ХЯТАД ХААШАА ЯВЖ БАЙНА ВЭ?

НИЙТЭЛСЭН: О. ЭНХЗУЛ
Executive Director, Educated Initiatives NGO
2017 / 01 / 12     1310

Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Хятад улсын ДНБ гайхмаар өсч, дэлхийн эдийн засгийн хүчирхэг мотор байж ирсэн. Харин сүүлийн хэдэн жил дээрх өсөлт удааширч, дэлхийн түүхий эдийн үнэ огцом унаж, хөгжингүй болон хөгжиж байгаа олон орны өсөлтөнд томоохон чөдөр уясан.

Харин одоо биднийг юу хүлээж байгаа бол? Гутранги үзэлтнүүд Хятад улс бусад улсуудыг гүйцэж авах нэг удаагийн томоохон үсрэнгүй хөгжлийнх нь үе дуусгавар болсон гэж дүгнэж байна. Харин өөдрөг үзэлтнүүд ирэх 10-15 жилийн хооронд Хятад дэлхийн улсуудыг хөгжлөөрөө түүчээлсэн хэвээр байх боломжтой төдийгүй эдийн засгийнхаа бүх салбарыг солонгоруулан хөгжүүлнэ гэж итгэж байна.

Хөгжлийн шинэ загвар
Сүүлийн үед Хятадад хамгийн хүчтэй яригдаж байгаа сэдэв бол тус улсын эдийн засгийн байдал юм. 2015 онд Хятадын ДНБ болон ажлын байрны өсөлт 25 жилийн түүхэн дэхь хамгийн доод түвшиндээ хүрсэн, бизнесүүдийн өр асар ихээр нэмэгдсэн, гадаад валютын нөөц 500 тэрбум ам.доллараар буурсан төдийгүй 2015 оны дунд гэхэд хөрөнгийн зах зээл 43%-ийн бууралт үзүүлсэн зэрэг нь гутранги үзэлтнүүдэд Хятад улс санхүүгийн хямралд орох замдаа явж байна гэж дүгнэх хангалттай шалтгаан болсон.

Харин өөдрөг үзэлтнүүд Хятадын дотоодын хэрэглэгчид, дотоодын бизнесүүдийн эдийн засгийн хүчийг нэмэгдүүлж, бүтээмжид суурилсан өсөлтийн загварыг бий болгосноор тус зах зээлд өрсөлдөгч компаниудад тоглоомын шинэ талбарыг бий болгоно гэж үзэж байна.

Хэрэглээний хувьсал
Хятадын дотоодын хэрэглэгчдийн худалдан авалт нэмэгдэхийн хэрээр ихэвчлэн дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээний сонголт, чанараар хязгаарлагдаж байдаг хэрэглээний сагсных нь төрөлжилт нэмэгдэнэ. Үнэндээ, сүүлийн үед Хятад хэрэглэгчид бөөнөөр, хямд бүтээгдэхүүн авахаас илүү чанартай, цөөн тооны бүтээгдэхүүн авах сонирхолтой болсон. McKinsey-ээс Хятадын 44 хотод 18-56 насны 10,000 хэрэглэгчээс авсан судалгаанд оролцогчдын 50% нь хамгийн чанартай, хамгийн үнэтэй бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх хүсэлтэй байдаг гэсэн нь хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад огцом өөрчлөгдсөн хандлага юм.

Дижитал хувьслын үр нөлөө
2015 оны 12-р сарын байдлаар Хятадад 690 сая интернет хэрэглэгч, 700 сая ухаалаг утас хэрэглэгч байгаа нь Хятадын хэрэглэгчдийн сүүлийн үеийн эрэлт хэрэгцээг судалж, мэдэх таатай орчинг бүрдүүлж байна.


Image credit: http://thenextweb.com/

Электрон худалдаа
Дээрх боломжийг дээд зэргээр ашиглахын тулд Хятадын онлайн бизнес эрхлэгчид Европ, АНУ зэрэг газруудад онлайн бизнес эрхлэгчдийн адил тоон мэдээллийн дүн шинжилгээг нарийн ашиглаж хэрэглэгчдийнхээ зан төлвийг ойлгож, худалдан авалт хийх дадлыг нь даган дууриах хэрэгтэй. 


Тоон мэдээллийн дүн шинжилгээний ач тусын талаар бидний удахгүй хүргэх нийтлэлийг хүлээн авахыг хүсвэл имэйл хаягаа 
энд дарж  бүртгүүлээрэй!

Улам олон Хятад хэрэглэгчид нийгмийн сүлжээг юу худалдан авахтай холбоотой шийдвэр гаргахдаа ашигладаг болсон өнөө үед мөн л нийгмийн сүлжээг ашиглах ур чадвараа нэмэгдүүлэх хэрэгцээ бизнесүүдэд зайлшгүй тулгарч байна.

