүү нь өөрсдөө зохион байгуулагчийн бизнесийг сонирхон, сураглан очих нь түгээмэл ажиглагддаг.

Хэдий та дээрх арга хэмжээний үеэр нэг ч шинэ үйлчлүүлэгчтэй болоогүй байсан ч өөрийн одоогийн үйлчлүүлэгчидтэйгээ нэг үдшийг сайхан өнгөрүүлж, сонирхолтой шинэ хүмүүстэй уулзаж, үйлчлүүлэгчдийн чинь урин авчирсан зочид танай бизнесийн талаар тодорхой ойлголттой болоод буцна гэдэг амжилт шүү.

Давхар болзоо


Багахан хэмжээнийн мэргэжлийн нэтворкингийн нэг хэлбэр маягаар давхар болзоонд явж болно. Жишээ нь ямар нэгэн үзвэр үйлчилгээ үзэх дөрвөн тасалбар байлаа гэж бодоход одоогийн үйлчлүүлэгч, стратегийн хамтрагч юмуу нэг бизнес танилаа уриарай. Тэгээд урьсан хүнээ таньтай ажил хэргийн шугамаар танилцах хэрэгтэй гэж үзэж байгаа бас нэгэн хүнийг урихыг санал болгоорой. Та мөн адил шалтгаанаар нэмээд нэг хүн уриарай.

Иймэрхүү давхар болзооны үр дүнд үр дүн багатай байлаа гэхэд та хуучны харилцаагаа бататгана, сайн үр дүнтэй байлаа гэхэд та болон таны стратегийн хамтрагч өөрсдөө уулзаж танилцах нь тодорхой бус байсан бас нэгэн боломжит хэрэглэгчтэйгээ холбоо тогтооно.

Хуучны танилуудтайгаа холбоогоо сэргээ

Энэ арга нь таныг сүүлийн үед сураг алдарсан хуучны танилуудтайгаа холбоогоо сэргээхэд чиглэсэн. Энэ ангилалд таны дунд сургууль болон оюутны ангийнхан, урьд нь ажиллаж байсан газрын чинь хамт ажиллагсад зэрэг хүмүүс багтана.

Эдгээр хуучны танилууд таны одоогийн тогтмол харилцдаг хүмүүсээс бизнесийн хувьд илүү үнэ цэнэтэй байх магадлалтай. Учир нь одоогийн тогтмол харилцдаг хүмүүсийн тань танилын хүрээ таньтай адил төстэй байх нь элбэг. Харин таны сураг алдарсан хуучны танилууд та өөрөө уулзаж танилцах боломж төдийлэн гарахааргүй байсан хүмүүс болон бизнесийн боломжуудтай холбож өгч чадах магадлал өндөртэй. Түүнчлэн огт танихгүй хүмүүсийг бодвол хуучны танилууд чинь таньтай утга учиртай холбоотой байсан хүмүүс шүү дээ.

Ингэхийн тулд та Linkedin зэрэг өөрийн нийгмийн сүлжээгээр холбогдсон хүмүүсээ шүүж үзэж болно. Эсвэл цахим хаягаараа харилцаж байсан хүмүүс буюу ‘contacts’-аа шүүж ч болно. Ингэхдээ та өөрийн тань эрхэлдэг ажил бизнестэй холбоотой ажил, мэргэжил бүхий хуучны танилуудаа олж тогтоогоорой. Улмаар зорилтот хуучны танилууддаа богино цахим шуудан илгээж, таныг шууд сануулах ямар нэгэн зүйлийг дурдаарай. Таны цахим шууданд эерэг хариу өгсөн хуучны танилуудтайгаа цаг тохирч байгаад утсаар ярих юмуу товчхон уулзалт зохион байгуулаад үзээрэй.

Дээрх аргуудын заримыг юмуу бүгдийг нь өөрийн одоогийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлэнгээ шинэ хүмүүстэй танилцах аргууд болон ашиглаарай. Эдгээр аргууд таныг үр дүн, бүтээмж муутай уламжлалт нэтворкин эвентүүдэд очсоноос илүү бүтээлч, зугаатай байдлаар харилцаа холбоогоо өргөтгөх боломжоор хангаж чадна.

Эх сурвалж: Harvard Business Review

Энэ нийтлэл танд таалагдсан бол нийгмийн сүлжээгээр хуваалцаж хэрэгтэй хүмүүст нь хүргээрэй. Мөн ЭНД дарж манай имэйл листэнд бүртгүүлж, шинэ нийтлэл, зөвлөгөө, мэдээллийг маань цаг алдалгүй хүлээн аваарай!


9
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image