ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ ЦУВРАЛ: ЕРӨНХИЙ САЙДАД ӨГӨХ МИНИЙ САНАЛ

НИЙТЭЛСЭН: О. ЭНХЗУЛ
Executive Director, Educated Initiatives NGO
2017 / 01 / 16     688

Саяхан МҮХАҮТ-ын санаачлагаар МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, салбар салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй өглөөний цай хамт уунгаа уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд МУ-ын эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр төрөөс баримталж, засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогуудаас хоёрыг онцлов. Эдгээрийн нэг нь ХАА-ын салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргах, нөгөө нь Монгол улсаа гадаад зах зээлд нарийн төсөв, төлөвлөгөөтэйгээр танилцуулах зохион байгуулалттай нэгжийг ажилллуулах гэж би ойлгов. Төрийн бодлогын талаар номын дуу сонсож, бизнесийн стратегийн чиглэлээр ажиллаж байгаа иргэн хүнийхээ хувьд ерөнхий сайдын танилцуулсан бодлого, санаачлагатай холбогдуулан өөрийн саналаа хуваалцъя.

1. ХАА-ын салбарын талаарх саналынхаа удиртгал болгож ерөнхий сайд “Бид юунд сайн, түүгээрээ танигдая” гэж уриалсан нь тун холыг харсан санал мэт санагдаж олзуурхаж суутал санал, санаачлагыг хэрэгжүүлэх арга замуудыг тайлбарлахад санаа нь зөв ч, шат дараалал нь эргэлзээ төрүүлэв . Юу вэ гэхлээр Монголчууд хэдэн зуун жилийн турш мал маллаж ирсэн ард түмэн гэж эхэлсэн яриа маань бид гадны танигдсан брэндийн нэрээр бүтээгдэхүүнээ дэлхийд нийлүүлэх хэрэгтэй болоод явчив. Товчоор бид Германы хиамны ч юмуу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэндийн түүхий эд ханган нийлүүлэгч болох юм байна. Ийм маягаар ажилладаг орнууд, үйлдвэрлэгчид олон байгаа, гэхдээ манайх шиг оронд энэ зохион байгуулалт одоогоор тохиромжгүй. Яагаад гэвэл:

Нэгт: Монгол мал элдэв халдварт өвчинд нэрвэгдэх эрсдэл өндөртэйгээс гадна, өөрсдөө хэдэн арван км явж хоолоо олж иддэг “тамирчид”. Иймд гадныхан байтугай “махчин” Монголчууд ч дааж идэхэд хүндрэлтэй, хамгийн наад зах нь. 

Хоёрт: Гадны танигдсан үйлдвэрлэгчид аливаа улсад хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө тухайн улсын ажиллах хүчний нөөц, дэд бүтцийн хөгжил, хууль эрхзүйн орчныг заавал чухалчлан судалдаг. Гэтэл манайд эрчимжсэн мал аж ахуйгаар бэлтгэгдсэн, хэдэн зуугаараа фермерт ажиллах боловсон хүчин байхгүй, дээр нь зам харилцаа муу хөгжсөн, улс орнуудын хамгийн эмзэг сектор болох хүнсний аюулгүй байдлыг алдагдуулах, халдварт өвчин гарах эрсдэл бүхий хүнсний импортын чиглэлээр эрсдэлийг нарийн тооцсон хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр хангалттай хийгдээгүй байна. 

Тэглээ гээд бид гараа хумхиад суулгүй, Азийн тэргүүн баян Ли Ка Шин “Амьдрал чамд исгэлэн лемон өгөөд байвал, түүнд нь гомдоод суулгүй лемоноор нь ундаа хий” буюу өөрсдийн сул талаа давуу тал болгох арга замыг хай гэсэн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Миний зүгээс дараах шийдлийг санал болгож байна. 

