Хамт олноо илүү бүтээлчээр сэтгэх суурийг тавих шалгарсан аргууд

НИЙТЭЛСЭН: О. ЭНХЗУЛ
Executive Director, Educated Initiatives NGO
2017 / 01 / 30     1927

Хүний тархи, мэдрэлийн системийн үйл ажиллагааг судладаг эрдэмтдийн судалгааны үр дүнд үндэслэн удирдах албан тушаалтнууд өөрсдөө болон хамт олноо илүү бүтээлчээр сэтгэх суурийг тавих боломжтой.
Хүний тархи өмнө нь хэзээ ч харж, мэдэрч, шийдэж байгаагүй шинэ зүйлстэйгээ тулгарах үедээ өөрөөр ажилладаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Байнга давтагддаг үйлдлээ гүйцэтгэх, байдаг л асуудалд шийдэл олохын тулд хүний тархи өмнө нь туулсан замаараа л явдаг учраас, өөр өөр булан тохойд нуугдаж байгаа чадваруудаа ашигладаггүй байна.
Энэ нийтлэлээр бид удирдах ажилтнууд өөрсдийн болон хамт олныхоо бүтээлч сэтгэлгээг өдөөх, хөгжүүлэх шалгарсан практик аргуудыг танилцуулж байна.

Биеэрээ мэдэр

Өөрөө болон ажилтнуудаа ажлын байрнаасаа гарч, бүтээлчээр сэтгэх, шинэлэг санал санаачлага гаргах явцыг нь дэмжих тусгайлсан дасгал ажил хийлгэх юмуу зорилгод чинь тус болох арга хэмжээнд оролцуул.
Хойд Америкийн нэгэн дэлгүүр хэрэглэгчдийнхээ худалдан авах үйл явцыг илүү тааламжтай болгох зорилгоор дэлгүүрийн шийдлээ өөрчлөх төсөл хэрэгжүүлжээ. Ингэхдээ ажилчдаа бүтээлчээр сэтгүүлэхийн тулд ажилтнуудаа 3-4 хүнээс бүрдсэн багуудад хуваан, өөрийнх нь дэлгүүрээс тэс өөр (тухайлбал; гоо сайхны, гадуур хувцасны, гараар хийсэн шоколадны) дэлгүүрүүдтэй танилцуулж, судлуулахаар илгээж.
Ажлын байр, хурлын өрөөнөөсөө гарч, өөр, өөр дэлгүүрүүдээр хэсч, худалдан авалт хийж, үйлчилгээний ажилтнуудтай нь ярилцаж, зураг авч судалгаа хийсэн нь тус дэлгүүрийн ажилтнуудад дэлгүүрийнхээ талаарх тогтсон төсөөллийг эвдэх боломж олгоод зогсохгүй, урьд нь төсөөлж ч байгаагүй шинэ санал санаачлагыг дасгал ажлын дараа эргээд хурлынхаа өрөөнд цуглан олж мэдэснээ бие биетэйгээ хуваалцах явцад гаргаж байв.
Дээрх байдлаар шинэ зүйлийг биеэрээ мэдрэх боломжийг олгох нь байгууллагуудад ажилтнуудаа илүү бүтээлчээр сэтгэх суурийг тавьж өгдөг байна. Бид дараах аргуудыг туршаад үзэхийг танд санал болгож байна.

  • Танай жинхэнэ хэрэглэгч танай бүтээгдэхүүн, үйлчилгээг авахын тулд ямар шат дамжлагаар явдаг яг тэр процессыг өөрийн биеэр туулж, ямар сэтгэгдэл төрснөө тэмдэглэх. Боломжтой бол зураг авч, баримтжуулах.
  • Өөр компаниуд (өрсөлдөгч компаниуд чинь ч багтана)-аас мөн тэдний жинхэнэ хэрэглэгчийн худалдан авалт хийхэд туулах процессыг өөрийн биеэр мэдрээд өөрийн компаний ижил төрлийн процесстой харьцуул.
  • Мөн л жирийн хэрэглэгч гэж өөрийгөө төсөөлөн өөрийн юмуу өрсөлдөгч компанийхаа аль нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар онлайн судалгаа хийж, мэдээлэл цуглуул. Дараа нь тодорхой бүтээгдэхүүн юмуу үйлчилгээтэй холбоотой асуудлаар байгууллагадаа хандаад үз.
  • Хэрэглэгчид танай бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах юмуу хэрэглэдэг орчинд ороод танайх ямар нэмэлт давуу талууд санал болгодог, танай өрсөлдөгчид ямар давуу талуудтай, түүнчлэн хэрэглэгчид худалдан авах шийдвэрээ хэр хугацаанд хэрхэн гаргадгийг ажиглалт, харилцан ярианд суурилан тань.