Үйлчилгээний салбарын дижиталчлал
Энд онцлууштай нэг зүйл бол нийгмийн үйлчилгээний салбарт ч онлайнаар мэдлэг, мэдээллээ хуваалцсанаар хотод байгаа эмч нар алслагдсан хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд теле-эмнэлэг систем ашиглан эмчилгээ зөвлөгөө үзүүлж хот, хөдөөгийн боловсролын ялгааг багасгахад хувь нэмрээ оруулах боломжтой.

Дууриагчаас санаачлагч руу
Дэлхийн шинэ, шилдэг технологиудаас суралцан, өөрсдийн үйлдвэрлэлдээ шингээх тактикаа инновацийн тэргүүлэгч болох зорилгоор сольсон нь Хятадын бүтээмжид суурилсан өсөлтийн загварынх нь түлхүүр хэсэг юм.
Судалгаанаас харахад Хятадын Судалгаа, Дизайн (R&D)-д чиглэсэн зардал 2007-оос 2015 оны хооронд 120%-иар өссөн төдийгүй лав 2020 он хүртэл салбар салбарын компаниуд дизайны төвүүдээ өргөтгөхийн хэрээр энэ тоо улам нэмэгдэх төлөвтэй байна. Харин Хятадад төвтэй дизайны төвүүдэд тулгарах томоохон асуудал нь дотоодын зах зээлдээ зориулсан бүтээгдэхүүн гаргахад төвлөрөх биш дэлхийн зах зээлд зориулагдсан шинэлэг, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.
Хятад инновацийн тоглолтоо сайжруулахын хэрээр олон улсын бизнес эрхлэгчид Хятадад хамааралтай Судалгаа, Дизайнаа илүү хямдаар, илүү хурднаар гүйцэтгэх хэрэгтэй болно. Тэд Хятад дахь судалгааны платформуудынхаа төсөл хөгжүүлэлтийг илүү хурдасгаж, Хятадын дотоодын өрсөлдөгчдөөсөө хоцрохгүй байх шаардлага урган гарч байна.

Дэлхийн түвшний тоглогч болох
Хэдийгээр Fortune 500 жагсаалтанд Хятадын 110 компани бичигддэг нь АНУ-ын дараа орохуйц үзүүлэлт боловч эдгээр компанийн дийлэнх ихэнх нь дотоодын барилга, дэд бүтэц, эрчим хүч, санхүүгийн чиглэлийн компаниуд байдаг. Тэдний ихэнх нь нүсэр хөрөнгөнд суурилсан, нөөцийг монопольчилсон зөвхөн Хятад дотроо үйл ажиллагаа эрхэлдэг ба 80% нь төрийн өмчит компаниуд байдаг.

Харин Нэг бүс, Нэг зам хөгжлийн стратегиэрээ Хятад Африк, Ази, Европын олон оронтой шууд холбогдохоор зорьж байна. Хятадын засгийн газраас 1 их наяд ам.долларыг төрийн өмчит санхүүгийн байгууллагууд болон төрийн өмчит бусад компаниудынхаа глобал төслүүдээр дамжуулан дээрх хөтөлбөрт зарцуулахаар төсөвлөсөн.

Автоматжуулалтын эрин үе
Мөн Хятад үйлдвэрлэлээ илүү автоматжуулах нөөц бололцоо, хэрэгцээ шаардлага ч ихтэй. Хэдийгээр Хятад дэлхийн роботын хамгийн том зах зээл боловч Хятад компаниудын 10,000 үйлдвэрийн ажилчин дутамд 36 робот ноогдож байгаа нь бусад хөгжингүй эдийн засагтай улсуудын дундажтай харьцуулахад даруй 50 орчим хувиар бага, АНУ-ын ижил үзүүлэлттэй харьцуулахад тавны нэгтэй нь л тэнцэхээр түвшинд байгаа юм.

Дүгнэж хэлэхэд, Хятадын эдийн засаг салаа замын уулзвар дээр ирсэн байж болох ч бүтээмжид суурилсан дэвшилтэт эдийн засаг руу ахих шилжилт нь амжилттай хэрэгжвэл Хятадад болон Хятадтай холбоотой ажилладаг бизнесүүдэд шинэ дутам боломжийн хажуугаар төдий хэмжээний шийдвэрлэх шинэ асуудлууд гарч ирэх нь дамжиггүй.

Эх сурвалж:www.mckinsey.com

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ:  ХЯТАДЫГ ХАЙРЛАХЫН УЧИР...


45
ХУВААЛЦСАН

Сэтгэгдэл үлдээх

 
Captcha image
иргэн     2017-01-16 15:59:24
Сайхан мэдээлэл байна. R&D бол Reseach and Developement-ийн товчлол байх аа. Research & Design биш.

О.Энхзул     2017-01-23 11:07:14
Энэ нийтлэл дээр Research & Design гэж орсон байсан :)