ШИЙДЭЛ. Дэлхийн улс орнуудад хэт их хотжилт явагдаж, уламжлалт хөдөө аж ахуйн салбарт ажиллах ажилчдын тоо эрс буурч, үйлдвэрлэгчид хурдан хугацаанд ургацаа хурааж хотын хүн амын хэрэгцээг тасралтгүй хангаж, өөрсдийн үйлдвэрлэлээ эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгцээ шаардлага гарсны улмаас химийн бордоо зэргийг хүнсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хэрэглэх болсон. Үүний хор уршгийг ойлгож мэдсэн хэрэглэгчид химийн бордоо (мал аж ахуйн хувьд мах, сүүний гарцыг нэмэгдүүлэх элдэв эм тариа хэрэглээгүй) жинхэнэ байгалийн жамаараа боловсорсон ногоо, жимс, мах, сүүг хэд дахин илүү үнэ төлөөд ч хамаагүй авах хүсэлтэй болсон. 

Тэгэхээр цөөн хүн амтай, дэд бүтэц муу хөгжсөн Монгол улс хямд үнээр их бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зүтгэх биш өндөр үнэтэй, өөрсдийн чаддаг мэддэг аргаараа чанартай цөөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч буюу органик фермерийн орон болохоор зорих нь зүйтэй.

Зургийн эх сурвалж: Business Insider (Жишээ нь: АНУ-ын Wholefoods сүлжээ дэлгүүрт 500гр органик гүзээлгэнэ, мөн хэмжээний бордсон гүзээлзгэнээс 1000 гаран төгрөгөөр илүү үнэтэй зарагдаж байна)

Ингэхдээ Монголчууд аль болох шавхагдашгүй нөөц бололцоогоо ашиглах нь зүйтэй. Тухайлбал малаа нядалж махыг нь гаргахын оронд сүүнийх нь гарцыг нэмэгдүүлэхэд анхаарч, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох нь илүү тогтвортой. Тухайлбал манай урд хөрш Хятад төдийгүй дэлхийн олон оронд эрэлт хэрэгцээ нь өсч буй ингэний сүү гэхэд 500 мл нь ойлролцоогоор 10 гаран мянган төгрөгөөр борлогдож байна.

Зургийн эх сурвалж: https://desertfarms.com/products/raw-camel-milk-frozen

Газар тариалангийн салбарт эргэлт удаан, үнэ багатай, цаг агаарын хүчин зүйлээс их хамааралтай төмс, лууван зэрэг ногоогоо дотоодын хэрэгцээндээ зориулж үйлдвэрлээд өргөст хэмх, улаан лооль зэрэг үнэ өндөртэй, нарийн ногоонуудаа жинхэнэ Япон, Европ зэрэг орнуудын технологиор голдуу экспортонд зориулж үйлдвэрлэхээр зорих нь зүйтэй болов уу. Мэдээж нарийн судалгаа, шинжилгээний үр дүнд дээр санал болгосон нарийн ногоонуудаас илүү органик чацаргана, нэрс, гүзээлзгэнэ зэрэг жимс, жимсгэнэ эдийн засгийн үр өгөөж өндөртэй, эрсдэл багатай байхаар бол нарийн ногооноос илүү жимс, жимсгэнэ, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүнээ экспортлохдоо анхаарлаа хандуулж болно.

Товчоор ХАА-ын салбарыг бодлогоор дэмжин, эдийн засгийг эрчимжүүлэх гол салбар болгохоор зорихдоо а) дотоодын зах зээлийг хангах, экспортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, б) хэдийд ч гэрээгээ цуцлаад Монголоос гараад явчих эрсдэлтэй гадаадын танигдсан брэндийн нэрээр биш өөрсдөө чаддаг аргаараа, олон улсад танигдах “Органик Монгол” гэсэн брэндийг бий болгоход чиглэсэн богино, дунд, урт хугацааны арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
Ерөнхий сайдын дэвшүүлсэн хоёр дахь асуудал бүр сонирхолтой. Тэр талаар миний дараагийн нийтлэлээс уншаарай!

Бидний бэлтгэсэн нийтлэлүүдийг цаг тухай бүрт нь авахыг хүсвэл ЭНД ДАРЖ манай мэйлийн жагсаалтанд бүртгүүлээрэй!


0
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image