Улиг болсон ойлголтуудаа хал

Өөрийн байгууллагаар зогсохгүй танай салбарт бат бөх оршин тогтнодог ойлголтуудыг ганцаараа байхдаа тунгааж, эсвэл багийнхантайгаа хийдэг уулзалтынхаа үеэр хэрэг болгон ярилцаж тодорхойлох дасгал ажил хийгээрэй. Бүх л байгууллагууд “бид үүнийг ингэж л хийдэг” гэсэн хэвшмэл ойлголтуудтай байдаг бөгөөд хэрэглэгчдийн хүсэл, эсвэл стратегийн шинэ чиг хандлагад нийцүүлэн тэдгээр хэвшмэл ойлголтуудыг өөрчлөх талаар бодохыг ч хүсэхгүй байх нь бий.
Үүнтэй холбогдуулан бид (Mckinsey-ын зөвлөхүүд) байгууллагуудад өөрсдийнх нь бизнест гол нөлөөтэй технологиуд одоогоос нэг, хоёр, гурван жил, эсвэл бүр хагас жилийн дараа гэхэд хэрхэн хувьсан өөрчлөгдөх боломжтой талаар тэмдэглэл хөтөлж байхыг зөвлөдөг. Ихэнх байгууллагуудын бизнесийн төлөвлөгөөг харахад технологийн хувьсал зэрэг бизнест нь ихээхэн нөлөөлж болох өөрчлөлтүүдийг төдийлэн тооцоолдоггүй. Гэтэл манай дэлхий гурав, дөрөвхөн жилийн өмнө одоогийнх шиг нийгмийн сүлжээ, хувийн блог зэрэгт хэрэгдээгүй байсан. Энэ мэт өөрчлөлт ирээдүйд улам ихээр, улам хурдтайгаар явагдах болно.
Байгууллагад чинь тогтсон хэвшмэл, улиг болсон ойлголтуудыг халж, бүтээлч шинэлэг сэтгэлгээг нэвтрүүлэхийг хүсч байгаа удирдах ажилтнууд өөрсдийн хэрэглэгчид, салбарт чинь тогтсон норм, бүр бизнесийн загварынхаа ч талаар дахин бодож үзэхэд чинь туслах дараах асуултуудад хариулаарай.

  • Бид ямар төрлийн бизнес эрхэлдэг вэ?
  • Биднээс хэрэглэгчид ямар түвшний үйлчилгээ хүлээдэг вэ?
  • Хэрэглэгчид юунд хэзээ ч мөнгө төлөхийг хүсдэггүй вэ?
  • Ямар борлуулалтын сувгийн стратеги бидэнд зайлшгүй шаардлагатай вэ?


Харьцуулалт хий

Өөрийн болон ажилтнуудынхаа бүтээлч сэтгэлгээг өдөөхийн тулд танай компаний харъяалагддаг салбараас өөр салбарын компаниудтай мөн өөрсдийгөө харьцуулаад үзээрэй. Мэдээж иймэрхүү дасгал ажлыг компанийхаа дотоод хурал, уулзалтын үеэр хийх нь тохиромжтой. Гэхдээ бид бусад компанийг хуулбарлахыг санал болгоогүй шүү.
Бидний санал болгож буй харьцуулалтыг хийхдээ дараах асуултуудыг хэлэлцүүлэг эхлүүлэх гараа болгон ашиглаж болно.

  • Google манай мэдээллийн баазыг хэрхэн удирдах байсан бол?
  • Disney манай хэрэглэгчидтэй хэрхэн харьцах байсан бол?
  • Southwest Airlines манай зардлыг хэрхэн танах байсан бол?
  • Zara манай нийлүүлэлтийн сувгийг хэрхэн шинэчлэн зохион байгуулах байсан бол?
  • Starwood Hotel манай байнгын хэрэглэгчийн хөтөлбөрийг хэрхэн загварчлах байсан бол?

Зохиомлоор шахаанд оруул

Ямар нэгэн шахаа, дарамтанд орохоороо зарим хүний тархи тайван үеийнхээс өөрөөр, илүү бүтээлчээр ажилладаг байна.
Доорх асуултууд бол дээрх аргаар шинэ санаа, санаачлага гаргахад чиглэсэн асуултуудын жишээ юм. Мэдээж удирдах ажилтнууд өөрсдийн байгууллага, салбар, орчин нөхцөлдөө тохируулан дараах нөхцлүүдийг өөрчилж болно. Эдгээрт:

  • Та хэрэглэгчидтэйгээ зөвхөн онлайнаар л харилцах боломжтой.
  • Та зөвхөн ганцхан хэрэглэгчийн сегментэд хүрч үйлчлэх боломжтой.
  • Та эцсийн хэрэглэгчдэд зориулан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргадаг байсан бол одоо бизнесүүдэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах шаардлагатай боллоо. Энэ нөхцлийг эсрэгээр нь ашиглаж болно.
  • Та бүтээгдэхүүнийхээ үнийг 50% хямдруулах хэрэгтэй боллоо.
  • Ганц шөнийн дотор танай борлуулалтын хамгийн том суваг байхгүй боллоо.
  • Та бүтээгдэхүүнээ одоогийнхоос 5 дахин үнэтэйгээр борлуулах ёстой.
  • Та өөрийн бусдаас ялгарах давуу талаа ямар нэгэн байгууллагатай хамтран хүргэх боллоо.

Дүгнэж хэлэхэд, бүтээлч сэтгэлгээ нь хэн нэгэн азтай хүнд л байдаг зүйл биш. Та өөрийгөө болон өөрийн ажилтнуудаа урьд тулгарч байгаагүй орчин нөхцөлд оруулж, хэвшмэл болсон ойлголтуудтай нь нүүр тулуулж, бусад байгууллагуудтай харьцуулалт хийлгүүлж, хүнд хэцүү сорилтуудыг даван туулуулснаар өөрийнхөө болон ажилтнуудынхаа бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санал санаачлагыг хөхүүлэн дэмжих боломжтой.

Танд энэ нийтлэл таалагдсан бол манай цахим листэнд ЭНД ДАРЖ бүртгүүлэн ижил төстэй мэдээлэл хүлээн авч байгаарай!

Эх сурвалж: www.mckinsey.com


18
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image